A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4727/

Монгол адууны дэл, сүүлийг дэлхийд таниулж буй “Мон торгон дэл”-ийнхэн

Монгол адууны дэл, сүүлийг дэлхийд таниулж буй “Мон торгон дэл”-ийнхэн
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4727/
  • Эрс тэс уур амьсгалтай болохоор жилийн дөрвөн улиралд Монголын мал нь дасан зохицох чадвартай байдаг. Тиймдээ ч манай адууны дэл, сүүл дэлхийд хамгийн чанартай түүхий эдийн тоонд ордог
  • Ангилал сорт, өнгөнөөсөө хамаараад хамгийн урт сүүл дэлхийн зах зээлд 90 орчим мянган төгрөгийн ханштай байдаг байна. Аль ч улсад хамгийн үнэтэй нь цагаан адууны сүүл бөгөөд ширхэг нь барагцаагаар 400 орчим ам.доллар хүрдэг аж

Үе үе хуй салхи босож, улаан шороо эргэх нь хавар цагийн араншин гэлтэй. Тэнгэр аашаа харуулсан ийм нэгэн өдөр манай сонины сурвалжлах багийнхан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрлах “Мон торгон дэл” компаниас энэ удаагийнхаа “Би үйлдвэрлэгч” буланг бэлтгэлээ. Том төмөр хашаан дотор байх хоёр давхар байшингийн хаалгаар орвол ажил ид өрнөж байна. Таван залуу адууны сүүлний хялгасыг салгаж хайчилна. Тэднээс холгүйхэн том тавцантай ширээнүүд эгнүүлэн байрлуулж, хоёр талд урт нарийхан төмөр шүдтэй самнууд гагнаж тавьсан нь адууны сүүл боловсруулах анхан шатны төхөөрөмж аж. 20 гаруй насны гурван бүсгүйн гар зав чөлөөгүй хөдөлнө. Урт ширэлдсэн хялгасуудыг мөнөөх самаар хэд, хэдэн удаа самнасны дараа хоёр дахь дамжлага руу шилжүүлнэ. Үйлдвэрийн хоёр дахь дамжлага хоёрдугаар давхарт байрлах агаад самнаж хог, шорооноос нь салгаж, ширэлдээг нь гаргасан багц хялгасыг хавтгай модоор нэгэн жигд болтол нь нүдэх юм. Харин үүний дараа хурдан морины сүүл шиг жигд боож хайрцаглахад бэлэн болгоно. Ингэж зургаан шат, дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн бэлтгэж, урд хөршийн зах зээлд нийлүүлэх бараа бэлэн болно гэсэн үг. “Мон торгон дэл” компани сард 10 мянган ширхэг сүүл буюу 500 килограмм хялгас боловсруулах хүчин чадалтай аж. Тус үйлдвэрийн дарга Ж.Ган-хуягтай уулзлаа. Тэрбээр “Манай үйлдвэр жилд адууны 150 орчим тонн сүүл боловсруулж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Адууны дэл, сүүл, сарлагийн савагаар хийдэг бүтээгдэхүүний бэлдцийг бэлддэг үйлдвэр гэсэн үг л дээ.

Азид ийм үйлдвэр байдаггүй учраас бид нэлээн судалж байж жил гаруйн өмнө үйл ажиллагаа эхлүүлсэн. Монгол орон эрс тэс уур амьсгалтай болохоор жилийн дөрвөн улиралд мал нь дасан зохицох чадвартай байдаг. Тиймдээ ч монгол адууны дэл, сүүл дэлхийд хамгийн чанартай түүхий эдэд тооцогддог. Манай улсын морин хуур урлаачид ирж бидний бэлдцийг худалдаж авч байгаа. Мөн Хятадын зах зээлд нийлүүлдэг. Цаашдаа Европын зах зээлд гарах зорилттой ажиллаж байна. Бэлдцийнхээ дээжийг шинжилгээнд явуулсан. Германаас хариу ирсэн. Европчууд уртын хэмжээг их чухалчилдаг юм байна. Монгол адууны сүүл хамгийн урт нь нэг метр байдаг. Зөвхөн хөгжмийн зэмсгийн утас хийгээд зогсохгүй, торон даавуу, нэхмэл бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Жишээлбэл, гоёлын даашинзны хормойг дэрвэгэр болгодог хатуу торон материалыг адууны сүүлээр хийдэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн бүрх малгайны торон гоёлын гол түүхий эд нь адууны сүүл. Боловсруулаад будганд оруулахаар гялалзсан, торгомсог өнгөтэй тор болдог юм билээ. Мөн гоо сайхны хэрэгсэл, багс хийж байна. Адууны дэл, сүүлийг хайчилж, угааж бага зэрэг тосолж самнаад, урт нарийныг нь жигдэлж, боодог учраас ихээхэн цаг хугацаа зарцуулсан ажил болдог. Бүх шат дамжлага гар аргаар хийдэг болохоор хүний хүч, хөдөлмөр шаардсан ажил даа” хэмээн ярилаа. Монгол адууны сүүлийг урт, бат бөх гэж европчууд ихээхэн үнэлдэг байна. Эднийх адууны нэг килограмм дэлийг 7500 төгрөгөөр авдаг аж. Угааж, цэвэрлэх явцад тодорхой хэмжээний хорогдол гардаг. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлдэц нь бага зэрэг үнэтэй байдаг байна. Шинэ үйлдвэр учраас ажилчдыг сургаж авахад нэлээн хугацаа зарцуулжээ. Тэрбум гаруй төгрөгөөр байгуулсан эл үйлдвэр одоогоор зардлаа хараахан нөхөж чадаагүй байгаа аж. Ажилчдаа хийснээр нь цалинжуулдаг болсноор хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж ихээхэн сайжирчээ. Хятадаас технологич авчирч сургахад байр хоолны зардал гээд чамгүй хөрөнгө зарцуулсан тухайгаа Ж.Ганхуяг сонирхуулсан юм. 

