A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/586/

МЭДЭГДЭЛ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/586/


Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон Төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд гэх хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой хийж байгаа дээрх бүтцийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон болон 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, түүнийг дагаж хийгдсэн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дээрх Засгийн газрын тогтоол, хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэрэг 10 захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.

Төрөөс 100 хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл юм.

Иймд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай зөрчиж, хууль бус ТУЗ-ийн хурал зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах болохыг мэдэгдье.

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК

--оОо--

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 3-р сарын 7-нд гарсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 5-р сарын 21-ны Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авна уу?



A

Жижиг

A

Дунд

A

Том

Дахин нэг хүүхдийн амины үнээр тахилга хийж нааджээ

​Дов тахих наадмаар унаач хүүхэд энджээ​

 0 сэтгэгдэл


Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн сард есөн настай хүү хурдан морины уралдааны үеэр мориноос унаж амь насаа алджээ. (Хохирогч хүүгийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нууцлав). Энэ талаар сумын Засаг дарга Б.Амараа “Нутгийн нэгэн овоог хот айлууд тахидаг. Тахилгад зориулсан хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндсэн” гэв. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням “Нутгийн иргэд жижигхэн толгой тахихдаа уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр гарсан хэрэг. Гэхдээ уралдаан зохион байгуулах талаар бидэнд, сумын удирдлагадаа албан ёсоор мэдэгдээгүй. Тахилгыг зохион байгуулсан иргэн хүүгээ хурдан морь унуулсан юм билээ” хэмээв. Уралдаан зохион байгуулагчийн өөрийнх нь хүүхэд амиа алдсан гэдэг мэдээллийг цөөнгүй албаны эх сурвалж баталгаажуулсан юм. Харин хүүгийн эцэг өөрөө бус өөр ахмад настай хүн уралдаан зохион байгуулсан гэсэн юм.

ХҮҮГЭЭ АЛДСАН ЭЦЭГ, ЭХ ГОМДОЛГҮЙ ГЭЖЭЭ

Эх сурвалжуудын хэлж буйгаар уг уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна. Харамсалтай нь, амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ. Харин аймгийн цагдаагийн газраас албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулж, хүүхэд эндсэн гэдэг үндэслэлээр зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Бага насны хүүхдийн амь нас хохирсон эл ослын араас ямар хариу арга хэмжээ авч буйг тодруулахад О.Балжинням “Хүүгийн даатгалын нөхөн төлбөр болох 20 сая төгрөгийг олгуулахаар холбон зуучлах хариу арга хэмжээ авч байна. Хүү Алтан овооны наадамд оролцохдоо даатгуулсан байсан” гэв. Уралдаан зохион байгуулах гэж буйгаа сумын удирдлагад мэдэгдэж, ядаж төр оролцоод зохион байгуулсан бол хүүхэд нь эндэхгүй байсан юм хэмээн сумын засаг дарга эцэгт нь халаглаад өнгөрчээ.

Амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ

Тус аймагт сүүлийн хоёр жилд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүддээ хамгаалалтын хувцас, хэрэглэлийг нь бүрэн өмсгөж, шаардлага хангаагүйг нь уралдаанд оруулаагүй. Үүний ачаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учраагүй аж. Энэ жил Алтан овооны тахилгын үеэр ч есөн насны морьд уралдахад нэг ч хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай эрсдэл гараагүй гэдгийг аймгийн мэргэжилтэн хэллээ. Харамсалтай нь албан ёсны зөвшөөрөлгүй, иргэд, хот айлууд дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж. Ийм уралдааны үеэр зохион байгуулагчид хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлэх тал дээр ч хяналт тавьдаггүй, эцэг, эх нь ч хэнэггүй ханддагаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орж байна.

• Уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна.

• Дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж.

• Одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.

Нөгөөтэйгүүр, уралдааныг амиа алдсан хүүгийн аав зохион байгуулсан эсэхээс үл хамааран тэрбээр хохирогч, бас гэмтэн. Хэдийгээр амиа алдсан хүүдээ гомдолгүй гэж буй ч хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчийн үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хууль журмаар ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдгийг хууль сахиулагчид, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын аль нь ч тодорхой хэлсэнгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Нөхцөл байдлыг нь нарийн тогтоохгүйгээр шууд хэлэх боломжгүй” гэв. Харин ГБХЗХГ-ын хуулийн албаны дара А.Энхбаатар “Энэ тохиолдолд эцэг, эхчүүд ямар нэг зөвшөөрөлтэй, албан ёсоор зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй л хүүхдээ оролцуулах хэрэгтэй” л гэх зөвлөмж өгнө дөө. Намар цагт найр наадам, унага тамгалах, хүүхдийн сэвлэг үргээх гээд хүн бүр дур дураараа, энд тэндгүй уралдаан зохион байгуулдаг. Тэр болгонд иргэд хүүхдээ уралдуулна гээд л дагуулж очдог. Монгол даяараа л ийм байна шүү дээ” гэлээ.

