A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2291/

Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

Тонн нүүрсээ 70 бус 90 ам.доллараар борлуулах боломж ЭТТ-д байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2291/


Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Ийм хэмжээний мөнгийг нүүрсний орлогоос бүрдүүлснээр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар далайцтай ажлууд хийгдэхээр байгаа. Нийслэл болон орон нутагт шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн чанартай бүтээн байгуулалтыг уул уурхайн мөнгөөр барина. Ингэснээр ирэх оны сонгуулийн өмнө иргэдээс эерэг оноо цуглуулах эрх баригчдын хүслийг нүүрсний экспорт, түүнээс хүртэх орлого гүйцэлдүүлэх учиртай. Тэгвэл 1.3 их наядыг төсөвт оруулах коксжих нүүрсний зах зээлийн 2019 оны төлөв байдлыг Бээжингээс сурвалжиллаа.

Коксжих нүүрсний үнэ энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр өсөлттэй байх  нь. Төсвийн орлого зарим жил төлөвлөснөөс дутах эрсдэл гардаг байсан. Тэгвэл ийм эрсдэлийн талаар одоо ярихад эрт байна. Манай улс зөвхөн нүүрснээс 1.3 их наядаас давсан хэмжээний орлого олох боломж бүрджээ. Үүнийг ашиглаж чадвал “Эрдэнэс Тавантолгой” гэхэд 2018 оны ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Тухайлбал, тус компанийн хувьд нэг тонн нүүрсээ 20 орчим ам.доллараар өсгөж, хамгийн багадаа 90 хүртэлх ам.доллараар борлуулахад ногдол ашгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Сүүлийн гурван жил дараалан нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтээ бид шинэчилсэн бол энэ онд дахин шинэчлэхээр байна. Тэрчлэн өмнөд хөршийн импортын нүүрсний зах зээлд өөрийн орон зайгаа бэхжүүлэх, улмаар Хятадтай нүүрсний худалдаан дээр стратегийн түвшинд харилцах боломж гарч ирлээ. Тодруулбал, тэдний хэлсэн үнээр нүүрсээ зарах бус харин бид өөрсдөө худалдах үнээ санал болгох хэмжээнд буюу хэлэлцээрийн ширээнд суух нааштай “уур амьсгал” зах зээлийн орчинд бүрджээ. Эдгээр мэдээллийг нэг дор агуулсан “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болов. Уг чуулганд оролцсон илтгэгчдийн дийлэнх нь коксжих нүүрсний үнэ өснө, дунд хугацаанд өсөлт тогтвортой байна, Хятадын гангийн хэрэглээ огцом буурахгүй гэсэн мессеж өгсөн юм.

Ес дэх удаагийн нүүрсний салбарын томоохон тоглогчдын цугларалт 2019 оны зах зээлийн төсөөллүүдийг өөдрөг хэдий ч бодитой таамаг гэж үзэж байна. Энэхүү чуулганыг “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч “Гложекс Консалтинг” компани Хятадын Fenwei Energy  байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнгөрсөн жилийнхээс илүү өөдрөг хүлээлттэй хурал болж байгааг чуулганы зохион байгуулагч Л.Наранбаатар хэлсэн юм.

• Австралитай хийж буй Хятадын диплоамат маргаан Монголыг өөрөөр харахад хүргэж байна.

• Коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 20 орчим ам.доллараар өсжээ.

• Өмнөд хөршийн гангийн зах зээлд Монгол руу улам ойртож байна.

Коксжих нүүрсний 2019 оны эрэлт, хэрэгцээ, үнийн чиг хандлагыг тодорхойлохоос гадна Хятадын төрийн бодлоготой холбоотой хамгийн бодитой мэдээллийг уг форум хуваалцаж ирсэн. 500 гаруй төлөөлөгч хоёр өдөр саатсан чуулга уулзалтад анх удаа ОХУ-ын төлөөлөгч ирж, өөрсдийн нүүрсний салбар дахь бодлогоо танилцуулав. Түүний илтгэлд Монгол, Австрали хамгийн их дурдагдсан. Учир нь, хойд хөршийн хувьд энэ хоёр улс нүүрсний зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж байна. Энэ он гарснаас хойш S&P Global Platts-ийн судалгаагаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсжээ.

Fenwei Energy компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.

