A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/990/

Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ

​Баян, ядуугийн ялгаа долоо дахин зөрүүтэй болов​

Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/990/


Эдийн засаг өссөн ч ядуурал буурсангүй. Өнгөрсөн онд улсын эдийн засаг 5.1, энэ оны эхний хагас жилд 3. хувьд хүрч сэргэсэн ч энэхүү эерэг өөрчлөлт ард иргэдэд төдийлэн мэдэгдэхгүй байна. Хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу амьдарч, захын хорооллын иргэд дэлгүүрээс талх таллаж, ургамлын тос граммаар авдаг хэвээр. Монгол улс бүс нутгийн орнууд дундаа ядуурлын хувь, хэмжээгээр өндөрт тооцогдож буй. 1995 оноос хойш уул уурхайн салбарын өгөөжөөр эдийн засаг эрчимтэй өссөн ч үүнтэй харьцуулахад ядуурал дорвитой буураагүй гэж эдийн засагчид үздэг. Дундаж давхарга ч улам хумигдаж, нэг л эвгүй гишгэхэд ядуучуудын эгнээнд орох “эмзэг” хэсгийнхэн хэдэн мянгаараа бий болжээ. Улс оронд өчнөөн бүтээн байгуулалт өрнөж, ДНБ өссөн ч энгийн ард иргэдийн нуруун дээрх ачаа яагаад хөнгөрөхгүй байна вэ. Эдийн засгийн том тоонууд өсөх нь иргэдийг ядуурал, ажилгүйдлээс ангижруулдаггүй гэж үү. АНУ-д эдийн засаг нэг хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 0.5 хувиар буурчээ. Польш, Испанид эдийн засаг 2-3 хувиар өсөхөд ажилгүйдэл мөн дунджаар 0.5 хувиар багассан. Харин Вьетнамд 1990-2000 онд ДНБ нэг хувиар өсөхөд ядуурал 1.3 хувиар буурсан судалгаа байна.


Тэгвэл Тайланд, Малайз, Шри Ланкад 1980-1990 онд эдийн засаг өсөхөд ядуурал нэмэгджээ. Үүнээс үзэхэд эдийн засаг өсөхөд ядуурал, ажилгүйдэл заавал буурдаггүй аж. Харин эдийн засгийн өсөлтийг зөв бодлогоор чиглүүлж чадсан улс орон л өгөөжийг нь хүртдэг. Үндэсний статистикийн хорооноос улсын эдийн засгийн өсөлт хэзээ иргэдийн амьдралд үр нөлөөгөө үзүүлэх талаар судалгаа хийжээ. 1995-2017 оны хоорондох эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзвэл манай улсад эдийн засгийн өсөлт нь ядуурлыг тухайн жилдээ бус харин хоёр жилийн дараагаар бууруулдаг гэсэн дүн гарчээ. Тэгэхээр 2017 оны 5.1 хувийн өсөлтийн өгөөжийг бид 2018 онд хүртэх боломж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд ядуурлын түвшин 29.6 хувиас 5.3 пунктээр буурч, 24.3 хувь болно гэсэн үг. Гэхдээ мэдээж ядуурлыг онилсон зөв бодлого явуулбал шүү дээ. Хэдийгээр эдийн засаг сэргэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн орлогыг ахиулдаг ч үүний зэрэгцээгээр инфляц өсөх шалтгаан болдог. Цалин нэмэгдлээ ч худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсөөд байвал иргэдийн амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй нь мэдээж.

