A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3453/

“Мишлений одтой Монголын хамгийн анхны тогооч болохыг хүсдэг”

“Мишлений одтой Монголын хамгийн анхны тогооч болохыг хүсдэг”

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3453/
  • Сархинагтай шөлийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
  • Монголын анхны Мишлений одтой тогооч болохыг хүсдэг. Энэ бол шилдэг ахлах тогооч нарт олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал. Тамирчнаар ярих юм бол олимп гэсэн үг
  • Бид энэ хавар сархинагтай шөлийг соёлын өвөөр бүртгүүлэхээр ажиллаж байна. 21 аймгаас бүх тогооч нарыг цуглуулж үндэсний хоолоо хамгийн олуулаа хийсэн амжилтыг эзэмших зорилготой. Манай ард түмэн малын бүх л шим тэжээлийг ашиглаж чаддаг. Сархинаг бол нойр булчирхай,  хоол боловсруулах эрхтэнд хамгийн сайн хүнс 



Энэ удаагийн “Залуус” буландаа “Ningbo inter-national young chefs chal-lenge 2019” тэмцээний хүрэл, “Chinggis khaan challenge cup”, “Chinese Potato champion” тэмцээний аварга О.Цэнгүүнийг урьж оролцууллаа. Мэргэн бууч болох мөрөөдлөө орхиж тогооч болсон энэ залуу ажлын гараагаа аяга угаагчаас эхэлж байсан гэдэг. Одоо тэрбээр Caelum Caferante рестораны Ерөнхий тогоочоор ажилладаг.

-Таныг анх өөр мэргэжлээр суралцаж байсан гэж сонссон. Яагаад тогооч болсон юм бэ? ­

-Би мэргэн бууч мэргэжлээр цэргийн сургуульд суралцаж байсан юм. Миний багын мөрөөдөл байлаа. Гараа хугалаад бүтэн жил өнжих хэрэгтэй болж, гэртээ нэг хэсэг гиюүрсэн л дээ. Тэр үед эгч маань “Чи ер нь зүгээр сууж байхаар ажил хий” гээд ресторанд угаагчаар оруулсан юм. Хувцсаа өмсөөд эгнэн зогссон тогооч нарын эмх цэгцтэй байдал, гал тогооны журам, миний хэзээ ч харж байгаагүй тансаг хоол шууд л сэтгэлийг минь татсан. Тэгээд л би тогооч болъё, энэ л миний байх ёстой газар юм байна гэсэн мэдрэмж аваад мэргэн бууч болох мөрөөдлөө орхисон доо. Ажлын гараагаа анх угаагчаас эхэлсэн. Угаагчаасаа бэлтгэгч, бэлтгэгчээсээ туслах тогооч, тогооч, ээлжийн тогооч, ахлах тогооч гэж ахисаар одоо Ерөнхий тогоочоор ажиллаж байна.

-Энэ байр сууринд хүрэхийн тулд хэдэн жил зарцуулсан бэ? ­

-Яг үнэнийг хэлэхэд тэр хугацааг тоолох зав байгаагүй ээ. /инээв/ Зургаан жил байх. Ерөнхий тогоочоор ажиллаад жил болж байна. Угаагч хийдэг байхдаа тогооч ах нараасаа “Ах аа, энийг яаж хэрчихийг заагаад өгөөч, энэ хоолыг яаж хийдэг вэ” гэж асуугаад л оронд нь хувцсыг нь угаагаад өгье, амттай юм авч өгье, хоол хийж өгье гээд гуйдаг байлаа. Өнөөг хүртэл нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Заримдаа надад мэргэжил маань хайр дурлалаас ч илүү чухал санагддаг. Намайг угаагчаар орж байхад ахлах маань ирээд ямар хоол хийж чадах талаар асуухад “Би будаатай хуурга, цуйван зэргийг бол хийж чадна” гэж хэлж байлаа. “За, чи юу ч гэсэн угаалган дээр ажилла. Хэр сайжирч, өсөж хөгжихийг чинь харъя” гэж байсан. Тогооч болж дэвших үед маань “Чамд авьяас байгаа. Хичээл зүтгэлээ битгий алдаарай” гэж хэлсэн нь надад том урам болсон.

