A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3398/

Мацуда Таданори:Монголын энэ их уудам тал цаг хугацаа байтугайг шингээнэ, зүгээр л хийсгэж одно

Энэ их талын морь унасан монгол хүн биднээс илүү аз жаргалтай амьдарч чадаж байгаа юм биш үү гэдгийг олж харсан.

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3398/


ЯПОНЫ АЛДАРТАЙ КОМПАНИ, КОРПОРАЦЫН ЭЗЭД ӨӨРСДИЙН БАЯЛАГ БҮТЭЭСЭН ТҮҮХ, АМЬДРАЛАА УРАН ЗОХИОЛ ШИГ ТОДОРХОЙ, ИЛ ТОД ӨГҮҮЛЖ ЧАДНА. ӨНӨӨДРИЙН МОНГОЛЫН ШИНЭ БАЯЧУУДААС ИНГЭЖ ЯРЬЖ ЧАДАХ ХҮН ХЭД БАЙГАА БОЛ ОО!

Монголын утга зохиол судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Япон улсын иргэн, ноён Мацуда Таданоритай ярилцлаа. Тэрбээр Монгол Улс, монголчууд бидний талаар хамгийн сайн мэдэх гадаад хүний нэг. Түүний ярианаас монголчууд бидний үнэ цэнтэй зүйлс эдүгээ байна уу, үгүй юу, бид хэн байсан, эдүгээ хэн болж байгаа вэ гэдгээ мэдээсэй, олж хараасай гэж хүсэх байна.

-Монголчууд “холын хүнээс үг сонс” гэдэг. Тиймээс таныг сониныхоо зочноор урилаа. Илэн далангүй, сонирхолтой ярилцахыг хүсэж байна. Яагаад гэвэл та биднийг гадна талаас харж байгаа хүн. Тэгэхээр яриаг тань манай уншигчид шимтэн сонирхох нь эргэлзээгүй. Тохирох уу?

-Юуны өмнө сониныхоо зочноор урьсанд талархъя. Та асууж, би хариулах болохоор сайн ярилцлага болох эсэх таны л мэдэх хэрэг болж байна.

-За тэгвэл, та яагаад Монголыг, тэр тусмаа манай утга зохиолыг сонирхож судлах болсон юм бэ гэдэг асуултаар эхлэе?


-Монгол судлал, Монголын утга зохиолд шимтээд 55 жил болж байна. Энэ хугацаанд ерөөсөө уйдсангүй, улам л амтархах бололтой. Яагаад гэвэл би гэдэг хүн Төв Азийн голт зүрх болсон Монголын хязгааргүй их тал нутаг, нэгэн цагт дэлхийн хагасыг эзэлж, эзэгнэж явсан монгол хэмээх үндэстэнд ухаангүй дурласан хүн болж хувирсан юм. Ахлах сургуульд сурч байхдаа Л. Толстой, Томас Маннын зохиолуудын амтанд орж улмаар үргэлжилсэн үгийн зохиол орчуулах болсон л доо. Тэр үеэс л Монголд ер нь утга зохиол байдаг эсэхийг эргэцүүлж, мэдээж байж л таарна, заавал байх ёстой гэж бодох боллоо. Сүүлдээ энэ хүсэл шохоорхолдоо бүрэн автаад монгол хэл үзэж эхэлсэн дээ. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй. Жар, далаад оны үед манай япон залуучууд тэр чигээрээ Францын утга зохиол, урлаг соёлд шунан дурладаг байсан юм. Тиймээс хэн ч мэдэхгүй Монголын утга зохиол сонирхох болсон намайг хүн болгон л гайхаж, тийм зүйл байдаг эсэхэд ер нь л эргэлзэж байлаа шүү дээ.

-Уучлаарай, Монголд уран зохиол байдаг эсэхэд эргэлздэг байсан гэсэн үг үү?


-Үнэнийг хэлэхэд яг тийм. Монголын тухай монгол хэл дээр хэвлэгдсэн нэг ном ч олддоггүй, байдаггүй байсан юм. Хубилай хааны цэргүүд хоёр удаа Японд халдсан түүхээс өөр бидэнд ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй юм чинь. Тэгээд ямар ч орлогогүй оюутан байсан мөртлөө Монгол руу захиа бичиж ямар ч хамаагүй ном өгч явуулаач гэж хүсдэг байлаа. Захиагаа тухайн үеийн ЗХУ­ын утга зохиол, хэвлэлийн хороо руу илгээж тэднээр дамжуулж байж анх удаа “Үнэн”, “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлийн хэдэн дугаар хүлээж авч билээ. За тэгээд, “Утга зохиол урлаг” сонин уншаад үнэхээр гайхсан. Гайхалтай, зүрх минь өөрийн эрхгүй хэмнэлээ алдтал цохилж байгааг мэдэрсэн. Үргэлжилсэн үгийн зохиол нь ийм байгаа юм чинь шүлэг, яруу найраг нь ямар байгаа бол заавал олж уншъя гэж бүр адгаж хүсэх болсон. Шууд л Монголын сонин, сэтгүүл, номнуудаас захиалж гарлаа. Эхлээд арав гаргаад, дараа нь захиалга маань бүр 200 ширхэг гараад талийсан. Мөнгөгүй атлаа зоригтой байсан байгаа биз. Захиалсан бүхэн хүрээд ирвэл яана даа гэсэн айдас бас дагалдаастай. Тухайн үед ном орчуулж олсон бүх мөнгөө үүнд зарцуулсан.