“Мон торгон дэл” үйлдвэрийхэн хаягдал хялгасаа эсгийний үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм байна. Аль болох хог хаягдал гаргахгүй үйлдвэрлэл явуулахыг зорьдог гэдгээ тэд хэлж байлаа. БНСУ-д адууны дэл, сүүлээр матраас буюу зузаан гудас үйлдвэрлэдэг аж. Иймээс Өмнөд Солонгосын зах зээлд гаргахаар судалж буйгаа тус үйлдвэрийн удирдлагууд сонирхуулсан юм. Малын гаралтай түүхий эд цэвэр эко бүтээгдэхүүнд тооцогддог учраас дэлхийн зах зээлд үнэд хүрдэг байна. Жилдээ тэр бум орчим төгрөгийн бараа экспортлоод буй. Монголд нэмүү өртгийг нь шингээх үүднээс эх орондоо боловсруулж гадагш гаргадаг гэж Ж.Ганхуяг хэлж байв. Малчид өөрсдөө бага хэмжээний түүхий эдээр гэрийн хэрэгсэл, өрхний оосор, хошлон, хурга, тугалын уяа томж хэрэглэдэг ч энэ бол өчүүхэн бага хэрэглээ. Харин дэлхийн зах зээл бол асар том орон зай гэж тэрбээр ярьж суулаа. Хэрэв бид түүхий эд болгоод зарвал боловсруулаагүй бүтээгдэхүүнээс үнэтэй болчихдог учраас хүмүүс тэр бүр уяа, оосор хийх хялгас авах гэж ирдэггүй гэж ярилаа. Манай улс адууны тоогоор дэлхийд долдугаарт ордог бөгөөд жил дээ 300 гаруй мянган тонн дэл, сүүл, сарлагийн саваг 30 тонн орчим гардаг байна. Ийм их түүхий эдийг гадаадын зах зээлд гаргахгүй бол малчдын хэрэглээнээс хэд дахин давсан үзүүлэлт аж. Хил дамнасан худалдаа хийнэ гэдэг олон улсын стандартад нийцсэн байх, сав, баглаа, боодол өнгө үзэмжтэй байхаас эхлээд чамгүй шалгуур шаардсан ажил тул бэлтгэл сайн хангах хэрэгтэй гэдгийг тус үйлдвэрийнхэн хэлж байв. Ангилал сорт, өнгөнөөсөө хамаараад хамгийн урт сүүл дэлхийн зах зээлд 90 орчим мянган төгрөгийн ханштай байдаг байна. Аль ч улсад хамгийн үнэтэй нь цагаан адууны сүүл бөгөөд ширхэг нь барагцаагаар 400 орчим ам.доллар хүрдэг аж. Цагаан өнгийн хялгас нь нумт хөгжмийн утаснаас эхлээд сонгодог загварын барааны түүхий эд болдог учраас үнэтэй байдаг ч манайд цагаан адуу тийм ч элбэг биш гэдгийг залуу захирал сонирхуулсан юм. Тус компани Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018 MNS0215:2007 стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортолж буйгаа дуулгалаа. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй агаад 50 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангажээ. 

Европын зах зээлд бэлдцээ гаргах том зорилтдоо хүрчихвэл монгол адууны сүүл, дэл дэлхийд өндрөөр үнэлэгдэнэ гэж Ж.Ган-хуяг хэлэв. Эднийх ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах үүднээс хоёр ортой, амралтын гурван өрөө тохижуулсан байна. Үдийн цайныхаа цагаар ажилчид нь түр амсхийдэг аж. Үйлдвэрийн дарга Ж.Ганхуяг өрөөнийхөө хойморт анхны бүтээгдэхүүний дээжээс ихэд нандигнан тавьсан харагдлаа. Түүний өрөөний хананд адууны дэл, сүүлээр хийдэг бүтээгдэхүүнүүдийн зургийг өлгөсөн нь хүн бүрийн нүдийг татна. Хялгасан гоёлтой түлхүүрийн оосор, гялалзсан торон гоёлтой малгай, торон нэхээстэй даавуун, элдэв төрлийн хөгжмийн зэмсэг гээд бүгдийнх нь гол түүхий эд адууны сүүлний хялгас аж. Манай улс зарим төрлийн түүхий эдийг зүгээр л хаягдал, хог болгочихдогоос биш дэлхийд ихэд үнэтэй сонгодог бараа болдог байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чанарыг эрхэмлэгч “Цалин цагаан” брэнд дэлхийд нэрээ цуурайтуулна

 0 сэтгэгдэл
  • “Цалин цагаан” ХХК нь хүүхдийн болон том хүний ванн, хөл дүрээд суух боломжтой түмпэн зэргийг зэсээр хийж байна
  • "Цалин цагаан" компани зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу экспортлоод эхэлжээ

Монголчууд бид эртнээс эдүгээ хүртэл домбо, аяга шанаганаас аваад тавилга сэлт, гоёл чимэглэлд хүртэл зэс эдлэлийг өргөнөөр хэрэглэсээр иржээ. Жирийн малчны өвөрт хүртэл жижигхэн зэс аяга явж байх бөгөөд өдөр тутамдаа хэрэглэж дадвал элэг, цөс, ходоод, нойр булчирхай зэрэг бүхий л эрхтэнд эерэгээр нөлөөлнө хэмээн үздэг байв. Учир нь зэс аяганд хийсэн зүйл ариусаж, цэвэр болдог хэмээн аяга, халбаганаас аваад олон төрлийн сав суулгыг зэсээр урладаг байв. Энэ уламжлал өдий хүртэл үе дамжин ирсэн билээ. Дэлхий нийтээр тархаад буй коронавирус бүх төрлийн гадаргуу дээр 4-5 хоног амьдарч чаддаг бол зэс эдлэлийн гадаргуу дээр тогтсон бактери хэдхэн минутын дотор устаж үгүй болдог нь батлагдаад буй. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж буй нь батлагдсан аж. Энэ гайхалтай үр дүнг харсан тэрбээр “Зөвхөн COVID-19-ийн халдвараар хязгаарлагдахгүй, ирээдүйд учирч болох олон арван тахал, вирусийн өмнө зэс эдлэлийг ахуйн хэрэглээндээ ашиглаж хэвших нь чухал” хэмээжээ. Тэр дундаа эмнэлэг болон олон нийтийн газарт хаалганы бариулаас аваад зэсээр хийж хэвшвэл сайн хэмээн онцолжээ. Тэгвэл дэлхий дахиныг дагжин чичрүүлж буй цар тахлын үед монгол түмнээ эрүүл энх байгаасай хэмээн бэлгэдэж “Цалин цагаан” ХХК эх орондоо зэсэн ванн тэргүүтэй 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цалин цагаан гэдэг үгийг дэлхийн брэнд болгох зорилготой тус компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. 

