A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/686/

Монголчууд хамгийн чанартай будаг үйлдвэрлэж эхэллээ

​Дотоодын будгаар гурван жилийн өмнө будсан зам шинэ мэт л харагддаг​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/686/


Авто замын тэмдэг, тэмдэглэгээ нь замын хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улс замын тэмдэглэгээгээ сайжруулахдаа жилд хамгийн багадаа тэрбум төгрөг зарцуулдаг аж. Гэхдээ зориулалтын будгийг 100 хувь импортоор авсаар байгаа юм. Тэгвэл гадагш урсаж буй энэ их мөнгийг дотооддоо үлдээж, зориулалтын будгийг эх орондоо үйлдвэрлэж буй “Жоби” ХХК-ийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцлов. Тус компанийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Д.Мэнд-Амартай ярилцсанаа хүргэж байна.

-Танай компани замын будаг үйлдвэрлээд хоёр жил боллоо. Гэхдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахгүй байгаа ямар учиртай юм бол?

-Бид 2016 оноос хойш Европын стандартын дагуу замын будаг үйлдвэрлэж байна. Гэхдээ үйлдвэрлэсэн будгаа туршиж, борлуулалтад гаргах гэтэл үндэсний стандарт огт байгаагүй. Тиймээс зургадугаар сард багтаан Стандарт, хэмжил зүйн газартай хамтран замын будагны стандарт тогтоож, Монгол улсын үндэсний стандарттай болгохоор ажиллаж байна.

-Уг стандартыг дагаад ямар өөрчлөлтүүд гарах вэ. Өдийг хүртэл ашигласан замын будагнаас ямар ялгаатай болгов?

-Манай улс замын будгийнхаа 80 хувийг БНХАУ-аас, үлдсэнийг нь оху болон бусад улсаас оруулж ирдэг. Гэтэл зарим импортын бүтээгдэхүүний баталгаат хугацаа амьдрал дээр хэрэгждэггүй. Нэг ёсондоо замын будгийн чанар болон баталгаанд бид бараг анхаардаггүй байлаа. Харин бид үйлдвэрлэсэн будагтаа гурван жилийн баталгаа өгдөг. Энэ хугацаанд гандаж, ховхорсон тохиолдолд бид өөрсдөө ямар ч үнэгүй сэргээж засна гэсэн үг. Бид үйлдвэрлэсэн будгаа туршихын тулд хамгийн их гандалт, ховхролт үүсэх магадлалтай зүүн зүгийн Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг сонгож будсан. Мөн Өмнөговь, Булган, Говь-Алтай аймгийн чиглэлийн замыг туршилтаар будаж, батгалгааны хугацаагаа тодорхойлсон. Булган аймгийн дашинчилэнгийн замын будгийг очоод харвал өчигдөрхөн будсан мэт харагдаж байгаа. Яг үнэндээ гурван жилийн өмнө буюу хамгийн анхны туршилтаар будсан зам шүү дээ.

Бид зөвхөн будаг үйлдвэрлэх зорилготой учраас бусдын будах ажлыг булаахгүй

-Танай будаг зөвхөн замынх уу?

-Асфальт болон бетонон зам тавьж, талбай хийж л байвал ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ заавал байх ёстой. Рнгоцны буудал, хурдны зам, олон улс, орон нутгийн болон хот доторх зам, зогсоол, явган хүний гээд бүхий л замын тэмдэглэгээнд хэрэглэж болно. Олон улсын дүрэм журмын дагуу тэмдэглэгээ, өнгөний код гэж бий. Тухайлбал, Алтанбулагаас Замын-үүд хүртэлх буюу улс хоорондын замын голын тусгаарлах шугам заавал шар өнгөтэй байх ёстой. Мөн хоёр талд нь цагаан өнгөтэй хязгаарлагч зурдаг. хурдны доод хязгаарыг хүртэл зам дээр тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, замын тэмдэглэл нь мэдээлэх шинж чанартай байдаг. Хүмүүс замын будаг гэхээр цагаан өнгөөр төсөөлдөг. Замын будаг цагаан, шар, цэнхэр, ногоон, улаан гээд орчноо дагаад өнгөний сонголтоор хэрэглэгддэг. Мөн огцом өгсүүр, уруу болон мөстдөг газруудад зориулалтын будаг түрхэхээр мөс тогтохгүй, хуурай байлгадаг. Энэ бүх будгийг дотооддоо үйлдвэрлэж байна. Бид зөвхөн будаг үйлдвэрлэхзорилготой болохоос бусдын будах ажлыг булаахгүй ээ. Харин ч будах ажлыг гүйцэтгэгч компаниудад илүү таатай үнийг санал болгодог.

-Үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах уу?

-Бид БНХАУ-тай үнээр өрсөлдөх боломжгүй. Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, европ стандартын дагуу үйлдвэрлэдэг. Ингэснээр ОХУ болон Европын орнуудын стандартыг дагаж, чанараар өрсөлдөж чадна. Одоогоор будгаа 25 кг-аар савлаж байна. хэрэв их хэмжээгээр авахыг хүсвэл 200 кг-аар савлаж өгөх боломжтой.

-Үнийн хувьд ямар вэ?

