A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3158/

Нийгмийн эмзэг асуудал болсон нийтийн байрнуудыг журамлана

Зөвхөн өнгөрсөн онд нийтийн байранд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 1146 байгаа нь дээрх дүгнэлтийг нотолно.

Нийгмийн эмзэг асуудал болсон нийтийн байрнуудыг журамлана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3158/

Нийслэлийн хэмжээнд 649 барилгад нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байна. Тэдгээрт 6000 орчим хүн амьдардаг аж. Хамгийн олон нийтийн байр Чингэлтэй дүүрэгт байдаг бөгөөд, нийт 149 барилга тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Сонгинохайрхан 126, Баянгол дүүрэгт 144, Баянзүрх 143, Хан-Уулд арав, Сүхбаатарт 77-н нийтийн байрны зориулалттай барилга буйг албаны хүн хэлж байна. Нийтийн байрны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд ихэвчлэн хувь хүмүүс байдгийг мөн статистик харуулж байна. Тодруулбал, дээрх 649 байршилд буй нийтийн байрны ердөө 26 нь ААН-ийнх бол, үлдсэн нь хувь хүмүүсийн эрхэлж буй бизнес.
Гэвч нийтийн байрнууд нь нийгмийн эмзэг асуудал болоод байгаа нь олон жишээ харуулж байна. Тэнд хүн тавтай тухтай амьдрах орчин үгүй, бие засах газар, хог хаяг цэг алга, усанд орох нөхцөл байхгүй. Дээрээс нь гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдлүүдийг гааруулах, өнгөлөн далдлах, нуух, үйлдэх газар болоод байгаа нь үнэн.
Зөвхөн өнгөрсөн онд нийтийн байранд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 1146 байгаа нь дээрх дүгнэлтийг нотолно. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад дуудлагаар бүртгэгдсэн тоо. Харин мэдэгдэж, бүрт­гэгдээгүй гэмт хэрэг, зөрчлүүдийг нэмбэл түүнээс хэд дахин олон.
Мөн оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 140 гэмт хэрэгтнийг нийтийн байранд орогносон байхыг олсон гээд бодоход тэнд амьдарч буй хүмүүсийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл байхгүйг харуулж байгаа юм. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн байрнуудыг ашиглах журмыг хэлэлцэж эхлэв.
Уг журмаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч этгээдийн хү­лээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Тодруулбал, өөрийнх нь түрээсэлж буй нийтийн байранд хүний эрүүл мэнд, тав тухыг алдагдуулсан орчин бүрдэхгүй, гэмт халдлагаас оршин суугчдыг хамгаалах үүрэг нь тус байрны эзнийх байх юм.
Мөн нийтийн байрныхаа эргэн тойрон дахь 50 хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, мод бут, зүлэг тарьж ургуулан, хайс, хашлага, хог, хогийн савыг арчлах ёстой болж байна.
Мөн нийтийн сууцанд стандартад нийцсэн бие засах газар, муу усны нүхтэй байж, цахилгаан болон хийн халаагуур эсвэл шаардлага хангасан зуух ашиглах шаардлагыг тавих юм байна. Мөн стандартаар нийтийн байрны хэмжээ хамгийн багадаа 18 м/кв байх ёстой.
Энэ мэт стандарт, шаард­лагуудыг мөрдөөгүй тохиолдол хоёр болон түүнээс дээш удаа гарвал үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах аж.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийтийн байранд амьдарч буй түр оршин суугчдын бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, орон байрны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг шалгах зорилгоор нийтийн байрнуудад нэг сарын хугацаатай шалтгалт хийсэн. Улмаар эдгээр байрнуудад төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, галын самбар, хор цахилгааны утасгүй, байшин хоорондын зай ойр зэрэг түгээмэл зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч, оршин суугчид нь хууль ёсны бүртгэлгүй байсан” хэмээн хэлж байв.

Нийслэлийн хэмжээнд 649 барилгад нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байна. Тэдгээрт 6000 орчим хүн амьдардаг аж. Хамгийн олон нийтийн байр Чингэлтэй дүүрэгт байдаг бөгөөд, нийт 149 барилга тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Сонгинохайрхан 126, Баянгол дүүрэгт 144, Баянзүрх 143, Хан-Уулд арав, Сүхбаатарт 77-н нийтийн байрны зориулалттай барилга буйг албаны хүн хэлж байна. Нийтийн байрны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд ихэвчлэн хувь хүмүүс байдгийг мөн статистик харуулж байна. Тодруулбал, дээрх 649 байршилд буй нийтийн байрны ердөө 26 нь ААН-ийнх бол, үлдсэн нь хувь хүмүүсийн эрхэлж буй бизнес.

