A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1416/

Л.Дуурсах: Малаа буруу хөнгөлдөг учраас махан тарга авахгүй байна

Малыг зөв хөнгөлж, уурагжуулснаар махан тарга хоёр дахин нэмэгдэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1416/


“Их тархи”, “Бага тархи” электрон толь бичгийн зохиогч Л.Дуурсахыг “Зочин” буландаа урилаа. “Эко боловсрол, эко хөгжил” төвийн тэргүүнээр ажиллаж буй тэрбээр хөдөө аж ахуйд түшиглэсэн хөгжлийн загвар боловсруулсан бөгөөд малын ашиг шимийг сайжруулах уламжлалт аргуудыг техник технологийн дэвшилтэй хослуулах нь үр дүнтэй байгааг онцоллоо.

-Таныг хөгжлийн суурь судалгаа хийсэн гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?

-Одоогоос 30-аад жилийн өмнө би Монгол улсыг яаж зөв хөгжүүлэх арга замыг олохоор ахмад үеийн докторуудад гэрээр нь шавь орж, судалгаагаа эхэлж байсан юм. Шилжилтийн үед бага зэрэг саарсан ч 1993 оноос хойш олон мундаг эрдэмтэдтэй хамтарч, судалгаагаа тасралтгүй хийлээ. Монголчууд мэдэхгүй нийгэмд шилжиж орохдоо их алдсан. Одоо ч тэр хэвээрээ л явж байна. Шинэ нийгэмд хэрхэн явах талаар суурь судалгаа аль ч салбарт байдаггүй. Тиймээс бид социализм болон ардчиллын аль альных нь сул талыг хаяж, давуу талд нь тулгуурлан судалгаа боловсруулсан юм.

-Та бүхний томъёолсноор манай улсын хөгжлийн суурь юу вэ?

-Монгол хүн, газар шороо, мал гурав л хөгжлийн суурь. Бид хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай байвал зөв хөгжинө. Харин уул уурхайг хэт дэлгэрүүлбэл 50-80 жилийн дараа Африк шиг элсэн цөл болох тооцоо гарсан. Монгол бол өвөл, зуны агаарын температурын хэлбэл 80-100 градус, хавартаа хүн байтугай мал амьтан тогтохын аргагүй хүчтэй салхитай, энергийн алдагдал хамгийн ихтэй, хур тунадас, чигийн тэнцвэр муу, эрс тэс уур амьсгалтай. Таван хошуу мал энэ уур амьсгалд хэдэн сая жил амьдраад дасан зохицоод ирсэн. Таван хошуу малыг нүүдэлчид гаршуулахад багаар бодоход 100 мянган жил зарцуулсан шүү.

-100 мянган жил гэдгийг та түүхийн ямар эх сурвалжид үндэслэж байна вэ?

-Хадны сүг зураг, археологийн олдвороор баталгааждаг. Одоогоос 80-100 мянган жилийн тэртээ нүүдэлчид анхны малаа гаршуулсан байх магадлал өндөр байдаг юм. Үүнийг олон улсын эрдэмтэд баталсан. Бүр өөрсдийнхөө ухамсар, сэтгэлгээнд тааруулан гаршуулсан гэж үздэг. Таван хошуу мал тус бүрийн далд ухамсарт нь тааруулан гаршуулж, хоорондоо ижил дасал болсон байдаг. Өөрөөр хэлбэл, мал, хүн хоёрын төв мэдрэлийн системийн мэдрэлийн эсүүд хоорондоо уулздаг болтол олон жил ажиллаж байж малаа гаршуулсан гэсэн үг. Үүнийг зүгээр дасгасан гэж тайлбарлах аргагүй.

-Ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай энэ цаг үед тэгвэл хөдөө аж ахуйн салбарын хөгжил аль чигт зүглэх ёстой юм бол?

-Байгалийн зүй зохилдлогоор өдий хүрсэн тул бэлчээрийн мал аж ахуйгаа техник технологийн дэвшилтэй уялдуулж, инновац шингээх замаар хөгжих нь зөв. Үүнд хамгийн чухал нь бэлчээрийн зөв менежмент. Алс бэлчээрт худаг ус гаргаснаар нэг газраа бөөгнөрөөд байгаа малчдыг зөв тараан байршуулж болно. Ийм зөв зохион байгуулалттай явбал манайд 60 байтугай 100 хүртэлх сая толгой малын бэлчээрийн даац бий шүү дээ. Харин фермийн буюу эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж ердөө л найман хувь. Их хэмжээний хөрөнгө мөнгө хаявал 10 хувь байж болох юм.