-25 кг-ын савалгаатай будаг 300 мянган төгрөгийн үнэтэй. Харин их хэмжээгээр буюу 200 кг-аас дээш авах хүмүүст 185 мянган төгрөгийн үнэ санал болгож байгаа.

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ хэр байна?

-Замын будаг бол төр гэсэн ганц л худалдан авагчтай. Хувийн зам байж болох ч арчлалтыг төрийн компаниуд хийдэг. Тэгэхээр жил болгон замын арчилгаа, будагт мөнгөө зарцуулах эсвэл гурван жилд нэг удаа замаа будаад явах гэсэн сонголт байна. Монгол улсад нийт 50 мянган км авто зам ашиглаж байна. 2020-2030 он гэхэд 53 мянган км болох төлөвтэй. Тиймээс ийм хэмжээний авто замыг будахад зарцуулах будаг дэлхийн стандартын дагуу 50 гаруй тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг гадагш урсгах уу, дотооддоо үлдээх үү гэдгээ эрх бүхий хүмүүс шийдэх байх. Бид аль бүс нутгаас эхэлж будахаа системтэйгээр төлөвлөөд явахад зургаан жилийн дараа замын хэвтээ тэмдэглэгээ болон аюулгүй байдал маш сайжирсан байх болно.

-Танай үйлдвэр улсын хэмжээний хэрэгцээг хангах хүчин чадалтай юу?

-Монгол улсын хэмжээнд шаардлагатай байгаа авто замын будгийг үйлдвэрлэхэд хангалттай хүчин чадал бий. Хоногт 5-6 тонн хэмжээтэй будаг үйлдвэрлэх боломжтой. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрээ хоёр ээлжээр ажиллуулж, сарын дотор бүх хэрэгцээт будгийг үйлдвэрлэнэ. Авто замын будгийн түүхий эдийг дотоодоос цуглуулж, үйлдвэрлэдэг болсон нь том амжилт. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэл нэрийн дор ашиг хонжоог хамгийн түрүүнд тавихыг боддоггүй.

-Түүхий эдээ дотоодоос цуглуулдаг гэлээ. Ер нь ямар түүхий эдүүд ордог юм бэ?

-Зөвхөн замын будаг болон халтиргааны системд найман төрлийн түүхий эд хэрэглэдэг. Дотоодоос тавыг нь авч байгаа. Үлдсэнийг нь ОХУ, Щвейцар, Герман улсаас оруулж ирдэг.

-Үйлдвэрлэлийн шат дамжлага болон орц найрлагын тухай сонирхуулаач?

-Бүх зүйл дэвшилтэт технологид шилжсэн учраас овор багатай, бүрэн автомат төхөөрөмжийг сонгон оруулж ирсэн. Ажилчдын үүрэг бол тохиргоо хийж, товчлуур дарах, савласан бүтээгдэхүүнээ өрөх. Манай үйлдвэрлэлийн хамгийн том давуу тал бол хаягдал ус болон химийн бодис огт гаргахгүй. шингэн бүтээгдэхүүн бүгд усан дээр суурилсан учраас байгаль экологид ямар ч аюулгүй.

-Тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хэр хэмжээний өртөг шаардсан бэ?

-Манай төхөөрөмжийн өртөг нийт таван сая евро болсон. Одоогоор бид нэг ч төгрөгийн ашиг олоогүй ажиллаж байна. Хамгийн гол зорилго маань зах зээлд эко буюу байгальд хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэнэ.

-“Камертон” хамтлагийнхан бизнесийн салбарт хүч үзээд эхэллээ. Урлагаас олж авсан нэр хүнд тань бизнес эрхлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-“Камертон” хамтлагаар бий болсон нэр хүнд бизнест тус болох үе байдаг ч ихэнх нь өрөөсгөл ойлголттой байдаг. Тухайлбал, урлагийн нэр барин бусдаас хялбар замаар ашиг олдог гэж ойлгох нь бий. Гэхдээ ямар ч бизнесийн нэгэн адил бидний бүтээгдэхүүн л хүмүүст хүрдэг шүү дээ. Тиймээс хэн бизнес эрхэлж байгаа нь чухал биш гэж боддог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Импортыг халах үндэсний брэнд “Монгол гоймон”

Нэг бэлэн гоймон үйлдвэрээс гарах хүртлээ 45 минут болдог

 0 сэтгэгдэл


Манай улс жилд долоо орчим тэрбум төгрөгөөр бэлэн гоймон импортолдог байна. Өнгөрсөн онд гэхэд 7707 тонн бэлэн гоймонг 2.4 сая ам.доллароор худалдан авчээ. Хүн амын хүнсний гол нэрийн бараа биш ч бэлэн гоймонгийн импортод зарцуулж буй мөнгөний хэмжээ бага биш байгааг анзаарч байгаа байх. Тэгвэл Монголд бэлэн гоймон үйлдвэрлэж буй үндэсний компани байгуулагдсаныг “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Тэнгэрийн соёмбо ХХК-ийн захирал О.Баттулга “Бэлэн гоймон борлуулалт сайтай бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний компани бэлэн гоймон үйлдвэрлэж болох юм гэсэн санаа төрсөн” хэмээн ярьж байлаа.

-“Монгол гоймон” нэртэй бэлэн гоймонг үйлдвэрлэж эхэлсэн байна. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний нэр төрлийн талаар эхлээд ярилцъя.