Хүүхдийн болон том хүний зэс ванныг захиалгаар хийж эхэлжээ

“Цалин цагаан” ХХК арав гаруй жил судалгаа хийсний эцэст өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор хүүхдийн болон том хүний ванн, халуун усанд хөлөө дүрж суух боломжтой түмпэн зэргийг зэсээр урлаад байгаа аж. Ийнхүү туршилтын байдлаар хийж эхэлсэн бүтээгдэхүүн аль хэдийн захилгын бүтээгдэхүүн болжээ. Гол түүхий эд болох зэс нь олон улсын стандартад нийцсэн, эртний монголчуудын эдэлж хэрэглэж асан аранжин зэсээс дутахгүй хэмээн үйлдвэрлэгчид онцолж байна. Хүүхдийн ванн хийхэд 25 кг зэс ашигладаг бол том хүнийх загвараасаа шалтгаалаад 35-45 кг зэс агуулдаг гэнэ. Үнийн хувьд хүүхдийнх 3.5-4.5, том ванн нь 5.5-8.5 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь зах зээл дэх зэсийн үнэтэй нарийн чанд уялдуулан тогтоосон ханш болохыг тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Бадамцэцэг хэлсэн юм. Тэрбээр “Зэс ваннанд усанд ороход биеийн ядаргаа 100 хувь тайлагддаг. Хүний биед олон төрлийн элемент дутагдаж байдаг. Гэвч бид төдийлэн анзаарч мэдэлгүй явсаар стресс, ядаргаанд ордог тул үс унах зэргээс аваад олон талын сөрөг нөлөөллөөр илэрнэ. Тиймээс энэ бүгдээс мөнгө, зэс хэрэглэж ангижрах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс зэс аяга, данх болон ээмэг, бүс зэрэг мөнгөн эдлэл хэрэглэж байсан нь нарийн учиртай байсныг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсээр илүүтэй ойлгож байна” гэв. 

Зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг

Халуун ус дүүргэсэн зэс ваннанд хэвтсэнээр арьсны сүвээр дамжин мэдрэлийн системд нөлөөлөхөөс гадна толгой тархины өвчинг намдаах тустай аж. Мөн ужиг өвчтэй хүмүүст нэн сайн бөгөөд арьс салстын эмгэг тууралт, ядаргаа зэрэгт шууд үр дүнгээ үзүүлэх аж. Бидний өвөг дээдэс зэс тогоонд идээ ундаагаа буцалгаж, хандалж хэрэглэхэд дотор эрхтний системд сайнаар нөлөөлж өдөр тутмын эрдсийн хэрэглээгээ хангадаг байжээ. Тэгвэл зэс вананд усанд орсноор үүнээс илүү үр дүнг мэдрэх боломжтой аж. Ваннтай усанд 10-20 минут хэвтэх үед өөрчлөлт мэдрэгдэж эхлэх бөгөөд байнгын хэрэглээгээр бүрэн эрүүлжих боломжтой гэнэ. “Хатуулаг ихтэй ус хийлээ гээд зэс муухай болохгүй. Учир нь зэс усны хорыг шүүж, хатуулгийг багасгадаг. Манай ванныг удаан хэрэглэлээ гээд харлах, өнгө алдах зэргээр зэсийн өнгөнд өөрчлөлт орохгүй учир өдөр бүр зүлгээд байх шаардлагагүй. Жаахан харлаад ирэхээр нь ваннтай хамт ирсэн цэвэрлэгчээр нь цэвэрлэхэд л хангалттай. Тиймээс арчилгааны хувьд асуудал байхгүй” гэж Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь халуун тогоо болон сав, цар, гүц, сэнжтэй аяга, халбага, сэрээ, хутга, шанага, кофе чанагч, усны сав зэрэг ахуйн хэрэглээний бүхий л төрлийн хэрэгслийг хийдэг. Мөн бугуйвч, бөгж, зүүлт, сам зэрэг төрөл бүрийн гоёл чимэглэл хийнэ. Тус компани одоогийн байдлаар зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийгээд байгаа аж. Хубилай хааны удмын 25 дугаар үеийн урчуудын бүтэж буй эрт үеэс уламжлагдан ирсэн гар хийцийн цалин цагаан мөнгөн эдлэлүүд хэмээн бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Түүнчлэн бүтээгдэхүүнээ Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу хэдийн экспортлоод эхэлжээ. Тус компани өдгөө 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа ажээ. 

