A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2901/

Мөнгөө өөрөөсөө хамгаалж, хуримтлалтай болох шалгарсан аргууд

Мөнгөө өөрөөсөө хамгаалж, хуримтлалтай болох шалгарсан аргууд

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2901/


Монголын дундаж өрх 1.2 сая төгрөгийн орлоготой тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ бол өмнөх оноос 200-аад мянган төгрөгөөр өссөн дүн. Орлогын түвшин инфляцаас хурдтай өссөн нь бидний хэмнэх, хадгалах, хуримтлалаа нэмэгдүүлэх боломж сайжирч байгааг илтгэнэ. Гэсэн ч мөн хугацаанд өрхийн зарлага нь орлогоосоо ч, улсын инфляцаас ч илүү хурдтай өсч 1.3 сая төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл Монголын дундаж өрх сар бүрийн зардлаа санхүүжүүлэхийн тулд тогтмол 100 мянган төгрөгийн өрөнд орж байна гэсэн үг.

Орлого нэмэгдэхийн хэрээр шаардлагагүй зардлаа өсгөдөг, материаллаг хэрэглээнд суурилсан бидний санхүү удирдлагын сул талыг зөвхөн энэ жишээнээс харж болно. Санхүүгээ удирдахдаа монголчуудын нийтлэг гаргадаг алдаануудыг Монголбанк тодорхойлсон байдаг аж. Бид хэрэглээг хэт шүтсэн, хэмнэх дадал суугаагүй, хэмнэснээ хуримтлуулах дадал суугаагүй, хуримтлуулах арга эзэмшээгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, санхүүгийн боловсрол муу (АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас бараг хоёр дахин сул), санхүүгийн сахилга бат сул зэрэг тодорхой алдаануудыг гаргадаг байна.

Орлого өссөн ч хуримтлал үүсгэж чадахгүй байгаа энгийн монгол өрхийн жишээ танд ойр санагдаж байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Орох мөнгөн урсгал тогтмол үед хуримтлал үүсгэх, монгол өрхийн санхүүгийн сахилга бат, орлогоо захиран зарцуулах хэв маягт тусгайлан нийцсэн, өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж болохуйц энгийн аргуудыг танилцуулж байна.

ЯГ ОДОО ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ НЭЭ!

Бид хугацаатай хадгаламж нээхээс эмээх хандлагатай байдаг. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээ гарахад гар дээр хөрвөх чадвартай бэлэн мөнгө байхгүй байх вий гэх айдсаас энэ нь үүсэлтэй. Гэвч энэ айдас нь мөн л хэрэглээг хэт шүтсэн хандлагатай маань холбоотой. Сүүлийн 10 жилд Монгол өрхийн мөнгөн орлого гурав дахин нэмэгдсэн байна. Мөнгөн зардал инфляцаас илүү эрчтэй, орлоготой параллель өсч ирснээс орлогын өсөлт шууд хэрэглээ болж “лангуу руу” гарч байгааг харж болно. Тэгэхээр бидний хадгаламжиндаа хийгээгүй мөнгө зайлшгүй гэнэтийн хэрэгцээнд бус шуналыг маань тэжээхэд л зарцуулагдах нь илүү түгээмэл байдаг байна.

ДАНСНААСАА ТОГТМОЛ ШИЛЖҮҮЛЭГ ХОЛБУУЛАХ

Хадгаламжийн данс нээх бол ердөө эхлэл. Нэг сарын цалинд ч хүрэхгүй үлдэгдэлтэй хадгаламжтай хүмүүсийг алийг тэр гэх вэ. Тиймээс ажил хийж олсон орлогоо өөрөөсөө “хамгаалж” хуримтлал болох шулуун, дардан замыг бий болгох хэрэгтэй. Standard & Poor’s байгууллага Дэлхийн банк болон Жорж Вашингтоны их сургуулийн судалгааны багтай хамтран хийсэн Дэлхийн улс орнуудын санхүүгийн мэдлэг, сахилга батыг тодруулах судалгаанд Монгол улс 41 оноо авсан бол АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт 57 хувьтай байжээ. Санхүүгийн сахилга бат сул үед харьцангуй харгис гэж тодорхойлогддог аргууд илүү үр дүнтэй байдаг. Хуримтлал үүсгэхийн тулд өөрийн цалингийн данснаасаа сар тутамд, цалин буудаг өдрөө тааруулан тогтмол шилжүүлэг хийх тохиргоо суулгахад хангалттай. Цалингаа буунгуут, магадгүй оффисоосоо гарахаасаа ч өмнө тогтмол шилжүүлгийг тань татчихдаг бол бүр сайн.

