A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3017/

“Коко дисерт” компани өмнө нь бас зөрчил гаргаж байжээ

Тус компани тараг зөөсөн саваа зориулалтын мэтээр тайлбарлав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3017/


“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэж, эдийн засагт дэмжлэг үзүүлсэн сайн талтай ч эрүүл ахуйн чанарын шаардлага зөрчсөн тохиолдлууд тасраагүй. Өнгөрсөн пүрэв гарагт Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл school police хийх үедээ сурагчдын үдийн цайнд өгдөг тарагийг Германы Henkel брэндийн барилгын дотоод заслын шингэн агуулдаг саваар зөөж буйг харжээ. Ингээд зургийг нь авч баримтжуулж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй цахим сүлжээнд тусламж эрэн байршуулсан юм. Бид уг асуудлын мөрөөр холбогдох газруудаас хариулт нэхэн сурвалжиллаа.

НМХГ: “КОКО ДИСЕРТ” КОМПАНИД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

“Коко десерт” компани нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарласан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тендерт оролцож, шалгарснаар тус сургуультай арав гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. Бага ангийнханд “Үдийн цай”-г өгөхөөс гадна багш, ахлах ангийн сурагчдад үйлчлэх цайны газрыг нь ажиллуулах эрх авсан тухайн компани сургуулийн захиргаа болон нийслэлийн Өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулж, тэдгээр байгууллагын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Иргэний мэдээллийн мөрөөр өнгөрсөн баасан гарагт НМХГаас 84 дүгээр сургуульд хяналт шалгалт хийхэд, үдийн цайнд өгдөг тарагийг барилгын материалын саванд хадгалж, тээвэрлэсэн нь нотлогдсон байна. Гэхдээ энэ удаагийнх анхны зөрчил биш болохыг албаны хүмүүс хэлж байлаа. НМХГаас “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээн мэдэгдэл гаргаад буй.

84 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ӨГӨХӨӨ ТҮР ЗОГСООЖЭЭ

Бямба гарагийн 12.00 цагийн үед тус сургууль дээр очиход сүүлийн хоёр өдөр хүүхдүүдэд үдийн цай өгөөгүй болохыг эцэг, эхчүүд хэлж байлаа. Хүүхэд нь нэгдүгээр ангид сурдаг Д.Болорцэцэг “Хичээл орсон эхний өдөр тараг өгсөн байсан. Харин сүүлийн хоёр хоног хоол идээгүй ирсэн. Ер нь эцэг, эхчүүдэд хоолны цэс болон хаана, яаж бэлтгэсэн бүтээгдэхүүн өгдөг талаар огт мэдээлэл өгдөггүй. Нэг ангид 60 орчим хүүхэд сурдаг болохоор багшийн ачаалал их тул ийм зүйл асуугаад байх завдал ч олдоггүй юм билээ. Хүүхдэд үдийн цай өгөх нь зөв ч чанарын шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй хоол хүнсээр үйлчилдэг бол хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй” хэмээн уцаарлангуй ярилаа. Сурагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар хамгийн түрүүнд ханддаг хүн бол нийгмийн ажилтан. Тиймээс 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяраас зарим зүйлийг тодруулсан боловч шинжилгээний эцсийн хариу гарч, төрийн байгууллагуудын шийдвэр гараагүй шалтгаанаар тодорхой зүйл ярихаас татгалзлаа. Тэрбээр, “Үдийн цай хөтөлбөр хэвийн үргэлжилж байна. Халуун хоол, ундаар бага ангийн 3000 орчим хүүхдэд “Коко десерт” ХХК-ийн цайны газар үйлчилсээр байгаа. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөө больсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас биднийг ямар нэгэн байр суурь илэрхийлж болохгүй гэсэн учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Үдийн цайны хяналт шалгалтын талаар тус сургуулийн Дотоод хяналтын албаны ажилтан Ц.Байгалмаагаас асуухад, “Бид сургуулийн цайны газарт өдөр бүр хяналт тавьж, бүртгэл хөтөлж ажилладаг. Тухайлбал, хоолны амт чанар, халуун хүйтэн, порц норм, ариун цэвэр гэх мэт маш олон зүйлийг хянадаг. Зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хүмүүст арга хэмжээ авдаг” хэмээн ярьсан юм.

ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

Өнөөдөр хариуцлага хүлээгээд өнгөрөх ч ирээдүйд хүүхдийн эрүүл мэндэд үүсэж болзошгүй эрсдлээс хэрхэн хамгаалах вэ. Зориулалтын бус хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх үед хүний эрүүл мэндэд хортой хлорид, флатат, ВРА зэрэг химийн бодисууд шингэдэг аж. Тиймээс хорт хавдар, ургийн болон зүрхний гажиг зэрэг өвчнийг үүсгэдэг хэмээн мэргэжлийнхэн анхааруулдаг. Түүнчлэн өдөр тутамдаа хэрэглэж байгаа хуванцар шанага, усны зориулалтын бус сав, айраг исгэдэг цэнхэр сав, хуванцар түмпэн зэрэг нь 5-10 жилийн дараа хорт хавдар үүсгэдгийг судалгаагаар тогтоосон.

Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй хуванцар савыг хэрэглээнээсээ хасахыг сурталчилж буй өнөө үед сонгон шалгаруулалтад ялсан, 10 жилийн турш сурагчдын хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлсэн туршлагатай компани нь барилгын шингэн хийдэг хувинд тараг зөөхөөр ахуйн энэ буруу хэвшил хэзээ өөрчлөгдөнө гэж найдах билээ. Германы Henkel брэндийн дотоод заслын эмульс, цавуу зэрэг шингэн бодисыг нь хэрэглэсний дараа савыг нь “угаадасны хувин” болгон олон жил ашигласан гэр хорооллынхон чанартай сайн сав хэмээн анддаггүй аж. Тиймээс “Коко десерт” компани сурагчдад өгөх тарагаа уг саванд зөөж байгааг хараад эрүүл ахуйн байцаагч бүү хэл энгийн иргэн хүртэл цочирдох нь ойлгомжтой.

Харин уг асуудалд эцсийн шийдвэр гаргаж, салбарынхаа “хог шороог” цэвэрлэх үүрэгтэй төрийн байгууллагууд одоогоор нүдэн балай, чихэн дүлий байна. Нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Фэйсбүүкт иймэрхүү юм бичсэн байсан. Үнэн гэж хэн хэлсэн юм. Нотлогдсон юм уу. Манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй” хэмээн уурлаж, утсаа салгав.

2017 онд хийсэн хяналт шалгалтаар мөн зөрчил илэрч байжээ

Харин нийслэлийн Өмчийн харилцааны газар “Манай байгууллагад ямар ч бичиг ирээгүй” хэмээн гайхсан байдалтай хариулах жишээтэй. Ийнхүү албан байгууллагууд нэгнийхээ мэдээллийг үгүйсгэж, бичиг ирээгүй гэх шалтгаанаар ам таглаж суух хооронд буруутай этгээд нь ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх вий гэсэн болгоомжлол төрж байв.

Ямартай ч шинжилгээний хариу яаж гарахаас бүх зүйл шалтгаалах нь. Хэрэв шинжилгээний хариугаар барилгын саванд зөөсөн тараг “ямар ч асуудалгүй” гэж гарвал хэн ч хариуцлага хүлээхгүй, тэгсгээд өнгөрөх бололтой. “Коко десерт” ХХК нь үдийн цайнд долоо хоногт хоёр удаа тараг өгдөг юм байна. Харин зориулалтын бус саванд хэр удаан тараг зөөж буйг хэн ч үл мэднэ. Азаар энэ удаад хүүхэд хордсонгүй. Гэхдээ урт хугацаандаа ямар нэг сөрөг нөлөө илэрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тухайн үед бас л “манайд албан бичиг ирээгүй” гэж бие бие рүүгээ чихээд өнгөрөөх үү.

Хэрэв 84 дүгээр сургууль дээр илэрсэн зөрчлийг адтай school police хараагүй бол барилгын материалын саванд хийсэн тарагийг таны, бидний хүүхдүүд идсээр байх байлаа. Хотын төвийн, улсдаа шилдэгт тооцогдох сургуулиас ийм ноцтой зөрчил илэрч байхад захын хороололд нөхцөл байдал ямар байгааг төсөөлөхөд ч бэрх санагдлаа.

БАРИЛГЫН БОДИС ХАДГАЛДАГ НЭГ УДААГИЙН САВ УЧИР ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ

НМХГ-ын хэлтсийн даргаД.Цэнд-Аюуш:

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦэндАюуш үүсээд буй асуудлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

-Манай байгууллага 2017 онд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд “Коко десерт” ХХК эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцэхгүй, жижиг зөрчилтэй гарч байсан юм. Акт тавьж, тодорхой хугацаа өгөөд зөрчлийг арилгуулж байлаа. Харин энэ удаад ийм ноцтой зөрчил давтан гаргасан тул тухайн компанийн эрхийг цуцлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, мөн сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж байна. Тус компани тэмдэг тэмдэглэгээний асуудал ярьж, тараг зөөсөн саваа зориулалтынх мэтээр тайлбарласан байна лээ. Тийм зүйл байхгүй. Барилгын бодис хадгалдаг нэг удаагийн сав учир шинжилгээ хийх шаардлагагүй. Хүнсний зориулалтын сав гэдэг чинь тусдаа байх ёстой. Олон нийт эргэлзээд байх шаардлагагүй. Барилгад ашигладаг савыг хү нсний зори ула лта ар ашиглаж болохгүй гэдгийг дахин хэлмээр байна. Харин хүүхдүүдэд өгч байсан тарагийг лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна.




ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙСЭН САВАНД ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГЭХ PP-5 ТЭМДЭГЛЭГЭЭ БИЙ

“Коко десерт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанзагас:

Харин барилгын бодис хийдэг саванд тараг зөөж байсан “Коко десерт” компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанзагас өөр байр суурьтай байна.