Гэвч нийтийн байрнууд нь нийгмийн эмзэг асуудал болоод байгаа нь олон жишээ харуулж байна. Тэнд хүн тавтай тухтай амьдрах орчин үгүй, бие засах газар, хог хаяг цэг алга, усанд орох нөхцөл байхгүй. Дээрээс нь гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдлүүдийг гааруулах, өнгөлөн далдлах, нуух, үйлдэх газар болоод байгаа нь үнэн.

Зөвхөн өнгөрсөн онд нийтийн байранд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 1146 байгаа нь дээрх дүгнэлтийг нотолно. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад дуудлагаар бүртгэгдсэн тоо. Харин мэдэгдэж, бүрт­гэгдээгүй гэмт хэрэг, зөрчлүүдийг нэмбэл түүнээс хэд дахин олон.

Мөн оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 140 гэмт хэрэгтнийг нийтийн байранд орогносон байхыг олсон гээд бодоход тэнд амьдарч буй хүмүүсийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл байхгүйг харуулж байгаа юм. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн байрнуудыг ашиглах журмыг хэлэлцэж эхлэв.

Уг журмаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч этгээдийн хү­лээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Тодруулбал, өөрийнх нь түрээсэлж буй нийтийн байранд хүний эрүүл мэнд, тав тухыг алдагдуулсан орчин бүрдэхгүй, гэмт халдлагаас оршин суугчдыг хамгаалах үүрэг нь тус байрны эзнийх байх юм.

Мөн нийтийн байрныхаа эргэн тойрон дахь 50 хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, мод бут, зүлэг тарьж ургуулан, хайс, хашлага, хог, хогийн савыг арчлах ёстой болж байна.

Мөн нийтийн сууцанд стандартад нийцсэн бие засах газар, муу усны нүхтэй байж, цахилгаан болон хийн халаагуур эсвэл шаардлага хангасан зуух ашиглах шаардлагыг тавих юм байна. Мөн стандартаар нийтийн байрны хэмжээ хамгийн багадаа 18 м/кв байх ёстой.

Энэ мэт стандарт, шаард­лагуудыг мөрдөөгүй тохиолдол хоёр болон түүнээс дээш удаа гарвал үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах аж.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийтийн байранд амьдарч буй түр оршин суугчдын бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, орон байрны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг шалгах зорилгоор нийтийн байрнуудад нэг сарын хугацаатай шалтгалт хийсэн. Улмаар эдгээр байрнуудад төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, галын самбар, хор цахилгааны утасгүй, байшин хоорондын зай ойр зэрэг түгээмэл зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч, оршин суугчид нь хууль ёсны бүртгэлгүй байсан” хэмээн хэлж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн гурав дахь $100 тэрбумтан

