A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4240/

Мэргэжлийн хяналтынхны хариуцлагын тогтолцоог эрхийг нэмэхгүйгээр сайжруулж чадахгүй

Мэргэжлийн хяналтынхны хариуцлагын тогтолцоог эрхийг нэмэхгүйгээр сайжруулж чадахгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4240/
  • Тав хоногийн өмнө мэдэгдэж шалгалт хийх нь “шинэ халатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ тавиарай” хэмээн урьдчилан анхааруулаад очиж буйгаас өөрцгүй
  • Ерөнхийлөгч МХЕГ-т гэнэтийн шалгалт хийх эрх олгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай боловсруулахыг засгийн газарт чиглэл болгосон ч өнөөг хүртэл төсөл санаачлаагүй л байна
  • Зөвшөөрөл олгодог яамд, аймаг, нийслэлийн ЗДТГ зөрчилд хариуцлага тооцох бүрэн эрхтэй
  • Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа жилийн өмнөөс төлөвлөж, зарладаг нь хариуцлагын тогтолцоог үндсэнд нь гажуудалд оруулжээ

Нийтээрээ эрсдэлээс айх гол шалтгаан нь нийгэм даяар хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой. “Хариуцлагагүйн зуд” гэх нэршил ч үүнээс үүссэн. Тэгвэл өнөөдөр хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол, халдвар хамгааллын баталгаа хомсодсон нь хяналтын тогтолцоо сул байгаатай шууд холбоотой. Хяналт суларсан бурууг мэргэжлийн хяналтын байгууллагад тохдог ч тэдний эрхийг хуулиар хязгаарласнаас энэ бүгд эхтэйг олон нийт анзааралгүй өдий хүрчээ. Өнөөдөр барилгын ажилтан өндрөөс унах, хүүхэд тогонд цохиулах, иргэд хүнсэнд хордох, элдэв өвчин дэгдэх, гарз учрах, гайд өртөх болгонд мэргэжлийн хяналтын байгууллагыг “хойд хар овоохой” болгон шүүмжилдэг нь нууц биш. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллагын эрхийг төлөвлөгөө гаргах, зөвхөн түүнийхээ дагуу ажиллах төдийгөөр тогтоосон нь “хариуцлагагүйн зуд” нүүрлэх үндсэн шалтгаан болж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хяналт шалгалтын байгууллага хяналт, шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэжээ. Энэ нь “шинэ халатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ тавиарай” хэмээн урьдчилан мэдэгдээд очихыг хэлж буй хэрэг. Ийм хууль үйлчилж буйгаас хүн амыг хамарсан халдвар, хүнсний хордлого, байгаль орчинд учрах хохирол, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх боломж багасаж байна. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа төлөвлөгөөний дагуу хийх, түүнийгээ жилийн өмнөөс зарлах зэрэг нь хариуцлагын тогтолцоог үндсэнд нь гажуудалд оруулжээ. Өөрөөр хэлбэл жилийн өмнө баталсан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх салбар, объект тодорхой болчихдог учраас зөрчил, дутагдлыг бүрэн илрүүлэх, түүнд хариуцлага тооцох боломж хумигдсан гэсэн үг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын (МХЕГ) Тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр “Төрийн хяналт, шалгалтын хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн 12 дугаар сарын 1 гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Бид төлөвлөгөөт бус шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө зөрчилтэй гэх байгууллага, иргэнд урьдчилан мэдэгдэх хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр зөрчил илэрдэггүй. Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр шалгуулах байгууллага, иргэн зөрчлөө далдлах, чанаргүй бүтээгдэхүүнээ нуух аргад шилждэг” хэмээсэн. МХЕГ тухайн онд шалгах үйлдвэрлэл, үйлчилгээг өмнөх жил нь баталдаг учраас байгууллагууд бэлтгэлээ жин тан хангачихдаг хэрэг. 2019 оны 11 дүгээр сард баталсан 2020 оны төлөвлөгөөгөөр улсын хэмжээнд 24 салбар, 13.8 мянган объектод шалгалт хийх юм. Эдгээр шалгалт бол өмнөх онд зөрчил их гарсан, дахих эрсдэлд тулгуурлаж баталсан төлөвлөгөө гэж тус яамны мэргэжилтэн Т.Балжинням тайлбарлаж байна. Мөн тэрбээр төлөвлөгөөний дагуу шалгалт хийхдээ илэрсэн зөрчлийг арилгуулах, түр хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлахаас өөр хариуцлага тооцох механизм байдаггүйг учирласан юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлага тооцох эцсийн цэг нь салбарын яамдад зөрчлийн талаарх дүгнэлтийг хүргүүлж, зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт тавих юм. Түүнээс бус мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлага тооцох тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг байхгүй. 

