A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/614/

Монголчуудын ажиллах соёл

​Монголчууд юу сурч мэдэх ёстой вэ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/614/

Хөгждөггүйн тухай тэрс үгээ л үргэлжлүүлээд байна. “Монголчуудын мөнгөний соёл”–ын тухай бичсэнийг Монголын шилдэг нийтлэлчдийн baabar.mn цахим хуудасны “Заавал унших нийтлэл” буланд лав хоёр сар ил байлгана билээ. Байгаа зөв олж, буудаж оносон учраас л бусдад таалагдсан бас хэрэг болог гэсэн үүднээс онцолсон байх. Мөн gogo.mn цахим хуудасны ерөнхий редактор, сэтгүүлч хуурай дүү маань “Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил” нийтлэлийг маань Facebook-ээр хуваалцахдаа ингэж бичсэн байна. “За энэ бол үнэхээр хүн бүхэн уншиж, сэрж санамаар нийтлэл. Үнэхээр гоё бичжээ. Залхуугийн шагнал ядуурал гэж үнэн үг дээ. Орчин цагт сошиал медиа гарсан нь Монголын зүгээр суугч нийт иргэд бидэнд ихэд сайхан завшаан болсон гэлтэй. Тааз ширтэж суудаг нь утсаа ширтэж суухаар солигдсон. Фэйсбүүк, твиттер нь гэвч цалин өгөхгүй л дээ” гэжээ. Бидний амьдралын хэмнэл, дэглэм, зарим талаар ёс заншил, уламжлал маань эрин зуундаа гологдоод байгаа учраас л бид оросын улс төрч Кудрины онож хэлсэнчлэн “шившгийн” ядуурал, гуйланчлал дээрээ баттай зогсоод байгаа байх. Ядуурал, гуйланчлалын араас улс үндэстний доройтол, тэр нь засал олохгүй удах аваас яван явсаар мөхөл гээч гамшиг руу хүргэдэг гэдгийг сэрэмжлүүлж сануулах нь эх оронч монгол сэхээтэн бүрийн ариун үүрэг баймаарсан. Ажил албаа залгуулах байдал нь Монголчуудын хувьд соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг, бөөн уур уцаар, гомдол, стресс дунд ажил явна. ажил дээр хар тэнхээ, муйхар зүтгэл, үнэнчийн шалгуурыг гол болгоно. Тавьдаг шаардлага нь “ол!”, “Бүтээ!”, “яв”, “Эр!”. ямар аргаар түүндээ хүрэх нь падгүй. Бүдүүлэг авирлах нь түгээмэл. Эрүүл шаардлага тавихаар мэдэн будилж эсвэл зүгээр л бултчихна. Хууль илт л зөрчихгүй бол барав. Албан газруудын мөрддөг бичигдээгүй дүрэм нь энэ. Ажил албаа залгуулах нь ч дүүрч.


Гэтэл хийсэн бүтээсэн нь мөн л соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц, этгээд ч юм шиг. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг ч тэр нь ихэнхдээ гологдол. Миний, бидний дараагийн нөхөд гүйцээг гэсэн аястай. Засмал зам тавина, явган хүний зам тавина, нэг л болохгүй. Аль нэг нь заавал дутуу. Хэт сайхныг тавьчихвал капитализм болчих гээд байдаг тул өмнөх нийгэмд “социалист зам” тавьснуудаа эргээд нэг харчих даа. Байнга л тордож, хөдөлмөрлөж, хэн нэг нөхөр заавал хариуцдаг байхаар нуль гологдол хийчихсэн байна. Газарт шунаг, дээрэнгүй хандаж, шавааралдуулсан олон байшин шахаад барьчихсан, машин эргэх зайгүй, замын түгжрэл, хотын утаа, тоос тортог, хог новш гадаадынхны гайхшийг барна. Нийслэлээрээ жишээлж ярьж байна. асар их зовлон туулж энэ их хотыг барьж босгож байх шиг. Энд би нийгэм-эдийн засгийн бүх салбарыг нэрлэж байна л даа. Тэр нь ялгарна, тэр нь гялтайна гэх юм алга. Хүнд амар заяа үзүүлж болохгүй ч юм шиг. “Хүний төлөө нийгэм” гэсэн хийсвэр яриа ардчиллын жилүүдэд чамгүй яригдсан ч харин эсрэгээр. Хэний юуны төлөө нийгэм бэ гэдэгт хариулт байна уу? Социалист үзэлтэй өмнөх нийгэм маань социалист төрийн төлөө нийгэм байсан нь дүрсээ бага зэрэг хувиргаад одоо явж байх шиг. Хүний төлөө дэндүү сайн сайхныг бүтээчихээр дараагийн үе маань ажилгүйдчихнэ гэсэн мухар сүсэг арай байдаг юм биш байгаа гэж эмзэглэмээр. Ингэж их зовлон туулсан юм чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ гэх нийгмийн сэтгэхгүй маш хүчтэй түгсэн хэвээр байна. Тодруулбал, алдар цол, одон тэмдгийн төлөөх үхэлдээн. Уг нь энэ бол ардчилсан, зах зээлийн нийгэмд гээгдэх ёстой зуршил шүү дээ. Коммунист хатуу засаглалтай, зах зээлийн эдийн засагтай өмнөд хөршид чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ гэх зуршил байтугай, наад захын ойлголт ч байхгүй.

• Монголчууд асар их зовлон туулж энэ их хотыг барьж босгож байх шиг.

• Тоглоомын дүрэм болоод ажиллах соёл чинь буруу учраас л тамын тогооны амьдрал үргэлжлээд байгаа хэрэг.

• Бид “Оюутолгой”, “Тавантолгой” гэх хоёрхон “яс” мөлжиж өл залгуулж буй тураалтай хүн шиг байна.

Харин манайхан хэдэн үеэрээ гавьяагаа төр засгаараа үнэлүүллээ, гавьяаныхаа амралтад сууцгаалаа. Энэ бүхэн дуусах төгсөх цаг гэж байна уу? одоо бол байхгүй. Учир нь их зовсон, зовлон туулсан учраас тэр. Дахиад зовох учраас тэр. харин тэр “гавьяа”-ндаа гуйлгачилсаар хүрчихсэн хөгшин хөвөө маш олонтой, дэндүү олон байна. Тоглоомын дүрэм болоод ажиллах соёл чинь буруу байж ирсэн, байгаа учраас л тамын тогооны амьдрал үргэлжлээд байгаа хэрэг л дээ. Монголчууд ихэнхд ээ маш өчүүхэн бодолтой, маш жижигхэн хүмүүс байдаг нь ажиллах соёл, мораль, ёс зүй, тархины багтаамжтай нь холбоотой. Дэлхийн цар гэж томоор ярихаа больё, ядаж жалга дов, хашааныхаа хүрээнээс хальмаар байна. Тийм салбарынхны үндэсний зөвлөлгөөн, ийм салбарынхны улсын зөвлөлгөөн төрийн ордны их танхимд боллоо л гэдэг, зохиогдож л байдаг. Гэвч үр дүн ерөөсөө байхгүй, зөвлөлгөөн нь ч тоймоо алдсан, оролцогчдынх нь толгой эргэсэн, учир нь өчүүхэн жижиг, тулга тойрсон асуудлаа их томоор ярьсаар тардаг, маргааш нь өөр нэг зөвлөлгөөний бэлтгэл ажил эхэлдэг.