-Салбарын мэргэжилтнүүд Монгол орны бэлчээрийн даац 25-30 сая толгой малд хүрэлцээтэй гэдэг. Таны тооцоо үүнээс 3-4 дахин их байна. Ийм зөрүүтэй байгаа шалтгаан юу вэ?

-Өнөөдөр нийт бэлчээрийн нөөцийн 40 хувийг л талхилж, үлдсэн 60 хувь эзгүйрээд байна. Ашиглаж чадахгүй байгаа энэ 60 хувьдаа малаа зөв тархаах тухай би яриад байгаа юм. Үүнээс гадна малыг одоогийнх шиг өглөөнөөс орой болтол бэлчээх ямар ч шаардлагагүй. Ялангуяа, хаврын улиралд. Өвс ургамлыг гүйцэд ургахаас нь өмнө мал сорлож идээд бэлчээрийн чанар алдагдаад байна. Тиймээс өвс ногоо дөнгөж ургах үеэр малаа өдөрт дөрвөн цаг бэлчээж, үлдсэн найман цагт нь хашаад, уурагжуулах хэрэгтэй. Малд хамгийн их уураг өгч, махан тарга суулгадаг ургамал бол царгас. Хадлангийн өвсийг бод мал өдөрт 4-5 кг идэж байж цаддаг бол царгас нэг кг, бог малд 400 гр байхад л хангалттай. Тэгээд ч бэлчээрийн малын нэг давуу тал нь идэмхий биш. Идсэнээ биедээ хадгалж, шингээх чадвар сайтай.

-Бэлчээрийн хууль гаргах гээд олон жил дуншиж байна. Бэлчээрийн харилцааг хуульчлах нь зөв үү?

-Бэлчээр болон бэлчээрийн экологийг хуульчилж хамгаалах нь зөв. Гэхдээ яаж хуульчлах гэж байгааг би сайн мэдэхгүй байна. Бэлчээрийн даацад үнэлгээ хийж, түүнд нь тохируулан хуваарилах нь чухал. Малын тоо бэлчээрийн даацаас ихэдвэл алс бэлчээрт худаг ус гаргаж өгөөд айлуудаа нүүлгэх, эсвэл малынхаа тоо толгойг бууруулахыг шахах хэрэгтэй. Илүүг нь нядлаад, мөнгө болгоод банкинд хийсэн нь дээр. Мөн миний өмнө хэлсэнчлэн малын бэлчээрт гаргах цагийг багасгаж, уурагжуулбал малын махан тарга 30-40 хувь нэмэгдэнэ. Зунаас бусад үед уурагжуулбал бүр 100 хувь нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, бэлчээрийн экологи ямар зүй тогтолтойг, юунаас хамаардгийг Засгийн газар, эрдэмтэд, төсөл хэрэгжүүлэгчид томъёолоогүй нь маш том алдаа. Бид 30 жил зарцуулж байж энэ зүй тогтлыг судалж тогтоосон. Өнгөрсөн 60-70 жилд бэлчээрийн уурагт ургамлын агууламж 85-90 хувь багассан байна. Ингэснээр бэлчээрийн ургамлын төрөл зүйл бөхөж, хөрсний үржил шим муудаж, цөлжилт эрчимжиж, малын ашиг шим багасаж, давжаа жижиг биетэй болсон байна. Нэгэнт ашиг шим нь буурсан тул хүмүүс малын тоо толгойн араас л хөөцөлдөж байгаа юм. Уурагт ургамал бол агаар дахь азотоор хооллож, хөрсөнд азотын бордоо шахдаг. Үүгээр бусад ургамал хооллож ногоон бүрхэвч тогтдог. Гэтэл энэ зүй тогтол алдагдсанаас бэлчээр цөлжөөд байгаа юм. Тиймээс уурагт ургамлын үр үржүүлж, орчин үеийн хавах технологиор бэлчээрээ нөхөн сэргээх шаардлагатай байна. Үүнийг эрчимтэй хийвэл бэлчээр ойрын 20 жилд бүрэн сэргэж, 200 сая малд ч хүрэлцээтэй болно гэдгийг би амлаж чадна.

80 сая малаа зөв эргэлтэд оруулахад гурван сая хүн бүгд баян амьдарна

-Та бүхний судалгаа, шинжилгээнээс яг практикт нэвтэрсэн нь бий юу?