Бүтээгдэхүүнээ аль болох зах зээлийн үнээс хямд байлгахыг зорьдог

Дэлхийн стандартад нийцсэн сайн чанарын зэс хэрэглэдэг учир чанарыг нь мэдэрсэн үйлчлүүлэгчид ам сайтай байдаг төдийгүй захиалгаар аяга таваг, гоёл чимэглэл урлуулах нь их гэнэ. Хэн нэгний сайн гэсэн үгэнд биш өөрөө хэрэглэж байж үр дүнг нь мэдрэхийг компанийнхан хэлж байв. “Цалин Цагаан” ХХК-ийн бүтээгдэхүүнийг Pro One оффис төв болон Хан-Уул дүүргийн E-mart дэлгүүрээс худалдан авах боломжтой. Сүүлийн үед зэсийн чанар муудаж байгаа тул импортын зэс эдлэл худалдан авахаас татгалзах болсон хэмээн тус компанийн байнгын үйлчлүүлэгчид онцолж байна. Шавартай, тугалга ихтэй зэсээс гадна хөнгөн цагааныг никелиэр өнгөлж худалдаалсан тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Энэ мэт олон төрлийн зэс худалдаанд гарч байгаа нь хэрэглэгчийг ихээхэн хохироодог аж. Үүнээс болоод зэс эдлэл хэрэглэгчдийн тоо, сонирхол буурч эхэлсэн аж. “Зэс, мөнгөн эдлэлийн нэр хүнд хэдэн мянган жил унаагүй. Гэтэл зэсийн чанар уналтад оруулах болов. Хүмүүсийн худалдан авалт сайн байвал хангалттай хэмжээгээр хийх боломжтой” гэдгийг Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь үйлчлүүлэгчдэдээ зэсийн чанар чансааг таниулахын тулд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямдаар борлуулж байгаа аж. Тухайлбал, гадуур зэс данх дунджаар 400 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг бол эднийх тал үнээр нь зарж байна. Тиймээс хүссэн загвараа захиалаад үнэ тохиролцоод хийлгэх боломжтой гэв. COVID-19 цар тахлаас болж эдийн засаг хүнд байгаа тул бэлэн бүтээгдэхүүн борлуулалт муутай, захиалга авах нь ихэсчээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүд 999 сорьцтой, хольцгүй, байгалийн гайхамшигт үнэт эрдэнэ болсон зэс, мөнгө гэнэ. Эрт дээр үеэс монголчууд мөнгөн сам болон бугуйвч, бүс, бөгж, зүүлт зэргийг өргөн хэрэглэж иржээ. Мөнгөн самаар үсээ самнаснаар тархи толгой амрахаас гадна үс уналтыг зогсоож бэхжүүлдэг. Харин мөнгөн бугуйвч, бөгж, зүүлт зэргийг гар болон биедээ зүүснээр ходоод гэдсийг ариутган, аливаа өвчин үүсгэгч нян, бичил биетийг устгах чадалтай бөгөөд биед зөв энерги хуримтлуулдаг. Түүнчлэн ханиад хүрч халуурах, түлэгдэл, дотрын үрэвсэл, сарын тэмдэг ихээр ирэх зэрэгт цагаан мөнгө нь анагаах үүрэг гүйцэтгэдэг аж. Ийм учраас өвөг дээдэс маань алтнаас илүү мөнгө хэрэглэсээр ирсэн гэдэг. “Аливаа чимэг зүүлт зөвхөн гоёл чимэглэл талаасаа биш эрүүл мэнд болоод зөв аж төрөхөд тус болох учиртай” хэмээн Б.Бадамцэцэг хэлж байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олон улсын загварын чиг хандлагыг монгол түүхий эдтэй хослуулан урлана

 0 сэтгэгдэл
  • Тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой
  • Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж боддог
  • Товч хийдэг нь товчоо сайн  хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл загвар гаргаад хйисэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой

Монгол эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах зорилго өвөртлөн ажиллаж буй Norah Mongolia бэлэн хувцасны брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Дэлхийн загварын чиг хандлагыг дотоодын түүхий эдтэй хослуулан урлаж, эх орондоо загварын шинэ өнгө төрх төлөвшүүлэх нь тус брэндийн нэг зорилго юм. 2016 оноос компаниа бий болгох төлөвлөгөө гаргаж, олон улсын болон дотоодын зах зээлийг судалж, үйлдвэрлэл байгуулах гарц, шийдлээ хайсаар өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Одоогоор 28-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүний бэлэн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн захиалгаар биеийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн ч мөн урлаж байна. Нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь бүсгүйчүүд байдаг аж. Түүнчлэн импортын хослол, хувцас биеийн онцлогт нь төдийлэн тохирдоггүй бөх, фитнесээр хичээллэдэг эрчүүд захиалгаар хувцас хийлгэх нь элбэг аж. Тиймээс монгол эрчүүдэд зориулсан тусгай стандартаар үйлдвэрлэж, худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр нуугаагүй юм. Дизайнер О.Булган “Манайх 28-аас дээш насны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бизнес эрхлэгчдэд зорилтот хүрээ гэж бий. Дэлхийн томоохон брэндүүд ч хэрэглэгчийн бүлгээ тодорхойлдог. Мөн эмэгтэйчүүд бидний гол хэрэглэгч. Гэхдээ сүүлийн үед эрчүүдэд танигдаж байгаа. Монгол эрчүүдийн биеийн бүтэц онцлогтой. 

Тухайлбал, бөхөөр хичээллэдэг хүний цээж, хэвлий, гуя том бол фитнес хийдэг залуусын хүзүүний тойрог, булчин европ стандартаас өөр байдаг. Тиймээс бид эдгээр хүмүүст зориулан захиалгаар үйлдвэрлэдэг. Гэхдээ монгол эрчүүдийн биеийн онцлогт тохирсон стандартаар тогтмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэх алсын хараа бий” гэлээ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотоодоос хангах сонирхолтой байдаг ч 100 хувь дотоодын түүхий эдээр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц чанар, стандарттай хувцас хийхэд хүндрэлтэйг хэлж байлаа. Гэхдээ эсгий, ноолуур, ноос, савхийг дотоодын туслах үйлдвэрүүдээс базааж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ талаар Norah Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Б.Наранчимэг “Манай байгууллага Монголд үйлдвэрлэлийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах байх нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж би боддог. Товч хийдэг нь товчоо сайн хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл бүтээж, гаргаад хийсэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой. 

Өндөр хөгжилтэй орны алдартай брэндүүд ийм системээр ажилладаг юм билээ. Бид брэндээ бий болгохоос өмнө багагүй судалгаа хийсэн. Манай компани одоогоор дотоодын нэхий эдлэл, ноолуурын цех, савхин эдлэлийн үйлдвэр зэрэгтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ зарим цехтэй улирлын чанартай гэрээ байгуулдаг. Нэхий, эсгийг өвөл л ашиглана. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай улсын түүхий эдийн боловсруулалт олон улсынхтай харьцуулахаар гологддог. Нөөц, боломж бий ч боловсруулах технологи дутагдалтай, хөгжил муу” гэлээ. Norah Mongolia брэнд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Италийн Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцсон бөгөөд шоунаас хойш Европын орнуудын дэлгүүр, брэндүүдээс хамтарч ажиллах санал, хүсэлт ирсээр байгаа аж. Тус шоунд намар, өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгаа танилцуулсан бөгөөд сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж, цаашид хамтран ажиллахаар болсон байна. Тус брэндийн хувцас, хэрэгслийн өнгө загвар тун өвөрмөц шийдэлтэй бөгөөд чимэглэл, гоёл багатай. Эсгий дээр элдэв өнгө уусгаж урласан хувцас болон гар аргаар өнгө хийцийг нь хувиргасан ноолууран бүтээгдэхүүнийг гаднынхан хамгийн их сонирхдог аж. 