-Тогооч байхын хамгийн сайхан нь юу вэ. Ер нь та мэргэжлийнхээ ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?

-Миний хийсэн хоолноос хүн таа­шаал авч, баярлаж идэж байгааг харах хамгийн сай хан байдаг. Дуучин Наран эгч манай байнгын үйлчлүүлэгч. Хийж өгсөн хоолыг маань “Ямар гоё юм бэ? Энэ хоолыг би сэтгэл зүрхээрээ амталж байна” гээд л үнэхээр таашаалтай иддэг. Тэр л мэдрэмжийг авахын тулд хоол хийж байна. Тийм ч учраас мэргэжилдээ үнэхээр хайртай. Хүнийг хоолоор дамжуулан эмчилнэ, эрүүл зөв хүнсээр тэтгэнэ, дайлна. Энэ л миний мэргэжлийн ач холбогдлыг илэрхийлэх байх. 

-Таны нэрийн хоол юу вэ?

-Миний өөрийн зохиосон 30 гаруй хоол бий. Тэр дундаас Самартай стейкийг онцолмоор байна.

-Саваагүй гэмээр нэг асуулт асууя. Алдартай тогооч нарыг хараад байхад ихэнх нь эрчүүд байдаг. Гэхдээ гэр бүлийн хүрээнд эмэгтэйчүүд ахлах нь шүү дээ. Яагаад энэ салбарт эрчүүд манлайлж байна?­

-Хөгжилтэй талаас нь хариул­бал бид төрж чадахгүй шүү дээ. Эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхэддээ цаг заваа зарцуулах шаардлага биднийг бодвол арай их. Хүүхэд төрүүллээ гэхэд дор хаяж хагас жил гэртээ сууна. Энэ хугацаанд асар олон зүйл, шинэчлэгдэж, бусад тогооч нарын ур чадвар ч сайжирсан байдаг. Миний хувьд бараг л гал тогоотой гэрлэчихсэн гэж хэлж болно. 

-Ойрын өдрүүдэд цас ороод нэлээн хүйтэн болж байна. Энэ өдрүүдэд уншигчдад маань санал болгох хоолны жор?­

-Цагаан гаа болон сармисыг санал болгож байна. Цагаан гааг сүүтэй холиод бага зэрэг цөцгий тавиад уугаарай. Дархлааг дэмжиж, өвлийг ханиадгүй давна.

-Сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач. Манай Монголын тогооч нар маш амжилттай оролцсон байсан?

-Долдугаар сард Хятад улсад зохион байгуулагдсан Chinese Potato champion тэм­цээний залуучуудын ангилалд Монголоос 10 хүний бүрэл­дэхүүнтэй баг оролцсон. Ямар материалаар хоол хийхээ мэдэхгүй байсан ч очоод төмсөөр хоол хийх даалгавар авсан. Залуучууд маань хурдацтай хөгжиж, дэвшилтэт технологийг хэрэгжүүлж байна. Бүгд алтан медаль хүртсэн. Харин аравдугаар сард болсон олон улсын тэмцээнээс манайхан таван хүрэл медаль хүртсэн. 

-Хоол хүнс гэдэг аливаа улс орны соёлын нэг хэсэг. Монгол зоог, хооллох соёлыг олон улсад таниулах чиглэлээр залуу хүний хувьд бодож төлөвлөсөн зүйл бий юу?