Үр дүн нь Монголчууд ядууралтайгаа 28 дахь жилдээ явж байна, дэлхийд байхгүй хосгүй шилжилтээ үргэлжлүүлсээр байна. Уул уурхай шүтэж, түүнийг гурван саяулаа мөлжиж аж төрнө гэх энэ их хүлээлтээ хаяач ээ, уул уурхай, орд тойрсон нийгмийн хийрхлээ орхиоч ээ, уурхайтай хэдэн нөхөрт нийгмээрээ атаархаж өсөрхөж явдгаа болиоч ээ, “Би тэдний нэг” гэдэг тэгшитгэсэн үзлээсээ салаач ээ, хар массаасаа цуварч сугарч гарч, гэрэл гялбаа авчраач ээ, дор дороо өчүүхэн (бүр маш өчүүхэн) сонирхолтой явахаа болиод асуудлыг томоор нь хараач ээ хэмээн би мөн ч их бичсэн дээ. Манай эдийн засгийг “түүхий эдийг дагасан үхээнц эдийн засаг” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхойлсныг мөн ч онож нэрлэж дээ хэмээн би үзэж байна. Оны шилдэг эшлэл гэж нэрлэх саналтай байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уриалгыг бас чухалд тооцлоо. “Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон, бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харъя” гэснийг нь давтъя. “Зөвхөн улаанбаатар хотод 3500 хүний ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй” хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир цөхрөнгөө бараад хэлж байх юм. Бас эшлэе. Олсон мэдээллээ нэмээд байр сууриа буулгая: Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 64 улсыг жагсаахад манай улс үхээнц эдийн засгаараа доороосоо хоёрдугаарт буюу 63 дугаарт бичигдлээ. Миний үздэгээр Монголчууд “Оюутолгой”, “Тавантолгой” гэх хоёрхон “яс” мөлжиж өл залгуулж буй тураалтай хүн шиг байна.


Тэр хоёр нь байхгүй бол яг үхэхэд бэлхэн. Бид ер нь яах ёстой юм бэ, яавал хөлжиж бэлжиж, бэхжиж, дэлхийд харц, толгой дээгүүр явах ёстой вэ гэдэгт шууд будаа идэхээр шийдлээ. Америкийн нэгэн буянтай буурлын захиж үлдээснийг энд шууд буулгах гэж байна. Donaldson, Lufkin & Jenrette хөрөнгө оруулалтын банкийг 1959 онд үүсгэн байгуулагчдын нэг Ричард Женретт амьдралынхаа 40 жилийг Уолл Стрийтэд өнгөрүүлсэн нэгэн. Тэрээр санхүүгийн болон хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд мөрдөх 20 дүрэм гэгчийг бичиж үлдээснийг bloomberg.com нийтэд ил болгосныг би энд жагсаая. Ричард Женретт гуай бизнес эрхлэгчдэд хандаж нандин сургамжаа үлдээсэн гэж бүү бод! Нийгмээрээ биш юм аа гэхэд ядаж бизнес эрхэлдэг Монголчууд, худалдаа-эдийн засаг-санхүүгийн үйл ажиллагаа, алба эрхэлдэг хэсэг нь эхлээд тэр дүрмийг мөрддөг болчих хэрэгтэй юм л даа. “Би юу сурч мэдсэн бэ?” гарчигтай тус дүрмийн жагсаалтыг “монголчууд юу сурч мэдэх ёстой вэ?” Хэмээн эерүүлээд уншигч та бүхэнд яг хөрвүүлснээр нь хүргэе. Монголчууд бид ядуурал, гуйранч амьдралаасаа хагацахын тулд юу сурч мэдэх, хэрхэн амжилтад хүрэх, тэгээд хэрхэн аз жаргалтай удаан амьдрах вэ гэсэн алтан дүрэм чинь энэ болог ээ!

• Битгий бууж өг. Тоглоомондоо үлд.

• Харилцаа холбоогоо хэзээ ч битгий тасалж бай.

• Үнэнч найзаас илүү үнэ цэнэтэй зүйл үгүй. Сайн найз хэтэрхий олон байна гэж байдаггүй. Хуучин нөхдөө хаяж болохгүй. Тэд хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно.

• Эелдэг байхыг хичээ. Баярлалаа гэдэг үгийг үргэлж хэлж бай.

• Цаг үеэсээ битгий хоцор. үргэлж суралц. Сур. Боловсролтой бол. Гэрийн даалгавраа заавал хийж бай. Суралцахаа хэзээ ч бүү зогсоо.

• Найз нөхдийн харилцаагаа улам өргөжүүл. Ялангуяа өөрөөсөө насаар дүү хүмүүстэй.

• Анхааралтай бай. Бэлтгэлтэй бай.

• Өөрөөрөө бахарх. Гэхдээ биеэ тоох хэрэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэд.

• Урьдчилан төлөвлө. Боломж олдсон даруй тоглоомонд ороход бэлэн бай.

• Асуудлыг боломж гэж хар. Асуудал өөрчлөгдөх боломжийг нээж өгдөг. Асуудал тулгарсан тохиолдолд хүн өөрчлөгдөхөд бэлэн болдог.

• Бусдад сайхан харагд. Цэвэрхэн, насандаа тохирсон хувцас өмс. Сүүлийн үеийн загварын чиг хандлага зэргийг дагах хэрэггүй. Сэтгэл татам харагдах нь чухал.

• Зөв, цэгцтэй ярь. Хараалын үг хүнийг сайхан харагдуулдаггүй.

• Өөрчлөлтөд бэлэн бай. Нэг газраа битгий гац. Шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн бай. Гэхдээ тархиа дага, эрүүл саруул ухаанаар бодож эргэцүүлэхээ бүү март.

• Чөлөөт цагаа дуртай зүйлээ хийж өнгөрүүл, таашаал ав. гэхдээ үргэлж биш. • Сайн сайхны талд бай.

• Үргэлж илүү төлөвлөгөөтэй бай.

• Зөвхөн нэг газар битгий хөрөнгө оруул.

• Гадаад хэлтэй бол. Аль болох олон газраар аял. Боломжтой бол дэлхийг тойр.

• Бусдын дэргэд өөр нэгнийг битгий шүүмжил. Сайн хийсэн ажлыг магт. гэхдээ муу ажилд хэзээ ч битгий магтаал хэл.

