A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/444/

Нийслэлийн МАН-д хэн "бодлогын хүн" болохыг Бага хурал харуулна

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлаар хотын намын даргыг сонгоно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/444/


Төрийн албыг зарах дистрибьютерийн өргөн сүлжээ бүхий улс төрийн бизнес санаа нь задарснаас болж огцорсон Ц.Сандуйгаас хойш нийслэлийн МАН өнөөдрийг хүртэл даргагүй байна. Ц.Сандуй огцрохдоо хотын дарга С.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гэвч МАН-ын дүрэмд “Үүрэг гүйцэтгэгч намын дарга” гэдэг зүйл байхгүй. Нийслэлийн МАН-ын Бага хурлаас гадуур хэн нэг нь “Чи намын дарга бол” гээд тамга, тэмдгээ бэлэглэдэг байж таарахгүй гэж үзэх хэсэг ч байна. Ирэх сарын 7-нд болохоор товлогдсон нийслэлийн МАН- ын ээлжит Бага хурлаар хотын намын шинэ даргыг томилно. Ялагдсан нам нэг зовлонтой бол ялсан нам түмэн зовлонтой аж.


Найман жилийн өмнө нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаараа Ц.Сандуйг нийслэлийн намын хорооны дарга болгож байсан. Тэр цагаас хойш нэг удаа ч хуралдаагүй нийслэлийн МАН- ын 34 дэх Бага хурал өөр нэгэн даргын талаар удахгүй хэлэлцэх гэж байгаа нь энэ. Нэр дэвшигчид ч эхнээсээ тодорчээ. Юуны өмнө сонгуульт албан тушаалыг томилгоот байдлаар авсан хотын мэрийн нэр бичигдэж байна. Түүнийг жинхэлж дүрмийн дагуу дарга болгох уу, өөр хүнийг сонгох уу гэдгийг Бага хурлын гишүүд шийднэ. Түүнээс гадна УИХ- ын гишүүн Д.Сумъяабазар Х.Нямбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар мөн намын даргад яригдаж буй. Огцроод нэг жил ч болоогүй Ц.Сандуйгийн нэр ч тэдний дунд тууж явна. Хэн нь дарга болохыг Бага хурлын 369 төлөөлөгч шийднэ. Нийслэлийн намын хороог МАН-ын бүтцийн байгууллага төдийхнөөр ойлгож болохгүй. Нийт хүн амын тал нь амьдардаг, НИТХ-ын 45, УИХ-ын сонгуулийн 26 тойрогтой, улсын нийт эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлдэг нийслэлд засаглаж буй намыг удирдана гэдэг улстөрч бүхэнд олдох боломж биш. Хэрвээ карьерийн зарчим зөв эрэмбээр үйлчилдэг бол энэ албан тушаалыг дагаад одоо улстөрчийн нэр хүнд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хариуцлагаа хүлээх ухамсар тэр хэмжээгээр дагалдахыг шаардана. Яг өнөөдөр нийслэлийн МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэж байна. Намын хорооны сонгуульд саналын эрх бүхий хэсгийн ахлагч нарыг аялуулж явсан автомашин осолдсон, бүр гурван ч хүн амиа алдсан тухай зарим хэвлэлээр бичиж эхэллээ.

Баттай эх сурвалжийн хэлж буйгаар Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын төлөөх “уралдаан”-ы хүрээнд Хамрын хийд рүү аялуулж байсан хэсгийн ахлагч нарын автомашин осолдсон золгүй явдал гарсан байна. Түүнээс гадна намын Бага хуралд оролцох 369 төлөөлөгчийн 69-ийг шууд квотоор оруулахаар болсон нь удаах дуулиан болов. Өмнө нь есөн дүүргийн намын хорооны тэргүүлэгчид тэгш оролцоотойгоор, мандатаар сонгогддог байсан бол, энэ удаа удирдлагууд 69 саналын эрхийн давуу боломжийг өөртөө олгож байна гэсэн үг. Зарим дүүргийн /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх /МАН-ын удирдлагууд үүнийг эсэргүүцэж, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид рүү шаардлага бүхий бичиг цаас шидээд амжиж. Гэхдээ тэргүүлэгчдэд хандсан шаардлагын хариуг дүрмийн бус хэмээгдэж буй үүрэг гүйцэтгэгч дарга өөрөө өгсөн нь бүр ч ойлгомжгүй байдлыг бий болгожээ. Ингэхэд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвших нь тодорхой болоод буй эрхмүүдийн хэн нь хэн бэ? Хотоос сонгогдсон хоёр ч Их хурлын гишүүн, хотын “парламент” болох НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын дунд болох өрсөлдөөн ширүүн байх нь дамжиггүй. Хэн хэнд нь хотын намыг удирдах улс төрийн дэмжлэг учир шалтгаан тодорхой хэмжээнд бий. С.Батболд. Өнгөрсөн сонгуулиар хотын намын хороо гэхээс илүү төв намд зүтгэж ажилласан. Өөрөө нэр дэвшихээс татгалзаж, сонгуулийн штабыг гол зохицуулагчдын нэг, арын албанд зүтгэх үүргийг хүлээсэн.