Монголыг харах өмнөд хөршийн нүүрсний бодлого өөрчлөгдөж, тэд биднийг Австралийн зиндаанд авч үзэж байна. Сайн мэдээ гэвэл Монголоос авах нүүрсний хэмжээгээ өмнөд хөрш 36 сая тонноор хязгаарлахгүй илүү өсгөх боломжтой гэдгээ “Дэлхийн коксжих нүүрсний  нөөц ба зах зээл” чуулганы үеэр Хятадын тал онцолсон юм. Ингэж чуулганы индрээс Хятадын нүүрс ассоциацийн нөлөө бүхий эрхэм мэдэгдсэн нь ОХУ болон Австрали, Индонезийн төлөөлөгчдөд тийм ч таатай сонсогдоогүй нь лавтай. Учир нь эдгээр орнууд Монголыг өөрсдийн өрсөлдөгчөө хэмээн үздэг. Гэтэл Монголыг товойлгон хэлсэн нь өмнөд хөрш тогтвортой нийлүүлэгч хайж байгаагаа нэг талаар зарласан хэрэг боллоо. Тэрчлэн сайн чанарын коксжих нүүрсний эрэлт өндөр байх нь.

БНХАУ болон Австралийн хооронд өрнөж буй үл ойлголцол хоёр орны худалдаа, тэр тусмаа нүүрсний зах зээлд томоохон доргилт авчраад байгаа. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү стратегийн түвшинд нүүрсээ нийлүүлэх тэрхүү боломжийг олгоод буй.

Өмнөд хөршийн хэрэгжүүлж буй “Цэнхэр тэнгэр” төлөвлөгөөний хүрээнд аж үйлдвэрийн томоохон бүсүүдээ далайн эргээс хойд бүс рүүгээ шилжүүлж эхэлсэн. Энэ нь Хятадын зах зээл Монгол руу улам ойртож буй хэрэг. Далайн эргийн коксжих нүүрсний үнэ эх газрын гүндээ буюу аж үйлдвэр шинээр хөгжиж, гангийн үйлдвэрлэл явагдаж буй өмнөд хөршийн хойд хэсэгт илүү үнэтэй болж эхэлж байна.

Сангийн яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ. Тэгвэл ирэх хоёрдугаар улиралд үүнээс ч илүү өсөлтийг бид нүүрсний экспортоос хүлээж болох нь.

Хятад, Австралийн одоогийн хориг арга хэмжээнд хоёр тал буулт хийлгүй багагүй хугацаа өнгөрүүлсэн. Энэ байдал Австралийн сонгууль хүртэл үргэлжилж мэдэхээр байгааг БНХАУ-д суугаа Австралийн Элчин сайд хэлж байсан юм. Тэрбээр “Хятадын хил гаалийн шинэчлэл хэтэрхий удааширч байгаа. Энэ нөхцөл байдалд ахиц гарахгүй бол бидний зүгээс өөр зах зээлийг судалж эхэлнэ” гэв. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжийг олгож байна.

Монголоос энэхүү чуулганд “Эрдэнэс Тавантолгой”, МАК, “Өсөх зоос”, “Энержи Ресурс”, “Мон Эн Ко” компаниас гадна “Монгол нүүрс” ассоциаци бодлогын түвшинд оролцож, шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг өрнүүлсэн юм. Манай улсын төсвийн орлогыг зэстэй дөрөө харшуулан бүрдүүлж буй нүүрсний үнэ 2019 онд тогтвортой байхаас гадна ашгаа нэмэгдүүлэх завшааныг зах зээл олгож байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их 20-иор Трамп, Шигийн халз тоглолт болно

 0 сэтгэгдэл


Саяхныг хүртэл Их 20-ийн дээд уулзалт уйтгартай, заримдаа бүр ёслолын чанартай арга хэмжээ болж, гол эдийн засгийн удирдагчид асуудлыг найрсгаар хэлэлцдэг байв. Мэдээж Трампаас өмнө л дөө. Америкийн Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш дээд хэмжээний уулзалтын ёс журамд драм, хурцадмал, тодорхойгүй байдлаас авахуулаад ямар нэг зүйл авчирсан. Үнэхээр ч энэ сарын 28-29-нд болох Их 20-ийн цугларалтын өмнө Трамп өөрийгөө давсан үймээн тарьж байна.