-Манай хооллох соёл их онцгой. Саяхан хятадууд сүүтэй цайг ЮНЕСКО­-д бүртгүүлсэн. Бид энэ хавар Сархинагтай шөлөө соёлын өвөөр бүрт­гүүлэхээс гадна Гиннесийн номд давхар бүртгүүлэхээр ажиллаж байна. 21 аймгаас бүх тогоочдоо цуглуулж үндэсний хоолоо хамгийн олуулаа хийсэн амжилтыг эзэмших зорилготой. Манай ард түмэн малын бүх л шим тэжээлийг ашиглаж чаддаг. Гадаадынхан бол сархинаг гэж мэдэхгүй шүү дээ. Сархинаг бол нойр булчирхай, хоол боловсруулах эрхтэнд хамгийн сайн хүнс. Олон улсын тэмцээний үеэр үндэсний хоолоо хийж өрсөлдөхөд манайх бүх л цомыг нь авдаг. Хоолон дотроос нь халуун чулуу гарч ирэхээр гайхшраад л. /инээв/

-Сүүлийн жилүүдэд Монголчуудын хооллох соёл өөрчлөгдөж, амьдралын буруу хэв маягтай болж байна. Монгол хоолны жор хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Манай ард түмэн эрт дээр үеэсээ зөв хооллох маш том соёлыг тээж ирсэн. Өвлийн цагт хүнд хоол, махаа идэж, зуны дэлгэр цагт цагаан идээгээ идэж ирсэн шүү дээ.Энэ бол цэвэр эрүүл амьдралын хэв маяг. Харин өнөө цагт суурин газар амьдарч байгаа иргэдийн махны хэрэглээ хэт их байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. 

-Олон улсад амжилт гаргана гэдэг бахархууштай зүйл. Тэгвэл цаашдаа ирээдүйгээ хэрхэн харж, ямар зорилго тавьж байна? ­

-Монголын хамгийн анхны Мишлений одтой тогооч болохыг хүсдэг.

-Мишлений од гэдгийг тайлбарлахгүй юу?­

-Энэ бол шилдэг ахлах тогооч нарт олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал. Тогооч хүн бүрийн мөрөөдөл гэж хэлж болно. Тамирчнаар ярих юм бол олимпын аварга болж байна гэсэн үг. 

-Дээд зэрэглэлийн хоолны талаар танилцуулаач. Орчин, үйлчилгээний үнэлгээ, хүнсний бүтээгдэхүүний баталгаанаас гадна дээд зэрэглэлийн гэсэн мэдрэмжийг үйлчлүүлэгчид юу төрүүлдэг юм бэ?­

-Дээд зэрэглэлийн хоол нь хүний нэг хоолноос авах ёстой илчлэг, шим тэжээлийг нь тооцсон, ямар ч химийн бодис ашиглаагүй, бүх зүйлийг шинээр хийсэн байхаас гадна өнгө, амт үзэмжийн хувьд тогоочоос өндөр ур чадвар шаарддаг.Тухайн хоолонд ямар нэг өнгө ашиглалаа гэхэд тэр нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гаргаж авсан байх жишээний.
-Тогооч хүний гэрийн хоолны цэс ямар байдаг нь сонин байна. Ер нь тогооч нар гэртээ хоол хийдэг үү?

-Хааяа л хийдэг юм. Ер нь ээж аавтайгаа уулзахаараа л гарынхаа хоолыг хийж өгдөг. Миний хийсэн хоолыг хараад аав, ээж хоёр маань итгэхгүй “Чи энэ хоолыг үнэхээр өөрөө хийсэн үү” гэж асууж байсан. Миний бодлоор тогооч нар гэрийн хоолонд илүү дуртай байдаг. Би ихэвчлэн будаатай хуурга хийдэг юм. /инээв/

-Манай тогооч нарын ур чадвар ямар түвшинд байна вэ? 

-Хөгжлийн түвшингийн хувьд бид яг араас нь явж байна л гэж хэлнэ. Тийм ч их хоцроогүй. Харин ресторанууд гал тогооны бүрэн тохижилт, зохион байгуу­лалтаас суралцах хэрэгтэй. Тухайлбал, хоол таваглах хэсэг, зөвхөн салат хийхэд зориулсан хэсэг гэх мэтчилэн. Манайд энэ шаардлагыг бүрэн хангасан гал тогоо цөөхөн байдаг. Мөн үйлчилгээний стандарт хангаагүй ресторан нэртэй газрууд олноор нээгдэж байгаад харамсаж явдаг. Жижигхэн хоолны газар ч бай, хүн мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа учраас чанартай үйчилгээг л үзүүлэх хэрэгтэй.