-Манай компанийн үйлдвэрлэж буй гоймон кимчитэй, мөөгтэй, хорхогтой гэсэн гурван төрөл байдаг. Ууттай нь 1200 төгрөг, савтай нь 1500 төгрөгөөр үйлдвэрээс гарч байгаа. Олонд танигдаагүй болохоор одоохондоо жижиг дэлгүүрт борлуулж байна. Борлуулалтын компанитай гэрээ хийж ажилладаг.

-Чухам яагаад бэлэн гоймонгийн үйлдвэр нээхээр болсон бэ?

-Монголчууд бэлэн гоймон их иддэг нь судалгаанаас харагдсан. Жилд гадаадаас ойролцоогоор хоёр сая ам.долларын бэлэн гоймон импортоор авдаг юм билээ. Борлуулалт сайтай байдаг учраас үндэснийхээ гурил болон махаар хийхээр шийдсэн. Анх 2017 онд хонины махаар хорхог хийгээд, Хятадаас бэлэн гоймон оруулж ирээд савлаж үзсэн. Өөрөөр хэлбэл, эхлээд хорхогтой бэлэн гоймон хийж болох нь уу гэдгийг туршиж үзсэн хэрэг. Үр дүн эерэг гарч, өөрсдөө гоймонгоо үйлдвэрлэхээр шийдсэн юм. Улмаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 600 сая төгрөгийн зээл аваад, тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Бэлэн гоймон хийхэд ордог хуурай амтлагчийг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гээд байгаа юм. Тухайлбал, үүсүү их хийдэг. Бид хийж байгаа бэлэн гоймондоо элдэв амтлагч  хийгээгүй. Өнгөрсөн оны долдугаар сараас туршиж эхлээд одоо л худалдаанд гарч байна. Гэхдээ “Монгол гоймон” хоёр сарын өмнөөс худалдаанд гарч байсан. Дэвтэлт нь удаан байна гээд борлуулалтаас түр татсан. Анх гоймонгийн дэвтэх хугацаа арван минут байсан бол одоо 3-5 минут болсон.

-Танай компанийн бэлэн гоймонгийн орц, найрлагад юу юу багтаж байгаа вэ?

-Манай бэлэн гоймонгийн найрлагад гурил, далдуу модны тос, давс, хөөлгөгч зэрэг л орсон.

-Бэлэн гоймонгоо хэрхэн үйлдвэрлэдэг вэ. Шат дамжлагын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бэлэн гоймонгоо Атар гурилаар хийдэг. Гурил, давс, хөөлгөгч, хуурай өндөг зэргийг холиод гурил зуурагч машинд хийнэ. Дараа нь гурилаа илдэж нимгэн болгоод зүснэ. Улмаар далдуу модны тосонд жигнэнэ. Дараа нь хэлбэрт оруулж, хатаагаад савлана гэх мэтчилэн шат дараатай явдаг. Гар ажиллагаа харьцангуй бага.

-Нэг бэлэн гоймон үйлдвэрлэхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Гурилаа хийж эхлэхээс үйлдвэрээс гарах хүртлээ 45 минут болдог. Тэгээд хэрэглэгчид очиход бэлэн болно шүү дээ.

-Амтлагчийг нь бас өөрсдөө хийдэг үү?

-Тийм ээ. Хонины махыг нухшилдаг төхөөрөмж рүү хийж давс, перец болон сүүлний өөхтэй хольж амталдаг.

-Манай улсын зах зээлд өрсөлдөж байгаа бусад бэлэн гоймонгоос ялгарах давуу тал нь юу вэ?

-Манай бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж байгаа нь давуу тал болно. Мөн олон нийтийн дунд байдаг бэлэн гоймон хорт хавдар үүсгэдэг гэх ойлголт төрүүлдэг зүйлүүд манай бүтээгдэхүүнд байхгүй.

-Солонгос, Хятад зэрэг улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай зах зээлийг эзэлсэн гэхэд болно. Эдгээр бүтээгдэхүүнд та ямар дүгнэлт хийдэг вэ?

-Амтлагч ихтэй. Хүний биед сөрөг нөлөөтэй олон зүйлийг нэмэлтээр хийсэн байдаг. Олон ч гоймонг амталж үзсэн. Монголд үйлдвэрлэсэн гэх зарим бэлэн гоймон хуурамч байсан. Наад  зах нь амтлагчаа урдаас оруулж ирдэг байх жишээтэй.

• Манай компанийн үйлдвэрлэж буй гоймон кимчитэй, мөөгтэй, хорхогтой гэсэн гурван төрөл байдаг. 

• Ууттай гоймон 1200, савтай нь 1500 төгрөгөөр үйлдвэрээс гарч байгаа. 

• Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 600 сая төгрөгийн зээл аваад тоног төхөөрөмжөө оруулж ирсэн.

-Танай бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах боломжтой вэ. Хадгалалтын хугацааг сунгахын тулд ямар нэгэн зүйл хольдог уу?

-Нэг жил хадгалах боломжтой. Үүнээс удаан хадгалж болно. Гэхдээ гурил нь удахаараа онцгүй болдог. Амтлагч нь жигнэсэн мах гэсэн үг л дээ. Юу ч хийгээгүй байж хадгалах хугацаатай байдаг шүү дээ. Бүх зүйл технологиосоо л шалтгаална.

