A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/628/

Мөнгө иддэг төсөл, зээл авдаг төсөв өрийн хямрал руу хөтөлж байна

500 цэцэрлэг, сургууль барих мөнгийг энэ сард гадаад зээлийн төлбөрт өгнө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/628/


Жил гаруйхны өмнө Монгол улс өр, зээлээ даахааргүй хямарч, эдийн засаг нь сэхээний тасгийн өвчтөн шиг болчихоод байлаа. Харин өнгөрсөн оны сүүлээс улсын эдийн засгийн үзүүлэлтүүд ёроолын цэгээс дээш өгсөж байна. Дэлхийн зах зээлд зэс, нүүрс зэрэг гол экспортын түүхий эдийн үнэ өсөж, ОУВС-гийн өргөжсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үрээр төсвийн зарцуулалт сайжирсан. Бүтээн байгуулалт идэвхжиж, үйлдвэр болон дэд бүтцийн олон том төслийн эхлэл тавигдсан үед бид нэг зүйлийг таг мартаад байна. Гаднынхнаас алгаа тосон авч буй өр, зээлийн хэмжээ ямар хэмжээнд хүрээд байна вэ. Хүү, төлбөрийг нь бид цагт нь өгч чадах уу. Одоогийн байдлаар Засгийн газрын өр ДНБ-ий 83.7 хувьд хүрээд байна. Угтаа бол Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй түвшинд барих ёстой гэсэн олон улсын жишиг бий. Энэ оны эхээр БНХАУ, ОХУ-аас авахаар тохирсон зээлийг үүн дээр нэмбэл оны эцэст бүр ч өндөр үзүүлэлттэй гарахаар байгаа юм. 2017 оны эцсийн байдлаар улсын нийт өр 27.4 тэрбум ам.долларт хүрсний гуравны нэг орчмыг Засгийн газрынх эзэлжээ. Ер нь сүүлийн жилүүдэд өрийн хэмжээ ямагт өссөөр ирлээ. 2010 онд улсын нийт гадаад өр 7.1 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 24.6 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 79 хувьтай тэнцсэн. Харин өнгөрсөн онд Засгийн газрын өр гурван тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн ч эдийн засаг өссөн сайхан мэдээнд дарагдан, анхаарлын гадна үлдчихсэн.

Чингис бондын төлбөрт 2022 онд нэг тэрбум гаруй ам.доллар өгнө

Монгол улс энэ онд 876.8 сая төгрөгийн өр төлөх ёстой. Энэ сард гэхэд 750 тэрбум төгрөгийг өрөндөө өгнө. Үүний 130 тэрбум төгрөг нь зөвхөн хүү. 750 тэрбум төгрөгөөр 700 км авто зам, 320 км төмөр зам эсвэл 500 сургууль, цэцэрлэг барих боломжтой байсныг Сангийн сайд Ч.хүрэлбаатар халаглан бичжээ. Цаашид ийнхүү амаа барин халаглах өр төлбөрүүд ар араасаа нэхэл хатуутай хүлээж байна. 2019, 2020 онд бид тус бүр 202.6 сая ам.долларын өр төлж бага зэрэг амсхийнэ. Харин 2021 онд 702.6 тэрбум ам.доллар, 2022 болон 2023 онд 1.1 тэрбум ам.доллар төлнө. Засгийн газрын хамгийн муу нөхцөлтэй, үр ашиггүй жишээгээр нэрлэгддэг Чингис бондын төлбөр л гэхэд бид 18-21 онуудад жил бүр 51.3 сая ам.доллар төлнө. Харин 2022 оны арванхоёрдугаар сард буюу дөрөвхөн жилийн дараа нэг тэрбум гаруй ам.долларыг зөвхөн энэ бондын өрөндөө өгөх хуваарьтай. Цаашлаад Самурай, дим сам, Мазаалай, хуралдай, гэрэгэ бонд гээд 2024 он хүртэл амсхийх чөлөөгүй өр төлөх нь. Гэхдээ зээл авах нь тийм ч муу зүйл биш. түүх сөхвөл, манай улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт 1970-1990 онд ОХУ-ын зээлийн ачаар л өрнөсөн байдаг. Монгол бол бага орлоготой, хөгжиж буй орон. Төсвөөсөө мөнгө гаргаад бүтээн байгуулж, ажлын байр олноор нь бий болгох үйлдвэрүүдийг босгож чадахгүй. Тиймээс хөгжихийн тулд гаднаас зээл авах нь буруу биш. Ер нь зөвхөн бага орлоготой гэлтгүй өндөр хөгжилтэй орнууд ч их хэмжээний өртэй байна. АНУ гэхэд Засгийн газрын өр нь ДНБ-ий 108.3 хувьд хүрсэн бол Японд энэ тоо 239.2 хувьтай байгаа. Хамгийн гол нь эдгээр орнууд төсвийн сахилга бат маш сайн, авсан зээлээ ашиг болгож чаддаг. Харин манайд төсвийн сахилга бат ямар билээ.

• Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй түвшинд барих ёстой гэсэн олон улсын жишиг байдаг ч манайд 83.7 хувьд хүрсэн.

• Эхлээд зээлээд, дараа нь юунд, хэдийг, хэрхэн зарцуулахаа шийддэг гажиг тогтолцоо манайд ужгирсан.