 0 сэтгэгдэл
  • Итгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв 

Арно бямба гараг бүр салбар дэлгүүрүүдээр зочилж, гар цүнхүүдийн байрлалыг шинэчилж, ажилтнууддаа зөвлөгөө өгдөг. Өрсөлдөгч дэлгүүрүүдийг оруулж тооцвол тэрбээр нэг өглөөд 25 орчим дэлгүүрээр айлчилдаг аж. “Энэ нь бүр зуршил болчихсон юм” хэмээн түүний хүү, LVMH-ийн бугуйн цагны брэнд TAG Heuer-т ажилладаг, 25 настай Фредерик өгүүлэв. Арно дэлгүүрүүдээр зочлохдоо анзаарсан зүйлсээ хариуцсан захирлуудад нь хэлдэг. Саяхан гэхэд л тэрбээр Louis Vuitton-ийн гүйцэтгэх захирал Майкл Бёркт хандаж тэдний гол бүтээгдэхүүн болох 2,480 ам.долларын үнэтэй шинэ цүнх Вандом дахь салбарт дууссан болохыг сануулжээ. “Нэг төрлийн бүтээгдэхүүн хэт олноор зарагдахад Арно дургүй байдаг” хэмээн 1980 оноос хойш Арнотой хамтран ажиллаж буй Бёрк хэлэв. Түүнчлэн Арно сард нэг удаа Bombardier хувийн онгоцоороо алслагдсан салбаруудаар зочилдог. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард тэрбээр Техас мужийн Кин хэмээх жижиг хотод айлчилж, Louis Vuitton-ийн шинэ үйлдвэрийн нээлтийн туузыг Дональд Трампын хамт хайчилсан юм. Энэ нь ирэх таван жилийн дотор 1,000 ажлын байр бий болгох хоёр шинэ үйлдвэрийн нэг юм (тус брэнд Калифорнид хэдийнэ хоёр үйлдвэртэй). Арно сэтгүүлчдэд хандан “Би түүний улс төрийн бодлогыг шүүх гэж ирээгүй. Надад улс төрд хүлээсэн үүрэг байхгүй” гэжээ. Гэвч тус үйл явдал Арногийн хүрээллийнхний дунд зөрчил үүсгэсэн юм. Vuitton-ийн эмэгтэй хувцасны дизайн хариуцсан захирал Никола Жескьер Instagram хуудсандаа “Загвар зохион бүтээгч миний бие тус хамтын ажиллагаанаас татгалзаж байна хэмээн нийтэлсэн юм. Харин Арно түүний өдөөн хатгалгад хариу өгөөгүй аж. Аравдугаар сарын сүүлчээр Арно, Бёрк, Dior-ийн гүйцэтгэх захирал Пьетро Беккари нар салбар дэлгүүрүүдээрээ зочлохын зэрэгцээ нэрт архитектор Фрэнк Геригийн зохион бүтээсэн Vuitton-ийн шинэ барилгыг үзэхээр Сөүл рүү нисчээ. Дотроо уран зургийн галерейтай зургаа дахь салбар болох тус барилга дотор LVMH-ийн Fondation Louis Vuitton музейн цуглуулгаас тавигдах юм. Цаашид, үзмэрүүдийг нь тус сангийн Парис дахь 135 сая ам.долларын музейн үзмэрүүдтэй солилцож байх аж. LVMH дэлхийн 68 оронд 4,590 салбар дэлгүүртэй болж өргөжсөн байтал шинэ салбар нээх, хаах шийдвэрийг Арногийн зөн совин, нэг ам метр талбайд ногдох борлуулалт, орчны зэрэглэл зэрэг уламжлалт үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг.

Тухайлбал, тэрбээр LVMH-ийн гол зах зээл болсон Хятад дахь Louis Vuitton-ийн салбарын тоонд хязгаар тогтоож, тэлэлтийн хурдыг зохицуулжээ. Мөн Флорида мужийн Форт-Лодердейл хотын салбар дэлгүүрийн ойролцоох зоогийн газар, дэлгүүр, автомашины зогсоол зэргийг хангалттай тансаг зэрэглэлийн бус гэх үндэслэлээр 2019 онд хаажээ. Харин Элисейн өргөн чөлөөг сайтар нягталсны эцэст тэрбээр Парисын Ялалтын хаалганы дэргэд, өмнөх түрээслэгчийнх нь борлуулалт муу байсныг мэдэж байсан ч Dior-ийн шинэ салбарыг 2019 оны долдугаар сард нээсэн юм. Dior-ийн гүйцэтгэх захирал Беккари “Тэр биднийг итгэлтэй байхыг шаарддаг. Биднийг үргэлж сорих нь түүний тактик” гэв. Өрсөлдөгчдийнхөөрөө айлчлах нь түүний бас нэгэн тактик юм. Бэлэн хувцасны компаниуд байгальд ээлтэй брэнд болохын төлөө өрсөлдөж байх зуур Арно Английн загвар зохион бүтээгч, экологийн аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэгч Стелла МакКартнитай (Пол МакКартнигийн охин) хамтран ажиллахаар болсноо долдугаар сард зарласан билээ. Стелла МакКартни цавууг амьтны эд, эрхтэн чанаж үйлдвэрлэдэг учир пүүзэндээ хүртэл ашигладаггүй аж. Пиногийн гэр бүлийн Kering групптэй (Gucci брэндийг эзэмшигч) 17 жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа 2018 онд эцэслэсэн МакКартниг Арно өөрийн “тусгай зөвлөх” болгожээ. LVMH бүтээгдэхүүндээ арьс, үслэг эдлэл (бас цавуу) үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэр гаргасан ч МакКартни хамтран ажиллахыг зөвшөөрсөн юм. Kering-ийн зүгээс нүүрстөрөгчийн ялгарал бууруулах зорилгоор санаачилсан Fashion Pact нийгэмлэгт Chanel, Hermès, H&M, McCartney зэрэг 32 брэнд нэгдсэн боловч Арно нэгдэхээс татгалзсан аж. Харин тэрбээр хэвлэл, мэдээллийнхэн Парист ид төвлөрдөг загварын долоо хоногийн үеэр эко байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, Dior-ийн шоуны үеэр загвар өмсөгчид шуудайтай шороонд суулгасан 170 модоор хүрээлүүлсэн тайзны голоор алхжээ. Байгаль орчны тогтвортой байдлыг бэлгэдсэн уг шоуны тог, цахилгаанд канола тосоор ажилладаг генератор ашигласан гэв. Маргааш орой нь Арно LVMH -ийн төв байрны хурлын танхимд 50 сэтгүүлчийг урьжээ. Хоёр цаг 30 минут үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр Арно болон LVMH-ийн 10 брэндийн захирлууд гэрэл цацарсан тайзан дээр ээлжлэн гарч, байгаль орчны тогтвортой байдлын хүрээнд хүлээх тус тусын хариуцлага, хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан юм. Илтгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв. Арга хэмжээний дундуур Арногоос уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн тэмцэгч, 16 настай Грета Тунбергийн талаар асуухад “Гретагаас ялгаатай нь би төрөлхийн өөдрөг хүн. Ямар ч бодит шийдэлгүй, дэндүү гэмээр гутранги үзлийг түгээж буй нь түүний хамгийн том алдаа” гэв. Арно аливаа асуудлыг сунжруулах дургүй. Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур түүний талаар “Тэр ‘үгүй’ гэсэн үг сонсох дургүй. Түүний үгийн санд ч байдаггүй” гэв. Арно бол өрсөлдөгчдөөсөө, худалдаж авахаар онилсон компаниудаасаа, тэр байтугай байгаль хамгаалагчдаас ч “үгүй” гэсэн үг хүлээж авдаггүй хүн юм. Үргэлжлэл бий...