Улмаар нам ялбал аль нэг салбарын сайд болох тохироог хийсэн гэдэг. Өөрөө ч үүнийг баталдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн дуудлагаар гэхээс илүү цэвэр намын улс төрийн шийдвэрээр хотын даргад томилогдсон түүнийг МАН дахь хотын фракц олонхоороо шахам дэмжих нь гарцаагүй. Д.Сумъяабазар. Хэний ч танихгүй 40 гаруй залуу ганц Улсын баатрын нэрээр нийслэл дэх МАН-ын хорин хэдэн жилийн засаглалыг унагаж асан тэр цагт тус намаас хотод сонгогдсон цор ганц УИХ-ын гишүүн нь Д.Сумъяабазар байв. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг шиг нам ялагдсан хүнд үед нийслэлийн “сөрөг хүчин”-ий үүргийг ганцаараа гүйцэтгэсэн нэгэн. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон, тэр хэрээрээ өөрийн хүрээллийг нийслэлийн МАН-д бий болгож чадсан түүнийг дэмжигчид мэдээж багагүй байх. Тэр утгаараа гол өрсөлдөөн Д.Сумъяабазар, С.Батболд нарын дунд өрнөнө гэж МАН-ынхан харж байна. С.Амарсайхан. “Хотын парламент”-ыг удирдаж байгаа гэдэг утгаараа бас л хүчтэй өрсөлдөгч. Эрх мэдлийн энэ тогтолцоо нийслэлд ч хэрэгжинэ. Гэхдээ С.Амарсайханыг нийслэлийн МАН доторх улс төрийн дэмжлэг дарга болох хэмжээнд бий болоогүй гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Х.Нямбаатар. Шинэ залуу парламентч. Шүүгч нарын хөрөнгө орлогын асуудлыг хөндөж гаргаж ирснээрээ сүүлийн үед дуулианы эзэн, хэвлэлийн “бай” болоод буй. Аль ч намд “намын бодлого, бодлогын хүн” гэж бий. Харин дээрх нэр дэвшигчдийн хэн нь нийслэлийн МАН-ын бодлогын “туг” байсныг Бага хурлын гишүүдийн сонголт харуулна. “Бодлого” ялах ёстой бол “бодлогын хүн”-ийг дэмжих сахилга бат тус намд байх хэрэгтэй. Энэ бүгд нэг сэдэв байх эсэх нь шинэ дарга хэн болохоос мөн хамаарах юм.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Арменыг Ездистан болгож хагалах төлөвлөгөө

​Орос-Армены харилцаа замын бэлчирт, хоёр салаа замын эхэнд байна​

 0 сэтгэгдэл

Энэ 2018 он бол Армены түүхэнд ул мөрөө үлдээх жил. Жинхэнэ тусгаар тогтнолоо 2018 оны хавар олж авсан байж болно. 1991 онд СССР тарахад ямар Армен буй болсон юм бэ? Ереванаас умар зүг 126 километрт орших гюмри хотод оросын цэргийн 102 дугаар бааз байрлах бөгөөд тэр нь өвөр Кавказ дахь Оросын цэргийн бүлэглэлийн цөм нь. 1953 оноос Арменд байрласан мотобуудлагын 127 дивизийг 1995 онд цэргийн бааз болгоод агаарын цэргийн ба агаарын довтолгооноос хамгаалах хүчнийг нэмж байрлуулжээ. Нийт бие бүрэлдэхүүн нь 4000 цэрэг офицер гэвэл, тоо байдаг нь юуг илэрхийлэв гэхлээр энэ улс хүссэн ч, эс хүссэн ч охуын нөмөр нөөлөг дор дохио зангаагаар нь явж байжээ гэдгийн ганц нотолгоо. Москвагийн тал баримтлагч Ерөнхийлөгч, Засгийн газар нь унамагц Армен ардчилсан улс болсон тухайд бус харин тэндхийн езидүүд нь автономит эрх шаардаж, Армены нутаг дэвсгэрт Ездистан гэх төр улсыг АНУ-ын протекторат дор байгуулахыг тулгалаа гэх айдас дагуулсан мэдээ Москвагаас тараагаад буй нь ямар учиртай юм бол? Езидүүдийн султан (хаан) Келаш гэдэг нөхөр вашингтонд ийм мэдэгдэл хийгээд Дональд Трамп руу захидал бичиж Арменыг хувааж аль гэсэн шүү ярьсан мэтээр оросоос мэдээлжээ.

