A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2951/

Монголын магадлан итгэмжлэлийг Ази-Номхон далайн орнуудад хүлээн зөвшөөрдөг боллоо

Монголын магадлан итгэмжлэлийг Ази-Номхон далайн орнуудад хүлээн зөвшөөрдөг боллоо
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2951/


Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн үйл ажиллагааны талаар тус байгууллагын Ажлын албаны мэргэжилтэн Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-БМИҮЗ нь дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл хийдэг төв байгууллага юм. Боловсролын сургалтын байгууллага, суралцагч, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх нь бидний эрхэм зорилго. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиар их, дээд сургууль, коллеж таван жил тутамд заавал магадлан итгэмжлүүлэх ёстой. Энэ ажлыг манайх хийдэг. Өнөөдрийн байдлаар магадлан итгэмжлэл нь хүчинтэй их, дээд сургуулийн тоо 66, дээд боловсролын хөтөлбөр 144 байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын 16 байгууллага, 9 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэлээс гадна бид их, дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах, гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг бүртгэж, үйл ажиллагааг нь зохицуулах, олон нийтэд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажил хийдэг. Мөн дотоод болон олон улсын байгууллагуудтай хамтран шинжээчдээ бэлтгэж, чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулдаг. Хэдхэн хоногийн өмнө японы их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбооноос хоёр мэргэжилтэн урьж, 200 гаруй шинжээчээ сургалтад хамрууллаа.

-Танай байгууллага Монголын дээд боловсролын системд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Манай байгууллага 1998 оноос хойш БСШУСЯ болоод ТББ, их, дээд сургуулиудтай хамтран мэргэжлийн болон дээд боловсролын чанарын төлөө ажиллаж ирлээ. 1998 оноос байгууллагын, 2004 оноос хөтөлбөрийн, 2017 оноос шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийг хийдэг болсон. Дээд боловсролтой холбоотой хууль, дүрэм журам боловсруулан батлуулахад манай байгууллагын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд гар бие оролцож ирсэн.

-Боловсролын магадлан итгэмжлэл гэж яг ямар үйл ажиллагаа вэ?

-Магадлан итгэмжлэл бол хяналт шалгалт биш юм. Сургууль, хөтөлбөрийн өөрийн хөгжил, шинэчлэлийг дэмжих үйл ажиллагаа юм. Манайхаас батлан гаргасан магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур шаардлагад сургууль, хөтөлбөрийн зорилго, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, үр дүн нь нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж, чанараа баталгаажуулах, цаашдын хөгжлийн зорилгоо шинэчлэн тодорхойлдог учраас магадлан итгэмжлэл нь сургууль, хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлд түлхэц өгдөг ач холбогдолтой. Сургалтын чанар болон зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэж байгаа эсэх нь шууд харагдахгүй ч алхам алхмаар сайжирч байгааг хэлэх нь зөв. Сүүлийн үед их, дээд сургуулийн удирдлага, багш нар үйл ажиллагаа бүртээ чанарын асуудлыг хөндөж, анхааран ажиллаж байгаа сайн туршлагууд байна. Гэхдээ төгс болсон гэж хэлэхгүй. Багшийн хөгжил, чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн явц, үр дүн, сурах бичиг, техник технологи, орчин нөхцөл гээд анхаарах, чанаржуулах зүйл их байгаа.

-Монголын боловсролын үнэлэмжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой юм байна. Энэ талаар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Бид APQR (Asia-Pacific Quality Register) буюу Ази-Номхон далайн орнуудын чанарын үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын шинжээчдийн баг өнгөрсөн зургадугаар сард ирж ажилласан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, туршлагатай шинжээчид бидэнд үнэтэй санал, зөвлөмж өгсөн. Улмаар долдугаар сард БМИҮЗ тус бүс нутгийн олон улсын чанарын шалгуурыг хангасан байгууллага боллоо. APQR-ын чанарын гэрчилгээ авснаар манай байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болон хамтарсан хэлбэрээр хийх, шинжээчдийг гадаад, дотоодын их дээд сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн сургууль, хөтөлбөрүүдийн манайхаар хийлгэсэн магадлан итгэмжлэл нь Ази-Номхон далайн орнуудын жишигт нийцэж байгаагийн тод баталгаа болж чадна. Үүнийгээ улам бүр баталгаажуулах үүднээс ойрын жилүүдэд магадлан итгэмжлэлийн байгууллагуудын олон улсын сүлжээ болох INQAAHE-ийн чанарын шаардлагыг хангах зорилт тавин ажиллаж байна.