АЛБАЖУУЛААГҮЙ УРАЛДААНД ХҮҮХЭД ЭРСДЭХ НЬ ИХ

Энэ жил улсын болон аймаг, сумын наадам, томоохон овоо тахилгын үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад илт багассан. Олон нийт, хэвлэл мэдээллийн ачаар унаач хүүхдүүдийг эрсдэлээс сэргийлэх ажил ахицтай байсан. Гэтэл үүний эсрэгээр албан ёсны зөвшөөрөлгүй уралдаанд хүүхэд эрсдэх тохиолдол олон байна. Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд оролцуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг үл харгалзан, холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан. Гэтэл уралдаан ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог болсон гэж ХЭҮК дүгнэсэн. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, уралдааны үеэр 18 хүүхэд мориноос унаж сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндээрээ хохирсон. Тэдний нэг нь тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргүүлсэн. Бас нэг хүүхдийн гар хугарч, хоёрынх нь мөр болон шуу бэртсэн байна. Мөн нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргүүлсэн гэсэн албан ёсны бүртгэл бий. Тэгвэл яг ийм хэмжээний аюул намрын найр, наадамтай зэрэгцэн унаач хүүхдүүдэд заналхийлж байна.

ЖАЛГА ДОВНЫ УРАЛДААНЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

Унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй түвшинд ордог. Олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн бол хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг таван орчны нэг. Үүнийг хуульд тусгаж, сэргийлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь ч тов тодорхой байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар тухайн сумын засаг дарга үүнд хяналт тавьж, сэргийлэх ёстой. Гэтэл сумын засаг дарга нь найр наадам ид хавтгайрдаг намрын цагт амарч зугаалчихаад, уралдаан болох үеэр “би байгаагүй, мэдээгүй байсан” гэдэг тайлбар тавиад сууж байна. Тэртэй тэргүй намрын цагт найр наадам хавтгайрдгийг монголчууд бүгд л мэддэг. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын хуулийн албаны дарга нь ч үүнийг мэддэг атлаа яаж зохицуулахаа мэдэхгүй сууж байна. Асуудлын учир шалтгаан, цаг хугацаа, эрсдэл, хариуцах эзэд нь тодорхой атал яагаад шийдэл гаргаж ирж чадахгүй байна вэ. Ядаж сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгаа явуулж болохгүй гэж үү. Монголчууд бэсрэг наадмуудад морь уралдуулахгүйгээр баярлаж сурах хүртэл уралдаан тэмцээнийг нь албажуулж, хяналт тавьж яагаад болохгүй гэж. хурдан морины өвөл, хаврын уралдаанд зохицуулалт хийж чадсан. Одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон хууль зүйн маргаан эцэс боллоо

​УДШ: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль бус​

 0 сэтгэгдэл


Улсын дээд шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хэлэлцэв. Хоёр жил гаруй сунжирсан эл маргаан өмнө нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэгдэж шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УДШ-ийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэл дэх 49 хувийг худалдан авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрхийг дахин баталгаажуулав.

Шүүх хуралдааны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монголросцветмет компанийн хувьцаатай холбоотой маргааныг дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Манай компанийн зүгээс хэдийгээр энэ маргаан хоёр жил хагас сунжирсан ч шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад талархалтай байна. Үндсэн хуульд зааснаар дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид төрийн байгууллагаас дээд шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэхийг шаардан ажиллана. Мөн нөгөө талын хувьцаа эзэмшигчидтэйгээ нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв. Түүний хэлсэнчлэн өнөөдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Өчигдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Ц.Пүрэвтүвшин “Төрийн 51 хувийг төлөөлөх талтай нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв.

• “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл.

Хэдийгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч Эрдэнэт үйлдвэрт олон ярвигтай нөхцөл байдал бий болоод байгаа. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл болоод байгаа юм. Энэ талаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй маань холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, 51 хувийн гэж хэлэгдээд байгаа “Жаст” компанитай холбоотой асуудал байна.