• Чамайг эргүүлэн хайрлах хүнтэй байх сайхан. Юмыг томоор нь хар гэхдээ жижиг зүйлсийн талаар мартаж болохгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүчирхийлэл нийгэмд нэвчсэнийг баталлаа

​Эрэгтэйчүүдийн оролцоо хүчирхийллийг таслан зогсооход чухал​

 0 сэтгэгдэл


Монголын өнцөг булан бүрд амьдарч буй 7300 гаруй эмэгтэй өмнө нь хэнд ч ярьж байгаагүй эмзэг асуудлаа асар зориг гарган дэлгэснээр монголчууд бид хүчирхийллийн нүцгэн үнэний талаар бодит мэдээлэлтэй боллоо. Эр нөхрийнхөө харгис авир, хүчирхийлэлд цөхрөлөө барсан нэгэн эмэгтэй судалгаанд оролцсоныхоо дараа “Та нар 10 жилийн өмнө хаана явсан бэ” гэж асуухад судлаач хэлэх үггүй гацаж, хоёулаа уйлж суусан гэдэг. Энэ тухай НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн тархалтыг үндэсний хэмжээнд тогтоосон анхны судалгааны үр дүнг танилцуулах үеэр онцолсон юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хүн амын сан, ШХА-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны үр дүнд хүчирхийллийн тухай сэтгэл сэрдхийлгэмээр тоон үзүүлэлт танилцууллаа. Тухайлбал, 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан байна. Тус судалгааг ахалсан ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тооноос улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ямар байгааг мэдэж болно” гэсэн өр эмтэлмээр дүгнэлтийг оролцогчдод хандан хэлсэн юм. Мөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд зан байдлын доголдолтой болдог нь тус судалгаагаар тодорхой харагдлаа. хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийллийг харж, сонсож, хүчирхийлэлд өртөх нь насанд хүрсэн хойноо хүчирхийлэгч болох магадлал өндөр гэдгийг албан ёсны тоон мэдээлэл харуулж буй юм. Хүн амын суурь боловсролын түвшин харьцангуй өндөр, хүйсийн тэгш оролцоо ч боломжийн байдаг манай улсад жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд Зүүн өмнөд азийн болон зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо гарч байгаа юм байна. Тухайлбал, жендерт суурилсан хүчирхийлэл Вьетнам, Тувалу болон Кука арал улстай, гэр бүлийн хүчирхийлэл Бутан, Мьянмар, Шриланк болон Тонга арлынхтай бараг ижил түвшинд байгааг газрын зурагт тодоор тэмдэглэн харьцуулсныг харахад харамсалтай санагдаж байлаа. Уг нь манай улсад эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох, үг хэлэх эрх 1924 оны анхны үндсэн хуулиар буюу АНУ-ын эмэгтэйчүүд ийм эрхээ олж авснаас таван жилийн дараа баталгаажсан гэдэг.

Хүчирхийлэл дэлхийн дунджаас их бөгөөд зарим арал улсын үзүүлэлттэй ойролцоо байна

Гэхдээ эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөлтийн тархалт, нөхцөл байдлыг ийм тодорхой гаргана гэдэг нийгмийн эерэг өөрчлөлтийн үүд хаалгыг нээж буй бөгөөд үүнд л уг судалгааны гэрэл гэгээ, ач холбогдол оршиж байгаа юм. Үүний үр дүнд л хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслах үйлчилгээ үзүүлэх үндэсний хэмжээний тогтолцоо бүрдүүлнэ гэдгийг донор болон хууль тогтоох байгууллагын төлөөлөл хэлж байсан. Хамгийн гол нь судалгааг аль болох түргэн эргэлтэд оруулж, шаардлагатай өөрчлөлтийг эрчимтэй хийвэл 20 жилийн дотор монголчууд хүчирхийллээс ангижирсан үндэстэн болох найдвар байгааг социологич Ц.Заяхүү хэллээ. Харин дараагийн ээлжид хүчирхийллийн шалтгаан нөхцлийг лавшруулан судлах шаардлагатай гэж хүний эрхийн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийлсэн. Бид уг арга хэмжээг сурвалжлах үеэр хүмүүсийн нэг хэсэг нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг эрх мэдэл дэх жендерийн тэгш бус байдалтай холбоотой хэмээн тайлбарласан. Харин нөгөө хэсэг нь Монгол улс шилжилтийн үед эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн үйлчилгээг орхигдуулж, эмэгтэйчүүдэд хэт анхаарснаар нийгэмд гажуудал үүсэж, өнөөдрийн эмзэг асуудлыг бий болгосон гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь чухал гэдгийг судалгааны бодлогын зөвлөмжид тусгасан байна. Мөн жендерт суурилсан хүчирхийллийн гол шалтгаан нь эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэхүйн хандлага бөгөөд үүнийг эмэгтэйчүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдгийг судалгааны үр дүн харуулж буйг албаныхан онцолсон. Судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 7860 өрх хамрагдсанаас 7319 эмэгтэйтэй ярилцлага хийсэн байна. Харин чанарын судалгааг үндэсний судалгааны MMCG гүйцэтгэж, нийт 392 иргэнтэй зорилтот бүлгийн 64, гүнзгийрүүлсэн 87, мэргэжилтнүүдийн 59 ярилцлага зохион байгуулжээ. Судалгааны дэлгэрэнгүй электрон хувилбарыг НҮБ-ын хүн амын сангийн цахим хуудаснаас авч болох бөгөөд зарим үр дүнг инфографикаар үзүүллээ.

Байр суурь

Судалгааны дүн таамгаас муу гарсан /НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгч Наоми Китахара/

-НҮБ 2030 он гэхэд жендерт суурилсан хүчирхийллийг бүр мөсөн устгах зорилт тавьсан. Ази номхон далайн бүсийнхтэй харьцуулбал монгол эмэгтэйчүүд харьцангуй өндөр боловсролтой, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж их. Тиймээс анх судалгааг эхлэхдээ хүчирхийллийн түвшин бусад орныхоос доогуур байгаа болов уу гэж таамаглаж байсан ч эсрэгээрээ гарсан. Хамтрагчийн үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн хувьд Монгол улс Ази номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулбал дунджаас дээгүүр түвшинд байна. Харин энэ бүс нутаг болон Африк тив энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь өмнө нь хүчирхийлэлд өртсөн талаараа хэнд ч хэлж байгаагүй гэж хариулсан. Олон эмэгтэй өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэдгээ ойлгохгүй, хүчирхийлэгчийн үйлдлийг зөвтгөж байгаа нь харамсалтай.

Хүчирхийллийн зүй тогтол, учир шалтгааныг лавшруулан судлах хэрэгтэй /ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал/

-Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хүчирхийлэлд зан үйл, мэдлэг боловсрол гэх мэт олон зүйл нөлөөлж байгаа бол архидалт өдөөгч хүчин зүйл болж байна. Манай эмэгтэйчүүдийн боловсрол сайн учраас бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүчирхийлэлд өртөж буйгаа нээлттэй илэрхийлсэн. Энэ нь бусад улстай харьцуулахад Монголд хүчирхийллийн түвшин өндөр гэсэн үр дүн гарахад нөлөөлсөн байх талтай. Гэхдээ хүчирхийллийн нарийн шалтгааныг хэлэхэд эрт. Энэ удаа хүчирхийлэл ямар түвшинд байгааг бодитоор гаргахыг зорьсон. Харин үндсэн шалтгааныг нарийвчилж, арай өөр аргаар зүй тогтлыг нь судлах хэрэгтэй.

Хууль хэрэгжүүлэхэд монголчуудын хандлага саад учруулж байна /УИХ-ын гишүүн А.Ундраа/

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд хамгаалах байр, түүнд ажиллах сэтгэл зүйч, өмгөөлөгч зэрэг хүний нөөцийн хомсдол тулгамдаж байна. Зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сумдад хүний нөөц, төсөв маш их хэрэгтэй байгаа. Үндэсний хэмжээнд явуулсан энэ судалгааны тоо, баримтыг ашиглан аль аймагт ямар арга хэмжээ авч, хэдий хэмжээний төсөв зарцуулахыг тооцох боломжтой боллоо. Нөхцөл байдлыг төсөвтэй уявал зөв шийдвэр гаргахад дөхөмтэй. НҮБ-ын тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох жендерийн тэгш эрх, наймдугаар зорилт болох эмэгтэйчүүдийн ажлын байр, зохистой хөдөлмөрийн асуудлыг салгаж ойлгоход түвэгтэй. Энэ бүх зорилтод хүрэхэд та бүхний судалгааны үр дүнг ашиглана.

Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий болдог /МУБИС-ийн багш, профессор С.Түмэндэлгэр/

-Нийслэл, аймгийн төвд хохирогчийг хамгаалах байр бий. Харин сум, хөдөөд нэг ч алга. Хүчирхийллээс айсан эмэгтэйчүүд өөрийгөө, хүүхдээ хамгаалахын тулд гэрээсээ зугтах, айлд тэр бүү хэл хээр хоносноос биеийн зарим хэсэг нь хөлдсөн тохиолдол ч бий. Хамгийн гол нь хүчирхийлэл үйлдэж байгаа эрэгтэйчүүдийн зан үйлд чиглэсэн нөлөөллийн ажил хийхгүй байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд түрэмгий, ууртай, өөртэй итгэлгүй, зожиг зантай, сэтгэл зүйн хямралтай болсон гэж ээжүүд нь судалгааны үеэр хэлж байсан. Мөн ийм зан авиртай болоход нь эрэгтэй хүн ууртай, хатуу чанга байх ёстой гэсэн нийгмийн хандлага маш муугаар нөлөөлж байна. Бага насны хөвгүүдэд боловсролын хөтөлбөрөөр дамжуулж ямар мэдлэг олгож байна вэ гэхээр хэлэх зүйл алга. Хэрэв үүнд өнөөдөр төсөв зарцуулж чадвал 10 жилийн дараах хүчирхийллийг бууруулахад эерэг нөлөөтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Харүмафүжи аваргын мөрөөдлийн эхлэл буюу “Шинэ Монгол”-ын шинэ ирээдүй

 0 сэтгэгдэл


Индэрт гарсан эмэгтэй “...Бусдын л адил Япон хэв шинжийн сургалттай “Шинэ Монгол” хэмээх сургуулийн талаар олны амнаас сайн мэдээ олонтаа сонсож байсан болохоор охиноо энэ сургуульд оруулсан юм. Үнэхээр гайхалтай сургууль. Тэгэхээр энд цугласан та бүхэнд ямар нэгэн зөвлөгөө хэлээч гэвэл “Хэрвээ хүүхэд чинь энэ сургуулийн элсэлтийн болзол, шалгалтад тэнцээд орсон л бол өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлд л санаа тавь, харин сургуулийн сургалтын чанар, арга барил, хүүхдэд олгодог олон талт төлөвшил гээд Монголын өөр ямар ч сургуулиас олж харж үл чадах тэр бүхнийг “Шинэ Монгол” л бүрэн бүүрэн өгч чаддаг юм шүү” гэж бардам хэлж чадна аа. Би хүүхэд, эцэг, эхчүүдэд хандан нэг зүйлийг онцлон хэлмээр санагдлаа. Юу гэвээс ямар хүсэл тэмүүллээр хаана хүрэх гэж, ямар түүхтэй сургуульд суралцаж байгаагаа хүүхэд бүр эцэг эхчүүд бүр маш сайн ойлгож, ухаарсан байх хэрэгтэй болов уу. Энэ бол хамгийн чухал суурь. Бид бүхэн Ж.Галбадрах багшийг маш сайн мэднэ шүү дээ. Түүний “Нар тэтгэсэн мөрөөдөл” гэдэг номыг уншаагүй хүүхэд, эцэг эх байдаг бол заавал уншаарай гэж захимаар байна.


Миний л хувьд энэ номыг уншсанаар бодол санаанд минь маш их өөрчлөлт гарсан юм. Охинтойгоо би сургуулийнх нь тухай, хүсэл мөрөөдлийнх нь тухай, ямар их боломж бололцоо түүнд минь байгаа тухай энэ номыг дахин дахин уншаад ярилцдаг юм...” хэмээн ярихыг би анхааралтай сонсож суулаа. Онц суралцдаг хүүхдүүдэд сургуулиас олгодог тэтгэлэгт тэрхүү эмэгтэйн охин тэнцсэн юм байна. Иймээс тэтгэлэг гардуулах ёслолд оролцож, олны өмнө үг хэлж байгаа нь энэ. Миний хувьд “Шинэ Монгол” сургуулийг эртнээс мэднэ. Тодруулбал 2000 оны яг өдийд Ж.Галбадрах багштай уулзан ийм сургууль байгуулж байгаа талаар сурвалжилж, монголчуудад анх дуулгасан түүхтэй. Түүнээс хойш 18 жил өнгөрч. Тухайн үед Галаа багшийг болон сургуулийг нь ийм амжилтад хүрнэ чинээ төсөөлж байсангүй. Дөнгөж л баригдаж байсан ахлах сургуулийн жижигхэн дөрвөлжин хүрэн байшин нь эдүгээ шил толь болон өргөжиж, инженер,технологийн коллеж, дээд сургуультай бүхэл бүтэн эрдмийн хүрээлэн болон цогцолжээ.


Арван найман жилийн өмнөхөөс ялгарах бас нэгэн онцлог нь “Шинэ Монгол”-ын талаар өдгөө олныг нурших огт шаардлагагүй болж. Нэгэн цагт энэ сургуулийг мэддэг хүн Монголд тун цөөхөн байсан бол эдүгээ мэддэггүй хүн бараг байхгүй болж,энэ сургуульд хүүхдээ оруулж,сургах нь эцэг, эхчүүдийн хувьд тэмүүлэл нь болсныг жил бүрийн элсэлтийнх нь үйл явцаас тодорхой харагддаг. Хамгийн гол нь энэ сургуульд өнөөгийн боловсролын тогтолцоонд үгүйлэгдээд байгаа жинхэнэ ЧАНАР баттай нутагшсан болохоор тэр л дээ. “Шинэ Монгол” сургуульд элсэж суралцах хүсэлтэй олон зуун мянган хүүхэд бүрт боломж олддоггүй нь хамгийн том бэрхшээл болжээ. Чанартай сургууль болгоныг дагадаг хяслан гэдэг энэ. Гэтэл ”Шинэ Монгол” сургуулийн шинэ салбар байгуулагдаж ирэх намар нээлтээ хийх гэж байгаа нь боломжийг нэмсэн үйл явдал болж байна. Бүр тодруулбал, Японы сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадорж, Ж.Галбадрах багштай хамтарсан хөрөнгө оруулалтаар Яармагт “Харүмафүжи-Шинэ Монгол 2” сургуулиа нээхэд бэлэн болж. Уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Галаа багшид хандсан юм. Тэрбээр ийн ярилаа.