ДНБ-ий өсөлтийн өгөөжийг 2019 онд хүртэх боломж бий

Түүнчлэн баялгийн тэгш бус хуваарилалт ядуурлыг бууруулахад хамгийн их тээг болдог. Эдийн засгийн өгөөжийг цөөн хэдэн хүн л хувааж идээд байвал ядуурал харин улам ч нэмэгдэнэ. 2012 онд манай улсад баян, ядуу иргэдийн хэрэглээний ялгаа тав дахин зөрүүтэй байв. Харин 2016 оны байдлаар долоо дахин болж хурдацтай нэмэгджээ. Хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байгаа бол ядуу иргэн сард 78.4 мянган төгрөгийн хэрэглээтэй байгаа юм. Энэ тоо эрх мэдэлтнүүд, цөөн хэдэн баячууд улсын ашиг, орлогыг хувааж иддэг гэх иргэдийн бухимдлын тоон илэрхийлэл болж байна. Хөгжиж буй орнуудад нялхсын өвчин гэж нэг юм бий. Мөнгөтэй, орлоготой болмогцоо нийгмийн халамж, эргэж ашиг оруулахгүй том бүтээн байгуулалтуудад мөнгө цацахыг ийнхүү нэрлэдэг. Эдгээр нь ядуурлыг бууруулах биш харин ч тэжээдэг.


Хэрэв ядуурлыг үхлийн уршигтай хорт хавдартай зүйрлэвэл түүнийг тэжээгч нь хэт тэлсэн, замбараагүй халамжийн бодлого гэж хэлж болно. Гэтэл манай улсын халамжийн бодлого улам л тэлж байгаагаас хумигдсан нь үгүй. Хавтгайрсан халамжийн бодлого эдийн засгийг түр зуур идэвхжүүлэхээс биш ядуу иргэний амьдралыг өөд татах нь юу л бол. Харин ч ажлын байр, цалин нэмэх боломжийг тэр хэрээрээ хааж байдаг. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд ядуурлыг тэг болгоно гэж тусгасан. Хэрэв эдийн засаг, улс төрийн бодлогоо зөв залуурдаж чадвал тэг биш юм гэхэд нэлээдгүй хувиар бууруулах боломжтой. БНХАУ гэхэд 2012-2015 оны хооронд 60 сая иргэнээ ядуурлаас гаргасан гэдгээрээ бахархаж байна. Дэлхийн банкны судалгаанд “Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл мөн. Гэхдээ энэхүү өсөлтийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чадах эсэхээс шалтгаална” гэжээ.

Ер нь манайх шиг хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг аж. Харин буруу тийш хазайлгавал Монгол улс мөддөө сэхэхгүй нь. 2021 оноос Монгол улс болон дэлхийн эдийн засаг уруудах төлөв гараад буйг эдийн засагчид сануулсаар байгаа. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого нэмэгдсэн. Хэрэв бид энэ “алтан” үеийг л ашиглаж сэхэхгүй бол дахиад өчнөөн олон жил ядуурлын хүлээсэнд хүлэгдэхээр байна. Дээр нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж халамжаа нэмж, төсвийн мөнгөөр туйлчихвал ядуурлаас гарах байтугай, ядуурлын хэмжээг яаж өсгөхгүй тогтоон барих вэ гэдэгтээ тулах нь. Монгол улсын хүн амын гуравны нэгийг туйлдуулж буй “граммын” эдийн засаг хэзээ төгсөх вэ гэдгийг уул уурхайн үнийн өсөлт, ашиг орлогоос илүү төрийн өнөөдрийн бодлого, маргаашийн алсын хараа шийднэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ноолуур 100 мянга хүрэх сургаар ченжүүд авахаа больжээ

 0 сэтгэгдэл
  • Малчид ноолуураа хаана, хэнд өгөхөө мэдэхгүй мунгинаж, ченжүүд авахгүй гэсэн үгээр ам таглаж сууна
  • Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг болгосноос хойш ченжүүд авахаа больсон. Дэлхийн зах зээлд ханш нь унасан, хятадууд авахгүй байгаа болохоор хаана өгөх гэж ноолуур авах юм билээ. Ноолуур өгөх гэж ирсэн малчид борлуулж чадалгүй буцаж байгаа

