A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/793/

Наадам бол Монголыг дэлхийд таниулах цорын ганц брэнд

​Монголчууд аялал жуулчлалын оргил үеэ ашиглаж чадахгүй байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/793/


Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ ид хангаж буй эдгээр өдрүүдэд манай аялал жуулчлалын оргил үе тохиож байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ жил долдугаар сард ирэх жуулчдын тоо 90 мянга хүрэх төлөвтэй байгаа нь 2017 оныхоос 10 хувиар өсөж буй юм. Бүр тодорхой хэлбэл, манай улсын жилд хүлээн авдаг жуулчдын 20 орчим хувь нь зөвхөн долдугаар сард улсын болоод бэсрэг наадам үзэх зорилгоор ирдэг байна. Харин тур операторууд наадмын багц аяллыг дунджаар 2000 ам.доллараар борлуулдаг. Ингээд тооцвол үндсэндээ наадам гэдэг брэнд манай улсад энэ жил 180 сая ам.доллар татаж байна гэсэн үг. Энэ мөнгөнөөс тээвэр, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд 13 салбар хүртдэг. Ийм хэмжээнд хүрэхийн тулд тур операторууд жил бүр гадаад сурталчилгаандаа олон сая төгрөг хаядаг. Зөвхөн “ITB Berlin”-д оролцохын тулд нэг компани талбайн түрээсэнд дөрвөн өдрийн 5000 евро төлдөг. Үүнээс гадна тээвэр, зочид буудал, сурталчилгааны тараах материал, хоол унд гээд бүх зардлаа өөрсдөө гаргадаг болохыг Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл ярилаа. Харин байгаа ганц брэнд бүтээгдэхүүн болох наадмаа сурталчлахын тулд улсаас нэг ч төгрөг зарцуулдаггүй аж.

Наадмын гадаад сурталчилгаанд улс нэг ч төгрөг зарцуулдаггүй

Аялал жуулчлал нь орлогын хүртээмж сайтай, ядуурлыг бууруулж, амьжиргааг дэмжихэд тун чухал үүрэг гүйцэтгэдэг учраас улс орнууд жуулчдыг визний хамгийн хөнгөлөлттэй нөхцөл, хамгийн найрсаг үйлчилгээ, тав тухтай орчноор татах гэж өрсөлддөг. Чадал тэнхээтэй эдийн засгууд бол дуу алдам том бүтээн байгуулалт өрнүүлж буй. Бид ч гэсэн 2020 он гэхэд нэг сая жуулчин авна гэсэн том зорилго тавьсан атлаа ачир дээрээ “Манайд ирж наадам үзвэл үз, байвал бай” гэсэн шиг гэдийж сууна. Харин эл гэдгэр зангийн горыг одоо тур операторууд харилцагчдынхаа өмнө нүүрээ улалзуулан амсаж буй бол алсдаа монголд сурталчлах ч брэнд байхгүй болж, хөгжлийн гурван тулгуурын нэг салбар нь илтэд доголдох шинжтэй. Өнгөрсөн долоо хоногт наадмын нээлтийн тасалбар жуулчдад хүрэлцэхгүй байгаа талаар монголын аялал жуулчлалын холбоо мэдээлэл хийж, харамсалтай ч гэмээр тоо баримтууд дурдсан юм. “Наадам” брэндийн эрэлт нийлүүлэлтээсээ 4-5 дахин давснаар захиалга өгсөн 10 жуулчин тутмын хоёр нь нээлт үзэж чадахгүй, төв цэнгэлдэхийн гадна үлдэхээс өөр сонголтгүй болжээ. Наадмын нээлт үзэх захиалгаа өгч, баталгаажуулсан 11390 жуулчин байгаа ч үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос ердөө 2500 тасалбар хуваарилсан аж. Тиймээс зарим тур операторын гадаад түнш нь харилцаагаа таслах, гэрээний нөхөн төлбөр төлөх, цаашлаад монголын талаар сөрөг сурталчилгаа дэлхий нийтэд түгэж, наадам гэх брэнд зах зээлгүй болох бодит эрсдэл тулаад буйг салбарынхан онцолсон юм.

