A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/927/

Махны экспорт 80 тэрбум төгрөг давлаа

​Иран, Хонконг, Вьетнамыг чиглэх махны экспорт багагүй хувиар нэмэгджээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/927/

Махны экспорт магнагт гарчээ. Энэ оны эхний хагаст махны экспорт 2014 оны мөн үеийнхээс 20, 2016 оныхоос тав дахин өсчихөөд байна. Бүр өнгөрсөн он буюу бүтэн нэг жилийн хугацаанд олсон орлогоо энэ оны эхний хагаст халааслачихсан сууж байна. Он гарсаар таваарын зах зээл таатай байснаас бид сүүлийн хэдэн сар зэс, нүүрсний ханш ширтэж, орлогын өсөлтийг нь баахан ярьсан. Харин энэ зуур монгол малын махны экспорт чимээгүйхэн өсөж, сүүлийн хэдэн жил үзэгдээгүй их хэмжээний орлогыг Монгол улсад авчраад байна. Оны эхний хагаст 80 тэрбум төгрөг даваад буй махны экспорт энэ жилийн эцэст 200 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Орлого нь тэрбум, тэрбумаар хэмжигддэг эрдсийн экспорттой харьцуулахад энэ мэдээж бага дүн. Гэхдээ эрдсээс өөр экспортын олигтой бүтээгдэхүүнгүй, нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг, хөдөө аж ахуйн арвин нөөцтэй Монгол улсад махны экспортын орлого бол чамлаж боломгүй үзүүлэлт. Махны экспорт мацсаар ноолуурын орлого руу ойртсон байна. Малын гоц халдварт шүлхий өвчний “сүүдэр” Монгол орны хэд хэдэн аймгийг дайрч, аюулын харанга дэгдээсэн.


Ингэснээр битүү туурайтан буюу адуунаас бусад төрлийн махны экспортод эрсдэл учирсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголоос голлон адууны мах гадаад зах зээлийг чиглэж байсан бөгөөд нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байв. Гэтэл он гарсаар махны экспорт төрөлжиж, үхэр, хонь, ямааны мах нийлүүлж эхэлсэн байна. Түүнчлэн гарын таван хуруунд багтахаар улсад бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол өдгөө 10-аад улсад экспортолж байна. Үүнээс Иран, Хонконг, Вьетнамыг чиглэх махны экспорт багагүй хувиар нэмэгджээ. Ялангуяа, ямааны махны экспорт энэ онд эргэн сэргэж, үлэмж өссөн байх юм. Махны нийт орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлсэн бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт өсчээ. Адууны махны экспортын орлого өмнө оны мөн үеэс хоёр дахин өссөн бол хониных гурван дахин өссөн байна. Махнаас гадна амьд малын экспортын орлого 11 дахин өсчээ. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 24 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2-3 дахин өндөр өсөлт. Энэ дүнг амьд малын экспортын орлоготой нийлүүлбэл нийт дүн нь 32.6 сая ам.доллар хүрч байгаа юм.


Монголын махны холбооны мэдээлснээр “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Мах импекс”, “Саян уул” компани мах нийлүүлж байгаа. Сүүлийн үед чанасан мах, хиам зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа аж Засгийн газрын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс махны экспортын нөөцийг тооцсон. Монгол улс энэ онд үхрийн 27.9, адууны 43.6 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Харин хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр экспортлохыг зөвшөөрсөн байна. Одоогоор мах экспортлох зөвшөөрөлтэй 30 орчим аж ахуйн нэгж байна гэж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Салбарын яамнаас экспорт хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдүүлж, зах зээл нээх чиглэлээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоожээ. Сүүлийн хэдэн жил Монгол улс мах экспортлох “марафон”-оос байнга хоцордог байв.