ХУДАЛДАЖ АВАХ ЗҮЙЛСИЙНХЭЭ ЖАГСААЛТЫГ БИЧИЖ БАЙХ

Европын орнуудтай харьцуулахад Азийн орнууд, тэр дундаа монголчуудын дунд сэтгэл хөдлөлд тулгуурласан худалдан авалт хийх нь илүү түгээмэл байдаг. Бусад орнуудтай харьцуулахад бид төдийлөн шаардлагагүй, хэв маяг, хэлбэрт хөтлөгдсөн худалдан авалт хийх нь их байдаг гэсэн үг. Хэрвээ та санал нийлэхгүй байгаа бол шүүгээндээ сүүлийн 3 сар нэг ч удаа хэрэглээгүй хувцас, гутал, цүнх зэрэг байгаа эсэхийг анзаараад нэг үзээрэй.

Замбараагүй худалдан авалтаас гадна дэлгүүр, супермаркетууд биднийг төлөвлөөгүй худалдан авалт хийлгэхэд зориулагдсан зохион байгуулалттай байдаг. Нэг ширхэг давс авахаар дэлгүүр ороод тор дүүрэн бараатай гарч ирж үзсэн л биз дээ. Тэгвэл та тогтмол хэрэглэдэг дэвтэр дээрээ, эсвэл гар утсан дээрээ жагсаалт үүсгэн, худалдан авах шаардлагатай зүйлсээ тухай бүр нь тэмдэглэж хэвшээрэй. Ингэснээр нэг талаас дутуу худалдан авалт хийж, олон дахин дэлгүүр явахаас сэргийлнэ, нөгөө талаас шаардлагагүй зүйлс худалдан авахгүй байх боломжтой.

ХУДАЛДАН АВАЛТАА АЛЬ БОЛОХ БЭЛЭН МӨНГӨӨР ХИЙХ

Худалдаа, үйлчилгээний газрууд бараг бүгд бэлэн бусаар гүйлгээ хийх боломжтой болсон нь Монгол Улсын хувьд санхүүгийн том дэвшил. Бэлэн бусаар гүйлгээ хийх нь ариун цэвэр, аюулгүй байдлын хувьд гээд олон давуу талтай. Гэхдээ хэрвээ та мөнгө хэмнэхээр хичээж байгаа бол тийм ч тохиромжтой зүйл биш. АНУ-д хийгдсэн судалгаагаар, нэг сарын хугацаанд бэлэн бус гүйлгээнээс татгалзаж, зөвхөн бэлэн мөнгөөр худалдан авалт хийхэд судалгаанд оролцогчид зардлаа 18 хүртэл хувиар бууруулж чаджээ. Энэ нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь хүний сэтгэл зүйд асар хүчтэй нөлөө үзүүлдэгтэй холбоотой. Хэдий их хэмжээний худалдан авалт хийсэн ч карт зуруулахад бидний тархинд төдийлөн хүчтэй дохио очдоггүй байна. Харин зарцуулж буй мөнгөө нэгбүрчлэн тоолж, бусдад өгөх тэр үйлдэл нь тархинд асар хүчтэй сигнал өгдөг байх нь.