-Бид мал хөнгөлөх уламжлалт аргаа орчин үеийн технологитой хослуулсан. Энэ аргыг амьдралд нэвтрүүлбэл малын махан тарга эрс нэмэгдэнэ. Хүннү, Чингис хааны үеэс монголчууд эр малыг хөнгөлөхдөө үрийн хоолой, судсыг нь улайссан шөвгөөр хатгалж тасалдаг байсан юм. Хэзээ ч үржлийн ажил хийж чадахгүй боловч хуйхнагт үлдсэн төмсөг нь уураг үйлдвэрлэж, тамир тэнхээ оруулах уураг үйлдвэрлэсэн хэвээр байна. Түүнээс биш одоогийнх шиг төмсгийг нь аваад, өөрсдөө чанаж иддэг байгаагүй. Энэ бол Манжийн үед орж ирсэн арга. Манжууд өөрсдөө хатдаа мануулах цэргийн төмсгийг авч тайган болгодог уламжлалтай байсан юм. Төмсөгтэй мал өөх багатай, махан тарга сайтай байдаг. Бид уламжлалт аргаа цахилгаан соронзон гүйдэл болгож, орчин үеийн технологитой уясан хэрэг. Ингэж зөв хөнгөлсөн малыг царгасаар уурагжуулбал бүр том биетэй болж, 1000 малаас авах ашиг шимийг 500 малаас авдаг болно.

-Та бүхэн энэ бүхнээ салбарын яаманд танилцуулсан уу?

-Танилцуулаад 15, 16 жил болж байна. Харамсалтай нь, хөдөө аж ахуйн салбарыг хариуцдаг сайдууд хэзээ ч мэргэжлийн хүмүүс байдаггүй. Дандаа улстөрчид учраас энэ бүхнийг ойлгохыг хүсдэггүй биз. Толгой дохиж сонссон ч дэмждэггүй. Харин одоогийн Засгийн газарт бол танилцуулж амжаагүй байна. Ерөөсөө олон судалгаа, нээлтүүд амьдралд нэвтэрдэггүй шалтгаан нь УИХ, Засгийн газар төсөв мөнгө хуваарилдаггүйтэй л холбоотой.

-Хөдөө аж ахуйн орон байж өөрсдөө үнэтэй мах, сүү цагаан идээ хэрэглэдэг. Таны хувьд хөдөө аж ахуйн одоогийн бодлогод ямар үнэлгээ өгөх вэ?

-Сүүлийн 30 жил буруу явсан хөдөө аж ахуйн бодлого одоо ч буруу хэвээр байна. Зөв чигт нь залах цаг болсон. Монголчууд өөрсдөө хөдөө аж ахуйн түүхий эдээ гүн боловсруулдаггүй, бүгдийг нь урагшаа гаргадаг тул үнэтэй хэрэглэх нь аргагүй. Бид Архангай аймгийн Цэнхэрмандалд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хөгжлийн загвар боловсруулсан. Ийм парктай бол түүхий эдийн татан авалт, анхан шатны гүн боловсруулалт сайжирна. Одоогоор Монгол улс хөдөө аж ахуйн экспортоосоо 1-1.5 тэрбум ам.доллар олдог. Хэрэв анхан шатанд гүн боловсруулалт хийгээд гаргавал 8-9 тэрбум ам.доллар олох боломжтой. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв загвараар эдийн засгийн эргэлтэд оруулбал дэлхийд органик брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болно. Дотоодын хэрэгцээгээ хямд нийлүүлж, зөрүүг нь экспортоосоо олж болно. 80 сая малаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахад л гурван сая хүн бүгд баян амьдарна.

-Танай төв бусад салбарт ч хөгжлийн загвар боловсруулсан юм байна. Тухайлбал, эко аялал жуулчлал гэдгийг хэрхэн загварчилсан бэ?

-Бид Монголын аялал жуулчлалыг одоо байгаагаас өөрөөр томъёолсон. 330 гаруй сумыг эко суурин болгож, бүгдэд нь бургас, царгас тариалж ногооруулна. Бүх суманд уламжлалаа хадгалсан гэр хэлбэртэй хувийн сууц барьж, жуулчдын тав тухыг хангасан орчин бүрдүүлнэ. Сумаас суманд ая тухтай амарч, зугаалах боломж бүрдүүлсэн нүүдлийн аялал жуулчлалын хэлбэртэй болговол дэлхийн баячууд ч шил, шавар болсон олон давхар өндөр зочид буудлаас илүү манайд зорьж ирнэ шүү дээ. Сум бүр өөр өөрийн өвөрмөц байгалтай, хоол хүнстэй тул жуулчид энэ бүхнийг ая тухтай үзэх боломжтой болно.

