A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5376/

Нас нэмэхийн тоогоор бяр сууж, элэгдэхийн хэрээр ирлэгдсэн хүчтэн

Нас нэмэхийн тоогоор бяр сууж, элэгдэхийн хэрээр ирлэгдсэн хүчтэн
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5376/
  • Ц.Маамчулуун гуай 60 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж, хөл дээрээ боссон төдийгүй 70 насны босгон дээрээ пауэрлифтингийн дэлхийн аварга болжээ
  • Орчин цагт бөхийн найраа  гэх зүйл газар авч, бөхчүүдийн тухай дэл сул яриа элбэг болсонд эмзэглэж явдаг. Дээр үед найраа гэх зүйл байх нь байсан. Гэхдээ ирээдүйтэй, залуу хүүхдүүдээ дэмжих гэж амлаж авахыг л хэлдэг байлаа. Хэн ч хэдэн төгрөгөөр зон олноо баясгах баяр цэнгэлээ худалдаж яваагүй
  • Ц.Маамчулуун гуай 2013 онд ОХУ-д болсон ДАШТ-нд оролцож, дөрвөн төрөлд нь түрүүлэн алтан медаль хүртсэн бөгөөд тэр цагаас хойш тив, дэлхийн тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртсэн байна

Монголчууд хүү төрвөл “Бөх болох хүүтэй боллоо” хэмээн бэлгэшээдэг, үндэсний бөхөө үнэн сэтгэлийн угаас дээдэлж, хайрладаг ард түмэн. Аварга нь ч, арслан нь ч, аймаг, цэрэг, сумын ямархан ч цолтой байсан эр хүн болж төрөөд түмэн олныг баясгаж, баяр цэнгэлийн манлайд зодоглоно гэдэг сайхан. Залуудаа эр хар бөхчүүдийн нэг явсан, өдгөө ч эгээ л залуугийнх шигээ гялалзаж, 80 насны босгон дээр хүндийг өргөж, хүчийг үзүүлж яваа нэгэн эрхэмтэй хөөрөлдлөө. Цагтаа дархан аварга Д.Дамдинг тэвдүүлж явсан энэ эрхэм бол пауэр лифтингийн дэлхийн долоон удаагийн аварга, хүндийг өргөлтийн ОУХМ, цэргийн арслан Цэвээндоржийн Маамчулуун билээ.

Авдрын булан даадаггүй жаал аваргуудтай хамт зодоглох болсон нь

Ц.Маамчулуун гуайг удам дамжсан хүчтэн гэж хэлж болно. Учир нь түүний удамд унасан морио эцэхээр нь төвөггүйхэн үүрээд алхчихдаг тэнхээтэй эр байсан гэлцдэг. Түүний өвөг эцэг “Морь намайг даадаггүй. Би морио даадаг” хэмээн ярьдаг бяр тэнхээтэй хүн байжээ. Тиймдээ ч тэр бяр тэнхээг нь өвлөсөн авхаалжтай хүү багаасаа барилдаж, ноцолдож өссөн байна. Түүний үндэсний бөхөөр барилдах болсон түүх тун сонин. Ц.Маам гуай охидтой мөр зэрэгцэн гимнастикаар хичээллэдэг, 18 хүүхэдтэй ангийн гуравхан эрэгтэйн нэг байж. Тогтсон ёсоор бэлтгэлээ хийхээр иртэл заал нь ажиллахгүй байсан тул бөхийн дугуйлангийн сурагчидтай хамт бэлтгэл хийхээр болжээ. Энэ үед тэрбээр барилдаж, ноцолдохыг үл ойшоодог, авдрын булан ч өргөж дийлдэггүй байсан учир нэг нэг нийгээ авч шидэх хөвгүүдийг хараад зүрхшээж байсан гэнэ. Гэтэл ангийнх нь охид шаагилдаж, “Чи барилдаад үз” гэж шахсаар байгаад барилдуулж орхиж. Сайх эр бөхийн дугуйлангийн хөвгүүдийг бүгдийг нь авч шидсэн бөгөөд тэр өдрийнхөө маргаашнаас гимнастикийн дугуйлангаа орхиж, бөх болохоор шийджээ. Охидтой хамт гимнастикаар хичээллэдэг хүү дугуйлангийнх нь хөвгүүдийг авч шидсэнийг хараад Н.Гомбосүрэн багш нь ч түүнд итгэл хүлээлгэх болжээ. Улаанбаатар хотын анхны дунд сургуулийг төгссөн тэрбээр сургуульдаа л дархан аварга байж. Дунд ангийн сурагч байхдаа үеийнхээ бүх л хөвгүүдийг хаяж, түүнийг дийлэх хүн ч олдохоо больжээ. Ингээд эр бяр нь амтагдсан жаал ахлах ангийн ах нараа өдөж, хоргоож, барилдах болсон байна. Нэг жил Хөвсгөлийн 16, хотын 16 бөх сонгож 32 бөхийн барилдаан зохиохоор болжээ. Сургууль бүрээс аваргыг нь шалгаруулж өнөөх тэмцээнд илгээтэл сургуулийн аваргаар долдугаар ангийн сурагч Ц.Маамчулуун шалгарах нь тэр. Ахлах ангийнхнаа төвөггүй давж, аварга болсон түүнийг барилдахаар очиход нь Н.Гомбосүрэн багш нь “Чи юу хийж зогсож байгаа юм. Гар, гар” гэж хөөсөн байна. Дандаа л ахлах ангийн том том харчуул байсан болохоор багш нь шавиа хайрлах нь ч хэр байх. Ц.Маам гуай “Багш аа, би барилдаад шалгарсан” гэж хариулаад 16-д багтсан аж. Энэ тухайгаа тэрбээр “Багш минь намайг, “Бэртчихэв дээ” гэж хэлээд барилдуулсан нь санаанд тод үлджээ. Тэр үеийн барилдахаар ирсэн аравдугаар ангийн хүүхдүүд ихэвчлэн 18-22 насныхан байлаа. Тойргоор барилдсан юм. Тэр барилдаанд П.Дагвасүрэн арслан түрүүлж байсан. Өнөө хэдтэйгээ нэг уулзах юмсан гэж боддог. Хамгийн ахмад нь 22 настай байсан гэхээр 80 дөхөж байгаа байх. Холбоо бариасай” хэмээн хуучиллаа.