• Монгол Улс ДНБ-ийнхээ хэмжээг нэмэгдүүлэх гэж зүтгэж байгаа ч өр, зээл нь үүнтэй уралдан өссөөр байна.


Эрх баригчид улс төрийн айлчлалынхаа үр дүнд орнуудаас их хэмжээний зээл авахаар тохиролцдог. Харин дараа нь юунд, хэдийг, хэрхэн зарцуулах вэ гэдгээ шийддэг гажиг тогтолцоо манайд бүр ужгирсан. эзэнгүй орж ирсэн мөнгийг танил талаараа авч, төсөл хэрэгжүүлдэг, дундаас нь мөнгө иддэг “бизнес” нууц биш болжээ. Мэдээж, үүний горыг татвар төлөгчид л үүрнэ. Төсөл нь тодорхой байлаа гэхэд зээл авч буй орныхоо компани, ажиллах хүчээр хийлгэдэг нь ч цөөнгүй. Энэтхэгийн зээлээр барих гэж буй газрын тосны үйлдвэр гэхэд энэтхэг компаниуд зураг төслийг нь хийж, ажлыг нь гүйцэтгэхээр тохирсон. гэхдээ энэ тохиолдолд ажлаа чанаргүй хийдэг, дундаас нь мөнгө иддэг монголчууд ядаж газрын тосны үйлдвэр, ажлын байртай үлдэх биз. Мөн төслөө гүйцэтгэхдээ зардлаа хэд дахин өсгөчихөөд дараа нь төсвөөс түүнийгээ нэхээд суучихдаг барих-шилжүүлэх концессын гэж улсад хожоогүй гэрээ бий. Төслөө гүйцэтгэхдээ зардлаа хэд дахин өсгөчихөөд дараа нь төсвөөс түүнийгээ нэхээд суучихдаг. Уг нь 2014 онд өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өрийн таазыг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан. Гэвч сүүлийн хэдэн жилд Засгийн газрын авсан өр нь энэ хэмжээнээс хэтэрмэгц хуулиа өөрчилдөг болсон. Өрийн тааз 40 хувьдаа баригдаж биш, авсан, авах гэж буй зээлдээ тааруулж өрийн хэмжээг хуульд тусгаж байна. Социализмын үед тавьсан бидний өрийг оху цайруулж, иргэдийн нуруун дээрээс том ачаа хөнгөлсөн. Харин одоо хүү, төлбөрөө хүлээж буй зээлүүд улс хоорондын найрамдалт харилцаа бус хатуу гэрээнд үндэслэсэн учраас бид зээлээ цагт нь, хүүтэй нь төлж л таарна. Тиймээс үед өөрийгөө эргэн зээлээ зээлээр дардаг хэвээрээ л байх нь. Монгол улс ДНБ-ээ өсгөх гэж зүтгэж байна. Гэтэл өр, зээл нь үүнтэй уралдан өсөөр. Үүнээс гарах шийдлийг эдийн засагчид хэлж, санал болгосоор байгаа. Харин төрд өрийн удирдлага, төсвийн сахилгаа сайжруулж, иргэдийн нуруун дахь ачааг хөнгөлөх сэтгэл байна уу.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль хувийн хэвшлийг хамгаалдгийг хөрөнгө оруулагчид харлаа

 0 сэтгэгдэл


Улсын Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийг “Монголын зэс” корпораци гэж үзэн, хоёр жил үргэлжилсэн маргаанд цэг тавилаа. Тэгвэл энэ талаар болон бусад сэдвээр “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй ярилцсанаа хүргэж байна.

-Улсын Дээд шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргааныг хууль эрхзүйн хувьд бүрэн эцэслэсэн гэж ойлгож болох уу?

-Улсын дээд шүүхийн есдүгээр сарын 19-ний шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргааныг бүрэн эцэслэлээ. Энэ маргаан анх 2017 оны гуравдугаар сарын 29-нд эхэлж, Засгийн газраас 14 дүгээр тэмдэглэл гаргасан. Тус баримт бичигт “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу ТӨБЗГ-ын албан тушаалтнууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид мэдэгдэлгүйгээр шууд төрийн өмч болгосон. Ингээд үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг амралтын өдрүүдэд төрийн эзэмшилд бүртгүүлсэн байдаг. Үүнээс үүдэн 2017 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдөр манай компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэл болон захиргааны зарим акт нь илт хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтэрсэн хэрэг шийдвэрлэсэн хэмээн бид үзсэн. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 болон 49 хувийг эзэмшигчид хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэнэ гэсэн үг. Тиймээс бид иргэний шүүхэд гомдол гаргасан. Иргэний шүүх 2017 оны арванхоёрдугаар сард энэ маргааныг эцэслэн шийдвэрлээд, хувьцаа эзэмшигчдийн хурал нь хууль бус гэж дүгнэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийг оролцуулахгүйгээр, 51 хувийг эзэмшигчид хурал хийснийг шүүхээр тогтоосон. Энэ шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар хүлээн зөвшөөрч, 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр манай компанийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авч, мөн оны арванхоёрдугаар сард буцаагаад “Монголын зэс” корпорацийн мэдэлд шилжүүлсэн. Гэвч удалгүй 2018 оны нэгдүгээр сард Засгийн газар шинээр байгуулагдаж, дахин тогтоол гаргаж, 49 хувийг дахиад төрд авсан. Тэгвэл дээд шүүхийн уржигдрын буюу 2018 оны есдүгээр сарын 19-ний шийдвэрээр Засгийн газрын 2017, 2018 оны тогтоолууд, түүнийг дагасан ТӨБЗГ-ын дүрэм, шийдвэрүүд бүхэлд нь хууль бус гэж үзсэн.