-Ойрын үед дээд боловсролын салбарт гарч байгаа ахиц дэвшлээс сонирхуулна уу?

-Олон нийтийн зүгээс байнга шүүмжлэлд өртдөг ч дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүд тоо, чанарын хувьд ахицтай байгаа нь албан ёсны тоо баримтуудаас харагддаг. Юуны өмнө, МУИС-ийн номын сан, АШУҮИС-ийн түшиц эмнэлэг гээд сургуулийн барилга, байгууламж, сургалтын орчин сайжирч буй жишээ олон бий. Хувийн сургуулиуд ч хичээлийн шинэ байртай болж байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд ч сайжирч байна. Хамгийн гол онцлох зүйл бол сургуулиуд чанартаа анхаарч, чанарын алба байгуулж, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад санаачилгатай ажиллаж байна. Бас сургуулиуд суралцагч, төгсөгчдөөчадавхжуулахад ажил олгогчдыг татан оролцуулах, санал бодлыг нь сургалтын үйл ажиллагаандаа тусгахад идэвхтэй хамтран ажиллах болсон. Тухайлбал: АХБ-ны төслөөр төгсөгчдийн мөшгих судалгаа хийж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг тогтоож, тэдгээрийг хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх зөвлөмж гаргасныг сургуулиуд амжилттай  хэрэгжүүлж байна.

-Төгсөх ангийн сурагчид мэргэжлээс гадна ямар их, дээд сургуулийг сонгох нь чухал байдаг. Тэдний сонголтыг зөв чиглүүлэх, туслах мэдээлэл хуваалцана уу?

-Бид энэ жил нийслэлийн болон орон нутгийн хэд хэдэн аймагт төгсөх ангийн сурагчдад мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулсан. Мэргэжил, сургуулиа сонгох хариуцлагатай үед нь хүүхдүүдэд шаардлагатай мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдлаа. Юуны өмнө багш, эцэг эхчүүд хүүхдээ таних хэрэгтэй. хүүхэд юуг илүү сонирхож, ирээдүйд хэн болохыг хүсдэг талаар илэн далангуй ярилцсаны дараа суралцахаар хүсч буй хөтөлбөр, мэргэжлийнхээ талаар жижигхэн судалгаа хийвэл зүгээр юм. Сургуулийн багшийн мэдлэг чадвар, орчин нөхцөл, лаборатори, номын сан, технологи хэр байдаг, суралцагчдын болоод төгсөгчдийн сэтгэл ханамж, ажлын байрны хүртээмж зэргийг ойр орчныхоо хүмүүс, цахим хуудсаас нь судлах хэрэгтэй. Тухайн суралцахаар хүсч буй сургууль, хөтөлбөр нь магадлан итгэмжлэлд орсон уу гэдгийг манай байгууллагын www.accmon.mn сайтаас харах боломжтой. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурсанаар төрөөс олгодог бүх төрлийн хөнгөлөлт тусламжид хамрагдах, бакалаврын сургалтаа дүүргэсний дараа гадаадад боловсролын зэргээ дээшлүүлэх, бусад улсад боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх зэрэг боломжууд нээгддэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хар тамхины хэргээр шүүгдэж буй Стивен Ричфиелд English school of Mongolia-ын сургалтын албаны даргаар ажиллаж байжээ

 0 сэтгэгдэл
  • Хувийн сургуулиудад багшилдаг гадаад иргэдээс шээс, цусны шинжилгээг тогтмол авч урьдчилан сэргийлье