Аваргуудтай зодоглосон он жилүүд буюу ар халхын хүчтэнүүдтэй мэх булаацалдсан нь

Тэрбээр "Тэмээ өргөдөг" Б.Жамъяндорж, дархан аварга Дамдин, Сооёо арслан, Мөөеө аварга гээд олон сайхан бөхчүүдтэй улсын наадмын дэвжээнд зодоглож, уран мэхийг уралдуулж явжээ. “Ахад нь аварга, арслангуудтай бэлтгэл хийж, зодоглох сайхан хувь тохиолдсон гэж боддог. Б.Түвдэндорж аварга “Бяртай хүн барилддаггүй. Өөрийнхөө бярыг хаана байгааг олсон хүн барилддаг. Миний бяр дөрвөн хуруунд минь байдаг. Тийм учраас би дандаа сэрвүү барилддаг” гэж ярьдаг байсан. Д.Дамдин аварга “Мэхгүй хүн гэж байдаггүй. Хүн унагаж л байвал тэр бол мэх” гэж сургана. Харин М.Мөнгөн арслан “Барилдах хүн цаанаасаа заяагдсан байдаг. Хөдөлгөөн, хөл, гар, эвсэл бүх л юм нь цаанаасаа төрдөг” гэж ярьж байлаа. Тэр үеийн бөхчүүд ч “Аварга хүн аваргаараа төрдөг” гэлцдэг байсан. Тийм ч болохоор аварга цолтон цөөн байдаг болов уу” хэмээн ид залуу үедээ их хүчтэн, домогт аваргуудаас сурч мэдсэнээсээ хуваалцсан юм. Ц.Маам гуай өнөө үед бөхийн жудаг, эрэмбэ алдагдаж, найраа гэх зүйл хэрээс хэтэрч байгааг харамсангуй өгүүлэв. Түүнийг барилддаг байх үед бөхийн дэг, журам, эрэмбэ ихээхэн нарийн учиртай байжээ. Нэг жилийн наадмаар аваргуудтай бэлтгэлд гарч, Д.Дамдин аварга, улсын начин Д.Жамц, улсын начин Б.Онх нартай нэг гэрт орсон байна. Унтахаар хэвтэж байтал бороо орж, учиргүй салхилтал Д.Дамдин аварга “Өрхөө татаарай, Жамц аа” гэж. Жамц начин жаахан хөрвөөж байснаа Онх гуайг дуудаж. Онх гуай мөн л хэсэг хүлээзнэж байснаа “Маам аа, өрх өө тат” гэж. Ц.Маамчулуун гуай ч хамгийн бага эрэмбэтэй нь болохоор өрхөө татаж, бүслүүрээ чангалаад орж ирж байжээ. Хоол идэхдээ ч бөхийн эрэмбээр ах цолтой хүнийхээ ам хүрэхийг хүлээж, аливаад тэднээс түрүүлж үг ч дуугардаггүй байж. Энэ бол бөхийн эрэмбэ, ах захаа хүндлэх чухал ёс байв. Мөн тэрбээр бөхийн найраа гэх зүйл газар авч, бөхчүүдийн тухай дэл сул яриа элбэг болсонд эмзэглэж явдгаа ч нуусангүй. “Дээр үед найраа гэх зүйл байх нь байсан. Гэхдээ ирээдүйтэй, залуу хүүхдүүдээ дэмжих гэж амлаж авахыг л хэлдэг байлаа. Хэн ч хэдэн төгрөгөөр зон олноо баясгах баяр цэнгэлээ худалдаж яваагүй” хэмээн хуучлав. Тэрбээр “Нэг түүх ярихад Д.Дамдин аварга “Бэлтгэлийн эхний гурван өдөр дөрвөн хөллөөд ч хамаагүй уу. Түүнээс хойш уруулдаа ч хүргэж болохгүй” гэж хэлээд бөхчүүдийн хорхойг дардаг байсан. Өөрөө ч хэлсэндээ яг таг хүрнэ. “Тэмээ өргөдөг” Жамъяан гуай Дамдин аварга хоёр тун хөгтэй барилдсан нэг түүх бий. Д.Дамдин аварга хүн амлаж авах даа нэрийг нь харалгүй шууд хуруугаараа дохидог байж. Бичээчийн энийг дохилоо гэж бодсон хүн нь л оноолт таарна. Нэг жилийн наадмаар амаа авчихаад сууж байтал амласан хүн нь Б.Жамъяндорж гуай байж. Мань хүний шээс нь хүрч л дээ. Бие засах гээд алхтал Жамъяндорж гуай “Эртхэн бие засаж байхгүй юугаа хийж байсан юм” гэж хэлээд манай хоёр дэвжээ рүү гарч. “Барилдах гэхээр л давсаг нь хагарчих гээд арай хийж давсан гэдэг” хэмээн хуучны домогт бөхчүүдийн хөгжилтэй түүхээс хуваалцаж байлаа.