-Одоогоор бид байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газраа л түшиглэж жуулчид татдаг. Үзэх юмгүй сумдад бол энэ хэрэгжих боломжгүй санагдаж байна?

-Байгальтай л бол үзэх юмгүй байна гэж байхгүй. Тухайлбал, би Австралийн шинжлэх ухааны хүрээлэнгийн урилгаар очиж, үүнийг амьдралд хэрхэн хэрэгждэгийг нь нүдээрээ үзсэн. Австралийн төв хэсэг бол тэр чигтээ элсэн цөл. Тэнд таны хэлдгээр үзэж харах зүйлгүй. Гэхдээ л хамгийн үнэтэй, долоон одтой зочид буудал тэр элсэн цөлд бий. Дубайн хэдэн сэргэлэн бацаан Австралийн элсэн цөлд нэг давхар шавар тагзууд бариад л жуулчид татаж байгаа юм. Шавар тагзанд оронгуут л энэ элс нь найрлагадаа ийм эрдэстэй, таны эрүүл мэндэд сайн, энэ буудал бол эко аргаар барьсан учраас таны биеийн бүх хор гадагшилна гэх мэтээр байгаа зүйлээ брэнджүүлж, инновацжуулж, нейромаркетинг хийж байна. Орчин, хоол нь Араб үндэстнийх, тэгээд маш сайн үйлчилгээтэй, ерөөсөө тэр намхан шавар тагзан байшинд нэг өдөр Араб үлгэр шиг л өнгөрсөн. Тэр бүхнийг хараад би өөрийнхөө зөв байсныг ойлгосон.

-Аялал жуулчлалын энэ загварыг гадаадын хөрөнгө оруулалт татаад хэрэгжүүлье гэвэл одоогийн хууль эрх зүйн орчинд харшлах зүйл байгаа юу?

-Хууль эрх зүйн орчинд харшлах зүйл байхгүй. Гагцхүү төр бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжихээ хаачихаад байна. Дэд бүтцийг ч гэсэн хямд зардлаар шийдэх боломжтой болсон байна. Замыг заавал асфальтаар тавих хэрэггүй. Шороог дагтаршуулан нягтруулдаг технологи гарсан. Үүнийг концессийн гэрээгээр гүйцэтгүүлж, сум тодорхой хугацааны дараа уг зардлаа улсад буцаагаад төлөх замаар явж болно. Сум аялал жуулчлал болон малын түүхий эдийн үйлдвэрлэлээрээ мөнгөтэй болчихно. Ийм л энгийн аргаар явна гэж харж байна. Хамгийн гол нь манайд яг үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулалт чөлөөтэй татах эрх зүйн орчин дутмаг байна. Ердөө 50 хувь л нээлттэй. Тэр нь Засгийн газраар дамжина. Хувиараа орж ирсэн нь хэмжээ хязгаартай тул төслүүдээ санхүүжүүлж дийлэхгүй байна. Хөрөнгө оруулалтаа нээлттэй орхиод, Монголд хэдэн ажлын байр бий болгож, ашгийнх нь хэдэн хувийг үлдээхийг л заагаад өгөхөд хангалттай. Тэгвэл хувийн хэвшил дорхноо босоод ирнэ.

-Харин эко уул уурхай гэдгийг яаж томъёолсон бэ?

-Улс орон хэрэгцээгээ хангахын тулд стратегийн зорилгоор хэдхэн том уурхайгаа л ашиглах нь зөв юм. Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Дорнодын газрын тосны орд болон төмрийн хэдхэн уурхайгаа хариуцлагатай ашиглаж, орлого олох хэрэгтэй. Байгаль экологийг сэргээх сан гэж байгуулаад уурхайгаас олсон ашгийнхаа тун багахан хэсгийг төвлөрүүлж, энэ хэдэн эрдэмтдээ ядартал нь ажиллуулж, Монголын тал хээр нутгийг ногооруулах хэрэгтэй. Уурхай орчмын сумдыг бүгдийг нь битүү ногоон төгөл болгож байж л ухаж төнхсөн байгалийн тэнцвэрийг хадгална. Энэ талаар бид олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээхээр ажиллаж байна.

-Таныг “Бяцхан тархи”, “Их тархи” толь бичгийн зохиогч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Та электрон толь бичгүүдээ яагаад хийхээ больсон юм бэ?

