A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3561/

Монгол эмэгтэйчүүд л чадахгүй бол өөр хэн ч чадахгүй

Монгол эмэгтэйчүүд л чадахгүй бол өөр хэн ч чадахгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3561/
  • Forbes Mongolia сэтгүүлээс “Өсөлтийн менежмент, эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр эмэгтэйчүүдийн форум зохион байгууллаа 

2018 онд Азийн сангаас Монголын 336 байгууллагыг хамруулан удирдах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог судлахад гүйцэтгэх удирдлагын 40 хувь, ахлах менежерүүдийн 72 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг гэсэн тоо гарчээ.Тэгвэл Дэлхийн эдийн засгийн форумаас эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангадаг орнуудын ДНБ 35 хувиар өсдөгийг судалж тогтоосон байна. Энэхүү тооцооллоор Монголын эдийн засгийг 10 тэрбум ам.доллар гэж үзвэл эмэгтэйчүүдийг ажил эрхлүүлэлгүй гэрт суулгаснаар жилд гурван тэрбум ам.доллар алдаж байна гэсэн үг болох нь. Энэ нь сүүлийн жилүүдэд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их тоо аж. Эмэгтэйчүүдийн бүрэн оролцоо эдийн засгийн бүтээмжийг ингэж нэмдэг байна. Энэ талаар Forbes Mongolia сэтгүүлийг эрхлэн гаргагч Э.Долгион илтгэлдээ дурдсан. Тэрбээр “Та бүхэн яагаад өөрсдийгөө үнэлдэггүй юм бэ. Улс төрийн оролцоонд 30 хувийн квот нэхдэг. Яагаад тэгш оролцоо, 50 хувийн квот нэхдэггүй, ийм “даруухан” юм бэ” гэж салбар хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. 

Сэтгэлгээгээ өөрчлөхөөс манлайлал эхэлнэ 
“Оюутолгой” ХХК-ийн хүний нөөцийн албаныхан ажилд орохыг хүссэн анкетуудын нэр, хүйсийг нь харалгүйгээр зөвхөн ажлын туршлага, боловсрол, төлөвшил, хандлага зэрэг байгууллагаас тавигдах шаардлагуудаа хангасан найман хүнийг шалгаруулж авсны долоо нь эмэгтэй хүн байв. Энэ нь монгол эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадвар эрчүүдээсээ хавь илүү байгааг харуулж байна. Гэтэл аливаа ажлын байрны сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг бүрэн хангасан эмэгтэйчүүд хойш сууж, төдийлэн шаардлага хангахгүй эрэгтэйчүүд өөрсдийгөө санал болгодог жишиг тогтжээ. Барууны хөгжингүй орнуудын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр бол Азийн орнуудынх бага байдаг нь соёл уламжлалтай нь холбоотойг олон улсын байгууллагууд нотолсон байдаг.Гэхдээ сүүлийн үед БНСУ, Япон зэрэг Азийн орнууд эмэгтэйчүүдээ удирдах түвшинд гаргасаар байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэртээ хүүхдээ харж буй, нуугдмал чадварлаг эмэгтэй боловсон хүчнээ дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийгээ тэрбээр “Алдагдсан боломжийн цоожийг нээх” хэмээн нэрлэсэн юм.Монголчууд “хоол цайны дээжээ гэрийн эзэндээ өргөн барина”, “эрчүүд дээшээ сууна” гэх мэтчилэн ахуй амьдралдаа эрэгтэйчүүдээ хүндэтгэн дээдэлдэг. Энэ сэтгэлгээ нь эмэгтэйчүүд өөрсдийгөө дутуу үнэлж, өрсөлдөөнөөс хойш суух нэг шалтгаан болдог байна. Ийм сэтгэлгээтэй ард түмэн эмэгтэй манлайлагчдыг тэгш оролцоотой байхыг хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй. Бизнесийн хүрээнд эрчүүдтэй ана мана өрсөлдөж чаддаг ч улс төрийн нөхцөлд эмэгтэйчүүд хоймор эзлэх нь бүү хэл “баганаас дээш гарахад” хүнд. Форумын хэлэлцүүлгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө голж, хойш суух биш, “борлуулж” сурах нь чухал гэдгийг хөндсөн. Зөвхөн өөрсдөө хичээхээс гадна хамт ажилладаг эрэгтэйчүүд чадварлаг манлайлагч бүсгүйчүүдээ дэмжиж, удирдах түвшинд гаргахыг чухалчилсан. Энэ хандлагыг барууны орнуудад He for she уриан дор идэвхтэй өрнүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Монголд зөвхөн He for she бус She for she буюу эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, удирдах түвшинд олноороо гарч ирэх хэрэгтэйг оролцогчид онцолж байлаа. 