Дархан аварга Д.Дамдинг тэвдүүлсэн нь

Ц.Маамчулуун гуай улсын цолонд хүр чадаагүйд хэд хэдэн учир бий. Тэрбээр бэлтгэлд тоотой хэд гардаг, ажил амьдралынхаа хажуугаар л барилддаг нэгэн байж. Улсын наадамд арав гаруй жил зодоглохдоо дөрвийн даваанаас ахиж чадалгүй, начин цолыг хамрынхаа урдуур олон ч удаа таслуулсан аж. Түүнээс “Танд улсын цолонд хүрэх шунал байгаагүй юм уу” гэж асуухад “Яагаад ч юм улсын цолонд нэг их шунаж байсангүй. Шуналаас гадна ажил амждаггүй байлаа. Дэлгүүрийн мөнгө хураадаг тэрэгний жолооч байсан болохоор банкин дээр цагтаа очих ёстой. Цагаас хоцорвол торгуулна. Сонирхолтой тулдаа л очиж барилддаг байсан. Аз нь байвал арав хоног бэлтгэлд гарна. Зааланд барилдаж байх үед бол орхиод л гүйчихнэ. Тухайн үед аваргууд бүтэн хоёр, гурван жилийн бэлтгэлтэй, гадаадаас багш нар авч ирж бэлтгэлээ хийлгэдэг байлаа. Одоо бодоход арав хоног ч хүрэхгүй шахуу хугацаанд бэлтгэлд гараад, ажлаасаа ирж барилддаг над шиг хүн яаж ч давах билээ” хэмээгээд намдуухан инээж байлаа. Ажил, бэлтгэл нь цалгардаад амжилт нь ахихгүйгээс гадна нөхөд нь түүнийг аваргуудыг гомдоосон учир улсын цолонд хүрч чадаагүй гэж шоглодог гэнэ. Учир нь улс, хувьсгалын 50 жилийн ойтой Бүх ард түмний IV спар-такиат давхцаж, Д.Дамдин аварга тэр хоёр хүндийг өргөлтийн 90 кг-ийн жинд өрсөлдсөн байна. Ц.Маам гуайн жин нь хүрэхгүй байсан тул дөрвөн цагийн турш бүлээн цай ууж жиндээ хүрсэн бөгөөд тэр тэмцээнд нийл бэр оноо гоороо түрүүлсэн аж. Тэм-цээ ний дараа Д.Дамдин аварга жигтэйхэн уурлаж, “Би Монголд штанг өргөөд ялагдаж үзээгүй. Чамд ялагдлаа. Дахиж өргөхгүй” гэж хэлээд хүндийг өргөлтөөр дахин хичээллээгүй гэдэг. Түүний бөхийн паян үүгээр дуусахгүй ээ. Д.Дамдин аваргын уурыг хүргэсэн хүн Х.Баянмөнх аваргыг ч бас хилэгнүүлсэн гэнэ. Нэг жилийн наадмаар Д.Дамдин аварга түүнд “Чи энэ жил их сайн байна. Начин болох байх шүү” гэж хэлж. Баярлаад байж байтал Ж.Баянмөнх аварга амлаж аваад хаячихсан байна. Дараа жил нь Д.Дамдин гуай бас л “Начин болох найдлага байна” гэж урамшуулж. Тэгсэн Баянаа аварга дахиад л Ц.Маам гуайг амлаж. Залуугийн хор шараар дэвжээн дээр гараад “Яахаараа дандаа намайг амалдаг юм. Өөр хүн олдохгүй байна уу” гэж хэлээд нэлээн удаан зууралджээ. Давдаггүй юм бол ядраана гэж байгаа нь тэр гэнэ. Тэрбээр “Шартай ч байж дээ. Сүүлд золгуулсны дараа надаас “Одоо болсон уу” гэж асууж байна. “Болоогүй” гэсэн чинь аваад шидчихсэн” хэмээн залуу насаа дурсаж байв.

Аваагүй бөхийн цолоо армиас хүртэж, хүндийг өргөлтөд хүч сорих болсон нь

Түүнийг бага байхад одоогийн “Найман шарга” захыг Шатарчин гудамж гэдэг байжээ. Хүүхэд насных нь он жилүүд ч энэ гудамжинд өнгөрч, хятад шийг сонирхон харж, найзуудтайгаа хөөцөлдсөөр хүн болсон. Нэг жилийн борооноор айхтар үер бууж, ээжийнхээ хэлснээр хаяагаа бушуухан шуугаад орвол үерийн ус мэлсхийтэл ороод ирж. Ээжтэйгээ хамт тавилга сэлтээ холдуулж, авдрынхаа булангаас өргөтөл даагаагүй учир ээж нь “Юу идэж уусан амьтан бэ. Булангаас нь өргө” гэж хүүгээ зэмлэжээ. Энэ үг түүний сэтгэлд тод үлдэж, өвөг эцэг шигээ бяртай болох хүсэлд хөтлөгдсөн тэрбээр хүнд эд зүйлийг өргөх гэж чармайж, хичээх болсон байна. Сэтгэлдээ бяр өвөртөлсөн хүү армид очоод хүндийг өргөлтийн тамирчин болж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээсэн гэдэг. Ц.Маам гуайг их бууны 019 дүгээр ангид алба хаахаар очиход, “Алдар” нийгэмлэгт хүндийг өргөлтийн тэмцээн болж, тэрбээр барилдаж, ноцолддог байсан тул өнөө тэмцээнд анги хамт олноо төлөөлөн оролцохоор болжээ. Сайн мэдэхгүй спорт тул өөрийнхөө даах хэмжээгээр жингээ захиалж, “Яах бол” хэмээн эмээж байтал гурав дугаар байранд орж, шагнал хүртсэн байна. Тэмцээн дууссаны дараа цэргүүдийг анги руу нь буцааж, Ц.Маамчулуун, “Хань” киноны Төмөрийн дүрд тоглодог Г.Доржнамжил, Н.Дондов гэх гурван цэргийг анги руу нь буцаахгүй авч үлдээд Спортын төв ордон руу илгээсэн байна. Үүргээ биелүүлэн ордон руу очтол тэднийг ЗХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч хүлээж байжээ. Цэрэгт очоод барилдаж, ноцолддог байсныхаа хэргийг гаргаж, цэргийн арслан цол хүртсэн бөгөөд тэр цагаас хойш “Цолтойгоос хойш” хэмээгээд дахин барилдаагүй аж.

Алхаж чаддаггүй өвгөн ахин амьдарч, аюулт өвчнийг дийлсэн нь 

Тэрбээр 1976 оноос амьдралын эрхээр спортоо орхиж, 1991 он хүртэл СОТ-2 авто тээврийн комбинатад жолоочоор ажиллажээ. 1991 оноос хойш автобус барих болж, 2004 онд тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр тэтгэвэрт гарснаасаа хойш жил гаруй өөрийгөө амрааж, гэртээ хөдөлгөөнгүй суух болжээ. Тун удалгүй жилийн дотор бие нь өвдөж, гараа атгах нь битгий хэл алхаж ч чадахаа больсон бөгөөд түүнд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй ясны шохойжилт гэсэн онош тавьжээ. Жил гаран яах аа ч мэдэхгүй явж, ойр зуур алхах болсон ч сайжрахгүй байсаар 92 кг жинтэй байсан хүн 67 кг болтлоо турж, залуу цагийн найзууд нь ч танихгүй болтлоо ядарсан аж. Ц.Маам гуай энэ тухайгаа “Нэг өдөр бага хүүтэйгээ хамт нэгдүгээр хороололд байдаг гэрээсээ Спортын төв ордон хүртэл алхсан юм. Хэд хэд амарсаар Спортын төв ордон дээр ирж, хажууд нь сууж байхдаа “Би энд дахиад ирж чадахгүй болов уу даа. Заалаараа нэг ороод гаръя” гэж бодоод хүүдээ хэлсэн. Залуудаа хичээллэж байсан үеэс өөрчлөгдөж, зориулалтын шал, тоног төхөөрөмжтэй болоод их сайхан болсон байлаа. Гарч явахдаа идэрчүүдийн дасгалжуулагч байсан С.Хөхөөтэй таарсан юм. Намайг нэлээн ажигласан байх. Арай гэж таниад “Ахмад тамирчид зааландаа ирж бэлтгэл хийж байгаа” гээд намайг ирж, бэлтгэл хийгээрэй гэж урилаа. Би ч гаднаа “За” гэж хэлсэн хэр нь дотроо “Над шиг суугаад босож чадахгүй амьтан хүндийн өргөлтөөр хичээллэнэ гэж юу байх вэ” гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн хэр нь л ирмээр санагдаад бэлтгэл хийх болсон. Манайхан ч эхэндээ намайг таниагүй. “Маам ах нь байна шүү дээ” гэж хэлж байлаа. “Барилгачин” нийгэмлэгт хамт байсан Н.Сэрдамба гээд найз маань намайг “Маам мөн үү” гэж нөгөө хэдээс асууж л дээ. Мөн гэж сонсчихоод “Би Маамыг оршуулаад ном хүртэл уншуулсан шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Манай найзууд намайг бүгд л үхсэн гэж бодсон юм билээ. Намайг тэвэрч уйлаад л “Би чамайг сэтгэлдээ оршуулчихсан байсан” гэж хэлж байсан. Ингээд тонгойж ч чадахгүй байсан ч хоёр жил орчим бэлтгэл хийгээд бүрэн эдгэж, ахмадын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн” гэж ярилаа. Энэ хугацаанд тэрбээр нэг ч удаа эм ууж, рашаан, сувилалд яваагүй гэнэ. Зөвхөн хөдөлгөөн хийж, бэлтгэлдээ явсаар өвчнөө ялан дийлжээ.

Бүжигчин, мистер, бөх, хүндийг өргөлтийн тамирчнаас бөмбөрцгийн аварга болсон нь

Түүнд одоо ч эрүүл мэндийн ямар нэг зовуурь байдаггүй гэнэ. Ц.Маам гуайн эрүүл байгаагийн бас нэг нууц нь нийтийн бүжиг бөгөөд вирусийн халдвар гараагүй байх үед долоо хоног бүр бүжигт орж, Жаахан Дулмаа, Румби, Вальс, Задгай цагаан гээд 18 төрлийн нийтийн бүжгийг бүгдийг нь сурсан аж. Түүний спортын амжилт үндэсний бөх, бүжиг танцаар ч хязгаарлагдахгүй. 65 насандаа бодилбилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дэд мистер болсон түүх ч түүнд бий. Харин пауэрлифтингийн спорттой тэрбээр 2006 оноос хойш холбогджээ. Ц.Маам гуай зурагтаар пауэрлифтингийн тэмцээн үзээд өөрт нь тохирох спорт гэж үзэн бэлтгэл хийдэг ахмадууддаа энэ тухайгаа хуваалцсан байна. Ингээд тэр ондоо анхны тэмцээндээ оролцож, улсын аваргаас хүрэл медаль хүртсэн аж. Удалгүй “Алагтай Сэцэн” клубийн захирал Б.Жаргал сайхантай танилцаж, тэдний клубийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд орох болсон нь түүний тив, дэлхийн аварга болох гараа болжээ. Тэрбээр 2013 онд ОХУ-д болсон ДАШТ-д оролцож, дөрвөн төрөлд нь түрүүлэн алтан медаль хүртсэн бөгөөд тэр цагаас хойш тив, дэлхийн тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртсэн байна. Монголд түүнээс ахмад настай, ойролцоо жингийн тамирчин байдаггүй бөгөөд түүний гол өрсөлдөгч нь МУГТ Н.Амаржаргал, улсын начин Б.Бадрал гэнэ. Энэ тухай тэрбээр “Тэр хоёр одоо 60 гарч яваа. Жингийн хувьд 100 кг орчим. Надаас илүү хүнд жинтэй, залуу өрсөлдөгчид байгаа нь намайг илүү хурцалж, бэлтгэлээ хийх урам зориг өгдөг. Ялахын тулд илүү сайн бэлдэх хэрэгтэй” хэмээн бахархангуй өгүүлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орон орны өвөрмөц соёл

 0 сэтгэгдэл

Дэлхий ертөнц даяаршиж бас ондоошиж байна. Хүн төрөлхтний үнэт зүйл нэг боловч амьдралын хэмнэл, өдөр тутмын соёл нь ялгаатай. Мэндлэх, хооллохоос эхлээд оршуулах ёслолд хүртэл орон бүр өөр өөрийн өвөрмөц соёлыг тээн иржээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг учир эдгээр соёлыг урьдчилан мэдэж аваад, аялал болон ажил хэрэгтээ ашиглаарай.

Турк


Хол замд явж байгаа хүнийхээ араас сайн сайхныг хүсэн ус цацдаг. Эрэгтэй хүний үсийг эрэгтэй хүн, эмэгтэй хүний үсийг эмэгтэй хүн л засдаг. Хэрвээ төрийн далбаагаа харсан л бол хаана ч байсан үнсэж хүндэтгэх ёстой.

Малайз

Малайзад дохио зангаа илэрхийлэх, зүг чиг заахдаа зөвхөн эрхий хуруу ашигладаг. Учир нь долоовор хуруу нь бүдүүлэг байдлын илэрхийлэл бөгөөд эрхий хуруугаа гаргах нь илүү эерэг гэж үздэг. 

Франц


Харин Францад амьдардаг хүмүүс уулзахаараа хацраа гурван удаа нийлүүлэн үнсэж, мэндэлдэг. Мөн үнсэлтийн тоо бүс нутгаас хамаараад өөрчлөгддөг аж. Мөн та ямар нэг үдэшлэгт оролцож байгаа бол зочдыг таньдаг эсэхээсээ үл хамааран бүх хүнтэй мэндлэх ёстой. 

Япон

Японд хооллох үедээ сорох чимээ гаргах нь тухайн хоол танд үнэхээр таалагдаж буйг илтгэдэг гэж үздэг. Тиймээс гоймон идэх үедээ сэтгэл амар сорж болно. Мөн энд нэрийн хуудас солилцох соёл маш чухал бөгөөд та нэрийн хуудсаа англи хэл дээр бичихээс гадна заавал япон хэлээр бичсэн байх ёстой.

Энэтхэг

Энэтхэгт хоолонд зүүн гараараа хүрч болдоггүй. Зөвхөн баруун гараараа хоол иддэг. Учир нь зүүн гараа ашиглахыг доромжлол гэж үздэг бөгөөд бие зассаныхаа дараа зүүн гараараа цэвэрлэгээ хийдэгтэй холбоотой. Мөн хоёр эрэгтэй хүн хөтлөлцөх нь энд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. 

Герман

Германд уулзалт, магистрын төгсөлтийн үеэр алга ташихын оронд ширээгээ тогшдог. Мөн шар айргаа жингэнүүлэн тулгаж, Prost гэж хэлэх нь таны хүндэтгэлийг илэрхийлнэ. 

Австрали

Манайд бусдын гарыг хэт чанга атгах нь бүдүүлэгт тооцогддог бол энэ нь Австралид хүндэтгэлийг илэрхийлдэг.

Унгар

Харин Унгар улсад шар айраг, дарс зэргээ тулгадаггүй. Энэ уламжлал тус улсад 1848 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Австри Унгарыг эзлэн авч, баяраа тэмдэглэн тулган ууж, найр наадам хийж байв. Энэ цагаас хойш Унгарчууд тулгаж уухыг хориглох болжээ. 

БНСУ


Солонгост хамт ажиллагсадтайгаа оройн хоолонд орох болон караокед дуулах нь хамгийн их тархсан соёл. Ажлын амжилтаа тэмдэглэх, шинэ хүн ажилд орох, ажил хэрэгч уулзалтын дараах албан бус арга хэмжээ гэх мэт олон зүйлд энэ соёл үйлчилнэ.

БНХАУ

Хятадад бэлгийг хүлээн авахаас өмнө гурван удаа татгалздаг уламжлалтай. Тиймээс авах хүртэл нь бэлгээ үргэлжлүүлэн өгөх нь чухал. Ялангуяа бизнес уулзалтын үед хятад харилцагчдаа бэлэг бэлдэх нь түгээмэл.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрсний дараах сэтгэл гутралыг анхаарах төрийн бодлого алга

 0 сэтгэгдэл
  • Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэл зүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна
  • Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ
  • Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг

30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа. Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахим спорт олимпод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна
  • Цахим спорт сэтгэхүйн болон харааны хурд, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км  алхаж, бясалгал хийн, сэтгэл зүйн бэлтгэлээ хангадаг

Нэгэн үе бид цахим спортыг компьютер тоглоомын газраар л төсөөлдөг байв. Гэвч өдгөө энэ спорт дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд бүртгэгдээд зогсохгүй олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болжээ. Саяхан манай улсын Tiger баг Азийн аварга шалгаруулах "ESL One: Road to Rio" тэмцээний аваргаар шалгарч, Weibo Cup Asian Championship-2020 тэмцээнд түрүүлж амжилтаа бататгаад буй. Ингээд энэ удаагийн залуус буландаа тус багийн тоглогч Kabal буюу Б.Бат-Энхийг урьж, ярилцлаа.

-Энэ спортыг сонирхож, хичээллэх болсон үеэс ярилцлагаа эхэлье. Эцэг эхчүүд хүүхдээ компьютероос аль болох хол байлгахыг хичээдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв? 

-Би цахим спортоор хичээллээд найман жил болж байна. Намайг энэ спортыг сонирхож эхлэх үед Монголд хөгжих гарц нь хаагдмал, хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байсан. БНХАУ болон БНСУ руу суралцахаар явсан учраас цаашид мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөөд спортоосоо хэсэг завсарлага авсан байлаа. Ингээд 2017 онд дахин хичээллэхээр болж, БНХАУ руу явж, өөр багт цалинтай тоглох болсноо хэлэхэд гэрийнхэн маань эергээр хүлээж авсан. Одоо бол бүгд маш сайн ойлгож, дэмждэг. 

