A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4814/

Лангуучин ба таксичин

Лангуучин ба таксичин
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4814/
  • Монгол Улсын зах зээлийн багтаамж, хүн ардын хэрэгцээ, хэрэглээ, худалдан авах чадвар, барааны илүүдэл, мөнгөний ханш тэдэнд ердөө падгүй. Энд бичсэнийг бизнес гэх үү, улсын хөгжил гэх үү
  • Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө мянга мянган Монголчууд "Эрх чөлөөт жолоочийн бизнес"-ээ эрхлэн байна

Монголд хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би нэрлэж байна. Сайхан сэтгэлтэй монгол хүний тухай өгүүлэх гэж байгаа биш, цаагуураа улсаа хорлож буй үйл явдлыг нэрлэх гэж байна. Монгол хүнд хэзээ ч мөнгө байдаггүй. Үргэлж мөнгөний дутагдал, гачигдалтай. Төрд нь ч мөнгө байдаггүй, үргэлж л зардал хэмнэлт. Ерөнхий сайд нь албаа авахдаа “Мөнгө ол!” гэсэн ганцхан маш хатуу даалгавартай. Төр засаг нь мөнгө олох гэж махаа цайна, ертөнцөөр нэг гуйлга, зээл, тусламж, үнэгүй юмны эрэл. Мөнгө олчихтой зэрэг зарцуулах ухаанаа хэзээ ч олохгүй. Тиймдээ ч арван хэдэн Засгийн газрыг үдчихсэн, Засгийн газар нь ямагт булаатай тэсрэх бөмбөгөн дээр. Гучин жил ингэж явлаа. Боллоо юм биш үү? Яг энэ өнцгөөс хамгийн түгээмэл болчихсон хоёр мэргэжлийг би шүүмжлэх гэж байна. Эх орондоо юу бүтээж, ядаж өөртөө юу бүтээж байна вэ гэдэгт. Хотын төвд, хүн олонтой худалдааны төвд миний сайн танил нэг нөхөр лангуу түрээслээд лав 20 гаруй жилийг үдэж байна. Өмнөд хөршөөс элдэв жижиг сажиг юм авчирч лангуугаа дүүргээд зардаг. Ер нь заръя, заруулъя гэвэл юу ч авч тавихад бэлэн. Эхлээд мань хүн тэндээ байнга сууж ажилладаг байлаа. Насны эрхээр хөгшрөөд хүүгээ суулгадаг боллоо. Хүүгээ дагалдуулж сурган хэдэн жил хамт авлаа. Очих тоолонд л хоёулаа сууж байдагсан. Дараа нь өөрөө яваад хүүдээ лангуугаа үлдээжээ. Хүү нь дээд боловсролтой, диплом ромботой. Хуучны ойлголтоор, бас миний ойлголтоор бол лангууны ард сууж байх залуу биш санж. Гоё өндөр залуу, хэрдээ боловсролтой. Сургууль төгсгөөд лангуу бараадсан тул мэргэжил ба сурснаа мартсан байх. Одоо өөр ажлын ямар ч байранд лав тэнцэхгүй, бас гоонь. Гэр бүлээ зохиох хамаг цагаа лангууны ард өнгөрөөчихсөн. Гэр бүлийн “өмч” лангуунаас өөр тэр айлд гэрэл гэгээтэй, орлоготой ямар ч суваг байхгүй. Шалгаагаад үзтэл хүү нь ярьж байх юм аа. Орлого олно, баяжина, хөлжинө гэж байхгүй. Зарим өдөр ганц ч бараа зарагдахгүй. Түрээсээ л төлж байвал барав гэх нь тэр. Хайран сайхан залуу, хайран ч залуу нас. Нас нь дөч гараад явчихсан. Гэвч аав ээж нь захиж үлдээсэн тэр лангууг сахиж суухаас өөр арга байхгүй. Би тэр залууг харах тусам өр өвдөнө. Нүднийх нь гал мөд унтарчих вий. Лангуучны хувь заяаны түгээмэл дүр зураг нь энэ. Би Монгол Улсынхаа хэмжээнд жишээ болгож нэг лангуу ба лангуучин нэг залуугийн тухай өгүүлж байна шүү. Тэдэнд ердөө ганцхан аминч хүсэл бий. Лангуугаа алдчихалгүй манаж, ажлын байраа хадгалах. Монгол Улсын зах зээлийн багтаамж, хүн ардын хэрэгцээ, хэрэглээ, худалдан авах чадвар, барааны их илүүдэл, мөнгөний ханш тэдэнд ердөө падгүй. Ерөөсөө эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг ч падгүй. Лангуу нь л чухал. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг. Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж хэргээр тавьж байна. Үүнийг өөрчлөх хууль, сэтгэл Та нарт алга уу? Тэр залуугийн байдал, өмнөх эцэг эхийнх нь байдлыг ажваас давуу талууд байна аа байна. Хэнд ч захирагдахгүй, түрээсийн мөнгөнөөс өөр хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, нэгэн биеэ зовоохгүй, хувь төөргөөрөө, зоргоороо амьдарч байгаа монгол гэр бүл. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал тэр айлд байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө хэдэн зуу, бүр мянга мянган монголчууд “эрх чөлөөт бизнес”-ээ эрхлэн байна. Лангуучдын тухайд ердөө ийм. Таксичны тухайд. Өглөө, өдөр хаана л бол хаана, “Машин авах уу?”, “Унаа авах уу?” гэсэн урилга, уриалга сонсдоно. “Нисэх яармаг”, “Нисэх яармаг”, “Зах”, “Зах” гээд хоолойгоо сөөтөл хашгиран зогсох идэр хүдэр залуус өвөл зунгүй тааралдана. Машины цонхоор цөхрөлийн нүд харагдана. Миний машинд суугаач өгөөч гэсэн цөхрөл. Хааяагүй. Бодит дүр зураг. Ажаад байвал нийслэл маань хувийн машинтнуудаар дүүрээд, илүүдэл хэсэг нь ингэж