A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5459/

Мөнгөгүй гэх зовлон тоочиж суусаар үнэт олдворуудаа тонуулчдын гарт алдсаар байна

Мөнгөгүй гэх зовлон тоочиж суусаар үнэт олдворуудаа тонуулчдын гарт алдсаар байна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5459/
  • Хөгшнийх нүүхдээ хаваржаагаа эзгүй орхисноос болж, ойролцоох булш, бунхныг нь хүмүүс тоноод, сүйтгэчихсэн байна. Тус газарт 100 орчим булш байсан бөгөөд тонуулчид толгой дараалан бүгдийг нь сүйтгэжээ
  • 2018 онд 30 гаруй хиргисүүр булш тоногдсон байсны 29-ийг нь тухайн орон нутгийн иргэд бүлэг тонуулчдад жуучлан сүйтгүүлсэн нь тогтоогджээ

Монголын нутагт Хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг ажээ

Өргөн уудам нутагтай Монгол маань эртний ховор олдворуудын өлгий нутаг гэж хэлж болно. Аль ч аймгийн нутагт очсон хиргисүүр, буган чулуун хөшөө дурсгал элбэг тохиолдоно. Дэлхий дахинд археологийн олдвор хумигдаж байхад манай улсад харин элбэг бий. Тиймээс дэлхийн олон орны судлаачдын харааг булааж, хорхойг хүргэсэн үнэт олдворууд олонтоо илэрдэг билээ. Нэг аймгаас л гэхэд 10 гаруй мянган олдвор олддог тухай баримт байна. Гэхдээ баримтжуулсан хэрнээ хамгаалж чадахгүй байгаа нь дэндүү харамсалтай. Амьдрал уруудахын хэрээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хөлд археологи, палеонтологийн дурсгалт өв сүйдсээр байна. Нэгэн жишээ дурдахад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг дахь Хориг уулнаас 700-800 жилийн өмнөх болов уу гэмээр ваартай шар тос олдож байсан. Гэтэл эл эртний олдворын ихэнх нь тонуулчдын гарт сүйтгэгдсэн байсныг Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан нэг удаа хэлж байсан юм. 2016 онд археологичид нутгийн иргэдтэй хамтран судалгаа хийж байжээ. Хориг уулын бэлд хаварждаг Баттөр гэдэг өндөр настны хаваржааны ойролцоо эртний гэмээр булш байдаг байж. Хөгшнийх нүүхдээ хаваржаагаа эзгүй орхисноос болж, ойролцоох булш, бунхныг нь хүмүүс тоноод, сүйтгэчихсэн байна. Тус газарт 100 орчим булш байсан бөгөөд тонуулчид толгой дараалан бүгдийг нь сүйтгэсэн ба хүний яс, төмөр эдлэл, дөрөө, хазаарын амгай, малын яс зэрэг эд зүйлүүд байсныг тонуулчдын гарт алджээ. Тусгай зөвшөөрөл олгохгүй байснаас болж хугацаа алдаж малтлага хийснээс археологийн хосгүй олдворыг хулгайд алдсан тухайгаа археологичид халаглан ярьж суулаа. Хэрвээ дахиад жаахан хугацаа алдсан бол ваартай шар тос хайлж муудаад алга болох байсан аж. Бүх газар нутгийн хэмжээгээр тооцвол булш, бунхан хиргисүүрийн тооллогыг нарийн гаргах боломжгүй байдаг байна. Барагцаагаар манай улсын нутагт Хүннүгийн үеийн булш 10 мянга, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 7000, дөрвөлжин булш 3000 гаруй байдаг ажээ. Зөвхөн Хэнтий аймгийн Баянмөнх суманд л гэхэд хүн чулуун хөшөө хоёр, Түрэгийн үеийн хашлага гурав, хадан дээр сийлсэн эртний зураг хоёр, эртний булш, хиргисүүр зургаа байдаг тухай тэмдэглэжээ. Гэхдээ эртний олдвор, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах зүйлсийг тонож сүйтгэсэн хүмүүст хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бүрхэг байсаар байна. Хууль бус наймааг хянаж, илрүүлэх хууль эрх зүйн тогтолцоо бүрэн гүйцэд бүрдээгүй байгаа нь хулгайчдыг улам өөгшүүлж байна. Хууль эрх зүйн орчны доройг далимдуулан хил дамнуулан худалдах үзэгдэл ч газар авсаар байгаа аж. 2018 онд л