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшинд хүргүүлсэн албан бичигтээ “Манай улсыг сурталчлах, аялал зохион байгуулах компаниудын үйл ажиллагааг бодитоор боогдуулж, “Монголын аялал баталгаагүй, үйлчилгээгүй” гэсэн муу имиж олон улсад бүрдүүлж, нэг жуулчнаас олох орлого, ажлын байрыг алдаж, үндэсний татвар төлөгч компаниудын нэр хүнд, бизнесийг хумьсан бодит эрсдэл үүсгэж байна. Үүний улмаас манай улсад орж ирэх 20 сая ам.доллар орхигдож, 1000 гаруй ажлын байр алга болж, цаашдаа жуулчдын тоо бүхэлдээ татрахад хүрч байгаа юм. Тиймээс суудлын тоог ядаж 1000-аар нэмэгдүүлж, 3500 суудал олгохыг дэмжинэ үү” хэмээсэн байв. Хэдийгээр уг шаардлагыг зохион байгуулагчид хүлээн авч, 500 суудал нэмж хуваарилахаар шийдвэрлэсэн ч ердөө 100 тасалбарыг л нийслэлийн аялал жуулчлалын газраас өгсөн гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн Б.Отгонбаяр хэлсэн юм. Уг нь багтаамж сайтай ганц цэнгэлдэх хүрээлэн босгоход л жилийн жилд сөхөгддөг энэ асуудлыг шийднэ. Гэвч Монгол наадам цогцолбор байгуулна гэж ярьсаар 10 жил өнгөрлөө. Угтаа үндэсний их баяр наадам гэдэг бол олон улсын зах зээл дээр монголыг сурталчлах ялгарал, ахархан хугацаатай аялал жуулчлалын оргил үе. Түүнээс биш монголчуудын гэдгэр, хэнэггүй, хэлсэндээ хүрдэггүй, бусдад түвэг чирэгдэл учруулдаг муухай занг харуулах сөрөг сурталчилгаа биш баймаарсан. Тиймээс жуулчдад хандах хандлагаа өөрчилье, бас өөрсдөө ч муу муухайгаа экспортлохоо больё.

Байр суурь

Нээлтийг хоёр өдөр хийх санал тавьсан ч хүлээж аваагүй

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн С.Баясгалан

-Яамны зүгээс тасалбарын хуваарилалтад оролцох эрх зүйн үндэс байхгүй ч аль болох олон жуулчин хүлээж авах бодлого баримталдаг. Бид суудал хүрэлцэхгүй байгаа бол нээлтээ хоёр өдөр хийх санал тавьсан. Гэвч энэ жил төсөв хуваарилаагүй тул хоёр өдөр хийх боломжгүй гэж зохион байгуулах комисс мэдэгдсэн. Харин ирэх жил наадмын нээлтийг хоёр өдөр болгож, хоёр дахь өдрийн зардлыг нь салбарын яамны төсөвт тусгахаар явж байна. Гэхдээ энэ шийдэл дэмжигдэх эсэхийг нь мэдэхгүй. 10 жил яригдаж байгаа монгол наадам цогцолборыг зайлшгүй барих шаардлагатай байна. Тэгэхгүй бол манай аялал жуулчлалын компаниуд хөтөлбөр орсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж чадахгүй болохоор гэрээ цуцлагдах, дахин байгуулах нөхцөл үүсэхгүй, нэр хүнд нь унаж, гадаад хамтын ажиллагаа нь эрсдэлд орж байна. Цаашлаад наадам гэдэг бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр зарах нүүргүй болж байгаа юм. Өмнө нь долдугаар сард 10 мянган жуулчин ирдэг байсан бол хувийн хэвшлийн зүтгэлийн үр дүнд ес дахин их жуулчин ирдэг болоод байна.

Таагүй сэтгэгдэлтэй үлдсэн бол төлбөрөө 100 хувь буцааж авдаг

МАЖХ-ны дэд тэргүүн Б.Отгонбаяр

Наадам бол хугацаа нь тодорхой байдаг тул захиалга авдаг хамгийн гол сурталчилгаа шүү дээ. Аймгуудын наадам хугацаа нь тодорхой биш байдаг тул бид долдугаар сар гартал хүлээдэг. Гэтэл энэ салбарыг авч яваа ТОП 50 компанийн хэрэглэгч, харилцагчид наадмын нээлтийг цагаан сандал дээр суугаад тав тухгүй үзсэн шалтгаанаас болж хамтын ажиллагаагаа цуцалсан асуудал нэлээд гарсан. Зөвхөн наадам үзэх гэж ирээд ийм таагүй сэтгэгдэлтэй үлдсэн бол жуулчид төлбөрөө 100 хувь буцааж авдаг. Өмнө нь би жуулчид авч явдаг байхдаа “Манай улс та нарыг 2-3 жилийн дараа ирэхэд том цэнгэлдэх хүрээлэнтэй болж, өөр гоё хөтөлбөрөөр угтана” гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо ч гэсэн энэ асуудлаа л ярьж байна. Том цэнгэлдэх хүрээлэнтэй болж байж энэ асуудал цэгцэрнэ. Аялал жуулчлалын салбарт ийм асуудал цаашид гаргахгүйн тулд компаниуд өрсдөө мөнгө босгоё, эсвэл төрд зардлыг нь хандивлаад шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болъё гэсэн байр суурь баримталж байна. Шинэ цэнгэлдэхтэй болбол наадам гэлтгүй бусад үед ч янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, аяллын улирлаа уртасгах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвлийн усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлэгч Ш.Даваадорж 11 медаль хүртжээ