EBARIMT-АА ӨДӨР БҮР БҮРТГҮҮЛЖ БАЙХ

/Цүнх, түрийвчээрээ дүүрэн баримт цуглуулчихаад, сугалааны тохирол явагдахын өмнөх өдөр л бүртгүүлдэг олон хүний нэг юм биш биз. Хэрвээ тийм бол та орой бүр ebarimt— аа уншуулж хэвшээрэй. Ингэснээр та далд ухамсартаа нэг л өдөрт ямар их хэмжээний зарцуулалт хийж байгаагаа ойлгуулж байгаа юм. Тодорхой хугацааны дараа таны уншуулах баримтын тоо цөөрч байгааг та анзаарах болно.

ХУРИМТЛАЛЫНХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГА

Ямар ч том зорилгыг алхам алхмаар нь нарийвчилчихвал хүрэхэд тийм ч хэцүү биш. Нийт хуримтлалынхаа зорилтыг тогтоогоод, тухайн зорилгод хүрэх хугацаагаа тодорхойлоод, сар тутамд хуваачихвал таны сарын, өдрийн зорилт маш тодорхой болоод ирнэ. Гүйцэтгэлээ тухай бүр хянаад, том зорилгодоо хүрэхэд ямх ямхаар ч атугай ойртож байгаагаа мэдрэх амттай биш гэж үү.

ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН БОЛ ХУРУУНЫ ХЭЭ, ЭСВЭЛ НҮҮР ТАНИХ ТЕХНОЛОГИОР НЭВТРЭХ ТОХИРГООГ БҮҮ ИДЭВХЖҮҮЛ

Уншигч та хуримтлалын хамгийн гол дайсан нь бид өөрсдөө, мөн бидний замбараагүй хэрэглээ, амьдралын буруу хэвшил гэдгийг ойлгосон байх. Санхүүгийн сахилга бат муутай байх тусмаа мөнгөө өөрөөсөө хамгаалах “харгис” аргуудыг хэрэглэх нь оновчтой. Технологийн дэвшил бидэнд хэрэглээний асар хялбар практикыг санал болгож байна. Энэ нь  өөрөө хэрэглээг урамшуулах, ухамсаргүй зарцуулалт хийх том шалтгаан болоод байгаа юм. Тиймээс хэрвээ та гар утасны аппликейшн ашигладаг бол хурууны хээ, эсвэл нүүр таних технологиор нэвтрэх тохиргоог бүү идэвхжүүлээрэй. Зарцуулалт хийх болгондоо олон үсэг, тооноос бүрдэх нууц үгээ шивж оруулах ядаргаатай биш гэж үү. Тэгснээс худалдаж аваагүй байсан нь дээр.

ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ ГЭНЭТИЙН ОРЛОГЫГ ЗҮГЭЭР Л МАРТ

Сар тутмын тогтмол орлогоос гадна нэмэлт орлого орж ирвэл түүнийгээ зүгээр л мартаад хадгаламжиндаа хий. Мэдээж санхүүгийн сахилга бат илүү сайн үед хааяа өөрийгөө урамшуулж, удаан хугацаанд авахыг хүссэн зүйлээ авахыг зөвшөөрдөг ч худалдан авалт худалдан авалтаа өдөөдөг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тодорхой хэмжээний хуримтлалтай болох хүртлээ гэнэтийн том худалдан авалтаас ч зайлсхийх хэрэгтэй.

ЭРҮҮЛ ХООЛЛОЖ, ЭРҮҮЛ БАЙХ

Та сүүлийн нэг жилийн хугацаанд төлөвлөгдөөгүй хэрнээ хойшлуулшгүй гэнэтийн зардал юунд гаргаснаа санах гээд үз дээ. Монголчууд эрүүл мэндийн хэрэглээндээ хамгийн их гэнэтийн зардал гаргадгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс тогтмол эрүүл хооллож, өөрийгөө хайрлан аль болох өвдөхгүй байх нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг тань байхаас гадна хуримтлал үүсгэхэд маш чухал хүчин зүйл юм шүү.

Зөвлөгөө хэдий сайн ч хэрэгжүүлэхгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс та эдгээрээс өөрийн амьдралын хэв маягт тохирохыг сонгож яг өнөөдрөөс хэрэгжүүлээрэй. Нэг жилийн дараа та өнөөдөр эхэлсэн өөртөө талархах болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/