A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/205/

Монголын нийгэм уран бүтээлчдийг тэжээж чадахгүй байна

Москвад тавигдсан монгол морины хөшөө 300 сая төгрөгөөр бүтсэн

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/205/



Уран барималч А.Очирболд Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа цөөн уран бүтээлчийн нэг. Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж байна. Авьяаслаг энэ эрхмийг сониныхоо зочноор урьж ярилцлаа.


Таны бүтээлүүд хүмүүст хэдийнэ танил болсон. Анх барималч болсон түүхийг тань сонирхож, ярилцлагаа эхэлье?

Би Дүрслэх урлагийн дээд сургуульд таван жил суралцаж, 1998 онд төгссөн. Тэр үеэс хойш 20 жил уран баримал гэдэг урлагтай салшгүй холбоотой явна. Ер нь хүүхэд болгон л өөрийнхөө хэмжээнд зурдаг, баримлын шав­раар тоглодог шүү дээ. Би ч тэдний л адил. Бусдаас онцгойрсон авьяас байгаагүй. Харин өөрөө сонирхолтой байсан болохоор Дүрслэх урлагийн дээд сургуульд орсон юм. Гэхдээ яваад ороход төсөөлснөөс огт өөр ертөнц угтсан. Уран барималч гэдэг бусдаас онцгой мэргэжил учраас их хэцүү гэдгийг нь сургуульд орсон хойноо л ойлгосон.


-Анх өөрөө гардан хийсэн ямар бүтээл байна вэ?

-Оюутан байхад курсийн ажлын хүрээнд удирдаач Ж.Чулуун гуайн баримлыг бүтээж байлаа. Тэр хүний төрхийг хийл дарж байгаагаар дүрсэлж бүтээсэн нь амжилттай болсон. Үүнээс хойш янз бүрийн хөшөө дурсгал хийж явсаар 2010 оноос хойш яг өөрийнхөө уран бүтээлийг хөөж эхэлсэн.


-Төгссөнөөс хойш хийсэн бүтээлүүдээ тоолж үзсэн үү. Хэр их вэ?

-Ерөөсөө тоолж үзээгүй юм байна. Их олон байх аа. Зөвхөн том хөшөө дурсгалууд гэхэд АНУ, Москва, Германд байгаа. Монголд бас арваад бий. Жижигхэн баримлуудыг бол тоолохын аргагүй олон.


-Нэг томоохон баримал урлахад ойролцоогоор хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Ер нь хэдэн сараар л яригдана даа. Тав зургаан сар, бүтэн жил ч хийдэг баримал байна. Жишээ нь, Яармагийн морин тойруулга дээр байдаг морины баримлыг жил гаруй хийсэн. Түмэн хишигтний есөн баримлын зөвхөн загварыггаргахад хоёр жил гаруйн хугацаа зарцуулж байлаа.


-Таны урласан монгол морьдын хөшөө өнгөрсөн жил Москва хотод сүндэрлэсэн. Энэ хөшөөг барихаар болсон түүхээ сонирхуулаач?

-“Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр ах анх санаачилж, надаар хийлгэсэн юм. Гэхдээ хөшөө яг ийм байх ёстой гэсэн шаардлага тавиагүй л дээ. Нэг ёсондоо уран бүтээлч хүний эрх чөлөөг өгсөн гэсэн үг. “Монгол морь яаж тэмцэж, ялалтруу хэрхэн тэмүүлсэн тэр л хүчийг харуулаад өг” гэсэн юм. Өөрийнхөөрөө бүтээх эрх чөлөө олгосон нь аятайхан бүтээл болоход нөлөөлсөн гэж боддог. Ингээд ялалтын баярын ойгоор Монголын ард түмний бэлэг болгож өгсөн шүү дээ. Ямар ч байсан Оросын дарга нарт их таалагдсан гэсэн. Анх Москва хотын дарга нь “Баримал хийц болон материалын хувьд нийцэхгүй бол байршуулах боломжгүй” гэсэн юм билээ. Харин бэлэн болсны дараа ирж шалгаад, бүх шаардлагад нийцсэн гэж таалаад тавихаар болсон юм.


-Таны бас нэг бүтээл “Ухамсар” хөшөө НҮБ-ын төв байрны өмнө тавигдсан. Энэ бүтээлийн талаар сонирхуулна уу?

-Энэ бол Монголын ард түмнээс өгч буй бэлэг. Гэхдээ НҮБ-д өгөх бэлэг тодорхой шалгууртай байдаг. Улс орон бүр өөрсдийн бүтээлээ НҮБ-д бэлэглэх уралдаан шахуу юм болдог юм байна. Тэр жил гэхэд НҮБ-д бүртгэлтэй бүх л улс бүтээлээ ирүүлсэн байсан. Харин энэ дундаас Монголын уран баримал үзэл санаа болон хийцийн хувьд нийцэж шалгаруулалтад тэнцсэн юм билээ. Нью-Йоркт, тэр дундаа НҮБ-ын төв байрны урд талбайд бүтээлээ тавина гэдэг миний хувьд хамгийн том мөрөөдөл, гайхалтай том хүндэтгэл байлаа. “Ухамсар” нэртэй энэ баримал­ даа хүн төрөлхтний бүх сэдвийг шингээхийг зорьсон. Бид мэдсээр байж буруу үйлдэл хийдэг. Энэ нь эргээд хүн төрөлхтөндөө сөргөөр нөлөөлж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн юм. Тиймээс хүн ухамсраа л өндөр байлгах ёстой. Тэр зогсоод байгаа нь хүний ухамсар байгаа юм. Харин хүний улын мөр нь материаллаг бие буюу бид өөрсдөө. Хүмүүс байгаль дэлхийг хайр гамгүй эдэлж хэрэглэж байгаад яваад өгдөг. Харин ухамсар нь бидний буруу юм хийж байгааг мэддэг, байгальтайгаа мөнхөд оршдог гэсэн санаа.