-Гоё юм аа! Сонсоход сэтгэл үнэхээр хөдлөж, догдолж байна. Тэгээд яасан...?


-Хэд хэдэн ном ирлээ. Уншлаа. Орчууллаа. Маш гүн сэтгэгдэл үлдээсэн нь танай Монголын агуу их хүн Мишигийн Цэдэндорж. Түүний гайхалтай гоё ном ирсэн юм. Цав цагаан хавтастай ном. Маш сайн цаасан дээр хэвлэгдсэн байсан. Монголын ихэнх шүлэг, яруу найраг их урт байдаг бол М.Цэдэндорж маш богино атлаа гайхамшигтай санаа агуулсан гүн ухааны шүлэг бичдэг яруу найрагч байсан. Миний сонирхлыг ямар ихээр өдөөсөн гэж бодно. Мөн хожим миний хамгийн хүндэтгэдэг хүний нэг болсон академич Б.Ширэндэв гуайн “Капитализмыг алгасч”­ыг орчуулсан. Маш гоё хайрцаг, хавтастай хэвлэгдэхэд нь хязгааргүй баярлан догдолж байснаа мартдаггүй юм. Үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж чаддаггүй байсан үе гэхэд нэг жилийн дотор арав шахам ном Японд хэвлэгдсэн. Гэтэл нэг л өдөр Б.Ширэндэв гуайгаас Монголд ирэхийг хүссэн урилга ирдэг юм. Бүх зардлыг Монголын тал даагаад, гурван сар айлчилж, зочлох эрх олгосон доо. Ингээд л анх удаа Монгол Улсыг зорьж байж билээ. Монголд ирээд бүр гайхаж хоцорлоо.

-За яасан байх билээ. Мэдээж анхны сэтгэгдэл тань ямар байсан бэ, гэдгийг асуухгүй байж боломгүй л дээ?


-(инээв) Өвлийн тэсгим хүйтэн цагтаа яг таарсан л даа. Тиймээс маш зузаан хувцастай Монголд ирлээ. Гэтэл юу байхав, бараг Японоос дулаан, бүх байшин сав нь халуун паартай байлаа. Ингээд Баянгол зочид буудалд байрлаж байтал гэнэт л нэг зочин ороод ирсэн. Хэн гэж бодож байна? Нөгөө агуу М.Цэдэндорж намайг өөрөө сураглаад Монголын утга зохиол судлаач Мацуда гэдэг япон хүн хаана байна гээд ороод ирсэн юм даа. “Тал нутгийн яруу найрагч” гэсэн ном гаргасан байсан. Түүнийг барьчихсан орж ирлээ. Тэр хүн бол яруу найраг шигээ маш өвөрмөц, сонин, содон хүн. Би гэдэг хүн анх 17 настай хөвгүүн байхдаа энэ хүний номыг нь барьж үзэж, шунан дурлаж байсан бол одоо өөрөө ороод ирдэг гэж бодохоор итгэмээргүй санагддаг юм билээ. Монгол хүн гэхэд их өөр харагдсан.

-Мэдээж гадаад төрх нь байх л даа?


-Тийм ээ, гадаад тэр тусмаа Европ хүнтэй төстэй харагдсан. Гэхдээ энэ хүнийг анх харангуут л ер бусын болохыг нь мэдэрсэн юм. Би урьд өмнө, хожим хэзээ ч дахин ийм хүнтэй уулзаж байсангүй ээ! Нүд нь ямар байсан гээч. Намайг нэвт харж байсан. Ямар тунгалаг гэж бодно. Би тийм нүд харж байгаагүй юм билээ. Дэггүй, сониуч юм шиг хэрнээ дотоод сэтгэл нь ив ил харагдсан. Бүр нэг төсөөлж хэлэхийн аргагүй зөөлөн инээмсэглэсэн атлаа хурц тунгалаг харц. Тэр хүний нүд бас их тал шиг амар амгалан, худлаа юм огт байхгүй тийм нүд. Нэг намын үзэл сурталтай байсан социалист, коммунист Монголд тэр хүн бусдаас огт өөр. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой, зоригтой, маш тайван, гүн ухаанч, аль эрт гэгээрсэн хүн байсан. Ийм гайхамшигтай яруу найрагч, агуу хүнтэй би 27­ хон насандаа уулзаж байсан байна шүү дээ. М.Цэдэндорж надтай хоёр удаа ирж уулзсан юм. Чи залуу хүн мэдэхгүй л дээ. Тэр үед Монголд хөрөнгөтөн орны хүнтэй хамаагүй уулзахыг нь хэн хүнд хориглодог, тусгай алба хатуу хянадаг байсан юм. Доллараар наймаа хийвэл шоронд ордог, монгол хүнд доллар байх ёсгүй гэж үздэг байсан үе. Тийм байхад л М.Цэдэндорж ганцаараа л буудалд хэнээс ч айхгүй хоёр удаа ирээд уулзаж байсан юм даа. Тэр хүнд зориг зүрхээс гадна өөрийгөө үнэлсэн том үнэлэмж байж. Би хүсэж байвал хэнтэй ч уулзаж болно тийм эрхтэй гэж бодож чадаж байна л даа. Хожим 1983 онд Монголд ирээд хамгийн түрүүнд уулзах гээд сураглахад бурхан болчихсон байсан. ...Үүлэн дээр чи бид хоёр хөвөрч, унтаж хөвж явна... гэсэн аймшигтай бөгөөд үнэн мөрүүд түүний шүлэгт бий. Хэрийн хүн ойлгоход бэрх гүн ухааны шүлэг бичдэг байсан найрагч. Цаг үеэсээ маш хол түрүүлсэн сэтгэлгээтэй байсан яруу найрагч байж. Монголын тэр үеийн залуус түүний шүлгийн мөрүүдийг чихэр шиг хүлхэж явсан байх гэж би боддог.