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан дэлхийн хамгийн том хар тамхины сүлжээ Монголд нэвтрэх гэж байсныг таслан зогсоосон талаар манай сонин мэдээлж байсан бөгөөд хэрэгт холбогдогч нь Тольт сургууль болон гадаад хэлний Upline сургалтын төвд багшилдаг байсан нь сэтгэл сэртхийлгэм мэдээ байв. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 16-­нд хар тамхи хэрэглэсэн үед нь баривчилсан DJ Steve /Стивен Жеймс Ричфиелд­Уайт/ гэгчийг нэгжихэд мансууруулах бодис, бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл авч явсан нь тогтоогдсон. Түүнийг өдгөө гадуур байцааж байгаа юм. Тэрбээр олон жилийн өмнөөс Монголтой холбоотой байсан ба баривчлагдахын өмнөхөн аяллын визээр дахин орж ирээд удаагүй байсан ба “Рояал” академийн шинээр байгуулсан “Тэрэлж боардинг” сургуульд багшлахаар гэрээ байгуулах гэж байв. Тиймээс шүүхээс Стивен Ричфиелдийн хэргийг шийдвэрлэтэл “Рояал” академид Монголд байрлах байраар хангах үүргийг өгсөн юм. Одоо тэрээр “Их засаг” их сургуулийн гадаад багш нарын байранд амьдарч байна. Тэгвэл Стивен Ричфиелдтэй холбоотой шинэ баримт гарч ирлээ. Тэрбээр “И Эс Эи” буюу The English school of Mongolia олон улсын дунд сургуульд 2012­-2015 онуудад сургалтын албаны даргаар ажиллаж байжээ. Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо FOBISIA­гийн 2016­-2017 оны гишүүдийн гарын авлага дахь багш нарын танилцуулга дунд Стивен Ричфиелдийн нэр, хаяг байдаг. The English school of Mongolia ч тус байгууллагын гишүүн гэдгээ албан ёсны сайт дээрээ бахархалтайгаар зарладаг билээ. Харин багшлах боловсон хүчнээ сонгохдоо алдаа гаргадаг бололтой. Стивен Ричфиелдийг сургал­тын албаны даргаар ажиллаж байх үед сургуулийн ажилтан болон багш нар түүнтэй холбоотой олон гомдол, шүүмжлэл хэлдэг байсан ч захирал Грэм Хилл үл тоомсорлодог байжээ. Мөн эх сурвалжийн өгүүлснээр тус сургуульд багшилж байсан Жак Мэйдовс нь өнгөрсөн зун насанд хүрээгүй эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт учруулах гэж байгаад баригдсан байна. Улмаар хэрэг нь илрэх үед Монголоос зугтааж гарсан аж. Монголчууд хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд өгөхдөө ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байна гэж үздэг. Гадаад багштай тул багаасаа унаган англи хэлтэй болсон хүүхдүүд нь дэлхийн иргэн болно гэж найддаг. Харамсалтай нь энэ мэт мансуурагч, хүчирхий­лэгчдийн гарт үр хүүхдээ даатгаж байгаагаа мэддэггүй. Гадаадын иргэн харъяатын газар, цагдаа, тагнуул, боловс­ролын байгууллага, мэргэжлийн хяналт гээд холбогдох бүх газар энэ асуудалд хяналт тавьж, шалгуураа өндөржүүлэх цаг болжээ. Хар тамхичид өндөр төлбөртэй хувийн сургуулийн багш гэсэн нэрээр халхавч хийн, санхүүгийн боломжтой айлын хүүхдүүдийг уруу татахыг санаархдаг юм биш биз гэж сэжиглэхэд хүрч байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хар тамхитай холбоотой хэрэг үйлдсэн нь тогтоогдвол 12­20 жил эсвэл, бүх насаар нь хорих ял оноохоор тусгаж буй. Гэхдээ нийгмийн аюул болсон хар тамхины хэргийг үйлдсэн хойно нь шуугиж, ялын бодлого ярьж суухын оронд ядаж хувийн сургуулиудад багшилдаг гадаад иргэдээс шээс, цусны шинжилгээг тогтмол авч байвал урьдчилан сэргийлэх бодит ажил болно.




A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэрийн даалгавар хүүхдийг байтугай эцэг, эхчүүдийг ядрааж байна

 0 сэтгэгдэл
  • Хүүхдүүдийг хэт их мэдлэгээр бөмбөгдсөнөөс болоод мэдрэлийн ядаргаанд орж, зарим нь сурах хүсэл сонирхолгүй болж байна
  • Хоёрдугаар анги дүрэм, томъёо, хүрд үздэг гээд гэрийн даалгавраар их дардаг
  • Манайд цаасны нягтаршил, микроныг нь заахгүйгээр зөвхөн "80 грамм" цаасаар хэвлэнэ гэсэн ганц стандарт тавьж өгсөн нь өнөөдөр сурагчид бөхийж явах шалтгаан болж байна 