-НҮБ-ын байранд хөшөөгөө тавиулсны дараа гаднаас хамтран ажиллах саналууд ирсэн үү?

-Ер нь Очирболд гэдэг уран бүтээлчийг мэддэг хүн гадаадад олон бий. Жишээ нь, Германд миний бүтээлийг худалдаж авдаг хүн цөөнгүй. Гэхдээ НҮБ-ын байранд бүтээлээ тавьснаар илүү олон хүн мэддэг болсон байх. Тийм учраас сонирхох хүрээ ихсэж, янз бүрийн үзэсгэлэнд оролцох саналууд их ирж байгаа. Хүссэн хүн бүр уран бүтээлээ энд байршуулж чадахгүй гэдгийг урлаг сонирхогчид мэднэ л дээ.


-Та бүтээлээ хэрхэн үнэлдэг вэ. Мэдээж бүтээлээсээ шалтгаалаад үнэ хөлс нь янз бүр байх?

-Гарсан зардал дээрээ нэмээд өөртөө ашигтай байхаар бодно. Зарим баримал маш олон дамжлага давж, их хэцүү бүтнэ. Тэр хэрээр зардал нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь хамгийн олон дамжлагатай урлагийн төрөл шүү дээ. Би өөрөө үндсэн хийц загвараа гаргахаас гадна гүйцэтгэгч маш олон хүний хөдөлмөр ордог. Энэ болгоноос шалтгаалаад үнэ янз бүр.


-Жишээ нь, Москвад тавигдсан морины хөшөө ямар өртгөөр бүтсэн бэ?

-Тухайн үед 300 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтсэн санагдаж байна. Гурван жилийн өмнөх явдал шүү дээ. Харин одоо ийм баримал хийвэл ам.долларын ханшаас шалтгаалаад зардал улам л нэмэгдэх байх. Монголд хөшөө цутгах үйлдвэр байхгүй учраас гадагшаа явж, валютаар тооцоо хийдэг юм.


-Таны хувьд хийснийхээ дараа хамгийн их сэтгэл ханамж авч байсан бүтээл юу байв?

-Ер нь уран бүтээлч хүн сэтгэл ханатлаа л хийдэг юм. Тиймээс энэ нь сайн, энэ нь муу болсон гэж хэлэх аргагүй. Сэтгэл дундуур байвал янзалж, өөрчилсөөр байгаад гоё болгож санаа амарна. Гэхдээ захиалгын ажил, уран бүтээл хоёр тусдаа асуудал. Заримдаа захиалга өгч байгаа хүмүүс яг өөрийнхөө хүслээр хийлгэх гээд байдаг. Харин уран бүтээл бол өөрийнхөө зарчмаар явж байгаа учраас жинхэнэ “солиорч өгнө”.


-Яагаад реалист чиглэлээ өөрчилж, модерн хэв загвар руу орохоор болсон юм бэ?

-Ер нь дэлхийн урлаг реалист чиглэлээсээ татгалзаад эхэлсэн. Орчин үеийн хэв маяг гэдэг тухайн хүн яаж сэтгэж байна, түүгээрээ л хийдэг болсон. НьюЙоркт боссон баримал маань үндсэндээ ийм хэв маягтай шүү дээ. Ерөнхийдөө реалист урлаг бол эцэстээ тултал хөгжчихсөн гэдэг санааг илэрхийлэх гээд байна. Тиймээс заавал оргилдоо хүрчихсэн урлагаар дагнах хэрэг байна уу. Дэлхий хаашаа явж байна, түүнийг ойлгож мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн хэрэг. Хийгээд ирэнгүүт маш их сэтгэлийн таашаал, хүн байхын бахархлыг олж авдаг.


-Улаанбаатарын гудамжинд байгаа баримлуудыг хараад ямар бодол төрдөг вэ?

-Манай баримлууд бүгд реа­лист хэв загвартай шүү дээ. Би Улаанбаатар хотод илүү орчин үеийн баримал бүтээж тавиасай гэж боддог. Хэрэв хуучин социализмын үеийн хэв загвартай баримал хийж тавиад л байвал хүний оюуны хөгжил урагшлахгүй гэсэн үг. Тиймээс орчин үеийн урлагийг илүү таниулж байх хэрэгтэй.


-Жишээлбэл, "Ухамсар" шиг гүн гүнзгий утга агуулгатай хөшөө олон байвал хотын иргэдийн сэтгэхүйд ямар нэг байдлаар нөлөөлөх үү?

-Бусдад нэгийг бодогдуулсан баримал, хөшөө хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Аль нэг хүний хөшөө байлаа гэхэд “Энэ тэрний хөшөө байна” гэж хараад л өнгөрнө. Харин орчин үеийн баримлаас арай өөрийг харж болно. Жишээ нь, хүн ямар үйлдэл хийхээ бодож байх хэрэгтэй гэсэн санааг “Ухамсар” баримлаар дамжуулан хүргэж байна гэсэн үг. Тиймээс илүү утга учиртай, орчин үеийн, хүмүүст нэгийг бодуулсан, өгөөжтэй бүтээл хэрэгтэй байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага ч энэ зүгт байгаа.


-Монголд уран баримлаар дагнасан хэдэн хүн байдаг вэ?

-Арав гаруй барималч байгаа болов уу.


-Миний бодсоноос цөөхөн байна шүү?

-Яахав, сургууль төгссөн болгоныг тоолбол олон л доо. Гэхдээ тэр дундаас мэргэжлээрээ явж байгаа нь цөөхөн юм. Лав л намайг 1998 онд төгссөнөөс хойш их л цөөхөн барималчин гарсан.


-Чадаж байгаа нь амжилтад хүрч, чадахгүй нь шахагддаг хатуу ширүүн ертөнц бололтой?

-Хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг урлаг л даа. Үүнд нь хүмүүс шантардаг байх. Уран сэтгэмжээс гадна биеийн хүч их шаарддаг, шат дамжлага ихтэй, нэг бүтээл хийхэд зардал их гээд бүх талаараа хэцүү.


