A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2123/

Мах идэх сайхан ч, мал ихдэх зовлон боллоо

ХХААХҮЯ-наас малын тоог бууруулах бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2123/


Монгол хүн мах идэхгүй удвал сэтгэл санаагаар унана. Их удвал хувьсгал ч хийж мэднэ. Хүн бүр өөхтэй хавирга огтлоод байдаггүй ч, малын тоо хорогдсон мэдээг монголчууд хамгийн мууд тооцно. Сүүлийн хэдэн жил улсын нийт малын маань тоо суга өсөж, сэтгэл цатгалдаад сайхан гэж. Намар мах элбэгшээд идэш хийхэд ч урамтай. Гэтэл малын тоо толгойг зориуд бууруулах “эсэргүү” бодлогын тухай сонсогдоод эхэллээ. Бүр мал аж ахуйн салбар хариуцсан яамныхан ийм бодлого баримталж байгаагаа зарлахад мал гэхээр мах идэхээ төсөөлдөг ахар бодолтой хүний дургүй хүрч байна гэж жигтэйхэн. Сонсох нь ээ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ойрын хугацаанд малын тоо толгойг эрчимтэй бууруулах шаардлага тулгарсан тухай ярьж байна.

Бэлчээрийн даац хэтэрсэн л гэнэ, усны хангамж муудаж, хадлан тэжээл хүрэхгүй болсон, отрын бүс хумигдсан гээд түмэн зовлон тоочиж байна. Дээр нь царцаа, оготно хүртэл мал хорогдуулах үйлсэд “хүчээ өргөсөн” л гэнэ. Сайдын мэдээлэлд дургүй хүрсэн хүн шалтгааныг тодруулаад үзвэл уурлах бус ухаарваас зохилтой учир зүй олон байна.

Манай улсын мал сүргийн тоо толгой 1961-1991 онд хувийн өмчид очтолоо дунджаар 23 сая байжээ. Энэ нь социалист өмчид хайр гамгүй ханддаг байж гэхээс илүүтэй бэлчээрийн бодлого нарийн баримталдаг байсан гэх тайлбар зүүлттэй. Жишээ нь, 1980-аад оны хүн амын  хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах төлөвлөгөө гаргахдаа монгол орны бэлчээрийн даацын нормыг тогтоожээ. Түүгээр зун, намар 87.4 сая хонин толгой буюу таван төрлөөр 24 орчим сая мал, өвөл, хаварт үүнээс бараг хоёр дахин бага буюу 12 сая мал бэлчээрээр тэжээх бололцоотой гэж гаргаж байж. Үүнийг 1960-1970 оны 10 жилийн бүрэн хэмжээний судалгаагаар тогтоож ягштал баримталдаг байжээ. Гэтэл өнөөдөр 66 сая малыг хонин толгойд шилжүүлэхээр 110 сая болж байгаа юм. Маханд дуртай мань мэтэд нь “их хоол л гоё” гэдэг шиг сайхан л сонсогдож байна. Гэвч судлаач, эрдэмтэд бэлчээрийн даац хэтэрсэн гэж салбарын яамныхныг шаналгасаар байгаа. Доктор С.Цэрэндаш тэргүүтэй эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаанд “Өнтэй жил дунджаар 86 сая хонин толгой, харин гантай зун 57 сая мал бэлчээрээр тэжээх нь экологийн стандарт” гэсэн тооцоог яамныханд харуулж, анхааруулсан байна. Гэтэл өнөөдөр нийт 112.1 сая га бэлчээрийн 75 хувьд нь даац хэтэрчээ. Ядаж байхад яр гэгчээр бэлчээр талхалдаг гол буруутнаар тодорсон ямаан сүргийн тоо хониныхтой бараг ижил түвшинд очсон нь зовлонгийн бас нэг шалтгаан. Ямаа шимтэй өвсийг үндсээр нь иддэг учраас нөхөн төлжих боломжгүй болгодог годрон аж. Нэг ямаа гурван хоньтой тэнцэх хэмжээнд бэлчээрийг талхалдаг гэхээр “цамаан зантай”, царцуу махтай ямааг цөөрүүлэх нь зөв ч ноолуур өгдөг буянт мал гэдгээр нь хамгаалмаар ч шиг. Уг нь хөрснөөс цухуйж гарсан ургамлын 50 хувиас дээшгүйг малд идүүлж, үлдсэн хувийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг тухай агрономчид сургамжилсан л байдаг. Агрономчийг агаар салхигүй хүлэмжид ажилладаг хүмүүс гэж ойлгодог өнөө үеийн малчдад энэ бараг хамаагүй санагддаг биз. Үүний хажуугаар өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдах зэрэг бол хорь. Гучдугаар асуудал. Хотоор дүүрэн хониныхоо сайндаа л хорин хувьд нь ямаа байлгадаг малчдын холч ухаан хэнд ч хэрэггүй болов.