гэхэд 30 гаруй хиргисүүр булш тоногдсоны 29-ийг нь тухайн орон нутгийн иргэд бүлэг тонуулчдад зуучлан сүйтгүүлсэн нь тогтоогджээ. Мөн цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Архангай зэрэг аймагт булш хиргисүүр тоносон хэрэг бүртгэгдсэн боловч эзэн холбогдогчийг огт илрүүлж чадаагүй аж. Орон нутагт цагдаагийн хүч хүрэлцээ муу байдаг учраас тэр бүр булш хиргисүүрүүдийг хянах боломж байдаггүй юм байна. Ялангуяа, Сяньбигийн үед хамаарах булш хиргисүүрүүдийг бүгдийг нь тоночихсон болохоор зарим зүйлийг судалж тогтооход бэрхшээлтэй болсныг археологич онцолж байгаа юм. Мөн археологийн чухал олдвороос тоносон зүйлсээ иргэд эртний эдлэлийн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаж байх магадлалтай ч цагдаагийн байгууллага шалгаж нягтлах хэцүү гэдгийг хуулийн байгууллагын хүмүүс хэлэв. Учир нь яг тийм булшинд байсан олдворын нэг хэсэг мөн байна гэдгийг тогтоох боломжгүйгээс гадна хүний эд хөрөнгөд дураараа халдаж буй үзэгдэл болох учраас шууд хардаж чаддаггүйгээ нуухгүй байна. Эрүүгийн хуулиар археологийн олдворыг зөвхөн хил давуулан худалдахад л хариуцлага хүлээлгэдэг аж. Харин эртний эдлэлийн дэлгүүрүүдээр дамжуулан зарсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй юм байна. Нөгөөтэйгүүр, археологийн олдворыг хадгалж хамгаалах үүрэгтэй музей нь өнөөдөр олон улсын стандартад нийцэхгүй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгт хадгалагдаж байсан булшийг л гэхэд яг тийм орчин нөхцөлийг нь бүрдүүлж байж хадгалах горимтой байдаг гэнэ. Гэтэл манай улсын музейнүүд хадгалагдаж байсан орчныг нь бүрдүүлж хамгаалах боломж хомс байдаг талаар археологчид хэллээ. Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх нь хамгийн чухал аж. Гэтэл манай улсын музейнүүд тусгай лаборатори байтугай мэргэжлийн сэргээн засварлагч ч дутагдалтай байна. Археологийн олдворуудыг сэргээн засварлах, нарийн судалж шинжлэхэд төр засгаас хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй бөгөөд судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ихэвчлэн гаднын байгууллагууд гаргадаг. Соёлын үнэт ховор, нандин, эмзэг дурсгалд хамаарах археологийн олдворуудыг нээж илрүүлэхэд хүч хөрөнгө зарах шаардлагатайг археологичид хэллээ. Мөн тонуулчдад сүйтгэгдэхээс нь өмнө малтлага хийж, судлуулах хэрэгтэй байна. Төр мөнгө зарж түүхийн үнэт олдворуудаа хамгаалахгүй бол хөрөнгө санхүүгийн гачигдлаас шалтгаалж хүрч чадахгүй байсаар байтал хулгайч, тонуулчдын гарт алга болж, археологийн олдворууд аврал эрсээр байх болно. 

ЗГМ: Тодруулга 

Ц.Одбаатар: Манай музейнүүд олон улсын стандартад нийцдэггүй

  • Тухайн булшнаас олон зүйл дутчихаар судалж шинжлэхэд бэрхшээл учирдаг. Уг соёлын өвийг сүйтгэхэд хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэмээр байгаа юм
  • Ер нь музейн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгээс олдсон олдворыг яг газрын гүнд байсан шиг нь орчинд хадгалж, хамгаалах ёстой. Гэвч манайх тэгж чадахгүй байна

Манай улсын археологийн үнэт олдворуудын талаар дэлхий дахинд ч шуугьдаг билээ. Архангай аймгийн Гол модны Хүннүгийн булшны талаар олон улсын хэвлэлд хэд хэдэн удаа бичиж байв. Уг булшийг илрүүлэхэд оролцсон археологич, Монголын үндэсий музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одбаатараас археологийн олдворын хадгалалт, хамгаалалтын талаар тодрууллаа.