Хойд хөрш хөдөө аж ахуйн хоригт өртөж, махны үнэ тэнгэрт хадсан, өмнөд хөршийн хэтэвч зузаарснаас эрэлт нь нэмэгдчихээд байхад хүртэл монголчууд хүссэн хэмжээндээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байсангүй. Гэтэл энэ хугацаанд монгол малын тоо толгой өсөж, өдгөө бэлчээрийнхээ даацаас хэд дахин давчихаад байгаа. Жилийн жилд махнаас төдий хэмжээний орлого олно хэмээн тун өөдрөг дүн тусгадаг ч оны эцэст төсөөлөлдөө хүрэлгүй, төсөвт цоорхой үүсгээд дуусдаг бараан түүхтэй байв. Гэтэл ярихаас хэтэрдэггүй, биеллээ олдоггүй байсан махны экспорт ийнхүү өндийж эхэллээ. Хэдхэн төрлийн эрдэс бас багахан хэмжээний ноолуураас өөрийг гадаад зах зээлд гаргадаггүй байсан монголчуудад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ. Энэ эрчээрээ бол өчнөөн жил ярьсан, экспортын эх үүсвэр маань бидэнд багагүй орлого авчрах нь. Үүний дараа харин монгол малын махны үнэ цэнийг нэмэх, органик гэсэн шошготой брэнд болгох гээд их ажлууд хүлээж байгаа. Уг нийтлэлийг бичихээр мах экспортлогчидтой холбогдох гэсэн боловч орон нутагтай ажиллаж байгаа гэсэн хариуг олонх нь өгөв. Сүүлийн хэдэн жил, мөнгө санхүү хийгээд хил гаалийн хоригтой нүүр тулсан хувийн хэвшлийнхэн махны нөөцөө бэлдээд эхэлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувьцаат нэрээр овоглосон хулхи компаниудыг цэгцэлнэ

​1999 оноос хойш нэг ч арилжигдаагүй хувьцаа ч байна​

 0 сэтгэгдэл

Манай жижигхэн хөрөнгийн зах зээлд “том толгой”-той тоглогч цөөнгүй. 1999 оноос өдий хүртэл үнэт цаасыг нь нэг ч хөрөнгө оруулагч тоогоогүй, хувьцаа нь арилжигдаагүй компани хүртэл хувьцаат компани гэсэн сэтэр зүүчихсэн яваа аж. Монгол улсад 1990-ээд оноос хөрөнгийн зах зээл хөгжиж, хувьцаат компаниудын тоо өдгөө 220-д хүрлээ. Гэвч энэ зах зээл ердөө 20-хон компанийн нуруун дээр яваа гэхэд хэлсдэхгүй. Энэ оны эхний хагасын нийт арилжааны 94 хувийг ердөө 20-хон компанийн хувьцаа бүрдүүлжээ. АПУ-гаар ахлуулсан, “Говь”, “Сүү”, “Тавантолгой”, МИК зэрэг тоотой хэдэн компани өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааг нугалж, амьд байлгаж байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд биржид бүртгэлтэй компаниудын 58 хувийнх нь хувьцаа их, бага хэмжэгээр арилжигджээ. Харин үлдсэн 42 хувийнх нь үнэт цаасанд салхи ороогүй.

Энэ дунд сүүлийн 10, бүр 20 орчим жилийн хугацаанд хувьцаа нь нэг ч удаа арилжигдаагүй компани цөөнгүй байгаа аж. Тэдний зарим нь хэдийнэ амьсгал хураасан бол багагүй хэсэг нь царцсан, эсвэл хууль журам үл тоон, үйл ажиллагаа явуулсаар байна. Уг нь Монгол улсын Компанийн тухай хуульд, биржид бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил эцэслэснээс хойш дөрвөн сарын дотор хийх ёстой. Гэтэл энэ онд нийт компанийн 60 хувь хуулийн дагуу хурлаа хийсэн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ. Ер нь бүртгэлтэй компаниудын бараг тэн хагас орчим нь жилийн жилд усанд хаясан чулуу шиг оддог нь гэм биш зан болсон. Сүүлийн дөрвөн жилд нийт компаниудын ердөө 50-60 гаруй хувь л хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлажээ.