Тэр нөхөр бол “Езидүүдийн ертөнцийн хунтайж” гэгч аж. Арменд АНУ-ын нутаг дэвсгэрийн төр захиргааны бас нэг нэгж бий болно ч гэх шиг. Арменд дан Арменчууд аж төрдөг, сайндаа л Оросууд бий байх гэж таамаглаж байтал тэнд хоёр сая езид байна. Тэднийг аймаглан устгах аюул нөмөрлөө. Тэднийг ялгаварлан гадуурхаад эхэллээ. Хөрш Армен айлууд нь хялайж үздэг. Тэгэхлээр тусдаа Езидүүдийн улс байгуулсан нь дээр, үүнийг G7 Армены нутагт гэж зөвшөөрсөн гэж хунтайж ярьжээ. “Езидүүд 6763 дэх шинэ оноо тэмдэглэв” гэсэн мэдээ сайтад явж байсан. Тэдний шинэ оныг “Сарсал” гэх бөгөөд энэ дэлхийн хамгийн ууган үндэстэн гэдгээ тэгж илэрхийлдэг. Арменчууд ч 4000 жилийн түүхтэй хэмээн ам мэдэн ярих дуртай нь бас тийм өвөг дээдсээс нь улбаатай байж болно. Эдүгээ бид христосын григориан календарь гэдгээр 2018 оноо туулж яваа бол жүүдийн рош ха-шан хуанлиар 5779 он, лалын хижра тооллоор 1440 орчим оноо үдэж яваа. Нэг ийм эртний түүхтэй Езид гэх үндэстэн Кавказаас мэндлэх нь. Езид гэдгийг Ирак дээр л бид мэднэ. Лалын террористууд тэднийг амьтан болгож тавьсныг саяхнаас л дэлхий сонсож байгаа. Уг нь 6700 жил оршин тогтносон, хэдэн арван мянгаараа Европ, АНУ, Орос руу дүрвэсэн тэднийг цуглуулаад Арменд төвхнүүлье хэмээн ярилцлаа гэсэн байх юм.

Оросын нөлөөнөөс гарч, Европыг баримжаалсан, Нато-д хавсарга маягаар уригдсан армен ингээд Езид гэх дотоодын мөргөлдөөндөө дарагдах уу? Өөр нэг нээнтэг нь Нагорно Карабахын мөргөлдөөн. Хэрэв олон таван юм яривал Азербайжанд ашигтайгаар шийдүүлчихнэ гэх Оросын далд анхааруулга нэг бус удаа тэднийг цочирдуулна. ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвсэлдээ Армен нь Орос, Казахстан, Белорусс, Киргиз, Тажикистантай хамт байгаа шүү гэх анхааруулга, сануулга өдөр бүр очно. Украин, Гүрж шиг бүр цаашаа эргэчих вий гэх айдаст Москва өөрөө автаад хямраад ч байх шиг. ОДКБ эвслээ шинэчлэх, газар зүйн тэлэлт хийх, тэгснээрээ оролцогчдыг нь янз бүрийн статустай болгох талаар ширүүн яригдаж буй. ОДКБ эвслийн парламентын ассамблей гэх байгууллагыг ОХУ-ын төрийн думын дарга Вячеслав Володин тэргүүлдэг бөгөөд ОДКБ эвслийг тэлэх элдэв хувилбар яригдаж байгааг зарлажээ. ОДКБ-гийн Нарийн бичгийн дарга нарын газар өргөдөлд дарагдсан, парламентын түвшинд эхлээд ассамблейнхаа гишүүн, ажиглагч болгоё гэсэн хувилбар яригдсан аж. Түнш, ажиглагч гэсэн статусаар Узбекистан, Серби, Афганистан, Иран гэхчлэн жагсаж байна. Азербайжаныг өргөдлөө өгөөгүй ч ОДКБ-д элсүүлэхийг Орос сонирхдог. Тэгэхдээ өгөх нь ч бараг тодорхой болсон, ажиглагч гэлтгүй шууд жинхэлнэ хэмээн Азербайжаны улс төрч Али Гусейнли зарласан. Геополитикийн шинэ нөхцөл байдалтай уялдан тийм шийдвэрт хүрнэ. Юу гэвэл, Арменд өнгөт хувьсгал ялчихлаа. Гүржийн адил Оросын эсрэг чиглэж таарна. Тэгэхлээр өвөр Кавказад Оросын цорын ганц холбоотон нь Азербайжан болж үлдэнэ, тэр нөхрийнхөөр бол.