Бэлчээрийн даац хэтрэх нь зөвхөн өвсний шим, ногооны гарцтай холбоотой юм биш. Мал нь өлсөхөөр майхнаа босгоод оторлох гээд гараад шидчихдэг малчид цөөнгүй. Отрын үед бэлчээрийн маргаанаас ах нь дүүгээ танихаа байтлаа муудалцах ч энүүхэнд. Өөр аймаг, сумын малчдыг “нүд үзүүрлэх”, хөөж, туух нь байдаг л үзэгдэл боллоо. Ялангуяа өвлийн улиралд “хил зөрчигч”-ийг хөөж явуулах кампанит ажил ундарч, зарга чирэгдэл засаг дарга нарын зовлонг бас нэмнэ.

Үүний дараа худаг усны хангамж зовлон нэмж эхэллээ. Орос ахын мөнгөөр худаг гаргаж, ус ундруулж байсан бид социалист нийгмийн үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийгээд малын усны хомсдолд оржээ. Худаг усны бригад гэгч хагарсан худаг, хатсан сайрын дэргэд дурсамж төдий л сөхөгдөж байна. Уг нь худаг гаргах зар Нарантуул захаар дүүрэн байх юм. Харамсалтай нь мянгат малчид нийлээд худаг гаргах, усны ундарга нэмэгдүүлэх ажлыг хийчих ухаангүй л сууна. Малаасаа зарцуулаад хөрөнгө мөнгө гаргах гэхээр мянгат биш болчих гээд байгаа учраас тэр биз. “Мал мянга хүрэхээр төхөөрөх төлгө олддоггүй” гэдэг энэ буюу. Худаг гаргах дээр нэгдэж чаддаггүй малчид хадлан тэжээл дээр ч яг ийм л байдлаар хандаж байна.

Өвөл болохоор хүйтэн болдгийг төрийн түшээ нь хэлсээр байтал хадлангаа дутуу базааж, тусламж царайчилдаг малчид ч цөөнгүй. ХХААХҮ-ийн сайд ч малыг цөөлөхөөс аргагүй шалтгааны нэгэнд үүнийг дурдаж байна лээ. Тэрбээр “улсын өвсний фонд, тэжээлийн нөөц “амь тарианд” хүрэлцэхээ больсон, жил бүр хангалттай бэлтгэх зорилгоор улсын мөнгө гамгүй зарцуулагдаж байна” хэмээн хэлсэн. Цаашид малчдын өмнөөс хадлан бэлтгэдэг өгдөг энэ шударга бус ёсыг халахад ч буруудахгүй. Өвс тэжээлийн тусламж авсан малчид намар улсын нөөцөд махаа хямдралтай өгдөггүйгээс хойш тэднийг эрхлүүлэх хэрэг юун.

Салбарын яамнаас малчдыг “эрхлүүлэхгүй” байх бодлогодоо шагналын асуудлыг ч хөндөж байгаа. Мянгат малчинд олгодог шагналын шалгуурыг өөрчлөх тухай яригдаж, тооноос чанарыг эрхэмлэнэ гэдгээ шууд хэлж байна лээ. Мал нь мянга давсан ч сүргийн бүтэц, ашиг шимээр маруухан бол засгийн шагнал мөрөөдөөд хэрэггүйг зарлаж байна. Бүр малынх нь тоогоор зээл олгодогийг өөрчлөхөөр банк, санхүү хариуцсан сайдаа хатгаж, ятгах гэнэ. Мөн олон жил ярьсан малын хөлийн татварыг батлуулахгүй бол малын тоо хорогдохгүй гэдгийг салбарын яамныхан хэлж байгаа. Ингэхээр мал ихдэхийн зовлон нэмэгдсээр байх бололтой.