Урин дулааны улирал наашилж, малчны хотонд төлийн дуу цангинахтай зэрэгцэн өрнөдөг нэг том ажил бол ямаа самнах. Малын түүхий эдээс хамгийн үнэ хүрдэг дөнгүүр таваар нь ноолуур учраас малчид ч ноолуурын ханшийг чих тавин чагнаж суудаг. Энэ жил дэлхий даяар халдварт өвчин тархаж, үйлдвэрлэл зогсож, бүхий л түүхий эдийн ханш унаад байна. Ялангуяа урд хөршид түүхий эдийн үнэ унасан нь манай улсын зах зээлд бэрхшээл учруулж буй. Эдийн засаг хүндэрч буй энэ цаг үед нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээсэн Засгийн газрын мэдэгдэл малчин бүрийн магнайг тэнийлгэлээ. Гэхдээ малчид баярлахад эрт байна. Ид ямаа самнаж буй энэ цаг үед ноолуур худалдаж авах газар алга. Түүхий эдийн ченжүүд ноолуур булаацалддаг байсан үе өнгөрчээ. Харин одоо айдаг болсон байна. Ноолуур өгөхөөр очсон хүний өөдөөс “авахгүй” гэж ам уралдан толгой сэгсэрч бараг л хөөж явуулах нь холгүй авирлах юм. Манай сонины сурвалжлах багийнхан өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт орших Эмээлт түүхий эдийн зах орлоо. Энэ өдөр Эмээлт зах нам жим байна. Ноос, ноолуур, түүхий эд авна гэсэн хаягтай ихэнх газар хаалгаа дангинатал цоожилжээ. Хаалган дээрээ “ноолуур авна” гэсэн бичиг наасан жижигхэн цагаан байшин руу орвол “хэн бэ” гэсээр дунд зэргийн нуруутай 30 эргэм насны залуу угтлаа. “Ноолуур авах уу” гэхэд “Одоогоор авахгүй байгаа. Энэ хавиар ноолуур авч байгаа газар байхгүй дээ. Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг болгосноос хойш ченжүүд авахаа больсон. Дэлхийн зах зээлд ханш нь унасан, хятадууд авахгүй байгаа болохоор хаана өгөх гэж ноолуур авах юм билээ. Ноолуур өгөх гэж ирсэн малчид борлуулж чадалгүй буцаж байгаа. Зарим хүн нэг килограмм ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр авч байгаа сураг сонсогдсон. Машиныхаа хаалган дээр ноолуур авна гэсэн бичиг наасан залуус хааяа ирдэг юм. Тэд хямд үнээр ноолуур худалдаж аваад хэсэг хугацааны дараа ханш нь өсвөл дундаас нь ашиг унагах зорилготой л авдаг байх” хэмээн ярилаа. Ченж залуутай ийн хэдэн үг солиод замын баруун талд байрлах цэлгэр том хашаа руу алхлаа. Гадна талынхаа том самбарт “Их зам транс” гэсэн бичиг хадсан эл хашаагаар дүүрэн адуу, үхрийн шир, хонины нэхий овоолоостой. Заримыг нь наранд сэврээхээр дэлгэн тавьжээ. Хэдэн хятад шаагилдаж, чиргүүлтэй Зил-130 машинд нэхий, шир ачиж байв. Үйлдвэр комбинатад байрлах арьс ширний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлдэг ганц газар нь эднийх аж. Тиймдээ ч бусдыгаа бодоход хөл хөдөлгөөнтэй байлаа. Хашааны зүүн урд буланд нэг машины тэвш дүүрэхээр нэхий овоолж орхижээ. Гэмтэлтэй болохоор бараг л хаягдал болсон тухай ажилтан нь хэлэв. Малчид ямаа, хонины шийрийг авалгүй арьсанд нь явуулчихдаг нь ихээхэн төвөг уддаг аж. Хонь, ямааны арьсыг шийрнээс нь салгаж янзлахад ихээхэн цаг зарцуулдаг тухай тэндхийн ажилтнууд хэллээ. Сард хэдэн машин хаягдал шийр ачуулдаг аж. Малын түүхий эд үнэгүйдэж, цоорхой нэхий, шийр хаягдал болоод байхаар нь 22-ын товчооны ойролцоо техникийн цавуу боловсруулах үйлдвэр байгуулснаа “Их зам транс” компанийн удирдлагууд учирлаж байв. Манай улсын Засгийн газар хилээр боловсруулаагүй бүтээгдэхүүн гаргахыг хориглосон бол Хятад улс хог хаягдал хилээрээ оруулахыг хориглосон нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэхээс өөр гарцгүй болгожээ. Техникийн цавууны үйлдвэр хагас жилийн хугацаанд овоо дориун ажилласан ч коронавирус гарснаас хойш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ингээд өнөөх цоорхой нэхий, шийр дахиад л хэрэггүй хог хаягдал болжээ. Арьс, ширний наймаачид халдварт өвчнөөс болоод бүх зүйл зогсчихоод байгаа хэмээн халаглацгааж байна. 

