A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4167/

Кобигийн үлдээсэн өв буюу Lakers-ийг аварга болгох төлөвлөгөө

Кобигийн үлдээсэн өв буюу Lakers-ийг аварга болгох төлөвлөгөө
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4167/
  • Шулуухан хэлэхэд “Лейкерс” одоогийн бүрэлдэхүүнээр аварга авч чадахгүй
  • Леброн төмрөөр хийсэн хүн биш, түүнд амралт хэрэгтэй болохоор сэлгээнд суусан үед нь тоглолтыг найруулж, довтолгоог аваад явчих хүн давын өмнө хэрэгтэй

Коби Брайантын гэнэтийн үхэлд цочирдсон олон нийт одооноос л бага зэрэг тайвширч, бусад зүйлийн талаар бодох сэхээтэй болж байна. Юуны өмнө Кобигийн төрөлх гэр буюу “Лос Анжелес Лейкерс” багийн амжилт хэрхэх бол гэдэгт хүмүүс урьд урьдынхаас илүүтэй анхаарал хандуулах болов. Кобигийн дурсгалд зориулж Lakers энэ жил аварга болох ёстой, Леброн аваргын цом өргөчихөөд “Үүнийг чамд зориуллаа, Коби” гэж хэлбэл хамгийн гоё гэх мэтээр ярьж эхэллээ. Мэдээж ийм төгсгөл олон хүний сэтгэлийн утсыг хөндөх нь гарцаагүй. Гэхдээ лигийн бусад 29 баг нь зүгээр харж зогсож байгаад ямар ч эсэргүүцэлгүйгээр тэднийг аварга болгохгүй. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд Леброн ба түүний нөхөд олон бэрхшээлийг давах хэрэгтэй болно. Нөгөө талаар Кобигийн дурсгалыг хүндэтгээд Lakers-т ирж, тэдний аварга болох замд тус хүргэхийг хүсэж буй тоглогч цөөнгүй болсон байх. Хэрэв яг ийм шалтгаанаар сайн тоглогчид Lakers-т ирвэл үүнийг Кобигийн үлдээсэн өв гэж хэлж болох юм. 

Lakers аварга болж чадах уу

Томоохон бооцооны төвүүд дээр иргэдийн мөнгөө даатгасан байдлыг харвал Lakers аварга болох магадлалаар өнгөлж, “Клипперс”, “Милуоки” удаалжээ. Эндээс харвал “Нуурынхан” түрүүлэх магадлал хамгийн өндөр мэт. Гэхдээ бодит нөхцөл байдал арай өөрийг өгүүлнэ. Тэдний хувьд бүс доторх хамгийн гол өрсөлдөгч нь нэг хотын “Клипперс”. Гэтэл улирал эхэлснээс хойш “Клипперс”-ийн эсрэг хоёр тулж, хоёуланд нь хожигдлоо. Өөдрөгөөр төсөөлөөд бүсээсээ гараад ирлээ гэж бодъё. Тэгвэл нөгөө бүсээс “Милуоки”, “Филадельфи”, “Торонто”, “Бостон”-ы аль нэг нь гарч ирэх магадлалтай. Гэвч Lakers-ийнхэн нэр дурдсан дөрвөн багийн эсрэг тус бүр нэг тоглож, бүгдэд нь хожигджээ. Аваргын төлөөх замд нь хөндөлсөх магадлалтай өрсөлдөгчдөө хожиж чадахгүй байгаа багийг цом өргөнө гэж найдахад хэцүүхэн л санагдаж байна. Товч хондоо бол Lakers одоогийн бүрэлдэхүүнээр аварга авч чадахгүй. 