Ж.Галбадрах: Сайн сургуулиас агуу сургуульд хүргэх нь ойрын минь зорилго

-Тантай уулзалгүй уджээ. Сургуулийнхаа шинэ салбарыг нээх гэж байгаад баяр хүргэе! Харүмафүжи Бямбадорж аваргатай хамтарч байгаа гэдгээрээ энэ мэдээ нийгэмд их содон хүрч байх шиг санагдсан. Миний мэдэх Галаа багш хэр баргийн хүнтэй хамтрах хүн биш л дээ. Яагаад гэвэл боловсролын талаар таны баримталдаг үзэл бодол, тавьдаг шалгуур, шаардлага шал өөр шүү дээ. Хамтрах санал тавьж байсан хэд хэдэн хүнд татгалзсан хариу өгч байсныг тань бас мэднэ. Тэгэхээр Харүмафүжид зөвшөөрсөн шалтгааныг тань эхлээд асууя?

-Чиний зөв. Үнэхээр боловс­ролын салбарт хамтрая гэдэг санал ирж байсан ч би зөвшөөрч байгаагүй л дээ. Шалтгааныг нь чи хэлчихлээ. Харин Харүмафүжи аваргын саналыг яагаад зөвшөөрсөн вэ гэвэл маш итгэлтэй залуу санагдсан учраас тэр. Мэдээж түүнийг өмнө нь сүмоч гэдгээр нь мэддэг байсан. Бусад бөхчүүдийн адил бодож явсан л даа. Гэвч түүнтэй илүү ойр танилцаж, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг нь ойлгоод ямар мундаг залуу бэ гэж бодох болсон. Сүмогийн ертөнцийн оргилд хүрсэн хүн атлаа ихэмсэг зангүй маш даруу, хүнийг ялгаж харилцдаггүй, нээлттэй, халуун сэтгэлтэй, хамгийн гол нь зорилгоо ултай тодорхойлж, ямар сургуулийг яах гэж байгуулахаа маш сайн мэдэж байсан нь их сэтгэгдэл төрүүлсэн. Анх Монголдоо ийм нэг сургууль байгуулах гэсэн юм. Тантай хамтармаар байна гэж гурван ч удаа ирсэн л дээ.Түүний хүсэл мөрөөдөл, зорилго нь үнэн бөгөөд нийцтэй байсан болохоор ямар ч байсан дэмжээд зөвлөөд явъя гэсэн юм. Сүүлд хуриман дээр нь илүү дотно танилцаад жирийн нэг бөх барилддаг хүн биш болохыг нь бүр ч тодоор мэдэрсэн. Үнэхээр гоё, хүчтэй энергитэй, асар тэмүүлэлтэй, эрмэлзэл дүүрэн залуу. Би түүнтэй хамтрах шийдвэр гаргасандаа огт харамсахгүй. Сургуулийнхаа тухай ийм байна, тийм байна гээд бид хоёр их ярьж зөвлөлдөнө. Бямбаагаас их гоё шийдлүүд гардаг юм. Монгол хүн хамтарч чаддаг юм, хамтрахаараа ямар амжилтад хүрдэг юм гэдгийг бид хоёр харуулж чаднаа гэсэн гүн итгэл бий.

-Түүний боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь надад ч гэсэн гоё сэтгэгдэл төрүүлж байна. Ямар нэгэн банк, худалдаа, наймааны компани байгуулаад явж болох шүү дээ?

-Бямбааг маш өөр бодолтой, зорилготой, ухаалаг залуу гэж үнэлээд байгаа маань энэ шүү дээ. Надад аавынхаа тухай, ах дүү, хамаатан саднаа хүртэл яриад “Би хэзээ ч хүний итгэлийг алдахгүй ээ! Галаа багшаа танд аавынхаа нэрээр тангараглаж байна” гэж хэлсэн юм. Ер нь би чамайг өөртөө нь утсаар яриулъя, тэр нь ч зөв байх. Үнэхээр боловсролын салбарт хөрөнгө оруулсан хүн үр дүнг нь урт хугацааны дараа хардаг юм. Түүний зорилгоос нь ямар халуун эх оронч сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болох нь харагддаг.

-Баярлалаа! Сайхан боломж байна. Ярианыхаа төгсгөлд Харүмафүжи аваргатай ярилцъя. Галаа багш аа, хорь шахам жилийн өмнө ярилцаж байхад Та сургуулиа олон япон хүний сайхан сэтгэл, туслалцааны багана дээр тулж байгаа болохоор ухарч, шантрах эрхгүй гэж байж билээ. Одоо”Шинэ Монгол” сургууль улам ч олон баганатай болж, өргөжжээ.

-Японд анх очоод улс гэдэг ингэж хөгжиж чаддаг юм байна. Энэхүү хөгжлийнх нь нууц боловсролдоо байдаг юм байна гэдгийг ойлгож авсан юм. Анх яаж эхэлж байсныг чи мэднэ шүү дээ. Японы сургуулиудад нэг онцлог байдаг л даа. Юу гэхээр хүүхдүүдийг сонгож шилж, шигшиж байж сургадаг. Монголчууд малыг заазалдаг шиг гэж ойлгож болох юм. Ингэж байж элитүүдийг гаргаж авдаг, бэлтгэдэг юм байна. Миний зорилго, хүсэл тэмүүлэл яг ийм юм. Тэгээд л зүтгэсэн. Тухайн үед өнөөдөрт хүрээд байгаа дүр зургийг төсөөлж ч байсангүй ээ. Анх ахлах сургууль байгуулна гэж бор зүрхээрээ зүтгэсээр энэ улаан байшингаа барьсныхаа дараа баярлаад уйлж суусан цагаа санаж байна.

Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй.

Тэгээд би санасандаа хүрлээ хэмээн дотнынхоо япон хүнд хэлэхэд нөгөөх маань “За яахав үнэлгээ өгвөл “С” л юм даа” гээд ийм хүнд нөхцөлд сургуулиа байгуулж чадсан хойно илүүг ч хийж чадна, зүтгэ гэсэнд их урам орж билээ. Яах гэж сургууль байгуулав даа гэж бодож, шантарч байсан ч үе бий. Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан. Хүүхдүүдийн маань чадвар, хүмүүжлээр япон хүмүүс бахархаж, тэднийг маань булаацалдах болсон нь юутай их аз жаргал гэж бодно. Энэ олон жилийн хугацаанд “Шинэ Монгол”-д суралцаж байгаа хүүхэд болгоныг өөрийнхөө хүүхдүүд гэж боддог. Ингээд зүтгээд ирэхээр сайн үр дүн гардаг юм байна. Анхны төгсөгчдөөс зургаан хүүхэд Японы их, дээд сургуульд тэтгэлэгээр явж байж. Дараа жилээс тоо нь найм, арав, хорь гээд өсөөд явчихсан. Одоо танай төгсөгчдөөс авъя, зардал мөнгийг нь даая гэсэн хүсэлт Японоос байнга ирдэг болсон. Энэ бүхэн асар урам өгдөг юм. 2010 онд сургуулийнхаа 10 жилийн ой болоход “Би энэ хугацаанд юу хийв ээ?” гэдгээ анх дүгнэж үзлээ. Өөртөө тэгээд дүн тавьсан.

-Мэдээж “онц” тавьсан байх аа?