-Манай улсын музейнүүд олон улсын стандартад хэр нийцдэг вэ. Тухайлбал, мөнх цэвдэгээс олсон бол яг тэр нөхцөлийг нь бүрдүүлж хадгалах ёстой гэж олон улсад үздэг юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Олон улсын стандарт хангасан музей манай улсад тун цөөн. Сүүлийн үеийн стандартад нийцсэн музей гэвэл Хархориныг л хэлнэ. Олон улсын стандартаар бол музейнүүд цахилгаан шат, сэргээн засварлах хэсэг, шинжлэх лабораторитой байх ёстой. Ер нь музейн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, мөнх цэвдэгээс олдсон олдворыг яг газрын гүнд байсан шиг нь орчинд хадгалж, хамгаалах ёстой. Гэвч манайх тэгж чадахгүй байна. Манай музей нэлээд хоцрогдоод байгаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж барьсан музей болохоор хуучрах нь аргагүй юм. 

-Засвар шинэчлэл хэр хийж, тоосжилтыг нь хэрхэн дардаг вэ? 

-Бид чадах чинээгээрээ засвар шинэчлэл хийдэг. Гэхдээ олон улсын стандартыг хангаж чаддаггүй. Цахилгаан шатгүй, орчин нь маш их тоосжилттой байдаг. Манайхан тоосжилтийг чадах хэрээрээ дардаг. Мөн сэргээн засварлалтыг ч өөрсдийнхөө хэмжээнд хийдэг. Нэг дэвшилттэй зүйл нь бид олдвороо газар дээр нь бэхжүүлж, зөв тээвэрлэж авчирдаг болсон. Энэ бол маш чухал. Хэрэв газар дээр нь бэхжүүлэлгүй тээвэрлэж авчирвал олдвор гэмтэх эрсдэл гардаг. 

-Сэргээн засварлалт гэснээс энэ чиглэлийн мэргэжилтэн хэр хүрэлцээтэй байдаг вэ? 

-Манай музей нэг сэргээн засварлагчтай. Ер нь археологийн олдворыг сэргээн засварлагч дутмаг байдаг. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа. Төр засаг анхааралдаа авч энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх байх. Гаднын зарим оронд археологийн олдвор сэргээн засварлах чиглэлээр мэргэшсэн залуус мэр сэр ирж л байна. Бид ихэнх олдвороо соёлын өвийн төвөөр засварлуулдаг. Японы Нарагийн их сургуулийн төгсөөд ирсэн залуу тэнд ажиллаж байгаа. Археологийн олдвор сэргээн засварлалтаар Япон бол шилдэг улс шүү дээ. Тиймээс тэнд төгсөөд ирсэн мэргэжилтэн сайн байх нь гарцаагүй. Соёлын өвийн төв ачааллаа дийлэхгүй байгаа. Цөөн сэргээн засварлагчтай болохоор ажлаа хийж хүчирдэггүй юм. 

-Сүүлийн үед бүтэн булш олдохоо байжээ. Дандаа тонуулсан тухай ярих боллоо. Тонуулчдад хуулийн хариуцлага хүлээлгэж болдоггүй юм болов уу? 

-Археологийн өв бол ховор, эмзэг үнэт өв. Гэтэл хулгайч тонуулчид биднийг малтлага хийж, судлахаас өмнө тоночихсон байдаг. Тухайн булшнаас олон зүйл дутчихаар судалж шинжлэхэд бэрхшээл учирдаг. Уг соёлын өвийг сүйтгэхэд хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэмээр байгаа юм. Даанч орон нутгийн цагдаа нарын ажлын ачаалал их болохоор бүх зүйлийг хянаж чаддаггүй байх.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Наранжаргал: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж явна

  • Аав, ээжийнхээ, ард түмнийхээ, хайртай ханийнхаа бахархал дунд амьдармаар байна
  • Олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс харамсахгүйн тулд эргэн ирсэн
  • Юуны тулд махбодио, амьдралынхаа хагасыг золиослосон билээ. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ

Монголын жүдо бөхийн спортын эмэгтэйчүүдийн хүнд жинд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд тахалж яваа цөөн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэний дараа дэвжээгээ түр хугацаанд орхисон тэрбээр өнгөрсөн улсын аваргаар дахин жүдодоо хөл тавьсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Наранжаргал мастерын илэн далангүй яриаг сонирхоно уу.