Ямар солилцоо хийх ёстой вэ

Тэгвэл солилцооны цонх хаагдах аас өмнө ямар тоглогчийг багтаа элсүүлж, хүчээ зузаатгах вэ гэдэг асуудал яригдах нь ойлгомжтой. Тэдний одоогийн тоглолтыг харахад Леброн сэлгээнд суухад тоглолт эмх замбараагүй болж, довтолгоо нь эрс мууддаг. Леброн төмрөөр хийсэн хүн биш, түүнд амралт хэрэгтэй болохоор сэлгээнд суусан үед нь тоглолтыг найруулж, довтолгоог аваад явчих хүн давын өмнө хэрэгтэй. Нэг хэсэг “Индиана”-гийн Даррен Коллисоны нэр яригдсан. Гэхдээ тэр бол Lakers-ийн хүсээд буй шиг бүтээлч тоглогч биш. Сэлгээнээс үр нөлөө багатай тоглож буй Куин Кукийн сайжруулсан хувилбар гэж болно. Харин "Сакраменто”-гийн Богдан Богданович тэдэнд хамгийн тохиромжтой хувилбар байж мэднэ. Хамгаалалт сайтай, довтолгоо найруулах тал дээр гаргуун, IQ өндөр гээд магтах зүйл олон. Энтони Дэвисийг төв дээр тавьж, жижиг тавтаар тоглох хувилбарт зэгсэн зохицно. Гэвч Богдановичийн үнэ хэтэрхий өндөр, Lakers-ийн өгөх зүйл дэндүү бага байгаа нь ийм наймаа хийх боломжийг эрс багасгажээ. Хэрэв Карусог эс тооцвол Lakers-ийн санал болгож чадах ганц зүйл нь Кайл Кузма. Гэхдээ Кузма шиг тоглогч Богдановичийн үнэ цэнтэй харьцуулахад дэндүү жижигдэнэ. Мөн Кузма маш бага цалинтай болохоор цалинг нь дүйцүүлэхийн тулд бусад тоглогчийг наймаанд хамруулна гээд нүсэр ажил болно. Нэлээд эрчтэй яригдсан өөр нэг хувилбар бол “Детройт”-ын Деррик Рөүз. “Детройт” түүнийг Кузмагаар солиход бэлэн. Рөүз ирснээр сэлгээний багийн довтолгоо сайжирна гээд хэн хэндээ ашигтай байх. “Детройт” шиг сэргээн босголтын замдаа орсон багийн хувьд Кузмаг ирээдүйн төлөвлөгөөндөө багтаахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ Lakers-т Кавай Леонард шиг жижиг довтлогчдыг хамгаалах хүн хамгийн их хэрэгтэй байгаа. Хэрэв хэрэгтэй хүнээ олж чадахгүй бол хамгаалалтын бүх ачаа Леброны нуруун дээр бууж, тэр хэрээр ачаалал их авах болно. Энэ шаардлагад нийцэх нэг тоглогчийн нэр эртнээс яригдаж ирсэн нь Андре Игуодала юм. Одоохондоо “Мемфис”-тэй гэрээтэй ч аль нэг баг руу явах мөчөө хүлээгээд нэг ч тоглолтод оролцоогүй. Хэрэв түүнийг авчихвал айхтар өндөр оноо авахыг нь хүлээх шаардлагагүй. Талбай дээр 15-20 минут байлгаад, гол тоглогчдыг нь хамгаалаад явж байхад л хангалттай. Гэхдээ мөн л өндөр дүнтэй цалин нь (жилийн 17 сая ам.доллар) солилцоо хийхэд тээг болж буй. Тэгээд ч “Мемфис”-ийн сонирхоод буй нэгдүгээр тойргийн драфтын эрх Lakers-т байхгүй. Хүсэхэд хясна гэгчээр багийн амжилтыг шат ахиулах учиртай тоглогчдыг авах оролдлого энэ мэт саадтай тулгарсаар. Тэднээс гадна “Нью-Йорк Никс”-ийн довтлогч Маркус Моррис, “Мемфис”-ийн довтлогч Жэй Краудер нар Lakers-ийн овоо хараанд өртсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч Lakers солилцоо наймааны зах дээр ямар нүүдэл хийхээс тэдний аварга авах эсэх нь шийдэгдэх болно. Солилцооны цонх хаагдахад дөрөвхөн хоног үлджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

1+5+7+1+5+5=24

 0 сэтгэгдэл
  • 2020 оны “Бүх оддын тоглолт”-д хоёр багийн авсан онооны тус бүрийн цифрүүдийг хооронд нь нэмэхэд Коби Брайантын өмсгөлийн дугаар буюу 24 гарсан нь сонирхолтой давхцал байлаа