-Сайнаас хэтрэхгүй гэсэн дүн тавьсан. Тэгээд сургуулиа агуу болгох зорилго тавиад зүтгэхээр шийдсэн. Тэр үед Жим Коллинзийн “Сайнаас агууд” гэдэг номыг уншиж байгаад “Сайн сургуулийг агуу сургууль болгож болно” гэсэн өгүүлбэр олж харсан юм.Ингээд дараагийн арван жилийнхээ зорилгыг тодорхойлсон хэрэг л дээ. Агуу сургууль гэж ямар байх юм вэ? гэдгээ тодорхойлсон. Жинхэнэ элитүүдийг бэлтгэн гаргадаг байх ёстой. Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид ямагт бусдын сайн сайхны төлөө явдаг, амьдралын өөдрөг тэмүүлэлтэй,эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй элит хүний шинж чанар суусан байх болно. “Шинэ Монгол”-ын төгсөгч бүр аз жаргалтай, амжилтын эзэд байх, тийм хүнийг Монголдоо бид гаргаж өгнө гэсэн үзэл санааг боловсруулж гаргаж ирсэн юм.

Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан.

-“Шинэ Монгол” сургуулийн амжилт Монголын боловс­ролын салбарт ямар болом­жийг авчирсан бол оо?

-Тийм ээ, ер нь анхнаасаа л Монголынхоо боловсролын салбарт жишиг тогтооё гэж орж ирсэн. Эхлээд олон улсын жишиг гэж юу байдаг, сурах орчин, сургууль нь ямар байхын, багш нь ямар байхын, яаж хичээл, сургалт нь явахын, багш ажилтан, сурагчдын сахилга бат, хариуцлага ямар байхын жишгийг Монголдоо бий болгож чадсан. Гэвч санаанд хүрэхгүй л байна. Бүрэн дунд сургууль маань нэг багана байсан гэж үзвэл, одоо коллеж, технологийн дээд сургууль гэсэн багана нэмэгдлээ. Анхны төгсөгчид маань 30 гаруй настай байна гээд бодохоор Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх жинэхэнэ чадварлаг боловсон хүчнийг бид бэлтгэж байгаа. Монголд одоо бүтээгч инженерүүд хэрэгтэй байна. Тиймээс “Made in Mongolia”-г бүтээгчдийг гаргахаар зорьж байна. Мундаг боловсролтой, зөв бодолтой сайхан сайхан залуучуудаас урам орно. Тэд мөрөөдөл, зорилгоо ярьж орж ирдэг юм. Санаанд үнэхээр нийцдэг болохоор тэр болгонд би “Чиний мөрөөдөл бол яг миний мөрөөдөл”гэж хүлээж авдаг л даа. Эндээс үүдэн Ш.Буянжаргал гэдэг залуутай Технологийн коллеж, Ч.Ганзоригтой Технологийн дээд сургуулиа байгуулсан. Бас манай сургуулийн төгсөгч, шавь Э.Зулгэрэл, Д.Хишигээ нартайгаа хамтран “Бяцхан Монгол”цэцэрлэг байгуулсан байх жишээтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд шинээр байгуулагдаж байгаа” Шинэ Монгол-2” сургуульд хэрхэн элсэлт авч байгааг асууя. Олон хүн үүнийг сонир­хож байгаа байх аа?

-Багын нэгдүгээр анги, дун­дын зургадугаар анги, ахлах аравдугаар ангид элсэлт авахаас аравдугаар ангийнх л үлдсэн. Маргааш (Өнөөдөр)элсэлт эхэлнэ. Нэгдүгээр ангид гэхэд л 1000 хүүхэд орчихоод байгаа. Нэгдүгээр ангид элсүүлэхдээ хүүхдийн төрмөл ухааныг сорьж сонгодог. Дунд ангийнхныг бол сурах арга барил хэр сурсан, эзэмшсэн байна вэ гэдгийг нь харгалзан сонгодог.Харин ахлах ангийнхнаас хүсэл, мөрөөдөл өөрийн гэсэн бодолтой, чөлөөт сэтгэлгээтэй байна уу гэдгийг илүү харгалздаг. “Харүмафүжи Шинэ Монгол-2” сургуулийн сургалтын хөтөлбөр тэр чигээрээ “Шинэ Монгол” сургуулийнх байна. Ялгарах онцлог нь хичээлээс гадуур, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэх орчин илүү сайтай. Ахлах сургуулиа төгсөх үедээ хүүхдүүд маань мэрэгжлээ сонгоод аль эрт тэр чиглэлээрээ нарийвчлан суралцсан байхаараа бас давуу юм. Мэдээж спортын чиглэлээр бол Монголд байхгүй тохилог орчинтой, сайн сургалттай байх болно. Сургуулийн барилга маань хүртэл шаваа хийж байгаа сүмо бөхөөс санаа авсан хэлбэртэй шүү дээ.

Галаа багштай ийн ярилцаад Харүмафүжи аваргатай холбогдлоо.

Харүмафүжи Бямбадорж: Сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулна

-Сайн байна уу, аваргаа!

-Сайн, сайн байна уу?

-Галаа багштай хамтарсан сургууль байгуулах болсон түүхийн талаар тань ярилцаад сууж байна. Та ингэхэд боловс­ролын салбарт яагаад хөрөнгө оруулах болсноо яриач?

-Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу?(инээв) За, за хариулъя аа! Анх Японд ирснээс хойш 18 жил болжээ. Энэ бол багагүй хугацаа. Яагаад боловсролын салбарт үйл ажиллагаа эрхлэх болов оо гэвэл Япон улсын боловсролд хандаж байгаа хандлага онцгой санагдсан юм. Япончуудын сургууль, боловсролынхоо салбараар дамжуулан ирээдүй, хойч үеэ бэлтгэж байгаа нь гайхалтай. Нэн ялангуяа хүүхэд, багачуудад олгож байгаа ах захаа хүндэтгэх, үг сургаалийг нь эрхэмлэн дагах хүмүүжил нь бидэнд маш хэрэгтэй, сурах ёстой үнэ цэнэтэй зүйл гэж бодогддог. Тэгээд Монгол эх орноо хөгжүүлэхэд яг л ийм эрүүл чийрэг, зөв бодол санаа,хандлага хүмүүжилтэй, үйлдэх, эс үйлдэж болох сайн, муу үйлийг ялгаж мэддэг, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй, сайн иргэнийг бэлтгэх юмсан гэсэн бодол үргэлж дотор орших болсон. Эндээс сургууль байгуулах болсон гол шалтгаан маань үүдэж гарсан даа. Энэ мөрөөдлөө тээж яваад одоогоос яг найман жилийн өмнө Галаа багштай хуриман дээрээ уулзаж, танилцах завшаан гарсан хэрэг. Миний гэргий “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр үеийн төгсөгч л дөө. Ингээд энэ эрхэм ахтайгаа дотносон, хүсэл мөрөөдлөө ярилаа. Таны арга барил, менежмент маш чухал. Иймээс та надтай хамтраач гэсэн хүсэлт тавилаа. Галаа багш хамтрах талаар татгалзсан ч, маш сайхнаар хүлээн авч сонсоод “Зөв бодол байна. Би бүрэн дэмжинэ, бүхий л талаар зөвлөе” гэлээ.