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Минионууд” таван жилийн дараа дахин дэлгэцнээ

 0 сэтгэгдэл

“Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” кино ирэх долдугаар сарын 3-нд нээлтээ хийх аж. Энэхүү кинонд 1970-аад оны үйл явдал гарах ба балчир Грю, минионуудын адал явдлын тухай өгүүлэх юм. Хамгийн шилдэг хорт этгээд шалгаруулах тэмцээнд орохын тулд бяцхан Грю ба шадар гурван минион явж буй тухай харуулдаг бөгөөд тэдний ур дүйгүй байдал үнэхээр хөгжилтэй хийгээд инээдэмтэй. Тус киног “Иллюминейшн Энтертайнмент”-ийг үүсгэн байгуулагч хийгээд гүйцэтгэх захирал Кристофер Меледанри, түүний олон жилийн хамтрагч Жанет Хили, мөн Крис Рено нар хамтран бүтээжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Киногоо үзэхдээ хэлсэн үгээ сонсохоор уйлчихдаг

 0 сэтгэгдэл

"Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм" хэмээн ээжийнхээ эцсийн захиасыг аавдаа хоолой зангируулан хэлж, хоёр нүдэндээ нулимстай үлдсэн охины дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн Б.Эрдэнэцэцэгийг “Хуучны танил” буландаа онцолж байна. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны гол дүрийн охины дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр тус кинонд тоглохдоо найман настай байжээ. “Багын чинь төрх яг хэвэндээ байна гээд хүмүүс намайг таньдаг” хэмээн эелдэгхэн инээмсэглэх түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та наймхан настай байсан хэрнэ “Мөн ч их хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн юм” гэдэг үгийг яаж хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногштол хэлж чадсан юм бэ? 

-Кино нь зохиол сайтай, найруулагч их мундаг хүн байсан. Тиймээс үг, үйлдэл нь таараад хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Тэр үед киноныхоо зохиолд сайн орж чадсан гэж боддог. 

-Тухайн үед найруулагч нь юу гэж хэлдэг байсан бэ. Загнаж байсан уу? 

-Жаахан байсан болохоор юу гэж хэлж байсныг нь сайн санадаггүй юм. Гэхдээ миний санаж байгаагаар намайг загнаж байгаагүй. Харин ч кино багийнхан хайрлаж, О.Бат-Өлзий ах намайг байнга үүрч явдаг байсан.

-Дүрдээ орж тоглоход хамгийн хэцүү нь аль хэсэг байсан бэ?

-Ээж маань өөд болсон, мөн “Миний ээжийг үхсэнийг нь мэдээд ирээ юу” гэж хэлдэг хэсэг л хэцүү байсан. Киногоо үзэх бүртээ тухайн агшныг мэдэрч үздэг болоод ч тэрүү уйлчихдаг юм.

-Кино зураг авалтад ороход хүндрэлтэй зүйл нь юу байв?