-“Монголын зэс” корпорацийн хувьцаа эзэмшигчийн эрх хуульзүйн хүрээнд ийн баталгаажлаа. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар эрсдэл тулгарч магадгүй байна вэ?

-Захиргааны болон иргэний хэргийн шүүхээс хоёр асуудлыг шийдсэн. Нэгдүгээрт, 2017 онд улсын дээд шүүхийн иргэний танхимаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшигч нь “Монголын зэс” корпораци мөн гэдгийг нь баталсан. Мөн Засгийн газар хэлэлцээ хийлгүйгээр хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэж дүгнэсэн юм билээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг манай компанийн нэр дээр нэн даруй бүртгэх үүрэгтэй. ингэснээр хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурал зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Эдгээр хурлаар, ялангуяа, хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдэх шаардлагатай олон асуудал “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанид бий. Өнгөрсөн оны оргил үетэй харьцуулахад олон улсын зах зээлд зэсийн ханш ойролцоогоор 1500 ам.доллараар унаад байна. Түүнчлэн Арбитрын шүүхээс эцсийн шийдвэр гарч, “Эрдэнэт үйлдвэр” “Стандарт” банкны маш өндөр өр төлбөрт унаад байна. Энэ мэт асуудлыг компанийн эрх бүхий этгээд болох ТУЗ, хувьцаа эзэмшигчид шийдэх хуулийн заалттай. Түүнээс биш хэзээ ч Парламент, Засгийн газрын түвшинд ийм асуудал шийддэг жишиг олон улсад байхгүй. Үүнийг Засгийн газар бие дааж эсвэл хөндлөнгийн этгээд дур мэдэн шийдвэрлэх эрхзүйн боломж байхгүй. Хэрэв хүч түрэн ийн шийдвэл энэ нь цаашид урт хугацаанд үргэлжлэх олон улсын маргаан руу хөтөлж, ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Монголын зэс” корпораци алдагдсан боломжийн өртгөө тооцвол багагүй дүн гарах болов уу?

-Манай компани санхүү, хуульзүйн зардал зэрэг алдагдсан боломжоо тооцсоор ирсэн. Маш их зардал гарч байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Стандарт” банктай холбоотой асуудал улам даамжирч, 2008 оноос эхтэй энэ асуудал улс орны түвшинд хүрлээ. 2016 оны зургадугаар сард “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхэд “Стандарт” банкинд 50 гаруй сая ам.доллар төлөх шийдвэр гарсан. Мэдээж, “Жаст” компани уг төлбөрийг төлбөл хоёрдогч төлбөр төлөгч этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” үүнийг барагдуулахгүй.

Хэн нэгэн этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина

Одоо “Стандарт” банкинд төлөх ёстой төлбөрийн хэмжээ бараг 300-гаад тэрбум төгрөг буюу 112 сая ам.долларт хүрээд байна. Энэ төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” төлбөл үйлдвэрийн ажилчид, 51 хувийг эзэмшигч Монгол улсын төр, иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж буй хэрэг. олон улсын Арбитрын шүүхээс энэ хэрэг нь тодорхой хувь хүн, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг тогтоосон. Харин үүнийг Монголын шүүхийн байгууллагаас эцэслэн баталгаажуулж, гэм буруутай этгээдүүдээс нь хохирлыг нөхөн төлүүлбэл “Эрдэнэт үйлдвэр” энэ хохирлыг төлөхгүй байх бүрэн боломжтой. Үүнийг ч бид өмнө нь илэрхийлж байсан. Харамсалтай нь, 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхийн анхны шийдвэр гарахтай зэрэгцэн “Стандарт” банкны өр төлбөр анхаарал татаж эхлэх үед 2016 оны сүүлээр 49 хувийн эзэмшилтэй холбоотой маргаан дэгдсэн. Маргаан үүсч, манай компанийн төлөөллийг ТУЗ-өөс гаргасан. улмаар хууль бусаар ТУЗ байгуулж, “Стандарт” банкны өр төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлүүлэхээр хэлэлцсэн. Бас Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, уг өр төлбөрийг төлөхөөр оролдож буй зэрэг нь энэ асуудал анхнаасаа зохион байгуулалттай, хариуцлагагүй байдлыг дарах зорилгоор эхэлсэн байх магадлалтай. Харин одоо “Монголын зэс” корпораци хуулийн дагуу ТУЗ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”, цаашлаад 51 хувийг эзэмшиж буй иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллана. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголын зэс” аль аль нь үндэсний компани. Бид цөөн албан тушаалтан, хэн нэгэн этгээдийг хаацайлахаас илүү үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Үүний төлөө хууль зүйн бүх боломж бололцоог ашиглан ажиллана.

-Төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Эрхзүйн чадамжгүй ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүдийг цаашид хэрхэх бол?