Идэхийн жаргалд мал ихэдсэний зовлон үүгээр дуусахгүйг бас нэг жишээгээр өгүүлье. Малын тоо толгой ихсэх тусам газар тариалангийн талбай буурч байгааг ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун тоо баримт дурдан нотолж байна. Тэрбээр “Сэлэнгэ аймаг 1990 онд 300 мянган малтай байхдаа 340 мянган га-д тариалалт хийж байсан. Харин өнөөдөр 1.5 сая малтай болсноор тариалангийн талбай 300 мянга болж буурлаа. Ийм нөхцөлд газар тариаланг нэмэгдүүлэх боломж алга. Газар тариалан хөгжих боломжтой Архангай аймаг гэхэд л дангаараа таван сая гаруй малтай болсон” гэсэн. Үүнээс хэрвээ бид малынхаа тоог бууруулахгүй л бол гурилын хэмжээ ч нэмэгдэхгүй гэдгийг ойлгож цөхөх юмгүй.

Үүн дээр царцаа, үлийн цагаан оготно малын бэлчээр, газар тариаланд гай тарьж байгаа тоо баримт бий. 2018 оны байдлаар 40 сая га үлийн цагаан оготнод, 70 сая га царцааны нүүдэлд сүйдэж байна.

Мах идэх сайхан ч мацаг барьж сурахгүй бол... гэдэг зөвлөгөөг дээрх зовлон шалтгаан тодорхой санууллаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зургаан ам бүлтэй айл угаартаж, нэг хүүхэд нас барлаа

 0 сэтгэгдэл
  • Угаартай холбоотой мэдээллийг нийтэд өгөхгүй байхыг үүрэгджээ
  • 18-19-нд шилжих шөнө угаартай холбоотой 140 дуудлага бүртгэгджээ


Баасан гарагаас бямбад шилжих шөнө нийслэлийн түргэн тусламжийн төвд угаартай холбоотой 140 дуудлага бүртгэгджээ. Харин бямба гарагаас ням гарагт шилжих шөнө зөвхөн Баянзүрх дүүрэгт 24 дуудлага ирсэн байна. Угаартай холбоотой дуудлагад түргэн тусламжаас гадна цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч хамт очиж байгаа аж. Харамсалтай нь 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг айл угаартаж, гурван настай охин нас барж, хүүхдийн ээж ухаангүй байдалтай Хордлогын төвд хүргэгджээ. Угаартсан эмэгтэй давхар бөөрний дутагдалтай гэх оноштой тул биеийнх нь байдал тун хүнд байгаа аж. Тэрбээр гурав болон 15 настай хоёр хүүхэд, настай аав ээж, нөхрийн хамт ам бүл зургуулаа амьдардаг байжээ. Харин тус эмэгтэй хүүхдийнхээ хамт унтаж байсан өрөө нь ханан пийшинтэй бөгөөд өөр өрөөнд байсан гэр бүлийн бусад гишүүн угаартаагүй аж. Тэд “Энгийн зууханд шахмал түлш түлсэн” гэж мэдүүлсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр угаартсан иргэд нийтийн байранд амьдардаг байсан талаар мэдээлсэн. Тэгвэл үүнийг угаартсан эмэгтэйн үеэл үгүйсгэсэн бөгөөд, уг айл гурван өрөө өвлийн байшинд амьдардаг байсан гэв. Харин хажууд нь нийтийн байр байдаг талаар тэрбээр залруулж хэлэв. Хордлогын яаралтай тусламжийн төв рүү залгаж, угаартсан иргэдийн талаар тодруулга авах гэсэн боловч “Манайх мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Угаартсан иргэдтэй холбоотой ямар ч мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхийг дээрээс үүрэг болгосон гэдгийг нэрээ нуухыг хүссэн эх сурвалж хэлж байна. Улмаар энэ сарын 21 буюу өнөөдөр энэ талаар нэгдсэн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Харин нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчээс тодруулга авахад “Өмнөх жилүүдэд ч өвлийн улиралд угаарын дуудлага ихэсдэг байсан. Гэхдээ энэ жил шинээр шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор дуудлага илүү их байх шиг байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Угаартсан байх магадлалтай бүх л дуудлагыг очиж, шалгаж байгаа. Дуудлага ч маш их ирж байна. Гэхдээ тэдэн дунд чанаргүй дуудлага бас байна. Иргэд толгой нь жоохон өвдөх төдийд л дуудлага өгч буй нь айдастай байгаагийн илэрхийлэл байх” гэсэн юм. Мөн иргэдийн хувьд шахмал түлшийг шөнө хэрэглэж чадахгүй байгаа талаараа хэлж байв. “Холбогдох байгууллагуудаас шахмал түлшийг хэрхэн хэрэглэх тухай зөвлөмж цаасаар тараасан. Нүүрсээ яаж түлдэг байсан, тэр аргаараа л галаа асааж байна. Угаартчих вий гэж айгаад шөнийн цагаар гал түлж чадахгүй байна” хэмээн учирлаж байв.