-50 кг гурилаар хэдэн бэлэн гоймон хийх вэ. Сард хэчнээн гоймон хийх хүчин чадалтай вэ?

-50 кг гурилаар 6000 гоймон үйлдвэрлэнэ. Сардаа 300 мянгыг худалдаанд гаргах боломжтой.

-Хэдэн ажилтантай вэ. Цаашид ажилчдынхаа тоог нэмэх үү?

-Өнөөдрийн байдлаар найман хүн ажиллаж байгаа. Борлуулалт сайн байвал ажилчдынхаа тоог 35 болгож нэмэх боломжтой.

-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?

-Хийхээр төлөвлөсөн зүйл олон бий. Гэхдээ хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан хамгийн эхэнд гоймонгийнхоо нэр төрлийг нэмэгдүүлнэ гэсэн зорилготой байгаа.

-“Монгол гоймон”-гийн борлуулалт хэр байна вэ?

-Хаагуур зарж байгаа вэ гэж асуусан хүн олон байна. Идэж үзсэн хүмүүс маш их таалагдлаа гэдэг. Борлуулалтандаа анхаарах зав гарахгүй л байна. Үйлдвэрээ сайн харж байхгүй бол тоног төхөөрөмжид асуудал гарсан тохиолдолд засаж, янзлахаас эхлээд жижиг, сажиг зүйл их гардаг.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Электроникийн инженер мэргэжилтэй. Үүнээс гадна, Герман улсад есөн жил тогооч хийсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саад бартаа туулан өндийж буй үндэсний брэнд “Плас”

Зах зээл дэх импортын бүтээгдэхүүнээс 20-30 хувь хямд

 0 сэтгэгдэл


Гэрийн эзэгтэй нарын хамгийн ойрын туслагч нь цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй. Аяга таваг, тавилга, шал угаагч гээд... цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг сонгохдоо бүсгүйчүүд чанар, үнийг харгалзаж сонголтоо хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд тухайн бүтээгдэхүүний орц найрлагад анхаарал хандуулах болсон. Өөрөөр хэлбэл, эзэгтэй нар илүү байгалийн гаралтай, элдэв химийн элементийн агууламж багатайг нь чухалчлах болсон. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж эхэлсэн нь сайшаалтай. Шингэн вок, шал угаагч, аяга угаагч, гарын шингэн саван гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн “Плас” нэрээр гарсныг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тус үйлдвэрийн байр савлагаа, агуулах, оффисоос бүрдэнэ. Хоёр жил үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр зургаан ажилтантай. “Плас” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Торгон хавтан” компанийн захирал Ж.Энхсанаа энэхүү бизнесийн санаагаа 2015 оноос эхлэн судалжээ.

Тэрбээр “тухайн үед ямар бүтээгдэхүүн импортоор оруулж ирвэл зүгээр байх бол гэж их бодсон. Энэ үед иргэд ч гэсэн импортын барааг сайшаахаа больж байв. Олон ч зүйл туршиж үзсэн дээ. Тэгээд гэр ахуйн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх санаа төрсөн юм. Монголд энэ чиглэлийн үндэсний үйлдвэр байгаагүй. Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ томруулж, брэнд болгох зорилготой. Хамгийн гол нь хямд бүтээгдэхүүн гаргахдаа биш. Чанарыг эрхэмд тавьсан” хэмээн ярилаа.

Тэрбээр туршилт хийж байхдаа зэх зээл дэх импортын томоохон брэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, хөөсрөлт болон арьсанд нөлөөлөх байдлыг нь шалгасан байна. Улмаар цэвэрлэгээний бүтээгдэхүүн өтгөн, хөөсрөлт сайтай, арьсанд харшил өгдөггүй байхыг гол зорилгоо болгосон аж. Одоогоор гарын шингэн саван нь 350 мл, аяга угаагч 500 мл, шингэн вок гурван литр, шал угаагч нэг литр гэсэн савалгаатайгаар үйлдвэрээс гарч байна.

Мөн албан байгууллагуудад зориулан тав болон хорин литрээр савласан бүтээгдэхүүн ч гаргаж буй.

Харин бүтээгдэхүүн дотроо өнгө, үнэр, савлагааны хувьд 20 гаруй төрөл бий гэнэ. Үнийн хувьд томоохон брэндийн бүтээгдэхүүнээс 20-30 хувиар хямд гэдгийг Ж.Энхсанаа онцлов. Тодруулбал, 350 млтэй гарын шингэн саван 2500 төгрөг, таван литртэйг нь 20 мянган төгрөгөөр зах зээлд борлуулдаг байна. Үйлдвэрлэл хэрхэн өрнөдгийг гарын шингэн саван дээр тайлбарлаж өгөв. Шингэн савангийн найрлагад орж буй өөхнөөс гаргаж авсан хөөсрүүлэгч бодис, далдуу модноос гаргасан тос, ванилын эссенс, өтгөрүүлэгч, тогтворжуулагч, өнгө үнэр оруулагч зэрэг бодисуудаа ус ионгүйжүүлэх төхөөрөмж рүү хийн, халдваргүйжүүлнэ. Ийн цэвэршүүлсний дараа зуурах машин руу хийж, эцэст нь савлах машинаар үйлдвэрлэх хэмжээгээрээ гаргадаг юм байна.