-Саяхан болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд түрүүлж, аваргын тоглолтод Хятадын Invictus Gaming багтай таарсан. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-Invictus Gaming бол өндөр чансаатай, нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтод орохын өмнө бид эсрэг багаа маш сайн судалдаг. Энэ тэмцээнд ч бас бэлтгэлээ яг тийм байдлаар хангасан. Аваргын тоглолтын үеэр гал гарсан өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. Гурван үе тоглосны дараа хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Эхний нэмэлт цаг дээр дахин тэнцсэн учир, хоёр дахь удаагаа цаг сунгаж тэр тоглолтод ялалт байгуулсан.

-Та өмнө нь 2016 оны Азийн аварга Mongolz багт тоглодог байсан. Яагаад Mongolz багаас гарсан юм бэ? 

-Би Mongolz багт жил гаруй тоглосон. Тухайн үед ивээн тэтгэгч байхгүй, дэмжлэг муу байсан учраас Монголынхоо өөр нэг тоглогчтой хамт Хятадыг зорьсон. Хятадад цахим спорт хурдацтай хөгжиж байгаагаас гадна тамирчдыг маш өндрөөр үнэлдэг. Манай баг гурван хятад, хоёр монгол тамирчны бүрэлдэхүүнтэй байсан. Багаар тоглодог учраас хоорондоо маш сайн ярилцаж, хурдан хугацаанд мэдээлэл солилцох шаардлагатай. Гэтэл хэлний бэрхшээлээс шалтгаалаад бүрэн ойлголцож чадахгүй байсан. Эхний жил дохио зангаагаар ойлголцож, хоёр дахь жилээсээ амжилт үзүүлж эхэлсэн ч нэг хэлээр ярьдаггүй, нэг үндэстнүүд биш учраас энэ нь сул тал болж, том тэмцээнүүдэд ялагдал хүлээх болсон. Ингээд Хятад дахь багаасаа гарч Монголдоо ирээд шинэ баг бүрдүүлсэн.

-Азийн аваргад бэлтгэж байгаа гэсэн. Цахим спортын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг нь сонирхолтой байна?

-Манай багийн тоглодог төрөл биднээс сэтгэхүйн болон харааны хурд, анхаарал төвлөрөх чадвар, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км алхдаг. Мөн эрүүл хооллож, түргэн хоол, газтай ундаа зэрэг чихэрлэг хүнс хэрэглэхээс татгалзаж хоолны дэглэм баримталдаг /инээв/. Яагаад гэвэл тэмцээний үед олон цагаар сууж, тоглоод ирэхээр энергиэ алдаж, “унтарч”, эхэлдэг. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. 

-Ихэнх хүмүүс цахим спортыг PC тоглоомын газруудаар хязгаарлаж ойлгодог. Манай улсад цахим спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хэдэн жил маш эрчтэй хөгжиж байна. Өмнө нь цөөхөн хэдхэн тэмцээн болдог байсан бол одоо лигийн аварга, халз тоглолтууд гэх мэтээр олон төрлийн тэмцээн тогтмол зохиож байна. Тоглогчид байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар нь ч эрс сайжирч байна. Сая болсон Азийн аваргад гурван монгол баг оролцох жишээний. Мөн маш олон монгол тамирчид дэлхийн хэмжээний томоохон багуудтай гэрээ байгуулж байна.

-Өсвөр үеийн хүүхдүүд донтох, олон цагаар тоглох хандлагатай байдаг. Компьютер тоглоом сонирхогч, мэргэжлийн тамирчин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Тоглоомд хэт их донтож байгаа нь цагаа буруу хуваарилж, сөрөг сэтгэл зүйгээр тоглож байгаатай холбоотой болов уу. Бид өдөрт хамгийн ихдээ 6-7 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ хугацаанд зөвхөн тоглохоос гадна өрсөлдөгч багаа судална, стратеги боловсруулна, хувийн бэлтгэлээ хийнэ гэх мэт олон зүйлийг амжуулдаг. Утга учиргүй тоглох бус үр дүнтэй тоглох хэрэгтэй. Донтох эсэх нь хувь хүний ухамсраас шалтгаалах байх.

-Энэ спортын ач холбогдлын талаар хуваалцахгүй юу? 

-Хамгийн түрүүнд багаар ажиллах чадвар сайжирдаг. Би анх тоглож эхлэхдээ маш дуугүй, бүрэг хүүхэд байсан. Өөр өөр хүмүүстэй баг болж тоглоод ирэхээр нээлттэй болж, харилцааны чадвар маань сайжирсан. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулж сурдаг. Ер нь асуудлаас амархан гарч чаддаг гэж хэлж болно. 

-Танай багийг Хятадын Weibo группийн охин компани ивээн тэтгэдэг юм билээ. Ивээн тэтгэгчээ хэрхэн олж байв. Монголоос ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Манай багийн гишүүн Dobu бид хоёр Хятадад хоёр жил гаруй тоглосон. Энэ хугацаанд цахим спортын салбарын маш олон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон учраас ивээн тэтгэгчтэй болох боломж олдсон. Мөн Хятадад цахим спортыг маш сайн дэмждэг бөгөөд тамирчид нь Азидаа хамгийн өндөр цалин авдаг. Хятадад хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин олгодог. Намайг анх очиж байх үед Эстонийн тамирчин 25 мянган юанийн цалинтай тоглодог байсан. 

-Цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх нь ямар давуу талтай вэ. Харилцан ашигтай байх зарчим нь юун дээр суурилдаг юм бол?