Харин бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг загвар зохион бүтээгчийн мэдрэмж, монгол хүний ур ухаантай хослуулахыг зорьдог хэмээн дизайнер О.Булган хэлсэн юм. Тэрбээр “Би Италийн Милан хотод загвар зохион бүтээгчийн сургууль төгссөн. Тиймээс гадаадын томоохон брэндүүдийн загвар зохион бүтээхтэй ижил системээр ажилладаг. Зургаан сарын өмнөөс судалгаа хийж, шинэ тренд, өнгө зэргийг танддаг. Гэхдээ Norah-ийн үндсэн өнгө аяс, монгол онцлогийг алдахгүй байх хэрэгтэй. Хүмүүс ямар нэгэн хүлээн авалтад зориулж, үнэтэй хувцас авч өмсөөд, түүнийгээ дахиж өмсөх газар олдохгүй, шүүгээндээ хадгалах тохиолдол элбэг байдаг. Бид энэ хандлагыг өөрчлөхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, нэг хувцсыг олон янзаар, олон газар өмсөх боломжтой байхаар загвараа шийддэг” гэсэн юм. Түүнчлэн тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой.  Зарим түүхий эдээ Итали, Солонгос, БНХАУ зэрэг улсаас оруулж ирдэг бөгөөд түүхий эдийн чанар, үнэ, хийц зэргээс хамаарч бүтээгдэхүүнийх нь үнэ харилцан адилгүй байдаг аж.

Түүхий эдээ шилж, жижиг хэрэгсэл дээр ч анхаарч ажилладаг болохоор бүтээгдэхүүнээ үүнээс хямд үнээр борлуулах боломжгүй байдаг аж. Хэрэв Монгол Улс түүхий эдийн боловсруулалтаа сайжруулж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж чадвал дэлхийн зах зээлд ноёрхох бүрэн боломж байгааг тус үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм. Гэхдээ төрийн бодлого дутмаг байгаагаас болж чансаатай боловсон хүчин болон шилдэг санаа, шилмэл загвараа өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хүчээ авсан улсуудад алдах эрсдэл бий. Тиймээс тус брэнд бусад үндэсний үйлдвэртэй хамтарч ажиллахыг эрмэлздэг. Б.Наранчимэг “Мал аж ахуй, түүхий эд зэрэг бусад улс, орны хүслэн болсон бүхэн манай улсад бий. Өөрөөр хэлбэл, дотоодоос бүх зүйлээ хангах хүчин чадал бий. Гэхдээ энэ асуудалд төр төдийлэн анхаарахгүй байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл учруулдаг.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл авахын тулд багадаа нэг жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлага тавьдаг. Дөнгөж хөлөө олох гэж байгаа байгууллагаас түүх нэхнэ гэдэг утгагүй шүү дээ. Бизнесийн алсын хараа, төслийн боловсруулалтыг нь судалж, шийдвэр гаргаж, дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм түшиг, дэмжлэг байхгүй болохоор бизнес эрхлэгчид бор зүрхээрээ, урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж ажилладаг” гэсэн юм. Хүн төрөлхтний мөнхийн хүслийн нэг бол бусдад болон өөртөө сайхан харагдах. Энэ хүслийг гүйцэтгэх нь тус брэндийн хамгийн чухал зорилт аж. 365 өдөр өөр, өөрөөр сайхан харагд уриатай үйл ажиллагаа явуулдаг Norah Mongolia имиж бүрдүүлэлтийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувцас үйлдвэрлэж, худалдаалах бус хэрэглэгчдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа юм. Тус үйлчилгээ имиж бүрдүүлэлт, биеэ авч явах байдал зэргийг зөвлөж, look бүрдүүлэлт хэрхэн хийх талаарх насан туршийн боловсрол олгох онцлогтой аж. Зөвхөн хувцас урлаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй үйлдвэрлэл хөгжсөн улс орны хийж чаддаг бүхнийг монгол хүн, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг болохыг дэлхийг таниулахыг зорьж буй нэгэн брэндийг онцоллоо. Төр бодлогоороо дэмжиж чадвал монгол залуус хөдөлмөрлөж, бүтээж, урлаж чадаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Лаазны ганц үйлдвэр 200 мянган хүнийг ажлын байртай болгоно

 0 сэтгэгдэл
  • Манай улс дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор металл сав, баглаа боодолд зарцуулдаг 20 гаруй сая ам.долларын 60 хувийг эх орондоо үлдээнэ
  • Зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байна
  • Дотоодын томоохон компаниуд тэдний үйлдвэрлэсэн лаазыг худалдан авах сонирхолтой болжээ. "Дашваанжил" компани л гэхэд найман сая ширхэг лааз авахаар болсон байна

Монголчууд лааз үйлдвэрлэж эхэллээ гэх сайхан мэдээг сонсоод “Монгол лааз” ХХК-тай холбоо барилаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас лааз үйлдвэрлэж, зах зээлд борлуулж эхэлсэн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав хэлсэн юм. Тэрбээр “Монголчууд консервныхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж худлаа ярьдгаа болимоор” гэж гадаад, дотоодгүй шоолдог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ. Одоо бид лаазаа хийдэг болчихлоо” хэмээн бахархалтайгаар хэлэв. Манай улс металл сав, баглаа боодол гаднаас импортлоход жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг аж. Тэгвэл “Монгол лааз” ХХК бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагш урсах валютын урсгалыг багасгах боломж бүрдэж байгаа юм. Үндэсний 1000 брэндийг бүтээж, экспортод гаргах зорилготой “Монгол лааз” ХХК-ийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх боломжтой