-Тухайн үед хөдөө ахуй их хэцүү санагдаж байлаа. Хотын хүүхэд майханд хонох, өвсөн дээр хөл нүцгэн гүйх зэрэг нь хүндрэлтэй байсан. Гэхдээ зураг авалтын багийнхан болон ээж маань их тусалсан болохоор тийм ч хэцүү байгаагүй.

-Анх шалгаруултандаа яаж орж байсан бэ?

-Би тэр үед Монголын Хүүхдийн ордонд явдаг байсан юм. Ариунзаяа багш маань хэлээд киноны пробонд шалгуулахаар очиход дууссан байсан. Ээж бид хоёр хожимдож очсон юм байна лээ. Тэгээд учир байдлаа хэлээд “Намайг шалгаад өгөөч ээ” гэж О.Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч хоёроос гуйж байсан. Надаас “Чи уйлж чадах уу, морь унаж чадах уу” гэж асууж байсан юм. Чадна гэж хариулсан санагдаж байна. Энэ кинонд тоглосондоо өөрийгөө азтай гэж боддог. Тухайн үед хамт ажилласан хүмүүстэйгээ одоо ч гэсэн холбоотой байгаа. 

-Одоо хаана, юу хийж байгаа вэ?

-Гурван жилийн өмнө эх орондоо ирсэн. Монгол дээл дагнан хийдэг “Тэрлэг” брэндээ байгуулаад жил болж байна. Одоо энэхүү брэнддээ төвлөрч ажиллаж байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрээ хүлээж, нутгаа санагалзсан хөгшдийн “Эцсийн зогсоол”

 0 сэтгэгдэл
  • Энд байгаа 160 гаруй хүний 20 хүрэхгүй нь өөрийгөө илэрхийлэх чадвартай ба 55 нас хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй 50 орчим хүн бий
  • Он цагийн эргүүлэгт амьдрах чадвар нь суларч, ач хариулах хүнгүй торойж хоцорсон тэднийг харж, хайхардаг улсын асрамжийн газар нийслэлийн хэмжээнд ганц бий
  • Хөл хорио тогтоож, гадна, дотноос эргэлт оруулахгүй өнөө үед тусламжаар ямар нэг бүтээгдэхүүн хүлээж авахгүй байгаа учир нөхцөл байдал улам л хүндэрч байгааг сувилагч нь хэллээ
  • Тухайн үед шаардлага өндөр байсан тул эрүүл бус сэтгэхүй, элдэв буруу зантай хүн байгаагүй. Гэтэл одоо нөхцөл байдал их өөрчлөгджээ. Хэн дуртай нь л ирж байх шиг байна

Халуун өдөр сүүдэр бараадаж, хүйтний улиралд нар даган бор шувуу шиг бөвийж суудаг хүмүүсийг анзаарч хардаг, амьдрах нөхцөлийг нь сонирхдог хүн цөөхөн. Албан ажлаар л биш бол барагтай хүн очдоггүй “Ахмадын асрах төв”-ийн гурван давхар шар байрны эргэн тойронд эрих эргүүлж, гаанс нэрсэн хөгшид алсыг ширтэн, хэн нэгнийг хүлээж буй мэт зам харуулдан холхино. Тэдний аж, амьдралыг сурвалжилж, орчин нөхцөлийг нь “тольдохоор” очсон биднийг ихэд сонжих бөгөөд араас дагаж, элдвийг лавлах нь хүний мөрөөс болсныг нь илтгэх мэт. Магнайд нь үрчлээ тодорч, үс нь бууралтсан С.Цэнджав гуай асрах төвд ирээд 14 жил болж буй бөгөөд энд ханьтайгаа байдаг ганц хүн юм. 70 гарч яваа тэрбээр залуу насандаа ардын сургуульд багшилж явжээ. Харин нөхөр нь цэрэг, цагдаагийн албанд жолоочоос дарга хүртэл дэвшиж явсан нэгэн. Ханилж суугаад олон жил болсон ч хувь заяа тэдэнд үр хайрлаагүй аж. Харин өргөж авсан ганц хүүтэй. Хүнээр хүн хийж, хөлөө хучуулахыг хүсэн, төрсөн үр шигээ өсгөсөн ч насны эцэст нааш гэсэнгүй учир хоёр хөгшин төрийн халамжид ирсэн нь энэ. “Хүү маань баярын үеэр бидэнтэй ирж уулздаг юм. Энэ жил хөл хорио тогтоосон учир ирэхгүй гэнэ лээ. Хүүгээ ирээд явсны дараа бидний сэтгэлд хэсэгтээ л “нар манддаг” гэхийг нь сонсоод эрхгүй өрөвдөх сэтгэл төрсөн юм. “Хүний хүн” гэдэг сэтгэлээр өсгөөгүй учраас хүүдээ буруу өгч чаддаггүй нь ярианаас нь анзаарагдана. С.Цэнджав “Бид залуудаа халгиж, цалгиж л явлаа. Насны эцэст асрах газарт амьдарна гэж төсөөлж ч байсангүй. Тэтгэвэрт гарсныхаа дараа би хөлөө хугалж, хэвтэрт орсон юм. Харин залуугаасаа цэргийн байгууллагад ажилласан хань маань намайг асарч, ар гэрийн ажил хийж үнэндээ чадахгүй байсан. Мөн хүүтэйгээ таарамж муутай байсан учир төвөг болохыг хүсээгүй. Тэтгэвэрт гараад амьдрах гэж их үзсээн. Арга мухардаж асрах төв бараадсан даа. Анх нөхрөө энэ газар руу явъя гэхэд нь дургүйцэж л байлаа. Гэтэл намайг орхиод түрүүлээд хүрээд ирсэн. Яах аргагүй би араас нь гурван сарын дараа ирсэн дээ. Буруудсан зүйл алгаа. Дутагдах зүйлгүй сайхан байна” хэмээв.