-Эдгээр шийдвэрийг шүүхэд өгөөд хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Шинэ ТУЗ байгуулагдсанаар эхний ТУЗ-ийн хурлаар эдгээр шийдвэрийг хүчингүй болгох талаар хэлэлцэнэ. Мөн эрхзүйн чадамжгүй ТУЗ шийдвэр гаргаж, түүнийг нь биелүүлэхээр оролдсон тохиолдол байгаа. Эдгээр нь компанид ямар нэг хохирол учруулбал холбогдох хүнд нь хариуцлага тооцохыг үгүйсгэхгүй.

-Засгийн газарт танай компанийн эсрэг дахин зарга үүсгэх эрхзүйн боломж бий юү?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал анхнаасаа улс төржиж, хүндэрсэн болохоос биш хууль зүйн хувьд хүндрэлтэй маргаан биш. ТӨБЗГ, улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудлыг зориуд хүндрүүлээд байгаа гэж бодохгүй байна. Харин төрийн албан хаагчид дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлж байгаа. Манай компанитай холбоотой маргаан Монгол улсад шүүх засаглал тодорхой түвшинд бэхжсэнийг харуулсан шалгалт боллоо. Шүүх засаглал төр хэмээх инстутитын эсрэг жирийн иргэнийг хамгаалж буйд залуу хүний хувьд би бахархаж байна. Үүнээс үүдэн дотоод, гадаадын компанийн эрх ашиг хамгаалагдана гэсэн итгэл найдвар хөрөнгө оруулагчдад төрж буй болов уу.

-Цаашид ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-2018 он тун онцгой жил болж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40, “Монголросцветмет”-ийн 45 жилийн ой энэ онд тохиолоо. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрээд 40 гаруй жилийг үдэж буй энэ хоёр үйлдвэрт сайны хажуугаар саар зүйл олон байна.

• Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрээд 40 гаруй жилийг үдэж буй энэ хоёр үйлдвэрт сайны хажуугаар саар зүйл олон байна.

• Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэр гаргалтыг хамтын бас ил тод, нээлттэй болгосон.

• Үйлдвэрийн нөхөн сэргээлтийн зардлыг тооцолгүй өдий хүрснээс ирэх жилүүдэд энэ төрлийн зардал компанийн санхүүд томоохон дарамт үүсгэх нь.

• Шүүх засаглал төр хэмээх инстутитын эсрэг жирийн иргэнийг хамгаалж буйд залуу хүний хувьд би бахархаж байна.

“Монголросцветмет” компани гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хүдрийн үнэ унаснаас компанийн орлогын эх үүсвэр саарч эхэлсэн. Техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, хуучирсан. Томоохон хэмжээний технологийн шинэчлэл олон жил хийгээгүй. Товчхондоо, цаашид яг яаж ажиллах талаар ярих цаг ирчихээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ч ялгаагүй. Идэр насанд хүрсэн энэ үйлдвэрт цаашид хийх зүйл их байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмж нь элэгдэж, хуучирсан. үйлдвэрийн хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн зардлыг тооцолгүй өдий хүрснээс ирэх жилүүдэд энэ төрлийн зардал компанийн санхүүд томоохон дарамт үүсгэх нь. Мөн үйлдвэрийн ажилтан албан хаагчид, Эрдэнэт хотын оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, ая тух, нийгмийн халамжийг нь сайжруулах шаардлага тулгарч байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн менежментийг хариуцан ажилласан богино хугацаанд “Монголын зэс” корпораци ямар шинэчлэл хийсэн бэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэр гаргалтыг хамтын бас ил тод, нээлттэй болгосон. Өмнө нь зөвхөн ерөнхий захирал бүх асуудлыг шийддэг байсан бол өдгөө 10 хүний бүрэлдэхүүнтэй баг шийдэж байгаа. 2017 оны хоёрдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар манай талаас тендерийн журам танилцуулсан, улмаар зургадугаар сард баталсан. Түүнээс хойш уг журмын дагуу 500 гаруй худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулаад байна. Та бүхэн анзаарсан байж магадгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг интернэтээр авдаг болсон. Хэдийгээр энэ үйлдвэр Азид томоохонд орох зэсийн уурхай боловч үйлдвэрийн үйл ажиллагаа, өнгө төрхийг сэргээх шаардлага бий. Гэхдээ үйлдвэрийн жирийн инженер, техникийн ажилчдын сэтгэл зүрх үргэлж үйлдвэрийнхээ төлөө байдаг. Цөөхөн хүн энэ үйдвэрийг шахааны бизнесийн үүр болгож харагдуулдаг боловч үйлдвэрийн мянга мянган ажилчин үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажилладаг гэдгийг дахин хэлмээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг урт хугацааны тэнцвэрийг хангахад төвлөрнө

Бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй гэж төв банк мэдэгдлээ

 0 сэтгэгдэл

Төв банкны Мөнгөний бодлогын хороо тун эгзэгтэй үед хуралдаж байна. Өнөөдөр эхэлж буй ээлжит хурлыг угтсан мэт төгрөгийн ханш 12 хоног тасралтгүй унаж, ам.долларын ханш “улаан шугам” болох 2500 төгрөгийг давсан. Бас ус, цахилгаан, дулаан, оюутны сургалтын төлбөрийн гээд олон үнэ зэрэг өсөж, суурь инфляц “шөвөлздөг” намар цаг айлссан ийм үед манай мөнгөний бодлогын жолоо атгагчид ирэх саруудын төгрөгийн ханшийг зураглах нь. Тэдний шийдвэр таны, миний хэтэвч дэх хэдэн төгрөг, дансан дахь мөнгөний үнэ цэнийг тодорхойлно.


МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ӨНӨӨГИЙН ӨНГӨ

Сүүлийн хэдэн сард мөнгөний бодлогын жанжин шугам хааш чиглэснийг эргэн саная. 2012 оноос хойш мөнгө хэвлэж, зах зээлд цутгасан нь сүүлийн хэдэн жил Монголын эдийн засгийг нөмөрсөн хүндрэлийн голомт байсан хэмээн одоогийн мөнгөний бодлого тодорхойлогчид томъёолсон. Тиймээс мөнгөний уламжлалт бус бодлогоос татгалзаж, эдийн засгийн урт хугацааны тэнцвэрийг хангана гэдгээ мэдэгдсэн билээ. Тиймээс шавхагдаад байсан гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг унагаадаг (бодлого тодорхойлогчдын үзэж буйгаар) интервенц тун ховор хийж эхэлсэн юм. Улмаар эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд төв банк мөнгөний бодлогыг сүүлийн есөн жил байгаагүйгээр суллаж, жишиг хүүг 10 хувьд хүргээд байна. Мөнгөний бодлого ийн зөөлрөхийн хэрээр зээлийн хүү буурч, зээл олголт нэмэгдсэн. Инфляц өнгөрсөн сарын байдлаар төв банкны зорилтот түвшинтэй ойр буюу зургаан хувьд хэлбэлзэж байна.


АМ.ДОЛЛАР ЯАГААД ЧАНГАРАВ

Төв банк ийнхүү төсвийн шинжтэй төслөөс татгалзаж, уламжлалт бус бодлогоос ухарсантай зэрэгцээд Монголын эдийн засаг идэвхжиж, импорт эрчимжив. Барилга бүтээн байгуулалтын улирал болох зургадугаар сараас эхлэн импорт эрчимжиж, экспортын өсөлтөөс хоёр дахин хурдтай байна. Өөрөөр хэлбэл, бидний хилийн чанад руу урсгадаг валют нэмэгдсэнээс ам.долларын ханш ч бас энэ оны зургадугаар сараас чангарч эхэлсэн байдаг. Сүүлийн хэдэн сар импортын өсөлт, эдийн засгийн идэвхжлээ манай макро эдийн засаг даахгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй байхад импорт огцом дээшилчихсэн нь ханш өсөхөд хүргээд байна хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдгөө 2500 нэгжийг давчихаад байна. Төв банкнаас үүнийг улирлын чанартай, түр зуурын өсөлт хэмээн тайлбарлаж байгаа. Мэдээж, төгрөгийн ханшийг хамгаалах үүрэг зөвхөн төв банкных биш. Тиймээс үүнийг түр орхиё. Гагцхүү валютын ханшийн өсөлт гэх үл үзэгдэгч гар иргэд, бизнес эрхлэгчийн халаасыг хэрхэн сэгсэрдгийг харцгаая.


ВАЛЮТЫН ХАНШ ХЭРХЭН ТОРГОДОГ ВЭ

Үнэндээ, төгрөг жингүйдэж, ам.доллар “Галзуурах”-ын зовлонг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан. Улиран одсон 2012-2016 оны хооронд зөвхөн төгрөгийн ханшийн уналтаас үүдэн Монгол улсын өр бараг таван их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэвэл та итгэх үү. 2012 онд 5.2 их наяд төгрөгтэй тэнцэж байсан Засгийн газрын өр дөрвөн жилийн дотор бараг дөрөв дахин өсөж, 19.4 их наяд төгрөгт хүрсэн. 14.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн өрийн өсөлтийн 9.4 их наяд нь шинэ зээл бол үлдсэн 4.7 их наяд төгрөг нь ханшийн уналтаас үүдэн өөрөө бий болсон төлбөр болохыг Баялгийн засаглалын хүрээлэн тооцжээ. Энэ хугацаанд гадаадын валюттай харьцах монгол мөнгөн тэмдэгтийн ханш 70 гаруй хувиар суларчээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн Б.Лхагвасүрэн

Инфляц төв банкны зорилтот түвшинд байгаа. Валютын ханш огцом савлаж, хүндрэл учруулахаар байдалд ороогүй тул бодлогын огцом өөрчлөлт гарахгүй болов уу.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

Валютын ханшийн дарамтыг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид үүрдэг. Монгол Улс жилд 200-300 сая ам.долларын алдагдал хүлээдэг. Үүнийг ч төв банк татвар төлөгчдийн мөнгөөр хаасаар ирсэн.

СЭЗИС-ийн багш, доктор, дэд профессор Ж.Дэлгэрсайхан

Монголбанк уламжлалт бус бодлогоос татгалзаж, макро эдийн засгийн зохист бодлогыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ эдийн засагт ирж буй дарамтыг харвал ам.долларын дарамтыг саарагжуулахын тулд төв оролцох нь зүйтэй”.