-Хэрвээ нууц биш бол таны хийж байсан хамгийн үнэтэй хоол ямар хоол байсан бэ?­

-395 мянган төгрөгийн үнэтэй Вагью стейк.

-Хоол хийх урлагийг философигүйгээр ойлгох боломжгүй гэдэг. Таны философи юу вэ?­

-Миний хувьд хийж буй хоолондоо сэтгэл зүрхээ шингээхийг хүсдэг. Бүр нарийн яривал хоолныхоо нэг ширхэг материалд ч сэтгэлээсээ хандаж, хайрлах хэрэгтэй. Энэ материал миний хоолыг амттай болгоно, гайхалтай болгоно гэдэгт итгэж хийх нь чухал. Ганц помидороор ч гоё салат хийж болно. 

-Тань шиг хийх дуртай зүйлээ олоогүй хүмүүс манай ярилцлагыг уншиж байгаа байх. Залууст, тогооч болохыг хүсэж буй хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна?­

-Өөрийнхөө үнэхээр сайн хийж чаддаг зүйлийг олоорой гэж хэлмээр байна. Юу ч хийж байсан эергээр харж, би энэ зүйлийг яаж хийвэл амжилттай болох вэ гэдэг талаас нь ажиллах хэрэгтэй. Би угаагчаар ажилд орохдоо будаатай хуурганаас өөр хоол хийж чаддаггүй байсан. Хүн хичээх юм бол хог цэвэрлээд ч амжилтад хүрч чадна. 


















A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Наранжаргал: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж явна

  • Аав, ээжийнхээ, ард түмнийхээ, хайртай ханийнхаа бахархал дунд амьдармаар байна
  • Олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс харамсахгүйн тулд эргэн ирсэн
  • Юуны тулд махбодио, амьдралынхаа хагасыг золиослосон билээ. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ

Монголын жүдо бөхийн спортын эмэгтэйчүүдийн хүнд жинд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд тахалж яваа цөөн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэний дараа дэвжээгээ түр хугацаанд орхисон тэрбээр өнгөрсөн улсын аваргаар дахин жүдодоо хөл тавьсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Наранжаргал мастерын илэн далангүй яриаг сонирхоно уу.

-Та бол жүдод шинэ хүн биш. Хэсэг хугацааны завсарлагааны дараа их спортдоо эргэн ирлээ. Хэр хүнд байв?

-Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү байлаа. Шантарсан, ядарсан, яах гэж буцаад хүрээд ирэв дээ гэж бодох үе хүртэл байсан. Тэгээд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л бага зэрэг урам орсон. Надад боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Улсын аваргад барилдаж байхдаа өөрийгөө тэгтлээ суларчихаагүй, муудчихаагүй юм байна гэж бодсон. Ер нь хүүхдээ төрүүлээд амарч байх хугацаанд олон хүн намайг дахин барилдахыг зөвлөсөн, ятгасан. Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид болон “Женко” клубын багш нар маань маш их дэм болсон. Улсын аваргад түрүүлбэл үндэсний шигшээ багт авна гэж хэлсэн юм. Би ч боломжийг алдахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд улсын аваргад түрүүлж, нэг их удалгүй шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багтаа орж цалин мөнгөтэй золгоно гэдэг амьдралд том нэмэр шүү дээ. “Женко” клуб маань намайг жирэмсэн байхад ч цалинг минь тогтмол өгч байлаа. Магадгүй тухайн үед намайг жүдодоо эргэн ирнэ гэж бодсон учраас цалинг минь таслахгүй өгч байсан болов уу. Тэднийхээ дэмээр би өнөөдөр дахин барилдаж байна. Хэрвээ ийм боломж олгоогүй бол би өдийд жүдог орхисон ч байж мэднэ.

-Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд огт бэлтгэл хийгээгүй хүн төсөөрсөн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Бэлтгэлдээ орсноос хойш ердөө гурав хоногийн дараа самбо бөхийн улсын аваргад түрүүлсэн юм. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа жүдогийн улсын аварга болсон. Бүр шилдэг тамирчнаар тодорч билээ. Ер нь нэлээд төсөөрсөн байсан. Хөлөө ч хаана гишгэж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ 15 жил хичээллэсэн хүн туршлагаараа дотоодын том тэмцээндээ түрүүлж чадсан. Биеийн хүчнээс гадна сэтгэл зүй их нөлөөлсөн шүү. “Хэдийгээр төрсний дараа барилдаж байгаа ч би бусдыгаа бодвол олон жилийн туршлагатай шүү гэж бодсон. Цаашлаад самбоор түрүүлж чадсан юм чинь жүдогоор яагаад чадахгүй гэж” гэсэн сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй байсан учраас би дотоодын хоёр том тэмцээнд түвэггүй түрүүлсэн болов уу. Энэ жилийн улсын аваргад түрүүлээд сэтгэл маш ихээр хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өмнө нь өчнөөн л түрүүлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг тэгж их сэтгэл хөдөлж байгаагүй. Түрүүлээд зогсохгүй шилдэг жүдочоор зарлахад өөрийн эрхгүй огшсон шүү.

-Хоёр жил завсарлаад тэмцээнд ороход арай өөр бодол, сэтгэхүйтэй болсон байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэс өөр болдог юм билээ. Хэрвээ би улсын аваргад түрүүлж чадахгүй бол спортоо бүрмөсөн орхиж, залуу тамирчдадаа зайгаа тавьж гэсэн бодолтой байлаа. Гэтэл түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Дээрээс нь бүрмөсөн зодог тайлсныхаа дараа харамсахгүйн тулд эргэн ирсэн юм. Хүн харамсдаг юм билээ. Өдий олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс ямар ч байсан өөрийгөө дайчилж, боломжоо ашиглахыг хүссэн юм.

-Эргэн ирэхэд хамгийн хэцүү байсан хүчин зүйл юу вэ?

-Хүүхэд харах хүнгүй байх л хэцүү санагдсан. Харин одоо бол хоёр ээж минь хүүхэд харж, ар талыг найдвартай дааж яваа учраас санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Ээж болсон найзуудынхаа зовлонг өөрөө ээж болсон хойноо л бүрэн ойлгож байна даа.

-Эргээд спортдоо орохдоо хэр их эсэргүүцэлтэй тулгарав?

-Эхэндээ ээж дургүйцсэн. Бас миний хань дуртай байгаагүй. Хүн хамгийн түрүүнд үр хүүхдээ л боддог юм билээ. Хүүхэд жаахан байхад орхиж тэмцээн орлоо, хүүхдээ өсгөж том болго. Чи ер нь залуу хүүхдүүдэд хожигдож онигоо болох хэрэг байгаа юм уу гэх мэтээр зөвшөөрөхгүй байсан. Харин би нөхөртэйгээ ганц л тохироо хийсэн. “Намайг самбо, жүдогийн улсын аваргад оруулчих. Түрүүлбэл миний бэлтгэл хийхийг, цаашид тэмцээнд оролцохыг битгий хоригло. Түрүүлж чадахгүй бол би сайн дураараа спортоо орхино” гэдэг дээр тохиролцсон. Ингээд би хоёуланд нь түрүүлж чадсан учраас одоо эсэргүүцэхээ больсон. Харин ч дэмжиж байна. Тэмцээн, уралдаанд явахад хоёр ээжээс гадна нөхөр маань хүүхдээ маш сайн хардаг. Гэхдээ хүний л ээж болсон хойно хаана ч явсан хүүхдээ санаж, санаа зовдог юм билээ.

-Их спортдоо эргэн ирснээс хойш анхны том тэмцээндээ оролцлоо. Тэр нь Парисын “Их дуулга” байсан. Энэ тэмцээний талаар дурсах уу?

-Сандарч үзээгүйгээрээ сандарсан, ядарсан, шантарсан. Тийм л тэмцээн болж өнгөрсөн дөө. Дэвжээн дээр гараад юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүүхдээ санахын хажуугаар ядарч, шантарч уйлж хүртэл үзлээ. Уйлж байхдаа “Би энд юу хийж яваа юм. Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Гэртээ хүүхдээ хараад, эрхлүүлээд хэвтэж байхгүй юунд дурлаж энэ хол замыг туулан ирэв” гээд л өөртэйгээ ярьж үзсэн. Тухайн үед хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа найз минь миний зүрхэнд итгэлийн галыг асааж өгсөн. Найзаасаа асар их урам зориг авсан шүү. Хэрвээ Д.Сумъяа маань байгаагүй бол тэр чигээрээ шантраад карьераа дуусгах ч байсан юм билүү, мэдэхгүй байна. Харин одоо бол бэлтгэлээ эрч хүч авч байна шүү дээ. Юун ядрах, шантрах. Улам л эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Тэмцээн хурдан болоосой л гэж бодох боллоо.

-Хоёр жилийн дараа дахин их спортдоо эргэн ирсэн Наранжаргал сандрахын зэрэгцээ баярласан болов уу. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь надад итгэл өгч, том тэмцээнд авч явсан шигшээ багийн дасгалжуулагч нар их хүч өглөө. Намайг тэд заавал тэмцээнд явуулах албагүй. Хоёр жил завсарласан хүн форм муутай л байж таарна. Гэтэл тэр бүхнийг ажрахгүйгээр надад итгээд, намайг аваад явсан нь өөрөө маш том урам өгч байгаа хэрэг. Тиймээс үүнд их баярладаг. Ер нь надад итгэл хүлээлгэсэн олон хүн бий. Тэднийхээ итгэлийг л алдахгүй юмсан гэж хичээж явна. Итгэлийг нь алдахгүйн тулд өдөр бүр бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж байна.

-Тэгвэл та спортоос хөндийрч байхдаа өөрийнхөө орон зайг алдахаас айж байсан уу?

-Миний биеийг төмрөөр хийгээгүй учраас би нэг л өдөр спортоо орхих нь тодорхой. Тиймээс миний араас залгамжилж буй дүү нар хурдан гарч ирээсэй гэж боддог. Намайг завсарлаж байх хугацаанд орлох өөр тамирчин гарч ирээд, би түүнийг үнэхээр дийлэхгүй бол зайгаа тавиад л өгнө. Надад тийм сэтгэл зүй байна. Хүний орон зайг булаах хүсэл ч байхгүй. Харин тухайн тамирчнаа тултал нь дэмжинэ. Түүнээс биш би заавал байх ёстой гэж зүтгэхгүй. Чадахгүй байгаа учраас, надаас илүү тамирчин гарч ирсэн учраас зайгаа тавьж өгөх нь миний үүрэг юм. Ийм бодолтой явдаг тул орон зайгаа алдахаас айгаагүй. Тиймээс жингийнхээ дүү нарыг цаг хугацааг сайн ашиглаж, бэлтгэл тултал нь хийж дэлхийн дэвжээнд амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Коронавирусийн хорио цээр зарим тамирчинд хүнд туссан байх. Гэтэл нэг хэсэгт нь маш том боломж олголоо гэж харж байна. Тэр тамирчдын тоонд та ч бас орно. Харин та надтай санал нийлэх үү?

-Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар багшдаа “Хүмүүс коронавирусийг үзэж ядаж байна. Харин надад боломж олгосон юм шиг санагдаад эергээр хүлээж авч байгаа” гэсэн чинь багш “Чамд зориулаад олимп нэг жилээр хойшиллоо” гэж хэлсэн юм. Тэр үг миний толгойд шууд орж ирсэн. Энэ цаг хугацаа, орон зайг ашиглаад бэлтгэлээ сайн хийхийг эрмэлзэж байна. Надад маш том боломж олгож байна гэж харж байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан бол би 2020 оны олимпод оролцож амжихгүй ч байж мэднэ. Ядаж л багийн барилдаанд оролцож, нэг ялалт авах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж явлаа. Багийн барилдаанд бүхнээ дайчилдаг нь миний унаган зан юм. Тэгвэл одоо хувийн амжилтаа ч, багтаа ч том хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