Эд, хав нь бүрдэж, эрх дураар явах үе байхад, эрих, таягаар хань хийж, насны хяруу буух цаг ирдэг нь хорвоогийн жам. Өтөл насандаа үрсээ тойруулан, буянаа эдэлж буй буурлууд цөөнгүй ч асрах үр, ачлах ханиар дутаж яваа ахмад ч олон юм. Он цагийн эргүүлэгт амьдрах чадвар нь суларч, ач хариулах хүнгүй торойж хоцорсон тэднийг харж, хайхардаг улсын асрамжийн газар нийслэлийн хэмжээнд ганц бий нь олны хэлж заншсанаар Батсүмбэрийн хэмээгддэг Ахмадын асрах төв юм. Анх “Өнчин ядуусын тэтгэх газар” нэртэй байгуулагдаж байсан тус газар 95 жилийн турш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 200 орчим хүнд үйлчлэх боломжтой уг төвд өнөөдөр 167 эмзэг бүлгийн хүн байгааг бидэнд хэллээ. Тэдний нэг нь Ц.Чулуунцэцэг. Мөн л 70 гарч яваа түүнээс ахмадын асрах төвд ирээд хэчнээн жил болж буйг нь асуухад “таван жил гурван сар 26 хонож байна” хэмээн хариуллаа. Энд өнгөрөөж буй өдөр, хоног бүрээ хуруу даран тоолж буй тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ч насны эцэст нааш гэх хүнгүй торойж хоцоржээ. Харин үхтэл үр харам гэгчээр хайхралгүй орхисон хүүхдүүддээ хир халдаахыг хүссэнгүй, буруутгаж гомдсон үг ганцыг ч унагаагүй юм. 

Гэр, эмнэлэг хоёр хамт оршсоор олон жилийг үджээ

Асрах төвийн байр баригдаад олон жил болсныг гаднах төрх нь шууд илтгэнэ. Харин дотроо тохилог, тухтай. Ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх фитнес танхим, тоглоомын өрөө, хоолны заал зэрэг хэрэгцээт бүхэн энд бий. Түүнчлэн тэднийг биеийн байдал, асаргаа сувилгаанаас нь шалтгаалж ангилан байрлуулдаг аж. Тухайлбал, нэгдүгээр давхарт бие даах чадвартай ахмадууд байдаг бол хоёр, гуравдугаар давхарт эмчилгээ, сувилгаа шаардлагатай болон хэвтэрт орсон хөгшид бий. Тодруулбал, хамгийн дээд давхар нь амьдрах байр гэхээс илүү эмнэлгийн зориулалтаар ашиглахаар тохижуулж, тоног төхөөрөмжүүдээ байршуулжээ. Гэхдээ жирийн хүнийг эмнэлгийн “өвчтөн”-үүдтэй хамт байлгах нь эрүүл ахуйн талаасаа маш буруу аж. Тиймээс тусгай эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлагыг тус төвийн эмч, сувилагч нар хэлж байлаа. Гэвч “Асрамжийн газарт харьяа эмнэлэг байх нь зохимжгүй. Аль ч улсад тийм жишиг байдаггүй” гэх үндэслэлээр одоог хүртэл энд гэр, эмнэлэг хоёр зэрэгцэн оршсоор байна.

Эмчилгээний төсөв живхний мөнгөний дайтай

Тус байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа учир Эрүүл мэндийн яамнаас ямар нэг тусламж, дэмжлэг авдаггүй аж. Гэтэл энд эрүүл мэндийн чадамжтай, эмчилгээ, сувилгаа шаардлагагүй хүн тун цөөн. Эм, тарианы хэрэгцээ тогтмол гардаг. Гэвч тус шаардлагыг хангах төсөв хангалтгүй аж. Хэдий ахмадуудынх нь эрүүл мэндийн үйлчилгээнд жил бүр тодорхой мөнгө төсөвлөдөг ч энэ нь живхний хэрэгцээг ч хангаж дөнгөдөггүй байна. Учир нь тус төвд хэвтрийн байдалтай байнгын 30-40 хүн байдаг. Тиймээс нэг ээлжинд багадаа 60 ширхэг живх шаардлагатай. Ийнхүү сард 1800, жилд 21,600 ширхгийг хэрэглэдэг бөгөөд үүнд 30 гаруй сая төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгө асрах төвийн ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах жилийн нийт төсвөөс давсан тоо. Эм, тариа, катетр, живхээр таслахгүйн тулд буяны үйлс хийх хүсэлтэй хүмүүсээс албаныхны хүсдэг ганц зүйл нь том хүний живх. Ийнхүү живх тусламжаар авч, хэмнэсэн мөнгөөрөө хэрэгцээт эмээ хангаж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж ажилладаг байна. Хөл хорио тогтоож, гадна, дотноос эргэлт оруулахгүй өнөө үед тусламжаар ямар нэг бүтээгдэхүүн хүлээж авахгүй байгаа учир нөхцөл байдал улам л хүндэрч байгааг сувилагч нь хэллээ.

Ахмадын асрах төвийг төрөлжүүлэх шаардлагатай

Ахмадын төвөөр үйлчлүүлж буй нийт иргэний талаас илүү хувь зөнөгрөх өвчтэй болон архины хамааралтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, зан төлвийн өөрчлөлттэй хүн ч цөөнгүй. Тодруулбал, 160 гаруй хүний ердөө 20 хүрэхгүй нь л өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамжтай бөгөөд эрүүлээр сэтгэж чаддаг гэсэн үг. Гэтэл эрүүл хүнийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, архи, тамхинаас хараат, элдэв буруу дадал зуршилтай хүнтэй хамт байлгах нь хүндрэлтэй болохыг ахмадууд онцолж байлаа. С.Цэнджав гуайн нөхөр Д.Насанбуян “Ах нь 2006 онд энд ирсэн. Анх биднийг энд ирэхэд шалгуур өндөртэй байсан. Үнэхээр харж асрах хүнгүй, арга мухардсан хүмүүсийг л энд байхыг зөвшөөрдөг байлаа. Хөгшин бид хоёрыг эхнэр, нөхөр гээд авахгүй байж мэднэ гэж айсандаа гэрлэлтийн баталгаагаа хүртэл урж байсан удаатай. Бие, сэтгэхүй эрүүл гэдгээ нотлохын ч тулд 10 гаруй эмнэлэгт шинжилгээ өгч, шаггүй ажил болж л ирсэн юм даг. Тухайн үед шаардлага өндөр байсан тул эрүүл бус сэтгэхүйтэй, элдэв буруу зантай хүн байгаагүй. Гэтэл одоо нөхцөл байдал их өөрчлөгджээ. Хэн дуртай нь л ирж байх шиг байна. Талаас илүү хувь нь дэн, дунтай. Залуу хүн ч ирчихсэн л харагддаг. Худлаа ярьж, хулгай хийдэг хүмүүс ч бий. Нийгэмд амьдрах аргагүй болсон хүнийг энд битгий ав гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ эрүүл, өвчтэй хүмүүсийг хамт “хаших” нь үнэхээр зохимжгүй байна. Тусгаарлах хэрэгтэй. Хэлээд хэл ойлгохгүй, харьцах боломжгүй хүмүүстэй хамт байх амаргүй шүү дээ” гэлээ. Таягтай, тэргэнцэртэй, зөнөгрөлтэй хүмүүстэй ухаан санаа нь эрүүл, саруул ахмадуудыг нэг дор байлгах нь олон зөрчил үүсгэдгийг нийгмийн ажилтан нь ч хэлж байв. “Манай төвд төр, нийгмийн зүтгэлтэн ч бий. Насаараа архины хамааралтай амьдарсан хүмүүс ч бий. Эднийг нэг дор байлгах амаргүй. Үүнээс болж зөрчил их үүсдэг. Уг нь тус, тусад нь байлгадаг бол их амар” гэв.