-Техник технологи хөгжих нь нэг талдаа сайхан боловч нөгөө талдаа сөрөг нөлөөтэй юм байна. Ухаалаг гар утас гарч, хүмүүс толь бичгийг апп байдлаар хэрэглэж байгаа учраас “Бяцхан тархи”, “Их тархи”-ийг худалдаж авахаа больсон. Тиймээс цаашид хөгжүүлэх шаардлагагүй юм байна гэж үзсэн. Тэгээд ч сургалтын зориулалттай зүйлийг нэг удаадаа олон цагаар хэрэглэдэг тул цахилгаан соронзон долгион их цацруулдаг гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжид тохируулан хөгжүүллээ гэхэд эргээд хүний эрүүл мэндэд хор учруулна шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн цоорхой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож байна

Хөдөлмөрийн насны ажил хийдэггүй 75 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

 0 сэтгэгдэл


Ид хийж бүтээх насных ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ажил хийж чаддаггүй 80 мянган хүн Монголд байна. Харин өнгөрсөн оны байдлаар тэдний 2500 нь ажил хайгчаар бүртгүүлж, ердөө 25 хувь нь ажилд зуучлуулан оржээ. Гэхдээ тэд ажилд орох гэж бүртгүүлээд хамгийн багадаа хагас жил хүлээдэг аж. Тиймээс зарим нь замаасаа шантардаг гэсэн судалгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 25, түүнээс дээш ажилтантай бол түүний дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажиллуулах ёстой. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, шалгах механизм тун муу. Тиймээс аж ахуйн нэгжүүд дээрх хуулийг биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад хойрго хандсаар байна. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөрийг төлөөд явах сонирхол өндөр байдаг аж.

2018 оны байдлаар дээрх төлбөрийг 273 аж ахуйн нэгж, байгууллага төлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 969.1 сая төгрөг шилжүүлжээ. Уг нь тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага Монгол Улсад бүртгэлтэй аж. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол дор хаяж 15 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болох байсан. Шимтгэл төлж байгаа байгууллагаас төлбөр төлж буй шалтгааныг асуухад 50 орчим хувь нь “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилд орохоор хандаж байгаагүй” гэж хариулсан байна. Харин 26 хувь нь эдгээр иргэнд  ажиллах боломжтой ажлын байр байхгүй, 20 хувь нь ур чадвар шаардлагад нийцдэггүй гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Тухайн байгууллага хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ажилчдынх нь тооноос хамаарна” хэмээн хэлэв. Ийнхүү ажилд орох гэсэн ч тэнцдэггүй, хайгаад ч олддоггүй гээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр зуур байхаас өөр сонголт үлдсэнгүй. Харин тэдэнд улсаас сар бүр 174 мянган төгрөгийн тэтгэмж олгодог бол, улиралд нэг удаа асаргааны мөнгө гэж 78 мянгыг нэмж өгдөг аж. Тэгэхээр үүнээс өөр ямар ч орлогогүй тэд сард ердөө 200 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гэсэн үг.

Харин ажил хийж буй 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Эрүүл мэнд, боловсрол, ус хангамжийн салбарт цөөн тооны хүмүүс ажилладгийг албаны хүн дурдсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

Хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хууль зөрчин өөрчилжээ

 0 сэтгэгдэл


Шилдэг татвар төлөгчдийн эхний хоёр байрыг жилийн жилд “булаацалдаж” төсвийн ачаанаас томоохон хувийг үүрэлцдэг “Оюутолгой” ХХК-д ажиллах хүсэлтэй залуусыг жагсаавал хэдэн зуун километр ч үргэлжилж мэдэх эрэлттэй байгууллага. Харин тэнд ажилладаг монгол ажилчдыг улстөрч биш хэрнээ орлого өндөртэй, тансаг хэрэглээтэй гэж олон нийт андуурах нь бий. Бүр “байр аваад амьдардаггүй, машин аваад унадаггүй” гэж шоглодог болсон. Жилийн гуравны нэгийг гэр бүлээсээ хол, уурхайн хуаранд “ажлын мал” болж өнгөрөөдөг тэдний хувьд эрүүл мэндээ зольж авдаг цалин нь амьдралын баталгаа болдог ч, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын хуулиар газар дор хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг хүн 7-10 жил ажиллаад л тэтгэвэрт гарах учиртай. Өөрөөр хэлбэл, уурхайчин хүн амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдсөнөөс хойш сургуульд орох хүртэл нь л энэ хүнд нөхцөлийг дааж ажиллах чадвартай гэж шинжлэх ухааны үндэстэйгээр судалж байж хуульчилсан нь лавтай.