A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөл нийслэлээр аялах таван санаа

 0 сэтгэгдэл
  • Улаанбаатар хот өвөлдөө утаа, угаарын асуудлаас нэг хэсэгтээ л салахгүй байх. Гэсэн ч та амралтын өдрүүдээр цэвэр агаар амьсгалж, нийслэлийн ногоон бүсээр аялах боломжтой. Улаанбаатарын ойролцоо уушгиа баярлуулах хэдэн шийдэл танд санал болгоё. Цаг агаараа харж байгаад гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялаад үзээрэй. Сонирхолтой байх болов уу. 


1. Нохойтой чарга Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нохой чарганы аялал зохион байгуулдаг газар бий. Үнийн хувьд хамгийн ойр буюу таван км-ийн аялал 40 мянган төгрөг. Бидэнд ойрын аялал нь л хангалттай. Магадгүй та сонирхвол хамгийн хол буюу 55 км-ийн аялал нь 250 мянган төгрөг байдаг. Ойрын зайд дээд тал нь 15 хүн аялах боломжтой. Нэг чаргыг 5-7 нохой чирдэг бөгөөд нэг чарганд эрэгтэй бол нэг, эмэгтэй бол хоёр хүн суудаг ажээ. 

2. Ууланд аялах Ууланд зөвхөн зун л гарна гэж бодоогүй биз. Улаанбаатар хотод өвлийн улиралд ууланд аялдаг хэд хэдэн клуб бий. Хөдөлгөөнийг эрхэмлэгч, байгальд аялах хоббитой төрөл бүрийн мэргэжлийн, нас насны хүмүүс нэгдэж аялал зохион байгуулдаг. Та ч бас найз нөхдөө уриалан Богд ууланд аялж үзээрэй. Долоо хоногийн нэг өдөр ууланд гарах нь шаардлагатай хүчилтөрөгчөө авч, стрессээ тайлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 

3. Скай ресорт Италийн “Техно Алфин” компанийн цас хийх системийн тусламжтайгаар дэлхийн стандартын цас бүхий замыг бий болгон монголчууд, өвлийн спортын тамирчид, Монголыг зорин ирсэн жуулчдад үйлчилдгээрээ тус цанын баазын гол онцлог оршино. Улаанбаатар хотын төвөөс 12 км-ийн зайтай, Хүрхрээн аманд оршдог тус цанын бааз энэ жил өргөжиж АСЕМ-ын бүтээн байгуулалтаар Club House, Mt.Bogd гольфын клуб зэргийг бүтээжээ. Агаарт амрангаа цана, чарга, снөүбордоор хичээллээрэй. Та чадахгүй гэж санаа зовох хэрэггүй, мэргэжлийн багш нар таныг богино хугацаанд өвлийн спортын дөртэй болгоно.

4. Өвлийн дугуйн аялал Монголын залуучуудын холбооны дэргэд “Залуу дугуйчин” клуб үйл ажиллагаа явуулдаг. Тус клубээс үе шаттайгаар дугуйн аялал зохион байгуулдаг билээ. Өвлийн улиралд өөрийгөө сорьсон, адал явдалтай, мөн нэлээн хүч хөдөлмөр шаардсан аялал хийхийг хүсэж байгаа бол тэдэнтэй нэгдээрэй. Унадаг дугуй нь хүнийг стрессээс ангижруулж, залуу харагдуулах шидтэй спорт юм. Та долоо хоногтоо гурван удаа 45 орчим минут дугуй жийхэд л хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлэх боломжтой. Дээрх клубээс өвлийн улиралд Туул голын мөсөн дээр аялал зохион байгуулдаг. 