-Гурван Азийн наадмаас дараалан медаль авсан жүдоч Монголд танаас өөр байдаггүй юм билээ. Тэгэхээр олимп, дэлхийн аваргаас медаль аваад зодог тайлаасай гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би юм. Дээр дурдсан хоёр тэмцээн таны ойрын зорилго мөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэлтгүй дахиад нэг удаа Азийн наадамд зодоглох юмсан гэж шунаж байна. Тэгэхээр боломж гарвал 2022 оны Азийн наадамд барилдах хүсэлтэй. Мэдээж нэн түрүүнд олимпын эрхийн оноогоо цуглуулах хэрэгтэй. Азийн аваргад түрүүлмээр байна. Дараа нь олимпоос медаль авах тухай ярих нь зөв болов уу. Ямар ч байсан дээр дурдсан тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй зодог тайлбал зөвхөн би ч биш миний эргэн тойрныхон, намайг дэмждэг ард түмэн харамсах биз. Тиймээс харамсахгүйн тулд бүхнээ зориулна даа. Би нэг л зүйлээс айж байна. Тэр нь надад итгэж байгаа энэ олон хүний итгэлийг алдах вий, урмыг нь хугалах вий гэдгээс айж байна.

-Ер нь та богино хугацаанд хувийн амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байна шүү. 2018 оны Азийн наадмаас медаль авсны дараа гэхээр?

-Азийн наадмын дараа дэлхийн аваргад оролцсон. Тухайн жилийн дэлхийн аваргаас медаль авах юмсан гэх том зорилготой байлаа. Тэр хэрээр биеэ барьж, сандарсан. Ингээд тэмцээнээ дуусгасны дараа өдий олон жил барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, гутарсан. Тэгээд ер нь л спортоо орхиж, өөрийнхөө боловсролд анхаарч, хөгжүүлье гэж бодсон. Том тэмцээнүүд дууссан учраас хэсэг хугацаанд тархи толгой, биеэ амраахаар шийдсэн. Тэр амралтын үеэр л хүүхэд минь бэлэг болж ирсэн байсан, маш их баярлаж хүлээн авсан. Жирэмсэн болсон хойноо дахиж барилдахгүйгээр шийдсэн ч үүнээс өөр чадах зүйл байгаа билүү гэж бодсон. Монголд үнэндээ барилдахаас өөрөөр ажил хийж амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс амжилтад хүрээд, сайхан амьдрахыг хүсч байна. Юуны төлөө махбодио, амьдралынхаа хагасыг зориулсан билээ. Эх орныхоо төлөө, сайхан амьдрахын төлөө л золиос гаргаж байна. Амжилтаа үзүүлж чадвал эх орон, аав, ээж, ард түмэн, хань ижил гээд бүгдээрээ л бахархана. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ. 

-Ингэхэд жүдоч болоход таны бөхийн удам нөлөөлөв үү. Эсвэл та өөрөө тэгтлээ дурлаа юу?

-Би “Молиго бүргэд”-ийн хэмээх 1932 оны наадмын түрүү бөх, улсын арслан П.Бат-Очирын удам юм билээ. Аав минь тэр хүний зээ хүү. “Молиго бүргэд” гэх хүн 43 насандаа улсын наадамд түрүүлсэн. Тэгвэл энэ удмын бөх улсын начин А.Алтанхуяг ч мөн 40-өөд насандаа улсын цол авсан шүү дээ. Тэр утгаараа манай удмынхан нас тогтсон хойноо амжилт гаргадаг юм байна гэх бодол төрсөн. Харин миний амжилт гаргах нас одоо л болж байх шиг. Ийм бодол өөрийн эрхгүй төрж, өөрийгөө тайтгаруулж явдаг. 2004 оноос жүдод хөл тавьсан. Тухайн үед спортын төв ордны хоёр давхарт нэг заалны хаалга онгойлгоход Ш.Цэвэлмаа багш угтсан. Аав минь миний ихэр Нарантогтох бид хоёрыг дагуулж очиж, багшид шавь оруулж байлаа. Энэ цагаас хойш л хоёргүй сэтгэлээр жүдод зүтгэсний ачаар чамлахааргүй амжилт гаргалаа. Одоо олимп, дэлхийн аваргаас л медаль авах үлдсэн дээ. Миний ихэр Нарантогтохын хувьд байлдааны самбоор багагүй амжилт үзүүлсэн.