Ханшийн уналтаас үүдэн Монгол Улсын өр бараг таван их наяд төгрөгөөр өссөн

Засгийн газарт ийм хүчтэй хийгээд хортой нөлөөлсөн ханшийн уналт хувийн хэвшлийг ч тойрохгүй дайрсан. Төгрөгийн ханшийн уналтын үе болох 2016 онд МИАТ компани зөвхөн валютын ханшийн савалгаанаас үүдэн 40 тэрбум төгрөгийн алдагдал үүрсэн байдаг. Бас хөнгөн үйлдвэрийн салбарын нэгэн томоохон компани валютын ханшийн зөрүүнээс 15.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Ер нь төгрөгийн үнэ цэн буурснаас үүдэн 2014-2016 онд дотоодын компаниуд бараг хагас их наяд төгрөгийн алдагдал үүрсэн гэх тооцоог МҮХАҮТ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл ханшийн савалгааны талаар хувийн хэвшлийн хэд хэдэн төлөөллөөс асуухад хариулт өгөх тун дургүй, туйлын эмзэг хандаж буйгаа илэрхийлж байлаа. Тэгвэл иргэн Батын халаасыг хэрхэн торгодог вэ. Монгол улс нийт импортынхоо 70 хувийг ам.доллараар хийдэг. Гэтэл манай хэрэглээний сагсны 40 хувийг импортын бараа эзэлдэг тул үнийн түвшинд валютын ханш багагүй нөлөөлдөг байна. Ялангуяа, бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог шатахуун, түлшээ бид уг валютаар худалдаж авдаг. Гэтэл түлшний үнэ тогтоодог түүхий эд болон валютын ханш “хөтлөлцөөд” өсөж байна.

Одоо газрын тосны жишиг үнэ болох Brent-ийн ханш гурван жилийн дээд түвшинд хүрч, 80 ам.долларыг шүргэж байна. Жишиг үнэтэй зэрэгцээд манай гол нийлүүлэгч оху хилийн үнээ нэмнэ гэдгээ хэдийнэ мэдэгдчихсэн. Гэтэл түүнийг худалдаж авдаг ам.долларын ханш өсчихөөр шатахуун түлшний үнэ өснө. Ам.долларын ханш нэг төгрөгөөр чангарахад импортлогчид шатахууны үнийг 50 мөнгөөр нэмэх шаардлага үүсдэг байна. Ингэхээр талх, тарианаас эхлээд такси үйлчилгээний үнэ хүртэл өсөж таарна. Энэ хэрээр иргэдийн хэтэвч нимгэрэх нь. Тэгвэл төв банк үүнд ямар хариулт өгч байна вэ. Худалдааны тэнцлийн ашиг хангалтгүй, импортын өсөлт хөрөнгө оруулалтын дүнг давж байгаатай холбогдуулан ам.долларын эрэлт нэмэгдсэнийг төв банк мэдээллээ. Валютын ханш эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой өсөж байгаа ч огцом савалгаа гарахаас сэргийлэх нөөц хангалттай байгаа аж. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт. Цаашид ханш тогтвортой байх үндэслэл байгаа учраас төв банкнаас валютын захад их хэмжээний интервенц хийх зэргээр бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй гэж мэдээллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрөнгө оруулагчид яг “тагтаа” шиг

 0 сэтгэгдэл


“Хөрөнгө оруулагчид яг тагтаа шиг. Нэг чулуу шидэхэд л бүгд нисчихдэг” хэмээн “Lion Manager Limited” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап хэлж байна. Энэ сарын эхээр болсон Discover Mongolia чуулганы үеэр тэрбээр ийн тодотгоод, санхүүжилт хийхээр олон сонголтын өмнө зогсож буй хөрөнгө оруулагчид геологийн баялгаас илүү эрсдэл багатай зах зээлийг чухалчлах болсныг онцоллоо. Нэгэн цагт Монголыг эрдэнэсийн авдар мэт төсөөлж, хөрөнгөө чамгүй цутгаж байсан хөрөнгө оруулагчид манай улсаас сүүлийн жилүүдэд үргэсэн нь үнэн. Оргилдоо хүрч байсан Монголыг чиглэх мөнгөн урсгал ёроолдоо дөхөж, эрчтэй тэмүүлж байсан ДНБ-ий өсөлт газардан, төсвийн алдагдал, өрийн үлдэгдэл талийсан зэрэг урамгүй үзүүлэлтүүд дайжсан хөрөнгө оруулагчдын бодит төрхийг илтгэнэ.


Иймээс үргэсэн хөрөнгө оруулагчдыг эргүүлэхийн тулд Монголд бизнес эргэн ирлээ, хөрөнгө оруулагчдыг хамгаалж, өмөөрнө хэмээн буруугаа бид ойлгож, бишгүй л гэмшиж байна. Тэгвэл сүүлийн 2-3 жилийн эрх баригчдын урилга, заллагын үр дүнд хөрөнгө оруулагчдын хөрсөн сэтгэл, алдарсан итгэл сэргэв үү. Хөрөнгө оруулагчдын хандлагыг харуулдаг тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулаарай. Монгол улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны зургадугаар сарын байдлаар 879 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн дүн. Гэвч энэ өсөлтийн цаана урамгүй дүр зураг цухуйна. Тодруулбал, нийт хөрөнгө оруулалтын бараг 80 хувь нь ганцхан эх үүсвэрээс буюу “Оюутолгой”-н санхүүжилтээс бүрдэж байна. Харин үлдсэн хувь нь нүүрсний салбарт хамаарч байна.