Эмэгтэйчүүдийн өмчлөх эрх зөрчигдөж байна 


"Өрхийн тэргүүлэгчийн нэр дээр өмчөө бүртгүүлдэг монгол уламжлалаас болж эмэгтэйчүүдийн өмчлөх эрх зөрчигддөг. Бизнесийн харилцаанд ч энэ асуудал нөлөөлж байна” гэж ХХБ-ны газрын захирал Б.Эрхэмбаяр хэллээ. Бизнесийн зээл хүссэн эмэгтэйчүүдэд банкны шаардлага хангахуйц өмчийн бүртгэл байдаггүй аж. Гэр бүлийн хөрөнгөө өрхийн тэргүүнийхээ нэр дээр бүртгүүлж, өв хөрөнгөө ч голомт сахих хүүдээ залгамжуулах хандлага оршсоор байна. “Өсөлтийн менежмент ба эмэгтэйчүүд” сэдэвт салбар хэлэлцүүлэгт жендэрийн тэгш оролцоог хангах нь НҮБ болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн байгууллагын үүрэг мэтээр хүлээж авдаг байдлыг халах хэрэгтэй тухай хөндсөн. ХХБ таван жилийн өмнөөс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ногоон зээлийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлж, Монголын хэд хэдэн банк энэ чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр бодит дэмжлэг үзүүлдэг амжилттай төсөл болгосон шиг эмэгтэйчүүдэд бизнесийн зээл олгоход хөнгөлөлт үзүүлэх талаар мөн анхдагч болох нь. Олон улсын байгууллагуудын эмэгтэйчүүдийг дэмжсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг Монголдоо хэрэгжүүлэх цаг мөдхөн аж. Эмэгтэйчүүд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч атлаа удирдах түвшинд эзлэх хувь нь чамлалттай. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд квот тогтоосон шиг бизнест ТУЗ, удирдлагын түвшинд эзлэх хэмжээг журамлан хэрэгжүүлсэн байгууллага илүү хөгждөг аж. Өсөлттэй он жилүүдэд хуримтлал үүсгэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримталж чадаагүй нь тухайн үеийн удирдлагуудад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсантай холбон тайлбарлаж байлаа. 

Монголд "Мөс зүсэгч" эмэгтэйчүүдийн амжилтын түүх хэрэгтэй 
Эмэгтэйчүүдийн манлайлал, удирдлагын түвшний оролцоо, хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч зэрэг олон асуудлыг хөндсөн анхны бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлыг биш, салбар бүрийн бэрхшээл, нийгмийн бүхий л асуудлыг хамж шимж хэлэлцэв. “Эмэгтэй хүн өөрийн-хөө асуудлыг ярьж байхдаа ч нийгмийн асуудлыг хөнддөг, байгалиасаа ийм өгөгдөлтэй” гэж эдийн засагч С.Даваасүрэн үүнийг тайлбарласан. 2016 онд анх чуулсан WILS (Wom-en in leadership symposium)-ийн сэдэв нь “эмэгтэй хүн юуны өмнө өөрийгөө таних хэрэгтэй” гэдэг асуудлыг хөндөж байв. Тэгвэл дараа жилийн форумд “зоригтой, шийдэмгий байж бусдад нөлөөлж болно”, “өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэй” гэдэг асуудлыг гаргаж тавь сан. Харин 2018 онд “мөс хагалах” эмэгтэйчүүд буюу “эмэгтэйчүүдийн амжилтын түүх бүтээцгээе” гэж уриалж байсанбол 2019 онд “эргэн тойрныхоо бүсгүйчүүдийг хөгжүүлье, ментор болъё”, эсвэл “ментортой болж, бусдынхаа дэмжлэгтэй хөгжье” гэж уриалж эхэлсэн юм. Одоо WILS 2020 оны чуулганыхаа зорилтыг тодорхойлсон бөгөөд нийт эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн бүлгэм бий болгох талаар хэлэлцэх аж. Дэлхий дахинд үлгэр дуурайл болох амжилтад хүрсэн эмэгтэй манлайлагчдыг гарган ирж, түүнийгээ даган бусад эмэгтэйчүүдээ хөгжлүүлэх зорилт тавьсан байна. Тэгвэл Монголд ч мөн бусдыгаа дагуулан манлайлах “мөс зүсэгч” эмэгтэйчүүдийн амжилтын түүх хэрэгтэй байна. Даган дуурайх үлгэр жишээ одоогоор байхгүй ч бизнес эмэгтэйчүүд чуулж, асуудлаа ярилцаж, өөрсдийгөө таньж мэдлээ. Аливаа асуудлыг зөв тодорхойлох нь амжилттай шийдэх үндэс болдогчлон энэ удаагийн форум хөдөлмөр, эдийн засгийн секторын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг, эдийн засгийн бүтээмж хамгийн өндөртэй хүн ам болох эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөх индэр болж өглөө. 