Хөрөнгийн зах зээл ердөө 20-хон компанийн нуруун дээр явна

Үлдсэн хувь нь хурал хийдэггүй. Ингэснээр эдгээр компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнх нь бүрэн эрх санхүүгийн жилийн турш хүчингүй төдийгүй, энэ хугацаанд хийсэн аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох учиртай. Бас санхүүгийн тайлангаа өгөх хуулийн хугацаа хэдийнэ өнгөрсөн ч хэл ам дагуулж байж хагас дутуу тайлан илгээдэг. Хувьцаа эзэмшигчиддээ компанийн үйл ажиллагааг ил тодоор тайлагнадаггүй гээд “хувьцаат” хэмээх үгээр овоглосон хариуцлагагүй компаниудын дутагдлыг дурдвал дуусахгүй. Ер нь хөрөнгийн зах зээл иргэдээс ирдэг гомдол саналын тоогоороо санхүүгийн салбарт толгой цохиж явна. Монголын хөрөнгийн биржийг санхүүгийн бүтээгдэхүүний дэлгүүр гэж үзвэл хууль дүрмээ сахидаггүй, “том толгой”-той компаниуд чанаргүй бараа гэсэн үг. Тэгвэл хулхи барааг хэрэглэгчид худалдан авах уу. Хувьцаат хэмээх нэрээр овоглосон хулхи компаниуд үнэт цаасны зах зээлд итгэх иргэдийн итгэлийг эвдэж, үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Ялангуяа, сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэдийн тоо эрс нэмэгджээ. Оны эхний долоон сард хөрөнгийн зах зээлд 30 орчим мянган тоглогч шинээр нэмэгджээ. Үүний 99.7 хувь нь дотоодын иргэн, аж ахуйн нэгж. Хөрөнгийн зах зээлд шинээр данс нээлгэсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өсчээ.

Монголчууд хувьцааг ид шохоорхож буй энэ үед хулхи, хувьцаат компаниуд иргэдийн итгэлийг бууруулна. Цаашлаад мэдлэг дутмаг иргэд үйл ажиллагаа явуулдаггүй, мэдээлэлгүй компаниудын хувьцааг авч, эд хөрөнгөө эрсдэлд оруулахыг үгүйсгэхгүй. Энэ хэрээр олон нийтийн дунд сэргээд буй хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагах эрсдэлтэй юм. Тиймээс байгаа, байхгүй нь бараг мэдэгддэггүй олон компанийг цэгцлэх, чадавхыг нь сайжруулах шаардлагатай байна. Юун түрүүнд нэгэнт хөрөнгийн зах зээлд хөл тавьсан компаниудынхаа засаглалыг сайжруулах нь чухал байгаа юм. Хувьцаат компаниуд эхний ээлжинд үйл ажиллагааны мэдээллээ ил тод, нээлттэй болгох. Ингэснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, итгэлцлийг бий болгоно гэж салбарынхан үзэж байна. Учир нь манайд хаалттай үйл ажиллагаа явуулж буй нээлттэй хувьцаат олон байгаа юм. Наанадаж, хувьцаат компаниуд жил бүрийн ашигт ажиллагаа, татварын хувь хэмжээ, ногдол ашгаас гадна компанийн ирээдүйн төлөвлөгөө, шинэ гэрээ хэлцэл, үйл явдлаа цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй. Гэвч энэ мэт энгийн үүрэг биелүүлэхдээ хүртэл компаниуд хойрго хандсаар байгаа аж. Цаашлаад энэ зах зээлийг цэгцэнд оруулахын тулд хөрөнгийн зах зээлийн тоглогчдыг тооноос чанарт шилжүүлэх шаардлагатай байна.

Хөдөлдөггүй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд манай зохицуулах байгууллагууд сүүлийн хэдэн жил хувьцаат компаниудын толгойг нь илж, зөрчил дутагдлуудыг нь нүдээ анин өнгөрөөсөөр ирсэн. Гэтэл зарим компани “биднийг хэн яахав” гэсэн шиг дур зоргоороо аашлан, хууль журамгүй гэж эндүүрч явна. Ер нь нэг барааг хэн ч худалдаж авахгүй хориод жил болж байгаа гээд бод доо. Ямар ч бараа лангуун дээрээ ялзарч муудна биз. Тэгэхээр муудсан бүтээгдэхүүн иргэдэд төдийгүй эргээд хөрөнгийн зах зээлийнхээ эрүүл тогтолцоонд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Бас ямар ч дэлгүүр хүн сонирхохгүй бараа бүтээгдэхүүнээ акталж, агуулах саваа цэвэрлэдэг. Тэгвэл үүдээ нээгээд 30 орчим жилийг үдэх гэж буй Монголын хөрөнгийн бирж чанаргүй бараануудаа цэвэрлэх, дахин сэргээх, цоо шинэ бараагаар сэлбэх цаг нь хэдийнэ болжээ. Хувьцаа нь амьгүй компаниудыг цэгцлэх, зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулахаар санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран ажлын хэсэг байгуулжээ. Хөрөнгийн зах зээлийн бодлогыг атгадаг эдгээр байгууллагын хамтарсан баг харин одоо энэ шинэчлэлийг зоримог хийж, хөрөнгийн зах зээлээ цэгцлэх эсэхийг харах л үлдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Банкууд иргэдэд зээл, хадгаламжийн бодит хүүг тодорхой мэдээлэх үүрэгтэй болсон

 0 сэтгэгдэл

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Б.Дуламзаяатай ярилцлаа.