“Хариуцлагагүйн зуд”-ыг арилгахад гэнэтийн шалгалт чухал боловч тэдэнд тийм эрх үгүйгээс назгайрсан байдал хавтгайрсныг өнгөрсөн онд хийсэн шалгалтын дүнгээс харж болно. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар 117.1 мянган зөрчил илэрчээ. Үүний дийлэнх нь таван салбарт хамаарч байна. Тухайлбал бөөний болон жижиглэн худалдаа 24.5 мянга, барилга 12.4 мянга, боловсруулах үйлдвэрлэл 14.9 мянга, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ 25.1 мянга, эрүүл мэнд нийгмийн халамжийн үйлчилгээ 6.4 мянга, уул уурхай салбарт гурван мянган зөрчил гарчээ. Эдгээрт мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцлага тооцох, эрх зөвлөн туслах үйлчилгээнээс эхлээд гүйцэтгэлийн шалгалт хийж зөрчил арилгах даалгавар өгснөөр хязгаарлагдаж байгаа юм. Үг авахгүй дөжирсөн заримд нь Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох газарт илгээхээс хэтрэхгүй. Уг нь нийтийн эрх ашигт харшилсан, удаа дараа зөрчил гаргаж буй “чихгүй толгойд” салбарын яам, засаг захиргааны нэгж хариуцлага тооцох ёстой. Үйл ажиллагаа эрхлэх, боловсруулах үйлдвэрлэл явуулах, олборлолт хийх зөвшөөрлийг салбарын яам, аймаг, дүүргийн ЗДТГ олгодог учраас “хариуцлагагүйн зуд”-д хувь нэмрээ өргөж буй этгээдэд тэд төрийн төмөр нударгыг харуулах ёстой. Гэвч энэ тогтолцоо өнөөдөр бүрэн алдагдсанаас олон нийт мэргэжлийн хяналтын байгууллагыг буруутнаар нэрлэж байна. Улсын хэмжээнд 1500 байцаагчтай мэргэжлийн хяналтынхны дэргэд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны албан хаагчид гээд нийтийн эрх ашигт харшилсан зөрчлийг арилгах том хүч бий. Мөн хэв журам сахиулах зөрчилд торгууль оногдуулах эрх бүхий 15 мянган албан хаагчтай цагдаагийн байгууллагад энэ хамаатай. Бас яамдад тухайн салбарынхаа “но”-г мэддэг хяналтын нэгж ч бий. Хариуцлагын тогтолцоог тэднээр дамжуулан хэрэгжүүлэх нь “сонгодог” хувилбар. Эрхийг нь ч хуулиар олгосон. Харин дээрх байгууллагууд, түүний удирдлага МХЕГ л бүх зөрчлийг арилгах үүрэгтэй гэх уламжлалт ойлголтоосоо салаагүйгээс нийтийг хамарсан хариуцлагын тогтолцоог бий болгох шилжилт хариуцах эзэнгүй орхигджээ. Нийгмийг хамарсан хариуцлагагүй байдал удаа дараа илэрч, салбар бүрт осол эндэгдэл гаарч байх үед Ерөнхийлөгч нэг бус удаа мэргэжлийн хяналтад бүрэн эрх олгох асуудлыг хөндөж байсан. Ганцхан жишээ дурдахад, тэрбээр хүүхэд хамгааллын чиглэлээр хууль хяналтын байгууллагынхантай уулзах үеэрээ эмийн санг шууд шалгах эрхийг МХЕГ-т олгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийхийг чиглэл болгосон ч өнөөг хүртэл ЭМЯ, Засгийн газар хуулийн төсөл санаачлаагүй л байна. Шийдвэр гаргах түвшний энэ мэт хойрго, хойш суудаг дутагдал хариуцлагагүй байдал газар авах шалтгааны үндэс болсоор. Тиймээс “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн хамгийн үндэслэлтэй тайлбар бол салбарын яамд, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагын зүтгэл дутсанаас үүдэлтэй гэдгийг дээр дооргүй ойлгох цаг болжээ. Мөн МХЕГ-т шалгах эрхийг бүрэн олгодоггүй юм аа гэхэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлж өгснийхөө дараа тэднийг хамаг зөрчлийн буруутан, “хойд хар овоохойн” эзнээр тодруулахад буруудах зүйл үгүй ээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn