A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/995/

Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага

​Эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тооны дутагдал 55 хувьд хүрсэн​

Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/995/

2017 онд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй, өндөр цалинтай 10 мэргэжлийн есд нь эмч, эмнэлгийн ажилтны мэргэжил багтжээ. Тухайлбал, эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагчийнх 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байна. Гэтэл манай эмч, эмнэлгийн ажилтны цалин үүнээс 40 дахин бага байгаа нь харамсалтай гэхээсээ өрөвдөлтэй юм. Хэдийгээр ядуу буурай орны иргэн ч гэлээ мэргэжил нэгтнүүдийнхээ зиндаанд амьдарч чадахгүй юм аа гэхэд улсын дунджаас дутахгүй цалинтай байх эрх эмч, эмнэлгийн байгууллагынханд баймаар. Гэтэл 2017 оны сүүлийн улирлын байдлаар эмч, сувилагч нарын цалин улсын дунджаас 18 хувиар бага байгаа тухай үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Эмч нарын цалингаа нэмүүлэх хүсэлд ташуур болсон эдгээр тоон үзүүлэлтэд хошуу нэмэхээр өөр орны эрүүл мэндийн салбарын ажилтны цалин, хангамж ямар байдгийг өөрийн орныхтой харьцуулж үзвэл сонирхолтой дүр зураг харагдана. 2018 оны эхний сарын байдлаар манай улсад 2067 эрүүл мэндийн байгууллагад 50519 хүн ажиллаж байна. Тодруулбал, 10576 их эмч, 11939 сувилагч, 19709 эмнэлгийн мэргэжилтэн гурван сая хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа.

Харин японы төрийн мэдлийн эмнэлгүүдэд хоёр сая 78 мянган хүн ажилладаг бөгөөд 224 мянган их эмч, 787 мянган сувилагч, нэг сая 67 мянган эмнэлгийн ажилтан 126 сая хүнд үйлчилдэг аж. Эндээс харахад хөгжилтэй орны эмч, сувилагч үүрэгт ажлаа гүйцэтгэж, эмнэлгийн бусад үйлчилгээг ажилтнууд хариуцдаг болох нь харагдаж байна. Манайд бол нэг эмчид ноогдох өвчтөний тоо 452 байгаа юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Өнөөдөр бүх шатны эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тооны дутагдал 55 хувьд хүрсэн. Нэг эмч, сувилагч өдөрт 6-7 хүнд үйлчлэх стандарттай ч монгол эмч нар 30 хүнд үйлчилж, гурван хүний ажлыг хийж байна. Мөн цалин, орон тооны хомсдолоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгаа” гэсэн юм. Эндээс монгол эмч нарын зовлонг тодорхой харж болно. Хэдийгээр японд цалин өндөр ч ажлын ачаалал харьцангуй бага. Илүү цагаар ажиллах, хонон өнжин суух асрагч, сувилагч ч олдохгүй. Харин монголд бол эсрэгээрээ. Хонон өнжин ажиллахын хажуугаар хэвтэх оргүй, тариа хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд өрөөгөө суллаад өөрөө хүлээлгийн сандал дээр унтаж байх нь ч энүүхэнд.

Сайхан сэтгэлийг мөнгөөр үнэлдэггүй ч ажиллах боломжийг хангаад өгөх нь төрийн үүрэг юм. Монголд эмч, сувилагчийн цалинг үндэсний статистикийн хороо 767 мянган төгрөг гэсэн боловч эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд энэ тоог хүлээн зөвшөөрдөггүй. Өдгөө эмч нарын дундаж цалин 634 мянган, сувилагчийнх 471 мянга төгрөг хэмээн тэд баталдаг. Харин японы анагаах ухааны тохокү их сургуулийн доктор Гуан Хоны хэлснээр арлын оронд эмч 3800, сувилагч 2200, эмнэлгийн ажилтан 1500 ам.долларын цалин сард авдаг байна. Энэ ялгаанаас үүдэлтэй үйлчилгээний соёл, хүртээмжийн чанар тэр хэрээр доошлох нь зүй. Ажлын ачаалал, цалин хангамж муу энэ нөхцөл байдал эмч, эмнэлгийн ажилтнуудыг “гар хараад” сургачихсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс биш хүний муу бүхэн цуглачихаад илүү харж, билүү долоодог гэвэл доромжлол. Ажлын ачааллаа үнэлүүлж цалин авдагсан бол манай эмч нар гадаадын мэргэжил нэгтнүүдийн адил хүндлэгдэх нь лавтай. Үүн дээр эмч нарын ур чадварын үнэлэмж гэж дэлхий нийтээр өндөр өртөгтэй үйлчилгээ гэж бий. Гэтэл манай улсад чадвартайг нь урамшуулах тогтолцоо байдаггүй талаар гавьяат эмч Х.Хусаян манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Тэрээр “Манайд мэс заслын эмчийн цалин 700-800 мянга л байгаа шүү дээ. Өөр улсын эмч нараас цалинг нь асуух эвгүй.

Гэхдээ дотно нөхөрлөдөг заримаас нь асууж үзсэн. Израилийн эмч нар 16-17 мянган ам.долларын цалинтай юм билээ. Германд бүр өндөр, 30-40 мянган евро гэж ярина. Тэнд хагалгаа хийсэн тоогоороо цалинждаг учраас ийм өндөр байгаа юм. Харин манайд хамгийн олон хагалгаа хийсэн эмч хамгийн бага хагалгаа хийсэнтэйгээ яг адилхан цалин авдаг. Манай эрүүл мэндийн тогтолцоо ийм л байна” хэмээж байсан нь нэгийг өгүүлнэ. Энд цалингийн харьцуулалтын бас нэг сонирхолтой өнцөг бий. Японд манайх шиг төрийн албаныхны цалинг ялгаж үздэггүйгээс гадна иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарахын тулд харин ч эмч нарт илүү цалин өгдөг. Хүний амьд явах хамгийн наад захын баталгааг эмч нар илүүтэй хангадаг учраас тэр. Дэлхийн жишигт ойртуулдаггүй юм аа гэхэд миний, таны, үр хүүхдүүдийн минь амьд явах бас нэг баталгаа болсон эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахын тулд эмчээ дэмжих хэрэгтэй. ОУВС-гийн царай харалгүй цалин нэмэх гарц олох, зоригтой шийдвэр гаргах зүй ёсны шаардлагыг эрх баригчдаас нэхэх нь иргэн бүрийн хувь нэмэр юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапурт карантин зөрчсөн иргэний паспортыг хураажээ

 0 сэтгэгдэл

Strait Times сонинд бичсэнээр Сингапурын эрх баригчид коронавирусийн хөл хориог зөрчиж, гадаадад аялсан иргэний паспортыг цуцалжээ. 53 настай Илья Виктор Го гэгч Сингапураас Индонез руу зорчоод эргэж ирсэн байна. Түүнд хоёр долоо хоногийн албадан карантины талаар урьдчилсан мэдэгдэл хүргүүлсэн байв. Гэтэл уг этгээд 10000 ам.долларын торгууль эсвэл хагас жил хүртэл хорих сануулгыг үл харгалзан мэдэгдэл авсан өдрөө Сингапураас гарч явсан аж. Түүнийг гуравдугаар сарын 24-­нд Сингапурт буцаж ирэхэд цагаачлалын албанаас хоёр дахь мэдэгдэл гардуулав. Энд ноён Го хөл хориог үл тоомсорлон хариуцлагагүй хандсан хэмээн донгоджээ. Улмаар түүний хэргийг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, паспортыг цуцалсан боловч иргэн хэвээр үлдсэн байна. Тэрбээр ийм шийтгэл хүлээж буй Сингапурын анхны иргэн боллоо. Өмнө нь карантин зөрчсөн нэг эрэгтэй түр оршин суух эрхийг хураан авсан тухай албаныхан мэдээлсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорионы үеэр ч орлого олох боломж бий

 0 сэтгэгдэл
  • 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна

Аюулт вирус дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед хэн бүхний “хэтэвч нимгэрч” байгаа нь нууц биш. Вирусийн халдвараас сэргийлэхийн тулд гэрээс гарахгүй байхыг эрүүл мэндийг байгууллага зөвлөж, хөл хорионы улмаас цөөнгүй хүн ажилгүй болж байгаа мэдээ өдөр бүр чих дэлсэж байна. Тиймээс хөл хорионы дэглэмийг сахиж, гэрээсээ мөнгө олох сонирхолтой аргыг танилцуулж байна.