-Эмэгтэй хүүхдийг барилдана, бокс тоглоно гэхээр эцэг, эхчүүд дургүйцдэг. Таны аав, ээж бас тэдний нэг байсан уу?

-Анхнаас нь л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л аав минь намайг анх барилдаж эхлэхэд өглөө бүр гүйлгэж, хичээлд явахаас өмнө өглөө бүр гар дээр суниалт 50, гэдэс таталт 50, нуруу таталт 50-ыг хийлгэдэг байлаа. Аав минь 10 гаруй жил энэ дасгалаа хийлгэсэн дээ. Бас уул өөд гүйлгэнэ. Ер нь багш шиг л бэлтгэл хийлгэнэ. Монголд болсон бүхий л тэмцээнд дагаж явна. Аав, ээжийнхээ дэмжлэгийн хүчинд л би өдий зэрэгтэй яваа юм. Манай жүдочдын олонх нь миний аавыг мэднэ. 

-Тэмцээн болохгүй ч бэлтгэлээ тогтмол хийж байгаа байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-3-4 цагийг хүчний бэлтгэлдээ зарцуулж байна. Жүдогоор барилдахын тулд хүчний бэлтгэл маш чухал. Тиймээс Golds клубт Б.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хүчний бэлтгээл базааж байна. Багшийнхаа ачаар хүч маань ахиж, бэлтгэл ч их таарч байгаа учраас баярлалаа гэж хэлье. Харин шигшээ багийнхантайгаа нэгдэж чадаагүй л байна. Тэд хөдөө цугларалтад гарсан байгаа. Би удахгүй араас очно. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл хийх нь чухал. Тиймээс хүүхэд харах хүнтэй болсны дараа шигшээ багийнхаа жүдочидтой нэгдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хүссэн зорилгодоо хүрч олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсье?

-Баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжсэн гэр бүлийнхэн, Монголын жүдо бөхийн холбоо, “Женко” клуб, шигшээ багийнхан, Golds клубын хамт олон, дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа, хүчний багш Б.Мөнхбаяр, шигшээгийн дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний надад итгэсэн тэр их итгэлийг амжилтаар хариулж, дааж явахын төлөө хичээх болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийг хагас минутын дотор устгах арга нээжээ

Бостоны их сургуулийн дэргэдэх халдварт өвчлөлийн лабораторийн судлаачид коронавирусийг зайнаас тусгасан хэт ягаан туяагаар бүрэн устгаж болохыг илрүүллээ гэж Biospace сайт мэдээлжээ. Микробиологич Энтони Гриффитс тэргүүтэй эрдэмтдийн баг SARS-CoV-2 вирусээр бохирдсон материалд хэт ягаан туяаны янз бүрийн дозыг тусгаж, тухай бүрд нь вирусийг устгах хурдыг хэмжсэн байна. Жишээ нь, 5 мж/см2 дозтой туяагаар зургаан секунд шарахад вирусийн тархалт 99 хувь буурсан байна. Эрдэмтдийн үнэлснээр 13 ваттын чадалтай эрчим хүч хэмнэдэг чийдэн 15 шоо метр талбайтай өрөөг коронавирусийн хэсгүүдээс цэвэрлэх чадвартай аж. Тэдний ярьснаар хэт ягаан туяаг бактерийн эсрэг хэрэгсэл болгон 40 жил ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд туршилтад орсон ямар ч вирус тэсэж үлдээгүйг тэмдэглэв. Гэхдээ хэт ягаан туяа өөрөө хүнд аюултай. Судлаачдын багийн ахлагч туршилтын үр дүн болон аргачлалын тайлангаа аль нэг сэтгүүлд нийтлүүлэхээ амлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.