NBA-гийн 69 дэх удаагийн “Бүх оддын тоглолт” гурван хүний гэгээн дурсгалд зориулсан гэдгээрээ онцлог байлаа. NBA-гийн супер оддын нэг Коби Брайантад зориулсан дуу хүртэл бүтээж, үнэ цэнтэй тоглогчийг шагналыг ч түүний нэрэмжит болгосон. Энэ удаагийн “Бүх оддын тоглолт”-ыг маш өндөр түвшинд зохион байгуулсан Чикаго хотынхонд талархсан сэтгэлээ NBA-гийн комиссар Адам Силвер илэрхийлсэн билээ. Тоглолтын үр дүнг олон нийт шууд үзсэн учраас мэдээлэх нь илүүц биз. Уг тоглолтод ялагдсан Яннис твиттер хуудсаараа дамжуулан “Танай сургуулийг төлөөлж тоглосон нь нэр тѳрийн хэрэг. Та бүхний дэмжлэг биднийг улам ихээр зоригжуулж байлаа. Ингээд Team Giannis-ийн баг та бүхний гайхалтай ажлыг дэмжиж дахин 100 мянган ам.долларын хандив өргөж байгааг дуулгахад таатай байна. Амжилт хүсье залуус аа” хэмээн жиргэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Олон хүн зөвхөн NBA-гийн тоглогчдын мэдээллийг хүргэснээс биш үнэндээ 69 дэх удаагийн “Бүх оддын тоглолт” олны танил 22 хүний шоугаар эхэлсэн. Тэд сагсан бөмбөгийн алдартай хоёр аналист, тайлбарлагчид болох Уилбон болон Стефен А.Смит нарын багт хуваагдан өрсөлдсөн билээ. Манайхаар бол холимог оддын тоглолт гэсэн үг. Америкийн алдарт жүжигчин, рэппер, комедиан, төр, нийгмийн зүтгэлтэн гээд олон салбарын төлөөлөл 69 дэх удаагийн “Бүх оддын тоглолт”-ын “Холимог оддын тоглолт”-д оролцсон юм. Улмаар Уилбоны баг өрсөлдөгчөө 62:47-гоор буулган авсан. Уг тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор Чикаго хотын уугуул, реппер Common шалгарсан байна. Ямартай ч гуниг харуусал, баяр баясал дагуулсан 69 дэх удаагийн арга хэмжээ ярих зүйл ихтэй болж өнгөрлөө. NBA-гийн 70 дахь удаагийн “Бүх оддын тоглолт” Индианаполис хотод 2021 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлнэ. Харин 2022 оны “Бүх оддын тоглолт” Кливлэнд хотод болох юм.

Хэн, юу хэлэв

Энтони Дэвис:

-Би эхний шидэлтээ алдах болно, тѳрѳлх хотынхондоо бага ч гэсэн дарамт мэдрүүлмээр байна. (Энэ үгийг тэрбээр багийнхандаа хандан хэлжээ)

Жоэль Эмбийд:

-Хэдийгээр манай баг хожигдсон ч энэ удаагийн оддын тоглолт магадгүй хамгийн шилдэг нь байх. Бүгд л жинхэнэ ѳрсѳлдѳѳнийг хүсч байлаа

Кавай Леонард:

-Би яг одоо хэний ч хэлж чадахгүйгээр аз жаргалтай байна. Цом хадгалах өрөөндөө ороод харахад тэнд Коби Брайант гэх нэр үргэлж байна гээд бод доо. “Миний төлөө хийсэн бүх зүйлд чинь баярлалаа” гэж Кобид хэлэхийг хүсэж байна. Надтай хамт бэлтгэл хийж, урт яриа өрнүүлж байсанд маш их баярлалаа. Энэ шагнал бол түүний төлөө юм.

Крис Пол:

-Санаж байна, хайртай шүү Бин. Чамгүй анхны бүх оддын тоглолтдоо оролцлоо. Бид чиний урмыг хугалаагүй гэж найдаж байна.

Леброн Жеймс:

-Та нар эхнээс нь бинийг энд байгааг мэдэрсэн байх. Тэр энд мэдээж бидэнтэй хамт байсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвлийн спортын бэлтгэлийн баазтай болох нь холын мөрөөдөл биш

 0 сэтгэгдэл
  • Манай тамирчид хамгийн багадаа 60 сая төгрөгийг гадаадын бэлтгэлд зарцуулдаг
  • Өвлийн бэлтгэлийн баазтай болох мөрөөдлийг “Ачит-Ихт” компанийн 15 сая ам.долларын өртөгтэй “Мөсөн өргөө” л биелүүлж байна. Барилгын ажил 60 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
  • “Мөсөн өргөө” бүрэн дууссаны дараа ийм болно
  • Бэлтгэлийн баазаар дамжуулан тодорхоя хэмжээний валют олох боломжтой гэж түрүүн дурьдсан. Мэргэжлийн тамирчид гадаадад бэлтгэл хийхдээ тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Бид ч орчноо бүрдүүлээд, баазаа байгуулж чадвал мөнгө олж болно