хашгиралдан зогсож байх шиг. Хоолойгоо сөөтөл хашгирч байтал ганц нэг үйлчлүүлэгч яваад очвол тэдний магнай тэнийгээд явж өгнө. Би саваагүй зангаараа асууж шалгаалаа. Мань хүн худлаа залж байна аа. Өдөртөө 50 мянга олдог, түүнээсээ бензинд өгөөд үлдсэн нь цэвэр орлого гэв. Үнэн л байх болтугай. Бас нэг хувийн таксичинтай хөөрөлдлөө. Орлого нойл, ямар ч гоё юм алга. Шатахууны үнэ нэмэгдсэн. Ноднин эхний нэг км-ийг 1000-аар яваад цаашаа км тутамд 800 төгрөг байсан, энэ жил 1500-аас эхлээд км тутам 1000 гэж байна. Гэвч хүн суухгүй, өдөржингөө дэмий зогсох, эсвэл дэмий явахаас цаашгүй. Оройдоо талхны мөнгөтэй харивал дээдийн заяа гэх нь тэр. Ер нь ашиггүй гэж ярилаа. Үгүй тэгээд ажлаа солиод өөр ажил хийгээч гээд хэлчих гэтэл өөрөө яриад унав аа. Ажил олдохгүй, олдлоо ч хөгшин энэ тэр гэж голоод гэж байна. Тэр нөхөр өөрөө таксичнаас өөр ажлын байранд өөрийгөө бэлтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх янзгүй. Нийслэлийн Засаг даргын надад хэлснээр бол 20 мянган оюутан Улаанбаатарт хувийн таксичны ажил эрхэлдэг гэх. Нөгөө олон мянган хувийн машинтнуудаас гадна шүү дээ. Хөдөөнөөс нийслэл рүү орж ирээд нэг их сургуулийн бараа хардаг. Стипент гэж өгөхгүй. Тиймээс хувийн машинаар орлого ол гээд эцэг эх нь машин аваад өгчихөж. Давхиад байх нь тэр. Юун нөгөө хичээл сургууль. Дөрвөн жил өнгөрдөг. Дипломт ромбо бэлэн. Хувийн дээд сургууль бол мөнгийг нь аваад л төгсгөж байвал барав. Төлбөрөө хонь малаар хийдэг, “мянгат малчин” болчихсон хувийн дээдийн захирал ч байх шиг. Таксичны тухайд ердөө ийм. Монгол Улсын замын багтаамж, тээврийн хөгжил, машины илүүдэл, машины бохир утаа, үйлчлүүлэгч хэд бий зэрэг нь тэдэнд ердөө падгүй. Эх орны хөгжил дэвшил, улс төр, эдийн засаг бүр падгүй. Амиа хичээсэн тун арчаагүй дүр зураг. Харин давуу талууд бас байна аа. Хэнд ч захирагдахгүй, хэнд ч татвар төлөхгүй, ажлын цаг нар гэж байхгүй, хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, биеэ зүдрээхгүй, хувь төөргөөрөө, зоргоороо явж, сууж, амарч байна. Нүүдэлчдийн төрмөл зан чанар болох эрх чөлөөт байдал хувийн машины жолооны ард байна. Мөнгө орлого, хур хөрөнгө байхгүй ч хэнээс ч үл хамааран аз жаргалтай амьдарч байна. Давуу тал нь ердөө л тэр. Түүнийхээ төлөө мянга мянган монголчууд “эрх чөлөөт жолоочийн бизнес”-ээ эрхлэн байна. Энд бичсэнийг бизнес гэх үү? Орлого гэх үү? Улсын хөгжил гэх үү? Лангуучид ба таксичдаас хэдэн тэрбум төгрөг улсын сан хөмрөгт хуримтлагддаг вэ? Үүнийг би УИХ-ын эрхэм гишүүдэд хандаж асууж байна. Намайг яг ингэж бичээд эхлэхтэй зэрэг “Монголын ард түмнийг ийм болгосон” ялтан гэмтнийг надаас нэхээд ирэх нь тэр. Ингээд нийтлэлч Баярхүү хэл амны бай болон хараалгаад байх нь тэр. Тамын тогооны эргүүлэг. Явж явж би буруутна. Гэмгүй, цайлган сэтгэлтэй, нэн хөдөлмөрч, бүтээлч монголчуудыг лангуучин, таксичин албадаж болгосон, 30 жил төр барьсан муу муухай улстөрчдийг өмгөөлөн хамгаалагч нь би болох нь тэр. Төр засгийн удирдлагууд маш муу ажилласан гэдгээс өөр шүүмж сонсох дургүй. Дахиад л өчгөө өгье. Мад суулгах асуулт. Энэ олон мянган лангуучин, таксичдыг яг албадаж ажлын тэр байранд нь шахаж оруулсан тохиолдол, тэгсэн эзэн холбогдогчийг нэрлээч? Хариулах хүн байна уу? Хэнд ч захирагдахгүй (эхний нэгдүгээр чин хүсэл нь!), бие тархиа огтоос зовоохгүй (хоёр дахь хүсэл нь!), хүний ланчиг дор дороо (гурав дахь хүсэл нь!) гэсэн монгол ухаан, монгол сэтгэхүй зах зээл, ардчилал, эрх чөлөөтэйгээ холилдоод явж байгаа нь энэ биш үү? Эрх чөлөөгөө эдлээд 30 жил болсны эцэст харахад ийм л нийтлэг дүр зураг бууж байна. Эх орондоо ямар ч бүтээл байхгүй хувиа хичээсэн бэртэгчингүүд. Ажлын насны монголчуудын 40 хүрэхгүй хувь нь ажил эрхэлдэг, хүн амын 30 орчим хувь нь байнга буюу зарим үед ядуурчихдаг. Тэдэнд улс орны хөгжил дэвшил огт падгүй. Ажлын насны идэвхтэй 200 мянган хүн ажилгүй ба ажил хийх сонирхолгүй. Тэглүүлчихнэ гэсэн сохор итгэлтэй түг түмэн ахмад нь тэтгэврийн зээлэнд дугаарлана. Ажил хийхгүй гэдсээ тэжээж аргалаад болоод байдаг. Aргалаад болоод байдаг учраас ажил хийж чадах шаардлага ч байхгүй. Нүүдэлчний амиа аргацаах, юмыг аргалах сэтгэлгээ. Ийм үхээнц нийгмийг улам буртаглуулахад лангуучид ба таксичдын “хувь нэмэр” ердөө энэ дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 0 сэтгэгдэл

Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн цагаас хойш 60 жил өнгөрөхөд Хятадын дөрвөн их цөлийн нэг Муу усны цөл газрын зургаас арилж, баян бүрдтэй зүйрлэм ногоорлоо. Муу усны цөл нь Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн зэрэглэлт Ордос хот, Шэньши мужийн Юйлин хотын хооронд 42,200 ам км талбай эзлэн оршдог. Муу усны цөлийн өмнө хаяа дэрлэн орших Юйлин хот урьд нь элсэн шуурга, манханд дарагддагаас шалтгаалан гурван ч удаа буурь сэлгэж байжээ. Харин 1959 оноос тус хотын оршин суугчид элсэн манхны түрэлтийг зогсоох үүднээс мод суулгах ажил эхлүүлсэн юм. Ийнхүү 60 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд ой мод бүхий ногоон талбайн хэмжээ умар зүг 400 километр түрлээ. Өнгөрсөн хугацаанд элчилгүй элсэн цөлийн 93.24 хувь нь өвс ногоо, мод бут ургасан хөдөө нутаг болон хувирчээ. “Газрын зургаас цөл арилсан гэж буй нь модгүй газар байхгүй болсон гэж буй хэрэг. Одоо дахиад багахан хичээвэл нүүдлийн манхан бүхий үлдсэн 30 мянган га газар ч алга болно” хэмээн Шань ши мужийн ойн хэлтсийн тэргүүн Дан Шуанжэнь тайлбарлав. Ногооруулах ажил эхэлсэн 1950-иад оны эцэст Юйлин хотын ойн бүс нийт талбайнх нь 0.9 хувийг эзэлж байсан бол өдгөө 33 хувьд хүрчээ. Тус хотын оршин суугчид COVID-19 цар тахлын улмаас алдсан хугацааг нөхөж тавдугаар сарын эцэс гэхэд дахиад 400 га талбайд мод суулгахаар төлөвлөж байна. Говь цөлийг ногооруулсан нь элсэн шуурганы нүүдлээс хамгаалаад зогсохгүй тус бус нутгийн эдийн засгийг цогц хөгжүүлэх нөхцөл болов. Орон нутгийн тариаланчид урьд нь нэгж талбайгаас авах ургац 100-150 килограмм байсан бол өдгөө тонн гаруй болоод байна. Нэг хүнд ноогдох орлого 200-300 юань (30-40 ам.доллар) байсан бол өдгөө 30 мянган юань (4,200 ам.доллар) давлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэлэм ба медальонаар баян генерал