Ереванд засаг солигдсоноос талцал, наймаалцлын хөрс бий болов

Өвөр Кавказын өнцгөөс харах юм бол Орос-Туркийн геополитикийн роман дуусдаггүй, шинэ шинэ агуулгаар баяжаад байдаг. Нато-той Анкара салах уу, үлдэх үү гэдэг дээрээ болчихсон. Гэтэл Армен, Азербайжан хоёулаа ШХАБ-ыг сонирхоод эхэлсэн. Армены шинэ эрх баригчид олон сандал дээр зэрэг суух гээд байдаг. Ерөнхий сайд Никол Пашинян нь Нью-Йоркт оччихсон Д.Трамптай уулзаж, олон улсын бүх түнштэйгээ харилцаагаа хөгжүүлнэ, нэгийг нь хохироох замаар нөгөөтэй нь харилцаагаа хөгжүүлэхгүй, Оростой ч, Европын холбоотой ч, АНУ-тай ч, Ирантай ч, Гүржтэй ч, Евразийн эдийн засгийн холбоотой ч харилцааныхаа түвшинг ахиулна хэмээн ярих нь гайхалтай. Одоо геополитикийн ямар шинэ нөхцөл байдал үүсчихээд байна вэ гэдэгт Н.Пашинян хариугаа өгчихлөө. Бакутай бол ярилтгүй гэлээ. Баку ОДКБ-д элслээ гэе. Ийм нөхцөлд Орост айхтар том дарамт ирэх нь байна. ОДКБ-гийн хоёр гишүүн холбоотон найз улсууд Нагорно Карабахын мөргөлдөөнөө шийдүүлэх гэж Москва руу бадар барина. Хэрэв байлдаад эхэлбэл Орос зохицуулна, зуучилна. Энэ мөргөлдөөнд ОДКБ-гийн Казахстан, Белорусс татагдаж орно, дуусашгүй яриа хэлэлцээ өрнөнө. Баку нь араасаа Анкарагийн зөвлөлгөө дэмжлэг аваастай, Ереваныг шахаад өгөөч хэмээн Туркээр дамжуулан Москва руу лоббидуулна, явж явж түүнд нь АНУ уригдаж оролцоно. Энэ бол Москвагийн хувьд хүсэх зүйл огтоос биш.

Эргэн тойрон хилийн мөргөлдөөнтэй зөрчилтэй улсыг Нато эгнээндээ авдаггүй бол Москвагийн хяналтан доорх ОДКБ 24 жил хил орчимдоо дайны байдалтай байгаа Арменыг авчихсан, одоо араас нь Афганистан, Иран, мөд Сири нэмэгдэж мэднэ. Юу вэ? геополитикийн холион бантан уу? Ереванд засаг солигдсоноос үүдээд ийм олон хуваарилалт, талцал, наймаалцлын хөрс бий болчихжээ. Өвөр Кавказад Орос өөрийн орон зай, талбараа авч үлдэхийн тулд ОДКБ-гээ түлхэхээр шийджээ. Нагорно Карабах тойрсон хямралыг Минскийн форматаар цааш нь авч явах, дуусашгүй хэлэлцээ, дуусашгүй мөргөлдөөн, Баку Степанакерт-Ереван гэх гурвалжинг үүрд мөнхлөөд царцаачихна гэсэн үг. Гэхдээ бүс нутгийн аюулгүй байдал эрхбиш олон улсын хяналтад орж ирнэ. Орос тэднийг бүр алдчихгүй. ОДКБ-д Баку орж ирэх нь гэж хардсан Армен энэ байгууллагын дүрмийг шүүмжлээд эхэллээ. Өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэ. Өмнө нь тус улсын Ерөнхийлөгч ОДКБ-гийн аюулгүйн Зөвлөлд улсаа төлөөлөн оролцож байсныг болиулах, оронд нь Ерөнхий сайд нь төлөөлөх ёстой гэнэ. Одоо ОДКБ-гийн ЕНБ-д нь Армены төлөөлөгч Юрий Хачатуров гэдэг хүн байгаа. Тэрээр 2017- 2020 онд энэ албанд ажиллана. Гэтэл тус улсын Мөрдөх тусгай алба нь Ю.Хачатуров дээр хэрэг үүсгэчихсэн. Тэрээр 2008 оны хавар Арменд дэгдсэн жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарсан хэрэгт унаж байгаа ба 2008 онд тэр нөхөр Армены зэвсэгт хүчний Ереваны Гарнизоны дарга байж гэнэ.