Монголд өвлийн спорт хөгжсөн үү гэвэл олон хүн үгүй гэж хариулна. Гэхдээ хөгжих боломж байгааг энэ төрлийн спортыг сонирхдог олон хэлдэг ч аман яриа төдий болоод өнгөрдөг нь харамсалтай. Уг нь аман яриаг ажил хэрэг болговол бидэнд тун их хэрэгтэй. Өвлийн спортыг хөгжүүлж, цаашлаад өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн орнуудын Ази дахь бэлтгэлийн бааз болж, валют төвлөрүүлэх боломж ч байна. 2022 оны өвлийн олимп Хятадын Бээжин хотноо болно. Тэгвэл Бээжингийн өвлийн олимпод оролцох европ, америкчуудын Ази дахь бэлтгэлийн гол цөм нь Монгол Улс байх боломжтой гэх нийтлэл хүртэл гарч байв. Монголын хүйтэн цаг агаар, уулархаг бүс нутаг, эрс тэс уур амьсгал европчуудад том олз хэмээн тэрхүү нийтлэлд дурджээ. Үнэхээр Нидерланд, Швейцар, Франц, Норвеги, Австри, ОХУ, Герман, Дани зэрэг өвлийн спорт өндөр түвшинд хөгжсөн орнууд Бээжин хүрэх замдаа Монголыг дайран өнгөрөх бааз болгон төлөвлөж, олимпын өмнөх бэлтгэлээ хийвэл бидэнд томчуудаас туршлага судлах, цаашлаад валют үлдээх боломж гарч ирнэ. Үүнд цана, тэшүүр, биатлон, хоккей зэрэг өвлийн спортын холбоод өндөр ач холбогдол өгч, өнөөдрөөс идэвх зүтгэвэл гаргавал болохгүй гэх зүйлгүй. Хэдийгээр өвлийн спортын бүтээн байгуулалтад улсын төсвөөс хөрөнгө суулгаагүй ч холбоодын удирдлагууд толгойгоо ажиллуулж чадвал бүтэхгүй асуудал ч бас биш. Хятад, Монголын хооронд цагийн зөрүүгүй тул европчууд Монголыг сонгохоос нэг их татгалзахгүй болов уу. Урд хөршид болох цагаан олимпод европчууд ямар амжилт үзүүлэх бол гэж олон хүн анхаарлаа хандуулж байгаа. Магадгүй 2021 он дөнгөж гармагц Хятадтай хамгийн ойр орших орнууд руу цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийхээр цуврах нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү том боломжийг монголчууд овжноор ашиглах ёстой юм. Өвлийн спорт өндөр хөгжсөн зарим орноос ирсэн мэргэжилтнүүд Монголд дээрх спортуудыг хөгжүүлэх материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ хэмээн ярьж байсан түүх бий.

 Цана, биатлон

Хандгайт гэж том бааз байна. Үүнийг ашиглан олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн бааз байгуулах боломжтой. Уг нь Хэнтий аймгийн Биндэр суманд олон улсын стандартад нийцсэн цанын замтай болсон гэдэг. Даанч тамирчдын амрах өрөө, хооллох газар, хувцас солих өрөө зэргийг бүтээн байгуулах хэрэгтэй болно. Ингээд бодохоор зардал их гарна. Тэгвэл Хандгайт дахь одоогийн баазыг ашиглавал илүү хямд зардлаар олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн баазтай болох боломж байна. Манай тамирчдын бэлтгэл хийдэг замыг засч янзалчихвал Хандгайтад заавал бүтээн байгуулалт өрнүүлэх шаардлагагүй. Нийслэл хотоос ердөө 15-20 км зайтай учраас тамирчид өглөө очиж бэлтгэлээ хийгээд, орой буцах боломжтой. Гагцхүү тамирчдын хувцас солих, өдрийн амралтын зэрэг дор хаяж хоёр байр байгуулах шаардлагатай. Уг нь Цанын холбооны ерөнхийлөгч асан Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нар уг ажлыг эхлүүлсэн ч дуусгаж чадалгүй ажлаа өгсөн. Харин шинэ удирдлагууд нь үүнийг үргэлжлүүлсэнгүй. Ингээд мартагдсан. Швейцар мэргэжилтэн Паскаль Герч хэлэхдээ “Хандгайтыг бэлтгэлийн бааз болгоход хамгийн тохиромжтой. Нэг их хөрөнгө шаардагдахгүй. Бага зэрэг засаж, залруулах ажил бий” хэмээн ярьж байсан юм. Монголын цаначид олон улсын цуврал тэмцээнд оролцож, бэлтгэлээ гадаадад хийх эд хамгийн багадаа 60 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Ер нь 60-200 сая төгрөгөөр гадаадад 1-2 сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Энэ бол нэг дасгалжуулагч, дөрвөн тамирчны хоол, байр, замын зардлын үнэ. Хэрэв дотооддоо олон улсын стандарт хангасан бэлтгэлийн баазтай болчихвол энэ их мөнгийг улсдаа үлдээх боломжтой. Биатлон ч мөн адил. Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров 2016 онд Монголд зочлохдоо манай улсад бэлтгэлийн төв барихад туслахаа амласан. Тэрбээр “Бээжин-2022” олимпын наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гаднын тамирчид урьдчилж бэлтгэл хийх боломжтой. Энэ нь Монголын биатлоны хөгжилд ч өндөр ач холбогдолтой. Одоогоор дэлхийн биатлоны холбоонд Украин, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгааг ашиглаад танай улс олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн төвтэй болох давуу тал байна” хэмээн ярьж байв. Бэлтгэлийн баазыг Төв аймгийн нутагт барихаар болж, Майгуров тэргүүтэй албаныхан газар дээр нь очиж танилцаад сэтгэл хангалуун буцаж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл таг чиг. Тэгвэл энэхүү аман яриаг ажил хэрэг болгох цаг үе нь 2020-2021 он юм. Бидэнд бас ч гэж хугацаа байна. Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй.