-Та миний сэтгэлийг бүр хөөргөчихлөө, би ч гэсэн энэ агуу найрагчтай нэг нутгийн хүн гээд хөөрч, онгирох тохиолдол их бий л дээ?


-Тийм үү? Тэгвэл онгирч болох байх шүү. (инээв)

-Та Монголд буугаад шууд хөдөөгөөр яваад иржээ. Тээж ирсэн, төрж байгаа бодол санаагаа хуваалцаач?


-Яг миний ярихыг хүсэж байгаа зүйлийг чи асуулаа. Хэд хоног хөдөөгөөр явлаа. Хотод ирээд бас хэд хоночихлоо. Энэ хугацаанд нэг л зүйлийг харж хайж, бодож бясалгаж явна. Монголын яруу найраг хаашаа явж байгаа бол оо, М.Цэдэндорж, Ч.Чимид нар шиг яруу найрагчид төрж байгаа болов уу, “Би монгол хүн” шиг тийм хэмжээний яруу найраг бичиж байна уу, эс бөгөөс бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг ижил шүлэг бичээд байгаа юм биш биз гээд элдвийг эргэцүүлж явлаа. Тэгээд Монголын уудам хөх талд суугаад “Мацуда би яг энэ цэлгэр цэнхэр тэнгэрийг харж, энэ уудам талд алхаж амьдарч байгаа агуу яруу найрагчдын бүтээлийг орчуулж байгаа ганц орчуулагч биш байгаа даа” гэж догдлон бодож байсан залуу насаа саналаа.Одоо эргэцүүлж бодоход Их Монголын шүлэг яруу найргийг ямар ч өөр юм бодож, сэтгэл зовохгүйгээр цэнхэр тэнгэр, хөх тал шиг сэтгэлээр аз жаргалтайгаар орчуулдаг байжээ. Гэтэл өнөөдөр жирийн нэг гадаад хүн ингэж догдолж байсан шиг Монголын хүүхэд, багачууд догдолж байна уу, тэднийг татсан, догдлуулсан яруу найраг байна уу гэж эргэцүүлэхэд хүрлээ. Энэ их хөх тэнгэр, талаасаа уйдсан яруу найраг, яруу найрагч төрж байгаа юм биш биз гэж зүрх шимширч бодлоо. Монголын хүүхэд багачууд, залуус эх орноороо бахархах, шүтэн дээдлэх үзэл суух, үнэртэх тийм яруу найраг, найрагч олон төрөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж сууна.

-Манай орчин цагийн яруу найраг, найрагчид сэтгэлд тань нэгийг бодогдуулж дээ?


-Бодол санаагаа шууд хэлье л дээ. М. Цэдэндорж шиг богино мөртөд асар гүн ухаан шингэсэн шүлэг яруу найраг хайлаа.Олдсонгүй ээ. Жинхэнэ яруу найрагч хүнд алдар нэр, мөнгө, албан тушаалын аль нь ч зохидоггүй учраас хэрэггүй байдаг юм. Үзэг, цаас хоёр байгаад оюун санаагаар баян байх хэрэгтэй. Ийм байх аваас ард түмнээ сэхээрүүлж, араасаа дагуулдаг юм. Яруу найрагч хүний харах хараа жирийн хүнийх шиг биш. Хүн үүссэн цагаасаа л сэтгэлээ шүлгээр үгээр илэрхийлж ирсэн шүү дээ. Шүлэг, яруу найраг үгүйгээр сэтгэлээ яаж бүрэн илэрхийлэх юм. Тэр тусмаа монгол хүний үг яриа яг шүлэг шиг байдаг юм ш дээ. Монголчуудын үг яриа, албан бичиг, хайрын үгс нь хүртэл яруу найраг байдаг байсан. Одоо энэ бүхэн байхгүй болчихвол яах юм. Тэр чигээрээ яруу найрагч энэ ард түмэн яруу найргаа тоохоо байж, хэрэггүй гэж үздэг болж байгаа бол аймшиг. Энэ ертөнцийн баячууд эрх чөлөөг олох гэж мөнгө хийдэг гэж байна. Эрх чөлөөтэй сэтгэхийн тулд мөнгө, эд хөрөнгөтэй байх ёстой гэж байна. Үгүй шүү дээ. Хүн үхэхэд эд хөрөнгө, мөнгө шиг хэрэггүй зүйл үгүй. Хурааж цуглуулсан болгоноо аваад явахгүй шүү дээ. Тэгэхээр хүн, тэр тусмаа залуу үе эд хөрөнгө мөнгийг бус оюун сэтгэлгээгээ, мэдлэг боловсролоо шүтэх учиртай. Халаасаа мөнгөөр бус толгойгоо мэдлэгээр цэнэглэ. Би монгол хүнд асар их аз жаргал буйг хардаг. Үүнийгээ монгол залуус мэдэхгүй өсөж байх шиг санагдлаа.