Tik Tok-оос орлого олох 

Цаг завгүй, мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүс богино хугацаанд таатай мэдээлэл хүлээж авч, эерэг мэдрэмж мэдрэх сонирхолтой болсон. Энэ хэрэгцээнд нийцэж, дэлхийн олон оронд түгсэн цахим платформын нэг бол Tik Tok юм. Хөгжилтэй бичлэг, хөгжим, бүжиг бүхий 30 секундийн бичлэгээр тогтмол орлого олдог хүн цөөнгүй болжээ. Мөн тэдний олдог ашиг, орлого жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. 2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт нэг сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна. Tik Tok дээр бичлэг нийтэлдэг хүмүүс үзэгч, дагагчдын тоогоороо цалинждаг төдийгүй бараа бүтээгдэхүүн, брендийн сурталчилгаа хийж багагүй мөнгө олдог. Мөн Tik Tok-­ын Vine-­2.0, arch-­nemesis зэрэг программ нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон дагагчтай хэрэглэгчдийнхээ нэг видеог 250 мянган ам.доллараар үнэлэхээр болсон аж. Тиймээс энэ сүлжээг хөгжүүлж, мэдээллээ олон хүнд хүргэдэг хүмүүсийн орлого ирэх сараас нэмэг­ дэх юм. Харин энэ сүлжээг хөгжүүлж, олон дагагчтай болохын тулд бага зэрэг хичээл зүтгэл шаардлагатай. Юун түрүүнд, өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Харин дараа нь сонирхолтой, бус­даас содон, шинэлэг контент үйлдвэр­лэхийн тулд хайрцгаас давж сэтгэх хэрэгтэй. Мөн ур­лагийн мэдрэмж, өнгө төрх, хувцаслалт чухал юм. 

Виртуал багш

Сүүлийн жилүүдэд зөвхөн оффист сууж ажиллах бус онлайнаар, гар утсаар ажиллаж, мөнгө олох соёл, хэв маяг дэлхий даяар дэлгэрсэн. Америкт нийт 40 саяас илүү хүн гэрээсээ ажилладаг гэсэн судалгаа гарсан. Энэ хандлага салбар бүрт цэцэглэж байгаа ч боловсролын салбарт илүү түрж байгаа гэнэ. Их сургууль болон ЕБС хөл хорио тогтоож, оюутан сурагчид өөрийгөө хөгжүүлж шинэ зүйл сурах завтай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ үеэр виртуал болон онлайн хичээл заах нь зах зээлээ мэдэрч, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх сайхан санаа. Харин үүний тулд та багшлах эрхтэй, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд сургуульд заадаг хичээлийн хөтөлбөрөөс сонирхолтой байх хэрэгтэй. Энэ төр­лийн ажил өндөр хөгжилтэй оронд хэдийн дэлгэрсэн бөгөөд жилд ойрол­цоогоор 30 мянган ам.долларын цалин авдаг байна. Түүнчлэн хэрэв та шинжлэх ухааны мэдлэгтэй, гадаад хэлээр ярьж, ойлгодог бол гаднын оюутан сурагчдад мэдээлэл хүргэж, мөнгө олох боломж бас бий. 

Утсаар зөвлөгөө өгдөг сувилагчийн ажил

Халдварын үед хамгийн эрсдэл бүхий объект бол эмнэлэг. Тиймээс хүмүүс шинж тэмдэг, зовиураа хэлж, анхан шатны зөвлөгөөг гэрээр авах хүсэлтэй байдаг. Тиймээс хэрэв та эмч мэргэжилтэй бол утсаар зөвлөгөө өгч болох нь. Эрүүл мэндийн зөвлөгөөг зайнаас өгөх боломжгүй мэт санагдаж болох ч гаднын улсад энэ төрлийн үйлчилгээ түгээмэл байдаг. Эдгээр хүмүүс 50 мянган ам.доллар ба түүнээс дээш цалинтай ажилладаг бөгөөд Humana, Aetna, United Health Group зэрэг томоохон компани өвчин зовиур, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас нь хамаарч утсаар мэдээлэл өгдөг сувилагч ажиллуулдаг болсон. 