 0 сэтгэгдэл

Хошууч генерал Б.Баярмагнай хоёр төрлийн хобби цуглуулдгаараа олноо танигдсан нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Намайг 2009 онд бригадын генерал цол хүртэхэд ЗХЖШ-аас цэрэг сэлмийг дурсгаснаар миний сэлэмний цуглуулга эхэлсэн. Удалгүй Батлан хамгаалахын сайд Л.Болд зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд эртний монгол цэргийн хийц бүхий сэлэм дурсгалаа. Дараа нь "Монгол генерал төв" ТББ-аас бүх генералууддаа ганган хийцтэй орос сэлэм бэлэглэв. 2011 онд АНУ-д айлчлах үеэр Төвийн командлалын холбогч офицерууд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сэлэм бэлэглэж дөрвөн сэлэмтэй болсноор цуглуулга болгох санаа төрсөн юм” хэмээн бичжээ. 

Б.Баярмагнай генерал “Нарантуул” захаас япон офицер болон цэрэг сэлэм тус бүр нэгийг худалдаж авснаар сэлэмний цуглуулга нь зургаа болжээ. Тэрбээр жил бүр боломжийн хэрээр цуглуулгаа баяжуулсаар өдгөө 18 сэлэмтэй болоод байгаа аж. Байрныхаа буланд эгнүүлж өрдөг жижиг тавиур хийлгэсэн нь цуглуулгаа эмх цэгцтэй болгожээ. Зай ч эзлээд байхгүй хадгалахад хялбар болсныг сонирхуулллаа. Цуглуулгаасаа герман сэлэм хоёр, америк сэлэм нэгийг хүнд дурсгажээ. Түүний цуглуулгад хоёр ижил хэрнээ өөр дугаар кодтой сэлэм байдаг байна. Мөн тэрбээр цэргийн байгууллагын медальоны цуглуулгатай. Өдгөө түүний медальоны тоо 800 гаруй болоод байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Соёл судлаач Ц.Батсайхан ховор нандин эмээлийн цуглуулгатай

 0 сэтгэгдэл

Хүмүүсийн амьдралын хэмнэлийн нэг хэсэг нь хобби байдаг. Хүмүүс өөрсдийнхөө сонирхол татсан зүйлийг цуглуулж түүнээсээ таашаал авдаг билээ. Хүн бүрийн цуглуулга янз бүр байна. Зарим нь халбага цуглуулдаг байхад төрөл бүрийн загварын машин цуглуулдаг ч хүн байх. Бид энэ удаагийнхаа “хобби” булангаар хоёр төрлийн цуглуулгыг хослуулсан хоёр эрхмийг онцоллоо. Энэ удаагийн онцлох цуглуулга бол сэлэм болон медальон мөн адууны тамга, эмээл байлаа.