Тэрбээр Хятадтай худалдааны зөрчил хурцдаж буйг худалдааны дайн болгоно хэмээн сүрдүүлсэн нь Осакагийн чуулганыг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том үр дагаварт хүргэж болзошгүй. Сөргөлдөөний барьц нь багадсан мэт ноён Трамп Европ, Японыг худалдааны дайны овоо хараандаа авч, гол хоёр холбоотноо машины тарифаар сүрдүүлж буй. Мөн Евро бүс болон хятадын мөнгөний бодлогын талаарх трампын шүүмжлэл нэмэгдэнэ.

Энэ бүхнээс харахад Осакад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн санхүүгийн зах зээлд чухал дохио өгөх юм. Өнгөрсөн мягмар гарагт Трамп твиттертээ “Ноён Шитэй утсаар сайхан ярилцлаа. Бид уртасгасан уулзалт хийнэ” гэж бичсэн нь байдлыг жаахан намжаав. Хоёр улсын албаныхан ба шинжээчдийн таамаглаж буй хамгийн сайн хувилбар нь АНУ тарифаа хойшлуулж, тавдугаар сард тасарсан худалдааны хэлэлцээг сэргээх явдал гэж үзэж байна.

Харин муу хувилбар нь худалдааны сөргөлдөөнийг шинэ хүйтэн дайн руу хөтлөх эрсдэлтэй юм. Хэрэв уулзалт эхлэхээсээ өмнө цуцлагдах буюу тохиролцоонд хүрч чадахгүй бол дэлхий ертөнц хоёр тэргүүлэх эдийн засгийн хурц зөрчлийг харах агаад хохирол нь санхүүгийн зах зээлийн нуралт, өсөлтийн удаашралаар илэрнэ. Ийм магадлалыг үгүйсгэх аргагүй. Учир нь хоёр удирдагч бараг эсрэг тэсрэг гэмээр эрс ялгаатай хандаж байгаа нь өмнө нь бас асуудал үүсгэж байсан. Трамп дураар авирлаж, хэлэлцээний ширээний нөгөө талд суугаа хүний тэнцвэрийг алдагдуулдаг арга барилтай хүн.

Ноён Ши маш болгоомжтой бөгөөд түүнийг хүрээлэгчид үр дүнг нь урьдаас товлоогүй уулзалтад оролцуулахыг хүсэхгүй байгаа. Хятадын зарим албаны хүний хэлснээр Трампын дээрэнгүй авир ноён Шид татаас, оюуны өмч гээд олон асуудлаар АНУ-ын шаардлагыг зөвшөөрөхөд саад хийж байж магадгүй юм. Вилсоны төвийн судлаач, дипломатч Роберт Дейли “Трамп Ши Жиньпинийг овоо хараандаа авна гэж ярьдаг атлаа гэнэт сайхан аашлаад унавал гайхал төрүүлэх нь мэдээж” хэмээн өгүүллээ.

Бээжингийн нэгэн шинжээч Хятадын удирдагчийг шахсан байдалд оруулах тусам бууж өгсөн мэт ойлгогдох буулт хийхээс татгалзна хэмээн тайлбарлав. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед их долоо, Их 20-ийн уулзалтын бэлтгэл ажилд оролцож байсан зөвлөх Мэтью Гудман одоогийн байдлыг шинэ хүйтэн дайн гэж нэрлэхэд эрт байна хэмээв. Түүний бодлоор эдийн засгийн харилцааг илүү шударга болгох зорилт тавигдаж байгаа аж. Харин Трампын зөвлөх Клит Уилемс “Засаг захиргаа Хятадад анхаарч буй хэдий ч бусад оронд бас тариф тогтоосон нь хятадын талаарх өөрийн стратегийг дэмжүүлэх аргыг хайж байна. Гэхдээ Хятадыг тохиролцоонд хүргэхүйц хатуу байр суурь баримталж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ши Жиньпинийг Маогаас хойш их хамгийн хүчирхэг удирдагч гэж үздэг боловч дотооддоо улс төр, эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч буй нь түүний хийх боломжтой алхмуудыг хумьж байна. Хятадын эдийн засаг сулрах шинжтэй байгаа нь худалдааны дайны хохирлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хонконгт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн явдал ноён Шигийн захиргаадах арга барилыг эсэргүүцсэн түгшүүр үүсгэв. Шинжаан дахь Исламын шашинт цөөнхийг бөөнөөр хорьж буй асуудал ч өрнөдийн анхааралд өртөөд байна.