Дунд сургуулийн сурагчид зүрх нь өвдөөд байна гэсэн зовиуртайгаар мэргэжлийн эмчид хандах нь олширчээ. Гэтэл зовиур нь зүрхэндээ биш тулгуур эрхтэний эмгэгтэй холбоотой болох нь тогтоогдоод буцдаг талаар зүрхний эмч цахим хуудастаа бичжээ. Гол шалтгаан нь бага насны хүүхдүүдийн үүрч буй цүнхний жин хэт их байдагтай холбоотой аж. Зургаан настай монгол хүүхдийн биеийн жинд таарсан цүнхний жингийн хэмжээ нь 2.1 килограмм юм байна. Харин бодит байдал дээр зургаан настнууд маань 3.1 кг татахуйц хүнд цүнх үүрч буй. Энэ нь нурууны өвчин үүсэх суурь шалтгаан болж, цаашлаад өсөлтөд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад мэргэжлийн эмч нар санаа зовж байгаа юм. Цүнхэн доторх хичээлийн хэрэгслүүдээс хамгийн их жин дардаг нь ном. Манай хойд хөршид гэхэд ном хэвлэхдээ хөвсгөр, хөнгөн, гэсэн атлаа биетэй, зузааныг нь 16 мг-аас ихгүй байх цаас ашиглана гэсэн норм зааж өгдөг. Харин манайд цаасны нягтаршил, микроныг нь заахгүйгээр зөвхөн “80 грамм” цаасаар хэвлэнэ гэсэн ганц стандарт тавьж өгсөн нь өнөөдөр сурагчид бөхийж явах шалтгаан болж байна. Үүрч яваа цүнхээ даахгүй байгаа сурагчид маань гэртээ ирээд ч багагүй ачаалалтай тулгарч байна. Энэ бол гэрийн даалгавар. Ерөнхий боловсролын сургуулийн дийлэнх нь “Цөм” хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ нь багш хүүхэд бүрийн авьяасыг нээж илрүүлэх зорилго бүхий хөтөлбөр. Гэхдээ энэ хөтөлбөрийг эцэг, эхчүүд хэт ачаалалтай, хүнд гэсэн дүгнэлтийг өгч байна. Нэг болон хоёрдугаар ангид сурдаг Б, А нарын ээж Ч.Болор-Эрдэнэ “Манай хоёр хүүхэд 85 дугаар сургуульд сурдаг. Өдөр 13:30-д хичээлдээ яваад орой 18:00 цагт тардаг. Хичээлээ тарж ирээд гэрийн даалгавраа хийсээр байгаад унтдаг. Өглөө босоод үргэлжлүүлж хийгээд үд өнгөрч, хичээлдээ явах болдог. Ялангуяа хоёрдугаар анги дүрэм, томъёо, хүрд үздэг гээд гэрийн даалгавраар их дардаг. Галзуурахад ганц хуруу л дутуу байдаг. Эцэг, эхчүүд нь л зааж өгдөггүй юм бол эмээ, өвөө нар мэдэх ч үгүй даалгавар өгч байна. Зарим эцэг, эх өөрсдөө хүүхдийнхээ даалгаврыг хийж чаддаггүй юм билээ” хэмээн ярив. Мөн зургаан настай А.