-Яагаад?


-1980 онд би Монголд анх удаа ирлээ. Академич Б.Ширэндэв гуайн урилгаар л даа. Улаанбаатарт ирээд буудалд буугаад нэг хонолоо, хоёр хонолоо. Юу ч хийгүйгээр шүү дээ. Надад ямар хэцүү байсан гэж санана. Надад ийм сул, юу ч хийхгүй байх цаг хэзээ ч гарч байгаагүй юм. Одоо ч тэр. Энэ дэлхийн ихэнх хүн над шиг байгаа. Цаг хормоор амьдрал, ажил нь хэмжигдэж, бүх зүйл төлөвлөгөөнийхөө дагуу өрнөж байдаг. Тиймээс анх Монголд ирэхэд надад ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөө хөтөлбөр ч үзүүлээгүй болохоор цэлийсэн тэр цаг хугацааг барах гэж хэцүүдсэн хэрэг. Хэд хоногоос Монгол хүнд япончууд шиг яг таг тодорхой цаг хэрэггүй байдгийг ухаарсан юм. Монгол хүн өөрийн зоргоор, байгалийн цагаар хөдлөөд, ажил амьдралаа зохицуулж явдгийг ойлгосон доо. Тэр үед М.Зэнээ, О.Дашбалбар нартай танилцаад хөдөө хээр гарлаа. Энэ бодлоо тэдэнд хэлэхэд М.Зэнээ нэг их инээгээд “Монголын энэ их уудам тал цаг хугацаа байтугайг шингээнэ, зүгээр л хийсгэж одно”гэж хэлсэн юм. Монголын их тал юунд ч баригдаж, хайрцаглагддаггүй, юунд ч дийлддэггүй юм гэдгийг тэр хоёроос сонсоод ухаарч өгөхгүй байлаа. Бид Тэрэлжид очлоо. Харин тэнд очоод юу хэлээд байсны учрыг ухаарсан. Өдөржингөө морио унаад, уулын орой дээр гарч суугаад хөдлөхгүй, орчноо дурандан тайван суугаа малчинг харлаа. Япон улс тэр үед эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлж байсан,хамгийн эрчимтэй байсан л даа. Япон хүн бүр минут, секундээр тооцож хөдөлмөрлөж, зогсолтгүй хөдөлгөөнд байдаг байсан болохоор би гэдэг хүн энд ирээд цаг хугацаа яг царцаад зогсчихсон мэт огт хамааралгүй орчинд ороод гайхахаар барахгүй ойлгохын аргагүй хүчин зүйлтэй учирч байгаа юм. Цаг хугацаанд баригдахгүй амьдрал нь өрнөж, амжиж байгааг энд харлаа. Нөгөө малчин хүнтэй очиж уулзаад суулаа. Тэр малчны нүд бүгдийг хэлээд өгсөн дөө. Тэр монгол хүний яриа, тэр нүд нь байгаа байдал төрх нь тэр чигээрээ би энэ их талын, энэ уудам эх орны эзэн нь юм шүү гэдгээ илэрхийлж байсан. Түүнд яарах юм алга, санаа зовох зүйл алга, ямар их амар амгалан гэж энэ бэ. Малтайгаа, морьтойгоо, уул устайгаа, ургамал ногоотойгоо монгол хүн ингээд найрсаж уусдаг болохыг, ийм ард түмэнг цаг хугацаа ч барьж, тогтоож чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон юм. Би ийм эх орны эзэн гэж цээж дэлдэж хашгирахгүй, элдэвт шунахгүй, цаг хугацаанд баригдахгүй, юунаас ч айхгүй монгол хүн надаас дэндүү ялгаатай юм биш үү гэж бодлоо. Өдөр, шөнөгүй нар харах завгүй ажиллаж байдаг би гэдэг хүн, юу ч хийхгүй атлаа тайван амгалан байгаа монгол хүн хоёр үхэхэд ямар ялгаа байна бэ гэж бодоход хүрсэн. Энэ их талын морь унасан монгол хүн биднээс илүү аз жаргалтай амьдарч чадаж байгаа юм биш үү гэдгийг олж харсан. Сэтгэл зүйн энэ их амар амгалан тайван байдал мөнгөнөөс илүү болохыг харсан. Би нэг л удаа амьдарна. Тиймээс ямар нэг хоол, эд хөрөнгө, мөнгө, албан тушаалыг чухалчлах бус, түүний төлөө үхэж хатан тэмүүлэх биш, амьдралын амар амгаланг эрэх ёстойг Монголд ирж байж ойлгож бас суралцсан хүн. Мөнгө хөөцөлдсөн хүн хэзээ ч амар амгалан, тайванг мэдэхгүй явсаар бахардаж унадаг гэдгийг ойлгосон.

-Таны хэлж байгааг мон-гол хүн одоо бараг ойлгохгүй болсон гэж хэлэхэд ха рам-салтай байна. Бид өөрч-лөгдсөн. Монгол хүн тэр яз гуурын аз жаргал, амар ам-га лангаасаа илүү өнгө мөнгө, эрх мэдэлд шунаж, эрхэмлэх болсон л доо?