Энэ хариулт нь хангалттай байгаагүй болохоор дахин дахин саналаа тавиад байсан л даа. Гурав дахь удаагаа гэртээ урьж, аавынхаа талаар яриад “Би хүний итгэл алдахгүй ээ! Удам судраараа тангараглая” гээд гуйлаа. Галаа багшийн надад итгэх итгэл хэрэгтэй байсан юм. Ингээд багш маань надад сая нэг итгэж сургууль хамтарч байгуулахаар хэлэлцэж тохирсон доо. Маш ихийг Галаа багшаас сурах болсон. Хамтрах саналыг минь хүлээж авсанд үнэхээр их баярладаг. Энэ эрхэм хүн бол миний ЭРДМИЙН БАГШ гэдгийг би бахархалтайгаар хэлмээр байна. Ер нь аливаа спорт өөрөө хүнд асар их хүмүүжил олгодог. Спортоор дамжуулаад би үндэсний бахархал, эх оронч үзлийн талаар илүү ихийг ухаарсан гэж боддог. Монголынхоо хүүхэд багачуудыг зөв бодолтой, хамгийн гол нь эх орондоо хэрэгтэй сайн иргэн болж төлөвшихөд нь миний хийж чадах юм юу байж болох вэ гэж их бодож явдаг. Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян. Миний хөлс хөдөлмөрөөрөө олсон бүхэн ганц надад зориулагдах ёсгүй гэж боддог. Монголдоо ачийг нь хариулах өр надад бий. Ард түмэндээ ачийг нь хариулахын тулд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв юм гэж шийдсэн. Ингэснээрээ миний хоёр дахь эх орон болсон Япон улсын ачийг ч мөн ачилж чадна гэж бодож яваа хүн.Байгуулсан сургуулиас минь Нобелийн шагналтан, олон олон эрдэмтэн, эмч, багш, бизнесмен төрж япон улс, япон хүнтэй хамтарч ажилладаг, хоёр улсын харилцааг бүхий л талаар улам дотно болгон холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Түрүүхэн таныг хамтраг­чаараа сонгох болсон шалт­­­гаанаа Галаа багш ярьсан. Харин Та яагаад заавал Галаа багшийг сонгов?

-Японд “Шинэ Монгол” сургуулийг төгссөн маш олон хүүхэд байдаг л даа. Тэдэнд бусдаас ялгарах нэг адил зүйл байдаг юм. Өөртөө маш итгэлтэй, өөдрөг, хөдөлмөрч, бусдад баярлаж талархаж чаддаг, зорилго тэмүүлэлтэйгээрээ үнэхээр ялгардаг юм. Тэгээд Галаа багшийн талаар сонсоод мундаг хүн юм гэж бодох болсон.

Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян.

Миний хүсэл, мөрөөдөлд туслаж чадах хүн гэдэгт эргэлзэхгүй итгэсэн. Эрдмийн багш маань миний хүслийг хүлээж авсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй ээ. Маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Галаа багшийн сургууль Монголд төдийгүй Японд ч их нэр хүндтэй. “Шинэ Монгол” сургуулийг дэмждэг “Багана нэгийн холбоо” , мөн намайг дэмждэг япон хүмүүс, миний фэн клуб хамтраад явахаар зорилго маань илүү бүтэмжтэй байх болно. Аль ч улс оронд сайн, муу иргэн бий. Багштайгаа хамтраад Монголдоо сайн иргэн бэлтгэхийг зорилоо.

-Намраас эхлээд Харү­мафү­жи аварга маань Монголдоо ирж,сургуулийнхаа захирлаар ажиллах болох нь ээ? Ингэхэд нээрээ Таны зодог тайлах ёслол хэзээ болох гэж байна даа?

-Намар есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийнэ. 18 жил Япон оронд сурч, хүмүүжиж, амьдрахдаа олон сайхан хүнтэй учирч, танилцаж нөхөрлөжээ. Сүмо бөхтэйгөө, өөрийн ах,дүү элгэн саднаас өөрцгүй фэнүүд, намайг үргэлжид дэмжиж ирсэн Японы олон зуун дэмжигчиддээ талархсан сэтгэлээ илэрхийлж, сүмо бөхийнхөө дэвжээтэйгээ салах ёс хийнэ дээ. Монголдоо шууд ирмээр байгаа ч, эхлээд сургуулиа төгсч магистраа хамгаална. Хосэй их сургуульд дөрвөн жилийн өмнөөс суралцаж эхэлсэн ч хоёр жил сураад чөлөө авсан байсан. Тэгэхээр үлдсэн хоёр жилдээ суралцаж төгсөөд очиж, сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулах болно оо.

-“Харүмафүжи Шинэ Мон­гол-2”сургуульд сурахын давуу талыг Та хэрхэн илэр­хийлэх вэ?

-Би өөрөө гурван хүүхдийн аав байлаа. Гэтэл одоо 600 хүүхдийн аав болох нь байна. Энэ хүүхдүүдээ ямар хүн болгох вэ гэдэг сургуулийн маань үйл ажиллагаанаас хамаарна шүү дээ. Галаа багнш бид хоёрын зорьж байгаа зорилго тодорхой. Манай сургуулийг төгсөн гарч байгаа хүүхэд бүр аливаа хийж байгаа юмандаа үргэлж амжилтын эзэн байх эрмэлзэлтэй, тэднийгээ төгсмөгц нь сургууль нь ч баяртай гээд мартчихдаггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж дэмжээд, ажил албатай болгох гээд эргэх холбоо хэзээ ч тасардаггүй байлгахыг зорино. Хүүхэд бүр лидер болох албагүй ч, сайн иргэн, сайн ээж, аав болох ёстой.Үүний төлөө ажиллах болно.Манай сургуульд сурснаар мэдээж Япон улсад 100 хувь тэтгэлэгээр суралцах боломжтой болно. Өндөр боловсролтой иргэнтэй улс орон өндөр хөгжилд хүрдэг гэдэг нууцыг дэлхий дахинаа мэддэг болсон байна. Монгол Улс маань дэлхийд тэргүүлсэн улс болоход БОЛОВСРОЛ маш чухал юм шүү. За баярлалаа! Дараа дэлгэрэнгүй ярилцах боломж гарах байх аа!

-Танд ч гэсэн баярлалаа!


Яармагт ирэх намар нээлтээ хийх "Харүмафүжи Шинэ Монгол-2" сургууль

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийслэлийнхэн нийгмийн соёл бүү хэл ахуйн соёлд ч суралцаагүй

Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна​

 0 сэтгэгдэл



“Хотын соёл гэдэг нь иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг дэлхийн бүх хот дагаж мөрдөх, хууль журамдаа үндэслэл болгож байна. Манай нийслэл хотод ч үүнийг удиртгал болгож хууль, журамдаа тусгадаг. Хотын соёлыг ахуйн, нийгмийн гэж хоёр ангилдаг. Хүн анхлан хотын ахуйн соёлд суралцаад тэр нь нийгмийн соёлыг сурах суурь болж өгдөг байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод соёлын наад захын хэмжүүрийг баримталж явдаггүй хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа. Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм.