-Уран баримлын дотоодын зах зээл хэр вэ. Та бүхний бүтээлийг ойлгож, худалдаж авдаг хүн хэр олон бэ?

-Би сүүлийн үед захиалгын баримал хийхээ больж, уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Тиймээс дотоодын зах зээлийн талаар сайн мэдэхгүй юм. Миний хувьд хийсэн бүтээлийг маань хүмүүс удалгүй авчихдаг. Харин бусад барималчийн талаар мэдэхгүй байна. Анзаараад байхад сүүлийн үед суварга, хурдан морь л их хийлгэдэг болж.


-Хотын удирдлагуудын зүгээс гоё уран баримал хийлгэхээр танд хандаж байв уу?

-Манай хот одоохондоо уран баримал бодохтой манатай байгаа юм биш үү. Эхлээд зам, барилгаа янзлах гээд үзэж байх шиг байна. Харин дараа нь энэ талаар бодох байлгүй дээ. Уг нь том хотод боловсон бие засах газраасаа эхлүүлээд урлагийн бүтээл хүртэл бүх юм байх ёстой.


-Уран баримлын хөгжлөөр аль улс дэлхийд өнгөлж байна вэ. Манай Монгол Улс хаахна нь явдаг бол?

-Ер нь урлагийн тал дээр европууд л дэлхийд тэргүүлдэг. Хятадад уран баримал мундаг хөгжиж байна л гэдэг. Гэхдээ Европыг гүйцэж яагаад ч чадахгүй. Манай Монголын хувьд нэгийг хийж, түүнийгээ нураасаар ирсэн ард түмэн. Дахин давтагдашгүй сайхан бурхдыг бүгдийг эвдлэхийг нь эвдэлж, заримыг нь гадагш гаргаад дууссан байх. Өндөр гэгээн Занабазар гэж Ази түмний бахархал болсон гайхалтай уран бүтээлч байна. Гэвч энэ хүний асар их бүтээлийн тал хувь нь ч Монголд үлдээгүй байх. Манай Ази тивд уран баримлын хөгжлөөр Япон нэгдүгээрт ордог. Тэгээд араас нь Солонгос, Хятад, Энэтхэгийг гэж урлаг судлаачид үнэлдэг юм. Монгол Улс тивдээ эхний хэдэд орж чадахгүй байгаа юм чинь дэлхийд сураггүй л байхгүй юу. Гэхдээ яваандаа сураг ажиг гарч эхлэх байлгүй дээ.


-Та бүхний залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?

-Яахав , мэргэжлийн сургуулийг хүүхдүүд төгсөж л байна. Харин төгссөний дараа уран бүтээлч болж байгаа нь ховор юм. Энэ нь нийгмийн байдалтай л холбоотой байх. Монголын нийгэм тэднийг тэжээж чадахгүй байна гэсэн үг. Германд гэхэд мөнгөний боломжтой хүмүүс авьяастай залуусыг сурч байхад нь ивээн тэтгэж, уран бүтээл хийх боломж олгодог. Залуугаас нь тордоод ирэхээр тэр хүмүүс улам сайжрах нь тодорхой. Урлагийг ойлгож, дэмжих соёл Европын орнуудад илүүтэй харагддаг. Хүүхдээ бүр цэцэрлэгт байхаас нь үзэсгэлэн, галерей үзүүлж, “нүдийг нь нээдэг”. Энэ том соёл Монголд хэрэгтэй байгаа юм. Саяхан нийслэлийн бүх музейг иргэдэд үнэгүй үзүүллээ. Энэ их аятайхан хөтөлбөр болсон. Ер нь дунд сургуулийн сурагчдад музей, галерейг байнга үнэгүй үзүүлдэг болмоор байгаа юм. Томчууд нь мөнгөө төлөөд үзнэ биз. Харин хүүхдүүдээсээ юу авах вэ дээ. Үзүүлэх тусам хүүхдийн оюун санаанд хоногшиж үлддэг юм. Тэр хэрээр урлагийг ойлгож, мэдэрдэг болно.



Г.Баярсайхан

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зах зээлд ганцаар ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь өгөөжтэй

​“Маяара” орлогынхоо 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулдаг​

 0 сэтгэгдэл


Үндэсний өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ бүсгүйг Энхтайваны Азжаргал гэдэг. Тэрээр гарааны бизнесийн амаргүй даваанд Монголчуудын төдийлөн ойлголтгүй нийгмийн бизнесийг амжилттай эхлүүлээд буй “Маяара” брэндийг санаачлагч юм. Эмэгтэйчүүдэд гэртээ хөдөлмөр эрхлэх боломж олгодог нийгмийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэх тусам төрд ноогдох ачаа хөнгөрдөг. Мөн тэрбээр Монголын уран зураг болон авангард урлалын зураач нарын оюуны бүтээлийг үнэлж, брэндийнхээ нүүр царай болгон давхар сурталчилж буй.. Залуусын дунд бэлгэдэл сэтгэлгээг суулгахаар зорьж буй түүний бизнесийн онцлогийг сонирхож зочноор урилаа.

Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн чанар амладаг

-“Маяара” брэндийг Монголчуудын тодорхой хэсэг мэддэг болжээ. Ийм брэнд бүтээгдэхүүн гаргая гэдэг санаа хэрхэн төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнө би АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон. Энтрепренёршип, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэрийг АНУ-д хэрхэн хөгжүүлдэг талаарх хөтөлбөрт хамрагдаж, сарын хугацаанд туршлага судалсан. Тэнд намайг Ази хүн учраас Хятад гэж эндүүрээд хятадаар мэндлээд байсан л даа. Тэгэхэд бид үндэсний ялгарал буюу Монголоо таниулах тал дээр бага ажиллаж дээ, биднийг хараад монгол гэж шууд мэдэх юу байгаа билээ гэж их бодогдож, эмзэглэх сэтгэл төрсөн. Гуравхан сая хүнтэй Монгол гэдэг улсыг Чингис хаанаас өөр юугаар харуулж болох юм бэ. Даяаршиж буй, интеграцид орж хэл, соёл уусаж байгаа энэ эринд хэн ч харсан Монгол гэж мэдэгдэхээр юу байж болох талаар их бодсон. Тэр үүднээс академик судалгаатай бүтээгдэхүүн гарган дэлхий нийтийн хэрэглээнд оруулахаар “Маяара” брэндийг бий болгох зорилго тавьсан.