-Та бол жүдод шинэ хүн биш. Хэсэг хугацааны завсарлагааны дараа их спортдоо эргэн ирлээ. Хэр хүнд байв?

-Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү байлаа. Шантарсан, ядарсан, яах гэж буцаад хүрээд ирэв дээ гэж бодох үе хүртэл байсан. Тэгээд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л бага зэрэг урам орсон. Надад боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Улсын аваргад барилдаж байхдаа өөрийгөө тэгтлээ суларчихаагүй, муудчихаагүй юм байна гэж бодсон. Ер нь хүүхдээ төрүүлээд амарч байх хугацаанд олон хүн намайг дахин барилдахыг зөвлөсөн, ятгасан. Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид болон “Женко” клубын багш нар маань маш их дэм болсон. Улсын аваргад түрүүлбэл үндэсний шигшээ багт авна гэж хэлсэн юм. Би ч боломжийг алдахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд улсын аваргад түрүүлж, нэг их удалгүй шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багтаа орж цалин мөнгөтэй золгоно гэдэг амьдралд том нэмэр шүү дээ. “Женко” клуб маань намайг жирэмсэн байхад ч цалинг минь тогтмол өгч байлаа. Магадгүй тухайн үед намайг жүдодоо эргэн ирнэ гэж бодсон учраас цалинг минь таслахгүй өгч байсан болов уу. Тэднийхээ дэмээр би өнөөдөр дахин барилдаж байна. Хэрвээ ийм боломж олгоогүй бол би өдийд жүдог орхисон ч байж мэднэ.

-Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд огт бэлтгэл хийгээгүй хүн төсөөрсөн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Бэлтгэлдээ орсноос хойш ердөө гурав хоногийн дараа самбо бөхийн улсын аваргад түрүүлсэн юм. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа жүдогийн улсын аварга болсон. Бүр шилдэг тамирчнаар тодорч билээ. Ер нь нэлээд төсөөрсөн байсан. Хөлөө ч хаана гишгэж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ 15 жил хичээллэсэн хүн туршлагаараа дотоодын том тэмцээндээ түрүүлж чадсан. Биеийн хүчнээс гадна сэтгэл зүй их нөлөөлсөн шүү. “Хэдийгээр төрсний дараа барилдаж байгаа ч би бусдыгаа бодвол олон жилийн туршлагатай шүү гэж бодсон. Цаашлаад самбоор түрүүлж чадсан юм чинь жүдогоор яагаад чадахгүй гэж” гэсэн сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй байсан учраас би дотоодын хоёр том тэмцээнд түвэггүй түрүүлсэн болов уу. Энэ жилийн улсын аваргад түрүүлээд сэтгэл маш ихээр хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өмнө нь өчнөөн л түрүүлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг тэгж их сэтгэл хөдөлж байгаагүй. Түрүүлээд зогсохгүй шилдэг жүдочоор зарлахад өөрийн эрхгүй огшсон шүү.

-Хоёр жил завсарлаад тэмцээнд ороход арай өөр бодол, сэтгэхүйтэй болсон байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэс өөр болдог юм билээ. Хэрвээ би улсын аваргад түрүүлж чадахгүй бол спортоо бүрмөсөн орхиж, залуу тамирчдадаа зайгаа тавьж гэсэн бодолтой байлаа. Гэтэл түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Дээрээс нь бүрмөсөн зодог тайлсныхаа дараа харамсахгүйн тулд эргэн ирсэн юм. Хүн харамсдаг юм билээ. Өдий олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс ямар ч байсан өөрийгөө дайчилж, боломжоо ашиглахыг хүссэн юм.

-Эргэн ирэхэд хамгийн хэцүү байсан хүчин зүйл юу вэ?