Тэшүүр, уран гулгалт, хоккей

Огт өвөл болдоггүй халуун орны тамирчид өвлийн спортын төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэдний хажууд манай тамирчид эх орондоо бэлтгэлээ базаах боломжтой ч амжилт үзүүлэх хэмжээний бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл нь бүрдээгүй. Эх орондоо өвлийн спортын бэлтгэл хийхэд улирлын чанартай учраас тамирчдад хамгийн түрүүнд шаардлагатай зүйл нь өвлийн спортын битүү дээвэртэй ордон. 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өвлийн спортын ордон барих төлөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байлаа. Улмаар концессоор барих нь зүйтэй гэж үзэн концессоор хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Удалгүй сонгууль болж засгийн эрх барьж буй нам солигдсоноор концессоор өвлийн спортын ордон барих санал мартагдсан. Гэхдээ 2017 онд Чехээс туслалцаа авч, өвлийн ордонтой болох төлөв гарсан ч бас л замхарсан юм. Яг өнөөдрийн хувьд “Хүннү молл”-ын нэг давхарт л мөсөн талбай байна. Даанч энэ нь стандарт биш учраас бэлтгэл хийх боломжгүй. Зөвхөн сонирхогчид, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх л боломжтой. Тэгвэл хувийн хэвшлийн хөрөнгөөр Яармагт битүү дээвэртэй мөсөн ордны бүтээн байгуулалт өрнөж байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа бөгөөд ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчид онцоллоо. Өвлийн спортын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх уг бүтээн байгуулалтын ашиглалтын талбай 5700 м.кв, 2600 суудалтай бөгөөд мөсөн дэвжээний талбай 60х30 метр. Сүүлийн жилүүдэд өвлийн спортын ордонтой болох тухай ярих болсон ч одоогоор бодитой ажил хэрэг болсон нь хувийн хэвшлийн барьсан энэхүү ордон л байна. Товчхондоо манай улс өвлийн спортоо хөгжүүлэхээр элдэв төсөл хэрэгжүүлэх гэж оролддог ч нөгөөх нь тухайн үедээ хүчтэй яригдаад замхарч орхидог нь харамсалтай.


Э.Мөнхбилэг: Бааз байгуулах боломж байгаа ч санхүү дээрээ л гацдаг

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улс өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудын бэлтгэлийн бааз болох боломжтой гэж гаднынхан үзэж байна. Үнэхээр тийм боломж бий юү?

- Манай улсад өвлийн спортын төрлүүд өндөр түвшинд хөгжих бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн спорт цогцолборт битүү дээвэртэй хоккейн талбай удахгүй ашиглалтад орох гэж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар “Степпе арена” өвлийн спортын ордон энэ зун ашиглалтад орно. Энэхүү ордонд тэшүүр, уран гулгалт, хоккей зэрэг спортыг хөгжүүлж болно. Цана, биатлоны бэлтгэл хийх бааз барих бүрэн боломжтой ч газар болон санхүүгийн асуудал холбоодод тулгарч байна. Уг нь стандарт хангасан баазтай болох юм бол гадаадад хийх бэлтгэлд урсаж буй валют хэмнэхээс гадна гаднаас ч валют оруулж ирэх боломжтой. Ингэснээр тамирчдын ур чадвар сайжрах болон санхүүгийн эх үүсвэртэй болох давуу талтай. 2019 онд Спортыг дэмжих сангаас цана, тэшүүр, биатлон, шайбтай хоккейн холбоонд тус бүр 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Спорт холбоод бэлтгэлийн бааз байгуулах тал дээр илүү санаачилгатай ажиллах ёстой. Ер нь ийм санал тавьж, төсөл танилцуулж байна уу?