 Аав ээжийнхээ тэтгэврийг буухаар ирээд авчихдаг хүүхдүүд ч байна

Энэ төвд 55 нас хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн 50 орчим бий. Ахмадын асрах төвд залуучууд байгаагийн шалтгаан нь төрөлжсөн асрамжийн үйлчилгээ манай улсад олон байдаггүйтэй холбоотой. Тухайлбал, амьдрах чадваргүй, асрах хүнгүйн улмаас хүүхдийн асрамжийн төвд байсан иргэн 18 нас хүрэхдээ энэ төвд ирэх тохиолдол олон гэнэ. Уг нь тус асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй хүн нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон ахмад настныг хүлээж авах журамтай ч энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн дүрэм төдий аж. Энэ талаар нэрээ хэлэхийг хүсээгүй ахмад “Сүүлийн жилүүдэд хэн дуртай нь л энд ирдэг болчихсон. Арын хаалга, танил тал нөлөөлдөг байх. Мэдээж бид хамт амьдарч байгаа юм чинь хэн яаж ирсэн, ямар амьдралтайг сайн мэднэ. Үр хүүхэдтэй хүн ч цөөнгүй бий. Заримдаа эргэлтээр ирээд тэтгэврийн хэдийг нь сэгсэрчихээд явдаг хүүхэд ч харагддаг л юм. Үхтэл үр харам гэж, өнөө хэд маань нүдээ ширгэтэл хүлээж байгаад, цуглуулсан хэдэн цаасаа хураалгаад санаа амардаг. Баяр, наадмаар аав, ээжийгээ авч яваад хүргээд ирдэг хүүхдүүд ч бий. Мөн манай улсад асрамжийн төв хаягдсан салбар. Үнэндээ харах хүнгүй, өөрийгөө авч явах боломжгүй залуусыг өөр хаашаа яв гэх юм бэ. Санаагаар болдог бол төрөл, төрлөөр нь тусгаарлаад, олон асрах газартай л болмоор байна” гэлээ. Өндөр хөгжилтэй оронд ахмадуудыг асрах VIP үйлчилгээ нэвтэрчээ. Тухайлбал, дэлхийд насжилтаараа тэргүүлдэг Япон улсын хувьд төлбөр төлж, ээж аавыгаа асруулдаг хүн олон. Төлбөртэй асрах үйлчилгээ тул нэг сувилагч 3-5 хүнтэй тулж ажилладаг бөгөөд хамгийн ихдээ 15 хүнтэй нэг сэтгэл зүйч харилцдаг. Харин манайд энэ төрлийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна.

Ажилчдын нийгмийн асуудал хаягдсан 

Нийгмийн амьдралд оролцох боломж хязгаарлагдмал 167 ахмадад үйлчлэх үүрэгтэй 100 гаруй ажилтан бий. Гэхдээ үүний тал хувь нь зэргэлдээ орших Ахмадуудын сувиллын төв ажилладаг учир энд 50 гаруй хүн үйлчилдэг. Үүнээс тэдний сэтгэл зүй, эрүүл мэндтэй тулж ажилладаг хүн хуруу дарам цөөн. Тухайлбал, одоогоор нэг хүн сэтгэлзүйч, зохицуулагч, нийгмийн ажилтны үүрэг гүйцэтгэж байна. Харин нэг ээлжинд хоёр сувилагч, гурван асрагч гардаг бөгөөд тэд найм, 16 гэсэн ээлжээр жижүүрлэдэг. Нийгмийн ажилтан С.Гантулга энэ ажлыг хийгээд дөрвөн жил болж буй бөгөөд тус албыг хамгийн удаан хашиж буй нэгэн. Сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагчийн орон тоо байдаг ч ачаалал ихтэй, алслагдсан газар учир ажиллах хүн байдаггүйг тус төвийн дарга Л.Эрдэнэхүү хэлж байлаа. Ахмадын асрамжийн газраас сурвалжлага хийхдээ өвдөж ядрах үед харах хань, өтөлж хөгшрөхөд хөл хучих үр хүүхэдгүй үед амьдрал юутай гунигтай вэ гэсэн бодол эрхгүй төрсөн юм. Мөн насны “жаварт” дарагдсан ижий, аавыгаа ачлах сэтгэл, асрах ухаангүй үр цөөхан байгаасай гэж хүсэн, буурлуудын гунигт харцыг сэтгэлдээ тээсээр тус газраас хөдөллөө.