-Ингэж байгаа бол маш харамсалтай. Энэ дэлхийд та нарт өөр ямар ч улс үндэстэнд хүсээд мөрөөдөөд олдохгүй аз жаргал, юугаар ч үнэлэх боломжгүй эрх чөлөө, үнэ цэн бий гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ энэ үнэ цэнээ мартаж байгаа бол 40, 50 жилийн дараа өнөөдрийн энэ Монгол байх уу,үгүй юу гэж бодох хэрэгтэй болно. Бусдаас ялгарахгүй үндэстэн болчихсон байвал яана. Монголын шинэ баячууд, хөрөнгөтнүүдийг би сайн мэдэхгүй. Гэхдээ тэд дэлхийн баячууд шиг оюун ухааны хувьд хэр хүчтэй, чадалтай байдаг юм бол. Сэтгэл зүрх нь эрүүл, сэтгэж бодох нь эрүүл, бие махбодын хувьд ч эрүүл байж, мөнгийг юунд зарцуулах ёстойгоо мэддэг нь хэд байна бэ? Өөрийгөө үнэлэх үнэлэмж байгаа болов уу тэдэнд. Агуу найрагч Д.Нацагдоржийн хэлсэн шиг тэдэнд эрүүл бие, саруул ухаан байна уу гэдэг л хамгийн чухал юм шүү дээ. Японы алдартай компани, корпорацын эзэд өөрсдийн баялаг бүтээсэн түүх, амьдралаа уран зохиол шиг тодорхой, ил тод өгүүлж чадна. Өнөөдрийн Монголын шинэ баячуудаас ингэж ярьж чадах хүн хэд байгаа бол оо!

Үргэлжлэл дараагийн дугаарт

A

Жижиг

A

Дунд

A

Том

Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

 0 сэтгэгдэл
  • Монголын тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү
  • Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалыг дэмжих, зүй бус зүйлийн эсрэг тэмцэхэд санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн тул хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв


2006 онд Нью-Йоркийн жирийн нэг охин Тарана Брюкийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрийн зурагтай олон нийтийн сүлжээнд тавьж байв. Гэсэн ч түүний нэр хүндээ золиослон байж тэмцэхийг хүссэн энэ зоригт үйлдэл хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин 2017 онд Америкийн алдарт жүжигчин Алиса Милан Бюркийн постыг сэргээн, Me too хаштаг хэрэглэн өөрийн сошиалд сүлжээндээ тавьжээ. Ингэснээр бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж байсан тохиолдлуудаа ээлж дараалан зоригтойгоор зарлаж, хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Улмаар Гвинет Пэлтроу, Эшли Жүдд, Женефер Лауренс, Ума Турман нарын Холливудын одод Me too-д нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Олон ч алдартан, эрх мэдэлтэн бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь үүгээр илэрч, жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн билээ. Бюркийн 2006 онд эхлүүлсэн хөдөлгөөн 2017 онд сая дэлхий нийтийг хамарч чадсан бөгөөд үүний үр дүнд зөвхөн АНУ-д 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарын хооронд бэлгийн дарамтын 7500 тохиолдлыг шинээр илрүүлэн гаргажээ. Мөн “Одоо хангалттай” хэмээх сан байгуулагдаж, бэлгийн дарамтад өртсөн 3600 гаруй хүнд тусалсан байна. Жирийн нэг бүсгүйн эхлүүлсэн хөдөлгөөн ямар их үр дүнд хүрч болохын бодит жишээ энэ. Дэлхий нийтээрээ тэмцээд буй бэлгийн дарамт Монголд ч мөн байдгийг бүгд мэддэг ч зориглон илчилж, тэмцсэн нь үгүй, далд хэлбэрт оршсоор байна. Ялангуяа спортын салбар дахь эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол их байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар нэгэнт ил болоод байна. Энэ талаар манай сонин нийтлэхдээ Монголын алдартай эмэгтэй тамирчдын зургийг эгнүүлэн тавьж, тэднийг зүй бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан нь өчигдөр цахим орчинд багагүй хэл ам дагуулав. Тамирчдын зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэл ч ирж байна. Бидний хувьд ийм шүүмжлэл, буруутгал ирэхийг сайн мэдэж байсан ч спортын салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хохирогчдын төлөө бидний гаргаж буй эрсдлийг ойлгоно гэж найдсан. Энэ салбарт төдийгүй нийгэмд бугшсан бусармаг зүйлийн эсрэг тэмцэхийн тулд салбартаа хэдийн танигдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийг уриалж, асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэндээ ийм шийдэлд хүрсэн болохоо энэ ялдамд тайлбарлая. Хэрэв бид эрсдлээс зайлс хийж зааланд уйлаад сууж байгаа хэн ч танихгүй энгийн охины зургийг ашигласан бол олны анхаарлыг тэгтлээ их татах байсан гэж үү. Үүнийг уншигч та, энэ салбарын асуудлын тухай мэдэх байсан уу. Өдөр алгасахгүй гарч буй энэ их сенсаац дунд дарагдаад усанд хаясан чулуу шиг чимээгүй өнгөрөх байв. Харин тамирчдын зургийг тавьснаар нийгмийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлсэн нь нэг талаасаа монгол эмэгтэйчүүдийн амжилт юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг бэлгийн дарамтын асуудлыг бид орхихгүй, бусдыг уриалан дуудаж, цааш үргэлжлүүлэн дуугарсаар байх болно гэдгээ мөн дуулгая.Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзаж ярилцсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалгыг дэмжиж, зүй бус зүйлийн эсрэг тэмцэх болсон гэдэгтэй санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн энэ үед хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв. Ер нь өндөр амжилтад хүрсэн, алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх магадлал илүү байгаа тухай тэрхүү судалгаанд дурдсан нь үүгээр мөн батлагдаж байна. Мөн зарим спорт холбоо манай сонины санаачилгыг дэмжиж, нэгдэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг дурдахад таатай байна. Судалгаанд оролцсон тамирчдын хариултаас харахад ихэвчлэн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй, би үүнийг тэвчиж гарах ёстой гэх үзэл давамгайлж байжээ. Энэ нь хүчирхийлэгчдийг улам давраадаг болохыг “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох тал дээр холбогдох албаныхан шийд-вэртэй алхам хийх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаар явж байхдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан намдаагүйгээр үл барам улам өндрөө авсаар байна. Энэ асуудал нэгэнт Монголын хилээс хальж, олон улсын хэвлэлээр ч шуугисан хэвээр. БНСУ иргэнийхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бид энэ өдрүүдэд хангалттай харлаа. Монголын төрийн том албан хаагчийг хэрхэн "жижигрүүлж" буйг Солонгосын хэвлэлүүд хангалттай мэдээлэв. Тэгвэл улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, өөрийн хөлс хүчээ урсган байж амжилтын төлөө тэмцэж яваа эмэгтэй тамирчид яагаад бэлгийн зүй бус дарамтад өртөх ёстой гэж. Нэгэнт ийм зүйл байсан хэвээр гэдгийг судалгаагаар нотолчихоод байхад чимээгүй суух нь зүйд нийцэх үү. Зураг тавьснаар тэднийг хүчирхийлэлд өртөж болох аюулаас сэрэмжүүлж байгаа хамгийн тод хэлбэр болохоос зарим нэгний ойлгож мушгиж байгаа шиг нэр хүндэд нь халдсан явдал огт биш билээ. Өнөөдөр бидний дунд бэлгийн хүчирхийлэл байна гэж Ме Тоо хөдөлгөөнд нэгдэн зургаа авахуулсан эмэгтэйчүүд, мөн энэ олон спортын алдартнуудыг бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн гэж хэн ч хэлдэггүй, бас боддоггүй юм. Харин тэд ингэж нүүр царайгаа гаргаж тэмцсэнээрээ хаана ч байдаг хамгийн далд, хүмүүсийн ойлгож мэддэг хэрнээ хэлж ярьж чаддаггүй хүчирхийллийг багасгахад, үгүй болгоход хамгийн үр дүнтэй тэмцэл болж байдаг юм. Монголын сор болсон тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү. Хэрхэвч ийм байж таарахгүй. Тиймдээ ч манай сонин шударга бус зүйлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, спортын фронт дээр “дайтаж” яваа тамирчдыг энэ тэмцэлд нэгдэхийг уриалсаар байх болно. 