Сарнайгийн ээж “Нэгдүгээр ангийнхны даалгавар хэрээс хэтэрсэн их байдаг. Энэ нь өнгөрсөн жил бэлтгэл бүлэг хичээлллэхийг сайдын тушаалаар хорьсонтой холбоотой” гэж хэллээ. Ингэж хүүхдүүдийг хэт их мэдлэгээр бөмбөгдсөнөөс болоод мэдрэлийн ядаргаанд орж, зарим нь сурах хүсэл сонирхолгүй болсноо ч ярьж байсан. Даалгавраар шахаж, хэт хүнд ачаа үүрүүлснээс амьдралын зөв дадал хэвшил, бие хүн болж төлөвшүүлэх талаас нь боловсролын байгууллага анхаардаггүй. Адаглаад л хотын соёл эзэмшүүлж, төлөвшүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй. Нэгэн жишээ дурдъя. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид гудамжинд шүлсээ хаясан өөр нэгэн сурагчид шаардлага тавьж байгаатай таарав. “Багш гудамжинд шүлсээ хаяж болохгүй гэж сануулсан шүү дээ. Чамайг багшид хэлнэ” гэж хэрэндээ л айлгаж, шаардлага тавих охины өөдөөс “Намайг гудамжинд шүлсээ хаялаа гэж хэн батлах юм бэ. Чиний үгэнд үнэмшихгүй шүү дээ” хэмээн хэгжүүрхсээр “хэргийн эзэн” цааш гүйж одов. Хан-Уул дүүрэг энэ жил эко дүүрэг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд гудамж талбайд хог, шүлс, нус, цэрээ хаяхгүй байхыг үргэлж сануулж байгаа. Энэ нь нэг талаасаа эко дүүрэг болох зорилгодоо хүрэх, нөгөөтэйгүүр тус дүүргийн нэгэн сургуульд сүрьеэгийн халдвар гарсантай ч холбоотой байх. Хотын соёлыг төлөвшүүлэх энэ сануулга сургуулийн удирдлагууд ч ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдсан. Ганц удаа нэг дүүргийн хэдэн сургууль хэсэгхэн хугацаанд хүүхдүүдэд гудамжинд нус цэрээ хаяж болохгүй гэж анхааруулаад өнгөрөх биш. Цаашид соёлтой иргэн болгоход зориулсан хөтөлбөртэй болмоор байгаа юм. Бүх сургуулиуд хүүхдүүдэд хотын соёлыг төлөвшүүлэхэд анхаарал тавьж санаачилгатай ажиллавал хэдэн жилийн дараа сургууль орчмын бүс цэвэр, цэмцгэр болно. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж хэлдгийн утга учир энэ. Багаас нь сургууль бүр хүүхдүүдийн соёлч иргэн болгож төлөвшүүлж чадвал хожим үр дүн нь гарна гэсэн үг. 