Тус компани металл сав, баглаа боодлын үйлдвэрлэх чиглэлээр 2014 онд Дархан-Уул аймагт байгуулагдаж, өнгөрсөн онд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө 17 ажилтантай ч коронавирусийн халдвараас болоод ажилчдаа 50 хувийн цалинтай амрааж байгаа аж. Хэвлэх үйлдвэр нь захиалгаа аваад эхэлбэл нэмж ажлын байр бий болгоно хэмээлээ. Тус үйлдвэр олон улсын стандартын шаардлага хангасан, Итали улсын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжтэй аж. Өдөрт 96 мянга, жилд 60 гаруй сая ширхэг 0.2-5 литр хүртэл багтаамжтай 20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх хүчин чадалтай. “Манай улс металл сав, баглаа боодолд жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор 60 хувь нь Монголдоо ашиг болж үлдэнэ. Үлдсэн хувьд нь түүхий эдээ авна гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэр импортыг орлож, валютыг дотооддоо үлдээж, ажлын байр бий болгох давуу талтай” хэмээн Л.Дүйнхэржав хэлсэн юм. Эднийх зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хүнсний, гоо сайхны, гэр ахуйн, барилгын, тос тосолгооны материалын савнаас гадна бэлэг дурсгалын хайрцаг зэрэг ямар л бол ямар төрлийн сав үйлдвэрлэх боломжтой юм байна.

 Дунджаар 200 мянган ажлын байр бий болно

Одоогийн байдлаар “Хүн-од”, “Хатан сүйх импекс”, “Очир дагинас”, “Тайж” групп, “Хаан хүнс импекс” зэрэг 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн жижиг компаниуд ч бий. Харин томоохон компаниуд урьдчилан бэлдсэн нөөцөө дуусахаар гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тухайлбал, “Дашваанжил” компани найман сая ширхэг лааз авахаар болсон гэнэ. Ахуйн газны сав хийж байгаа ч шалгах төхөөрөмж нь байхгүй учраас зах зээлд нийлүүлж чадахгүй байгаагаа учирлаж байв. Лаазыг дотооддоо үйлдвэрлэх болсноор хувь хүмүүс толгой, шийр, гүзээ, сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад консервлосон бүтээгдэхүүн болгож экспортлох боломж бүрджээ. Энэ мэтчилэнгээр дотоодын зах зээлийн лаазны хэрэгцээг хангаж эхэлсэн байна. “Монгол лааз” ХХК нь зөвхөн лааз үйлдвэрлэх бөгөөд харин дотор нь хийх бүтээгдэхүүнийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэхийг уриалсан юм. Лаазны үйлдвэрлэлийн нөлөөгөөр дор хаяж 200 мянган ажлын байр бий болно гэж Л.Дүйнхэржав ярилаа. Ямар бүтээгдэхүүн хийнэ, түүний хүчиллэг, шүлтлэгээс хамаараад лаазны дотор талын лак нь өөр байна. Ерөнхийдөө ундаа, жимс, мах гэх мэт 3-4 төрөл байдаг аж. Тус үйлдвэр зориулалтын будгаар лакдаад, гадна талын хэвлэлийг хийнэ. Үйлдвэр нь лабораторитой учир тэндээ лакны чанарт хяналт хийж, лаазны гагнаас, битүүмжлэл, таг, ёроолын норм хэмжээ зэргийг шалгадаг. Манай улсын стандарт хуучирсан учир Хятад болон Оросын стандартыг нэгтгэн шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Оросын стандарт чанартай ч хэмжээ нь хэдхэн төрөл байдаг. Харин Хятадын стандарт Америк, Герман, Японыхтой дүйцэхүйц. Тиймээс Монголын шинэ стандарт гаргахад бэлэн болжээ.

Экспортыг манлайлах өндөр хүчин чадалтай үйлдвэр

“Монгол лааз” ХХК-аас гаднын улсууд лааз авах санал ирж байгаа ч импортын татвар өндөр учир гаргах боломжгүй болоод байгаа гэнэ. Тус үйлдвэр лааз хийхдээ цагаан тугалгаар бүрсэн төмрийг БНХАУ-аас авдаг. Энэ нь хүнсний зориулалттай учир ямар ч хор нөлөө байхгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэллээ.  “Хатуулгийн хувьд БНСУ-ын төмөр БНХАУ-аас илүү сайн гэдэг. Гэхдээ хүнсний зориулалттай лаазанд энэ тийм ч чухал биш. Лакны гарал үүсэл их чухал. Манайх Шанхайгийн химийн үйлдвэрээс будаг, лакаа авдаг. Зориулалтын үйлдвэрээс авч байгаа болохоор гарал үүслийн сертификат гээд бүхий л бичиг баримтыг нь дагалдуулан өгч байгаа” хэмээлээ. Л.Дүйнхэржав нь үйлдвэрийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 18 жил ажиллажээ. Сав, баглаа боодлын үйлдвэрт социализмын үеэс ажиллаж ирсэн туршлага дээрээ үндэслэн үйлдвэрээ байгуулсан байна. 

Тэднийх цаашид будагны, бэлэг дурсгалын, шар айраг болон ундааны лаазыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна. Хэдийгээр дотоодын хэрэгцээ 10 сая ширхэг хүрэхгүй ч экспортод гаргах алсын зорилготой учир өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан байна. Гаалийн татвар төлөхгүй учир дотоодын үйлдвэрүүд эх орондоо үйлдвэрлэсэн лаазыг сонгох дуртай байгаа аж. Хүн бүр минимализм хэв маяг руу шилжиж, шилэн савыг сонгож байгаа ч лаазанд савласан бүтээгдэхүүн тээвэрлэлт даах чадвартай, хадгалалт сайн учир хэрэглээ буурахгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэлсэн юм. Шилэнд хийсэн зүйлийн хадгалалтын хугацаа зургаан сар байдаг бол лаазанд хийвэл 2-5 жил хадгалж болдог давуу талтай гэнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн уриатай тус үйлдвэрийн зорилго нь эхнээсээ биеллээ олсон нь энэ. Импортоор их хэмжээгээр худалдан авдаг лаазалсан бүтээгдэхүүнийг Монголдоо хийх боломж байсан ч татвараас нь халширсан жижиг, дунд бизнес эрхлэгчид хүлээн, харзнаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо хүнсний ногоо тарьдаг хүмүүс амархан мууддаг улаан лоолио лаазалсан бүтээгдэхүүн болгох боломж ийн бүрдээд байна. Мөн хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг “алт” болгох боломжийг алдалгүй атгаад авахыг “Монгол лааз”-ынхан зөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ядаргаа тайлж, дархлаа сэргээдэг “Янзтай” шөл