Засгийн газар 49 хувийн төлөөлөлтэй зөвшилцөөгүй нь буруу гэж үзэв

Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэн 112 сая ам.долларын өр төлөх тухай яригдаж байна. Өдөрт 3-4 сая ам.доллараар өр нэмэгдэж байгаа. Манай компанийн эзэмшдэг 49 хувийг төрд авах шийдвэр гарснаас эхлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад Стандарт банкны хэрэгтэй холбоотойгоор манай компанийн эрхэнд улс төрийн зорилгоор халдсан юм болов уу гэсэн бодол төрдөг. Тэр нь ч зарим нэг үйлдлээс нь батлагдаж байна. Манай компанийн зүгээс “Жаст”-ын тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Энд зөвхөн нэг хэргийн тухай яригдаж байна. Үүний цаана арбитрын шүүхээр шийдвэрлэсэн өөр асуудлууд бас байгаа. Манай компанийг Стандарт банкны тодорхой хувийг худалдан авсан мэтээр цуурхал тараасан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж няцаая.” гэсэн юм. Лхагва гарагт дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд танхимын шүүгчээр М.Батсуурь, шүүгчдээр Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа нар оролцож хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцсэн.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ-ын “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах захиргааны актууд хууль зөрчсөн гэж үзэн, 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байсан юм. Засгийн газар 2017 онд долдугаар тогтоол гаргаж дээр дурдсан харъяа байгууллагуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахтай холбогдуулсан 10 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Засгийн газрын 7 дугаар тогтоолын зарим заалт илт хууль зөрчсөн, зарим нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрүүдийг гаргаад байсан юм. Үүнийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 7 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг дээд шүүхээс хүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтад “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ.

Харин дээд шүүх шийдвэрлэхдээ Засгийн газрын 7 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн бус тус тогтоолын 1, 4, 5 дахь заалт илт хууль зөрчсөн гэж үзэв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтын дагуу ТӨБЗГ захиргааны акт гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-ийн дүрмийг өөрчлөн ОӨУБЕГ-т бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон гэж дээд шүүх үзсэн байна. Ингэснээр дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Мөн дээд шүүхийн шийдвэрт нэг зүйл чухал нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, УИХ-ын 23-р тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа хувьцаа эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай заавал зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг ЗГ-т үүрэг болгосон байдаг. Гэтэл Засгийн газар тус компанийн төлөөлөлтэй албан ёсоор хэлэлцээрт оролгүй шууд шийдвэр гаргаж харъяа байгууллагуудад чиглэл өгсөн нь буруудаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тээврийн хэрэгслийн 0.4% л нийтэд үйлчилдэг

​Халтуурчдад орон зайгаа алдсан такси үйлчилгээг хэзээ сэргээх вэ​

 0 сэтгэгдэл


Нийслэлийн иргэдийг аймшигтай бухимдуулж буй автозамын түгжрэлийн хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар нийтийн тээврийг “өргөмжлөхөд” нэг их буруудахгүй. Олон зүйл нуршилгүй, судалгаа сөхье. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд “Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөр тутамд оролцож буй 350 мянган тээврийн хэрэгслийн дөнгөж 0.4 хувь нийтэд үйлчилж байгаа нь иргэд хувийн унаагаа сонгож түгжрэл үүсгэх шалтгаан болж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн эвдрэлээс үүдэлтэй түгжрэл замын хөдөлгөөний урсгалыг зогсоодог. Өнгөрсөн онд гэхэд нийтийн тээврийн хэрэгсэл эвдрэлийн улмаас 920 цаг нэгдүгээр эгнээнд зогссон” гэжээ. Нийслэлийн замын түгжрэлийн шалтгааныг тогтоох тус судалгаа нийтийн тээврийн хүртээмж багаас замын түгжрэл огцом нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэх дүгнэлттэй. Харин Нийслэлийн тээврийн газрын Судалгаа шинжилгээний мэргэжилтэн Н.Хонгорзул “Ажлын өдрүүдэд 948, амралтын өдөр 674 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд үйлчилдэг.

Зорчигчийн урсгал ихэссэнтэй холбогдуулж том оврын автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлж, ачаалалтай дундын зогсоолуудаас тээвэрлэлт хийх зохицуулалт хийгээд байгаа. Тухайлбал, долоон буудал, Саппоро, 25 дугаар эмийн сан, Н.шастины нэрэмжит III эмнэлэг гэсэн зогсоолоос богино эргэлтийн автобус үйлчилгээнд нэмэлтээр гаргаж байгаа. Автобусны хүрэлцээ дутагдаагүй. Нийтийн тээврийн хэрэгслийн жилийн дундаж хурд 15-20 км/цаг байх ёстой ч сүүлийн нэг сарын хугацаанд зургаан км/цаг болж буурсан. Энэ нь автобус зорчдог нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаатай холбоотой. Үүнээс болж автобуснууд нэг талдаа овоорч зорчигчдыг хүлээлгэх шалтгаан болдог” гэв. Мөн тэрээр “Зорчигч тээврийн хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөөнд 19 гэрлэн дохио, 45 орц, гарц байдаг нь автобусны хөдөлгөөн, хуваарийн дагуу үйлчлэхэд хүндрэл учруулдаг. Үүн дээр мэдээж зам тээврийн осол нийтийн тээврийн үйлчилгээнд саад болдог” гэж тайлбарлав.