-Хүүхэд харах хүнгүй байх л хэцүү санагдсан. Харин одоо бол хоёр ээж минь хүүхэд харж, ар талыг найдвартай дааж яваа учраас санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Ээж болсон найзуудынхаа зовлонг өөрөө ээж болсон хойноо л бүрэн ойлгож байна даа.

-Эргээд спортдоо орохдоо хэр их эсэргүүцэлтэй тулгарав?

-Эхэндээ ээж дургүйцсэн. Бас миний хань дуртай байгаагүй. Хүн хамгийн түрүүнд үр хүүхдээ л боддог юм билээ. Хүүхэд жаахан байхад орхиж тэмцээн орлоо, хүүхдээ өсгөж том болго. Чи ер нь залуу хүүхдүүдэд хожигдож онигоо болох хэрэг байгаа юм уу гэх мэтээр зөвшөөрөхгүй байсан. Харин би нөхөртэйгээ ганц л тохироо хийсэн. “Намайг самбо, жүдогийн улсын аваргад оруулчих. Түрүүлбэл миний бэлтгэл хийхийг, цаашид тэмцээнд оролцохыг битгий хоригло. Түрүүлж чадахгүй бол би сайн дураараа спортоо орхино” гэдэг дээр тохиролцсон. Ингээд би хоёуланд нь түрүүлж чадсан учраас одоо эсэргүүцэхээ больсон. Харин ч дэмжиж байна. Тэмцээн, уралдаанд явахад хоёр ээжээс гадна нөхөр маань хүүхдээ маш сайн хардаг. Гэхдээ хүний л ээж болсон хойно хаана ч явсан хүүхдээ санаж, санаа зовдог юм билээ.

-Их спортдоо эргэн ирснээс хойш анхны том тэмцээндээ оролцлоо. Тэр нь Парисын “Их дуулга” байсан. Энэ тэмцээний талаар дурсах уу?

-Сандарч үзээгүйгээрээ сандарсан, ядарсан, шантарсан. Тийм л тэмцээн болж өнгөрсөн дөө. Дэвжээн дээр гараад юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүүхдээ санахын хажуугаар ядарч, шантарч уйлж хүртэл үзлээ. Уйлж байхдаа “Би энд юу хийж яваа юм. Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Гэртээ хүүхдээ хараад, эрхлүүлээд хэвтэж байхгүй юунд дурлаж энэ хол замыг туулан ирэв” гээд л өөртэйгээ ярьж үзсэн. Тухайн үед хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа найз минь миний зүрхэнд итгэлийн галыг асааж өгсөн. Найзаасаа асар их урам зориг авсан шүү. Хэрвээ Д.Сумъяа маань байгаагүй бол тэр чигээрээ шантраад карьераа дуусгах ч байсан юм билүү, мэдэхгүй байна. Харин одоо бол бэлтгэлээ эрч хүч авч байна шүү дээ. Юун ядрах, шантрах. Улам л эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Тэмцээн хурдан болоосой л гэж бодох боллоо.

-Хоёр жилийн дараа дахин их спортдоо эргэн ирсэн Наранжаргал сандрахын зэрэгцээ баярласан болов уу. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь надад итгэл өгч, том тэмцээнд авч явсан шигшээ багийн дасгалжуулагч нар их хүч өглөө. Намайг тэд заавал тэмцээнд явуулах албагүй. Хоёр жил завсарласан хүн форм муутай л байж таарна. Гэтэл тэр бүхнийг ажрахгүйгээр надад итгээд, намайг аваад явсан нь өөрөө маш том урам өгч байгаа хэрэг. Тиймээс үүнд их баярладаг. Ер нь надад итгэл хүлээлгэсэн олон хүн бий. Тэднийхээ итгэлийг л алдахгүй юмсан гэж хичээж явна. Итгэлийг нь алдахгүйн тулд өдөр бүр бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж байна.

-Тэгвэл та спортоос хөндийрч байхдаа өөрийнхөө орон зайг алдахаас айж байсан уу?