Урлаг судлаач Ц.Батсайханы цуглуулга хамгийн өвөрмөц аж. Тэрбээр адууны тамганы 10 гаруй цуглуулгатай. Монгол өв соёлыг дээдэлдэг учраас адууны тамга, эмээл цуглуулдгаа тэрбээр нэгэнтээ ярьж байв. Адууны тамга 2000 гаруй төрөл байдаг бөгөөд цуглуулгаа цаашид улам бая жуулах юм байна. Түүний аавынх адуугаа саран хэлбэртэй тамгаар тамгалдаг байжээ. Ланз, зуузай, зүрхэн, чандмань гээд монголчуудын адуугаа тамгалж ирсэн тамга янз бүрийн хэлбэр, дүрстэй. Ингэж тамга цуглуулахын хажуугаар судалдаг юм байна. Нэг тамган дээр жаахан юм нэмээд дүрс хэлбэрийг ялимгүй өөрчилж ирсэн байдаг тухай тэрбээр онцлов. Тодруулбал, саран тамган дээр жаахан юм нэмээд ширээтэй саран тамга, мөн саран суурьтай зүрхэн тамга, ширээтэй бундан, галтай дэгрээ, галтай зуузай тамга болчихдог гэнэ. Харин овгийн тамга бол галын дүрс хэлбэртэйгээр хадгалагдаж ирсэн байна. Өгөөдэй хаан дэгрээ буюу зуузай тамгыг гаргасан тухай тэрбээр тэмдэглэжээ. Түүний өөр нэг хобби нь морины эмээл. Урлаг судлаач Ц.Батсайханы цуглуулгад Монголын үндэстэн ястны онцлогоос шалтгаалсан 20 гаруй төрлийн эмээл бий аж. Газар газрын, үндэстэн, ястны онцлогоос хамаарч хийц, гоёл чимэглэл нь өөр юм байна. Буриад эмээл гэхэд л маш гоёмсог чимэглэлтэй байдаг бол дээд монголчуудын эмээл модны үндсээр хийсэн, хивсэн тохоштой тавиу суудалтай байдгаараа ялгаатай ажээ. Дөрвөдүүд болон халхын зарим сумд эмээлдээ алтан харганаар хээ тавьж гоёхоос гадна хярыг нь бугын ясаар хийсэн байдаг аж. Монголын ноёдын эдэлж хэрэглэж байсан эмээлүүд ихэвчлэн луу сийлсэн байдаг гэнэ. Түүний цуглуулгад 33 луу сийлсэн эмээл ч багтжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

400 гаруй монгол эмэгтэй малайзад бэлгийн мөлжлөгийн золиос болсон байж болзошгүй

 0 сэтгэгдэл
  • Малайзын хамгаалах байранд 11 монгол хүн байгаагаас Малайзын цагдаад хүчир­хийлүүлсэн гэх хоёр эмэгтэй болон хүний наймаанд өртсөн байж болзошгүй зургаан эмэгтэй бий
  • Гэмт хэрэгтнүүд сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаднын болон өөрийн улсын охид эмэгтэйчүүдийг хилийн чанад руу гаргах нь нэмэгдсэн” хэмээжээ

(Зураг: Хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн Малайз улсын цагдаагийн офицерыг баривчлах ажиллагааны үеэр)

Малайчууд монголчуудыг барьцаалах замаар гэмт хэргийн золиос болгодог

Монгол Улс Малайзтай эрх зүйн гэрээгүйн улмаас манай талаас хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй 

Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнтэй тэмцэж буй үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд АНУ-ын Төрийн департаментаас гаргасан “Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан”-д тусгадаг. Манай улсын иргэдийг бэлгийн мөлжлөгт ашиглахаар Малайз болон Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу худалддаг талаар тус тайланд онцлон дурджээ. Энэ тайланд улс орнуудыг гурван зэрэглэлд оруулж үнэлдэг бөгөөд “Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа боловч дорвитой үр дүнд хүрээгүй” гэсэн заалтаар хоёрдугаар зэрэглэлд багтдаг. Малайз улс ч дээрх жагсаалтын хоёрдугаар зэрэглэлийн оронд багтдаг бөгөөд биеэ үнэлэх хуулиар хориотой боловч бие үнэлэлт, хүний наймаа газар авсан орны нэг. Нэрээ нууцалсан Малайз дахь эх сурвалж “Малайзад монголчуудыг ирэхэд баяртайгаар хүлээж авна. Тэднийг гэмт хэргийн золиос болгоход амархан учраас тэр. Монголын талаас ч дорвитой арга хэмжээ авч, иргэнийхээ араас хатуухан нэхэл хийдэггүй учир улам даварсан. Малайзад ийм аргаар монголчуудыг эрхэндээ оруулдаг сүлжээ, бүлэглэлүүд бий. Хэн нэг найз нь гэнэт урилга ирүүлэх, хэлний курст суулгаж, өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэх зэргээр амьдралын боломж муутай гэнэн итгэмтгий охид бүсгүйчүүдийг сонгож, олзоо болгодог. Малайзын хилээр нэвтрэхэд нь компьютерт нэрийг нь оруулалгүй зөвхөн паспортод нь тамга дарж өгөөд оруулах бөгөөд таксины жолооч гэх этгээд тохиролцсон буудалд хүргэж өгөх, эсвэл араас нь даган, хаана буусныг нь мэдэж авдаг. Визний хоног дууссаны дараа цагдаа ирж, “Та хууль бусаар нэвтэрсэн байна. Хилийн албаны бүртгэлд нэр чинь байхгүй байна” хэмээн гарцгүй болгож, эрхшээлдээ оруулдаг. Болзол нь “Нутгаасаа найзыгаа олж ир” гэх. Ингээд зуучлагч болж, шан харамж авах жишээтэй. Хар тамхины хэрэгт гүтгэх ч бас маш хялбар. Цагдаа нэгжих үедээ гарынхаа салаанд жижигхэн цаасанд нунтаг зүйл хавчуулж, халааснаас чинь гаргаж ирнэ. Ингээд тэр хүнийг хар тамхины хэргээр барьцаалж, ажилдаа татан оролцуулах, зуучлагч болгох арга хэрэглэдэг. Тухайн хүнийг бүх л байдлаар ашигласны дараа шоронд хөсөр хаях, хэргээ үүрүүлэх нь ч бий. Өмгөөлөгч нь их хэмжээний мөнгө нэхэж, “Мөнгө төлвөл таныг гаргана” гэдэг. Улмаар хохирогчид ар гэр рүүгээ холбогдож, мөнгийг нь төлөөд өнөөх этгээдүүдээс мултрах нь бий. Ийм байдлаар монголчуудаар бизнес хийдэг сүлжээтэй болсон” хэмээн харамсангуй өгүүлсэн юм. Үнэхээр ч дээрх жишээг батлах хэд хэдэн баримт бий. Тухайлбал, 2013 оны гуравдугаар сард Малайзад гурван монгол оюутан хар тамхины хэргээр баривчлагджээ. Тэдгээр оюутны гэрт 30 орчим насны монгол эмэгтэй хайрцагтай зүйл үлдээгээд явсан аж. Тэрхүү эмэгтэй нутаг нэгтнүүддээ санаа тавьж, мөнгө өгөх, тооцоог нь хийх замаар өөртөө татаад, гэмт хэргийн золиос болгодог байсан бөгөөд азаар баригдаж, монгол оюутнууд хэрэгт холбогдолгүй нь батлагдаж байв. Мөн тус онд манай улсын иргэн З хар тамхины хэргээр цаазын ял авч, Малайзын хэвлэлүүдийг шуугиулж байсан гашуун сургамж бий. 

Малайзын хамгаалах байранд 11 монгол хүн байгаагийн дийлэнх нь хүн худалдаалах гэмт хэргийн золиос болжээ

14 жилийн хугацаанд Малайзад гурван монгол эмэгтэй амиа алдаж, нэг эмэгтэй буудуулж нас барсан хэрэг олон нийтэд ил болж байв. Гэвч эдгээр хэргийн цаана хэчнээн хэрэг нийтэд ил бололгүй өнгөрснийг мэдэх аргагүй. Нөгөө талаас сүүлийн хэдэн сарын хугацаанд Малайзад хохирсон монголчуудын мэдээлэл ил болж байгаа нь тус улсын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цагдаа, хүчний байгууллагын хяналт шалгалттай холбоотой юм. Улмаар “барьцаалагдсан” монголчууд цар тахлын эсрэг үйл ажиллагааны ачаар эх орондоо буцах боломжтой болж буй. Одоогийн байдлаар Малайзын хамгаалах байранд манай улсын 11 эмэгтэй байна. Тэдний дунд тус улсын цагдаад хүчирхийлүүлсэн гэх хоёр монгол эмэгтэй болон энэ хэргийг гэрчилсэн гурван монгол эмэгтэй, мөн хүний наймаанд өртсөн байж болзошгүй гурван монгол эмэгтэй, нийт найман хүн бий. Тэдэнтэй хамт бага насны хүүхэдтэй эмэгтэй ч байгаа юм. 2013 онд тус улсад амиа алдсан бүсгүй М.Энхтуяагийн талаар “Монгол оюутны үхэл бэлгийн боолчлолтой холбоотой” гэх гарчигтай нийтлэл тус улсын хэвлэлүүдэд гарч байсан бөгөөд бүсгүйн үхлийн нууц хүн худалдаалдаг бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй талаар дурдсан нь бий. Мөн талийгаачийг “16 нас хүрээгүй гурван монгол охин ол” гэж тулгасан талаар ч онцолж байв. Түүнчлэн 2015 онд зургаан давхраас унаж нас барсан бүсгүй, мотоциклтой этгээдүүдэд буудуулсан эмэгтэй зэргээр хохирсон шалтгаан бүрийн цаана гэмт хэргийн золиос болсон байж болзошгүй гэх ул мөр үлддэг. Харамсалтай нь энд дурдсан бүх хэрэг хаагдсан. 

Монгол Улс Малайзтай эрх зүйн гэрээ байгуулж, хуулийн орчноо сайжруулах шаардлагатай 

Харийн нутагт гэмт хэргийн золиос болж, хохирсон иргэдээ хамгаалж чадахгүй байгаа нь Гадаад Харилцааны яамны санаачилгагүй, сэтгэлгүй үйл ажиллагаатай шууд холбоотой гэж шүүмжлэх нь бий. Хэрэв дипломат албанд ёс зүйтэй хүмүүс томилогдож, элэг нэгтнүүдээ хамгаалдаг байсан бол олон улсын хамтын ажиллагааг бүх салбарт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх учиртай гэж үздэг. Үүнд дан ганц ГХЯ зүтгээд ч хангалтгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын санаачилгаар, ул суурьтай судалгаанд үндэслэн бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл өгөх ёстой. Манай улс Малайзтай ямар нэг эрх зүйн гэрээ байгуулаагүй тул хууль хяналтын байгууллагууд хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг аж. Манай улсын туршлагатай нэгэн дипломатч “Аливаа улсад Элчин сайдын яам нээхэд тэнд амьдардаг иргэдийн тооноос илүүтэй эдийн засгийн үр өгөөж, хоёр улсын хоорондын харилцааны цаашдын үр ашиг чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм. Олон улсын “Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан”-д манай улсыг жил тутам хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилсээр ирсэн бөгөөд “Гэмт хэрэгтнүүд сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаднын болон өөрийн улсын охид эмэгтэйчүүдийг хилийн чанад руу гаргах нь нэмэгдсэн” хэмээжээ. Мөн манай хууль хяналтын байгууллагууд Эрүүгийн хуулийг шинэчлэн баталснаас хойш өмнө нь хэрэгсэхгүй болгосон хүн худалдаалах гэмт хэргүүдээс нэгийг нь ч сэргээн шалгаагүй бөгөөд хүний наймаанд өртөж, хүчээр биеэ үнэлсэн хохирогчдод ял шийтгэл оноосоор байгааг шүүмжилсэн байна. Түүгээр ч үл барам хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд бага ял оноохын сацуу, хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтнууд гэмт хэрэгт гар бие оролцсон гэх мэдээлэл байдаг ч, тэдгээр албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй болохыг онцлон дурджээ. 2013 онд Малайз улсад өөд болж, амиа хорлосон гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан М.Энхтуяагийн бэр эгч н.Отгонтуул “Дүү минь Малайзад хэрэгт холбогдсоны дараа бид хуулийн байгууллагад хандаж, чадах бүхнээ хийсэн. Малайзад манай Консулын газар байдаггүй нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Малайзын талаас хэргийг амиа хорлолт гэж хаасан. Амиа хорлолт биш гэдгийг нотлох бүх материалыг өгсөн ч манай хууль хяналтын байгууллагууд ер тоогоогүй. Хүнийхээ төлөө явдаггүй юм билээ. Ядаж хууль эрх зүйн гэрээ ч байдаггүй” хэмээсэн юм. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу охиныхоо хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр тэмцэж байхдаа 2008 оноос эхлэн Малайзын эрх баригчдад хандан удаа дараа захидал илгээж, эрх зүйн гэрээ байгуулах, Элчин сайдын яам, Консулын газрын аль нэгийг нь нээх талаар хүсэлт хүргүүлж байжээ. Улмаар 2016 онд тус улсаас манай Хууль зүй, дотоод хэргийн яаманд эрх зүйн гэрээ байгуулах талаар санал ирүүлсэн ч өнөөг хүртэл энэ ажил тодорхой ахиц дэвшилд хүрээгүй байна. Тэрбээр энэ талаар “Хэрвээ Монгол Улс Малайзтай хууль эрх зүйн гэрээ байгуулбал ганц миний охины хэрэг гэлтгүй олон монголчуудын эрхийг хамгаалахад дэм болох байх. Өнөөг хүртэл чимээгүй байгаа нь ямар нэг учиртай биз дээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дипломат ёсоор захидал илгээж, ажлын хэсэг байгуулах санал тавьсан нь дэм болж байна. Монгол хүний амь үнэ цэнтэй, эх орон нь иргэнийхээ төлөө явдаг гэдгийг харуулаасай. Малайз маш аюултай орон шүү” хэмээн бачимдангуй өгүүлсэн юм. С.Шаарийбуу гуайтай ярилцах бүрт тэрхүү бачимдал мэдрэгддэг. Олон жил шийдэгдээгүй хэргийн араас явсан түүний нүүрэн дэх он цагийн үрчлээс улам бүр тодорч, цөхөрсөн сэтгэлийнх нь зовлон нүдэнд нь шингэжээ. Энэхүү нийтлэлийг үзэглэхээр хайртай дотнын нэгнээ алдаж, Азийн бар гэгддэг тэрхүү улсын “архирах” чимээг хүлээн суугаа хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахад ч хэзээ нэгэн өдөр энэ бүх хэргүүд шийдэгдээсэй гэх найдлага тээсээр байгаа нь мэдрэгдэж, өнгөрсөн он жилүүдийн бүх л зовлон гуниг нь харцнаас нь "уншигдаж" байлаа. Тэд ийнхүү хүч мөхөстөж, хүний нутагт золиос болж байгаа нэгнийхээ хойноос юу ч хийж чадахгүй байгааг Монголын төр анзаарна гэж найдна. Дипломат төлөөлөгчийн газар нээдэггүй юм гэхэд яаралтай эрх зүйн гэрээ байгуулах нь иргэдийн маань амь нас, аюулгүй байдалтай холбогдож буйг ч бодолцох цаг иржээ. Малайз дахь монголчуудын эрхийг хөндсөн энэхүү цуврал нийтлэлийн эхний хэсэг цацагдсаны дараа ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг “Малайз улсад манай улсын 10 эмэгтэй гэмт хэрэгт холбогдсон байгаа”-г дурдаад, тэднийг эх оронд нь авчрах асуудлыг судалж байгаа талаар мэдээлэл хийхдээ онцолсныг уншигчдадаа дуулгая. Мөн Малайз дахь Өргөмжит консулын зүгээс ч алга болсон монгол охиныг хайхад тусалж, хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж буйгаа охины ар гэрийнхэн мэдэгдэж, цаашид эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэхэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Харьд одсон бүсгүйчүүд хагацал гуниг, харамсал дүүрэн тавилангаас ангид байж, торонд орсон болжмор шиг шаналан суугаа монгол охид минь унасан нутагтаа ирж, урсгасан нулимсаа хатаах болтугай.