-Тухайн тээвэрлэлт хийсэн савыг нягталж үзэхэд ёроолдоо болон таган дээрээ “PP-5” гэсэн тэмдэглэгээтэй байсан. Энэ бол тараг, жүүс зэрэг шингэн зүйлсийг савладаг төдийгүй эм бэлдмэл, витамин зэргийг хийх хуванцар дээр тавигддаг тэмдэглэгээ байсан. Тиймээс тухайн саваар зөвөөрлөлт хийсэн. Одоогоор бид бүтээгдэхүүний дээж болон тараг тээвэрлэсэн савыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар хүргүүлсэн. Хариу нь долоо хоногийн дараа гарна гэсэн. Энэ жилээс манайх фермертэй гэрээлж сүү, сүүн бүтээгдэхүүнээ авдаг болсон. Фермийнхэн ч надтай адил савны “PP-5” гэсэн тэмдэглэгээнд итгэсэн хэрэг. Бид гэрээнд заасны дагуу чанар, ариун цэврийн стандартыг хангаж ажилладаг. Надаар шалгуулахад нь би тухайн тэмдэгт итгээд зөвшөөрөл өгчихсөн юм. Бидэнд албан ёсны мэдэгдэл ирээгүй учир үдийн цайг үргэлжлүүлэн өгсөөр байгаа. Маш олон хүүхдийн эрх ашиг учир хоолыг нь өгөхгүй байж болохгүй. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөө больсон. Үүнээс гадна манай компани 84 дүгээр сургуулийн ахлах ангийн болоод багш ажилчдын хоолыг бэлтгэдэг байсан юм. Шуугиан гарснаас хойш нийтийн хоолны үйлчилгээгээ түр зогсоогоод байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ жил антибиотикт тэсвэртэй ханиад зонхилж байна

Хүүхэд, том хүн ялгаагүй нэг сараас дээш хугацаагаар ханиалгах болжээ

 0 сэтгэгдэл


Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд дөрвөн улирлын турш томуу дэгдэх болсныг эмч, мэргэжилтнүүд хэлэх болсон. Өнөөдөр гэхэд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ханиаднаас болж бөөлжсөн, гүйлгэсэн гэх оноштой 20 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн настай хүүгээ тэвэрсэн ээж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхэд маань гэнэт бөөлжөөд, дараа нь халуурч эхэлсэн. Идэж, уусан зүйлээсээ хордлого авсан байх гэж бодоод эмнэлэгт үзүүлсэн юм. Гэтэл ханиад хүрсэн байна гээд шууд хэвтэхээр боллоо. Одоо хамаагүй дээрдэж байна. Удахгүй эмнэлгээс гарна” хэмээн ярилаа. Эмнэлгүүд өвлийн ид хүйтний үе шиг ханиад, томуунд дарлуулсан хүүхдээр дүүрээгүй ч энгийн үеийнхээс 10-20 хүүхдээр нэмэгджээ.

“Ханиаднаас болоод нус нь гойжиж, гүйлгэсэн хүүхдүүд манай эмнэлэгт их ирж байгаа. Сүүлийн үед “Мерс” гэх антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн ханиад их гарч байна. Энэхүү ханиад эмээр дарагдах нь бага. Мөн ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээс болж менингит болох тохиолдол элбэг байгаа. Энэ жил хүүхэд, том хүн ялгаагүй намдахгүй, удаан хугацаагаар ханиалгаж байна. Дээрээс нь харшилтай хавсраад 14-30 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах боллоо. Эмчилгээ хийлгээд эдгэдэг ч ханиад дахих магадлал их байна. Сүүлийн үед ханиад нь суулгалттай хавсрах болсон. Энэ жилийн бас нэг онцлог нь хүүхэд, том хүн гэлтгүй хатиг маш их гарч байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Рэнцэнханд ярилаа.

Орто гэх вирус нь намрын улиралд идэвхждэг бөгөөд амьсгал, ходоод гэдсийг гэмтээдэг

Ханиад, томуу үүсгэж буй эдгээр вирус нь яг тийм эмэнд дарагдана гэж шууд хэлэх боломжгүйг эмч нар учирлаж байв. Тиймээс ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй харьяа хорооныхоо өрхийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн юм.

Хүүхэд бөөлжиж, гүйлгэх нь орто вирусийн шинж тэмдэг аж. Энэхүү вирус нь суулгалттай хавсрахаар идсэн зүйлээ тогтоохгүй бөөлжиж, маш их шингэн алддаг байна. Орто гэх вирус нь намрын улиралд идэвхждэг бөгөөд амьсгал, ходоод гэдсийг гэмтээдэг. Үүнээс гадна хоолой сөөж, хуцуулж ханиалгах, цээж шуугих зэргээр илэрдэг один гэх вирусийн тархалт дэгдээд байна. Энэ вирус нь жилийн дөрвөн улиралд дэгддэг аж. Ханиад үүсгэдэг эдгээр вирус нь хүмүүсийн дархлаатай шууд холбоотой. Тиймээс дархлаагаа байнга дэмжиж байхыг эмч нар зөвлөв. Дархлаа сул болохоор ханиад амархан хүрч, вирус халдварласнаар харшлыг улам сэдрээдэг байна.

Харшил голдуу идэж, уух зүйлээс үүсдэг. Тиймээс чихэрлэг ундаа, боов, чихэр зэргийг хязгаарлах хэрэгтэй. Мөн гадаад орчны шарилж, мөлхөө ургамлаас харшил үүсдэг. Харшилтай гэдгээ мэдсэн тохиолдолд амны хаалт зүүх, ургамлын тоосонцор болон гадна орчны тоосноос угаалга хийж салах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байв. Түүнчлэн намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй. Мөн бидний амьсгалж байгаа агаар янз бүрийн бактеритай байдаг учир хоолой, хамраа сайн цэвэрлэх нь чухал. Бактерийг тээж яваад хүнд халдаадаг томчууд дархлаагаараа өөрсдийгөө хамгаалдаг ч ханиах, найтаах үедээ багачууд хүүхдүүдэд халдаадгийг сануулав.