Нөгөө талаас Трампын байр суурь өөрийнх нь бодож байгаа шиг бат бэх үү гэдэг эргэлзээтэй.  Түүний тарифын бодлого эсэргүүцэлтэй тулгарч, эдийн засагт хохирол учруулж эхэлснийг статистик харуулж буй. Трамп, Ши нарын хэн хэнд дотоодын шахалт тулгарч байгаа нь харагддаг. Тэд Осакад эвлэрэлд хүрч магадгүй л юм. Гэхдээ урт хугацааны энх тайван тогтоож чадна гэдэг юу л бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна

 0 сэтгэгдэл


Манай улс 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна. Монгол Улс дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь.

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ ийнхүү хилийн чанадаас импортолж суух ч гэж. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар жинхнээсээ “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас ялангуяа, хоёр хөршөөсөө худалдан авч байна.

Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.

Учир нь Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг л дотоодоос нийлүүлж, зах зээлийнхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Манай улсад одоогоор 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нийлээд 80 мянган тоннд хүрэх аж. Гэтэл бидний эрэлт хэдийн 300 мянган тонныг давжээ.

Улаанбаатарт сүндэрлэх барилгын тоо өсөж, бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр арматурын эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд өсөж эхэлсэн байна. Гэтэл он гарсаар үнэ ханш нь мэдэгдэхүйц өсөөд буй төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жилд тасралтгүй унаснаас үүдэн үйлдвэрлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулчихсан. Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. Бүтээгдэхүүний үнэ болон барилгын салбарын удаашралаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид цөөнгүй жилийг хүндхэн өнгөрөөсөн аж.

Гэтэл орчин цагийн Монголд хотжилтын хүрээг тэлж, хүн амаа орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх тусам барилгын салбарын дутууг дүүргэх арматурын импорт өссөн байна. Ирэх жилүүдэд ч барилгын багана болсон арматурын хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, арматурын эрэлт 2030 он гэхэд 454 мянга орчим тоннд хүрэх төлөвтэй.

Гэвч манай арматурын зах зээл өнөө хэр гадаадын үйлдвэрлэгчдийн атганд байсаар. Ялангуяа, арматур нь барилга байгууламжийн голлох түүхий эдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл царцсанаас нийт эрэлтийн голыг импортын бүтээгдэхүүнээр  хангаж байна” хэмээн “Барилга. мн” төвийн захирал Г.Батсүх өгүүлсэн юм. 

Энэ хэрээр барилгын салбарын гол түүхий эд валютын ханшийн савалгаа, гадаад зах зээлээс  шууд хамаарах нь. Өнгөрсөн онд ч арматурын нийлүүлэлт нэг бус удаа тасалдсанаас манай дотоодын зах зээлд үнэ ханш нь огцом өсөж, барилгын салбарынханд багагүй дарамт болсон юм.

• Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авдаг. 

• Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж. 

• Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.

Цаашлаад арматурын ханшийн өсөлт өнөө хэр иргэдийн худалдан авах чадвараас давсан хэвээр байгаа нь барилга, орон сууцны үнийг өдөөх эрсдэл болжээ. Гэтэл Улаанбаатарын утааг бууруулахын тулд хүн амаа барилга орон сууцаар хангах хэрэгцээ шаардлага Монгол Улсад байсаар. Харин энэ зорилгыг биелүүлэхэд арматурын үнэ ханш басаж болохгүй сорилт болж мэдэх нь. Арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн.

Дайран дээр давс гэгчээр дотоодын эрэлт өсөхийн хэрээр айлаас арматур худалдан авдаг бидний хилийн чанад руу урсгах валютын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.

Иймд ирээдүйд их хэмжээний валютын урсгалыг гадагшаа алдахгүйн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, арматурын зах зээлийг өөрсдийн атгандаа оруулах шаардлага тулгарсаар байна. Ингэснээр дотоодын чанартай түүхий эдээр барилгын салбараа хангаад зогсохгүй валютын гадагшлах урсгалыг улсдаа шингээж, төгрөгийн ханшийг хамгаална. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн хэрээр ажлын байр бий болгож, үйлдвэржилтийн үр шимийг дотооддоо шингээх боломж бүрдэх юм.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийн хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгалыг багасгаж байгаа. Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. тэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой. Ялангуяа, “барилгын яс” болдог арматурын үйлдвэрлэл улсын хөгжлөөс эхлээд хүн амын амьжиргаа, улаанбаатарын утаанд хүртэл нөлөөлөх учиртай юм. Улсын ирээдүйд чухал үүрэгтэй энэ салбарыг өөрөө хөгжихийг хүлээж, цаг алдах бус бодлого, зохицуулалтын таатай нөхцөлөөр хангаж, тууштай дэмжих нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын гутал” хийдэг Fila-гийн захирал $830 саяыг олжээ

 0 сэтгэгдэл


1990-ээд онд зузаан ултай, бүдүүн хийцтэй пүүз гарсныг “Аавын гутал” хэмээн нэрлэж байв. Мянганы үеийнхэн энэ загварт дурлах болсон тул хуучин гутал Fila компанийг дахин сэргээсэн байна. Түүнчлэн Ён Ёнсу захиралд ихээхэн баялаг хуримтлуулахад тусалжээ. Англиар Жен гэж нэрлэдэг захирал Fila Korea Ltd., компани дахь багцаараа дамжуулан 830 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүнийг 2007 онд Fila дэлхийн брэндийг худалдан авахад Өмнөд Солонгосын хэвлэлд “хавч аварга загасыг залгичихлаа” хэмээн бичиж байв.

Ноён Ён тус компанийг сэргээхийн тулд өөрөө биечлэн удирдсанаар хувьцаа нь дээшилж эхэлсэн байна. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь 90-ээд оны загваруудыг сэргээж, сонгодог хэлбэрт дуртай худалдан авагчдын эрэлтийг хангасан явдал юм. Жишээ нь, Disruptor 2 загварыг 2017 онд сэргээн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онд нэг үе эмэгтэйчүүдийн хамгийн дуртай шаахай болсон дэлхийн загварыг судалдаг Lyst сайт мэдээлэв.

Энэ оны эхний байдлаар уг загвараас 10 сая хосыг борлуулжээ. 73 настай ён энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч 2017 онд Өмнөд Солонгосын нэг сонинд өгсөн ярилцлагаас нь үзвэл “Энэ бол 45 хүрсэн хойноо гаргасан хэнз хүүхэдтэй адилхан” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн алдартнууд эдний шаахайг өмсөх болсон нь брэндийн нэр хүндийг өргөв. АНУ-ын топ модель Кендалл Женнер, дуучин Рианна нарын Fila-гийн улаан, цагаан, хөх логотой пүүзийг өмсдөг. Дээр нь харьцангуй хямд үнэ борлуулалтыг дэмжих хүчин зүйл болжээ.

Korea Investment & Securities фирмийн шинжээч На Енча “Fila үнээ бууруулахын сацуу 30-40 насныхнаас илүүтэй залуу хэрэглэгчдийг онилсон. Энэ тактик үр дүнгээ өгч байна” хэмээн үнэлжээ. Fila Korea-гийн хувьцааны үнэ өнгөрсөн оны эхэн үеэс 400 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 4.3 тэрбум ам.долларт хүрэв. Ноён Ён гэр бүлийнхээ хамтаар компанийн 20 хувийг эзэмшдэг аж. Тэрбээр нэлээд хожуу 30 гарсан хойноо коллеж төгссөн тул нас нь ажилд ороход саад болж байсан аж. Гэвч Солонгос барааг АНУ-д худалддаг компанид орсон байна.

Энэ завсар АНУ-д Fila-гийн менежертэй танилцаж, улмаар Өмнөд Солонгост пүүз үйлдвэрлэхийг ятгаж чадсан байна. Дараа нь уг бизнесийг удирдахыг санал болгож, 1991 оноос жилдээ 1.5 сая ам.долларын цалинтай Fila-гийн Өмнөд Солонгосын бизнесийн захирлаар томилогджээ. Ингээд тус салбар болон дэлхийн брэндийг худалдан авч, өдий хүргэжээ. одоо Fila 70 гаруй улсад ажиллаж байна. Ноён Ён нэгэнтээ “ёс суртахууны хувьд зөвтгөх аргагүйгээр баялаг хуримтлуулах нь утга учиргүй зүйл. Бид баялаг яаж бүтсэнийг эргэж харах ёстой” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дроныг нь устгасан Иранд Трамп хориг тавина

 0 сэтгэгдэл