A

Жижиг

A

Дунд

A

Том

Сурагчдыг хоёр улирлын турш сурах бичиггүй явууллаа

 0 сэтгэгдэл
  • Зарим сургууль дутуу ч гэсэн номоо тараажээ
  • Сурах ­бичгийн­ асуудал­ бүрэн­ бус ­хэвээр.­ Бага ­ангийн­ сурагчдыг ­сурах бичгээр бүрэн­ хангасан­ бол­ дунд,­ахлах ангийнхан­ дутуу ­дулимаг­ явсаар хоёрдугаар­ улирлын­ амралттай­ золгох ­нь

Ердөө 14 хоногийн дараа сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сурагчид энэ сарын 23-наас эхлэх хуваарьтай. Харин орон нутгийн хүүхдүүд үүнээс долоо хоногийн дараа буюу энэ сарын 30-наас амрах учиртай. Уг амралт ханиад томуугийн дэгдэлт, цаг үеийн байдлаас шалтгаалан 2-3 долоо хоног үргэлжилдэг. Хамгийн багадаа 14 хоног амарна гэж бодвол 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хичээл эхэлнэ. Товчхондоо сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тэн хагасыг нь тууллаа. Гэвч өнөөх сурах бичгийн асуудал бүрэн бус хэвээр. Бага ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангасан бол дунд, ахлах ангийнхан дутуу дулимаг явсаар хоёрдугаар улирлын амралттай золгох нь. БСШУСЯ-ныхан “Энэ жил анх удаа сурах бичгийн дутагдалд орж байгаа юм биш. Жил бүр л ийм байсан. Өмнө нь яагаад хөнддөггүй байв” гэх ухааны тайлбар өгсөн байдаг. Хоёр сарын өмнө л гэхэд хоёр улирал гэхэд сурагчид сурах бичгийн асуудалгүй болно гэж ярьсан нь ч бий. Гэтэл одоо хоёрдугаар улирлын амралт эхлэх гэж байна. Хэдийгээр түрээсээр ашиглах сурах бичгийг ЕБС-иудаар тараагаад эхэлсэн ч уг ажил удаашралтай байгаа нь Монголын боловсролын салбар уналтад орсныг шууд илтгэж байна. Зөвхөн сурах бичиг дээр жишээ авахад л ийм байгаа хэрэг. Хоёр сарын өмнө түрээсээр тараагдах сурах бичиг хэвлэлтэд орж эхэлснийг яамны мэргэжилтэн ярьж байсан бол өнөөдөр тараалт 50 хувьтай л явна. Хагас дутуу сурах бичиг харсан шиг ээ нэг нь хичээл заасан болж, нөгөө нь сурсан болж жүжиглээд амралт нэрээр хоёр дахь үзэгдлийн хөшиг хаагдах нь дээ, янз нь. Гэхдээ бүтэн жил сурах бичиггүй сураад өнгөрсөн он жилийг бодвол ч бас нааштай. Энэ хичээлийн жилд сурах бичиг түрээслэх, ахлах, дунд ангийн 181 мянга орчим хүүхэд байгаа тооцоо гарчээ. Сургуулийнхаа номын сангаас хүүхдүүд багц номоо 20-25 мянган төгрөгөөр түрээслэх юм байна. 181 мянган хүүхэд 25 мянгаар сурах бичгээ түрээслэнэ гэхээр нийт дүн нь дөрвөн тэрбум 525 сая төгрөг болно гэсэн үг. Манайхны зарласан тендер анхнаасаа Азийн хөгжлийн банкныхны тавьсан шаардлагад нийцээгүй учраас сурах бичгийн хэвлэлт өнөөдрийг хүртэл удааширч байгаа юм. Монголчууд аливаа тендерт танил талынхаа шахааг хийдэг бичигдээгүй хуулийг засахын тулд Азийн хөгжлийн банкны нөхдүүд шаардлагаа өндөржүүлсэн. Нэг ёсондоо гаднын чанга хатуу хяналтаас болж тендерээс завшигчид хүнд байдалд орж, Монголын боловсролын салбарт уналтынхаа аль түвшинд байгааг ч мэдрээд авсан хэрэг. Хэрвээ анхнаасаа тендерт шалгаруулах бүх зүйлийг ном журмын дагуу хийсэн бол өдийд сурагчид сурах бичгийн дутагдалгүй, хямд үнээр хэрэгтэй сурах бичгүүдээ түрээслээд явж байх байлаа. Зарим сурах бичиг аравдугаар сард хэвлэлтээс гарсан ч сурагчдад заавал багцаар нь тараах учраас номын санд хадгалж байв. Ямар ч байсан гуравдугаар улирлын хичээл эхлэхээс өмнө сурах бичгүүдийг бүрэн тарааж, сурагчид хямд үнээр сурах бичгээ түрээслэх боломжтой болох сурагтай. Уг нь өдийд сурах бичгийн асуудал хөндөх бус сурлагыг хэрхэн дээшлүүлэх вэ, ямар шинэ технологи нэвтрүүлэх вэ гэдгийг л ярьж баймаарсан.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Сургалтын чанараар Хятад тэргүүлж, Монгол сүүл мушгив

 0 сэтгэгдэл
  • Муу сурагчид багш болж, тэднээр хичээл заалгасан хүүхдүүд улам муудах “чөтгөрийн тойрог” гээч зүйлд бид орчихжээ
  • ЭЗХАХБ-ын хийсэн сургалтын чанарын судалгаагаар БНХАУ хамгийн өндөр оноо авсан бол Монгол Улс Африк тив болон Арабын хойгийн хэдэн улсын хамт хамгийн бага үзүүлэлттэй нь болж байна
  • Монголчуудын ад үзэж, "хужаа"-гаар нь дуудаад байдаг хятадууд ийнхүү боловсролын салбарт ч цахиур хагалах боллоо. Харин дэлхийд байхгүй өндөр IQ-тай хэмээн цээжээ дэлддэг монголчууд уг үзүүлэлтээр африкийн хэдэн орны хамт сүүл мушгиж явна