-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын” журмыг шинэчлэн батлаад байна. Уг журмаар хамгийн их зохицуулагдаж байгаа, санхүүгийн хэрэглэгчдэд шууд мэдрэгдэх гол зохицуулалт нь юу вэ?

-Уг журмын зорилго нь банкны хүү бодоход баримтлах зарчмыг тодорхойлох, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг харилцагчдад ил тод байлгах, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах юм. Банкууд ихэвчлэн зээл, хадгаламжийн бүтээгдэхүүний зөвхөн зарласан хүүг мэдээлдэг. Гэтэл зарласан хүүнээс гадна зээл авах явцад зээл судлах, барьцаа хөрөнгийг баталгаажуулах, даатгуулах зэрэг нэмэлт зардлууд гардаг бөгөөд эдгээрийг оруулж тооцсон Зээлийн бодит өртөг нь харилцагчаас гарах зардлыг илүү бодитой илтгэдэг. Өмнөх журамд тодорхой төрлийн зээлүүдэд Зээлийн бодит өртөгийг тооцдог байсан бол одоо 100 сая төгрөгөөс доош дүнтэй бүх зээлдэгчдэд зээлийн бодит өртөг тооцож, танилцуулдаг байхаар хамрах хүрээг нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд банкнаас зээл авах болон хадгаламж байршуулахдаа хүү, шимтгэл болон бусад зардлын мэдээллийг нээлттэй авах эрхтэй, нөгөө талаас банкууд ч иргэдэд зээл авахтай холбогдон гарах зардал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг гаргаж өгөх байдлаар үүрэг хүлээж, хариуцлага нэмэгдсэн.

-Ерөнхийдөө зээл олгох, хүү тооцох, зээлийн бодит өртөг хэд болох гэх зэрэг харилцагчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зохицуулалтууд оржээ. журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?

-Монголбанк хяналт тавьж, жилд нэгээс доошгүй удаа газар дээр нь шалгалт хийх, шалгалтын үр дүнгийн дагуу холбогдох үүрэг, даалгавар, зөвлөмж өгөх болно. Мөн Монголбанкны вэб хуудсанд зээлийн бодит өртгийн тооцоолуурыг байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр харилцагчид уг тооцоолуурыг ашиглан өөрийн сонирхож буй зээлийн бодит өртөгийг тооцох, банкны тооцоололд хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд харилцагч банк эсвэл Монголбанкинд хандах боломжтой.

-Иргэд мэдээлэл муутайгаас болж, хэт их зээл авах, өрийн дарамтанд орох тохиолдол их байдаг. Журмын дагуу банкууд хүү, шимтгэлийн мэдээллийг нээлттэй, ил тод, тодорхой өгснөөр энэ асуудлыг шийдвэрлэж чадах байх?

-Банкны хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлснээр харилцагчид өөрт ирэх төлбөрийн дарамт, санхүүгийн зардлыг бүрэн ухамсарлах, нээлттэй мэдээлэлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах боломж дээшлэнэ гэж бид хүлээж байна. Харин иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж, улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд өр-орлогын харьцааны дээд хязгаарыг Монголбанк тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.

-Зээлийн гэрээний үсгийн шрифт хэт бага, уншихад төвөгтэй байх нь элбэг. Энэ асуудлыг бас журмаар зохицуулж өглөө. үүнийг тодруулахгүй юу?

-Журамд “Банкны зээл, хадгаламжийн гэрээний үсгийн фонт есөөс багагүй, тодорхой, ойлгомжтой байна.” гэж тусгасан. Ингэснээр банкны харилцагч гэрээний мэдээлэлтэй нарийн танилцах боломж нэмэгдэх болов уу.