5. Цастай зураг авалт Экстрим аялал сонирхохгүй байгаа бол Улаанбаатарын ойр орчмын үзэсгэлэнт газраар цастай зураг авалт хийгээрэй. Найз нөхдөөрөө хотын ногоон бүсийг зорьж цэвэр агаараар амьсгалж, халуун дарс ууж өнгөрүүлбэл бас л сайхан амралт болно. Хамгийн гол нь энэ амралтаа гэрэл зургаар баталгаажуулаарай. Хамаг бүхэн шороо мэт арилахад гэрэл зураг л үлддэг шүү дээ. Сануулахад, цас орсны дараа гэдгийг мартав аа. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хар тамхины хэрэглээ ихтэй Нигерийн иргэдэд зөвшөөрөл олгохыг зогсоожээ

 0 сэтгэгдэл
  •  Д.Мөрөн: “Их засаг”-ийн хар тамхины хэрэгт холбогдсон иргэн манайхаас оршин суух зөвшөөрөл аваагүй. 
    Өнгөрсөн есдүгээр сарын дундуур “Рояал” академийн харъяа “Тэрэлж боардинг” дунд сургуульд багшлах гэж байсан, залуусын дунд Dj Steve нэрээр танигдсан Стив Фрешфилд гэгч биедээ хар тамхи авч явсан, мансуурсан үедээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан юм. Түүнийг аяллын визээр орж ирээд хориод хонож байсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Гадаадын Иргэн Харьяатын Газар (ГИХГ)-аас хийсэн мэдээллийн үеэр уг сэжигтэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас 30 хоногийн бизнес аяллын визээр орж ирээд, тус байгууллагад бүртгүүлээгүй явсан Нигер улсын иргэн байсан талаар мэдээлэл өгсөн юм. 

ГИХГ-ын дарга Д. Мөрөн хэлэхдээ, “Гадаадын иргэн Монголд ямар зорилгоор орж ирэх гэж байгаа талаар холбогдох байгууллага нь эхэлж манайд ханддаг юм. Жишээлбэл, МУБИС-д суралцахаар ирж буй гадаадын иргэнд зөвшөөрөл олгоно уу гэж тус сургуулийн захиргаанаас ГИХГ-т ханддаг. Тухайн иргэн S ангиллын сургалтын визээр орж ирээд, долоо хоногийн дотор манай байгууллагад бүртгүүлж, 21 хоногийн дотор Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авдаг юм.Сүүлийн үед хар тамхины хэрэгт гадаадын иргэд холбогдох асуудал гарч байгаа. “Их засаг” сургуулийн хар тамхины хэрэгт холбогдогч бол Английн иргэн биш, Нигерийн иргэн шүү. ИБУИНВУ-аас олгодог 30 хоногийн бизнес жуулчлалын визээр ороод ирсэн хүн. Манайхаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Хэрэв 30 хоногоос дээш бол ГИХГ-аас заавал зөвшөөрөл авдаг, ийм хуулийн зохицуулалттай. Хар тамхины хэрэглээ нэлээд өндөр улсуудын талаар бид мэдээлэлтэй ажилладаг. Нигер иргэдэд зөвшөөрөл олгохоо бид зогсоосон” гэсэн юм. Одоогоор Стив Фрешфилдийг цагдан хориогүй, гадуур байцааж байгаа бөгөөд цагдаагийн бүрэн хяналтад байдаг аж. Тэрбээр хар тамхины хэрэгт шалгагдах явцдаа буюу есдүгээр сарын 14-нд “Гэгээнтэн энтертаймент” төвийн шөнийн клубт өөрийн нэрийн DJ Steve эвентээ зохион байгуулж байсан юм. Аяллын визээр орж ирсэн гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, орлого олохыг хориглодог. Хэрэв ажлын санал авсан бол визний ангиллаа солиулах шаардлагатай. Энэ хуулийн дагуу “Рояал” академийнхан Стив Фрешфилдийн аяллын визийг солиулах хүсэлтээ гаргаад байсан үед хар тамхины хэрэгт холбогдсон юм. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд удааширч буй шалгаан нь хамсаатнууд болон хэрэглэгчдийн хүрээг нь давхар шалгаж байгаатай холбоотой байж болзошгүй.