 0 сэтгэгдэл
  • Эмийн ургамал иддэг, бэлчээрийн монгол үхрийн мах, яс бусад улсынхтай адилгүй
  • Булууны яс тулгуур эрхтэн учраас хамгийн их эрдэс, шим тэжээлтэй байдаг юм билээ. Монголд жилд дунджаар 100 мянган тонн яс хаягддаг. Түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талын ач холбогдолтой
  • Одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж байгаа ч 2021 оноос Япон, Солонгос улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж буй. Үнийн хувьд манай улсад борлуулагдаж буй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3-4 дахин хямд

(Үйлдвэрт боловсруулсан ясны шөлөнд 100 хувь эрдэс бий гэж үзэхэд гэрийн аргаар гаргасан шөл түүний 20 хувийг л хангадаг)
“Монгол моодонд орох цаг ойрхон байна” гэсээр уулзсан хөдөлмөрч эмэгтэй бол “Янзтай” брэндийн үүсгэн байгуулагч Ш.Сэмжидмаа юм. Түүний ийн хэлсэн нь учиртай. Тэрбээр үхрийн булууны яснаас үйлдвэрийн аргаар шөл гарган авч, шөлний хэрэглээг таниулах зорилготой хөдөлмөрлөж буй нэгэн. Дотоодоос түүхий эдээ базааж, эцсийн бүтээгдэхүүн бий болгож буй эрүүл мэндэд тустай энэ бизнес эдийн засаг дэнжгэнэж байгаа өнөө үед зах, зээлээ алдахгүй, амжилттай явна. Цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш дархлаа Ядаргаа тайлж, дархлаа сэргээдэг “Янзтай” шөлО.Даваасүрэн, ЗГМ сонинЭмийн ургамал иддэг, бэлчээрийн монгол үхрийн мах, яс бусад улсынхтай адилгүйдэмжих шөлний худалдан авалт, захиалга ихэссэн учир ажлын байраа цомхотгох бус бүр нэмэгдүүлээд амжсан байна. Мөн үхрийн булууны ясны шөлийг амтархан уудаг гадаадын иргэд цөөнгүй болсон аж. Тиймээс “Монгол моодонд орох цаг ойрхон” хэмээн билэгт ерөөлөөр бидний яриа эхэлсэн юм. “Янзтай” брэндийн үүсгэн байгуулагч Ш.Сэмжидмаа “Анх эрүүл, зөв хооллолтын талаар судалж байхдаа үхрийн булууны ясны ач холбогдлыг олж мэдсэн. Булууны яс тулгуур эрхтэн учраас хамгийн их эрдэс, шим тэжээлтэй байдаг юм билээ. Монголд жилд дунджаар 100 мянган тонн яс хаягддаг. Түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талын ач холбогдолтой. Ясны шөлийг Азид 100 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй юм билээ. Тиймээс Япон, Солонгос улсад шөлний соёл хэдийн төлөвшсөн. Айл бүрийн хөргөгчинд энэ төрлийн бүтээгдэхүүн байдаг. Харин манай улсад ясны шөл үйлдвэрлэдэг компани цөөхөн учир ач холбогдлыг нь таниулж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор зах зээлд хөл тавьсан. Хэрэгцээт амин дэмээ мал болон байгалиас авч чаддаг монголчууд бид азтай ард түмэн. Эмийн ургамал идэж, тааваараа бэлчээрлэдэг монгол үхрийн мах, яс нь бусад улсынхтай адилгүй байдаг юм билээ” хэмээн бүтээгдэхүүнийхээ ач холбогдлыг танилцууллаа. Булууны ясны ач, тусыг монголчууд эртнээс мэддэг бөгөөд гэрийн аргаар боловсруулж, хэрэглэх нь түгээмэл байв. Тиймээс үйлдвэртэй нь танилцаж явахдаа, бүтээгдэхүүнийг нь хэрэглэхээс өмнө шөлний бизнес манай улсад эрэлтгүй санагдсан юм. Гэтэл “Янзтай” брэндийн бүтээгдэхүүний амт, чанар гэрийн аргаар гаргасан шөлтэй харьцуулшгүй учир хэрэглэгчдэд таашаагдаад буйг мэдлээ.