 0 сэтгэгдэл


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадамд 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Сүүлийн гурван жилд тэрээр Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртсэн амжилттай яваа юм. Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлж байсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тав хүртэлх насны хүүхдээ асрах эцэг эхчүүд гуравдугаар сарын 16-ыг хүртэл цалинтай чөлөө авч болно

 0 сэтгэгдэл

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ч энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Уг тогтоол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчинтэй байх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн албан хаагчдын цалинг 8%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

 0 сэтгэгдэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас 2019/01/01-ээс эхэлж 191 мянган төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээрээр 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж гэрээ байгуулсан. Энэ зорилгоор 267 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсан.
Мөн хоёрдугаар сарын 01-ээс тооцож тэтгэврийг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнд зориулж 117.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээллээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн өмчит компаниудыг ТУЗ нь унагаж байна

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш

 0 сэтгэгдэл


Төрийн мөнгө ёолох биш дээ... Баруун солгойгүй өм цөм иддэг дарга нар “төр муу менежер” гэх үгээр өөрсдийгөө зөвтгөдөг. Хэрэв хууль дүрмээ барьдагсан бол, төрийн өмчит компаниудын улсын төсөвт оруулах ашиг дарга нарынх нь тансаглалаас ч өндөр дүнтэй гарах боломжтой.

Компанийн хувь заяаг атгах тархи болсон ТУЗ-ийн үүрэг нөлөө энд голлоно. Тиймээс ТУЗ-д дор хаяж санхүүгийн бүртгэл, тайлан тооцоог уншаад хяначих чадвартай, мөн хууль эрх зүйн мэдлэгтэй, тухайн салбарын мэргэжилтэй биш юм аа гэхэд ойлголттой хүнийг томилдог байвал олон улсад өрсөлдөх хэмжээний бодлого, үйл ажиллагаа явуулж дөнгөнө. Гэвч манайд эсрэгээрээ. Засгийн газар, яам, агентлагийн дарга, ахлахууд төрийн өмчит компаниудынхаа ТУЗ-д “шавж”, сард ганцхан удаа зарладаг хуралдаа ч очихгүй тасалдаг үлгэн салган оролцоог тэндээ бүр нутагшуулж чадсан.

Өнөөдөр Монгол Улсад төрийн өмчит 86 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-д найм, Сангийн яаманд зургаа, бусад нь ТӨБЗГ-т харъяалагддаг.

Гэхдээ өнгөрсөн жилээс төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харьяалагддаг эрчим хүчний салбарын 21 компанийн 70 хувийг нь ЭХЯ хариуцах болсон билээ.

Эдгээрээс, төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас бусад нь бүгд Компанийн тухай хуулийн дагуу дүрэмтэй, ТУЗ-тэй, хараат бус гишүүдтэй. Харин тэднийг томилохдоо мэргэжлийн биш, улс төрийн байгууллага болгож орхидог тул компанийн ашгийн төлөөх бизнесийн зорилго нь өөрчлөгддөг. Төр өмчлөгчийн үүднээс л ТУЗ-д байх ёстой болохоос зохицуулагчийн зүгээс ТУЗ-д орчихоод үйл ажиллагааны чиглэл өгч болохгүйг Компанийн сайн засаглалын хөгжлийн төв ТББ-ын судалгааны тайланд дурджээ. Түүнчлэн хуулийн дагуу дүрэм, журам, бүрдүүлэх бичиг баримт бүгд ягштал гүйцэд хэрнээ, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр “нойл” байгааг тэд онцолсон. Олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэй, менежментийн хувьд тогтворжсон компаниудад ТУЗ-ийн тогтворгүй байдал сөргөөр нөлөөлдөг. Удирдлагын багийн оновчгүй шийдвэр үйл ажиллагааг доголдуулж, гацаахгүй ч бизнесийн хөгжилд нь бул хар чулуу шиг саад болдог байна. Шинэ томилогдогсод компанийнхаа учрыг ч олоогүй байхад ТУЗ дахин солигддог үзэгдэл олон байна.