Тэгвэл энэхүү хуулийг “Оюутолгой”-н удирдлагууд үл ойшоож, хөдөлмөрийн нөхцөлийг нь “хэвийн” гэдэг ангилалд оруулах замаар цалингийн зардлаасаа хэдэн төгрөг хэмнэх явуургүй арга сүвэгчилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард уурхайн талбарын 329 ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, 200 гаруй хүнийг “хэвийн бус” ангиллаас хассан байна. Хэвийн бус гэх нэр томъёоны цаана газар дор, хортой, халуун зэрэг бүхий л хүнд нөхцөлийг илэрхийлж байгаа хэрэг.

Ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлж, 13 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан 200 гаруй хүн тус бүрээс сарын нэг сая орчим төгрөгийг зургаан сарын турш хассанаар, нийт 1.2 тэрбум шахам төгрөгийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд “хэмнэж” чаджээ. Энэ “шилдэг” аргаа хэрэгжүүлэхийн тулд хууль, журам зөрчиж үнэлгээ хийх эрхгүй байгууллагыг сонгон шалгаруулахаа ч мартсангүй.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг “хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол ХНХЯ-ны харъяа, хуучнаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв юм. Гэтэл “Оюутолгой” ХХК нь АШУҮИС-ийн дэргэдэх “Орчны эрүүл мэндийн институт” гэх төрийн бус байгууллагыг шалгаруулан, үнэлгээ хийлгэж ийнхүү ажилчдыг хохироосон дүгнэлт гаргуулжээ. Түүгээр ч барахгүй энэ төрийн бус байгууллагаар гүний уурхайн үнэлгээг мөн гаргуулахаар болсон тухай ажилчид нь ярьж байна.

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд одоогоор 178 ажилтан гомдол өргөдөл гаргажээ. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны эрхийг зөрчсөн энэхүү үйлдлээ зогсоохыг хүсч, тэд удирдлагууддаа хандсан боловч “танай улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон” хэмээн байдлыг залруулаагүй аж. Ингээд Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр харъяа дүүргийн засаг даргаар захирамж гаргуулан, дундын зуучлагчийг томилуулах шатанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү шүүхэд хандсанаар хөдөлмөрийн маргаан өрнөх боломжгүй болж, ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдлээ авах горьдлого үндсэндээ тасарч байна.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг шинэчлэн батлах” жагсаалтаар тогтоосон ажлын байрыг тодорхой заасан байдаг.

• Хэвийн бус буюу газар дор, хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг хуультай. 

• Хууль зөрчиж, ТББ-аар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. 

• ҮЭХ-оос “Оюутолгой”-н хууль бус шийдвэрийг шүүхэд өгнө.

Уг хавсралтад дурайтал бичигдсэн ажлын байрыг ийнхүү хэвийн бус ангиллаас хассан тул “Оюутолгой”-г шүүхэд өгөхөөр зэхэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярьсан. Өмнөх дарга нь энэ асуудлыг хуулийн хүрээнд эсэргүүцэн, хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсний төлөө ажлаасаа халагдсан аж. Харин одоо эдгээр залуусын тэмцэл үр дүнд хүрэх эсэхийг нийгэм даяараа харж байна.

“Оюутолгой” ХХК-ийн монгол ажилчид яг адилхан үүрэг гүйцэтгэдэг гадаад мэргэжилтнээс дөрөв дахин бага цалин авдагтаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндэд хортой орчинд ажилладагтаа “ялархаж”, аяга сүү илүү нэхэж үзээгүй. Бусад орнуудад эрхэлдэг уурхайн ажилчидтайгаа ижил хэмжээнд үзэж, цалингийн шатлалын нэгдсэн системтэй байхыг ч шаардаагүй. Гагцхүү эрүүл мэндээс нь хумсалж, амьдрах наснаас нь хороож байгаа хүнд, хортой нөхцөлдөө тохирсон нэмэгдэл хэдхэн төгрөгөө өгөөч гэж гуйж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хаусын зах зээлд боломж нээгдсэн ч чанар үгүйлэгдэж байна

Амины орон сууцны ипотекийн зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байна

 0 сэтгэгдэл


Бүтээн байгуулалтын улирал хэзээ мөдгүй эхлэх нь. Өвлийн турш гацсан барилгын араг яснууд амилж, иргэн, аж ахуйн нэгж, нэгдэл бригадууд хавартай уралдан ханцуй шамлах үе ирлээ. Барилгын салбарын борлуулалтын гол суваг болох ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн онд тодотгож, энэ оноос найман хувийн хүүтэй зээлийг амины орон сууцанд олгохоор болсон. Одоогоор хаус барихаар хөнгөлөлттэй зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байгааг арилжааны банкны зээлийн эдийн засагчид хэлж байна.