Хятадад ноолуурын ханш унасан болохоор авахгүй байгаа 

Бид 10 гаруй жил түүхий эдийн наймаа эрхэлж буй Ц.Мөнхзул гэх эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр “Манай малын түүхий эдийн ханш улам л унадаг боллоо. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хилээр гаргадаг болсноос хойш адууны шир, хонины нэхий үнэ хүрэхээ байсан. Уг нь ноолуур алдагдалгүй наймаа байсан юм. Гэтэл энэ жил Засгийн газраас нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тогтоосон болохоор бидэнд ямар ч ашиг алга. Хэд хоногийн өмнө килограмм ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр авч байсан. Харин 100 мянга гэж зарласнаас хойш ноолуур худалдаж авахаа больсон. Алдагдалд орж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Малчид ноолуур өгөх гэж ирж л байна. Гэвч Эмээлтэд л лав авч байгаа газар байхгүй болохоор хот руу аваад явдаг. Үйлдвэрүүдэд л өгдөг байх. Хятадад малын түүхий эдийн ханш унасан” гэж ярилаа. БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн цагаан, цайвар ноолуур килограмм нь 420 юанийн ханштай байгаа аж. Төв банкны нэрлэсэн ханшаар нэг юань 390 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор монгол төгрөгийн ханшаар 163,800 болох юм байна. Гэхдээ бүх ноолуур тансаг зэрэглэлийнх биш учраас Засгийн газраас тогтоосон ханш олон улсын зах зээлд нийцэхгүй байгаа гэж үзэх наймаачид ч таарлаа. 

Ноос, ноолуурын холбооныхон тайлбар өгөхөөс татгалзав

Ченжүүд ноолуур авахгүй байгаа болохоор малчид хаана өгөхөө мэдэхгүй мунгинаж сууна. Дундговь аймгийн малчин Ж.Цэндтэй бид утсаар холбогдож ноолуураа хаана тушаасан тухай лавласан юм. Тэрбээр “Манайх энэ жил 300 гаруй ямаа самнаж байгаа. Одоо 200 гаруйг нь самнаад байна. Хүн хүч муутай болохоор хүмүүс хөлсөлж ямаагаа самнуулсан. Нэг ямаа самнахад 7000 төгрөг өгч байна. Ноолуураа хаана өгөх вэ гэдэг асуудал болчихлоо. Бид нэг килограмм ноолуураа 100 мянган төгрөгөөр өгнө гэж тооцоод баярлаад байгаа. Гэтэл аймгийн төвд ноолуур авч байгаа газар алга” хэмээв. Бид Монголын ноос ноолуурын холбоо руу холбогдлоо. Гэтэл тус холбоо ямар нэг тайлбар хийхгүй гэв. “ХХААХҮЯ л мэднэ. Бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Ирэх долоо хоногоос яамны төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэсэн хариу хэлээд утсаа таслав. Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд түүхий эд бэлтгэлийн санхүүжилтэд зориулан 300 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгох тогтоол гаргасан. Уг тогтоолоор Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл өгч, хүүгийн зөрүү есөн хувийг Засгийн газраас олгох аж. Цаашид зээл олголтод хяналт тавих Ажлын хэсгийг ХХААХҮЯ, Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран байгуулж ажиллахаар төлөвлөсөн. Гэвч ид ямаа самнах цагаар малчид нь мэдээлэлгүй, МННХ өөрсдөөсөө зайлуулж, нэгдсэн шийдэлд хүрээгүй гэсэн тайлбар хэлээд сууж байна. Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн сард ноолуурын арилжаа хийсэнгүй. Салбарын яам малчдыг ноолуураа зарах гэж яараад хэрэггүй, хадгал гэж зөвлөлөө. Гэвч банкны зээлд хүлээстэй малчдын хувьд ноолуураа борлуулж, өрөө дарах нь хамгийн чухал асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр ноолууран бүтээгдэхүүний гол хоёр том зах зээл Итали, АНУ хилийн хорио цээр тогтоосон тул бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа аж. Тэгээд ч дэлхийн зах зээлд тансаг хэрэглээнд тооцогддог ноолууран эдлэлийн борлуулалт буурчээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол сувилагч Берлинд коронавирусийн голомтод ажиллана