Мөн судалгаанд оролцогсод Улаанбаатар хотыг соёлгүй харагдуулж байгаа шалтгаануудыг гудамжинд хог, ил задгай нус, цэр, шүлсээ хаядаг, архидан согтуурдаг, бие засдаг, харилцааны соёлгүй гээд гудамжинд та бидэнтэй өдөр бүр тохиолддог зуршлуудыг нэрлэсэн байна. Тэгэхээр нийслэлийн дийлэнх иргэд ахуйн соёлд ч суралцаагүй болж таарлаа. Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна. Гэр хороололд соёлын наад захын хэвшил бий болгохоор Зөрчлийн тухай хууль батлагдсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийд хотын соёлоороо гайхуулж байгаа Япончууд гудамжиндаа тамхи татдаггүй, сингапурт шүлс хаях газар ч олдохгүй. Мэдээж тэд шууд “шилэн толин” болчихсон юм биш. Соёлын түвшнөөр тэргүүлэгч Нью-Йорк хот ч хх зууны эхээр өнөөдрийн манайх шиг соёлын дутагдалд орсон, цагаачдын бүдүүлэг үйлдлүүдэд нэрвэгдсэн хот байж. Харин тухайн үеийн удирдлагууд нь “Би Нью-Йоркдоо хайртай” гэсэн бүх нийтийг хамарсан аян өрнүүлж, соёлын хэмжүүрүүдийг тогтоон, зөрчсөн иргэдийг Нью-Йоркын иргэн биш гэж тооцохоор болсон байна.


Үүний үр дүн гуравхан жилийн дотор гарч, хүн бүр “хотын иргэн байх эрх”-ийн төлөө нэгэндээ шаардлага тавьдаг, зөрчлөө хянадаг тогтолцоо аяндаа бий болжээ. Энэ бол өдгөөгөөс нэгэн зууны өмнөх соёлын довтолгоон шүү дээ. Гэтэл манайд бол “сахил хүртээд шал дордсон” явдал болоод байгаа. Хагас зууны тэртээ монголчууд хотын соёлын тогтсон хэв маягтай болчихсон, түүнийгээ дагаж мөрддөг байсан. Гэвч чөлөөт эрхийг олж аваад үүргээ умартсанаас шал дордчихоод байгаа юм. Өнөөдөр нийслэлчүүд хотын ахуйн соёлын наад захын мэдлэггүй байгааг гудамжинд таарсан хэн ч хэлнэ. Засаж залруулахаар гаргасан хууль, журам нь цаасан дээр л жирэлзээд байхаас хүмүүсийн тархинд суухгүй байгаад гол учир оршино. 2017 оны зунаас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон. Тэдгээрээс “олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгж /10000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх заалт хэрэгжихгүй байгаа. Хэрэгжүүлэх, хяналт тавих субьект нь ч иргэдэд тодорхой бус байна.


• Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна.

• Судалгаагаар жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

• Хогийн сав, бие засах газар бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байна.


Зөрчлийн тухай хуульд хүн хувийн автомашиндаа тамхи татаж болох ч ишийг нь цонхоороо хаявал 10 мянган төгрөгийн торгууль “тас” хийтэл оногдуулна гэсэн заалт байгаа. Тийм атал автомашиныхаа цонхоор цог нь унтраагүй халуун тамхины ишийг хаа хамаагүй шиддэг. Ингэж шидсэн тамхины иш хажуу дахь автомашины зорчигчийн өвөр дээр унасан тохиолдол ч бий. Түүнээс гадна автомашины цонхоор эсэн бусын хаягдлаа хаях, ууж байгаа ус, ундааны шавхруу цацах энүүхэнд. Эрчүүд нь булан тохойд ил задгай бие засаж байдагт нийслэлчүүд санаа зовохоо даанч больжээ. Хогийн савыг нь бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байгаа юм. Харин ийм орчинд байж үзээгүй гаднынхан хүний өмнөөс ичихээс эхлээд огиж бөөлжих шахдаг. Монголын аялал жуулчлалын холбооныхон ирсэн жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тус судалгаанд жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. 2018 оныг “Жуулчлалын үйлчилгээний чанар стандартын жил” болгохоо салбарын яам, холбогдох байгууллагууд зарласан.


Гэтэл хотын ахуйн соёлын хүрээнд жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ажлыг хэн ч санаачлаагүй л байна. Уг нь наад захын муу зуршлаа хамгийн түрүүнд засчихад манай соёлын үзүүлэлт чамгүй өснө. Хотын ахуйн соёлоо дагаад нийгмийн соёл нь “авах юмгүй” болжээ. Зөрчлийн тухай хуульд “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгж /100000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн жирийсэн урт заалт байна. Дээр нь зориулалтын бус газар архидан согтуурвал торгох заалт бас бий. Та өнөөдөр гадаа гараад хэдэн минут алхахад дээрх зөрчлийн аль нэгтэй тааралдана. Бас л хяналт тавих, шахаж шаардах эзэнгүйгээс өдөр тутмын “уламжлалт зан үйл” мэт хавтгайрчээ.


Гудамжинд зодолдох, хэрүүл маргаан үүсгэхэд цагдаа ирээд зохицуулалт хийж байгаа ч цаана нь цагдаагийн “бороохой”- ноос далдуур гудамжинд архидах, үг хэлээр доромжлох, дээрэнгүй хандах, замын хөдөлгөөнд соёлгүй оролцох зэрэг нийгмийн соёлын хэм хэмжээ ч алингаа алдаад байна. Үг хэлбэл хэрэлдэж, үйлдэл зөрвөл зодолдох шахдаг цөс ихт монгол залуус бэлэн зэхээний холхилддог хотын гудамжаар өөрсдөө л соёлын хэмжүүрээ барьж явахгүй бол хохирогч болоод үлдэх энүүхэнд. Таван настай балчираас талийх дөхсөн өвгөн хүртэл “п”-гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ дурдаж байгаа нь монголчуудын ярианд хамгийн олон хэлэгдсэн гадаад үг болж мэдэх нь. Хүүхдүүдийн сургууль дээрээ дадсан ёс суртахууны хүмүүжил, соёлжилт гудамжинд гараад нэг шат уруудчихаж байна. Өнөөдөр манай хүүхэд залуус сургалтын орчинд багш нарын дэргэд соёлын нэг “дүр”-тэй, гудамж, олон нийтийн газар шал өөр төрхтэй болчхоод байгаа юм.


Үүнд томчуудын балаг том үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Үүнээс гадна цахим тоглоомын газруудад “п”, “ш”, “л” гэх мэт бараг 35 үсэг бүрээр эхэлсэн хараал хөвөрч байдаг нь хүмүүжил, ёс суртахууны доголдолд оруулах үүр уурхай болж байна. үүн дээр “орк” гэгдэх хотжих гэж ядаж яваа хүмүүсийн үйлдэл ч тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Мөн замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, түүнээсээ болж бусадтай хэрүүл хийдэг, дээрэнгүй зан гаргадаг томчуудын үйлдэл ч багачуудыг муу муухайд сургасаар л байна. Өнөө үеийн “орк” нь ч, “сорт” нь ч соёлгүйдэлд хавтгайрч “найзан дундаа орсон” Монголчуудын сэтгэхүйд хяналт, шахалтгүйгээр хотын соёлын үр суулгана гэдэг цоорсон гүзээнд шар тос шахахтай адил. Харин “цоорсон гүзээ”-г нөхөхийн тулд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан сургаалиа дагаж хүүхдээс соёлгүй үйлдлүүдээ нуудаг болчиход л хэдэн жилийн дараа хот соёлжоод л ирнэ. Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна. Зөрчлийн хуулийн иргэнд хамаарах заалтуудаа дурдахаас аваад гэгээрсэн хүмүүсийн ёс суртахууны эшлэл, шашны сургааль, номлолыг нэвтрүүлэхэд л соёлын том өөрчлөлт гарна.