“Манай компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани. Цаашид улам өргөжүүлэх зорилготой” хэмээн Ж.Энхсанаа хэллээ.

Түүнээс үйлдвэрийн цаашдын стратеги, бизнес төлөвлөлтийнх нь талаар ярилцлаа.

-Гэр ахуйн ахуйн цэвэрлэгээний маш олон импортын бүтээгдэхүүн Монголын зах зээлд борлуулагддаг. Тэдгээр бүтээгдэхүүнтэй хэрхэн өрсөлдөх вэ?

-Зарим угаалгын нунтаг үнэр ихтэй, хэрэглэсний дараа амтагддаг. Манай бүтээгдэхүүнд тийм асуудал байхгүй. Бүтээгдэхүүний давуу тал нь өтгөн, хөөсрөлт сайтай, хүний арьсанд харшил өгөхгүй. Энэ нь давуу тал болж өгнө.

• Монголд ийм чиглэлийн үндэсний үйлдвэр байгаагүй. 

• Одоогоор үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашиглаж байна. 

• Одоогоор гарын шингэн саван нь 350 мл, аяга угаагч 500 мл, шингэн вок гурван литр, шал угаагч нэг литрийн савалгаатайгаар гарч байна.

-Үйлдвэрийн хүчин чадлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өдөрт нэг тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Хэрэгцээ ямар байна тэр хэмжээгээр үйлдвэрлэдэг. Одоогоор үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашиглаж байна.

-Цаашид бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх үү?

-Хивс угаагч, хувцас зөөлрүүлэгч, цонх арчигч, суултуур цэвэрлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр туршиж байгаа.

-Худалдаалах цэгүүдээ хэрхэн тодорхойлсон бэ?

-Нийслэлийн бүх сүлжээ дэлгүүр болон зах, бөөний төвөөр худалдаалж байгаа. Хөдөө орон нутгийн хувьд Дархан, Эрдэнэтэд бага хэмжээгээр борлуулдаг. Олон албан байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, зочид буудал, зоогийн газар, том үйлдвэрүүд болон зарим банктай хамтардаг. Сар шинэ хийгээд ер нь байсхийгээд болдог Монголын олон баяр болгоноор нийслэлийн 870 мянган өрх цэвэрлэгээ хийнэ, нэг өрх ахуйн цэвэрлэгээндээ хамгийн багадаа 5000 төгрөг зарцуулна гээд тооцвол нийт 4.3 тэрбум сая төгрөг зарцуулна гэсэн үг. Тэгвэл энэ их мөнгийг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд биш дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд зарцуулвал хөл дээрээ тэнцэн ядаж байгаа энэ үйлдвэрийн хамт олны бизнес ядах зүйлгүй, тун амархан босох боломж харагдаж байна. Бид үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гэдэг мөртөө яг үнэндээ төр засаг нь ч, худалдан авагчид ч тэр ямар нэгэн бодитой, дэм тус үзүүлдэг билүү гэдгээ эргэцүүлэх ёстой санагдсан. Монголд үйлдвэрлэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг монгол хүн хийж чадаж байгаа бахархууштай, том амжилт. Гэвч тэд баршгүй олон саад бэрхшээлтэй ямагт тулгардаг. Тиймээс үнэхээр л үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих сэтгэл бидэнд байдаг бол энэ мэт эхлэлүүдийг төр засгаасаа эхлэн бодлогоор дэмжих учиртай. Эдгээр компаниудыг хүүхэдтэй зүйрлэх юм бол дөнгөж мөлхөж сурч байна шүү дээ. Хүүхэд эцэг эхийнхээ дэмээр хөлд ордог шиг үндэсний гэсэн тодотголтой хэдхэн үйлдвэр маань монгол хүний дэмээр өндийн босож, хаана ч сөхрөхгүйгээр алхаж сурна шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зах зээлд ганцаар ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь өгөөжтэй

​“Маяара” орлогынхоо 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулдаг​

 0 сэтгэгдэл


Үндэсний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ бүсгүйг Энхтайваны Азжаргал гэдэг. Тэрээр гарааны бизнесийн амаргүй даваанд Монголчуудын төдийлөн ойлголтгүй нийгмийн бизнесийг амжилттай эхлүүлээд буй “Маяара” брэндийг санаачлагч юм. Эмэгтэйчүүдэд гэртээ хөдөлмөр эрхлэх боломж олгодог нийгмийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэх тусам төрд ноогдох ачаа хөнгөрдөг. Мөн тэрбээр Монголын уран зураг болон авангард урлалын зураач нарын оюуны бүтээлийг үнэлж, брэндийнхээ нүүр царай болгон давхар сурталчилж буй.. Залуусын дунд бэлгэдэл сэтгэлгээг суулгахаар зорьж буй түүний бизнесийн онцлогийг сонирхож зочноор урилаа.

Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн чанар амладаг

-“Маяара” брэндийг Монголчуудын тодорхой хэсэг мэддэг болжээ. Ийм брэнд бүтээгдэхүүн гаргая гэдэг санаа хэрхэн төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнө би АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон. Энтрепренёршип, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэрийг АНУ-д хэрхэн хөгжүүлдэг талаарх хөтөлбөрт хамрагдаж, сарын хугацаанд туршлага судалсан. Тэнд намайг Ази хүн учраас Хятад гэж эндүүрээд хятадаар мэндлээд байсан л даа. Тэгэхэд бид үндэсний ялгарал буюу Монголоо таниулах тал дээр бага ажиллаж дээ, биднийг хараад монгол гэж шууд мэдэх юу байгаа билээ гэж их бодогдож, эмзэглэх сэтгэл төрсөн. Гуравхан сая хүнтэй Монгол гэдэг улсыг Чингис хаанаас өөр юугаар харуулж болох юм бэ. Даяаршиж буй, интеграцид орж хэл, соёл уусаж байгаа энэ эринд хэн ч харсан Монгол гэж мэдэгдэхээр юу байж болох талаар их бодсон. Тэр үүднээс академик судалгаатай бүтээгдэхүүн гарган дэлхий нийтийн хэрэглээнд оруулахаар “Маяара” брэндийг бий болгох зорилго тавьсан.

-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаад байна вэ?

-Манай брэнд худалдаанд гарч эхэлснээс хойш зургаан сар л болж байна. Энэ хугацаанд Өвөрмонголчууд болон НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын ЭСЯ гэх зэрэг олон улсын байгууллагуудын хамт олон биднийг дэмжсэн. Бид одоогоор 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Цүнх гэхэд л зургаан янз байдаг. Мөн ороолтын хувьд дөрвөн төрлийн өөр материалтай. үүнээс гадна дэвтэр, дагалдах хэрэгсэл зэрэг олон бүтээгдэхүүн бий.

-Монголд ирсэн гаднын зочдод бэлэг өгч явуулах гэхээр ихэнх нь овор ихтэй учраас ачаанд багтдаггүй юм. Танайд Монгол хэв маягтай, авсаархан ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Манай багс, үзэгний сав хийц сайтай, хаана ч авч явахаар авсаархан. Ер нь бид хүний хэрэглээнд суурилж бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Бас бүгд торгон материал дээр хэвлэгддэг учраас загвар сайтай, тансаг харагддаг. Манай брэндийн ороолтууд тэр чигээрээ түүх соёл, бэлгэдлийг шингээсэн. Материалын хувьд ч чанарыг амлаж чадна.

-Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эд, технологи чухал. Гол түхий эдээ хаанаас хангаж байна вэ?

-Монголд торго, даавуу үйлдвэрлэдэггүй учраас БНСУ, Япон, Энэтхэг, Хятадаас даавуу, торго сонгож байна. Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гэдэг чанар л байдаг. Бизнес гэхээр хүмүүс мөнгө олохыг боддог бол би мөнгийг сэтгэл ханамжаар орлуулдаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн хамгийн сайн чанартай нь гэж бардам хэлнэ. Мөн бүгдийг гараар хийж, нэг бүрчлэн хэвлэдэг учраас чанарыг амлаж чадна.

“Маяара”-гаас гаднын зочинд бэлэг сонговол нүүр бардам

-Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу?

-Бусдаас өөр эд, зүйл хэрэглэхийг хүсдэг, үнэ цэнэтэй зүйлд дуртай хэрэглэгчдэд зориулсан хатгасан, зүү ороосон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаа.

-Танай бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь ямар хүмүүс байдаг вэ?

-Анх эх орондоо байгаа Монголчууд манай брэндийн гол хэрэглэгч гэж харж байсан. Гэтэл Өвөрмонголчууд, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд, жуулчид манай гол хэрэглэгч болоод байгаа. Өвөрмонголчууд Хятад гэх том гүрний 30 гаруй үндэстнээс ялгарах онцлогоо, үндэсний үзлээ тод харуулахыг их хичээдэг. Тэр үүднээсээ “Маяара” брэндийг их сонирхон хэрэглэж байгаа. Харин манай улсад үндэсний өв соёлоо сурталчилъя, гар урлалын чанартай бүтээгдэхүүнээр гангаръя гэсэн сэтгэлтэй “Маяара”-гийн худалдан авагчдын тоо нэмэгдэж байна. Ер нь манай бүтээгдэхүүний худалдан авагчдын хандлага нь үнэтэй брэнд, шошго хөөсөн нийтлэг олонхоос өөр л дөө. Өнөөдөр жинхэнэ, хуурамчийг нь ялгахгүй зөвхөн шошгод ач холбогдол өгдөг худалдан авагч зонхилж байна. Ийм хэрэглэгчид бидний онилох зах зээл биш. Эхлээд монголчуудын худалдан авалтад нөлөөлөх сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Монголоороо гангарах сэтгэлгээг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Монголчуудынхаа бэлгэдэлт сэтгэлгээг сэргээхийг хичээж байна

-Үндэсний өв соёлоороо гангардаг, сурталчилдаг болгохын тулд хэрэглэгчдийн сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ?