1.4 сая хүнтэй хотын такси үйлчилгээ 3000 хүнд л албан ёсоор үйлчилж байна

Замын цагдаагийнхны судалснаар нэг зам тээврийн ослоос үүдсэн түгжрэлийг хэвийн болгоход хоёр цаг зарцуулдаг гэнэ. Өдөрт нийслэлийн хэмжээнд дунджаар 300 авто осол бүртгэгддэгийн тал хувь нь ачаалал өндөртэй Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөнд гардаг аж. Замын хөдөлгөөний ачаалал үүсгэгч гол хүчин зүйлийн нэг нь сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөвөрлөж буй зорчигчийн урсгал. Нийтийн тээврийн газрын судалгаанд ч үүнийг нотолжээ. Өдөрт 620 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдгээс 60 хувь нь цэцэрлэг, сургууль цуглах болон тарах цагаар зорчдог аж. Энэ байдлыг бууруулах үүднээс Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн удирдлагуудад сургуулийн автобус хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавиад буй. Амжилттай болсон жишээ ч бий. Тухайлбал, “Шинэ Монгол” хувийн сургууль сурагчдаа автобусаар зөөж эхэлснээр сургуулийн орчны замын түгжрэл эрс багасахын зэрэгцээ зам тээврийн осол буурч, хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ болсон байна.

Мөн угтагч багш сурагчдыг автомашинаас нь тосч авдаг болсон нь түгжрэлийг бууруулах шийдэл болжээ. Энэ мэт туршлагыг замын хөдөлгөөн ихтэй сургууль цэцрэглэгийн орчинд хэрэгжүүлбэл болох л санж. Замын түгжрэл үүсгэж буй олон хүчин зүйл байгаагийн нэг нь такси үйлчилгээний дампуурал. Нийслэлийн нийтийн тээврийн газар ч үүнтэй санал нэгдэж байна. Одоогоор 10 компанийн 609 такси Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй ч өдөрт хэдэн такси хичнээн хүнд үйлчилж байгаа тоо алга. Такси компаниудаас нийслэлийн Нийтийн тээврийн газарт долоо хоног бүр өгдөг тоо баримтад өдөрт дунджаар 3000 хүнд үйлчилдэг гэсэн байна. Нийтийн тээврийн газар такси үйлчилгээний стандарт шаардлага хангасан бүртгэлтэй таксинуудад зориулалтын 24 зогсоолоос үйлчүүлэгч авах эсвэл утасны дуудлагаар үйлчлэх гэсэн хоёрхон үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байна. Монгол хүний сэтгэлгээнд суугаагүй, Улаанбаатар хотын нөхцөлд тохирохгүй энэ “агаар”-ын мэт гэмээр стандарт шаардлагаас болж такси үйлчилгээ хууль бус хэлбэрт шилжээд буй.

Үүнийг хэзээ залруулах нь ч тодорхой бус байна. Стандартын шаардлага хангасан гэдэгт зөв талдаа жолооны хүрдтэй байхаас эхлээд Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан тоолууртай байх гээд хэд хэдэн шаардлага бий. 1.4 сая гаруй хүн амтай хотод 3000 хүнд үйлчилгээ үзүүлэх хэмжээний стандартын шаардлага хангасан 609 такси байдаг гэхээр энэ салбар яаж дампуурсныг тод харуулчихаж байна. Гурван мянган хүнээс бусдыг нь хувийн таксичид зөөж байгаа гэсэн үг. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бараг 40 гаруй хувь буюу 150 мянга орчим тээврийн хэрэгсэл “халтуур” хийдэг гэснээс үзэхэд Нийтийн тээврийн салбарын такси үйлчилгээ тэдний нуруун дээр явж байна. Тэдгээр хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газар судалгаа хийсэн. Бүр сүүлийн үед иргэдийн таашааж эхлээд буй гар утасны апплекэйшн ашиглаж үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг ч туршихаар санал дэвшүүлжээ. Гэтэл ихэнх тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй байдаг нь нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг зөрчихөөс гадна хэрэглэж буй аппликэйшнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулах боломжгүй гэсэн хариу өгчээ. Хувийн такси үйлчилгээ үзүүлж байгаа хууль бус хэлбэрийг зогсоох боломж байхгүй гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хяналтын албаны дарга З.Цэвээндорж хэлж байна.