ЗГМ: Тодруулга

“Шоронд суулгана” гэж дарамтлаад биеэ үнэлэхийг шаарддаг

Малайз улсад бэлгийн мөлжлөгийн золиос болж хохирсон нэгэн бүсгүйтэй ярилцсан юм. Хохирогчийн аюулгүй байдал, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс түүний байршил болон нэр зэрэг хувийн мэдээллийг нууцалж байна. 

-Танд Малайз улсыг зорих саналыг хэн тавьсан бэ? 

-Найз маань өндөрт цалинтай ажилд орох боломжтой гэсэн болохоор энд ирсэн. Хүүхдээ төрүүлээд удаагүй, амьдрал хэцүү байсан болохоор гадаадад ажил хийж, амьдралаа дээшлүүлэхийг л хүссэн юм. 

-Малайзад хэр удаж байна? 

-Хагас жил гаруй болж байна. 

-Гэмт хэрэгтнүүд таныг барьцаалсан уу. Танд яг юу тохиолд сон юм бэ? 

-Малайз руу 30 хоног визгүй зорчдог. Энэ хугацаа дууссаны дараа Сингапур юм уу Тайланд руу очиж, визээ сунгуулдаг юм. Нэг удаа виз сунгуулахад 500 орчим мянган төгрөг хэрэг болдог. Байнга энэ мөнгийг төлж чадахгүй учраас цагдаа нарт үүнээс арай бага хэмжээний мөнгө өгч, хуурамч штамп даруулдаг. Паспорт авч яваад штамп даруулаад ирдэг байсан. Гэтэл шалгаад үзэхэд штамптай боловч шалганаар орж, гарсан тэмдэглэгээ байдаггүй юм билээ. Анх зөөгч хийнэ л гэж бодож байсан. Удалгүй биеэ үнэлэхийг шаардаж эхэлсэн. Эсэргүүцэл үзүүлбэл “чамайг шоронд суулгана” гэж дарамталдаг. Яагаад гэвэл паспортонд хуурамч тамга дарчихсан. Энд паспортын зөрчилтэй бол шоронд ордог. Цагдаа нар шалгахад паспорт байгаа учраас хүний наймаанд өртсөн гэж үздэггүй. Мөн энд биеэ үнэлэх хуулиар хориотой. Хуулийн байгууллагад хандах гэхээр “Чи биеэ үнэлсэн учраас хуулийн хариуцлага хүлээнэ. Паспортын зөрчил чинь нэмэгдээд шоронд орохоос өөр сонголт байхгүй” гэдэг болохоор айгаад чаддаггүй байсан. Тийзээ захиалсан ч гадаад паспорт зөрчилтэй учраас явах боломжгүй нөхцөлд хэцүү байсан. 

-Гэр бүлийнхэн нь энэ тухай мэдсэн үү? 

-Намайг Солонгост байгаа гэж боддог. Гэрийн хэндээ юу ч хэлээгүй. Хүний барьцаанд ороод, биеэ үнэлж байна гэж хэлэлтэй биш. 

-Монгол руу холбогдож, тусламж хүсэж байсан уу? 

-Хаана, хэнд хандахаа мэддэггүй байсан. Биеэ үнэлэхгүй гэсэн охидын паспортыг хураагаад авчихдаг. Энд паспортгүй бол худалдан авалт хийх ямар ч боломжгүй. Монгол охид өөрсдөө ч бие биеэ сүрдүүлж, зуучилж, гэмт хэргийн золиос болгодог. Энд бэлгийн мөлжлөгт өртсөн 400 орчим монгол эмэгтэй байна.