 0 сэтгэгдэл

ХБНГУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, 80 мянга руу дөхсөн. Тэгвэл тус улсад ажиллаж, амьдардаг Т.Хөвсгөлдалай гэх бүсгүй Берлин хотын хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилахаар болжээ. Тэрбээр гурван жилийн турш тус улсад сувилагчаар ажиллаж байгаа аж. Энэ талаар өөрийн цахим хуудастаа бичихдээ “Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт хөл тавиад 3.6 жил хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хэмжээнд хичээж овоо л мэдлэг чадвар цуглууллаа. Хатуужил, тэвчээр, зориг, золиос шаардсан энэ салбарт болон дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй нэгэн болсон байдаг юм. Хоёр хоногийн өмнө санаанд оромгүй ажлын томилолт авлаа. Тэр нь Бeрлин хотод коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг дагнан эмчлэх болсон Халдвартын тасагт гар биe оролцон ажиллах. Коронавирусийн талбарт нэвтэрч үзмээр санагдаж байна. Бас бодит байдалтай танилцаж, нүүр тулж үзьe гэж бодлоо. Мэдээж айдас байгаа ч миний сувилагчийн мэргэжил энэ хатуу давалгаа, сорилтыг мэдрэхгүй, харахгүй байна гэдэг харамсалтай санагдаж байна. Та нар минь надад урам зориг хайрлаарай. Мэдээж хамгаалалтын хувцас хунар хангалтгүй санагдвал шууд татгалзана гэж бодож байгаа. Байдал таалагдвал, аюул бага байвал дуустал нь зүтгэнэ дээ. Тасгийнхаа эрхлэгчтэй мөр зэрэгцэн коронавирусийн халдвар авсан иргэдэд Монгол Улсынхаа нэрээр овоглон эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломж олдсонд нэг талаасаа олзуурхаж, бахархах сэтгэгдэл өвөрлөөд ханцуйгаа шамлаад орохоор шийдлээ” гэжээ. Т.Хөвсгөлдалай нь мэс заслын тасгийн сувилагч бөгөөд тасаг нь хаагдаж, мэс заслууд нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хунтайж Гарри Хатан хааны гэр бүлийг албан ёсоор орхилоо

 0 сэтгэгдэл
  • Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг

Британийн Хатан хааны бага ач хүү хунтайж Гарри болон түүний хатан Меган Маркл нарын шилжилтийн хугацаа дуусаж, албан ёсоор Хатан хааны гэр бүлийн гишүүн гэдэг алдар хүндийг цуцалсан боловч Сассексийн гүнтэн ба гүнгийн хатан хэргэмээ хадгалж үлдэв. Нэгдүгээр сарын 13-нд хатан гэр бүлийн гишүүд яаралтай хуралдаж, гуравдугаар сарын 31 хүртэл Гарри, Меган нарыг Британийн Эзэн хааныг төлөөлж болно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тиймээс энэ сарын 1-нээс гүнтний гэр бүл алдар хүнд болон татвар төлөгчдийн мөнгөнөөс салж байгаа илүү эрх чөлөө олж авлаа. Энэ бүх өөрчлөлтийг үл харгалзан хунтайж Гарри Британийн Хааны титмийг залгамжлах эрхтэй үлдсэн агаад залгамжлалын журамд өөрчлөлт ороогүй. Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг. Одоогоос Гарри, Меган нарыг Хааны удмын эрхэм дээдэс гэж дуудахаа болино. Тэд ямар овог авах хэд хэдэн хувилбар бий. Сассексын Гарри ба Меган гэж нэрлэх магадлал байгаа ч хүү Арчигийн адилаар Маунбеттен-Виндзор гэсэн овог авахыг хүсэж болох юм.