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас улс орнуудын 15 настай сурагчдын дунд хийсэн судалгааны тайланг “Блумберг” ТВ мэдээлсэн нь олны анхаарлыг татав. Уг тайланд дурдсанаар хятад хүүхдүүд унших, тоо бодох зэрэг шинжлэх ухааны ур чадвараар дэлхийн бусад орны хүүхдүүдээс илүү яваа нь нотлогдсон юм. Сонирхолтой нь, хятад сурагчдын ар гэрийн орлого тус байгууллагын гишүүн орнуудын дунджаас хавьгүй доогуур байв. Өрхийн орлого нь хамгийн бага 10 хувьд хамаарах хятад сурагчдын унших чадвар хүртэл ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаас илүү гарсан нь хэний ч таамаглаагүй явдал байв. Хүүхдийн боловсролын түвшинд эцэг эхийн авч буй цалин, өрхийн орлого тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй нь эндээс харагдана. Хятад хүүхдүүд өөрсдөө л сайн хичээх юм бол илүү сайхан амьдралд хүрч болно гэдгийг гүнээ ухамсарласан байдаг нь дээрх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэхэд нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр өмнөд хөрш маань дунд сургуулийнхаа боловсролын чанарт ямар их анхаарч байгааг эндээс харж болно. Тиймдээ ч ЭЗХАХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гурриа “БНХАУ-ын сургуулиудын сургалтын чанар нь маргаашийн эдийн засгийн хүч чадлын баталгаа” хэмээн үнэлсэн байна. Монголчуудын ад үзэж, “хужаа”-гаар нь дуудаад байдаг хятадууд ийнхүү боловсролын салбарт ч цахиур хагалах боллоо. Харин дэлхийд байхгүй өндөр IQ-тай хэмээн цээжээ дэлддэг монголчууд уг үзүүлэлтээр Африкийн хэдэн орны хамтаар сүүл мушгиж явна. Монголын боловсролын салбар яаж дампуурсныг эндээс харчихаж болно. Уг нь дэлхий дахинд бага, дунд сургуулийн багш нарт ихээхэн анхаарал тавьж, хамгийн өндөр цалинг тэдэнд олгодог. Тиймдээ ч багшийн мэргэжил нэр хүндтэй, хүмүүс энэ ажилд орох гэж хоорондоо өрсөлддөг. Гэтэл манайд уг байдал эсрэгээрээ. Тухайлбал, Монголын багш нарын дундаж цалин улсын дунджаас 18 хувиар бага болохыг өнгөрсөн жил хийсэн судалгаа харуулж байв. Ийм өчүүхэн бага цалинтай болохоор багш болох сонирхолтой хүн цөөн. Улмаар ЭЕШ-д өндөр оноо авч чадаагүй, хүссэн сургуульдаа тэнцэлгүй гологдсон хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгож байгаа нь нууц биш. Улмаар муу сурагчид багш болж, тэднээр хичээл заалгасан хүүхдүүд улам муудах “чөтгөрийн тойрог” гээч зүйлд орчихсоныг хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа онцолж байв. Нийслэлийн хэдэн сургуулийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүр мэднэ. Нэг анги хамгийн багадаа 40, тэгээд цаашилбал тавь, жаран сурагчтай. Ийм олон хүүхэд давчуу ангид шахцалдан сууж байгаа тохиолдолд багшийн заасныг бүрэн дүүрэн ойлгож, сурлага, хичээлдээ толгой цохино гэдэг бараг л боломжгүй. Багш нар ч хүүхэд болгонтой тулж ажиллаж, хичээлээ ойлгоогүй, хоцрогдсон нэгнийг чирээд явдаг хуучны уламжлал бараг алга болсон. Үнэхээр авьяас чадвартай цөөн хэдэн хүүхэд л энэ дундаас торойн гарч, үлдсэн дийлэнх хэсэг нь Монголын боловсролын салбарын гологдол бүтээгдэхүүн болж зах зээлд гарсаар байна.Улсын сургуулиуд иймэрхүү өрөвдөлтэй дүр төрхтэй байхад 20, 30 саяын төлбөртэй сургууль борооны дараах мөөг шиг олширсоор. Эдгээр сургуулийн сургалтын орчин, тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчний чадварыг улсын сургуультай харьцуулалтгүй. Хамаг сайн гэгдсэн багш нар чухам энд л багшилж байна. Сурах орчны ялгаа ийм их байгаа нөхцөлд бид боловсролын салбарын үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгихаас ч аргагүй.Нөгөөтэйгүүр, ядуу, амьдралын боломж тааруу гэдгээрээ түрүү барьж, хүүхдийнхээ боловсролыг гаргуунд нь гаргасан эцэг эхчүүд ч үүнд тодор хой хэмжээгээр буруутай. Төр засагт хамаг буруугаа чихчихээд өөрсдөө болохоор олдсон хэдэн цаасаараа бор дарс аваад уучихдаг арчаагүй эцэг эх Монголд дэндүү олон. Уг нь хүсэл байвал хүжийн галд ч эрдэм ном сурч болдог талаар Л.Бадарч гуайн алдарт өгүүллэгт гардаг. Хятад иргэдийн дундаж орлого ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаас хавьгүй бага хэрнээ боловсролын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй нь ч үүний нотолгоо. Харин манайд бүх зүйл буруу тийшээ яваад буй нь сургалтын чанарын судалгаагаар дахин илэрч байна.