-Шинэчлэн батлагдсан журмаар банк аливаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүний хүүг жилээр илэрхийлж, олон нийтэд мэдээлнэ гэжээ. Одоогоор банкууд хэдий хугацаагаар зээл, хадгаламжийн хүүгээ зарладаг вэ. Ялангуяа, зээлийн хувьд хэт бага хугацаагаар хүүг зарлах нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөл байдалд хүргэдэг байх?

-Өмнөх журамд энэ талаар ямар нэг зохицуулалт байгаагүй тул банкууд бүтээгдэхүүний онцлогоос хамааран хүүг жилээр, улирлаар эсвэл сараар зарлаж ирсэн. Тухайлбал, зээлийн сарын хүү 1.8 хувь гэж зарлах нь харилцагчид бага дүн мэт харагддаг боловч жилийн хүү нь хүү бодох давтамжаас хамааран 21.6 хувь буюу түүнээс дээш байх боломжтой. Иймд хүүг жилээр зарлах нэгдсэн стандарт тогтоох нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөлөөс сэргийлэх, харилцагчид зарласан хүү болон зээлийн бодит өртөгийн мэдээллийг бодитоор хүргэх ачхолбогдолтой.

-Иргэдээс хамгийн их гомдол ирдэг зүйл нь ипотекийн зээл дээр хүү хэт өндөр бодогдож, үндсэн зээл бараг төлөгдөхгүй байна гэх асуудал. Журмаар энэ асуудлыг зохицуулж байгаа юу?

-Журамд сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэй зээлийг харилцагчийн төлбөрийн чадвар, мөнгөн урсгалтай уялдуулан сарын нийт төлбөр нь тогтмол, эсвэл үндсэн төлбөр нь тогтмол хувилбараас сонгуулахаар заасан. Сарын нийт төлбөр тогтмол зээлийн хувьд хугацааны эхэн үед зээлийн үндсэн төлбөр бага, хүүний төлбөр өндөр байдаг бол сүүл үед үндсэн төлбөр өндөр, хүүний төлбөр бага болдог. Харин сарын үндсэн төлбөр тогтмол хувилбарыг сонгох тохиолдолд сар бүр тэнцүү дүнгээр зээлийн үндсэн төлбөр буурах боловч хугацааны эхэнд төлөх зээлийн нийт төлбөрийн дарамт өндөр. Иймд иргэд банкнаас зээл хүсэхдээ төлбөр хийх ямар сонголтууд байгааг тодруулж, өөрийн орлого, мөнгөн урсгалд тулгуурлан оновчтой хувилбар сонгох хэрэгтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уул уурхайн нүүдлээс үндсэн түүхий эдүүд хоцрохгүй

​Уул уурхайн салбарын худалдан авах, нэгдэн нийлэх хэлцэл идэвхжиж байна​

 0 сэтгэгдэл

Эрдсийн үнэ навс унаснаас хэсэгтээ намжаад байсан уул уурхайн салбарынхны нүүдэл өмнөх оноос идэвхжиж эхлэв. Уул уурхайн мөнгөтэй компаниуд ирээдүйд “чулуу” болчих ашигтай уурхай, ордын араас ангуучилж, урт хугацааны өгөөжийн хойноос хошуурцгааж байна. Өнгөрсөн онд энэ салбарын нэгдэн нийлэх болон худалдан авах хэлцэл буюу M&A-ийн нийт мөнгөн дүн дөрвөн жилийн дээд цэгт хүрчээ. Ингэснээр 51 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл энэ оны эхний улиралд уг дүн бараг 90 хувиар өсөж, хэдийнэ 25 тэрбум ам.доллар давжээ. Хэдийгээр эдгээр хэлцэл хэдхэн компанийн дунд өрнөж буй ч ашигтай төслийн төлөөх нүүдэл нь эрдсийн зах зээлийн ирээдүйг заадаг. Өөрөөр хэлбэл, салбарын гол хөрөнгө оруулагчид, элит компаниуд ямар түүхий эд сонирхож, юунд хөрөнгө оруулж буйгаас уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагын харж болно гэсэн үг. Тэгвэл нүүдэл хааш чиглэж буйг харцгаая. Өнгөрсөн улиралд поташийн орд уурхайг хөрөнгө оруулагчид хамгийн их сонирхжээ.