Түүнчлэн боловсруулах стандарт нь олон улсын жишигтэй ижил бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ 10 орчим шат дамжлагад ордог юм. Түүхий эдээ “Мах маркет”, “Ихэр шарангад” зэрэг мах экспортолдог үйлдвэрээс авдаг учраас эрүүл ахуйн хувьд хүнсний зах дээр худалдаалдаг яснаас өөр гэдгийг ажилчид нь онцолж байлаа. “Янзтай” брэндийн үйлдвэр хариуцсан менежер Г.Бат-Очир “Бид түүхий эдийн чанар, стандартад онцгой ач холбогдол өгдөг. Хүнсний бүтээгдэхүүн болохоор эрүүл ахуйн стандарт мөрдөх нь нэн чухал. Гэртээ яс буцалгаж, шөл гаргах нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шөлнөөс өөр шүү дээ. Үйлдвэрт боловсруулсан ясны шөлөнд 100 хувь эрдэс бий гэж үзэхэд гэрийн аргаар гаргасан шөл түүний 20 хувийг л хангадаг гэсэн судалгаа бий. Мөн хэрэглэгчийн цаг, завыг хэмнэдэг болохоор хүмүүс хэрэглэх дуртай болсон. Яснаас шөл гаргаж, эцсийн бүтээгдэхүүн бий болгоход хоёр өдөр зарцуулдаг. Эхлээд, хөлдөөж, хадгалсан булууны ясаа 12 цагийн турш усанд дэвтээж, цэвэрлэнэ. Дараа нь ус, ясаа тэнцүү харьцаатай хийгээд, 20 цагийн турш тогтсон температурт чанадаг. 20 цаг чанасны дараа яснаас их хэмжээний тос ялгардаг юм. Тиймээс холестериныг нь тэнцвэржүүлэхийн тулд шүүх төхөөрөмжид шөлөө хийгээд, тосны 80 хувийн нь шөлнөөс салгадаг. Үлдсэн 20 хувийн тосыг мөн л төхөөрөмжид хийж тусгай технологиор шөлтэйгөө нийлүүлнэ. Мөн нитгэл, махны үлдэгдэл зэргийг нь шүүнэ. Үүний дараа дахин 120 градусын температурт шөлөө буцалгаж, ариутгана. Ийнхүү суурь шөл бэлэн болдог. Амтлагааны ажил сүүлд нь явагддаг гэсэн үг. Сонсогдож байгаа шигээ амар биш. Шаггүй хөдөлмөр шаарддаг ажил” гэж бүтээгдэхүүн үйлд вэрлэх шат, дамжлагаа танилцууллаа. Тус компани үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болжээ. Энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, савлагааг нэмэгдүүлж амжсан байна. Ямар нэг амтлагаагүй органик шөл, халуун ногоотой шөл, амталсан шөл гэсэн гурван янзын бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд, долоон төрлийн савлагаатай хэрэглэгчдэд хүргэж байгаа аж.


(Хүүхэд өсөж яс, шүд нь бэхэждэг учир эрдсийн хэрэгцээ насанд хүрсэн хүнийхээс 1.5 дахин их шаардагддаг тул ясны шөлний хэрэглэгчийн багагүй хувь нь багачууд байдаг аж)

Мөн цаашдаа шөлний орцтой талх үйлдвэрлэх зорилготой байгаагаа хуваалцсан юм. Тэд одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж байгаа ч 2021 оноос Япон, Солонгос улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж буйгаа нуугаагүй юм. Үнийн хувьд савлагаанаасаа шалтгаалаад 2500-9000 төгрөгийн хооронд худалдаалагдаж буй энэ шөлийг хэрэглээд үзээрэй. Манай улсад борлуулагдаж буй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3-4 дахин хямд бөгөөд хадгалах хугацаа уртасгагч зэрэг химийн найрлага ороогүй онцлогтой. Бүтээгдэхүүнийг хөргөгчинд зургаан сар хадгалах боломжтой бөгөөд задалснаас хойш 24 цагийн дотор хэрэглэх заавартай. “Янзтай” брэндийн гүйцэтгэх захирал Ш.Сэмжидмаа “Зарим хэрэглэгчээс “үнэтэй байна” гэсэн сэтгэгдэл ирдэг л дээ. Захаас 1000 төгрөгөөр яс аваад, шөл гаргах боломжтой гэж боддог. Гэхдээ үйлдвэр учир алдагдсан боломжийн өртөг гэж бий шүү дээ. Ажилчдын цалин, тог, ус цахилгаан зэрэгт өртөг шингэнэ. Мөн стандартын дагуу шөлөө гаргадаг болохоор ажиллагаа ихтэй. Түүхий эд маань ч хүнсний зах дээх худалдаалагддаг яснаас эрүүл ахуй, чанарын хувьд өөр. Хадгалалтын хугацаанд нь хүртэл анхаардаг. Тиймээс хэт их үнэ нэмж зардаггүй. Мөн ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хямд худалдаалдаг болохоор гадаад, дотоодын хүмүүс хэрэглэх сонирхолтой байдаг” гэв. Ясны шөлийг зөвхөн шөлтэй хоол хийхэд л хэрэглэдэг бус жимсний смүүти хийх, хоёрдугаар хоолны сүмс бэлтгэх, ундаа, усны оронд уух, гурил зуурах зэрэг олон янзаар ашиглах боломжтой. Савлагаа нь 250 градусын халуунд тэсвэртэй учир өвлийн улиралд уутанд нь халаагаад ч ууж болдог юм байна. “Янзтай” брэнд зөвхөн үхрийн булууны ясны шөл үйлдвэрлэх бус бага насны хүүхэд усанд оруулахад зориулан хонины чөмөгний шөл үйлдвэрлэж, худалдаалж байна. Хоёр литр шөлийг 9000 төгрөгөөр борлуулдаг учир хүүхэдтэй ээжүүд хэрэглэхэд хялбар бөгөөд үнийн хувьд ч боломжийн. Гэхдээ энэ бүтээгдэхүүнээ худалдаалдааны төвөөр борлуулалгүй, зөвхөн хэрэглэгчийн захиалгаар үйлдвэрлэж, хүргэдэг аж. Хүүхэд өсөж яс, шүд нь бэхэждэг учир эрдсийн хэрэгцээ насанд хүрсэн хүнийхээс 1.5 дахин их шаардагддаг тул ясны шөлний хэрэглэгчийн багагүй хувь нь багачууд байдаг аж. Ясны шөл нь кальци, коллаген, уургаар баялаг учир мөгөөрсөн эдийн элэгдлийг сэлбэдэг бөгөөд хоол боловсруулалтыг дэмждэг. Түүнчлэн үс, хумсыг бат бөх болгодог төдийгүй үе мөчний өвчинд тустай. Мөн амин хүчил буюу глицин агуулдаг болохоор нойргүйдлийг багасгаж, дархлаа нэмэгдүүлдэг аж. Тус компани бүтээгдэхүүнээ сүлжээ худалдааны төвөөр борлуулж, shoppy.mn зэрэг цахим дэлгүүрээр хүргэлт хийхийн зэрэгцээ хөдөө орон нутагт гэрээт борлуулагчтай хамтарч ажилладаг байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь хөгжилд чухал нөлөөтэй. Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход хувь нэмрээ оруулж буй “Янзтай” брэнд таны эрүүл мэндэд тустай.