Түүнийг нэг удаа баривчлаад суллалаа. Москвад очиж ажлаа хүлээлгэж өгөөд буцаж ир гэсэн бололтой юм. Арменаас ОДКБ-гийн улсууддаа хандан энэ байгууллагын ЕНБ-дыг солих санал хүргүүлжээ. Арменд бүрэлдэн буй болсон шинэ нөхцөл байдалд дасаач ээ хэмээн Пашинян Орос анд нартаа хандан уриалаад байдаг. Оросууд болохоор Ю.Хачатуровыг хамгаалаад байдаг. Сүүлдээ Арменыг улс төрийн изоляцад оруулна болоод явчихлаа. Орос-Армены харилцаа тодорхойгүй, барьцгүй үедээ орлоо хэмээн Москвад мэдэгдлээ. Яг энэ үеэр Армен дахь Оросын цэргийн 102 дугаар бааз гэнэт хээрийн сургууль хийж, нутгийн Армен иргэдийг сандаргасан. Ерөнхий сайд Пашинян үүнийг хоёр орны харилцаа, БНУ-ын бүрэн эрхт байдлыг өдөөн хатгалаа хэмээн буруушаасан. Батлан хамгаалахын сайд Давид Тоноян нь Орос хилчдийг Арменд байрлуулах статусын тухай гэрээгээ цуцлана хэмээн ам түргэдэн хэлээд тавьчихсан нь Москвад бөөн сенсаац дэгдээлээ. Хилчдийн тухай яриагүй, Оросын цэргийн 102 дугаар баазын тухай ярьж байна хэмээн БХЯ-ных нь ТНБ-д Арцрун Ованнисян бүр тодруулж хэлснийг Оросууд тун эмзэглэн хүлээн авчээ. Юрий Хачатуровт эрүүгийн хэрэг үүсгэсэн, нэмж Армены хоёр дахь Ерөнхийлөгч РоберКочарян, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Микаел Арутюнян нарт ийм ял тохож баривчилсан бөгөөд ял нь хүндрээд Армены үндсэн хуульт байгууллыг түлхэн унагасан гэх ял болж хувирчээ. Учир нь 2008.03.01-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмэн боссон.

Тэднийг нухчин дарсан, үр дүн нь үй олноороо гадаад руу дүрвэсэн, Москваг тууштай баримтлагч Серж Саргсян Ерөнхийлөгч болсон. Серж Саргсяныг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахыг эсэргүүцсэн өнгөт хувьсгал 2018 онд дэгдээд энэхүү Пашинян засгийн эрх аваад байж байгаа нь энэ. Пашинян өөрөө 2008 оны тэрхүү хэрэг явдлын нэг баатар юм. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Левон Тер-Петросяны штабт ажиллаж байхдаа тэрхүү бослого тэмцэлд оройлон оролцоод дараа нь жил гаран эрэн сурвалжлагдсан. 2009 онд ил гарч бууж өгөөд баривчлагдсан, 2010 онд долоон жилийн ял сонсоод шоронд нэг жил суугаад 2012 онд Армены тусгаар тогтнолын 20 жилийн ойгоор өршөөлөөр суллагдсан учраас 2008, 2010 оны өсөө нэхэж авсан нь тэр бололтой. Оросын албаны хүмүүсээс хамгийн түрүүн гадаад хэргийн сайд Сергей Лавров хилэгнэлийн үгээ хэлжээ. Өмнөх нөхдөө баривчиллаа, мөрдлөө гэж тэрээр буруушаасан. ОДКБ-гийн ЕНБ-дыг баривчилснаараа цэрэг улс төрийн энэ байгууллагыг харлуулан шороотой хутгалаа болоод явчихсан. Оросын зүгээс батлан хамгаалах салбарт өгөх гэж байсан $100 саяын зээлээ өгөхөө болино гэсэн. Лавровын араас ял тулгасан нөхөр нь миний таньдаг Алексей Фененко гэж доцент Армены талаар ярьсан нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татлаа.