Амины гэх тодотголтой шинэ зээл 2013 оноос олгож эхэлсэн олон давхар орон сууцны зээлтэй урьдчилгаа төлбөр (30 хувь), хүүгийн хувь (жилийн найман хувь) зэрэг үндсэн шаардлага, шат дамжлагын хувьд ижил. Гэхдээ ипотек хэмээх ижил нэрийн дор олгох энэ хоёр зээлийн бүтээгдэхүүнд хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, Засгийн газраас нэг дор олон зуун айлыг багтаадаг орон сууцанд олгох зээлийн хэмжээ болон хугацааны дээд хязгаарыг 100 сая төгрөг болон 30 хүртэлх жилээр тогтоосон бол амины хаусын санхүүжилт харьцангуй бага, хугацаа нь ч богино. Тодруулбал, нийслэлийн иргэд 120 хүртэлх ам метр талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 хүртэлх жилээр авч болно.

Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкуудын өөрийн санхүүжилтээр олгосон зээлийн хүү дунджаар 14 хувийн хүүтэй байжээ. Харин Засгийн газар энэ хэмжээний хүүг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүйн тулд зээлийн хүүгийн зөрүүг өмнөөс нь төлж, байж болох хамгийн бага буюу жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд санал болгож буй.

Гэтэл хүүгийн дарамтынх нь багагүй хэсгийг төр үүрч буй энэ төрлийн хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэг нь бус, байр, хаустай чинээлэг иргэд гэр хорооллын иргэдтэй уралдан авч, илүү хөрөнгөжих тохиолдол цөөнгүй гарсныг албаныхан үгүйсгэсэнгүй. Тиймээс энэ зээлийг халаалт, халуун устай тав тухтай байр байшинд амьдрах чин хүсэлтэй иргэд рүү чиглүүлэхээр ипотекийн зээлийн журмыг шинэчилжээ. Ингэснээр энэ бодлого байгаа онож, орчны бохирдлыг бууруулж, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм.

Манай иргэдийн дийлэнх нь орд харш шиг олон өрөөтэй эсвэл дэндүү давчуу биш амины орон сууцыг төдий л сонирхдоггүй. Харин дундаж хэмжээ, мансарттай байшинг илүүд үздэг гэж барилгын компаниуд хэлж байна. Ингэхдээ зочдын болон гал тогооны өрөө зэрэг үндсэн хэсгээс гадна унтлагын 2-3 өрөө, амралт болон техникийн өрөөтэй, дунджаар 78 ам метр талбай бүхий хаусыг сонирхдог аж. Ийм хэмжээ бүхий орон сууцны дундаж зардлыг “Барилга.мн” сэтгүүлийн мэргэжилтний баг тооцжээ. Зураг төслөөс нь эхлээд дотоод засал хүртэлх барилгын өртөг 65 сая төгрөгтэй тэнцсэн байна. Ингэхдээ барилгын материалын үнийг 2018 оны эхний хагасын байдлаар НӨАТ-тай нь хамтатган тооцсон бөгөөд тээврийн зайг 20 километр гэж үзжээ. Энэ өртөг дээр бусад нэмэгдэл зардал болон ашгийг таван хувиар тооцон нэмбэл 74.1 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Иргэд худалдан авах гэж буй байраа барьцаалж, банкнаас ипотекийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, банк хэдийн сүндэрлэн боссон тул шинэ байрны ордер буюу орон сууцны гэрчилгээг нь барьцаалж, буцаагаад зээл олгодог гэсэн үг. Харин амины хаусын зээлийг шинээр байшин барих гэж буй иргэдэд олгохоор заасан. Тиймээс иргэд зээл авч байж, хаусаа барина гэсэн үг. Гэтэл барьцаалчих үл хөдлөх хөрөнгө нь нүдэнд харагдахаар босоогүй байгаа нөхцөлд үүнийг хэрхэн шийдэх вэ. Холбогдох журамд зааснаар иргэд банкнаас авах зээлтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө тавих учиртай. иргэдийн дийлэнх нь байшин барих газраа барьцаанд тавьж байгаа аж. Гэвч зөвхөн газар зээлийн барьцааг хангахгүй байгаа тул зээл авахаас өмнө амины орон сууцныхаа барилгын ажлыг тодорхой хувьд хүргээд, үүнийгээ эзэмшил, газартайгаа хамтатгах байдлаар шийдэх гаргалгааг ч Барилга хот байгуулалтын яамнаас санал болгож байна. Мөн иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, инженерийн дэд бүтцэд холбосноор үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвтэй гэж холбогдох албаныхан  үзэж байна.