-Миний биеийг төмрөөр хийгээгүй учраас би нэг л өдөр спортоо орхих нь тодорхой. Тиймээс миний араас залгамжилж буй дүү нар хурдан гарч ирээсэй гэж боддог. Намайг завсарлаж байх хугацаанд орлох өөр тамирчин гарч ирээд, би түүнийг үнэхээр дийлэхгүй бол зайгаа тавиад л өгнө. Надад тийм сэтгэл зүй байна. Хүний орон зайг булаах хүсэл ч байхгүй. Харин тухайн тамирчнаа тултал нь дэмжинэ. Түүнээс биш би заавал байх ёстой гэж зүтгэхгүй. Чадахгүй байгаа учраас, надаас илүү тамирчин гарч ирсэн учраас зайгаа тавьж өгөх нь миний үүрэг юм. Ийм бодолтой явдаг тул орон зайгаа алдахаас айгаагүй. Тиймээс жингийнхээ дүү нарыг цаг хугацааг сайн ашиглаж, бэлтгэл тултал нь хийж дэлхийн дэвжээнд амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Коронавирусийн хорио цээр зарим тамирчинд хүнд туссан байх. Гэтэл нэг хэсэгт нь маш том боломж олголоо гэж харж байна. Тэр тамирчдын тоонд та ч бас орно. Харин та надтай санал нийлэх үү?

-Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар багшдаа “Хүмүүс коронавирусийг үзэж ядаж байна. Харин надад боломж олгосон юм шиг санагдаад эергээр хүлээж авч байгаа” гэсэн чинь багш “Чамд зориулаад олимп нэг жилээр хойшиллоо” гэж хэлсэн юм. Тэр үг миний толгойд шууд орж ирсэн. Энэ цаг хугацаа, орон зайг ашиглаад бэлтгэлээ сайн хийхийг эрмэлзэж байна. Надад маш том боломж олгож байна гэж харж байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан бол би 2020 оны олимпод оролцож амжихгүй ч байж мэднэ. Ядаж л багийн барилдаанд оролцож, нэг ялалт авах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж явлаа. Багийн барилдаанд бүхнээ дайчилдаг нь миний унаган зан юм. Тэгвэл одоо хувийн амжилтаа ч, багтаа ч том хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

-Гурван Азийн наадмаас дараалан медаль авсан жүдоч Монголд танаас өөр байдаггүй юм билээ. Тэгэхээр олимп, дэлхийн аваргаас медаль аваад зодог тайлаасай гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би юм. Дээр дурдсан хоёр тэмцээн таны ойрын зорилго мөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэлтгүй дахиад нэг удаа Азийн наадамд зодоглох юмсан гэж шунаж байна. Тэгэхээр боломж гарвал 2022 оны Азийн наадамд барилдах хүсэлтэй. Мэдээж нэн түрүүнд олимпын эрхийн оноогоо цуглуулах хэрэгтэй. Азийн аваргад түрүүлмээр байна. Дараа нь олимпоос медаль авах тухай ярих нь зөв болов уу. Ямар ч байсан дээр дурдсан тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй зодог тайлбал зөвхөн би ч биш миний эргэн тойрныхон, намайг дэмждэг ард түмэн харамсах биз. Тиймээс харамсахгүйн тулд бүхнээ зориулна даа. Би нэг л зүйлээс айж байна. Тэр нь надад итгэж байгаа энэ олон хүний итгэлийг алдах вий, урмыг нь хугалах вий гэдгээс айж байна.

-Ер нь та богино хугацаанд хувийн амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байна шүү. 2018 оны Азийн наадмаас медаль авсны дараа гэхээр?

-Азийн наадмын дараа дэлхийн аваргад оролцсон. Тухайн жилийн дэлхийн аваргаас медаль авах юмсан гэх том зорилготой байлаа. Тэр хэрээр биеэ барьж, сандарсан. Ингээд тэмцээнээ дуусгасны дараа өдий олон жил барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, гутарсан. Тэгээд ер нь л спортоо орхиж, өөрийнхөө боловсролд анхаарч, хөгжүүлье гэж бодсон. Том тэмцээнүүд дууссан учраас хэсэг хугацаанд тархи толгой, биеэ амраахаар шийдсэн. Тэр амралтын үеэр л хүүхэд минь бэлэг болж ирсэн байсан, маш их баярлаж хүлээн авсан. Жирэмсэн болсон хойноо дахиж барилдахгүйгээр шийдсэн ч үүнээс өөр чадах зүйл байгаа билүү гэж бодсон. Монголд үнэндээ барилдахаас өөрөөр ажил хийж амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс амжилтад хүрээд, сайхан амьдрахыг хүсч байна. Юуны төлөө махбодио, амьдралынхаа хагасыг зориулсан билээ. Эх орныхоо төлөө, сайхан амьдрахын төлөө л золиос гаргаж байна. Амжилтаа үзүүлж чадвал эх орон, аав, ээж, ард түмэн, хань ижил гээд бүгдээрээ л бахархана. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ. 