Тэрээр “Хуульд хууль бус такси үйлчилгээ үзүүлэхийг хориглох, цаашлаад хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан ч таслан зогсоох хориглох боломж алга. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд 22 хяналтын байцаагч ажиллаж байгаа нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хувийн такси эрхэлж буй явдлыг хянах боломжгүй байна. Хоёрдугаарт, төсөв хөрөнгө багатайгаас текник, технологийн дэвшилтэт төхөөрөмжийг ашиглах замаар хяналт тавих боломж хомс байгаа” гэсэн юм. Уг нь Нийслэлийн тээврийн газраас боловсруулж такси үйлчилгээний үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2017 онд боловсруулан НИТХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч дэмжээгүй байна. Тус хөтөлбөрт стандартын таксины тоог 2000 хүргэж, Нийслэлийн өмчийн оролцоотой 400 такси бүхий бааз байгуулах, албан ёсны такси үйлчилгээ авсан иргэдэд буцаан олголт өгөх, урамшуулах систем бий болгох зэрэг одоо тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг бүрэн шийдэхээр тусгажээ. Одоо ч мэргэжилтний ажлын шүүгээнд эл төсөл хэвтэж л байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түгжрэлийг бууруулах бус гол шалтгаан болж буйн учир үүнд бий. Ийм тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас хийх зохицуулалтад найдлага тавьж сэтгэлээ хуурахаас аргагүй болж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

М.Мөнхгэрэл: Бүтээн байгуулалтын ажлууд дуусахаар ачаалал багасна гэж тооцож байгаа

Тээврийн цагдаагийн албанаас түгжрэлийг бууруулахаар ямар ажил хийж буйг тус албаны Замын цагдаагийн газрын Урдьчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахаар танай албанаас ямар ажил хийж байгаа вэ?

-Жил бүрийн намар хичээл сургууль цуглах үеэр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл сарын хугацаатай нэмэгддэг. Энэ жилийн хувьд авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зарим зам хаагдаж, ачаалал өмнөх жилүүдийнхээс илүү байгаа. Үүнийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт Замын ачаалал бууруулах ажлын хэсэг хуралдсан. Тэндээс заримзамын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, замын зорчих хэсгийг өргөтгөх зэрэг ажлууд хийгээд явж байна. Тухайлбал, төв замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг Цэцэг төвөөс урагш нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо. Мөн зарим байгуулагын авто зогсоолыг замын эгнээ болгож өргөтгөх зэрэг ажлууд хийж байгаа.

-Нийслэлийн тээврийн газраас замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаа тул нийтийн тээвэр түгжирч, иргэд хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэж байна гэсэн шүүмжлэлд тайлбар авъя?

- 2012 оноос хойш хэрэгжсэн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих ажил хэвийн үргэлжилж байгаа. Замын ачаалал ихтэй үед зарим тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд орох явдал гардаг. Үүнийг хуулийн дагуу хяналтын камераар шүүж, торгууль, хариуцлагыг нь хүлээлгээд л байгаа. Бидний зүгээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй явуулахыг эрмэлзэж байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаад зам тээврийн осол, техникийнх нь бүрэн бус байдлаас болсон эвдрэл гэмтэл гээд олон шалтгаан нөлөөлж байгаа. Өдөрт 300 гаруй зам тээврийн осол бүртгэгддэг.

-Замын хөдөлгөөний ачааллыг цаашид тогтвортой бууруулахад ямар санаачилга гаргаж байгаа вэ?

-Манай алба холбогдох байгууллагуудад замын ачааллыг бодитой бууруулах тодорхой саналуудыг байнга дэвшүүлдэг. Дэмжих эсэх нь иргэдийн болон Нийслэлийн удирдлагын шийдэх асуудал болдог. Том замууд хаагдсан хугацаанд ачааллыг яаж бууруулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Цаашдаа түгээлтийн автомашинуудыг оройн цагаар явуулахаас эхлээд сургуулийн автобусны чиглэл гаргах зэрэг тодорхой саналуудыг тавьж байгаа. Ер нь зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд дуусахаар ачаалал багасна гэж тооцож байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөл цахилгаан саатвал хот дөрвөн цагийн дотор л хөлдөнө

​Үндэсний үйлдвэрүүдэд цахилгааны асуудал том эрсдэл хэвээр байна​

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн бямба гарагт ДЦС-IV дээр гарсан ослын улмаас нийслэл хот, зарим аймаг цахилгаангүй болсон нь ойрын хэдэн жил тохиолдоогүй гэнэтийн түгшүүр байлаа. Манай улсын эрчим хүчний нөхцөл байдал ямархуу байгааг энэхүү осол харуулсан юм. Цаашид иймэрхүү ноцтой саатал учирвал үйлдвэр, албан байгууллагууд хэр бэлтгэлтэй байна вэ. Хэрэв жавар тачигнасан өвлийн хүйтэнд цахилгаан саатвал бид хэр удаан тэсэх бол гэсэн асуулт олон хүний сэтгэлийг чилээж буй. Эдгээр асуултад хариулт олох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.Осол орой гарсан бол “Сүү” ХК 100 саяын алдагдал хүлээх байжээ.