-Цахим спортын том хэмжээний тэмцээнүүдийг хэдэн зуун мянгаас тэрбум хүн үздэг. Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтыг зөвхөн онлайнаар 600 гаруй мянган хүн үзсэн. Шилдэг багуудын хэрэглэж байгаа keyboard, mouse ямар брэндийнх байх вэ, өмсгөл дээр нь ямар компанийн лого байгаа вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгчдэд олон талын үр ашигтай. Зөвхөн Youtube хуудсанд байршсан бичлэг, үзэгчийн тоо хүртэл орлогын эх үүсвэр болдог.

-Цахим спорт 2022 оны Азийн наадамд багтсан. Танай баг энэ уралдаанд оролцох уу? 

-Хоёр жилийн хугацаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед яаж шалгаруулахаас хамаарна. Хэрвээ CSgo төрөл багтсан бол манай баг уригдах болов уу гэж бодож байна.

-Багийн тоглолт ганцаарчилсан тоглолтоос эрс өөр. Гишүүн бүрд тоглолтын үед гүйцэтгэх үүрэг гэж байдаг байх? 

-Тийм ээ, гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь нэг нь багаа удирдана, нөгөө нь дэмжиж тоглоно, нэг нь снаппер буюу холоос дурандаж буудна, хоёр нь шууд буудалцах үүрэг гүйцэтгэнэ гэх мэт. CSgo төрөл олимпод бүртгүүлэхэд ойрхон байсан ч террорист гэсэн үг орсон, мөн буудалцааны үед цус гардаг учраас хасагдсан байгаа. Гэхдээ энэ алдаануудаа засчихвал боломж бий. Бусад төрлүүдийн хувьд олимп од бүртгүүлэх нь цаг хугацааны асуудал болсон. 

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд, амжилттай оролцож, ДАШТ-д хүч сорихыг хүсэж байна. Мөн дэлхийн аваргад оролцсон тоглогчдод стикер гэж өгдөг. Энэ наалтан дээр тухайн тоглогч өөрийн гарын үсгээ үлдээж, тоглоомд нэрээ мөнхөлдөг. Тиймээс гарын үсэгтэй болж, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сард 35 мянгаар “амьдардаг” нэр дэвшигч байгаа бол хамгийн баян нь 168 тэрбумын орлоготой

 0 сэтгэгдэл
  • Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Мурат, Ц.Нямдорж зэрэг гишүүд бүтэн жилийн турш зөвхөн цалингаараа “гол зогоодог” хэмээн ХОМ-тээ дурджээ
  • Х.Нямбаатар гишүүн дахин "Ядуурчээ". Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна

Авлигатай тэмцэх газар удтал дуншсаны эцэст УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа. Төрийн өндөр сэнтийд суухаар горилж буй нэр дэвшигчдийн бэл бэнчин ямархуу юм, хэр их орлогтой вэ гэдэг нь эндээс харагдах учиртай. ХОМ-ийг шүүж байхад сонирхолтой зүйлс багагүй тааралдаж байна. Тэднээс заримыг нь хүргэе.

Ерөнхий сайд 1072-оос өөр хувьцаагүй

МАН-аа ахлан “тулаанд” орж буй Ерөнхий сайдын жилийн орлого 165 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй аж. Нийтдээ 162 саяар үнэлэгдэх нийтийн болон зуслангийн байр тус бүр нэгтэй бол 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ бичсэн байна. Сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй аж.

Улстөрчдөөс хамгийн баян нь Кёкүшюүзан уу

Хэрэв ХОМ-т үндэслэн нэр дэвшигчдийг жагсаавал хамгийн баян нь Кёкүшюүзан Д.Батбаяр болж таарах нь. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг хэдий ч гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 тэрбум төгрөг аж. Үүнээс гадна 70 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол 1.1 тэрбумын үнэтэй таван автомашинтай аж. Мөн 1.8 тэрбумын үнэт эдлэл, 360 саяын газар, 7.5 тэрбумын хадгаламж гээд жагсаалт цааш үргэлжилнэ. Сүмоч эрхэм маань үнэхээр хамгийн баян нь уу, эсвэл хөрөнгө, орлогоо үнэнчээр мэдүүлсэн цөөн хэдийн нэг байв уу гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар жилийн гурван тэрбумын орлоготой болохоо илэн далангуй мэдүүлсэн байв. Б.Дэлгэрсайхан гишүүн үүнээс гадна 6.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, дөрвөн тэрбумын хадгаламжтай.

Гэхдээ Кёкүшюүзан бол жирийн л нэг "Хурган баян"

Улстөрчид дундаа Кёкүшюүзан толгой цохих ч бизнесийн төлөөлөл Б.Пунсалмаагийн хажууд тэрбээр жирийн нэг ”хурган баян”. “М Ойл” компанийн захирал, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаагийн жилийн орлогоо 85 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхний орлогыг нь хамт тооцвол 168 тэрбум болно. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбум бөгөөд Range Rover, Porsche зэрэг 470 саяар үнэлэгдэх гурван автомашинтай аж.

Хамгийн их ядуурсан нь Х.Нямбаатар

Өнгөрсөн жил “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын зарим гишүүний орлого 6-20 дахин нэмэгдсэнийг сэжигтэй хэмээн үзэж, Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлт өгсөн ч олигтой үр дүнд хүрэлгүй тэгсгээд намжсан. Тухайлбал, УИХ-ын шинэ гишүүн Х.Нямбаатарын орлого 2015 онд 29 сая байснаа 2018 онд 442 сая болж нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулах хүсэлт тавьж байв. Тэгвэл энэхүү хэл амнаас хойш Х.Нямбаатар гишүүн дахин “ядуурчээ”. Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна. Түүнтэй хамт сэжиглэгдэж байсан М.Оюунчимэг гишүүний тухайд орлогоо хав дарсангүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилдээ 374 саяын орлого олдог гэв.