Х.Булгантуяа/Сангийн сайд /
-Бизнесийн салбарт “зам гаргасан” тэргүүлэгч эмэгтэйчүүд үгээ хэлэхэд улстөрч эрчүүд “айдаг” шүү. Бодлого шийдвэр маань бодит байдалд ингэж тусаж байгаа юм байна гэдэг дүр зургийг ойлгож авдаг. 

Д.Эрдэнчимэг/Петровис группын ТУЗ-ын гишүүн/ 
-Эрэгтэй хүн математик сэтгэлгээ илүү, эмэгтэй нь дутуу гэх байгалийн өгөгдөл байхгүй. Технологийн дэвшлийн энэ үед үүнийг цаг алдалгүй ашиглаж, чанартай бүтээгдэхүүн хүртээхэд анхаарахгүй бол ямар ч том компани “арчигдаж” болзошгүй бизнесийн салбарт бид өрсөлдөж байна. 

Н.Амарзаяа /УИХ"ын гишүүн/
-Эмэгтэйчүүд төрснөөс болж ажилгүй гэртээ суух үед гэр бүлийн эдийн засгийн байдалд нөлөөлдөг. Үүнийг дэмжиж сард 50 мянган төгрөгийн халамжийн тэтгэмж олгодог ч энэ нь хангалтгүй.


Ш.Ариунаа
/Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн/
-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсролтой хэрнээ өөрсдийгөө дутуу үнэлдэг. Тиймээс өөрийгөө “борлуулж” сурах, нөгөө талаар эрэгтэйчүүд тэднийг дэмждэг болж сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай.


Б.Эрхэмбаяр /ХХБ-ны Олон улсын банкны газрын захирал/
-Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ногоон зээлийн хөтөлбөр амжилттай өрнүүлсэн шиг жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн зорилтод уялдаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн системийг хэрэгжүүлнэ.

О.Даваасүрэн /Эдийн засгийн ухааны доктор/
-Монгол эмэгтэйчүүд ахуйн талдаа санхүүгийн оролцоо өндөр. Охиноо сургах шийдвэр гаргаж, эргээд охидоос ирж байгаа эдийн засгийн өгөөж сайн байдаг. Гэтэл улс төрийн нөхцөлд эсрэгээрээ байдаг тул ядуурлын түвшин 30 хувьтай хэвээрээ л байна.

Лаура Томас /"Оюутолгой" ХХК-ийн Бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер/
-Хүүхэд төрүүлээд богино хугацаанд эргээд ажилдаа орох сонирхол манай ажилчдад түгээмэл бий. Тэднийг ажлаар хангахаас гадна цагийн хуваарийн уян хатан байдал зэргээр бид дэмждэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

27 хоногтой нярай угаарын хийнд хорджээ

 0 сэтгэгдэл
  • Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлснээс хамгийн бага нь 27 хоногтой нярай байжээ

Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд суурилуулах угаар мэдрэгчийн эхний ээлжийн 20 мянган ширхгийг тарааж бараг дууссан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НМХГ, НОБГ болон Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт өгдөг мэдээллийн үеэр угаарын хийд хөнгөн хэлбэрээр хэчнээн хүн хордсоныг мөн хэлэв. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 46 иргэн хандсан байна. Тэдний 24 нь хүүхэд бол 22 нь насанд хүрсэн хүн байжээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж, зөвлөгөө аваад буцсан гэдгийг хэллээ. Мөн амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаар мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж дууссан бөгөөд айл өрхүүдэд тараах ажил эхэлжээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд холбогдох байгууллагуудаас 18 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн 13-ын 1 тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлсэн. Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв. 

Үүний дараа НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Дөрвөн хүүхэд нь дөрвөн настай, хамгийн бага нь 27 хоногтой нярай байсан талаар мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Үнэн. Угаарын хийнд хордсон дуудлага бүртгэгдсээр байгаа. Хоногт 10-18 дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд ирдэг. Дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллаж байна. 

-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ? 

-Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас асууж болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төгрөгийн ханшийн уналт хөрөнгө оруулагчдыг үргээлээ

 0 сэтгэгдэл
  • Засаглалын хямрал төгрөгт итгэх итгэлийг үгүй хийв 
  • Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл


Импортын бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ улам дийлдэхгүй болох шинжтэй. Төгрөгийн бусад валюттай харцах ханшийн уналт дан ганц худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглэгч оронд инфляцыг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог. Тэгвэл өнөөдөр төгрөгөөр цалинжих орлоготой өрх болгонд валютын ханшийн өсөлт нэрмээс болж, амьдрах өртөг зардал тэр чинээгээр нэмэгдсээр. "Дүнжингарав", "Нарантуул" зэрэг томоохон худалдааны захаар ороод үзээрэй та. Хамгийн хямд байж болох бүхэн энд шинэ үнээр орж ирж байна. Шалтгаан нь, валютын ханшийн өсөлт гэдгийг худалдаачид нэгэн дуугаар хэлнэ. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк энэ он гарснаас хойш зах зээлд 213.9 сая ам.доллар нийлүүллээ. Гэвч ам.долларын ханш тогтворжиж байгаа юм огт алга. Ам.долларын ханшийг дагаад юанийн ханш ч төгрөгийн эсрэг улам чангарч эхэллээ. Тиймээс иргэн та ирэх УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс ам.долларын ханшийн өсөлтийг хэрхэн бууруулах, төгрөгийн ханшийн уналтыг цаашид тогтоох талаар ямар бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг нь асуувал дараагийн дөрвөн жилийн амьдралд тань хэрэг болно байх. Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл боллоо. Төв банк, төр нь үндэсний мөнгөн тэмдэгтээ хайхрахгүй байгаа энэ үед үүнээс өөр яах билээ. Манай улсын валютын албан нөөц өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Харин төгрөгийн ханш тасралтгүй суларсаар. Валютын нөөц нэмэгдсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Авлига, хүнд суртлын уршгаар ам.доллар авчрах хөрөнгө оруулалт хумигдаж, мега төслүүд саатаж, засаглалын хямрал төгрөгт итгэх олны итгэлийг үгүй хийсээр. Валютын хадгаламж 2019 оны 12 дугаар сарын байдлаар 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны эцсээс 464.2 тэрбум төгрөгөөр өсөв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, дээрх хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өмнөх оны эцсээс 3.4 хувиар суларсан байна. 2012 онд нэг сая төгрөгийн цалин 830 ам.доллартай тэнцэж байсан бол найман жилийн дараа буюу өнөөдөр 364 ам.доллартай тэнцдэг боллоо. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн худалдан авах чадвар гурав дахин буурсан гэсэн үг. Төгрөгийн ханшийн уналтаас болж таван сая төгрөгийн үнэтэй байсан автомашин өнөөдөр 15 сая төгрөг болж, үнэ нь гурав дахин нэмэгдлээ. 2016 оноос хойш ялимгүй буурч байсан хадгаламжийн долларжилт эргээд өсөөд эхэлчихлээ. Нийтээрээ ямааны “зовлон” ярьж, хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд хошуурч байх зуур ам.долларын ханш 2746 төгрөг болж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш навс уналаа. Төгрөгийн ханшийн уналт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх хэмжээнд ноцтой нөхцөл байдалд байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай тэдний хамтарсан шийдвэр өнөөдөр валютын ханшаар үр дагавар нь илэрч, төсвөөс гадуурх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэг их наяд төг рөгт хүрэх нь. 2020 оны улсын нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг бөгөөд үүний багагүй хэсэг нь импортыг дэмжихээр байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн түүхэнд байгаагүй өндөр зардал өнөөдөр ам.доллар тэргүүтэй валюттай харьцах төгрөгийн ханшийг улам суллаж байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын чухалд тооцдог, хамгийн их ач холбогдол өгдөг үзүүлэлт бол төгрөгийн ханшийн тогтвортой байдал. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь тогтворгүй орноос хөрөнгө оруулагчид зайлсхийж, зарим нь орхин гарч байна. Ханшийн эрсдэл тухайн төслийн үр ашгийг үнэгүйдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадахгүйд хүргэдэг. Өнөөдөр ийм шалтгаанаас болоод Монголд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа хөрөнгө оруулагч цөөнгүй байна. Тэдэнтэй уулзахад хууль эрх зүйн орчноос илүү валютын ханшийн эрсдэлийг ярьдаг. Валютын ханшийн эрсдэлээс болоод анхны хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй компани нэг бус. Гаднын уул уурхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж чадаагүй зарим компани мөн л ханшийн эрсдэлээс халгаж явна. Хууль эрх зүйн орчин, засаглалын тогтвортой байдал, гэрээний соёл яах аргагүй хөрөнгө оруулагчдын харгалзан үзэх, эцсийн шийдвэрт нь нөлөөлөх хэмжээний хүчин зүйл. Хэдий тийм боловч хөрөнгө оруулахаар зэхэж буй орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш үүнээс илүү чухал үзүүлэлт болж байна. Үндэсний валют нь суларч байгаа оронд засаглалын чанар тэр хэрээр муу байдаг аж. Өөрөөр хэлбэл, популизмынхаа өртгөө даахгүй эдийн засаг нь сүйрч байгаа гэсэн үг. Ийм улсад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх билээ. Манай улс энэ жишгээр замнаж явна. Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгаагаар, Монгол Улс урагшлах бус хэд хэдэн байр ухарсан. Гэтэл төгрөгийн ханшийн уналтыг эх оронч хэмээн цээжээ дэлдсэн түшээд жишим хийхгүй сууна. 