Цахилгааны саатал томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Бямба гарагт болсон ослыг хохирол багатай давах гэж үндэсний үйлдвэрүүд янз бүрийн л арга хэрэглэсэн байна. Тухайлбал, “Мах импекс” компани дэргэдээ жижиг станцтай учраас тог тасарснаас хойш 10 минутын дараа нэмэлт эх үүсвэрт холбогдож, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Тус компани зөвхөн бямба гарагт амардаг. Амралтын өдөр тог тасарсан учраас харьцангуй гайгүй өнгөрсөн гэнэ. Хэрэв ажлын өдөр таарсан бол хүндрэл гарах байсан гэдгийг компанийн эх сурвалж мэдээллээ. Харин нийслэлийн сүү, сүүн бүтээгдэхүүний 79 хувийг дангаараа хангадаг “Сүү” ХК-ийн тухайд эрсдэл ойрхон байж. “Өглөөгүүр тог тасарсан нь бидний аз. Учир нь энэ үеэр сүүгээ цуглуулаад хөдөөгүүр явж байдаг юм.

Хэрэв оройн цагаар, үйлдвэрлэл ид өрнөж байх үед цахилгаан тасалдсан бол хамгийн багадаа 100 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байсан” хэмээн компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга ярилаа. Үйлдвэрийн цахилгааны хэрэглээ маш өндөр. Үүнийг давж ажиллах генератор тавина гэхээр олон тооны байх шаардлагатай. Тиймээс цахилгааны саатал гарсан үед нэмэлт эх үүсвэр ажиллуулдаггүй болохыг тэрбээр учирласан юм. АПУ компани энэ үеэр зайлшгүй ажиллуулах шаардлагатай үйлдвэртээ нэмэлт төхөөрөмж суурилуулж, бусдыг нь түр зогсоожээ. “Манайд автомат генераторууд бий. Гэхдээ мэдээж бүх үйлдвэрээ ажиллуулж чадахгүй. Тиймээс хүргэлттэйхэсгүүддээ ажиллуулдаг юм. Үйлдвэрээ нэг зогсоовол дахиад жигдрэх гэж бараг хоёр хоног болдог. Энэ бол ганц удаагийн асуудал биш. Өмнө нь цахилгаан гэнэт тасалдах тохиолдлууд гарч л байсан. Үйлдвэрийн хувьд цахилгааны асуудал том эрсдэл хэвээр байна. Хохирлын хэмжээг хараахан тооцож гаргаагүй байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг ярьсан юм.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нөөц эх үүсвэр дутагдалтай байдаг

Харин үндэсний агаарын тээврийн МИАТ компани өөрсдийн дэд станцтай учраас цахилгааны саатлын улмаас үйл ажиллагаа нь доголдоогүй гэдгийг хэвлэл мэдээллийн ажилтан нь тайлбарлав.

ХАЛААЛТ ИРЭХ ХУГАЦАА ХОЁР ХОНОГООР ХОЙШИЛЖЭЭ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн шуурхай удирдлага, горим тохируулгын албаны дарга М.Ууганбаярын хэлж буйгаар ид хүйтний үед эрчим хүчгүй болвол нийслэл дөрвөн цаг л тэсэх аж. Тэрбээр “Цахилгаан тасарвал станцын усыг халаадаг насос мэдээж зогсоно. Усны температур өвөлдөө 100, одоогоор 80 орчим градусын халуун байгаа. Өвлийн ид хүйтний үеэр ус хөртлөө дөрвөн цаг болно. Энэ хугацаанд л арга хэмжээ авч, асуудлыг шийдэх боломжтой” гэв. Айл өрхүүдийг дулаанд холбох ажил ид өрнөж байсан боловч ослын улмаас халаалт товлолт хугацаанаас хоёр хоногоор хойшилж байна. Мөн иргэдийн өдөр тутам үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдэд нөөц эх үүсвэр дутагдалтай байдаг аж. Тухайлбал, “Миний сүлжээ” дэлгүүрийн дэмжих албаны дарга Б.Нэргүй “Манайх сүлжээ дэлгүүр бүртээ нөөцийн мотортой. Гэхдээ 1-3 цагийн хугацаанд л эрчим хүчээр хангах боломжтой. Зарим салбарт цахилгаан их орой ирсэн учраас тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Гэхдээ хохирлын хэмжээг эцсийн байдлаар гаргаж амжсангүй. Цаашид нөөц эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Мотор биш бүр том генератор авах шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн юм.