-Өвлийн спортын холбоодын удирдлагуудыг нэг дор цуглуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ үед цаныхан Хэнтийн Биндэр, Өвөрхангайн Бат-Өлзий суманд бэлтгэлийн бааз байгуулах боломжтой гэдгээ хэлсэн. Уран гулгалтын тухайд 2020 ондоо багтаад битүү дээвэртэй хоёр ордонтой болох учраас материаллаг бааз бий болж байна гэсэн үг. Ер нь бидэнд бэлтгэлийн бааз байгуулах маш их боломж бий. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болж гацах болон удааширч байна. Манай улс бэлтгэлийн бааз барих нь олон талын ач холбогдолтой. Ялангуяа Азид болж байгаа томоохон тэмцээн уралдаанд оролцох тамирчид манай улсад бэлтгэл хийх давуу талтай. 2022 онд өвлийн олимпын наадам хэдхэн километрийн цаана, яг нэг цагийн бүсэд болох гэж байна. Дээрээс нь бэлтгэлийн баазаар дамжуулан тодорхой хэмжээний валют олох боломжтой гэж түрүүн дурдсан. Мэргэжлийн тамирчид гадаадад бэлтгэл хийхдээ тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Бид ч орчноо бүрдүүлээд, баазаа байгуулж чадвал мөнгө олж болно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Бүх оддын тоглолт” үзэгчдийг уйдаасангүй

 0 сэтгэгдэл

NBA-ийн 69 дэх “Бүх оддын тоглолт” Чикаго хотын “Юнайтэд центр”-т гурав дахь өдрөө үргэлжилж байна. Алдарт тамирчин Коби Брайантын гэгээн дурсгалд зориулсан гэгдэж буй 2020 оны “Бүх оддын тоглолт” олон зүйлээрээ шинэлэг, бас үзүүштэй байлаа. Тухайлбал, оддын тулааны MVP-гийн шагналын нэрийг өөрчилж, Коби Брайантын нэрэмжит болгов. Коби Брайант тус шагналыг хамгийн олон буюу дөрвөн удаа хүртэж байв. Ингээд “Бүх оддын тоглолт”-ын эхний хоёр өдрийн тэмцээнийг тоймлон хүргэе.

Америкчууд ялалт байгуулав

Эхний өдөр лигийн залуу оддын тоглолт болж, АНУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээтэй хүч сорилоо. Тун сонирхолтой болж өндөрлөсөн тус тоглолтод АНУ-ын баг 151:131-ээр ялалт байгуулав. Америкийн багийг Паскалл оноогоор манлайлсан бол Секстон, Брижес нар 20-иос дээш оноогоор тусалжээ. Тэгвэл дэлхийн багаас Барретт 27 оноо авсан бол Кларк 22 оноо нэмэрлэв. Шилдэг тоглогчоор АНУ-ын багийн Майлс Брижес шалгарлаа. Тэр 20 оноо авч, таван удаа самбараас бөмбөг аван, таван оновчтой дамжуулалт өгчээ. USA Team 151:131 World Team (30:39, 41:42, 44:24, 36:26) АНУ: Паскалл (23), Секстон (21), Брижес (20).Дэлхий: Барретт (27), Кларк (22), Дончич (16), Вагнер (16), Гилжес-Александер (16).Уг тоглолтын үеэр NBA-д тоглож буй япон залуу Рүй Хачимүра “Залуу оддын тоглолтод оролцсон анхны япон тоглогч болсон нь гайхалтай байлаа. Өөрөөрөө маш их бахархаж байна. Миний бодлоор маш олон япон хүн тоглолтыг маань үзсэн байх. Эх орондоо сагсан бөмбөгийг илүү их хөгжүүлэхийг хүсэж байна. Би япон хүн болж төрснөөрөө бахархаж явдаг” хэмээн ярьжээ. 

“Майами хит”-ийн хоёр тоглогч цом өргөлөө

“Бүх оддын тоглолт”-ын хоёр дахь өдөр буюу өчигдөр ур чадвар, холын зайн шидэлт, слэм данкийн тэмцээн болсон бөгөөд олны төсөөллөөс өөр дүн гарсан гэхэд болно. Энэ өдөр “Майами Хит”-ийн хоёр тоглогч цом өргөсөн нь тус багийн фэнүүдэд таатай байсан биз.

Слэм данк

Уг тэмцээнд дөрвөн тоглогч оролцсон бөгөөд Дуайт Ховард супермэн дүрээрээ эргэн ирсэн ч залуучуудыг дийлсэнгүй. Тэрбээр “Зүгээр л гайхалтай сайхан мэдрэмж байлаа” гэсэн бол слэм данкийн тэмцээнд хоёр дахь удаагаа финалдаад ялагдсан Аарон Гордон “Онцгүй зүйл боллоо, оноог минь дараад. Надад хоёр цом байх ёстой юм шиг санагдаж байна”гэж хэлээд дахин слэм данкийн оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шүүгчдийн өгсөн оноонд тэр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрийгөө уг цомыг зүй ёсоор авах ёстой нэгэн байсан гэдгийг ч нуусангүй. 