A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол ээжүүдийг атаархуулсан хойд хөршийн бодлого

 0 сэтгэгдэл
  • Орос ээжүүд төрөөсөө 20 саяын тэтгэмж авч байхад монгол эхчүүдийн сарын 50 мянган төгрөг хүүхдийнхээ живхийг авч хүчрэхгүй байна
  • Манай улсын хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг 1996 онд хойд хөршийн хүүхдэд өгч байсан мөнгөнөөс ч бага байгаа нь өрөвдөлтэй. Хойд хөршийн шинэ төрсөн ээжүүддээ өгч буй тэтгэлэг нь монгол мөнгөөр байрны урьдчилгаатай тэнцэж байна

Аливаа улс гүрэн олуулаа болж байж улам хүчирхэгжинэ гэдгийг мэдэрч, хүн амаа өсгөх бодлого барьж байна. Хэдэн зуун сая хүн амтай улс орнууд шинэ төрсөн ээжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар төрөлтийг нэмэгдүүлэхэд ихэд анхаардаг болжээ. Дэлхийн том гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхая гэвэл хүн амаа өсгөх бодлого барих нь чухал юм. Бид дэндүү том газар нутагт тархан суурьшиж амьдардаг нь хөгжихөд саад болж байна. Хэрэв хүчирхэгжиж хөгжье гэвэл ерөөсөө л олуулаа болох хэрэгтэй. БНХАУ л гэхэд хүний олноор хөгжин цэцэглэж байна шүү дээ. Төрөлтийг хазаарлаж, нэг хүүхдийн бодлого барьж байсан бол өнгөрсөн жилээс нэг айл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг боллоо. Хүн нэмбэл хүрз нэмнэ, хүрз нэмбэл, хүнс нэмнэ гэж хятадууд ярьдаг аж. Иймээс улам олуулаа болохоор чармайж байна. Хойд хөршийн ерөнхийлөгч Путиний хүн амаа өсгөх халамжийн бодлого бусад орны анхаарлыг татаад байна. Тэрбээр саяхан болсон холбооны хуралд оролцохдоо “Хүн амын өсөлт сэтгэл түгшээж байна. Манай улс 147 сая хүн амтай. Одоо хүн амын өсөлт хүндрэлтэй байдалд орж байна. 2000 оны үед авсан арга хэмжээг эс тооцвол хүн амын өсөлтийг дэмжих талаар ахицтай ажил хийж чадсангүй. Хүн амын өсөлт буурах хандлагатай болчихлоо . Тиймээс энэ өсөлтийг зогсонги байдалд оруулж болохгүй. Энэ талаар анхаарлаа хандуулах шаардлагатай” гэж хэлжээ. ОХУ “Эхийн хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд төрсөн ээжүүдэд нэг удаа 466 мянган рублийн тэтгэмж өгдөг аж. Энэ нь монгол төгрөгөөр бол 20 орчим сая болж байгаа юм. Хоёр дахь хүүхдээ төрүүлж буй ээжүүд энэхүү тэтгэлгийг хүртдэг байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн анхны хүүхдээ төрүүлж буй ээжид ч тэтгэмж өгдөг болж байна. Харин хоёр дахь хүүхдээ төрүүлж буй эхэд олгох тэтгэмжийг 150 мянгаар нэмж, 616 мянган рубль болгохоор шийдвэрлэжээ. "Эхийн хуримтлалын хөтөлбөр"-ийг 2026 он хүртэл хэрэгжүүлнэ гэдгээ ерөнхийлөгч Путин мэдэгдээд байна. Түүнчлэн 3-7 настнуудад хүүхдийн мөнгө олгох санаачилга гаргажээ. Ингэхдээ тухайн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан үзэх бөгөөд бага орлоготой айлын хүүхдүүдэд тэтгэмж өгөх юм байна. ОХУ-д амьжиргааны баталгаажих доод түвшнийг сарын 5500 рубль гэж тогтоосон байдаг. Ийм хэмжээний орлоготой өрх хоногийн хоолоор тасрахгүй байх боломжтой гэж үздэг аж. Тэгэхээр үүнээс доогуур орлоготой өрхүүд хүүхдийн мөнгө авна гэсэн үг. Ингэхдээ нэг хүүхдэд сар бүр 15000 рубль өгөхөөр тооцоолжээ. Халамжийн бодлогоо тэлэхдээ төсвийн тогтвортой байдлыг барина гэдгээ мэдэгдээд байна. Зөвхөн хоёр хөршөөр тогтохгүй бусад улс орнууд ч хүн амаа өсгөхөд ихээхэн мөнгө зарцуулж байна. Тухайлбал, Австрали улс хамгийн их буюу 3613 ам.