Салбарын яам болон Нийслэлийн захиргаа инженерийн дэд бүтцийг өргөтгөж, иргэдийн үүдэнд хүргэхээр зорьж байгаа. Энэ төрлийн дэд бүтцийг сунгахад БНХАУ-аас хоёр тэрбум юанийн санхүүжилт олгохоо 2017 онд мэдэгдсэн. Ингэснээр Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шарга морьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг алслагдсан бүс рүү инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ татахаар төлөвлөсөн ч санхүүжилт нь өнөө хэр бүрхэг байгаа аж. Холбогдох албаныхан 2019, 2020 онд орж ирнэ гэж хүлээж байна.

Халаалт, халуун устай хаусын хямд зээлийн шугам нээсэн энэ бодлого энэ төрлийн бизнес эрхлэгчид ч зах зээлийн боломж олгож байгаа. Хүлээгдэж байсан бодлогыг төр урагшлуулсан хэмээн амины орон сууцны компанийн төлөөлөл мэдэгдсэн бол “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд “Амины орон сууцанд зээл олгосноор зах зээлд эрэлт нэмэгдэх хүлээлттэй төдийгүй зөв төлөвлөж хэрэгжүүлж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломж бий” хэмээн хэлж байна.

Энэ онд ипотекийн зээлд олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, хагас их наяд төгрөгт хүргэсэн. Үүний тодорхой хэсэг нь амины орон сууцны зах зээлийг чиглэх болноор санхүүжилтийн саад  багасч, боломж нэмэгдсэн сайн талтай. “Тэнхлэг зууч” компанийн нийслэл болон орон нутгийн суурин газарт нийт 340 мянга орчим айл инженерийн дэд бүтцэд холбогдоогүй амьдарч байгаа гэсэн тооцоо гаргасан. Үүнээс үзэхэд амины орон сууцанд зах зээлийн боломж зах хязгааргүй байгаа гэсэн үг. Дээрээс нь санхүүжилтийн шинэ бас хямд сонголт нээгдэж байгаа нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд ч ээлээ үзүүлнэ.

Гэхдээ амины орон сууцны зах зээлийн нэг амин чухал хүчин зүйл болох чанарын тухай ойлголт өнөө хэр орхигдоод байна. Найман хувийн хүүтэй зээлийг стандартын шаардлага хангасан амины орон сууцанд олгохоо албаныхан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт угсралтын нормыг хангасан, зураг төслийн хүрээнд боссон байшинд зээл авах юм. Гэтэл одоогоор амины орон сууцуудын 90 гаруй хувь нь зураг төсөлгүйгээр, иргэн хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригддаг. Ер нь энэ салбарын чанарыг байшин захиалсан иргэдийн үзэмжээр шийдэх нь түгээмэл байдаг аж. Чанарыг нь мэргэжлийн байгууллага бус иргэд дэнсэлдэг учраас барилгын компаниуд хямд үнэ, богино хугацааг чанараас түрүүнд тавьж, зар сурталчилгаагаа ч энэ төрлийн үгсээр чимэглэж хачирладаг. Бүр 14-хөн хоногийн дотор амины орон сууц барих зар мэдээллүүд ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн 10 гаруйхан хоногийн дотор амины орон сууц барина хэмээн иргэдээс жилийн өмнө мөнгийг нь аваад өнөөг хүртэл барилгаа бариагүй компаниуд ч энэ зах зээлд бий аж.

Гэтэл амины орон сууцны зах зээлийн боломж нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай, мэргэжлийн ажиллах шаардлага тулгараад байна. Учир нь иргэд, барилгын компани гэсэн хэдхэн тоглогчийн хооронд өрнөдөг байсан энэ бизнес Засгийн газар, Монголбанк болон арилжааны банк зэрэг олон оролцогч нэмэгдэж, зах зээлийн зарчмаар ажиллаж эхэллээ. Энэ зах зээл өмнөх шигээ замбараагүй, хяналтгүй, албан бус байдлаар үргэлжилбэл нэг их удахгүй нуран унахад хүрнэ. Ингээд зогсохгүй хүүтэй зээл авсан иргэн болон санхүүжилт өгсөн банкинд хохирол дагуулна. Тиймээс чанар хэмээх ойлголтыг зах замбараагүй амины орон сууцанд чанд сахиулахгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохлох вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг 100 мянгаар торгожээ

 0 сэтгэгдэл


Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая төгрөгийн, зургаан иргэнд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар гарган зогсоосон аж.