Дархлаагаа сайжруулж, ханиаднаас салъя гэвэл шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Өдөрт хүүхэд 1.5 литр, том хүн 2.5-3 литр шингэн заавал уух ёстой байдаг. Хүний биед бактери орсон ч шингэнээр хөөгдөж гарах, эмчилгээ хурдан авахад дэмтэй байдаг аж.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ороолт, бээлий хэрэглэх 

-Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах 

-Хамрын салстанд сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх 

-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх 

-Витамин С-ээр баялаг жимс болон шүүс, витамин С хэрэглэх 

-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх 

-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх 

-Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах 

-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх 

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч, зааврын дагуу хэрэглэх

A

Жижиг

A

Дунд

A

Том

Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

Карт хэвлэгдээгүйгээс хомсдол үүсэх эрсдэл ойрхон байна

 0 сэтгэгдэл


Автомашингүй өдөр утааг бууруулах хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч болон цахилгаан, хийн халаагуур нийлүүлэгч компаниуд, ногоон зээл олгодог банкууд төв талбайд үзэсгэлэнгээ гаргасан. Технологийн шинэ шийдэл, хөгжлийг сонирхож, сонгох зорилготой иргэдээс илүүтэй “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшийг тойрсон хэл ам хийх хүмүүс олон байсан нь хачирхалтай санагдав. Тэд, “утаа тортог ихтэй, хурдан шатаад дууслаа, илчгүй,  үнс их гарч байна” гэх мэтээр засгаас сурталчилсан бүхний эсрэг юм ярьцгааж байв. Харин тус компанийн ажилчид бүтээгдэхүүнээ өмөөрч, “манайхтай адил улаан уутанд хувийн үйлдвэрүүдийн шаардлага хангахгүй шахмал түлш хийж зарж байгаа гэсэн, тэр нь юм байгаа биз” гэх үгээр “барьж идэх” шахсан иргэдийн амыг таглана лээ. Уг нь энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг бүх цэгүүдээр худалдаж эхлэх учиртай байв. Харамсалтай нь нэг өрхөд гурван тонныг авах эрхээр хязгаарласан картаа хэвлүүлж, тарааж амжаагүй тул хяналт тавих боломжгүй гэх шалтгаанаар борлуулалтыг эрчимжүүлэхгүй байгаа аж. Харин иргэд "нээлтийн хонх жингэнэхээс" өмнө түлшээ боломжийнхоо хэрээр нөөцлөхөөр гэрээтүүдэд хандсаар. Тиймээс өнөөдрийн байдлаар гэр хорооллын утааг бууруулах “тулсан ганц” арга зам болсон сайжруулсан шахмал түлшний түгээлт, хүртээмж, чанарын талаар сурвалжиллаа.

НАМАР НҮҮРСЭЭ НӨӨЦӨЛДӨГ ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШЭЭ 2-4 ШУУДАЙГААР ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА

Хотын төвийг умард зүгийн угаараар “дайлдаг” гэр хороолол Баянбүрдийн тойргоос арагш, Ногоон нуурын орчмоос эхэлдэг. Тэнд шахмал түлшийг тонн тонноор нь буулгаж, ногоон бүтээлгээр хучсан хоёр ч хашаа байна. Ингэж “задгайгаар” нь авсан түлшээ “Тавантолгой түлш” ХХК-ийн лого бүхий шахмал түлшний уутанд 25 кг-аар савлан, зам дагуу байрлуулж борлуулдаг юм байна. Тонноор нь савласан шахмал түлшээс хаягдал болон үлддэг нүүрсний нунтагийн хэмжээг хасаад, шуудайгаа тооцдог тул уутанд нь өөр хуурамч шахмал түлш савлаад зарах боломжгүй гэж гэрээт борлуулагч нь тайлбарласан. Зам дагуух борлуулагчийн дэргэд хааяа нэг машин зогсоод, 1-2 шуудай шахмал түлш авах зэргээр төвийн бүсийнхэн өвөлдөө “бэлтгэж” байна.

Харин хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх завгүй өрнөж байлаа. Улсаас хэрэглээнд хяналт тавих зорилгоор гурван тонн түлш авах эрхээр хязгаарласан карт олгоно гэсэн боловч одоо хүртэл хэвлэлтээс гараагүй аж. Тиймээс зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд нэг хүнд их хэмжээгээр өгөлгүй, 50-100 кг сайжруулсан шахмал түлш олгож байгаа юм байна. Түлшний борлуулалтыг ийн хязгаарлаж, эрэлт үүсгэсэн нь эгээ л картын барааны үеийг санагдуулж байв.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд орших “Гялгар” зах бол “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт салбарын нэг. Олны нэрлэж заншсанаар “17гийн уулзвар”-т байрлах уг захаас дээшээ Хайлааст дахь гэр хороолол арваад километрт үргэлжилсээр Баянхошууны зүүн захын айлуудтай нийлдэг. Энэ хэсгийн зургаан мянга гаруй өрхийн сайжруулсан түлшийг хангах үүрэгтэй “Гялгар” захад байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч Н.Отгонцэцэгтэй уулзлаа. Тэрбээр “Өмнөх жилүүдэд өдийд л хүмүүс өвлийн бэлтгэлээ базааж, нүүрсээ хэдэн тонноор нь авч хураадаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 7-10 хоногийн хэрэгцээгээр нь олгох чиглэлтэй. Тэтгэвэр, цалингаа аваад бөөнд нь түлшээ бэлддэг хүмүүст энэ нь хүнд тусаж байх шиг байна. Уулын оройд байдаг айлууд цас орохоос өмнө машин гарч байгаа дээр нь түлшээ базааж авмаар байна гээд гуйгаад байдаг. Өгөх ямар ч аргагүй. Карт нь гарчихвал ядаж нэг тонныг олгож болох болов уу гэж боддог” хэмээн ярьсан юм.

• Хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх чөлөөгүй өрнөж байлаа.

• “Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн Шадивлан дахь хэрэглэгч зовнин хэллээ.

• Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орших “Тэнцвэр трэйд” ХХК-ийнхан мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч аж. Тус компанийн захирал В.Сүрэнхорлоо “Иргэд янз бүрийн л юм ярьж байна. Гэхдээ ихэнх нь ам сайтай. Яахав, одоохондоо дулаахан байна. Удахгүй чанар нь жинхнээсээ танигдана шүү дээ. Гол нь иргэд одоо ингэж багаар олгож байгаад ид хүйтнээр дуусчих вий, олдохгүй болчих вий гэж санаа зовж байна лээ. Гал таслахгүй, хангалттай нөөц бий гэж тэдэнд хэлж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Түлшийг янз бүрээр ярьж буй нь пийшингээсээ их хамаарч байна. Иргэд өөрсдөө хэрхэн түлэхээ мэдэхгүй уугиулж орхичихоод утаа ихтэй, сайн халахгүй, хурдан дуусдаг гэж яриад байна. Эхлээд модоор сайн галлаад, дүрэлзсэн дөлөн дээр түлшээ хийх хэрэгтэй. Мөн нам даралтын зуухнуудын шүүр тааруу, өнцөг булан ихтэй тул хийсэн түлш тарж унаад дутуу шатах тал бий. Төслийн зуух шиг босоо шүүртэй бол бүрэн шатна шүү дээ. Би нам даралтын зуухандаа босоо шүүр байрлуулж түлшээ тараахгүй хийдэг болсон” гэж туршлагаасаа хуваалцсан юм. Энэ цэгээс зургаан шуудай түлшийг бүрэн эрхтэйгээр авч одсон хүн бол Шадивлан дахь зусланд давхар хаустай байнгын үйлчлүүлэгч өвөө байлаа. Тэрбээр “Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн зовниж буйгаа хэллээ.

Харин Баянхошуу дахь гурван ч борлуулалтын цэгт хүн ихтэй байлаа. “Нэг хашаанд хоёр айл байдаг, найман шуудайг авъя” хэмээн иргэний үнэмлэхээ сарвайн зүтгэх иргэнд, төвөөс зөвшөөрөл авахаар холбоо барих гэж оролдох борлуулагч залуу “Иргэний үнэмлэхний хаяг хамаагүй, нэг хүнд биш, нэг өрхөд л дөрвөн шуудайг олгоно” гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг эс олов. Тэдэнд түлш авсан хүний хэлсэн нэр, утасны дугаар, хаягийг бичсэн халтар дэвтэр байх бөгөөд, карт гарсан хойно эндээс хорооны ажилтнууд нь шүүж, гурван тоннын эрхээс нь хасалт хийнэ гэдэг юу л бол. Нийт 500 гаруй борлуулах цэгээр үйлчилнэ гэж байгаа ч одоогоор зуу гаруй цэг тогтмол ажиллаж байна. Нэг цэгт өдөртөө 8-10 тонн сайжруулсан шахмал түлш борлогдож байгаа гэнэ. Нэмэх 19 хэмийн дулаантай өдөр ингэж овоорч байгаа иргэд хүйтэрч, анхны цас хаялах үед хэрхэн сандралдахыг төсөөлөхөд бэрх.

Машинтай нь тээшиндээ, машингүй нь усны тэргээ түрж ирээд 2-4 шуудай түлшээ авч буй иргэдийн хажуугаар гэр хороолол дахь үйлчилгээний газрууд, нийтийн байрны эзэд буюу аж ахуйн нэгжүүд “мөөг түүх” маягаар шахмал түлш цуглуулж байгаа аж. Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байгаа гэнэ. Гэхдээ өдөрт хэдэн тонноор нь түүхий нүүрс түлдэг байсан аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм аргаар өвлийн бэлтгэлээ базаах нь харганын ноосоор эсгий хийхээс өөрцгүй. Гэвч яндандаа шүүлтүүр суулгаагүй, цахилгаан халаагуурт шилжих боломжгүй өнөө маргаашаа арай гэж аргалж байгаа зарим газар ийнхүү өрхийн хэрэглээний түлшнээс шуудай шуудайгаар нь хумслахаас өөр арга үлдсэнгүй бололтой.

АРВАННЭГДҮГЭЭР САРД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНӨХ ҮҮ

Олон жилийн турш “нүүрсний ченж” хийсэн наймаачдад төрийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшнээс бусдыг хорьсон нь хүнд тусдаг бололтой. Ченжүүд зундаа нүүрсээ нөөцөлж авдаг. Түүхий нүүрс оруулахыг хориглохоос өмнө базаасан хар алтаа “чулуу болгох” цагийг анан хүлээж байгаа тухай яриа одоо ч мэр сэр явсаар. Үүний зэрэгцээ шахмал түлшний улаан  уут эрэлттэй байдаг тухай түлээ нүүрсний захынхан дуулгав. “11 дүгээр сараас байдал хүндэрнэ, талбай дээр шахмал түлшийг нь түлж, эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ” гэх шум явж, тэмцэлд бэлдэцгээдэг тухай ч сонсогдов.