A

Жижиг

A

Дунд

A

Том

Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй...

 0 сэтгэгдэл


- Би ч тэдний нэгэн адил Шанхайд бараг л намрыг мартах шахжээ. Үүл сүвлэсэн өндөр байшингуудын нэгдэл энд үгүй. Шанхайтай харьцуулахад нам гүм. Гудамж талбай нь үлэмж даруу. Манайхаар бол Улаанбаатараас гарч давхиад Дарханд ирсэн мэт санагдах тийм хөдөөрхүү.

“Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ. Тэр зүгт уулс буй, далай буй, шувуудын жиргээн, цэцэгсийн анхилам цөм буй...” гэж БНХАУ-ын Аньхуй аймгаас гаралтай, эх газрын яруу найрагч Ян Ли-Еэ “Урагш дэлгэсэн цонх” бүтээлдээ шүлэглэсэн байдаг. Үүнийг энд өгүүлэх болсны учир гэвэл Шанхай хотоос урьд орой нь хөдөлсөн унтлагын гал тэрэг дохиогоо хангинуулсаар Аньхуйн Хэфэй хотод өглөөний нартай уралдан ирлээ. Энэ хот саяхныг болтол гаднын жуулчдын анхаарлын төвөөс хол байлаа. Харин сүүлийн хэдэн жилд улс дотроо алдаршиж, төд удалгүй тивийн хэмжээнд нэр алдар нь түгж эхэлсэн байна.Өчигдөр бороо энд сүрхий орсон тул манан будан хөшилдөөд, холын юмс цайрна. Бороо орохоор эрс хүйтэрчихдэг гэнэ. Гэхдээ хэд хоногоос эргээд дулаарчихна гэж нутгийн улс ярих нь нэн таатай. Зунаараа яваа хүмүүс дулаан хувцасны эрэлд гарч, дор бүрнээ ачаа юугаа ухан ноосон зузаан цамцаа углаж харагдана. Галт тэрэгний буудал түмний хөлд дарагдаж, ирэх, буцах хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Хүн амынх нь тоо 10 сая дөхсөн, төв нийслэлээсээ даруй 1200 гаруй км алс зайтай Хэфэй хотод намрын улирал гоо үзэмжээ эс алдан байна аа. Өмнө зүгийн онцлог энэ. Урт удаан намар болдог билээ. Модноосоо тасарч ойчсон навчис салхины эрхээр... Харин навчсаас өөр нүдэнд торох хог, новш үл хөглөрнө. Цэвэрхэн, цэгцтэй хот юм байна. Хот дотроо метротой, метрогоор хүмүүс нь ажилдаа явчихна. Түгжрэх, бөглөрөх юм алга. Ийм болохоор зам дээр өрнөдөг уур бухимдал, стресс гэж байхгүй. Манай улс 2017 он гэхэд метротой болчихно гэж яриад өнөөдөр тэр бүхэн ор тас замхарчээ. Замын түгжрэл гэж тамтаггүй ихээр нэмэгдсээр. Харин энд метро нь ашиглалтад ороод гурван жил гаруй болжээ. Хот доторх дэд бүтцээ шийдсэнээр хүмүүсийнх амьжиргаанд хүртэл энэхүү бүтээн байгуулалт сайнаар нөлөөлжээ. Цаг хугацаа хэмнэнэ гэдэг мөнгөө гамнана гэсэн үг, хөгжил ойртох нэр. Манайх шиг хамаг цагаа зам дээр үрэх гачлан энэ хотод үгүй. Хотын гүнд нь дэлхийн брэндүүд цөм “үүрлэжээ”. Хүний хэрэгцээг энэ болгон нь хангаж хүчрэх учраас дэлгүүр хэсэх гэж Бээжин, Шанхай руу эндхийн хүмүүс явахгүй. Хэрэглээ нь энгийн. Харин ч дээрх хоёр хоттой харьцуулахад өртөг хамаагүй бага тул амар жимэр болоод байх. Худалдааны төвүүд бараа бараагаа харан байрлана. Тийм болохоор нэгээс нөгөө рүү гараад орох боломжтой.