Харин тэмцээний аварга “Майами Хит”-ийн Деррик Жонес Жр “Тэр Таккогийн толгойг бүрэн давж чадаагүй болохоор шүүгчид 50 оноо өгөөгүй байх. Гэхдээ шүүгчид түүнд 48 оноо өгч, биднийг ахин нэг удаа өрсөлдүүлээсэй гэж би найдаж байсан” хэмээн ярьжээ. Харин Такко “Аарон Гордоныг би аварга болсонд итгэсэн. Гэвч шүүгчдийн оноог хараад гайхлаа. Юу болоод өнгөрөв өө” гэжээ. Ямартай ч Жонес төрсөн өдрөөрөө слэм данкийн аварга болсноор өөртөө болон ээждээ том бэлэг барив. Сонирхуулахад, Жонес слэм данкийн тэмцээнд түрүүлсэн “Майами Хит”-ийн хоёр дахь тоглогч болсон. 1984 оноос эхлэлтэй тус тэмцээнд өмнө нь “Майами Хит”-ээс Хэролд Майнер түрүүлж байсан юм. Тэрбээр 1993 болон 1995 оны аварга. Тэгвэл тэр цагаас хойш 25 жилийн дараа Жонес аварга болж байна.

Ур чадварын тэмцээн

Бас л санаанд оромгүй үр дүн. “Майами Хит”-ийн том залуу Бам Адебайо түрүүлснийхээ дараа “Том тоглогчид ч бас авьяастай гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ цомоо ээждээ аваачиж өгнө” хэмээн хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв. Тэр ур чадварын тэмцээнд түрүүлсэн “Майами Хит”-ийн хоёр дахь тоглогч болсон. Түүнээс өмнө Д.Уэйд 2006, 2007 онд дараалан түрүүлж байжээ. Сагсан бөмбөг сонирхогчдын таамгаар өнгөрсөн жилийн тэмцээний аварга Жэйсон Тэйтум аваргаа хамгаалах ёстой байлаа. Гэвч тэр хангалттай байсангүй. Мөн 2018 оны аварга Спэнсер Динвийдийг ч харж байв.

Холын зайн шидэлт

Хамгийн сонирхолтой, бас өрсөлдөөнтэй болсон тэмцээн нь холын зайн шидэлтийнх байлаа. Финалд 2018 оны аварга Дэвин Бүүкер, болон Дэвис Бертанс, Бадди Хийлд нар тунав. Латвийн лазер тусгалтай Бертанс сүүлийн шатанд хамгийн бага оноо авснаар гуравдугаарт байрт шалгарсан бол Бүүкер энэ лигийн шилдэг шидэгч гэдгээ нотолж аман хүзүүдлээ. Гэхдээ тэр түрүүлсэн Бадди Хийлдээс ердөө ганцхан оноо дутсан. Харин Бадди Хийлд 27 оноо авснаар цом өргөсөн бөгөөд “Сакраменто Кингс”-ээс холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн хоёр дахь тоглогч болов. Түүнээс өмнө Пежа Стоякович 2002, 2003 онд дараалан аваргалж байсан юм. Багамын аралд төрсөн Бадди Хийлд шагналынхаа 50 мянган ам.долларыг Дорьян хар салхинд өртсөн хүмүүст зориулахаа мэдэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Яннисын баг #24, Леброны баг #2 дугаартай өмсгөлөөр гангарна

 0 сэтгэгдэл

NBA-­ийн 2020 оны “Бүх оддын тоглолт” эхлэхэд ердөө хоёр хоног үлджээ. 69 дэх удаагийн NBA­-ийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 16-­ны бямба гарагт Чикаго хотын “Юнайтэд центр”-­т зохион байгуулагдана. Бүх оддын тоглолтод оролцож буй Лэброн Жэймсийн баг #2 дугаартай, харин Яннис Антетокоумпогийн баг #24 дугаартай өмсгөл өмсөхөөр болжээ. Энэ нь онгоцны ослоор нас барсан алдарт Коби Брайант болон түүний охин Жианна нарыг хүндэтгэж буйн илрэл аж. Ер нь 69 дэх удаагийн “Бүх оддын тоглолт”-ын үеэр Коби болон түүний охины гэгээн дурсгалд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Бямба гарагт залуу оддын тэмцээн болох бол ням гарагт ур чадвар, слэм данк, холын зайн шидэлтийн тэмцээнтэй. Харин даваа гарагт “Бүх оддын тоглолт” болно. Эхний өдөр болох залуу оддын тэмцээнд “Майами Хит”-­ийн Херро бэртлийн улмаас оролцохгүй нь тодорхой болжээ. Түүний оронд “Кливлэнд Кавальерс”­-ын Сикстон залуу оддын тоглолтод оролцоно. Үүнээс гадна “Детройт Пистонс”-­ын Деррик Рөүз ур чадварын тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Харин түүний оронд “Оклахома Сити Тандер”­-ын Шай Гилжис Алек сандрыг сонгосон байна.