Харин үүний араас хөнгөн цагаан, алт, нүүрсний төслүүд бичигдсэн байна. Ялангуяа, үнэ нь ёроолын цэгт хүрснээс үнс болно гэгдэж байсан нүүрсний бизнесийг сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд л нүүрсний орд авахад зарцуулсан мөнгөн дүн 156 хувиар өсөж, 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр хүлэмжийн хийг хумихаар дэлхий даяар нүүрсний хэрэглээг бууруулж буй ч өнөө хэр энэ түүхий эд хөрөнгө оруулагчдын сонирхол татсаар байна. Гэхдээ уул уурхайн зарим том компани нүүрсний бизнесээ бүр мөсөн орхихоор зорьж байгаа. Тухайлбал, уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг Rio Tinto групп нүүрсний орд уурхайнуудаа худалдаж эхэлсэн. Өнгөрсөн онд гэхэд Хятадын Yancoal компанид өөрийн охин компани болох Coal & Allied Industries-ийг 2.7 тэрбум ам.доллараар борлуулсан юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Glencore компанид нүүрсний хоёр ч уурхайгаа 1.7 тэрбум ам.доллараар худалджээ.


Тус групп 2014 оноос хойш нийт 6.5 тэрбум ам.долларын нүүрсний бизнесээ зарсан байна. Rio Tinto ийнхүү нүүрснээс нүүр буруулж, оронд нь төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны бизнест түлхүүтөвлөрч буй. Тэгвэл уул уурхайн салбарын элитүүдийн нэг Glencore компани 2018-2020 он хүртэл шинэ бизнесийн худалдан авалтад нийт 1.2 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ. Тус компани цайр, никель, зэс, нүүрс гэсэн дөрвөн төрлийн түүхий эдийг онилж байгаа аж. Нүүрсний зах зээлд таатай үе ирээд байгаа учир энэ түүхий эдийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж буйгаас гадна батарей үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг түүхий эдүүдийн гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа, никель, зэс, кобальтын үйлдвэрлэлийг дэмжинэ. 2020 онд кобальтын гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төвлөвлөжээ. Харин Rio Tinto, Glencore-ийн гол өрсөлдөгч болох BHP Billiton занарын бизнесээс гарч, нүүрс, газрын тосыг гол түүхий эд хэмээн зарласан бол Anglo American ч нүүрс сонирхож буй аж.

Тэгвэл Бразилын Vale компани төмрийн хүдрээс гадна никель сонирхож байгаа аж. Үүнээс гадна урд хөршийн компаниудын дунд гангийн бизнесийн хэлцэл эрчтэй өрнөж буй бөгөөд мөнгөн дүн нь 13.3 тэрбум ам.доллар хүрчээ. Ерөнхийдөө, Хятадын компаниуд нэгдэж, Латин Америкийн компаниуд хөрөнгөө худалдах хандлагатай буй. Нэгэн цагт үнэ цэнээ алдаж байсан нүүрс эргэн ирж, хөрөнгө оруулагчдын харааг булааж байна. Гэхдээ энэ түүхий эдээс татгалзах компаниуд ч байсаар байгаа. Түүнчлэн зэс, алт зэрэг түүхий эдийн төслүүд анхаарлын төвд хэвээр байна. Харин цахилгаан автомашин болон батарей үйлдвэрлэл үлэмж нэмэгдэж буй нь эдгээр бүтээгдэхүүний түүхий эдүүдийн орд уурхайн эрэлт нэмэгдээд байна. Ernst & Young-ийн тайланд дурдсанаар поташ, хөнгөн цагаан, алт, нүүрсний бизнесийг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр. Харин лити, кобальт зэрэг шинэ үеийн түүхий эдүүд рүү хөрөнгө оруулагчид хошуурах болов. Байршлын хувьд Өмнөд Африк, Австрали, Хятадыг илүүд үзэж байна. Дэлхийн шилдэг шинжээчдийг эгнээндээ багтаасан элит компаниудын нүүдлээс харахад манай экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний ордуудыг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байх нь. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хөрөнгө оруулагчид лити, кобальт зэрэг шинэ таваарууд руу хошуурч байгаа ч нөөц нь жилээс жилд дундарч буй уламжлалт түүхий эдүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шатахууны үнэ дахин өсөх үү