Хятадууд үргэлж ногоон цай эсвэл усны савтай явна. Эр, эм, хөгшин залуугүй ийм. Үүнийг зөв дадал хэвшил гэж болно. Мөн хэзээ ч хоолны цагаа хойшлуулахгүй, наашлуулахгүй. Өдрийн гурван хоолыг алгасах дургүй хүмүүс юм байна. Ямар ч ажилтай байсан өл залгах хоол ундтай тогтсон цагт “шадарлана”. Цайны цагаараа дасгал хөдөлгөөн хийж байгаа нь шамдангуй. Хийн дасгал хийхийг нийтээр нь хорьчихсон тул бүжиглэхээс гадна сүүлийн үед гудамж талбайдаа ил задгай дуулах болжээ. Манайхан хатуу “юм” уугаад дуулж, сэтгэл дотор хургасан зүйлээ сая гаргадаг бол хятадууд хэнээс ч ичиж эмээх зүйлгүй, зөв, солгой гэхгүй дуулж гарна. Дуулахын тулд заавал нэг “сэргээш” хэрэглэх гэж оролдохгүй. Сэтгэлээ ч ингэж хүчлэх нь үгүй. Дуулах нь тэдний хувьд урт наслах нэг арга болжээ. Харин чихэр, шоколад гэж ер дурлаад байхгүй. Хятадын 70 жилийн ой Хэфэйд  очих үеэр тохиож таарсан тул улс даяараа амарч, худалдаа, үйлчилгээний төвүүд нь хөл ихтэй байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ харж л явлаа. Монголтой ойролцоо ч нь байна. Хүмүүсийнх аж байдал сүүлийн хэдэн жилд дээшилж,  амьжиргааны түвшин төрөл арилжсан гэж болно. Тийм учраас өмнөд хөршийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өөрсдийнх иргэд болж, тэд худалдан авалт, хэрэглээгээрээ улсаа тэжээн, тэтгэх хэмжээнд нэгэнт иржээ. Сонирхуулахад, 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдрал шинэ мянганы хятадуудад онцгой содон байхаа больжээ. Цайны соёлоороо Аньхуй нутаг Хятадад зэгсэн алдартай. Дотоодын аялал жуулчлал энэ орон хотод хөгжиж, улс дотроо улам алдартай болоход өнө эртний хатуу дэг уламжлалтай цайны соёл гаргууд үүрэг гүйцэтгэсэн байна. Ерөөсөө цай уух гэж, цайны соёл гэгч чухам юу болохыг өрнийн улс амьтан бие сэтгэлээрээ амтлан мэдрэх гэж, таалан соёрхох гэж энд ирдэг аж. Аньхуйгаас гаралтай эсвэл энд төрж өссөн хүүхнүүд цай сайтай гэж хадамдаа шагшигдах нь энүүхэнд. Манайхан баруун таван аймгийнхан цай сайхантай гэж ярьдагтай энэ нь агаар нэг юм. Баруун таван аймаг дотроо Увс илүү гэлцдэг. Түүнтэй адилхан Аньхуй нутаг ийм буюу.Аньхуй мужийн Хэфэй хотод Монгол Улсаас 20 гаруй оюутан өдгөө сурч байна. Тэдний дийлэнх нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнажээ. Зарим нь ирэх жил төгсөх гээд толгой өндийх завгүй байна. Монголоос авчирсан ганц чихэр хүртэл энд амттай бас ховроос ховор эрдэнэ болно. Хотын төвд том газар нутаг эзлэн орших Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулиар зочиллоо. Номын сан нь манай Засгийн газрын ордноос хэдэнтэй сүрлэг байх агаад сургуулийн хүрээ нь явж барагдахгүй цэлгэр юм аа. Улс нийтээр амарсан ч номын сан нь суудал үгүй, цөм эзэнтэй. Тэд дор бүрнээ бусдад саад болохгүйг хичээн өмнөх хичээл, номоо чухам уйгагүй давтана. Ялаа дүнгэнэх чимээ танхимд сонсогдохоор анир чимээгүй. Тэнгэр чичсэн өндөр уулсын өвөр бэлд төрж өссөн үеэл маань Аньхуй аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн  оюутан. Түүний хэлснээр хятад оюутнууд их уйгагүй, үргэлж л хичээл номоо давтаж байдаг гэв. Улс доторх өрсөлдөөн ширүүн учраас ингэж хичээлээ давтахаас өөр сонголт тэдэнд олддоггүй байна. Сургуулийн хичээлийн болон оюутны байр хоорондоо холгүй, хотхон дотроо. Тиймээс автобус, метро гэж явахгүй. Оюутны амьдрах орчин нөхцөл энэ болгоныг нэг дор шийдсэн нь суралцмаар. Заавал тив алгасах бус хажууханд буй хөрш “айл”-аас авах, гээх, туршлага судлах зүйл их байна. Нүдээ чилтэл номын санд суусан оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбай төрөл төрлөөрөө эгнэн байрших нь цагаан атаархал төрүүлнэ. Улаанбаатарт “улаан ном”-д орох нь холгүй хэдхэн спорт талбай  бий. Жилээс жилд энэ талбайн хэмжээ, тоо нь говийн мазаалай шиг хорогдох болсон. Харин оронд нь автомашины зогсоолгүй, ногоон байгууламжгүй шил толь болсон байшин сав ярайтал гэнэтхэн сүндэрлэх нь жаахан урамгүй. Ногоон байгууламж нь Хэфэй хот гоё сайхан харагдах нэг нууц гэлтэй. Энэхүү хотоос зах хязгаар нь саравчлаад ч харагдахгүй далай тэнгист хүрэхэд хамгийн дөхөм гэнэ. Энд хүрсэн хүн далай явна гэж зүтгэдэг нь бас учиртай. Ойрхон гэж сонссон болохоор хүсэх нь бас аргагүй ч юм уу даа. Тус хотоос Хятадын төв нийслэл Бээжин хүртэл хурдны галт тэргээр цагт 300  км-ын хурдтай таван цаг эх газрыг туулна. Ингэж явахад нэг хүний 400 орчим юань. Энэ нь төгрөгөөр 150 гаруй мянга болж байсан. Өмнөд хөршид цагийг нь тулгасан болгон нэг л бүтэл муутай эсвэл илүү өндөр үнэ төлөх хэрэг гардаг. Тиймээс явдлын хүмүүс эртнээс юм болгоноо урьдчилж захиалж байж сая амар явна. Эрт төлөвлөж байж бид илүү хэмнэнэ. Хятадууд ч өөрсдөө ийм. Манайхан өмнөд хөрш рүү 2010 оноос хойш аялах нь эрс нэмэгджээ. Гэр бүлээрээ болон найз нөхөд, хамт олноороо явах нь олширсон бөгөөд зарим нь Эрээн яваа мэт ямар ч төлөвлөгөөгүй, юу үзэхээ, хаагуур явахаа тодорхойлж мэдэлгүй ирдэг байна. Төгрөгөө юань болгосныг эс тооцвол аяллын бэлтгэл сул задгай. Хот хооронд явах тасалбараа хүртэл урьдчилж авахаас гадна үзэж харах үзвэрээ мөн ингэж албажуулах хэрэгтэй. Тэрбум хол давсан хүн амтай энэ улсад хүн ажил, амьдралаа залгуулна гэдэг бэрх. Тиймээс хүн болгон өмнөх ажлаа сэтгэлээсээ хийнэ. Ажлыг тэд голохгүй. Ажлаа бас хуурахгүй. Харин ажилтай байгаа нь аз жаргал болно. Хүн зоных нь амьдрал харилцан адилгүй. Хэдий тийм боловч дэлхийн тэргүүлэх гүрэн мөдхөн болно гэсэн итгэл үнэмшил иргэн болгоных нь хүсэл мөрөөдлийн нэг хэсэг мэт. Өмнөд хөршийн иргэд төрийн далбаагаа уламжлалт баяр, тэмдэглэлт ойгоороо бахдал дүүрэн намируулж явах юм. Ялангуяа хүүхдүүд нь гар гартаа далбаа атгасаар, аав ээжээ тойрон гүйнэ. Хүүхдэд багаас нь эх оронч үзэл санааг магадгүй ингэж суулгадаг байж болох юм. Хүдэн татсан хүний нутаг ард үлдлээ. Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй нутагт ахин ирэх ерөөл тавья.