доллар, унгар 765 ам.доллар, Польш 278 ам.доллар, грек 135 ам.доллар олгодог ажээ. Япон улс нэг хүүхдэд гурван нас хүртэл нь 15000, 4-14 нас хүртэл нь сар бүр 10000 иен өгдөг юм байна. Мөн аав, ээжид нь сар бүр нэг хүүхдийн 13000 иенийн тэтгэмж олгодог тухай олон жил тус улсад амьдраад ирсэн эрхэм сонирхууллаа. 140 сая гаруй хүн амтай улс төрөлтийг дэмжихгүй бол болохоо байлаа хэмээн санаа зовниж суухад гуравхан сая хүнтэй Монгол улсын төр, засгийн удирдлагууд огтхон ч сэтгэлээ чилээж байгаа шинж алга. 2030 оны боловсролын төлөв байдлаас үзвэл цэцэрлэгийн насныхны тоо төдийлэн нэмэгдэхгүй гэсэн статистик гарчээ. Тодруулбал, 2030 онд цэцэрлэгт хамрагдалт -1 пунктээр буурах тооцоо гаргасан байна. Үүнээс 2028 онд төрөлт эрс багасах нь. Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж буй ээжүүдийн олонх нь амьжиргаа доогуур хүмүүс байдаг аж. Хүн амын талаар тодорхой, тооцоололтой бодлого барихгүй бол 2030 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэдэг эргэлзээтэй болоод байна. Уг нь сүүлийн жилүүдэд төрөлт өсөж ирсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаанаас харахад 2018 оны байдлаар улсын хэмжээнд 77,058 эх амаржсан нь 2017 онтой харьцуулахад төрөлт 3,174 тохиолдлоор буюу 4.3 хувиар өсчээ. Гэхдээ бас нэг сөрөг мэдээлэл бий. Юу гэвэл нь хүн амын нас баралт төрөлттэйгээ дүйцэх хэмжээнд байгаа аж. Тиймээс хүн амаа өсгөх талаар дорвитой ажил хийх цаг болжээ. Хүн амаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан алдарт ээжүүдийг олигтойхон урамшуулдаг болмоор байна. Нэгдүгээр одонтой ээж жилд 200 мянга, хоёрдугаар одонтой ээж 100 мянган төгрөгийн урамшуулал авч буй нь бусад улс оронтой харьцуулшгүй бага дүн юм. Тиймээс одонтой ээжүүдийг ч гэсэн олигтойхон урамшуулах бодлого дутагдаж байна. Орос эмэгтэйчүүдийн төрөөсөө хүртэж буй урамшууллын дэргэд манайхны тэтгэмж дэндүү чамлалттай байгаа юм. Мөн манай улсын хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг 1996 онд хойд хөршийн хүүхдэд өгч байсан мөнгөнөөс ч бага байгаа нь өрөвдөлтэй. Хойд хөршийн шинэ төрсөн ээжүүддээ өгч буй тэтгэлэг нь монгол мөнгөөр байрны урьдчилгаатай тэнцэж байна. Харин манай улс шинэ төрсөн ээжүүдэд хүүхдийг нь хоёр нас хүртэл сар бүр 50 мянган төгрөг өгдөг нярайн нэг сард хэрэглэх живхний мөнгөнд ч хүрдэггүй билээ. Хэрэв төрөлтийг дэмжих бодлогоо сайжруулж, олигтойхон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болчихвол хүн амын өсөлт хурдсах нь дамжиггүй. Хойд хөршийн тэргүүн зөвхөн төрөлт, хүн амын өсөлтөө анхаараад зогсохгүй боловсролын салбартаа чамгүй хөрөнгө зарцуулахаа мэдэгдэв. Ирээдүй хойчоо боловсролтой болгохын тулд анги даасан багшийн цалин дээр 5000 рублийн урамшуулал өгөхөө зарлажээ. Ийн В.Путины улсынхаа хөгжлийн төлөө хийж буй алхам бусад орнуудын анхаарлыг эрхгүй татаж байна. Бид ч гэсэн сайн хөршөөсөө суралцахад буруудахгүй биз ээ. Монголчууд ядаж таван саяулаа болчихвол хөгжил арай өөр болохсон. Эрхэм Ерөнхийлөгч өө, сайн найз Путинийхээ санаанаас хуулаач.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын хөдөлмөрийн зах зээл цахим шилжилтэд бэлэн биш