-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаад байна вэ?

-Манай брэнд худалдаанд гарч эхэлснээс хойш зургаан сар л болж байна. Энэ хугацаанд Өвөрмонголчууд болон НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын ЭСЯ гэх зэрэг олон улсын байгууллагуудын хамт олон биднийг дэмжсэн. Бид одоогоор 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Цүнх гэхэд л зургаан янз байдаг. Мөн ороолтын хувьд дөрвөн төрлийн өөр материалтай. үүнээс гадна дэвтэр, дагалдах хэрэгсэл зэрэг олон бүтээгдэхүүн бий.

-Монголд ирсэн гаднын зочдод бэлэг өгч явуулах гэхээр ихэнх нь овор ихтэй учраас ачаанд багтдаггүй юм. Танайд Монгол хэв маягтай, авсаархан ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Манай багс, үзэгний сав хийц сайтай, хаана ч авч явахаар авсаархан. Ер нь бид хүний хэрэглээнд суурилж бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Бас бүгд торгон материал дээр хэвлэгддэг учраас загвар сайтай, тансаг харагддаг. Манай брэндийн ороолтууд тэр чигээрээ түүх соёл, бэлгэдлийг шингээсэн. Материалын хувьд ч чанарыг амлаж чадна.

-Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эд, технологи чухал. Гол түхий эдээ хаанаас хангаж байна вэ?

-Монголд торго, даавуу үйлдвэрлэдэггүй учраас БНСУ, Япон, Энэтхэг, Хятадаас даавуу, торго сонгож байна. Сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гэдэг чанар л байдаг. Бизнес гэхээр хүмүүс мөнгө олохыг боддог бол би мөнгийг сэтгэл ханамжаар орлуулдаг. Тийм учраас манай бүтээгдэхүүн хамгийн сайн чанартай нь гэж бардам хэлнэ. Мөн бүгдийг гараар хийж, нэг бүрчлэн хэвлэдэг учраас чанарыг амлаж чадна.

“Маяара”-гаас гаднын зочинд бэлэг сонговол нүүр бардам

-Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу?

-Бусдаас өөр эд, зүйл хэрэглэхийг хүсдэг, үнэ цэнэтэй зүйлд дуртай хэрэглэгчдэд зориулсан хатгасан, зүү ороосон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаа.

-Танай бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь ямар хүмүүс байдаг вэ?

-Анх эх орондоо байгаа Монголчууд манай брэндийн гол хэрэглэгч гэж харж байсан. Гэтэл Өвөрмонголчууд, гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд, жуулчид манай гол хэрэглэгч болоод байгаа. Өвөрмонголчууд Хятад гэх том гүрний 30 гаруй үндэстнээс ялгарах онцлогоо, үндэсний үзлээ тод харуулахыг их хичээдэг. Тэр үүднээсээ “Маяара” брэндийг их сонирхон хэрэглэж байгаа. Харин манай улсад үндэсний өв соёлоо сурталчилъя, гар урлалын чанартай бүтээгдэхүүнээр гангаръя гэсэн сэтгэлтэй “Маяара”-гийн худалдан авагчдын тоо нэмэгдэж байна. Ер нь манай бүтээгдэхүүний худалдан авагчдын хандлага нь үнэтэй брэнд, шошго хөөсөн нийтлэг олонхоос өөр л дөө. Өнөөдөр жинхэнэ, хуурамчийг нь ялгахгүй зөвхөн шошгод ач холбогдол өгдөг худалдан авагч зонхилж байна. Ийм хэрэглэгчид бидний онилох зах зээл биш. Эхлээд монголчуудын худалдан авалтад нөлөөлөх сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Монголоороо гангарах сэтгэлгээг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Монголчуудынхаа бэлгэдэлт сэтгэлгээг сэргээхийг хичээж байна

-Үндэсний өв соёлоороо гангардаг, сурталчилдаг болгохын тулд хэрэглэгчдийн сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ?

-Уг нь манай бүтээгдэхүүнүүд дундаж үнэтэй. Хэдийгээр чанар дагаж үнэ өсдөг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас өндөр үнэ тогтоож болохгүй гэж боддог. Нөгөөтэйгүүр, манай бүтээгдэхүүн нийгмийн сэтгэлгээг өөрчлөхөд зориулагдсан. Бид бүтээгдэхүүн бүрт түүх өгүүлсэн дүр дүрслэл, хэв шинж шингээхийг зорьж байгаа. тухайлбал, “Маяара”-гийн бүтээгдэхүүнд хүрэл зэвсгийн үеэс III, XIII зуун цаашлаад XVI-XVIII зууны түүхэн үйл явц, бэлгэдэл, сэтгэлгээний онцлогийг шингээсэн. “Хатан” коллекцийн цүнх, ороолт гэхэд л Манжийн дарлалыг эсэргүүцсэн монголчуудын бэлгэдлийг агуулдаг. Ер нь монголчууд зан үйл хийх, эд хэрэгсэл бүтээхдээ бэлгэдлийн сэтгэлгээгээр ханддаг байсан. “Маяара”-гийн үнэнч худалдан авагчид бүтээгдэхүүний түүх, бэлгэдлийн утгыг байнга асуудаг болсон, бид ч баяртайгаар тайлбарлаж өгдөг.

-“Хатан” коллекци ямар бэлгэдэл агуулсан юм бэ?