-Уг нь манай бүтээгдэхүүнүүд дундаж үнэтэй. Хэдийгээр чанар дагаж үнэ өсдөг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас өндөр үнэ тогтоож болохгүй гэж боддог. Нөгөөтэйгүүр, манай бүтээгдэхүүн нийгмийн сэтгэлгээг өөрчлөхөд зориулагдсан. Бид бүтээгдэхүүн бүрт түүх өгүүлсэн дүр дүрслэл, хэв шинж шингээхийг зорьж байгаа. тухайлбал, “Маяара”-гийн бүтээгдэхүүнд хүрэл зэвсгийн үеэс III, XIII зуун цаашлаад XVI-XVIII зууны түүхэн үйл явц, бэлгэдэл, сэтгэлгээний онцлогийг шингээсэн. “Хатан” коллекцийн цүнх, ороолт гэхэд л Манжийн дарлалыг эсэргүүцсэн монголчуудын бэлгэдлийг агуулдаг. Ер нь монголчууд зан үйл хийх, эд хэрэгсэл бүтээхдээ бэлгэдлийн сэтгэлгээгээр ханддаг байсан. “Маяара”-гийн үнэнч худалдан авагчид бүтээгдэхүүний түүх, бэлгэдлийн утгыг байнга асуудаг болсон, бид ч баяртайгаар тайлбарлаж өгдөг.

-“Хатан” коллекци ямар бэлгэдэл агуулсан юм бэ?

-Эмэгтэй хүний үнэ цэнийг монголчууддаа илүү ойлгуулахыг хүссэн. дээр үед Монголчууд эхнэрээ хатан гэж дууддаг байсан юм билээ. Тэр нь ноён хүнтэй сууж эрх ямба эдэлсэн гэдэг утгаар биш, хүний гэргий болоод амьдрал үзэж, хат суусан эмэгтэйг хатан гэж нэрлэдэг байж. Мөн хатан зориг гэж эмэгтэйчүүдийн амьдралын ухаан, алсын харааг тодотгож хэлсэн байдаг. “Хатан” коллекциос толгойн гоёлын зүүлт чимэглэлийн тоо ширхэг, бэлгэдлийг мэдэж болно. Мөн бүсгүй хүний гоо сайхан, нөхөн үржихүй, хослон амьдрах арга ухааны уялдаа холбоог хэрхэн бэлгэдэж байсныг харж, мэдэж болно. Үүнийг хийхдээ бид бэлгэдэл зүй болон угсаатан судлалын эрдэмтдээс асууж тодруулж байж бүтээгдэхүүндээ ашигласан. Ярилцлагын эхэнд “Маяара” брэнд академик судалгаанд суурилсан гэж хэлсэн нь ийм учиртай.

-Бэлгэт гөрөөс гэдэг III зууны үеийн олдвороор “Маяара”- г чимсэн байна. Энэ нь юуг бэлгэдэж байна вэ?

-“Маяара”-гийн бүтээгдэхүүнд сайн сайхан амьдралын бэлгэдлийг заавал шингээдэг. Бэлгэт гөрөөс бол III-XIII зуунд амьдарч байсан монголчуудын бэлгэдэл сэтгэлгээний нэг хэсэг. Чингис хаан бэлэгт гөрөөстэй уулзсаны дараа Энэтхэг рүү хийх гэж байсан дайнаа зогсоосон гэдэг домог бий. Мөн зарим хаадын булшнаас ийм дүрслэл бүхий эд зүйлс олдсон байдаг. Манай брэнд удахгүй буган хөшөөний загвартай бичгийн хэрэгсэл, нэрийн хуудас, немо цаас хадгалах авангард бичгийн сав хийх гэж байгаа. Ингэхдээ Хөвсгөл аймагт байдаг буган хөшөөний загварыг керамик гар аргаар урлах юм. Түүхээ мэдэхгүйгээс буган хөшөөг гол дээр дамнуулж, гүүр болгон ашиглаж байгааг шүүмжилж, энэ санааг гаргасан.

-Энэ бас худалдан авагчдын сэтгэлгээг өөрчлөх бодлогын нэг хэсэг үү?

-Тийм ээ, ийм өргөн хэрэглээний бүтээгдэхүүн олон бий. Хилийн чанадыг зорьж байгаа Монголчууд Монголоороо гангаръя гэхээр дээл, арьсан эд хэрэгслээр л хязгаарлагдчихдаг талтай. Арьсан эдлэл авч явахад хүнд байдаг учраас дээлээр л үндэсний онцлогоо харуулдаг байлаа. Надад ч ийм хүндрэл олон тохиолдож байсан учраас өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өв соёл, үндэсний онцлогийг шингээхийг зорьсон.


-“Маяара” ямар утгатай нэр вэ?

-Я.Цэвэл гуайн монгол хэлний тайлбар тольд нэг төрлийн тогосыг Маяара гэж нэрийднэ хэмээн бичсэн байдаг. Монголчууд “хүн нэрээ, тогос өдөө” гэсэн сургаал үгтэй. Нэг талаараа монгол хүн нэр төрөө өндөрт эрхэмлэж явахын бэлгэдэл, нөгөө талаар тогосын өд мэт үндэсний давтагдашгүй өв соёлоороо гангарч, бардам, эрхэмсэг явахын ерөөл оршиж байгаа. Мөн “Маяара” гэж хэлэхэд аль ч хэлэнд амархан, сонсголонтой учраас энэ нэрийг сонгосон.

Нийгмийн бизнес гэдэг ойлголтгүйгээс төр татвараар дарамтлахаа урьтал болгодог

-Энэ зах зээлд танай өрсөлдөгч хэн бэ?