 0 сэтгэгдэл
  • Ажил эрхлээгүй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь ажил хайж байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин, хомсдолтой ажлын байрны уялдаа алдагдсаныг илтгэнэ
  • Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгосон нь арван жилийн өмнөхөөс 280 мянгаар өссөн дүн. Гэвч тухайн үед нэг ам.доллар 1,463 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,742 төгрөг болж өсөөд байна. Цалин хөлсийг амьжиргааны зардлаа хангаж чадахуйц хэмжээнд хүргэх эрмэлзэл эдийн засгийн бусад үзүүлэлтийн өмнө сөхөрсөөр байна.
  • Европын холбооноос 2060 оноо өнөөдөр төлөвлөөд, хөгжлийн зүг тэмүүлж байхад тэр зах зээлд өрсөлдөхийг эрмэлзсэн Монгол Улс энэ тооцоо судалгаанаас өөр байх шалтгаан үгүй баймаар

Ажилтай, орлоготой дундаж давхаргын тоог нэмэх нь аль ч Засгийн газрын гол зорилго байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ зорилгоо хангаж чадалгүй эдийн засгийн хямралд унагаж, эргүүлж босгохоор оролдож ирснийг тоо илтгэнэ. Зах зээлийн нийгэмд шилжих үед гэнэт бий болсон “ажилгүйчүүдийн армийг” ажлын байраар хангах асуудал өнөөг хүртэл амжилт олоогүйн гол шалтгаан нь боловсрол, хүний нөөцийн эрэлттэйгээ уялдаагүй бодлогын алдаа, мөн цалин хөлсний асуудал юм. Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгосон нь арван жилийн өмнөхөөс 280 мянгаар өссөн дүн. Гэвч тухайн үед нэг ам.доллар 1,463 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,742 төгрөг болж өсөөд байна. Цалин хөлсийг амьжиргааны зардлаа хангаж чадахуйц хэмжээнд хүргэх эрмэлзэл эдийн засгийн бусад үзүүлэлтийн өмнө сөхөрсөөр байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар Монгол Улсад нэг сая 253 мянган иргэн ажил эрхэлж байгаагаас 193.6 мянга нь төрийн албан хаагч байв. Хамгийн найдвартай ажлын байр гэж үнэлэгдсэн төрийн албанд орох хүсэлтэй ажил горилогчдын цуваа хэзээ ч тасраагүй. Тэгвэл 105.6 мянган ажилгүй иргэний дөнгөж 25 мянга нь идэвхтэй ажил хайгчийн санд бүтгэлтэй, ажилгүйдлийн түвшин 6.6 хувьтай байна. Ажил эрхлээгүй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь ажил хайж байгаагаас мэргэжилтэй боловсон хүчин, хомсдолтой ажлын байрны уялдаа алдагдсаныг харж болно. Их дээд сургууль төгссөн хуульч, эдийн засагч, бизнес удирдлагын бакалавруудыг шингээх ажлын байр алга. Харин эмч, сувилагч, инженер, цаашлаад шинэ эрин зуунд нэн шаардлагатай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эрэлттэй хэвээр байна. 


400 орчим сая ажлын байр автоматжуулалтад өртөнө, харин Монголд...