Түлшний чанарыг хоёрхон сарын дараа байгаль өөрөө шалгаад өгнө

Сайжруулсан шахмал түлшний чанарыг үгүйсгэж, түгээлтийн бэрхшээлийг дөвийлгөөд, иргэдийг турхирсаар өөрсдийн бизнесийг дэмжих гэсэн санаархалтай хэсэг бүлэг байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийнхан мөн үгүйсгээгүй. Тэднийг зохион байгуулалтад орж, facebook пэйж хөгжүүлэгчдээр сошиалд давалгаалуулах замаар шахмал түлшийг “хог” болгон харагдуулах, улсын үйлдвэрийн 500 гаруй ажилтны эгдүүг хүргэж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь гутаан доромжилсон тул хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулна гэж сүржин мэдэгдэл  хийсэн нь саяхан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга ч “Юу нь мэдэгдэхгүй зүйл, хог ч хамаагүй шатааж хар утаа гаргасан бичлэгээ сайжруулсан шахмал түлш гэж шантаажилж, мөнгөөр үнэлэх тохиолдол гарсан” талаар хэлсэн.

Ямартай ч өнөөдрийн гэр хорооллын иргэдийн цаг зав, машин тэрэгний боломж, хэтэвчний хэмжээнээс үл хамаарсан түгээлтийн бэрхшээлээс илүүтэй хоёрхон сарын дараах өвлийн жавар, иргэдийн жихүүцэл энэ ажилд дүн тавьж орхино. Төрийн зүгээс түүхий нүүрсийг хорьж, шийдвэртэйгээр тулгасан сайжруулсан шахмал түлшийг өнөөдөр мянга магтаж, зуу муулсан ч байгаль өөрөө шалгаад, үр дүнг нь гаргаад өгнө. Хамгийн гол нь иргэд төрийн шийдвэрийг хүндэтгэж, элдэв хатгалгад авталгүй, эхэлж буй ажлын бэрхшээлийг даван туулна гэсэн тэвчээртэйгээр, картын системээрээ бага багаар сайжруулсан түлшээ базаасаар өвлийг давж чадах уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Багачуудад зориулсан үндэсний үйлдвэрлэл “Маамаа” брэнд

Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн бүлгэм цэцэрлэгийн жаалуудын хувцсыг хийж байна

 0 сэтгэгдэл


Эцэг эхчүүд цэцэрлэгийн жаалууддаа хөдөлгөөнд садаа болохгүй, агаарын солилцоо нэвтрүүлдэг буюу хөлсийг гадагшлуулдаг дулаахан, биед эвтэйхэн хувцас өмсгөхийг эрмэлздэг. Товчхондоо цэцэрлэгийн хүүхдийн ангидаа өмсөх хувцас ээжүүдийн санаа чилээх  сэдвийн нэг болдог нь үнэн. Зарим цэцэрлэг хувцсаар жигдрэх шаардлагыг тавьдаг бөгөөд дийлэнхдээ улаан шорт, цагаан подвальктай байх кодыг зааж өгөх нь ч бий. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн зарим эмэгтэйчүүд хамтран “Уран нахиа” бүлгийг байгуулж, цэцэрлэгийн хүүхдийн хувцасны үйлдвэрийн оёдлын цех байгуулжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа өнгөрсөн жилээс эхлүүлсэн тус бүлгийнхэн эхний ээлжинд том үйлдвэрүүдээс массын ажил авч хийдэг байсан аж. Харин энэ намраас өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн нь “Маамаа” брэнд.

“Уран нахиа” бүлгийн ахлагч Б.Энхжаргал “Манай бүлэг нь зорилтот бүлгийн ээжүүдийг ажлын байраар хангаж байдгаараа онцлог. Энэ намраас СХД-ийн Засаг даргын санаачлагаар “Маамаа” брэндийг үүсгэж, хүүхдийн биед харшил өгөхгүй, хөвөн даавуугаар хослол буюу шорт, подвалькийг нь хийж байна. Цаашлаад цэцэрлэгийн хүүхдийн ор хөнжлийн даавуу, алчуур, улавч зэрэг хэрэгцээтэй бүхнийг үйлдвэрлэдэг болох зорилготой” хэмээн ярилаа.

“Уран нахиа” бүлэг нь 10 гаруй ажилтантай ба “дэлхийн зөн” олон улсын байгууллагаас оёдолчдыг нь мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна.

Цэцэрлэгийн хүүхдийн нэг хослолыг 13,500 төгрөгөөр борлуулах бөгөөд борлуулалт, сурталчилгаагаа олон нийтийн сүлжээгээр хийдэг аж. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газар, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эцэг эхчүүд дэмжин ажиллаж байгаа аж. Одоогоор гурван цэцэрлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт СХД-ийн 260 дугаар цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн юм.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Одсүрэн “Цэцэрлэгийн хүүхдүүд биеийн тамирын хувцсаар жигдрэх шаардлагатай байдаг. Өмнөх жилүүдэд голдуу л урд хөршөөс оруулж ирсэн хослолыг сонгож өмсдөг байсан бол энэ жилээс эх орондоо үйлдвэрлэсэн, цэвэр даавуун хувцсаар ижилсэх боломж бүрдэж байна. Энэ нь үндэсний үйлдвэрээ дэмжиж байгаа төдийгүй эцэг эхчүүдэд ч чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгож байгаа юм. Уг хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн, өнгө үзэмж сайтай учир бид хамтарч ажиллахаар болсон” хэмээв.

Цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллахад дүүрэг болон хороодын Засаг даргын тамгын газар дэмждэг байна. Энэ талаар СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Энххорол “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ээжүүдийн байгуулсан “Уран нахиа” бүлэгтэй хамтарч “Маамаа” брэндийг санаачлан бий болгосон. Энэ нь өрхийн амьжиргааны төвшнийг дээшлүүлээд зогсохгүй, чанартай хувцсаар хүүхдүүдээ хангах бололцоог бий болгож байгаа юм. Хослолыг биеийн тамирын хувцасны стандартад нийцүүлэн, чанартай үйлдвэрлэхэд анхаарч хийсэн” хэмээлээ. Харин СХД-ийн 36 дугаар хорооны Засаг дарга М.Сампилноров бусад дүүрэг, хороодын цэцэрлэгийг “Маамаа” брэндтэй хамтарч ажиллан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй

Өрхийн эмнэлгийн эмч нарын 30 хүрэхгүй хувь нь хүүхдийн эмч мэргэжилтэй

 0 сэтгэгдэл


1996 онд тухайн үеийн АУИС хүүхдийн эмч бэлтгэдэг ангиа хааснаар энэ мэргэжилтэн улаан номд орох шахтлаа цөөрсөн түүх бий. 1990-ээд оноос хойш төрөлт багассан нь хүүхдийн эмчийг “ад үзэх” шалтгаан болжээ. Гэвч он цагийн уртад улсын хүн ам өсөж, тэр дунд хүүхдийн эзлэх жин нэмэгдэхийн хэрээр хүүхдийн эмчийн хэрэгцээ, шаардлага дахин бий болсон юм. Улмаар 2010 оноос одоогийн АШУҮИС-д хүүхдийн эмчийг резидентураар сургадаг болсноос хойш байдал харьцангуй дээрджээ. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг хүүхдийн эмч хэрэгтэй байна гэж баахныг бэлтгэж гаргасан атал тэдэнд зориулсан  ажлын байр хомс хэвээр байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс хүүхдийн эмч мэргэжил эзэмшсэн хүмүүс өөр чиглэлээр ажиллах нь түгээмэл болжээ.

“Одоо жилд 50-иад хүн хүүхдийн эмчээр төгсөж байна. Эндээс харвал хүүхдийн эмч жигтэйхэн хүрэлцээтэй болсон мэт. Гэтэл тийм биш. хүүхдийн тоо өссөн ч норматив нь сая гаруйхан хүнтэй байх үеийнхээрээ. Нэг ёсондоо ажлын байраараа л цомхотгочихоод байна гэсэн үг. Үүнээс болж мэргэжлээр ээ ажиллаж чадахгүй эмч маш олон болсон. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нярайн тасаг гэхэд 46 орны нормтой, түүндээ тохирсон эмчтэй. Гэвч 100 гаруй эх байнга хэвтэн эмчлүүлдэг. Нэг эмч 2-3 хүний ажлыг хийж байна” хэмээн хүүхдийн эмч мэргэжлээр 50 гаруй жил ажиллаж буй ардын эмч Д.Малчинхүү ярив.

Өдгөө Монгол Улсын хүн амын 35 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Олон улсын дундажтай харьцуулбал энэ бол тун өндөр тоо. Гэхдээ хүүхдийн орон гэгдсэн Монголд хүүхдийн эмч одоо болтол дутагдалтай байгаад санаа тавьдаг, анхаарлаа хандуулдаг эрх мэдэлтэн, албан тушаалтан үгүй бололтой.

Намрын сэрүү орж, өдрөөс өдөрт хүйтэрч байна. Удахгүй гэр хорооллын 200 мянган өрх галаа  түлээд эхлэхээр цээж хорсгосон гашуун утаа нийслэлийг бүрхэнэ. Энэ цаг үетэй зэрэгцээд хүүхдүүд бөөн бөөнөөрөө ханиад, хатгаанд нэрвэгдэж, эмнэлгийн ачааллыг эрс нэмдэг. Гэвч балчир үрсэд үйлчлэх ор хүрэлцээгүй, эмч нар дутагдалтай байдал өмнө нь байсан, одоо ч хэвээрээ.

“Монгол Улсад нийт 10576 эмч ажиллаж байна. Гэтэл хүн амын 36.5 хувьд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмчийн тоо 741 буюу ердөө долоон хувийг эзэлдэг. Энэ нь хүүхдийн эмчийн эрэлт хэрэгцээ ямар их байгааг харуулж байна” хэмээн АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ярьж байв.