A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Пүрэвдорж: Манай компанийн нэрийг барьж Манжуур руу аялуулах нь олширлоо

Нэг хүн нас барсан асуудал “Хэрсүү жаал” гэх компанитай холбоотой юм билээ

 0 сэтгэгдэл


Монголдоо аял­лын топ компанийн нэг “Монгол аялал” компанийн шугамаар Манжуурын чиглэлд аялсан нэг хүн хоолны хордлогын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэл хэр үнэн болохыг “Монгол аялал” компанийн захирал Ц.Пүрэвдоржоос тодрууллаа. Тус компани 20 жилийн өмнө анх байгуулагдсанаасаа хойш аялагчдыг 27 оронд аялуулдаг болсон юм.

“МОНГОЛ АЯЛАЛ” КОМПАНИЙН НЭРИЙГ БАРЬЖ ХҮМҮҮСИЙГ АЯЛУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ ГАРАХ БОЛЛОО. ҮҮНИЙ УЛМААС НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН. МАНАЙ КОМПАНИАР АЯЛАХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ АВЧ ЯВСАН БАЙНА ЛЭЭ. ХУУЛЬ БУС ИЙМ ЗҮЙЛТЭЙ БИД ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ.

-Цахим хэрэгслээр танай компанитай холбоотой нэг хэрэг цацагдаад байгаа. Тодруулбал, танай шугамаар Манжуур явсан нэг аялагч хоолны хордлогоор нас барсан гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Манайх аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед манай компанийн нэрийг барин хүмүүсийг аялуулах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Үүнээс болж нэг хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг ч гарлаа. Энэ нь хувь хүн болон жижиг компаниуд манай нэрийг барьж хямд зардлаар авч явсан байна лээ. Энэ нь эргээд эрсдэл дагуулж байгаа юм. Манай компанид өмнө нь ажиллаж байгаад гарсан хэдэн хүн хялбар аргаар мөнгө олох гэж ийм зүйл сэдсэн байсан. Ер нь Манжуурт “Монгол аялал”-ын аялал нэр хүндтэй байдаг юм. Тиймээс тус хотод очсон ихэнх хүн “Монгол аялал”-аар явж байна гээд хуурамч нэр барьдаг юм билээ. Хямд, баталгаагүй аяллыг бүү сонгоорой гэж иргэдэд анхааруулж хэлмээр байна.

-Нас барсан хүнийг судалж үзсэн. Та нас барсан хүний тухай олж мэдэв үү?


-Судалж үзсэн. Гэтэл манай компаниар яваагүй юм билээ. Манайхаар явах гэж байсан хүнийг ямар нэгэн аргаар хууран мэхэлж авч явсан болж таарсан. Есдүгээр сарын эхээр Манжуур хотод 60 гаруй хүн хоолны хордлогод орж, нэг хүн нас барсан. Энэ нь бидний нэрийг барьсан “Хэрсүү жаал” гэх компанийн авч явсан хүнд тохиолдсон хэрэг юм билээ. Үүний хор уршиг хожим нь заавал гардаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ер нь хямд аялал байнга эрсдэл дагуулдаг. Манай компанийн нэрийг барьж хэд хэдэн удаагийн аялал зохион байгуулж, бидний үйл хэргийг санаатайгаар гутаах, нэр хүнд унагаах асуудал гарсанд үнэхээр харамсаж байна. Цаашид үнээр биш чанараар өрсөлдөхийг бусад аялал жуулчлалын ком-панид уриалмаар байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын томоохон компаниуд энэхүү уриалгад нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жижиг компани, эсвэл байгууллагад ажилласан хэн нэгэн дур зоргоороо бидний нэр хүндэд халдаж байна. Тиймээс хамтдаа таслан зогсооё. Шударга бус өрсөлдөөнийг үгүй болгохын тулд бид ямар ч компанитай хамтарч ажиллахад бэлэн байна.

-Нэр барина гэхээр яг яана гэсэн үг вэ. Тухайн хүн танай компанийн үнэмлэх, бичиг баримттай явсан хэрэг үү?


-Яг ч тийм биш. “Монгол аялал”-аас ярьж байна гэхээр л хүмүүс итгэсэн хэрэг. Биеийн байцаалт зэрэгтэй нь ч тодорхой танилцаагүй юм билээ. Манай компанид ажиллаж байгаад гарсан хүн “Монгол аялал”-ын салбарыг нээсэн гэж хүмүүст яриад жуулчид авч явсан байсан. Та бүхэнтэй уулзсан дээрээ хуурамч нэр хаяг зүүж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд хандаж нэг анхааруулга хэлье. Хятадын тал албан ёсны бус, нэр зүүсэн аяллуудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, журам гаргасан байна билээ. Тиймээс хүмүүс авч явж байгаа бол бүх зүйлээ албажуул. Хууль бус ажиллагаа битгий хий. Өөрсдийнхөө нэр хүндийг алдаж, хүмүүст чирэгдэл учруулна. Бидний нэрийг барьж аялал хийсэн хүмүүсийн зарим нь буруугаа хүлээж уучлалт гуйсан.

-Танай компаниар дамжуулж аялахыг хүсвэл заавал гэрээ хийх үү?


-Тэгэлгүй яах вэ. “Монгол аялал” компанийн байранд ирж гэрээ хийвэл илүү баталгаатай, найдвартай. Эрсдэл гарлаа гэхэд буух эзэн, буцах хаягтай байна гэсэн үг.

-Танай компаниар дамжуу-лан Манжуур-Улаанбаатарын аялалд явбал ямар үнэтэй байдаг вэ?

-250-280 мянган төгрөгийн үнэтэй. Бид дөрвөн одтой зочид буудалд жуулчдаа байрлуулдаг цорын ганц компани. Таван одтой зочид буудалд хоолыг нь өгдөг. Үнэ дагаж чанар яригдах ёстой гэдэг зарчмыг манай компани баримталдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хюгге хэв маяг танд аз жаргал, тав тух бэлэглэнэ

 0 сэтгэгдэл

Нэхмэл цамц, зөөлөн шаахай өмсөж, хөвсгөр хивсэн дээр тухлан, ноосон бүтээлэг дэлгэж, вино шимэн, ил галын дэргэд сууж буй дүр зургийг бид ихэвчлэн европ киноноос харсан. Үзэхэд төдийгүй уншихад тав тух мэдрэгдэх эл хэв маягийг Хюгге хэмээдэг. Тав тухтай, тансаг амьдралыг илэрхийлдэг хюгге хандлага нь Дани улсаас гаралтай. Даничуудын хувьд баярлах шалтгаан бусад европчуудтай харьцуулахад тийм ч их биш. Учир нь цаг агаарын байдал тогтворгүй, эрт харанхуй болдог, өндөр өртөгтэй, татварын дарамт их, урт цагаар ажилладаг. Гэвч тэд өвөрмөц амьдралын философитой тул аз жаргалтай байдаг гэнэ. Хюгге гэдэг үг 2016 оны Оксфордын толины хамгийн түгээмэл үгсийн жагсаалтад багтжээ. Түүнчлэн энэ сэдвээр хэдэн арван ном хэвлэгдэн гарсан байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Ану Партенаны The Nordic Theory of Everything: In Search of a Better Life ном юм. Энэ номыг Опра Уинфри хүртэл санал болгосон байдаг. Хюгге гэх үгийн яг нарийн орчуулга байдаггүй ч “Тав тух” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Энэ нь норвеги хэлнээс гаралтай үг бөгөөд “Энх амгалан” гэсэн утгыг мөн агуулдаг. Тус хэв маягийн хамгийн гол санаа нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ойр дотнын хүмүүстэйгээ амьдралын аз жаргалтай мөчүүдийг мэдрэх юм. Тухайлбал, гэр бүл, найзуудын хүрээнд оройн зоог барих, ном унших, халуун ваннанд орох, сайхан үнэртэй лаа асаах, камин зуух ширтэх, модон байшинд амьдрах, зөөлөн даавуу мэдрэх, шанзтай нарийн боов амтлах зэрэг олон зүйлсийг хюгге гэж хэлж болно. Амьдралын энэхүү хэв маягийг бүрдүүлдэг хамгийн гол зүйл нь халуун дулаан уур амьсгал, дотно харилцаа, уучлах чадвар, амар тайван, тав тухтай байдал юм. Хэрэв энэ философийг амьдралдаа хэв шүүлбэл аз жаргалтай, амар тайван орших боломжтой.