ЭМНЭЛГҮҮД ТОГ ТАСАРСАН ҮЕД 8-72 ЦАГ АЖИЛЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Өнгөрсөн долоо хоногийн цахилгааны гэмтэлд эрүүл мэндийн салбарынхан барьц алдсангүй. Тухайлбал, яамны харъяа 16 үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа есөн эмнэлэг бүгд нэмэлт генератор ажиллуулж, хүндрэлийг даван туулжээ. Энэ үеэр нийслэлд 28 эх амаржсан бол нэгдүгээр эмнэлэгт бүдүүн гэдэсний, гуравдугаар эмнэлэгт бөөрний хагалгаа хийж байсан ч цахилгааны нэмэлт эх үүсвэр ашиглан хагалгааг амжилттай дуусгасан байна. “Эмнэлэг бүр тог хураах нөөц үүсгүүртэй байдаг. Үүнийгээ ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулаагүй. Гуравдугаар шатлалын томоохон эмнэлгүүдэд 10-18 генератор бий. Тог тасарвал 4-5 секундын дотор ажиллаад эхэлдэг. Улсын төв эмнэлгүүд гурван өдрийн хугацаанд нэмэлт эх үүсвэрээр ажиллах хүчин чадалтай. Харин дүүргийн эмнэлгүүдэд байдал янз бүр. Ерөнхийдөө 8-72 цаг ажиллах гамшгийн төлөвлөгөө байдаг” хэмээн ЭМЯ-ны олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлав.

ЗГМ: ТОДРУУЛГА

Ц.Даваасүрэн: Хуучирсан тоног төхөөрөмжүүдийг даруй шинэчлэхгүй бол болохгүй

ДЦС-IV-т гарсан ослын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд эрчим хүчний бие даасан системтэй болохын тулд усан цахилгаан станцуудаа хурдан барьж, Амгалан болон ДЦС-III-г өргөтгөх шаардлагатайг онцлов. Энэ бүгдийг хурдан хийхгүй бол ДЦС-IV дээр ганц осол гарахад Монголд тэр чигээрээ системийн доголдол үүсэх эрсдэлтэйг сануулсан юм. Сэтгүүлчдийн асуултад салбарын сайд хэрхэн хариулсныг товчлон хүргэе.

-ДЦС-IV дээр гарсан ослыг бүрэн засварлаж дууссан уу?

-Ослоос болж хоёр генераторт гэмтэл гарсан. Яг одоогоор гурван генератор ажиллаж байгаа. Болж өгвөл орой тийшээ дөрөв дэхийг нь ажиллагаанд оруулна. Мөн ДЦС-IV дээр дөрвөн генераторыг өргөтгөх ажил эхэлж, ОХУ-аас мэргэжилтнүүд ирээд байсан. Харамсалтай нь ослоос болж энэ ажил удааширч байна.

-Ослоос болж хэдий хэмжээний хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан уу?

-Үүнийг тодорхойлоход түвэгтэй л дээ. Жишээ нь, цахилгаан тасарснаас болж үйлдвэрлэл нь тодорхой хугацаагаар саатсан газрууд байгаа. Их, бага хэмжээгээр хохирол учирсан нь тодорхой.

-Тэгвэл зөвхөн ДЦС-IV-т хэдий хэмжээний хохирол учирсан бол?

-Станц дээр гарч буй засвар үйлчилгээний зардал нэг их өндөр биш. Яагаад гэвэл ямар нэг үндсэн тоног төхөөрөмж эвдэрснээс болж энэ осол гараагүй.

-Хүйтний улирал эхлэхээр эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэнэ. Ер нь ДЦС-IVийн аюулгүй үйл ажиллагааг цаашид хэрхэн хангах вэ?

-Техникийн хувьд шинэчлэх шаардлага байгаа учраас ОХУ-аас мэргэжилтэн авчирч, засварын ажлаа яг эхэлж байтал ийм асуудал гарлаа. Тиймээс өвлийн ачааллыг давахын тулд түр зогсоохоос аргагүйд хүрсэн. Одоо өвлийн өндөр ачаалал өнгөрч, дулаан орсны дараа генераторуудаа шинэчлэх ажлыг хийхгүй бол болохгүй.

-Дахиж ийм осол гарахгүй гэх баталгаа байна уу?

-Гаргахгүйн төлөө л ажиллах ёстой. Хэрэв хүйтний улиралд тохиолдсон бол Улаанбаатар тэр чигээрээ хөлдөнө. Сая ОХУ-ын нөөцийн шугамаас эрчим хүч авч байж сэргээлээ. Хэрэв Оросын шугам байгаагүй бол энэ байдал хэдэн ч цаг үргэлжлэхээр байлаа.

-Цахилгаан станцуудыг засварлахад хэр их хөрөнгө шаардлагатай вэ?