Тэд Хатан хааны гэр бүлээс гарснаар төрөөс олгодог тэтгэмж хүртэхээ болино. Гэхдээ уг мөнгө Гарригийн орлогын дөнгөж таван хувийг бүрдүүлдэг тул онц хохирол учрахгүй. Түүний эцэг хунтайж Чарльзын эзэмшилд байгаа Корноуллын гүнлигээс орж ирдэг 20 сая фунтээс Гарри өөрийн хувиа авах эрхтэй юм. Хамгийн маргаантай зардал нь одоо гүнтний гэр бүлийн хамгаалалтын төсвийг хаанаас гаргах нь асуудал болоод буй. Шинээр амьдралаа эхэлж буй хос Хатан хааны гэр бүлийн бусад гишүүнээс ялгаатай нь ажил, бизнес эрхэлж мөнгө олох бодолтой байна. Тэдэнд ийм эрх олгох эсэхийг нэг жилийн хугацаанд шийднэ. Гэхдээ Меган зөвшөөрлийг хүлээлгүй бүр өнгөрсөн оны сүүлээс Disney-н кинонд дуу оруулж эхэлсэн. “Заан” гэдэг нэртэй уг баримтат киног энэ сараас стриминг үйлчилгээгээр цацаж, Меганы цалинг буяны байгууллагад хандивлах аж. Тэрээр кино, телевизийн салбарт ажиллах туршлагатай боловч ном бичвэл зөвхөн урьдчилгаанд найман сая фунт авах боломжтойг мэргэжилтнүүд тооцсон байна. Түүнчлэн Сассексын гүнтэн, гүнгийн хатан нар нэг удаа лекц уншаад 500 мянган ам.доллар олно гэх тооцоо бий. Үүнээс гадна тэд Instagram нийгмийн сүлжээнээс ашиг олъё гэвэл арилжааны ганц пост тавиад 85 мянган фунт авах боломжтой гэнэ. Нэг үгээр хэлбэл, Хатан хааны гэр бүлээс хасагдсан ч ядууралд нэрвэгдэхгүй. Канадад түр амьдарсан гүнтний гэр бүл 2020 он гараад АНУ-д нүүж ирсэн агаад Лос-Анжелест Меганы хамаатнууд, найз нөхөд амьдардаг Холливудын ойролцоох дүүрэгт байшин худалдан авч сууршихаар төлөвлөж буй. Ийнхүү дээдсийн амьдралын нарийн ширийнд дурлагсдыг Холливудын киноноос дутахааргүй драм хүлээж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нууц тэрбумтан

 0 сэтгэгдэл

Алдарт хос Жефф, МакКензи нар 2009 онд Нью-Йорк хотын Plaza зочид буудалд зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын үеэр