Хюгге хэв маягийг хэрхэн бүрдүүлэх вэ

ЗОЧИН УРЬ

Гэр бүл, найз нөхөдтэйгээ цахим сүлжээгээр харьцах нь бодит байдлыг хэзээ ч орлож чадахгүй. Харин хайртай хүмүүстэйгээ уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх нь аз жаргал нэмэгдүүлж, стресс, айдас, түгшүүрийг багасгадаг. Тиймээс хюггег дотны хүмүүсийнхээ хүрээнд бүрэн утгаар нь мэдрээрэй.

АМТТАЙ ХООЛ ХИЙЖ СУРААРАЙ


Гэртээ зочин урьж, хайртай дотнын хүмүүсээ өөрийн гарын хоолоор дайлаарай. Түүнчлэн зөвхөн хоол биш бялуу, мөхөөлдөс, жигнэмэг зэргийг хийн гэртээ аз жаргалыг түгээж хэвших нь хюгге юм. Энэ талаар Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал асан Майк Викинг “Амттан, жигнэмэг бол хюгге. Кофе, халуун шоколад ч гэсэн хюгге. Харин луувангийн савх зэрэг нь онц биш юм” хэмээсэн байдаг.

ГЭР БОЛОН АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛ

Юуны өмнө гэр болон ажлын өрөөгөө тав тухтай, тансаг байдлаар тохижуулаарай. Үүний тулд гэрэлтүүлэг, лаа, зөөлөн дэр, бүтээлэг зэргээр чимж, ханан дээр зураг өлгөж, гал тогооны хэрэгслээ ч чамин байхаар сонгох нь чухал. Эдгээр жижиг зүйлс гэрт тав тухтай байдлыг авчирдаг төдийгүй дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тус болдог. Гэхдээ даничуудын хэрэглэдэг гоёл чимэглэл анхаарал татахуйц тансаг биш. Тэд энгийн хэрнээ тансаг зүйлийг сонгохыг эрхэмлэдэг. Мөн мод, ноос, шавар зэрэг байгалийн бүтээгдэхүүнийг илүүд үздэг аж.

ТАВ ТУХТАЙ ХУВЦАС ӨМС


Өндөр өсгийтэй гутлын оронд кет, пүүз, богино хүрэмний оронд пальто, дулаан свитер, зөөлөн ороолт, урт цамц, өргөн өмд гэх мэт. Гэхдээ эдгээр зүйл байгалийн гаралтай материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Товчхондоо завгүй, стресс ихтэй өдөр тутмын амьдралдаа түүртэх бус амьдралын хором бүрээс аз жаргал мэдэрч, илүү цоглог, эрч хүчтэй амьдрахыг л хюгге хэв маяг хэмээж буй юм. Замын түгжрэл, утаа угаар, уур бухимдал стрессээр дүүрэн Монголын нийгэмд энэ хандлага дутагдаж байгаа нь анзаарагддаг. Тиймээс завгүй, залхуутай амьдралын хэв маягаа өөрчлөөд үзээрэй.

Нийслэлд хюгге хэв маягийн кафе бий


Завгүй хүмүүс холхих хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотын төвд хюгге хэв маягийн Horned Owl хэмээх кафе бий. Тус газрыг Данид дөрвөн жил амьдарсан Э.Халиун гэх эмэгтэй удирдаж буй юм. Тэрбээр unread.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Даничуудын амьдралын хэв маягийг хараад үнэхээр шүтэх болсон. Найз нөхөд, гэр бүлийнхэн гээд хамгийн тааламжтай байх хүмүүстэйгээ тав тухтай орчинд байж, өөрийнхөөрөө, тайван, жаргалтай мэдрэмжийг авах амьдралын тэр хэв маягийг хюгге гэж нэрлэдэг. Тавлаг орчинд тухлан лаа асааж, магадгүй ил галын дэргэд сууж, кофе, вино уунгаа хоорондоо ярилцдаг. Товчхондоо бол байгаа орч-ноосоо огт өөр орчин руу үсэрч орохтой төстэй. Түүнээс хойш ийм хэв маягийг Монголдоо бий болгохыг хүсдэг болсон юм. Манай хот завгүй, стресс ихтэй болохоор бүр ч тохирох юм шиг санагдсан” хэмээсэн байдаг.