Хөдөлмөрийн зах зээлд зайлшгүй хийх нэг реформ нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг эрэлттэй мэргэжилтэй уялдуулж, элсэлтийн журмаа зохицуулах шаардлага юм. Гэтэл хавар болгон “ирэх онд эрэлттэй байх мэргэжлүүд” гэж ганц жилийн цаадахыг харсан төлөв салбарын мэдээлэлд дурддаг. Дөрвөн жилийн дараа боловсон хүчин болж гарах элсэгчид хэт ойрын ирээдүйн төлвөөс болж алдаатай шийдвэр гарган, мэргэжлээ буруу сонгох нь олон. Монголын компаниуд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болохын тулд боловсон хүчний чадвар мөн адил түвшинд байх ёстой. Европын холбооноос 2060 оноо өнөөдөр төлөвлөөд, хөгжлийн зүг тэмүүлж байхад тэр зах зээлд өрсөлдөхийг эрмэлзсэн Монгол Улс энэ тооцоо судалгаанаас өөр байх шалтгаан үгүй баймаар. Өнөөдөр компаниудад тулгамдаж буй асуудал нь хүний нөөцийн хомсдол. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компани сошиал медиа менежерийн ажлын байр зарласан боловч одоог хүртэл мэргэжилтнээ олж чадаагүй жишээ бий. Уг ажлын байранд мэдээллийн технологийн мэргэжилтэн, эсвэл өөр салбарын хүн ажиллах ёстой эсэхийг тодорхойлж чадаагүй аж. Гэтэл сошиал медиад ажиллах нь хүүхэд гутлаа зөв харуулж, баруун зүүнээ ялгадаг болохтой л ижил эзэмших чадвар болчихоод байгаа өнөө үед маркетингийн менежерийн хөтөлбөрт энэ мэргэжлийг оруулж өгөх ёстой байв. Өнөөдрийг хүртэл мэргэшсэн боловсон хүчин үгүй тул зөв төлөвшил, хандлагыг нь харж ажилд авсан хүнээ бүтэн жилийн турш сургасаар байгаа аж. Зүй нь бол их, дээд сургуульд эрэлттэй мэргэжлүүдийг судалж, хөтөл бөртөө богино хугацааны “манёвр” хийснээр шууд ажлын байранд бэлэн мэргэжилтэн төрүүлэх ёстойсон. Тун удахгүй, 2030 он гэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 14 хувь буюу 375 сая ажлын байр автоматжуулалтын шуурганд өртөж, роботуудад зайгаа тавьж өгөх судалгаа бий. Түүнчлэн мэдээллийн технологи, анагаах ухаан болон био инженерчлэлд суурилсан боловсролыг чухалчилж байна. Ирээдүйд эрэлттэй байх мэргэжлүүд ч эдгээр салбартай салшгүй уялдаатай. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн салбарын тэргүүлэх агентууд 2030 он хүртэл эрэлттэй байх мэргэжлүүдийг өөр өөрийн өнцгөөс тодорхойлжээ. Хамгийн их давтагдсан нийтлэг мэргэжлүүд нь шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерчлэлийн салбарт хамаарч байна. Тухайлбал, хүний эд эрхтнийг үүдэл эс болон бусад эх сурвалжаас шинээр бүтээх мэргэжилтэн нэн чухалд тооцогдож, нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг олон төлвөөс харж болно. Анагаах ухааны нээлт тун удахгүй амьдралд нэвтэрч, энэ төрлийн мэргэжилтэн эрэлт ихтэй болох арван жил айсуй. Гэтэл дэлхийд хэдийн эмчилдэг болсон өвчнүүд монголчуудын нас баралтын шалтгааны ихэнх хувийг эзэлсээр байна. Хэрэв шинжлэх ухаан, инновацад хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтнүүдээ дэлхийн хэмжээнд бэлдэн, тоног төхөөрөмжөөр хангадаг байсан бол хүн амын өсөлтөө дагаад эдийн засаг ч өнөөдрөөс дээр байх байлаа. Дэлхийн эко системийг хамгаалахтай холбоотой хог хаягдлын дахин боловсруулалт, шинэ технологиор байгаль дахь хог, бохирдлыг цэвэрлэх зорилготой ажлын байрууд мөн эрэлттэй байх нь. Түүнчлэн крипто валютын эрсдэл, боломжийг судалж, эдийн засгийн зөв удирдлагаар хангах дижитал валютын зөвлөх ирээдүйн зах зээлд үнэ цэнтэй мэргэжилтэнд тооцогдох юм. Технологийн салбарт ч шинэ ур чадвар эрэлхийлнэ. Өнөөдрийн нислэгийн удирдлагын төвийн мэргэжилтнүүд шиг дроны хөдөлгөөн зохицуулагч, жолоочгүй машины электроникч, барилгын 3D хэвлэлийн инженер гэх мэтчилэн хөвөрнө. 400 сая орчим хүний ажлын байрыг “булаах” роботуудыг хүмүүстэй баг болж ажиллах менежментийг хариуцсан менежер хүртэл шинэ ажлын байруудын нэг. Сэтгэл судлал болон ком пьютер, инженерчлэлийн хос мэргэжилтнүүд эдгээр ажлын байрны эзэд болох аж. Энэ мэтчилэн дэлхийн хандлага эрс өөрчлөгдөх ирэх арван жилийн хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, боловсон хүчний бодлого ямар байхыг төсөөлөөд үз дээ. Эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэх нь хөгжлийн гарц гэдгийг өмнөх хөрш бэлхнээ харуулж байна. Гэтэл бид уул уур хайн орлогоос шууд хараат байдлаар дэлхийн зах зээл дэх эрдсийн ханшийн уналт өсөлтийг дагаж сөхөрч, өндийсөөр байгаа нь харамсалтай.