Amazon-ы анхны цөөн ажилтны нэг, тэрбумтан, зохиолч МакКензи Безос

Аз болж МакКензи Безос ямбатай эмэгтэй байсангүй. Учир нь 1996 онд Amazon-ы төв байранд ямбалан суух цаг, зав байсангүй. Тэрбээр тал хэсгийг нь гал тогооны өрөө болгон тохижуулсан оффистоо залуу ажилчдын хамт ажилладаг байв. Түүнийг өдөрт 12 цагийн турш санхүүгийн тооцоо гаргаж байх зуур ойр хавиар нь ажилтнууд чихцэлдэн орж, богино долгионы зуух ашигладаг байжээ. Харин шөнө болоход тэрбээр агуулахын байранд очиж, захиалсан бараануудыг хайрцагладаг байв. Amazon-ы долоо дахь ажилтан Майк Хэнлон түүнийг “агуу хувь нэмэр оруулсан хүн” хэмээн тодотгож “Тэрбумтны эхнэр болоход авьяас чадвар бүдгэрдэг бол МакКензигийн авьяас гялалзсаар байсан” хэмээв. Өдгөө 49 настай МакК ензигийн нууцлаг байд лыг анхнаасаа сайтар боловср уулсан төлөвлөгөө гэлтэй. Amazon-ы эхэн үеэс л нэрээ нууцалсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдээлэл тархсанаас хойш ч ярилцлага өгсөнгүй. Гэр бүл цуцлах ажиллагаа долдугаар сард эцэслэхэд МакКензи Amazon компанийн дөрвөн хувийг эзэмшиж үлдсэн юм. Ийнхүү эзэмшдэг хувьцааных нь үнэлгээ 36.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй тул МакКензи энэ жилийн Forbes 400 эрэмбэд 15 дугаар байрт шууд бичигдэж байна. Amazon-ы анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр “МакКензи компанийнхаа 50 хувийг авах ёстой байсан. Түүнийг Жеффтэй эн тэнцүү зүтгэсэн гэж хэлж болно” гэв. Хэдийгээр МакКензи нийтлэлийн гол дүр боловч бидэнд ярилцлага өгсөнгүй. Дүрээ илүү тодотгохын тулд найз, нөхөд, хуучин ажлын хамт олон гэх мэт 100 гаруй хүнтэй уулзаж, олон хоног хөөцөлдсөн боловч үнэндээ түүнийг хаалттай боловч авьяаслаг, амьдралынхаа үе шат болгонд чимээгүйхэн амжилт гаргаж байсан эмэгтэй гэх бүдэгхэн зураглалаас илүүг гаргаж чадсангүй. Сан-Францискод өссөн, айлын дунд хүүхэд МакКензи дөнгөж зургаан настайдаа The Book Worm хэмээх 142 хуудастай ном бичиж байжээ. Аав нь санхүүгийн мэргэжилтэн, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд МакКензи Коннектикут муж дахь дотуур байртай Хочкис сургуулийг нэг жилээр урьдчилж төгсжээ. Улмаар Кембриж, Принстоны их сургуульд англи хэл шинжлэлээр суралцаж, Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоноор судалгааны ажлаа удирдуулж байв. Түүнд англи хэл зааж байсан профессоруудын нэг Жефф Нунокава “Тэр ерөнхийдөө даруу, төлөв зантай, дуугай, авьяаслаг оюутан байв” гэсэн юм. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн D.E. Shaw хеж санд ажиллаж байхдаа Жеффтэй болзож эхэлсэн бөгөөд 1994 онд Amazon-ыг үүсгэн байгуулахын тулд ажлаасаа гарчээ. Түүний оролцоо анхнаасаа маш өндөр байв. “Хэнд ч, ямар ч албан тушаал байгаагүй... Тиймээс МакКензи бараг бүгдийг хийдэг байсан” хэмээн анхны ажилчдын нэг Тод Нельсон дурссан юм. МакКензи зөгнөлт зохиол бичих ажилдаа шамдан орох үүднээс Amazon-ыг олон нийтэд нээлттэй болсон 1997 онд компанийхаа ажлаас хөндийрчээ. 2005 онд хэвлэлийн компани HarperCollins анхны ном The Testing of Luther Albright-ыг нь хэвлэх хүртэл МакКензи олны анхааралд өртөлгүй явж чадсан юм. Тони Моррисон түүний зохиолыг “ховор бүтээл” хэмээн дүгнэдэг. МакКензигийн дараачийн бүтээл бол 2013 онд хэвлэгдсэн Traps юм. Харин сүүлийн үеийн амьдралынх нь талаар мэдэх эх сурвалж бараг байсангүй. Жефф, МакКензи нар гэр оронгүй иргэдийг байртай болгох, сургуулийн өмнөх боловсролын төлөөх ашгийн бус байгууллагуудыг дэмжих үйлсэд зориулж хоёр тэрбум ам.доллар хандивлах амлалтыг 2018 онд өгсөн билээ. Түүнчлэн, МакКензи тавдугаар сард гэр бүл цуцлах ажиллагаа дуусах үеэр Giving Pledge амлалтад нэгдэж, хөрөнгийнхөө тэн хагасыг сайн үйлсэд зориулна хэмээн амласан юм. Харин тэрхүү олон тэрбум ам.доллар хэрхэн зарцуулагдахыг МакКензи хэлсэнгүй.