​Монголчууд америкчуудтай адил үнээр шатахуун авдаг​

 0 сэтгэгдэл


Монголоор овоглосон хэн бүхэн наадмаас өөрийг бодох сөхөөгүй байдаг үндэсний их баяраар шатахууны үнийг чимээгүйхэн өсгөчихөв. Одоогоос хэдэн сарын өмнө жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ өсөж, жолооч нарыг багагүй бухимдуулсан. Тэгвэл энэ жилийн наадмын онцлох сонин хачины нэг нь түлшний үнийн өсөлт байв. Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд АИ-92 ангиллын шатахууны жижиглэнийн үнэ ойролцоогоор 200 төгрөгөөр өссөн байна. Тэгвэл энэ өсөлт иргэн Батын хэтэвчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Батын энгийн бензин хөдөлгүүртэй, дундаж оврын суудлын тэрэг 50 литрийн багтаамж бүхий шатахууны савтай (суудлын тэрэгний шатахууны савны дундаж 50-60 литр).


Тэрбээр түлшний “банк”- аа хоёр удаа дүүргээд нэг сарын турш ажил гэр, ойр зуурын хэрэглээгээ залгуулдаг аж. Тэгвэл 2017 онд сарын шатахууны хэрэглээндээ 160 мянган төгрөг зарцуулсан Бат өдгөө 180 гаруй мянган төгрөг төлж байна (АИ-92-ын жижиглэнгийн үнэ 1800-1860 төгрөг). Ингэснээр сарын хэрэглээ нь ойролцоогоор 20, жилийнх 240 мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шатахууны үнийн өсөлт иргэн Батад ийн нөлөөлж буй бол макро түвшний тойм тооцоо хийе. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний хагаст Монгол улс 31.4 мянган тонн АИ 92 шатахуун импортолжээ. Жижиглэнгийн үнэ нь дунджаар 125 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзвэл 3.9 тэрбум төгрөгийн өсөлт үүсчихээд байна.


Энэ бол хагас жилийн үзүүлэлт. Бүтэн жилээр тооцвол 7.8 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн гэсэн үг. Гэтэл энэ бол зөвхөн нэг төрлийн шатахууны үнийн зөрүү. АИ-80, дизель түлшний үнийн өсөлтийг тооцвол олон тэрбумаар хэмжигдсэн багагүй дүн гарахаар байна. Гэвч шатахууны өсөлтийн цунами ингээд дуусахгүй. Дугуй талхнаас эхлээд гурил будаа, автобус такси, бүр ус, дулааны үнийг хүртэл хөнддөг. Нийслэлийн Статистикийн газраас тооцсон түлш шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн сүүлийн хоёр жилийн харилцан хамаарлыг та харж байна. 2016 оны тавдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл шатахуун түлшний үнэ 17-34 хувь буюу 250-350 төгрөгөөр өсчээ.

• Түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болон очиж байна.

• Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна.

• Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарлаж буй.

Гэтэл үхрийн ястай махны ханш 1900, төмсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд, шатахууны үнэ ялимгүй өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нь. Өөрөөр хэлбэл, түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр аварга ачаа болон очиж буй нь энэ. Гэхдээ шатахуун түлш, бараа үйлчилгээний үнэ уралдан өндөлзөх зуур иргэний цалин орлогын өсөлт харин таг зогссон байх юм. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын салбарынхны үндсэн цалин 2014 оноос хойш огт өсөөгүй.


Монголчуудын хөдөлмөрийн хөлсний алтан дунджыг илэрхийлдэг медиан цалин 2016 оны зургадугар сард 700 мянган төгрөг хүрч байсан бол 2018 оны тавдугаар сард ердөө нэг хүрэхгүй хувь буюу 7.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин 705.9 мянган төгрөгтэй тэнцэж байна. Үнэ, ханш дээшлээд байхад цалин орлого л өсөж өндийлгүй тээр доор үлдчихээд байна. Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна. Тэгвэл Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарладаг. Гэхдээ дундаж хэмээн тайвшруулж буй үнийг нь иргэдийнх нь цалин, орлоготой нь харьцуулбал тэс өөр дүр зураг гарч ирнэ.


Монголчууд өнөөдөр АНУ-тай бараг ижил үнээр шатахуун худалдан авдаг. Гэтэл Монгол, АНУ-ын иргэдийн цалин, тэнгэр, газар мэт зөрүүтэй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байгаа биз. Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. Учир нь шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ялангуяа, монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ 80, АИ 92 авто бензинийг импортын татваргүй болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээгээр төсвийн орлого буурсан. Үүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байгаа хэмээн мэдэгдсэн юм.