Шинэ дүрмээр тоглоно

Багийн ахлагч болох Леброн Жэймс, Яннис Антэтокунмпогийн сонгогдсоноор хоёр баг болж хуваагдана. Тоглолтын эхний гурван үе энгийн дүрмээр тоглож, дөрөвдүгээр үед багуудын оноо 0:0-­ээс эхлэх юм. Энэ үе эхлэхэд тоглолтын цагийг зогсоож, Хожлын оноог тодорхойлно. Хожлын оноог тодорхойлохдоо гурван үеийн дараах байдлаар тэргүүлж буй багийн авсан оноон дээр Коби Брайантын дугаар болох 24-ийг нэмж тооцох аж. Тогтоосон оноо тодорхой болсноор багууд цагийн хязгааргүй дөрөвдүгээр үеийг тоглон түрүүлж тогтоосон оноонд хүрсэн баг 2020 оны “Бүх оддын тоглолт”-ын ялагч болох юм. Жишээ нь, хоёр багийн эхний гурван үеийн нийт оноо 100:95 байлаа гэж үзвэл түрүүлж 124 оноо авсан баг нь ялагч болох учиртай. Эхний гурван үед 100 оноо авсан баг нь 24 оноо, 95 оноо авсан баг нь 29 оноо авч байж ялагч болох юм. Эхний гурван үе тус бүрт оноогоор тэргүүлж дуусгасан баг 100 мянга, нийт 300.000 мянган ам.долларыг сонгогдсон байгууллагад хандивлах эрхтэй болно. Харин дөрөвдүгээр үеийн буюу “Бүх оддын тоглолт”-­ын ялагч баг 200 мянган ам.долларыг сонгогдсон байгуулагад хандивлах эрхтэй болох юм.


Ур чадвар, слэм данк, холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тоглогчдыг танилцуулъя.

Ур чадварын тэмцээн

Бам Адебайо (Майами Хит)

Патрик Беверли (ЛА Клипперс)

Спэнсер Динвийде (Брүүклин Нэтс)

Крис Миддлетон (Милуоки Бакс)

Шай Гилжис Александр (Оклахома Сити Тандер)

Домантас Сабонис (Индиана Пэйсерс)

Паскал Сиакам (Торонто Рэпторс)

Жэйсон Тэйтум (Бостон Селтикс)

Холын зайн шидэлтийн тэмцээн

Дэвис Бертанс (Вашингтон Визардс)

Дэвонте Грэхам (Шарлотт Хорнетс)

Жо Харрис (Брүүклин Нэтс)

Бадди Хийлд (Сакраменто Кингз)

Зак Лавин (Чикаго Буллс)

Дамиан Лиллард (Портлэнд Трэйл Блэйзерс)

Данкан Робинсон (Майами Хит)

Трэй Янг (Атланта Хаукс)


Слэм данкийн тэмцээн

Дуайт Ховард (ЛА Лейкерс)

Деррик Жонс ЖР (Майами Хит)

Аарон Гордон (Орландо Мэжик)

Пэт Коннаутон (Милоуки Бакс)


“Лейкерс” болон “Уорриорс” $4 тэрбумын үнэлгээтэй баг боллоо

Forbes сэтгүүлийн гаргасан судалгаагаар NBA­-ийн багуудын үнэлгээ өнгөрсөн жилээс 14 хувиар өсч, дундаж нь 2.12 тэрбум ам.доллар болжээ. NBA-ийн багуудын жагсаалтыг “Нью-Йорк Никс” уламжлал ёсоор тэргүүлжээ. Тэдний үнэлгээ 4.6 тэрбумд хүрсэн бол араас нь “Лос-Анжелес Лэйкерс” 4.4 тэрбум, Голден Стэйт Уорриорс 4.3 тэрбумын үнэлгээгээр удаалав. Тэгвэл “Чикаго Буллз” 3.2, “Бостон Селтикс” баг 3.1 тэрбумаар айрагдав. Энэ жил багуудын дундаж үнэлгээ анх удаа хоёр тэрбум ам.доллар давсан. 2011 оны байдлаар лигт тэрбум давсан үнэлгээтэй баг огт байгаагүй юм. Багуудын үнэлгээ ийн өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь телевизийн гэрээ. 2016-20­17 оны улирлаас TNT болон ESPN-тэй лигийн удирдлагууд 24 тэрбум “ногоон”-­ы гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс орж ирэх мөнгийг 30 багт тэнцүү хуваадаг билээ.