Зөвхөн цалингаараа амьдардаг гишүүд

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.2 сая төгрөг. Үүн дээр хууль баталсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан зэргээс хамааран цалин нэмэгдэнэ гэж тооцвол жилдээ 20 орчим сая төгрөг авчихна. Тэгвэл зөвхөн цалингаараа амьдардаг гишүүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Б.Жавхлан 26 сая, Ц.Мөнх-Оргил 32 сая, Д.Мурат 26 сая, Н.Номтойбаяр 26 сая, Ц.Нямдорж 26 сая төгрөгийн орлогоор бүтэн жилийн турш “гол зогоодог” хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

 Үгээгүй ядуусын арми УИХ руу зүтгэж эхлэв

Тоолж барахын аргагүй их хөрөнгөтэй нөхдөөс гадна амьдралын баталгаажих түвшингээс ч доогуур орлоготой байж мэдэх нөхөд цөөнгүй нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Орхон аймагт Зон олны намаас нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилд 900 мянган төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. Сард 75 мянган төгрөгөөр “гол зогоодог” гэсэн үг. Энэ нь амьдралын баталгаажих түвшин буюу ядуурлын улаан шугамнаас хоёр дахин доогуур дүн. Түүнчлэн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Алтанхуяг гэр бүлийн хүнтэйгээ нийлээд жилийн хоёр сая буюу сарын 166 мянган төгрөгийн орлогоор өдөр хоногийг аргацаах жишээний. Тэгсэн атлаа 43 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Энэ хүн яаж амьдраад байгааг бурхан л мэдэх байх. Ховд аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Алимаа мөн л “үгээгүй ядуу” нэгэн бөгөөд сарын орлого нь ердөө 125 мянган төгрөг. Гэхдээ 420 саяын байртай, хадгаламжиндаа 816 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Эдгээр хүмүүс Баянгол дүүрэгт өрсөлдөн гишүүн болохоор санаархаж буй Зон олны намын Б.Ариунсанаагийн хажууд бол баяндаа тооцогдохоор. Мань хүний жилийн орлого 425 мянга буюу сард 35 мянган төгрөгөөр амьдардаг байна. Хадгаламжиндаа ердөө 300 мянган төгрөгтэй аж. Үүнээс гадна бүтэн жилийн турш 900 мянгаар гэр бүлээ тэжээдэг А.Баасандэмбэрэл (Ховд аймаг), 700 мянгын орлоготой Б.Базарваань (Сэлэнгэ аймаг), 800 мянгаар 365 хоногийн турш амьдардаг А.Дөлгөөн (Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог) гээд ядуусын хорооллынхон ч өрөвдмөөр нэр дэвшигчид цөөнгүй байна.

Шинэ хүмүүсийн хэтэвч рүү өнгийвөл

Энэ удаагийн сонгуульд цөөнгүй шинэ хүн нэр дэвшиж байгаа. Дархан аварга А.Сүхбат намаасаа мандат авч чадаагүй ч түүний ах А.Батсүх ШИНЭ эвслийг төлөөлөн Төв аймагтаа өрсөлдөнө. Түүний жилийн орлого 480 сая төгрөг бөгөөд 1.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 6.8 тэрбумаар үнэлэгдэх мал сүрэгтэй. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин жилдээ 390 саяыг олчихдог. Мөн 900 саяар үнэлэгдэх барилга орон сууцтай бөгөөд нэг тэрбумын үнэ бүхий 680 ширхэг малтай аж. Түүнийг амлан авч тойрогт нь нэр дэвшсэн Н.Ган-Од буюу Гамбуушийн жилийн орлого ердөө 350 мянга бөгөөд хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. АН-аас Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй жүжигчин Ж.Баясгалан жилд 246 саяыг олдог. Мөн гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 737 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 1.2 тэрбумын мал, 1.2 тэрбумаар үнэлэгдэх түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бизнесийн томоохон төлөөлөл, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын жилийн орлого 146 сая. Үүнээс гадна 26 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 3.2 тэрбумын гадаад дансны хадгаламжтай гэнэ. Г.Батхүү агсны хүү, аавынхаа төрөлх нутаг Өвөрхангайд өрсөлдөж буй Б.Ганхөлөг хөрөнгө орлогоо харьцангуй даруухан мэдүүлсэн харагдана. Түүний жилийн орлого 6.4 сая төгрөг бөгөөд нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 430 саяын машин, 1.7 тэрбумын зээлтэй. Гэхдээ өв залгамжлал гэсэн хэсэгт 18 тэрбум төгрөгийг мэдүүлжээ.

Бусад нь буюу анхаарал татсан эрхмүүд

Ц.Мөнх-Оргил гишүүн уг нь 5.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэвч жилийн орлогоо 32 сая төгрөг гэсэн байна. Хадгаламжийн хүүг хамгийн багаар тооцоход сард 40 орчим сая төгрөг зүгээр авчихна. Үүнийг 12 сараар үржүүлбэл жилдээ 500 шахам сая төгрөг олно гэдгийг тооцохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч, нягтлан бодогч байх шаардлагагүй. Гэвч эрхэм гишүүн энэ мөнгөө мартсан бололтой. Бизнесийн өөр нэг төлөөлөл, “Херо” группийн үүсгэн байгуулагч Х.Ганхуяг 716 саяын орлого, 1.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 686 саяын авлагатай. Бангкокоос сонгуульд өрсөлдөж буй Л.Гүндалай жилийн орлогоо ердөө 24 сая гэж мэдүүлсэн ч 4.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын хадгаламжтай гэжээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цалингаас өөр орлогогүй буюу жилд ердөө 25 саяыг олдог. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн орлого нь 452 сая төгрөг бөгөөд 854 саяар үнэлэгдэх гурван байртай аж. АН-ыг төлөөлөн Дундговь аймгаас тасралтгүй сонгогдож буй Б.Наранхүү гишүүн жилийн орлогоо 32 сая гэж мэдүүлсэн ч нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, 4.5 тэрбумын мал, 4.8 тэрбумын хадгаламжаа нууж хаалгүй мэдүүлэв. Тэрбээр 21 компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг аж.