Тайруулсан үсээ борлуулах

Будаж, хими хийлгэж байгаагүй урт үсийг худалдаалах тохиолдол гаднын улсад элбэг байдаг. Тэд үсээ арчилж, хурдан хугацаанд эрүүл ургуулаад, түүнийгээ хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад зарж, мөнгө олдог. Хэрэв үс тань хэт их ургаад тайруулах талаар бодож байгаа бол зүгээр нэг тайруулж, хаяхын оронд зарж мөнгө болгох талаар бодоод үзээрэй. 

Цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлэх

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлж зараад, мөнгө олохын зэрэгцээ оюуны бүтээлээ бусдад хүргэх боломжтой. Мөн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах номоо борлуулан 70 хувь хүртэлх ашиг хувааж авах бо­ломжтой. Ийм үйлчилгээ манай улсад дутагдаж байгаа учир энэ талбарыг хөгжүүлж, бусдын оюуны цангааг тайлж, хэтэвчээ зузаалах боломж бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын том банкуудын орлого вирусийн улмаас эрс хумигдлаа

 0 сэтгэгдэл
  • Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагын зээлийг сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна
  • Аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна

Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтай

Хорин жилийн турш үнэмлэхүй ашигтай ажиллаж, дэлхийн санхүүгийн хямралыг хүртэл давж гарсан Хятадын тэргүүлэх том банкуудад түүхэн сорилт тулгарлаа. Үхлийн уршигт коронавирусийн тархалт бизнесийн үйл ажиллагаанд нь заналхийлж буйн улмаас активын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк (Industrial and Commercial Bank of China) зэрэг тэргүүлэх банкуудын байдал хүнд байна. Дээр нь өсөлтийн хурдац сүүлийн 40 жилийн үнэмлэхүй хэмжээнд сулраад буй дэлхийн хоёр дахь гол эдийн засгийг аврахад туслахыг банкуудаас хүсэж байгаа нь давхар дарамт боллоо. БНХАУ-­д шинэ он гарснаас хойш эдийн засгийн идэвх үндсэндээ зогссон нь банкуудын активын чанар, цэвэр хүүгийн ашиг, нөөц хөрөнгө, шинэ үйлчлүүлэгч татах чадварт сөрөг нөлөөлснийг тус улсын тэргүүлэх зээлдэгчийн нэгнийх нь захирал тайлбарлав. Нийт 41 их наяд ам.доллараар хэмжигддэг, АНУ­-ынхаас хоёр дахин том Хятадын банкны салбар сая сая үйлдвэр, аж ахуйн байгууллагыг сүйрүүлэхгүйн тулд өр зээлийг нь сунгах хэрээр найдваргүй зээлээс хамгаалах хөрөнгө нөөц нь шавхарч байна. Хятадын банкны тогтолцоо нь активын чанартай холбоо бүхий ихээхэн бэрхшээлтэй ажиллаж ирснийг Хонконгод байрладаг, судалгааны Rhodium Group LLC фирмийн захирал Логан Райт анхааруулав. Чанаргүй зээлийг засгийн газар шингээж явлаа ч Хятадын банкны үйлдвэрлэлийн орлого энэ онд санаанд оромгүй буюу 39 хувиар буурах магадлалтайг UBS Group AG-­ийн шинжээчид тооцоолжээ. Хятадын Үйлдвэрлэл, Худал­дааны Банкийг оролцуулаад тус улсын хэд хэдэн тэргүүлэх банк баасан гарагт 2019 оны үйл ажиллагааны тайлангаа нийтлэв. Тайлангаас үзвэл, Бээжин хөшүүргийн бодлогоо багасгаж, АНУ-­тай худалдааны асуудлаар зөрчилдсөнөөс банкуудын ажиллагаа суларсан 2019 онд орлого тав орчим хувиар өссөн дүнтэй гарчээ. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны зээлийн алдагдал нөхөх нөөц өнгөрсөн онд 479 тэрбум юань (67 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх дөрвөн жилийнхээс 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Төрийн өмчийн банкуудын удирдлага эдийн засаг урт хугацаанд тогтворжино хэмээн тайлбарлах нь нийтлэг. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банкны ерөнхийлөгч Гу Шу тус улсын хэрэглэгч, экспорттой холбоотой салбарууд вирус тархсанаас үүдэлтэй эдийн засгийн цохилтын хүндийг үүрч буйтай уялдан банкны активын чанар цаашид муудна гэж үзсэн юм. Хохирол нийт салбарыг хамраад байгааг Хятадын Харилцаа Холбооны Банкны (Bank of Communications) дэд ерөнхийлөгч Хоу Вэйдун анхааруулсан бол Хятадын Банк (Bank of China) цаашдын цохилтоос хамгаалах нөөц төвлөрүүлэх шинэ тойрог эхлүүлснээ зарлав. Онцгой байдал үргэлжилсээр байх аваас Хятадын төлөгдөөгүй зээлийн хэмжээ гурав гаруй дахин нэмэгдэж, 6.3 хувьд хүрснээр чанаргүй зээл 5.6 их наяд юань болох тооцоог S&P Global сарын өмнө гаргасан юм. Тус улс хямралын үеийн арга хэмжээ болгон чанаргүй зээл тооцох стандартаа сулруулсан, дээр нь цар тахлын уршигтай холбоотойгоор цаашид “асуудалтай” зээлийн хэмжээ нийт зээлийн 11.5 хувьд хүрэх эрсдэлтэйг зээлжих зэрэглэлийн фирмүүд анхааруулж байна. “Хасах үзүүлэлтгүй олон жил явж ирсэн банкны тогтолцоо 2015, 2016 оны харьцангуй хүнд бэрх цаг үед хүртэл хоёр хувийн өсөлттэй байсан”-­ыг Хонконг дахь UBS-­ийн шинжээч Мэй Янь тайлбарлав. Активын чанар, ашиг орлого муудаж буй нь 2019 онд лавтай гурав нь яаралтай тусламж авахдаа тулсан Хятадын орон нутгийн банкуудад ноцтой дарамт учруулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт 4.15 хувь хүртлээ сулрах юм бол тус улсын тэргүүлэх 30 банкны 17 нь оршин тогтнох аргагүй болох нь өнгөрсөн онд явуулсан стресс тестээр харагдсан юм. Гэтэл БНХАУ-­ын эдийн засаг энэ жил ердөө 2.9 хувиар өсөх төлөвтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн халдвар тээгчийг нохойгоор илрүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна

Их Британид коронавирусийн халдвартай хүмүүсийг хайхад нохой сургаж байгаа талаар France Press агентлаг уламжлав. Medical Detection Dogs хэмээх буян байгууллагын санал болгосон судалгаанд Дарем ба Лондоны их сургуулийн мэргэжилтнүүд оролцож байна. Өмнө нь уг байгууллагын сургасан нохдыг хорт хавдар, Паркинсоны өвчин, хумхаа болон хэд хэдэн бактерийн гаралтай өвчнийг илрүүлэхэд ашиглаж байжээ. Тус байгууллагыг үндэслэгч Клэр Гэст “Нохой COVID­-19­-ийг тодорхойлж чадна гэдэгт бид зарчмын хувьд итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар өвчтөний вирусийн үнэрийг аюулгүй байдлаар авч нохойд үнэрлүүлэх аргыг хайж байна. Гол зорилго нь шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад нохой тусална” хэмээв. Лондоны ариун цэвэр, халууны бүсийн өвчний анагаах ухааны сургуулийн нэг ажилтан амьсгалын замын бусад өвчний адилаар COVID­-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна. Энэ нь SARS-­CoV­-2 вирусийг нохойгоор илрүүлэх найдвар төрүүлж байгаа аж. Өмнө нь Medical Detection Dogs­-ын ноход хумхаа өвчнийг маш өндөр нарийвчлалтай илрүүлж байжээ. Судлаачид тахлын дэгдэлт сулрах үед нааштай үр дүн гарч, сургасан нохдоо онгоцны буудлуудад ажиллуулснаар гаднаас вирус орж ирэхээс сэргийлнэ гэж тооцож байна.