-Эмэгтэй хүний үнэ цэнийг монголчууддаа илүү ойлгуулахыг хүссэн. дээр үед Монголчууд эхнэрээ хатан гэж дууддаг байсан юм билээ. Тэр нь ноён хүнтэй сууж эрх ямба эдэлсэн гэдэг утгаар биш, хүний гэргий болоод амьдрал үзэж, хат суусан эмэгтэйг хатан гэж нэрлэдэг байж. Мөн хатан зориг гэж эмэгтэйчүүдийн амьдралын ухаан, алсын харааг тодотгож хэлсэн байдаг. “Хатан” коллекциос толгойн гоёлын зүүлт чимэглэлийн тоо ширхэг, бэлгэдлийг мэдэж болно. Мөн бүсгүй хүний гоо сайхан, нөхөн үржихүй, хослон амьдрах арга ухааны уялдаа холбоог хэрхэн бэлгэдэж байсныг харж, мэдэж болно. Үүнийг хийхдээ бид бэлгэдэл зүй болон угсаатан судлалын эрдэмтдээс асууж тодруулж байж бүтээгдэхүүндээ ашигласан. Ярилцлагын эхэнд “Маяара” брэнд академик судалгаанд суурилсан гэж хэлсэн нь ийм учиртай.

-Бэлгэт гөрөөс гэдэг III зууны үеийн олдвороор “Маяара”- г чимсэн байна. Энэ нь юуг бэлгэдэж байна вэ?

-“Маяара”-гийн бүтээгдэхүүнд сайн сайхан амьдралын бэлгэдлийг заавал шингээдэг. Бэлгэт гөрөөс бол III-XIII зуунд амьдарч байсан монголчуудын бэлгэдэл сэтгэлгээний нэг хэсэг. Чингис хаан бэлэгт гөрөөстэй уулзсаны дараа Энэтхэг рүү хийх гэж байсан дайнаа зогсоосон гэдэг домог бий. Мөн зарим хаадын булшнаас ийм дүрслэл бүхий эд зүйлс олдсон байдаг. Манай брэнд удахгүй буган хөшөөний загвартай бичгийн хэрэгсэл, нэрийн хуудас, немо цаас хадгалах авангард бичгийн сав хийх гэж байгаа. Ингэхдээ Хөвсгөл аймагт байдаг буган хөшөөний загварыг керамик гар аргаар урлах юм. Түүхээ мэдэхгүйгээс буган хөшөөг гол дээр дамнуулж, гүүр болгон ашиглаж байгааг шүүмжилж, энэ санааг гаргасан.

-Энэ бас худалдан авагчдын сэтгэлгээг өөрчлөх бодлогын нэг хэсэг үү?

-Тийм ээ, ийм өргөн хэрэглээний бүтээгдэхүүн олон бий. Хилийн чанадыг зорьж байгаа Монголчууд Монголоороо гангаръя гэхээр дээл, арьсан эд хэрэгслээр л хязгаарлагдчихдаг талтай. Арьсан эдлэл авч явахад хүнд байдаг учраас дээлээр л үндэсний онцлогоо харуулдаг байлаа. Надад ч ийм хүндрэл олон тохиолдож байсан учраас өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өв соёл, үндэсний онцлогийг шингээхийг зорьсон.


-“Маяара” ямар утгатай нэр вэ?

-Я.Цэвэл гуайн монгол хэлний тайлбар тольд нэг төрлийн тогосыг Маяара гэж нэрийднэ хэмээн бичсэн байдаг. Монголчууд “хүн нэрээ, тогос өдөө” гэсэн сургаал үгтэй. Нэг талаараа монгол хүн нэр төрөө өндөрт эрхэмлэж явахын бэлгэдэл, нөгөө талаар тогосын өд мэт үндэсний давтагдашгүй өв соёлоороо гангарч, бардам, эрхэмсэг явахын ерөөл оршиж байгаа. Мөн “Маяара” гэж хэлэхэд аль ч хэлэнд амархан, сонсголонтой учраас энэ нэрийг сонгосон.

Нийгмийн бизнес гэдэг ойлголтгүйгээс төр татвараар дарамтлахаа урьтал болгодог

-Энэ зах зээлд танай өрсөлдөгч хэн бэ?

-Мэдээж бизнес учраас зах зээлийн өрсөлдөгч байж таарна. Гэхдээ бид энэ манай өрсөлдөгч, тэрний эсрэг ийм бодлогоор ажиллана гэдэг сэтгэлгээнээс аль болох хол байхыг хичээдэг. Манайх шиг жижиг зах зээлд гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөгч гэхээсээ илүү хамтрагч байх нь өгөөжтэй гэж боддог. Тэртэй тэргүй чанар, зах зээлийн өрсөлдөөн хэн нь илүү вэ гэсэн шалгуур тавьчихдаг. Хэн, юуг чанартай хийж чаддаг түүгээрээ дагнах хэрэгтэй л дээ. түүнээс биш нэг нь санаа гаргамагц бүгд хошуураад даган дуурайдаг хандлагаар хол явахгүй.

-“Маяара” брэндийн нэг онцлог нь нийгмийн хариуцлагын үүднээс эмэгтэйчүүдэд олон боломж олгодог юм билээ?

-Монголд нийгмийн бизнес, гарааны бизнес гэсэн ангилал байдаггүй. Бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа нь ч, аль хэдийнэ 10 жил болсон компани ч адилхан хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн ангилалд багтдаг. Бүгд адилхан татварын болон бусад дарамтад ордог шүү дээ. Дөнгөж гарааны түвшинд явж байгаа “Маяара”, MCS хоёр адилхан татвар төлдөг. “Маяара”-гийн бизнес бол гарааны бөгөөд нийгмийн бизнес. Нийгэмдээ хүртээмжтэй байхыг зорьдог. Манайд гэртээ олон хүүхдээ хардаг эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд ажилладаг. Би хэвлэлт, эсгүүрээ хийгээд гэрт нь аваачиж өгдөг. Тэд маань оёж урладаг юм. Мөн “Маяара” брэндийн орлогын 10 хувийг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулдаг. Монголд өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр арав хүрэхгүй байдаг. Түүнд ашгийнхаа 10 хувиар хөрөнгө оруулалт хийдэг. Энэ утгаараа “Маяара” бол нийгмийн бизнес юм.