-ДЦС-IV-ийн хуучирсан генераторуудыг солиход 90 сая ам.доллар хэрэгтэй. Харин ДЦС III-ыг өргөтгөх төсөл 300-400 сая ам.долларын хэмжээтэй. Дандаа хуучирсан тоног төхөөрөмж ашиглаж байгаа учраас эдгээр шинэчлэлийг даруй хийхгүй бол болохгүй. Гэхдээ саяын осол үүнээс болоогүй юм шүү. Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

-Буруутай ажилтныг олж тогтоосон уу. Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Буруутай этгээд нь нэг монтёр байна лээ. Гэхдээ үйлдвэрийн аюулгүй байдал хариуцах гол хүн нь ерөнхий инженер шүү дээ. Цаашдаа төрийн өмчийн компаниудыг яамны мэдэлд авах нь зөв. Одоо осол аваар гарлаа гэхэд бүгд яам руу хандаж байна. Гэтэл тэр компанийн удирдлагыг томилдог, чөлөөлдөг, санхүү төсвийг нь баталдаг бүх эрх мэдэл төрийн өмчийн хороонд байдаг. Тиймээс яам хариуцлагаа хүлээе, харъяа компаниудаа салбартаа авъя, ТУЗ-ийн гишүүдээ томилъё, мэргэжлийн баг бүрдүүлье гэж яриад байгаа юм. Манай салбарын өчнөөн мянган хүн ажилгүй байна. Гэтэл төрийн өмчийн хороо янз бүрийн нөхдийг авчраад томилчихдог. Энэ байдлыг цэгцлэх ёстой.

Байр суурь

Ослын үеэр харилцаа холбооны операторуудын үйл ажиллагаа доголдох вий гэсэн айдас, эргэлзээ олон нийтэд байсан юм. Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци оператор компаниудын нэмэлт эх үүсвэр бага байгаа тул харилцаа холбоо доголдож болзошгүйг анхааруулсан. Тиймээс энэ талаар компаниудаас тодруулсан юм.

Зарим дэд станц 4-8 цагийн л нөөц тэжээлтэй

Skytel компанийн Технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамц:

-Үүрэн холбооны операторуудын хувьд эрчим хүчний хомсдолоос болж төвлөрсөн болон дэд станцуудад хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байдаг. Skytel компанийн хувьд саяын осол харьцангуй гайгүй өнгөрсөн. Гэмтэл гарсан даруйд бид бүрэн бүрэлдэхүүнээр онцгой горимд шилжиж ажиллаа. Хэрэв удаан үргэлжилсэн бол сүлжээний хүртээмжтэй байдал багасах эрсдэл өндөр байсан. Тухайн дэд станцууд дээр 4-8 цагийн нөөц тэжээл байдаг. Тиймээс зангилаа болон дата төвүүд хэвийн ажиллаж болох ч орон нутаг болон нийслэл хотын захаар сүлжээний хамрах хүрээ багасах, хязгаарлалт үүсэх магадлалтай. Харин дата төвийн хоёр давхар эрчим хүчний оролт аль аль нь давхар унаж, генераторын эх үүсвэрт автоматаар холбогдсон. Ер нь маш эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Генераторын эх үүсвэр дууслаа гэхэд систем бүр дээр цэнэгээр ажиллах тохируулга бас бий. Мэдээж хохирол тодорхой хэмжээгээр гарсан. 20 гаруй цэг эрчим хүчний хязгаарлалтад өртөж, саатал гарсан. Гэхдээ одоогоор энэ бүгдэд эдийн засгийн тооцоо хийж үзээгүй байна. Аваар осол, гэнэтийн үед мөрдөх дотоод журам бий. Энэ осол хамгийн гэнэтийн, өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа.

Үйлчилгээг хэдий ч хугацаагаар хэвийн үзүүлэх боломжтой

“Мобиком” корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг:

-Улаанбаатар хотод байгаа манай сүлжээ дамжуулах бааз станцууд тухайн шийдлээсээ хамаарч нарны болон дизелийн генераторын нөөц үүсгүүртэй. Бид нэмэлтээр дизель генераторын түлшний нөөцийг 12 цаг болгож нэмэгдүүлсэн. Дата төв дээр олон улсын стандартын дагуу эрчим хүчний гурван эх үүсвэрийн нөөцтэй байдаг тул хэвийн үйл ажиллагаагаа хангасан. Иймэрхүү эрсдэл хэзээ ч гарч болзошгүй тул бүгдийг нь тооцоолдог. Үйлчилгээний салбарууд ч гэсэн дизель генераторын эх үүсвэртэй тул үйлчилгээ хэвийн явагдсан. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн зүгээс биднээс асуугаагүй мэдэгдэл гаргасан. Тиймээс мэдэгдэлд дурдсан зүйл манай нөхцөл байдлыг төлөөлөхгүй гэж ойлгож болно. Аль ч улс орны хувьд үүрэн холбооны салбар иймэрхүү онцгой байдлын үед хамгийн найдвартай үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүмүүс үймэлдэж сандарсан үедээ хамгийн түрүүнд гар утсаар бие биетэйгээ холбогддог, ямар нэг аюул, аваар болон онцгой байдлын мэдээлэл авах шаардлагатай байдаг тул манай байгууллага бүх үйлчилгээг хэвийн үзүүлэх бүхий л стандартыг хангаж ажилладаг. Үүрэн холбооны үйлчилгээг хэдий хугацаанд үзүүлэх шаардлагатай байна тэр болгонд л үйлчилгээгээ хэвийн явуулна.