-Ингэхэд жүдоч болоход таны бөхийн удам нөлөөлөв үү. Эсвэл та өөрөө тэгтлээ дурлаа юу?

-Би “Молиго бүргэд”-ийн хэмээх 1932 оны наадмын түрүү бөх, улсын арслан П.Бат-Очирын удам юм билээ. Аав минь тэр хүний зээ хүү. “Молиго бүргэд” гэх хүн 43 насандаа улсын наадамд түрүүлсэн. Тэгвэл энэ удмын бөх улсын начин А.Алтанхуяг ч мөн 40-өөд насандаа улсын цол авсан шүү дээ. Тэр утгаараа манай удмынхан нас тогтсон хойноо амжилт гаргадаг юм байна гэх бодол төрсөн. Харин миний амжилт гаргах нас одоо л болж байх шиг. Ийм бодол өөрийн эрхгүй төрж, өөрийгөө тайтгаруулж явдаг. 2004 оноос жүдод хөл тавьсан. Тухайн үед спортын төв ордны хоёр давхарт нэг заалны хаалга онгойлгоход Ш.Цэвэлмаа багш угтсан. Аав минь миний ихэр Нарантогтох бид хоёрыг дагуулж очиж, багшид шавь оруулж байлаа. Энэ цагаас хойш л хоёргүй сэтгэлээр жүдод зүтгэсний ачаар чамлахааргүй амжилт гаргалаа. Одоо олимп, дэлхийн аваргаас л медаль авах үлдсэн дээ. Миний ихэр Нарантогтохын хувьд байлдааны самбоор багагүй амжилт үзүүлсэн.

-Эмэгтэй хүүхдийг барилдана, бокс тоглоно гэхээр эцэг, эхчүүд дургүйцдэг. Таны аав, ээж бас тэдний нэг байсан уу?

-Анхнаас нь л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л аав минь намайг анх барилдаж эхлэхэд өглөө бүр гүйлгэж, хичээлд явахаас өмнө өглөө бүр гар дээр суниалт 50, гэдэс таталт 50, нуруу таталт 50-ыг хийлгэдэг байлаа. Аав минь 10 гаруй жил энэ дасгалаа хийлгэсэн дээ. Бас уул өөд гүйлгэнэ. Ер нь багш шиг л бэлтгэл хийлгэнэ. Монголд болсон бүхий л тэмцээнд дагаж явна. Аав, ээжийнхээ дэмжлэгийн хүчинд л би өдий зэрэгтэй яваа юм. Манай жүдочдын олонх нь миний аавыг мэднэ. 

-Тэмцээн болохгүй ч бэлтгэлээ тогтмол хийж байгаа байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-3-4 цагийг хүчний бэлтгэлдээ зарцуулж байна. Жүдогоор барилдахын тулд хүчний бэлтгэл маш чухал. Тиймээс Golds клубт Б.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хүчний бэлтгээл базааж байна. Багшийнхаа ачаар хүч маань ахиж, бэлтгэл ч их таарч байгаа учраас баярлалаа гэж хэлье. Харин шигшээ багийнхантайгаа нэгдэж чадаагүй л байна. Тэд хөдөө цугларалтад гарсан байгаа. Би удахгүй араас очно. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл хийх нь чухал. Тиймээс хүүхэд харах хүнтэй болсны дараа шигшээ багийнхаа жүдочидтой нэгдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хүссэн зорилгодоо хүрч олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсье?

-Баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжсэн гэр бүлийнхэн, Монголын жүдо бөхийн холбоо, “Женко” клуб, шигшээ багийнхан, Golds клубын хамт олон, дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа, хүчний багш Б.Мөнхбаяр, шигшээгийн дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний надад итгэсэн тэр их итгэлийг амжилтаар хариулж, дааж явахын төлөө хичээх болно.