Тэрээр МгиМо-д бидэнд 2016 онд лекц уншиж байсан нөхөр. Фененкогийн ярьснаар Армены энэ бүтэлгүйтэл бүр 2003 оны сонгуулийн дараа эхэлжээ. 2003 оноос л армен нь Оросоос зай барьж, Нато, Европын холбоо руу хандаж хандарч эхэлсний гор яван явсаар 2018 оны хаврын өнгөт хувьсгал руу хүргэжээ. 2000-аад оны турш тус улс Москва-Брюсселийн хооронд тоглолт хийжээ. Оросоос зай барих сэтгэхүйтэй улс төрчдийн бүхэл бүтэн үе бэлтгэгджээ. Нато-той өргөтгөсөн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Европын холбоотой ассоциацын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Арван хэдэн жил энэ үйл явц өрнөхдөө Оросыг мэхлэн, харин цаагуураа өрнөдийг баримтлагч болсоор байжээ. Одоо бүр ил цагаандаа гарсан. Ерөнхий сайд Никол Пашинян, Ерөнхийлөгч Армен Саркисян нар хоёулаа “Европын тулгуур” гэгчийг уриалдаг болсон. Фененко багш маань “Европын тулгуур”-т ихээхэн анхаарал хандуулахыг Москвад уриалжээ. Юу гэвэл, энэ тулгуур чинь яван явсаар Арменыг Оросоос улам бүр зай бариулна, тэр нь ОДКБ-гээс зай барихад хүргэнэ. Одоо Пашинян өрнө-умардын хооронд тэнцвэржүүлэх бодлого явуулна. Түүнд нь Орос залхана. Оросыг өдөн дуудсан алхмаа хийнэ.

Жишээ нь, Норвег улс Натогийн ЕНБД-ыг баривчиллаа гэе. Тэр нь Норвегийн иргэн байвал бол ердийн, хэвийн үзэгдэл болно. Харин энэ удаа Пашиняны Засгийн газар Оростой муудалцах шалтаг хайхдаа ОДКБ-гийн ЕНБД-ыг баривчилж Москваг хэрүүлд татаж орууллаа. Оросын зүгээс хариу алхам хийхийг анаж байна. Зэвсэг худалдан авах зээлийг нь өгөхгүй гэе, цаадуул нь Америк, Франц руу хандахыг хичээнэ. Орос-Армены харилцаа бүр болохгүй гольдрил руугаа орно. Харилцаа иймдээ тулбал Москва Баку руу нүүрээ харуулна. Өмнөд Кавказ дахь Оросын гол түнш нь Азербайжан хэмээн нэрлэгдэх дээрээ тулна. Тэд зэвсэг гуйхгүй, мөнгө зээлэх гэхгүй, ардаа Турк гэж нэг лут хамгаалагчтай. Алексей Фененкогийн үзэж байгаагаар Орос-Армены харилцаа замын бэлчирт, хоёр салаа замын эхэнд байна. Эхнийх нь ОДКБ-гээс энэ улс сүр дуулиантай гарна, Натотой түншлэлээ огцом өргөжүүлнэ. Орос үүнийг тэвчихгүй. Хоёр дахь хувилбар нь, Армен өөрөө нурна. Хямрал хурцдана. Бослого тэмцэлд дарагдана. Өрнөдөөс тусламж өгнө, өрнөдийнхөн ажиллана, хувьсгал өндөрлөж жинхэнэ өрнөдийн талынхан засгийн эрхийг авна. Юун ОДКБ манатай.

ОДКБ Арменыг эгнээндээ авсан нь геополитикийн холион бантан уу

Профессор Сергей Марков Арменыг ширүүхэн “яллажээ”. Орост найрсаг бусаар ханддаг нөхөд Арменд засгийн эрх авчихсан, тэд Арменыг Евразийн эдийн засгийн холбооноос гаргах үзлийг түгээнэ. ТББ-ын баахан нөхдийг төр, засгийн албанд тавьж байгаа нь ТББ-уудыг нь Америк, Европын грантаар ажиллуулж байсны л үр дүн. Пашинян Нато-гийн саммитад уригдаж, Гюмри дэх Оросын цэргийн баазын статусыг авч үзэх тухай яригдаад эхэллээ. Арментуркийн хилээс Оросын хилчдийг буцаах тухай ч ярьдаг болж байна. Тэд Оростой холбоотон энэ тэр гэж ярих боловч энэ бол хууралт. Яг начир дээрээ тийм биш болсон. Хачатуровыг баривчилсан нь ОДКБ, Орос хоёрт зэрэг хор хүргэж буй хэрэг гэжээ. Москвад Арменыг одоо янз янзаар хардаж буй. Армены шинэ удирдлагыг цаанаас нь Америкийн тусгай албад хянаад, далд төлөвлөгөөгөө хэрэгжүүлүүлээд, Орос-Армены харилцааг хэргээр, бүр системтэйгээр бусниулаад байгаа юм биш байгаа?