Мөн төрийн өмчит компаниуд хараат бус захиралтай байх ёстой ч овгийнхоо оронд хэн нэг улстөрчийн нэрээр нэрлэгдсэн “тэрний хүн, энэний хүн” очдог нь нууц биш. Тэдэнд ТУЗ нь өндөр цалин баталж, олон сая төгрөгийн ажил, үйлчилгээ, худалдан авалтыг шууд гэрээгээр сонгох хэмжээлшгүй эрх олгодог. Өнгөрсөн хугацаанд шуугиан тарьсан сэдвүүдийн нэг бол төрийн өмчит компаниудын захирлуудын цалин хангамжийн асуудал байсан. Сард 3.5-10 сая төгрөгийн цалинтай захирлуудыг л шүүмжлэн зэвүүцэж байснаас толгойг нь илсэн ТУЗ-ийн бүрэлдэхүүн, чадавхын талаар огт хөндөөгүй.

Тэг зогсолт, хүүхдүүдийн амь эрсэдсэн ослуудын дараа Эрчим хүчний яам “ямбыг нь эдлэхгүй байж ялыг нь үүрдэг” гэж гомдоллож гүйсээр салбарынхаа компаниудыг эзэмшилдээ авангуутаа ТУЗ, болон удирдлагуудыг нэн түрүүнд сольсон. ТУЗ-д улс төрийн томилгоо хэрэгждэгийн тод жишээ нь багш мэргэжилтэй ч нам дотроо цүнх барилтаар өндрөө авсан нэгэн түшмэл төсөвт хамгийн их татвар төвлөрүүлдэг хэд хэдэн компанийн ТУЗ-д давхар давхар багтсанаас харагддаг. Даргынхаа дохилтоор навтас хийх түүнийг уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудтай өрсөлдөх чадварын тухай удирдлагын түвшинд ярьж суугаа гэдэгт та итгэх үү. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчдийн баялгийг зах зээлд зүй зохистой үнэлүүлэх, бизнесийн орчныг нь бодит болгох зорилготой Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга нь Батлан хамгаалах яамны газрын дарга, бригадын генерал хүн байх жишээтэй.

Гүйцэтгэх удирдлага ТУЗ-дөө тухалчихсан тохиолдол ч нэг биш. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн гэх сэтэртэй тэдгээр эрхмүүд өөртөө зориулж тогтоол батлалцаад, өөрөө түүнийгээ хянаад явах нь л дээ, “давхар дээлтүүд” шиг...

Гэхдээ төрийн өмчит компани болгон ТУЗ-д мэргэжлийн бус хүн томилсон гэж туйлширч болохгүй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай нэгнээс эхлээд гадаадад эзэмшсэн мэргэжил, боловсролоороо толгой цохих залуус ч багтдаг. Гэхдээ ингэж “гялайж, гялтайсан” нэгнээ бараг бүхий л томоохон компаниуд ТУЗ-дөө багтаасан байна. Тэр чадварыг нь эрдэс баялаг, эрчим хүч, төсөв санхүү гээд олон салбартаа ашигладаг гэвэл бас л эндүүрэл. Зөвхөн “мэргэжлийн ТУЗ бүрдүүлээгүй” гэх шүүмжлэлийг хаах зорилготой намтраар нь гоёдог. Хэрэв чадварлаг залуусыг ашигладаг байсан бол төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай ажиллаж, өр зээлдээ хүлэгдэн, техник технологийн хувьд ч өнгөрсөн зуундаа царцаж хоцрохгүй сэн.

Компанийн засаглалын хөгжлийн төвийнхөн сайн засаглалын судалгааг хувийн хэвшлийнхэнд ч хийж өгдөг. Хаалттай компаниудад сайн засаглалын жишээ олон ч нууцын зэрэглэлд менежментээ судлуулна. Зөвхөн ТУЗ-ийн хурал хийхэд л төрийн болон хувийн эзэмшлийн компанийн эрс ялгаа харагддаг. Хэлэлцэх асуудлын материалыг хуралд бэлдсэн байдал, ТУЗ-ийн гишүүдийн хандлага, шийдвэр нь тэс өөр. Хувийн компаниудын сайн засаглалыг төрийн өмчит компанид нэвтрүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллага зөвлөсөн. Нэн тэргүүнд төрийн өмчит компаниудын жилийн нэгдсэн тайланг стандарттай болгох хэрэгтэй. Санхүү, үйл ажиллагаа, эрсдэл гээд бүхий л асуудлыг цогцоор авч үзэж, ТУЗ-өөр хэлэлцсэн асуудлууд, түүнийг шийдвэрлэсэн байдал, хойшлуулсан бол шалтаан гэх мэтээр дэлгэрэнгүй тайланг нэг стандартаар гаргадаг байх нь сайн засаглалтай, үр ашигтай ажиллах эхний алхам гэж тэд үзжээ.