Хүүхэд нь өвдөж зовсон үед эцэг эхчүүд хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Эмнэлгүүдийн ачааллыг жигд байлгахын тулд салбарын яамнаас ийм бодлого барьж, өдгөө нийт 218 өрхийн эмнэлэгтэй болоод байна. Гэвч иргэд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх тийм ч дуртай биш. Өвчнөө оношилж мэддэггүй, эмч нар нь дадлага туршлага багатай гээд өрхийн эмнэлгийг өөлж муучлах хүн олон. Хүүхэд нь хатгаа тусчихаад байхад өрхийн эмч нь мэдэхгүй элдэв янзын эм бичиж өгсөөр байгаад улам хүндрүүлсэн гэх яриаг олон хүний амнаас сонссон байх. Үүний учир шалтгаан мөнөөх л хүүхдийн эмчтэй холбогддог. Өдгөө өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарын 30 хүрэхгүй хувь нь хүүхдийн эмч мэргэжилтэй гэсэн багцаа тоо бий. Уг нь өрхийн эмнэлгээр хүүхэд, хөгшчүүд голдуу үйлчлүүлдийг бодолцоод ажилгүй байгаа хүүхдийн эмч нарыг тэнд бодлогоор хуваарилмаар санагддаг юм. Гэвч салбарын яам энэ бүх зовлонг мэдээгүй мэт нүдэн балай, чихэн дүлий суусаар.

• Хүн амын 36.5 хувьд нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн эмчийн тоо ердөө долоон хувийг эзэлдэг.

• Жилд хамгийн багадаа 50 гаруй хүүхдийн эмч бэлтгэгдэж байна. Харин бэлтгэгдэж төгссөн боловсон хүчнээ ажлын байраар хангах асуудал хамгийн чухал болжээ.

• Өрхийн эмнэлгүүдэд дандаа ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нар ажилладаг болсон учраас хүүхдийн тусламж, эмчилгээ чанарын хувьд доройтсон гэв.

“Нэг хэсэг хүүхдийн эмч мэргэжлээр дөрөв, тавхан хүн төгсдөг байсантай харьцуулахад байдал дээрдсэн. Одоо жилд хамгийн багадаа 50 гаруй эмч бэлтгэгдэж байна. Харин бэлтгэгдэж төгссөн боловсон хүчнээ ажлын байраар хангах асуудал хамгийн чухал. Хүүхдийн эмчгүй өрхийн эмнэлэг олон байна. Эдгээр эмнэлэгт хүүхдийн эмч нарыг ажиллуулмаар санагддаг. Хүүхдийн биеийн онцлог томчуудынхаас өөр. Тэдэнд түмэн янзын эмгэг илэрдэг. Энэ бүгдийг зөв оношилж эмчлэхэд хүүхдийн эмч зайлшгүй хэрэгтэй. Уг нь энэ асуудлыг салбар хариуцсан яам бодлогын хүрээнд шийдэж болмоор санагддаг” хэмээн ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлсэн юм.

“Өмнө нь өрхийн эмнэлгийн тогтолцооны үед хүүхдийн хэсэг гэж байлаа. Тэгэхэд хүүхдийн суурь өвчнийг маш сайн хянадаг байж. Харин одоо өрхийн эмнэлгүүдэд дандаа ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нар ажилладаг болсон учраас хүүхдийн тусламж, эмчилгээ чанарын хувьд доройтсон. Уг нь хүүхдийн тоо өсөхийн хэрээр хүүхдийн эмч нарыг ажлын байраар хангамаар байгаа юм. Өрхийн эмнэлэгт даралтаа үзүүлдэг хэдэн хөгшчүүд болон хүүхдүүд л үйлчлүүлж байгаа шүү дээ. Тиймээс өрхийн эмнэлэг бүрт дор хаяж нэг хүүхдийн эмч ажиллуулдаг болох хэрэгтэй” хэмээн Д.Малчинхүү эмч бодлоо хуваалцсаныг энд сануулъя.

УИХ-ын тамгын газрын судалгааны хэлтсээс хийсэн нэгэн судалгаа байна. Хэдийгээр 2016 оны судалгаа ч гэсэн тоо баримтууд нь нэг их хуучраагүй байх. Тус судалгаанд “Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 789 хүүхдийн орон дээр 78 их эмч, 86-90 сувилагч ажиллаж байна. Үүнийг нэгдсэн эмнэлгийн стандарттай харьцуулан үзвэл 40-50 их эмч, 30-40 хүүхдийн сувилагч нэн шаардлагатай байна” хэмээн дурджээ.

Мөн судалгааны дүгнэлтэд “Эх барих эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч, эх баригч, сувилагч нарын ажлын ачаалал их, хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй, урамшуулал бага, хариуцлага тооцох хэлбэр давамгайлж байгаагаас эмч нар ажлаас хөндийрч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага уруу шилжсэнээр бэлтгэгдсэн боловсон хүчнээ алдаж байна” хэмээжээ. УИХ-ын түвшинд томоохон хэмжээний даацтай судалгаа хийсэн нь сайн хэрэг. Гэвч судалгаанаас гарсан зөвлөмжийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ажил орхигдсон нь хий дэмий хөрөнгө мөнгө зарцуулсан ажил болжээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хаана л бол хаана хүүхэд, нялхсын эндэгдэл, өвчлөлийг бууруулах талаар том зорилт тавьж байгаагаа тунхаглан зарладаг. Харин тусгайлсан эмчгүй байж ийн тунхаглах нь хоосон цуурай, хүн ардаа “хулхидсан” хууран мэхлэлт гэж хэлэхээс аргагүйд хүрч байна. Хүүхдийн эмч нь дутагдсан, балчир үрс нь өвчинд нэрвэгдсэн өнөөгийн нөхцөлд хүн амын өсөлт ярих хэрэг байна уу.