-Сүүлийн үед сваровски, шүр, сувдаар гар урлал хийдэг эмэгтэйчүүд олширсон. тэд танайхтай хамтарч нийгмийн бизнес хийж болох нь ээ?

-Бүрэн боломжтой. Ганцаар зах зээлд ноёлохоос илүү хамтдаа хөгжих нь нийгмийн бизнесийн зарчим. Манай бүтээгдэхүүний гоёл чимэглэлийг хийх, хамтрахад нээлттэй. Удахгүй “Маяара” брэндийн цүнх зэс эрдэнийн чулуун оруулгатай арт маягийн загвар гаргахаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн хаана, ямар байдлаар эмэгтэйчүүдтэй хамтрах болох боломж байна түүнийг дэмжих зарчмаар ажиллана. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн бизнесийн онцлог гэж хэлж болно.

-Манай улсад нийгмийн бизнесийн ангилал байхгүй гэлээ. бусад оронд гарааны бизнес, нийгмийн бизнесээ яаж дэмждэг юм бэ?

-АНУ-д гарааны бизнес, нийгмийн бизнес эрхлэх гэж буй хүнд шаардлагатай санхүүжилтийг нь буцалтгүй тусламж байдлаар өгдөг. Дээр нь бизнес эрхлэх сургалтуудыг Жижиг дунд үйлдвэрийн газар нь үнэгүй явуулдаг. Тухайн бизнест зориулсан санхүүжилт нь нийгмийн сайн үйлсэд хөрөнгө оруулалт болж, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж, баялаг бүтээдэг гэсэн зарчмын үндсэн дээр их дэмждэг. Гэтэл манайд нийгмийн бизнес гэсэн ойлголт байхгүйгээс татвараар дарамтлахаа л урьтал болгож байна. Төрийн худалдан авалт буюу тендерт гарааны бизнес эрхлэгчид оролцох хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаараасай л гэж бодох юм.

-Төрийн худалдан авалтад гарааны болон нийгмийн бизнест ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Төрөөс ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд манайх шиг шинэ тутам байгуулагдсан компани хамрагдах боломжгүй. Манайд бизнестэй холбоотой хууль, эрх зүйн заалтууд ямар ч судалгаагүй гардаг. Төрийн худалдан авалтад их өндөр шалгуур тавьдаг шүү дээ. Тэр шалгуурыг гарааны бизнес эрхлэгчид давдаггүй юм. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлсэн компанид өндөр дүнтэй гэрээ, гэрээний гүйцэтгэл, дүгнэсэн акт байхгүй. Мөн бидний борлуулалтын хэмжээ, орлого тэдний тавьсан хэдэн зуун сая төгрөгийн шаардлагад хүрдэггүй. Хэрэв бизнесийг шатлалаар нь ангилсан хууль баталбал түүнд гарааны бизнес, тэр дундаа нийгмийн бизнес эрхлэгчид тун баяртай байх болно. Мөн төрийн худалдан авалтад оролцох боломжийг тусгах нэмэлт заалт оруулж өгөөсэй. Тэгвэл энэ төрлийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр төрийн үүрдэг нийгмийн ачаалал багасах сайхан боломж байна гэж хардаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголчууд хамгийн чанартай будаг үйлдвэрлэж эхэллээ

​Дотоодын будгаар гурван жилийн өмнө будсан зам шинэ мэт л харагддаг​

 0 сэтгэгдэл


Авто замын тэмдэг, тэмдэглэгээ нь замын хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улс замын тэмдэглэгээгээ сайжруулахдаа жилд хамгийн багадаа тэрбум төгрөг зарцуулдаг аж. Гэхдээ зориулалтын будгийг 100 хувь импортоор авсаар байгаа юм. Тэгвэл гадагш урсаж буй энэ их мөнгийг дотооддоо үлдээж, зориулалтын будгийг эх орондоо үйлдвэрлэж буй “Жоби” ХХК-ийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцлов. Тус компанийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Д.Мэнд-Амартай ярилцсанаа хүргэж байна.

-Танай компани замын будаг үйлдвэрлээд хоёр жил боллоо. Гэхдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахгүй байгаа ямар учиртай юм бол?

-Бид 2016 оноос хойш Европын стандартын дагуу замын будаг үйлдвэрлэж байна. Гэхдээ үйлдвэрлэсэн будгаа туршиж, борлуулалтад гаргах гэтэл үндэсний стандарт огт байгаагүй. Тиймээс зургадугаар сард багтаан Стандарт, хэмжил зүйн газартай хамтран замын будагны стандарт тогтоож, Монгол улсын үндэсний стандарттай болгохоор ажиллаж байна.

-Уг стандартыг дагаад ямар өөрчлөлтүүд гарах вэ. Өдийг хүртэл ашигласан замын будагнаас ямар ялгаатай болгов?

-Манай улс замын будгийнхаа 80 хувийг БНХАУ-аас, үлдсэнийг нь оху болон бусад улсаас оруулж ирдэг. Гэтэл зарим импортын бүтээгдэхүүний баталгаат хугацаа амьдрал дээр хэрэгждэггүй. Нэг ёсондоо замын будгийн чанар болон баталгаанд бид бараг анхаардаггүй байлаа. Харин бид үйлдвэрлэсэн будагтаа гурван жилийн баталгаа өгдөг. Энэ хугацаанд гандаж, ховхорсон тохиолдолд бид өөрсдөө ямар ч үнэгүй сэргээж засна гэсэн үг. Бид үйлдвэрлэсэн будгаа туршихын тулд хамгийн их гандалт, ховхролт үүсэх магадлалтай зүүн зүгийн Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг сонгож будсан. Мөн Өмнөговь, Булган, Говь-Алтай аймгийн чиглэлийн замыг туршилтаар будаж, батгалгааны хугацаагаа тодорхойлсон. Булган аймгийн дашинчилэнгийн замын будгийг очоод харвал өчигдөрхөн будсан мэт харагдаж байгаа. Яг үнэндээ гурван жилийн өмнө буюу хамгийн анхны туршилтаар будсан зам шүү дээ.

Бид зөвхөн будаг үйлдвэрлэх зорилготой учраас бусдын будах ажлыг булаахгүй

-Танай будаг зөвхөн замынх уу?

-Асфальт болон бетонон зам тавьж, талбай хийж л байвал ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ заавал байх ёстой. Рнгоцны буудал, хурдны зам, олон улс, орон нутгийн болон хот доторх зам, зогсоол, явган хүний гээд бүхий л замын тэмдэглэгээнд хэрэглэж болно. Олон улсын дүрэм журмын дагуу тэмдэглэгээ, өнгөний код гэж бий. Тухайлбал, Алтанбулагаас Замын-үүд хүртэлх буюу улс хоорондын замын голын тусгаарлах шугам заавал шар өнгөтэй байх ёстой. Мөн хоёр талд нь цагаан өнгөтэй хязгаарлагч зурдаг. хурдны доод хязгаарыг хүртэл зам дээр тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, замын тэмдэглэл нь мэдээлэх шинж чанартай байдаг. Хүмүүс замын будаг гэхээр цагаан өнгөөр төсөөлдөг. Замын будаг цагаан, шар, цэнхэр, ногоон, улаан гээд орчноо дагаад өнгөний сонголтоор хэрэглэгддэг. Мөн огцом өгсүүр, уруу болон мөстдөг газруудад зориулалтын будаг түрхэхээр мөс тогтохгүй, хуурай байлгадаг. Энэ бүх будгийг дотооддоо үйлдвэрлэж байна. Бид зөвхөн будаг үйлдвэрлэхзорилготой болохоос бусдын будах ажлыг булаахгүй ээ. Харин ч будах ажлыг гүйцэтгэгч компаниудад илүү таатай үнийг санал болгодог.

-Үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах уу?

-Бид БНХАУ-тай үнээр өрсөлдөх боломжгүй. Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, европ стандартын дагуу үйлдвэрлэдэг. Ингэснээр ОХУ болон Европын орнуудын стандартыг дагаж, чанараар өрсөлдөж чадна. Одоогоор будгаа 25 кг-аар савлаж байна. хэрэв их хэмжээгээр авахыг хүсвэл 200 кг-аар савлаж өгөх боломжтой.

-Үнийн хувьд ямар вэ?

-25 кг-ын савалгаатай будаг 300 мянган төгрөгийн үнэтэй. Харин их хэмжээгээр буюу 200 кг-аас дээш авах хүмүүст 185 мянган төгрөгийн үнэ санал болгож байгаа.

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ хэр байна?

-Замын будаг бол төр гэсэн ганц л худалдан авагчтай. Хувийн зам байж болох ч арчлалтыг төрийн компаниуд хийдэг. Тэгэхээр жил болгон замын арчилгаа, будагт мөнгөө зарцуулах эсвэл гурван жилд нэг удаа замаа будаад явах гэсэн сонголт байна. Монгол улсад нийт 50 мянган км авто зам ашиглаж байна. 2020-2030 он гэхэд 53 мянган км болох төлөвтэй. Тиймээс ийм хэмжээний авто замыг будахад зарцуулах будаг дэлхийн стандартын дагуу 50 гаруй тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг гадагш урсгах уу, дотооддоо үлдээх үү гэдгээ эрх бүхий хүмүүс шийдэх байх. Бид аль бүс нутгаас эхэлж будахаа системтэйгээр төлөвлөөд явахад зургаан жилийн дараа замын хэвтээ тэмдэглэгээ болон аюулгүй байдал маш сайжирсан байх болно.

-Танай үйлдвэр улсын хэмжээний хэрэгцээг хангах хүчин чадалтай юу?

-Монгол улсын хэмжээнд шаардлагатай байгаа авто замын будгийг үйлдвэрлэхэд хангалттай хүчин чадал бий. Хоногт 5-6 тонн хэмжээтэй будаг үйлдвэрлэх боломжтой. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрээ хоёр ээлжээр ажиллуулж, сарын дотор бүх хэрэгцээт будгийг үйлдвэрлэнэ. Авто замын будгийн түүхий эдийг дотоодоос цуглуулж, үйлдвэрлэдэг болсон нь том амжилт. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэл нэрийн дор ашиг хонжоог хамгийн түрүүнд тавихыг боддоггүй.

-Түүхий эдээ дотоодоос цуглуулдаг гэлээ. Ер нь ямар түүхий эдүүд ордог юм бэ?

-Зөвхөн замын будаг болон халтиргааны системд найман төрлийн түүхий эд хэрэглэдэг. Дотоодоос тавыг нь авч байгаа. Үлдсэнийг нь ОХУ, Щвейцар, Герман улсаас оруулж ирдэг.

-Үйлдвэрлэлийн шат дамжлага болон орц найрлагын тухай сонирхуулаач?

-Бүх зүйл дэвшилтэт технологид шилжсэн учраас овор багатай, бүрэн автомат төхөөрөмжийг сонгон оруулж ирсэн. Ажилчдын үүрэг бол тохиргоо хийж, товчлуур дарах, савласан бүтээгдэхүүнээ өрөх. Манай үйлдвэрлэлийн хамгийн том давуу тал бол хаягдал ус болон химийн бодис огт гаргахгүй. шингэн бүтээгдэхүүн бүгд усан дээр суурилсан учраас байгаль экологид ямар ч аюулгүй.

-Тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хэр хэмжээний өртөг шаардсан бэ?

-Манай төхөөрөмжийн өртөг нийт таван сая евро болсон. Одоогоор бид нэг ч төгрөгийн ашиг олоогүй ажиллаж байна. Хамгийн гол зорилго маань зах зээлд эко буюу байгальд хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэнэ.

-“Камертон” хамтлагийнхан бизнесийн салбарт хүч үзээд эхэллээ. Урлагаас олж авсан нэр хүнд тань бизнес эрхлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-“Камертон” хамтлагаар бий болсон нэр хүнд бизнест тус болох үе байдаг ч ихэнх нь өрөөсгөл ойлголттой байдаг. Тухайлбал, урлагийн нэр барин бусдаас хялбар замаар ашиг олдог гэж ойлгох нь бий. Гэхдээ ямар ч бизнесийн нэгэн адил бидний бүтээгдэхүүн л хүмүүст хүрдэг шүү дээ. Тиймээс хэн бизнес эрхэлж байгаа нь чухал биш гэж боддог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Агаарын тээвэрлэгчид төлбөрийн шинэ систем нэвтрүүлнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Албажсан цахим мөнгө ирэх сараас амилна

Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй

 0 сэтгэгдэл


Төв банк өнгөрсөн сарын сүүлээр Цахим мөнгөний журам баталсан. Ингэснээр бидэнд хэзээний танил болсон бүх төрлийн цахим мөнгө албан ёсны журамтай болсон юм. Шинэ журмыг ирэх сарын 1-нээс албан ёсоор мөрдүүлж эхлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр журам нь мөдхөн мөрдөгдөж эхлэх ч санхүүгийн системд цахим мөнгө нь хэдийнэ хэвшсэн юм. Үүрэн телефоны операторууд одоогоос хоёр жилийн өмнөөс “Candy”, “GG” гэх мэт цахим мөнгийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Мөн эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний дийлэнх нь биет бус цахим хэлбэрээр байршдаг. Манай улсын мөнгөний нийлүүлэлтийн долоо орчим хувь нэгтээс хорин мянгатын дэвсгэртээр бол үлдсэн нь санхүүгийн байгууллагуудын компьютерын санах ойд хадга­лагдаж буй. Их Британид ч ялгаагүй, нийт мөнгөний ердөө дөрвөн хувь нь зоос болон цаасан дэвсгэртээр гүйлгээнд ордог байна.


Ийнхүү мөнгөний нийлүүлэлт ца­хим хэлбэрт шилжсэнээр хаях, гээх зэрэг олон эрсдэлийг бууруулж, зардал хэмнэдэг болохыг мэргэ­жилтнүүд хэлж байна. Цахим мөнгөний журамд зааснаар уг төлбөр тооцооны хэрэгслээр цахим мөнгөөр төлбөр төлж, шилжүүлж, мөнгөн хөрөнгө хөрвүүлж болно. Гэхдээ зээлийн эх үүсвэр болохгүй аж. Цахим мөнгөөр өдөр тутмын жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалт хийнэ. Тухайлбал, хүнсний дэлгүүр, супермаркет зэргээр үйлчлүүлэхдээ цахим мөнгө ашиглана. Харин бизнесийн зорилгоор эсвэл үл хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа зэрэг өндөр үнийн дүн бүхий төлбөр тооцоонд ашиглахгүй. Энэ төлбөрийн хэрэгслээр хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг нэг сая байхаар тогтоожээ. Харин нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар нь гурван сая төгрөг. Хэдийгээр энэ нь харьцангуй бага дүн боловч цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгахыг ийн шийдсэнээ албаныхан тайлбарласан. Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлж буй этгээд эдгээр үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой.


Цахим мөнгө нь төгрөгөөр баталгаажиж, баталгаа нь банкинд байршина. Нэг цахим мөнгө нэг төгрөгтэй тэнцэхээр тусгажээ. Тэгвэл мөдхөн мөрдөж эхлэх шинэ журмын сургаар зөрүүтэй ойлголт зах зээлд бий болсон. Монголбанкнаас баталсан цахим мөнгийг криптовалюттай адилтгах, энэ төрлийн валютад тусгай журам баталсан мэтээр зөрүүтэй ойлголт түгж байгаа аж. Харин Монголбанкнаас үүнийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Учир нь биткойн, этериум зэрэг криптовалютууд нь үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангаа­гүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөнд тооцох боломжгүй юм байна. Харин энэ журмыг баталснаар мөнгө санхүүгийн салбарт биеллээ олж буй цахим хувьсгал болох финтекийн хөгжлийг дэмжинэ гэж салбарынхан үзэж байна.


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас зарим зүйлийг тодрууллаа.


-Цахим мөнгө гаргах хэрэгцээ шаардлага байсан уу?


-Үндэсний төлбөрийн сис­темийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас боловс­руулж, УИХ баталсан. Уг хуулийг энэ оны эхнээс мөрдөж эхлээд байгаа. Хуульд Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. үүнтэй уялдан Цахим мөнгөний журам гаргаж байна.


-Цахим мөнгөний журманд хэрэглэгчийг хамгаалах ямар заалт оруулсан бэ ?


-Цахим мөнгөний журмаар баталгааны данс гэдэг ойл­ голтыг тодорхойлсон. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй этгээд зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон, уг дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд нэг сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох нэг сая төгрөг баталгааны дансанд байрших ёстой. ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулснаар цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс хэрэглэгчийг бүрэн хамгаална. Түүнчлэн хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид биеэр очиж, гэрээ байгуулахгүйгээр энэ төрлийн үйлчилгээг авч болно. Үүний үр дүнд цахим мөнгөний үйл­ чилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ. Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэг­ дэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг.


-Цахим мөнгө гаргахад юу шаардах вэ?


Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлаг­дахгүй. Энэ үйлчилгээг хүссэн хуулийн этгээд эрхлэх боломж­той. Гэхдээ цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага өндөр байгаа. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгуул­ лагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг жу­рамд тодорхой тусгасан.