Манай хөрөнгө оруулалт ганцхан салбар, нэг төслийн нуруун дээр тогтож буй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ийм эмзэг, тэдний итгэл ч хэврэг байгаа нь харагдана. дэлхийн банкнаас ч үүнийг анхааруулсан. Монгол улсын хөрөнгө оруулалтын дийлэнх нь БНХАУ болон Канадынх байгаа нь ганц хоёр улсаас хэт хараат буй. Бас нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь эрчим хүч, олборлох салбарт ногдож байгаа нь хэт төвлөрөлтэй болохыг илтгэнэ. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулалтын урсгал, чиглэл эмзэг байгаа нь харагддаг гэж дэлхийн банкны хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хэлж байсан юм.

Нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь ганцхан эх үүсвэртэй

Монголын эдийн засгийн оргил үе гэгддэг 2011 оны хоёрдугаар улиралтай энэ оныхыг харьцуулъя. Уул уурхайн салбарыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхэд одоогоос долоон жилийн өмнөхөөс гурав дахин бага байна. Бусад салбар ялангуяа, Монголын эдийн засгийн ирээдүйтэй салбар болох хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт бүр зогссон бол үйлчилгээний салбарынх бараг тав дахин буурчээ. 2010-2012 онд Монголд гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 гаруй компани хайгуулын үйл ажиллагаа хийж байсан бол өдгөө гарын арван хуруунд ч хүрэхгүй болжээ. Зөвхөн энэ оны гурваас зургадугаар сарын үзүүлэлтийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаас илүү нь ганцхан улсаас буюу Канад гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бидэнтэй бизнесийн зарчмаар түншилж буй нь ховор. Зөвхөн харж хандах тусламж дэмжлэг голлож байна. Бас марихуаны хэрэглээг нээлттэй болгосноос үүдэн энэ зах зээл илүү тэлсэн.


Ингэснээр Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтаараа толгой цохидог Канад, АНУ-аас санхүүжилт татах улам амаргүй болж байгаа аж. Түүнчлэн дэлхий даяар хөрөнгө оруулалт татахад улам амаргүй болсоор. Учир нь хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин зэрэг хөрөнгө хуваах шинэ талбар бий болсноос өрсөлдөөн улам ширүүссээр байна. Уг нь Монгол улс 2014 оноос эрхзүйн орчноо сайжруулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталж, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж, хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулиудаа өөрчилж, таатай орчин бий болголоо хэмээн албаныхан мэдэгдсэн. Гэвч эрхзүйн хөрсийг нь таатай болгоод байхад Монголыг чиглэх хөрөнгө оруулалт төрөлжиж, дорвитой өсөхгүй байна. Албаныхан гадаадын хөрөнгө оруулалт сэргэлээ гэж байгаа ч донор орнуудын мөнгөн дэмжлэг л өнөө хэр жин дарсаар. Үнэндээ хуулиа өөрчиллөө гээд бүх юм сайнаар эргэчихдэггүйг бид сүүлийн жилүүдэд харлаа. Харин тухайн хуулийг яаж хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдад чухал хэмээн энэ сарын эхээр болсон уул уурхайн салбарын чуулга уулзалтын үеэр хөндөж байв.

Учир нь манайд хууль баталсан ч хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь түгээмэл бөгөөд дагаж мөрдөх дүрэм журмууд нь бүр 2-3 жилийн дараа батлагдах тохиолдол их байна. Харин энэ хугацаанд Монголыг хүлээж, залхсан хөрөнгө оруулагчид Вьетнам болон Мянъмарыг зорьдог юм. Бас нэг жишээ нь, Монгол улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг хоёр жилийн өмнө байгуулсан ч, бодлого, зохицуулалт нь тодорхойгүй хэвээр өдийтэй золгосон аж. Дэлхийн банкны тооцоогоор нэгэнт орхисон хөрөнгө оруулагч 10-20 жилийн дараа эргэн ирдэг гэсэн судалгаа бий. Судалгааны дүн, сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчийг эргүүлэн авчрах нь алга урвуулахын дайтай амар ажил биш байх нь. Бас сайд, арга нар даллаж дуудлаа гээд Монгол руу эргээд гүйчихгүй нь харагдаж байна. Гагцхүү чихэнд чимэгтэй үг, шийдвэрээс гадна үйлдэл, хэрэгжилтийг чамбайруулах, ажил хэрэгч болгох шаардлага тулгарсаар удлаа. Тууштай, тогтвортой, тулхтай байдал юу юунаас илүү чухал хэвээр. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь буурай эдийн засагтай улс орнуудыг тусламж дэмжлэгээр тэжээгддэг бус хөл дээрээ босох хөгжлийн амин дэм болдог. Тиймээс шууд хөрөнгө оруулалтын төлөө яаравчлан ханцуй шамлахгүй бол Монгол улс донор хэдэн байгууллагын дунд өнхөрдөг, хөлд ороогүй хүүхэд лугаа үлдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Алт-2” хөтөлбөрийн үр дүн татвараас шалтгаална

Компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн

 0 сэтгэгдэл

Монголбанк энэ оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан аваад байна. Улсын гадаад валютын албан нөөцийг жилд 700 орчим сая ам.доллараар зузаалж байгаа нь “Шар металл”-ын салбар дахь гялтайх амжилтын нэг. Тэгвэл үүнийг 2020 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэхээр “Алт-2” хөтөлбөрт тусгачихсан. Энэ зорилтыг биелүүлэхэд ердөө жил гаруйн хугацаа үлдсэн байна. Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн. Ингэснээр жилд нэг тэрбум ам.доллараар Монгол Улс Эрдэнэсийн сангаа арвижуулахаар тооцсон юм. Гэвч боломж олгосон хуулийн хүчинтэй хугацаа энэ оноор дуусгавар болж байна. Харин хөтөлбөрийн хэрэгжилт ид дундаа явна. Хууль хэрэгжсэн өнгөрсөн таван жилийн хугацаанд төв банкинд иргэд, аж ахуйн нэгж алтаа тушаах нь 4-5 дахин нэмэгдсэн. Харин ирэх онд алтны тушаалт буурч магадгүй гэсэн “айдас” байна. Ийм болгоомжлол хуулийн үйлчлэлээс үүдсэн хэрэг. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш алтны тушаалт жил тутам нэмэгдэж, 2017 онд 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг Төв банк худалдан авахаар төсөөлж байна.


Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг тогтоон барихад алт тушаалт гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр. Гэхдээ энэ бүхэн өөрийн гэсэн тодорхой цаг нартай. Хуулийн хүчинтэй хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл, боломж олгосон хуулийн заалт гурван сарын дараа гэхэд эрх зүйн чадамжгүй болох юм. Энэ үед алтны салбарынхан хуучнаа давтах уу эсвэл одоогийн өөрчлөлтөө хадгалж үлдэх үү гэсэн сонголттой нүүр тулахаар байна. Урьд нь алтны хууль бус худалдаа газар авч, хил гаалиар алт хулгайгаар гаргах гээд баригдлаа гэсэн мэдээлэл түгээмэл байв. Илрүүлж чадалгүй хэчнээн тонныг гадагшаа алдсаныг гэрчлэх нарийн тоо, баримт ч алга. Алтны салбарт дэмжлэг болоод зогсохгүй эдийн засгийн өнөөгийн сэргэлтэд үр дүнгээ өгсөн хуулийн өөрчлөлтөд алтны компаниуд болон бичил уурхайчид ам сайтай байгаа. Харин 2019 оноос татварын хувьд тэс өөр орчин тэднийг хүлээж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны зүгээс хуулийн үйлчлэх хугацааг сунгахаар санал солилцсон. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх намрын чуулганаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувилбар өдийд яригдаж байна.


Нөгөө талаасаа алтны тушаалт жил дараалан нэмэгдсэн боловч компаниудын тушаах алтны хэмжээ буурч, эсрэгээрээ иргэдийнх өссөн билээ. Эдгээрээс гадна алтны татварын орлого 2013 оноос хойш тасралтгүй буурч, 2017 онд 49 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн. Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа нэмэгдэл татвар төлөхгүй байх үүднээс иргэний нэр дээр тушаах нь олширсон. Боломж олгосон хуулийн “цоорхой”-г цэгцлэх шаардлага өдгөө тулгарч байна. Өнөөдөр алтны 600 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас 169 нь эдийн засгийн эргэлтэд оржээ. Шороон ордын нөөц багасч, үндсэн ордыг ашиглах талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байна. Алтны салбарт өрнөж байгаа өөр нэг үйл явдал бол цэвэршүүлэх үйлдвэр. Жилд 30 тонн алт цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар судалгааны ажил эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажлыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэрэв татвараас болоод алтны олборлолт болон тушаалт багаслаа гэхэд цэвэршүүлэх үйлдвэр сул зогсох аюул бий. “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.

• Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулж, алт цэвэршүүлэх, экспортлох үйл явцыг зөвхөн Монголбанкаар дамжуулахаар Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд зааж өгсөн.

• 2017 онд алтны тушаалт 20 тонныг давсан бол энэ онд 22 тонныг төв банк худалдан авахаар төсөөлж байна.

• “Алтны роялтиг 2.5 хувь болгосноор ид цэцэглэж байсан далд эдийн засаг хумигдсан” гэж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон үзэж байна.

Тэд алтны 2.5 хувийн роялтиг хэвээр үлдээж, “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байгааг учирлаж байгаа юм. Эргэн сануулахад, 2005 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ дээд цэгтээ хүрсэн ч 2006 оноос буурсан нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж эхэлсэнтэй холбоотой. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд тушаахаа больж, хууль бусаар хил давуулан борлуулдаг болсон. Мөн “Урт нэртэй” хууль үйлчилж эхэлснээс хойш алтны салбарт хөл хорио бас тогтсон юм. шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон улсад алт олборлолт 2019 он гэхэд сүүлийн 10 жилийн доод цэгтээ хүрнэ гэж таамаглажээ. Харин Монголд ойрын хоёр жилийн хугацаанд алтны олборлолт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм. Гэхдээ алтны роялтиг хэвээр үлдээх эсэхээс “Алт -2” хөтөлбөрийн үр дүн шалтгаалах нь.