A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3515/

МАН­-ын “хөгшчүүд” ашигтай хувилбараа сонголоо

МАН­-ын “хөгшчүүд” ашигтай хувилбараа сонголоо

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3515/
  • Сонгуулийн 50:26 мажоритартогтолцоо нийтэд танигдсан улстөрчдөд давуу тал болно
  •  Олон жил сонгогдсон тойргийнх нь иргэдийн итгэл нь хөрсөн архаг улстөрчийн парламентийн босгыг давах заль эсвэл "одоо та нар болно, бидний ээлж" гэж тэрслэх залуучуудаа дарах боломж юм

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх туршлага Монголын парламентад бий. Ихэвчлэн сонгуулийн жил гарахын өмнөхөн гэнэт өргөн барьж, баталдаг жишигтэй. Харамсалтай нь, тэр бүр улс орон, ард түмэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог мажоритар тогтолцоо буюу 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн 93 гишүүний олонх дэмжсэн бай на. Ингэснээр 50 нь жижиг тойрогт, 26 нь намын жагсаалтаар улс даяар нэр дэвших хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болов. Энэ хувилбараар сонгогчид өөрийн тойргийн нэр дэвшигчийг сонгохоос гадна томсгосон тойргийн нэр дэвшигчдээс давхар сонголт хийх юм. Холимог мажоритар нь 2012 оны сонгуулийг явуулсан холимог тогтолцооноос нам биш хүний нэр сонгохоороо ялгаатай. Харин уг хувилбараар сонгууль явууллаа гэхэд томсгосон тойргоос хамгийн олон санал авсан 26 хүнийг шууд сонгох уу, эсвэл намаас нэр дэвшсэн 26 хүний нийт авсан саналын хувиар жагсаалтын дагуу парламентад оруулах уу гэдэг нь эргэлзээтэй байсан. Тэгвэл МАН-ын УЗ томсгосон тойрогт нэр дэв шигч дээс хамгийн олон санал авсан 26 хүнийг парламентад оруулах хувилбарыг дэмжсэн аж. Энэ нь нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. Жишээлбэл, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бусад 25 нэр дэвшигчийн хамт улс даяар нэг тойрогт өрсөлдлөө гэж тооцъё. Тэд нийт сонгогчийн 40 хувийн санал авлаа гэхэд УИХ-ын 10 гаруй суудал авч чадна гэсэн үг. Ингэхдээ сонгогчид 26 нэр дэвшигчээс хэн нь улсыг төлөөлөн УИХ-д сонгогдох боломжтой вэ гэдэг сонголтыг хийсэн байх тул хамгийн их санал цуглуулсан нь ард түмнийг төлөөлөн УИХ-д сууна. Нэг үгээр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид намын нэр дугуйлж байсан бол энэ удаад нэр дэвшигчийг дугуйлж буйгаараа л ялгаатай юм. Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн гурван том тогтолцоо бий. Мажоритар, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн, холимог гэж. Мажоритар нь ердийн олонх, 50+1, нэг ба олон мандаттай зэрэг хэд хэдэн хувилбартай. Энгийнээр тайлбарлахад, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогдохыг мажоритар тогтолцоо гэдэг. УИХ-ын 1992, 2008, оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26 тойргоор, 1996-2004, 2016 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий мажоритараар явуулсан. Харин Үндсэн хуулийг батлахаас өмнө Улсын Бага Хурлыг пропорциональ хувилбараар бүрдүүлж байсан. Мөн 2012 онд пропорциональ тогтолцоогоор сонгууль зохион байгуулж байв. Тэагвэл одоо эрх баригч намын удирдлагуудын дэмжээд буй тогтолцоо нь Монголд анхдагч хувилбар болж байгаа юм. Гэхдээ энэ тогтолцоог дэмжихгүй гэсэн хэсэг МАН дотор бий. Тэдгээр нь УИХ-д шинээр сонгогдсон, “зүсэлж” авсан тойргийнх нь иргэд л танина уу гэхээс улс даяар тодроогүй гишүүд, бизнесмэнүүд юм. Гэхдээ тэд хэтэвчнийхээ зузаанаар аль нэг жижиг тойргийг өөрийн вант улс болгож чадах хөрөнгөтэй хүмүүс. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дээрх хувилбарыг дэмжсэн нь учиртай. МАН-ын Удирдах зөвлөл 30 гишүүнтэй. Тэдний бараг 60 орчим хувь нь УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон бол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан зэрэг энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн улс төрөөрөө олонд танигдсан “багачууд” ч бас бий. Тэд парламентад олон удаа сонгогдсон, нийгэмд танигдсан учраас сонгогчдын дугуйлах магадлалд найдаж, энэ хувилбарыг дэмжсэн болов уу. Холимог мажоритар хувилбар тэдэнд мөн давхар боломж олгоно. Олон жил сонгогдсон тойргийнх нь сонгогчдын итгэл нь хөрсөн архаг улстөрчийн парламентын босгыг давах заль эсвэл “Одоо та нар болно, бидний ээлж” гэж тэрслэх залуучуудаа дарах боломж юм. МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн энэхүү байр суурийн зөрүү нь улстөрчид аль болох өөрсдөө сонгогдох магадлалтай хувилбарыг л дэмждэгийн нотолгоо юм. Улс төрд мөнгөнөөс гадна нэр төр, танигдсан байдал, туршлага хэрэгтэй. Тиймдээ ч Монголын парламентад дуучид, бөхчүүд, тамирчид зэрэг алдартнуудын тохиолдлын, гэнэтийн улстөрч болох боломжийг мажоритар тогтолцоо олгосоор ирсэн билээ. 















A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томсгосон мажоритар тогтолцооны сул тал асар их байна

  • П.Наранбаяр: Надад итгэж саналаа өгсөн 23,479 хүний санал гээгдчихлээ

"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээр гээгдүүлдэг болох”-ыг тодотгов. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл "Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, улс төрийн хүчин өрсөлдөхөд бэрх байдаг. Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог" гэлээ. Харин 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт тус эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр "Надад 22 дугаар тойргийн 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул талын илрэл боллоо" гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого хийх Ажлын хэсэг байгуулжээ

  • Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хянан шалгах үүргээ биелүүлээгүй гэв
  • 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ

Ардчилсан нам болон бусад бие даагч, эвслүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүүг томилсон аж. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ. Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр ноцтой зөрчил олон гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг нэмж бүртгэн санал өгүүлсэн аж. Хууль зөрчсөн эдгээр үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү “Бид өнгөрсөн хоёр хоногт нийт 29 тойргийн хэмжээнд мэдээлэл авч цэгцэллээ. Сонгуулийн явцтай холбоотой бүх гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст энэ удаагийн сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Тиймээс сонгуульд оролцсон гурван нам эвсэл, бие даагчдын шаардлага эсэргүүцэлтэй Ардчилсан нам санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна” гэв. Үндсэн хуулийн бус үйл ажиллагаанд төрийн алба хаагчид идэвхтэй оролцсоныг улс төрийн намууд, иргэд мэдээлж байгаа тул сонгуулийг шууд удирдан зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох машин, бусад шалгах шаардлагатай баримт материалуудыг тусгайлан авч шалгах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хянан шалгах үүргээ хариуцлагагүй биелүүлсэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрыг оролцуулалгүй, сонгуульд оролцоогүй төрийн байгууллагаар хуулийн дагуу шалгалт явуулж, дүн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна гэлээ.