-Мэдээж бизнес учраас зах зээлийн өрсөлдөгч байж таарна. Гэхдээ бид энэ манай өрсөлдөгч, тэрний эсрэг ийм бодлогоор ажиллана гэдэг сэтгэлгээнээс аль болох хол байхыг хичээдэг. Манайх шиг жижиг зах зээлд гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөгч гэхээсээ илүү хамтрагч байх нь өгөөжтэй гэж боддог. Тэртэй тэргүй чанар, зах зээлийн өрсөлдөөн хэн нь илүү вэ гэсэн шалгуур тавьчихдаг. Хэн, юуг чанартай хийж чаддаг түүгээрээ дагнах хэрэгтэй л дээ. түүнээс биш нэг нь санаа гаргамагц бүгд хошуураад даган дуурайдаг хандлагаар хол явахгүй.

-“Маяара” брэндийн нэг онцлог нь нийгмийн хариуцлагын үүднээс эмэгтэйчүүдэд олон боломж олгодог юм билээ?

-Монголд нийгмийн бизнес, гарааны бизнес гэсэн ангилал байдаггүй. Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа нь ч, аль хэдийнэ 10 жил болсон компани ч адилхан хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн ангилалд багтдаг. Бүгд адилхан татварын болон бусад дарамтад ордог шүү дээ. Дөнгөж гарааны түвшинд явж байгаа “Маяара”, MCS хоёр адилхан татвар төлдөг. “Маяара”-гийн бизнес бол гарааны бөгөөд нийгмийн бизнес. Нийгэмдээ хүртээмжтэй байхыг зорьдог. Манайд гэртээ олон хүүхдээ хардаг эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд ажилладаг. Би хэвлэлт, эсгүүрээ хийгээд гэрт нь аваачиж өгдөг. Тэд маань оёж урладаг юм. Мөн “Маяара” брэндийн орлогын 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулдаг. Монголд өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр арав хүрэхгүй байдаг. Түүнд ашгийнхаа 10 хувиар хөрөнгө оруулалт хийдэг. Энэ утгаараа “Маяара” бол нийгмийн бизнес юм.

-Сүүлийн үед сваровски, шүр, сувдаар гар урлал хийдэг эмэгтэйчүүд олширсон. тэд танайхтай хамтарч нийгмийн бизнес хийж болох нь ээ?

-Бүрэн боломжтой. Ганцаар зах зээлд ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь нийгмийн бизнесийн зарчим. Манай бүтээгдэхүүний гоёл чимэглэлийг хийх, хамтрахад нээлттэй. Удахгүй “Маяара” брэндийн цүнх зэс эрдэнийн чулуун оруулгатай арт маягийн загвар гаргахаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн хаана, ямар байдлаар эмэгтэйчүүдтэй хамтрах болох боломж байна түүнийг дэмжих зарчмаар ажиллана. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн бизнесийн онцлог гэж хэлж болно.

-Манай улсад нийгмийн бизнесийн ангилал байхгүй гэлээ. бусад оронд гарааны бизнес, нийгмийн бизнесээ яаж дэмждэг юм бэ?

-АНУ-д гарааны бизнес, нийгмийн бизнес эрхлэх гэж буй хүнд шаардлагатай санхүүжилтийг нь буцалтгүй тусламж байдлаар өгдөг. Дээр нь бизнес эрхлэх сургалтуудыг Жижиг дунд үйлдвэрийн газар нь үнэгүй явуулдаг. Тухайн бизнест зориулсан санхүүжилт нь нийгмийн сайн үйлсэд хөрөнгө оруулалт болж, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж, баялаг бүтээдэг гэсэн зарчмын үндсэн дээр их дэмждэг. Гэтэл манайд нийгмийн бизнес гэсэн ойлголт байхгүйгээс татвараар дарамтлахаа л урьтал болгож байна. Төрийн худалдан авалт буюу тендерт гарааны бизнес эрхлэгчид оролцох хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаараасай л гэж бодох юм.

-Төрийн худалдан авалтад гарааны болон нийгмийн бизнест ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Төрөөс ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд манайх шиг шинэ тутам байгуулагдсан компани хамрагдах боломжгүй. Манайд бизнестэй холбоотой хууль, эрх зүйн заалтууд ямар ч судалгаагүй гардаг. Төрийн худалдан авалтад их өндөр шалгуур тавьдаг шүү дээ. Тэр шалгуурыг гарааны бизнес эрхлэгчид давдаггүй юм. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлсэн компанид өндөр дүнтэй гэрээ, гэрээний гүйцэтгэл, дүгнэсэн акт байхгүй. Мөн бидний борлуулалтын хэмжээ, орлого тэдний тавьсан хэдэн зуун сая төгрөгийн шаардлагад хүрдэггүй. Хэрэв бизнесийг шатлалаар нь ангилсан хууль баталбал түүнд гарааны бизнес, тэр дундаа нийгмийн бизнес эрхлэгчид тун баяртай байх болно. Мөн төрийн худалдан авалтад оролцох боломжийг тусгах нэмэлт заалт оруулж өгөөсэй. Тэгвэл энэ төрлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр төрийн үүрдэг нийгмийн ачаалал багасах сайхан боломж байна гэж хардаг.