Гэхдээ Пашинян яг одоо Оростой шууд муудалцахад бэлэн бус байна. Арменчуудад Орос нэр хүндтэй хэвээрээ байна. Гэхдээ Оростой мөргөлдөхөд аажмаар бэлтгэж эхэллээ. Оросын тал баримтлагчдыг дарах ажиллагаа эхэллээ. Тэр нь Саакашвили, Ющенкогийн үетэй тун төстэй. Оростой сайн харилцаатай гэж ярих мөртлөө цаанаа муу харилцааг өөгшүүлнэ. Пашинян, Саакашвили, Ющенко нар бол бүгд нэг “угж”-ны хүүхдүүд. Тэд Соросын сангаас тэжээгдсэн гэхчлэн. Пашиняныг хардах үндэс бий нь бий. Тэрээр парламентын депутат байхдаа Евразийн эдийн засгийн холбоог хэлэх хэлэхгүйгээр дайрч байжээ. Арменыг тийш нь сайн дураар нь биш, албадаж элсүүлсэн. Оростой тогтоосон харилцаа бол “нэг нь хэлдэг, нөгөө нь сонсдог харилцаа”, Оростой тогтоосон цэргийн харилцаа бол Азербайжантай тэнцвэр барих бус харин ч стратегийн түнш нэрээр Армены дотоод хэрэгт оролцох хаалга нээсэн, армент хохиролтой харилцаа гэх мэт!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тогтолцоог сууриар нь өөрчлөхийн учир холбогдол

​Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам нээгдэхгүй​

 0 сэтгэгдэл


Төрийн байгууламжийг бүхэлд нь суурь тогтолцоо буюу засаглалын хэлбэр, нутаг захиргааны эрх үүргийн хуваарилалт, тэдгээрийн хооронд гүйж байгаа амьд хэлхээ, холбоо гэж том зургаар нь ойлговол зохино. Хүн ажилладаг нийгмийн амьд харилцаа болохоос модуль биш. Хүний нийгмийн харилцааг машины мотор, барилгын архитектур, гэрийн хийц мэтээр хийсвэрлэн бодож, загвар зохион бүтээх нь нэн осолтой. Хүнээ эрүүл байлгах, өвчилсөн л бол эдгээх үүргийг эмч нар нуруундаа үүрдэг. Яг үүнтэй адилхан нийгмийг эрүүл байлгах, доголдол бүрийг илааршуулах мэргэжилтнүүд нь нийгэм зүйчид. тэд бол нийгмийн эмч нар. Тэгэхээр мэргэжлийн нийгэмзүйчдийг илүү анхааралтай сонсох учиртай л даа. Энэ нь улс төрчид, хуульчдын зүгээс гаргасаар байгаа нэг талыг барьсан субъектив хандлагуудыг саармагжуулах маш чухал хүчин зүйл болно. Мөн улс төрчид хэмээн өөрсдийгөө өргөмжлөгчид, тэр дундаа үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг янз бүрийн гаргалгаа санаачлаад, зүтгүүлээд, чармайгаад байгаа эрхмүүдийн хувьд ойлголтын зөрүү дэндүү их байна. Ихэнх нь тогтолцооны талаар нарийн ойлголтгүй, нийгэм зүйн түлхүүр утга (индекстерм)-ын баримжаагүй, тодорхой концепцгүй байх юм. Энэ нь бүхэлдээ үндсэн хуулийг өөрчлөх, эсвэл өөрчлөлт оруулах бодит нөхцөл үүссэн ч субъектив хүчин зүйл талаасаа таатай нөхцөл бүрдэхгүй байна гэж л ойлгогдоод байна. Tөрийн тогтолцооны засаглалын оновчтой хэлбэрийг олж тогтоохын тулд төрийн гурван өндөрлөг гээд яриад сурчихсан тэр субъектуудын үүрэг, функцыг эхэлж сайтар нягталж, тогтоохоос эхэлнэ. дараа нь эрх мэдлийг зүй зохистой хэрхэн хуваарилж чадах эсэх бус, хэнд нь ямар эрх хэмжээ олгохыг урьтал болгох нь дараа дараагийн асуудал гэдгийг ч ухаарахгүй байна. Энэ бүхнийг тоочоод барахгүй учраас үг, цаг хэмнэх үүднээс гол асуудалдаа шууд орьё! тогтолцоог сууриар нь өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа тухайд л хэн нэгний хэлж амжаагүйг товчлон хэлэх гэсэн юм, болгоон соёрхоно уу!

БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Анх үндсэн хууль батлагдсан үеэс өнөөдрийг хүртэлх түүхэн үйл явцыг судлаад, түүнд тулгуурлан том зорилт агуулсан үзэл баримтлал гаргаж ирнэ гэвэл худлаа. Өнгөрсөн алдаанаас сургамж аваад цааш хөгжинө гэдэг үзэл санаа хоцрогдсон. Харин өнөөдрөө, яг одоо үүсчихээд байгаа нөхцөл байдлаа сайн шинжлээд, түүнээс цагийн байдал төлөвийг гаргаснаар чиг хандлагаа тодорхойлох нь зөв. Үүнийг нийгэм зүйчид, каузэл шинжилгээний арга гэдэг. Эмнэл зүйгээс орж ирсэн ухагдахуун, нийгэм зүйн судлагааны орчин цагийн арга юм. Өнөөгийн үндсэн хуулийг хэрэгжүүлснээр Монгол улсад өнөөдөр чухам ямар нийгэм бий болов? Бид хаана амьдарч, хаашаа яваад байна? Хөгжлийн ямар хандлага бодитойгоор гарч ирэв? Улстөрийн прогноз нь ямар байна? Эдгээр асуултад заавал хариу өгөх ёстой. Тэгэхгүйгээр муушиг тоглож байгаа юм шиг цочир шийдэл гаргаж, таг харанхуй гүйгээд орчихож болохгүй л дээ.

Намууд нийгмээ үнсэнд хаясан шалз шиг орхисон

Социалист нийгэмтэй байсан орнуудын хувьд өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан ардын эрхт БНУ-ын замаар явах уу, аль эсвэл барууны том гүрнүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр хөрөнгөтний БНУ болох уу гэсэн хоёрхон сонголт бий. Орчин цагийн нийгмийн ухааны нэвтэрхий толь гэгддэг Эдвард Люттваак маш тодорхой хэлсэн байдаг юм. Mонгол улс хоёр дахь замыг нь сонгохоор шийдэн, эсэргүүцэн зогссон заримыгаа зольж, 28 жил хамаг байдгаа барьж, барж, зөөж эцэст нь хэдхэн хүн баяжиж, зон олон нь амиа аргацаасан гуйрамчийн амьдралд орсон. Ийм нийгмийг Люттваак turbo capitalism гэж томьёолсон. Монголоор хүчлүүрт эсвэл нүдүүрийн капитализм ч гэмээр юм уу. Турбокапитализмын тухай бүрэн ойлголтыг нийтлэлийн бяцхан “хавчуурга” маягаар өгөх ямар ч боломжгүй. Харин Люттваакийн Turbo capitalism гэдэг бүтээлийг нь Харвардын их сургуульд уншсан хэд хэдэн цуврал лекцтэй нь сонирхоорой. Миний хувьд Монгол улс “нүдүүрийн капитализм”-ыг тун “амжилттай" байгуулсан гэж үздэг. Гэхдээ энэхүү үзэл бодлоо хэнд ч тулгахыг хүсэхгүй. Харин энэ “Нүдүүрийн капитализм”-ын гол 10 шинжийг жагсаалаа. Эдгээрийг улс орныхоо нөхцөл байдалтай харьцуулаад Монгол улсад "нүдүүрийн капитализм" үнэхээр байгуулагдчихсан юм уу гэдэг асуултад уншигчид өөрсдөө хариулна биз ээ.

1. Эдийн засгийн цар хүрээ макро түвшиндээ асар хурдтай тэлнэ. Эдийн засгийн хөгжлийн хурдацаар зарим жилд дэлхийд манлайлан гарч ирнэ.

2. Нийгмийн тодорхой хэсэг хэт баяжиж, олонх нь ядуурч, дундаж давхарга дарангуйллын шуурганд нэрвэгдэж, ширвэгдэж ядуурал руу гулсах бүхэл бүтэн арми бий болно.

3. Орлогын туйлчлал гэгч бий болж, баялгийн тэгш бус хуваарилалт ердийн хэв хэмжээ болон үйлчилнэ. Тодорхой орон зайд, нийгмийг хүч түрэн давамгайлах процесс (polarisation) биеллээ олно.

4. Ядуурлын эсрэг салангид тэмцлүүд өрнөж мэдэх ч үр дүнд хүрэхгүй. Ард олон өчүүхэн амьжиргаанаасаа бүр мөсөн хагацахыг хүсэхгүй.

5. Ядуурал жил, сараар биш өдөр, хоногоор газар авна.

6. Эдийн засгийн бодит секторт үнэт цаас (хувьцаа, лиценз) хэмээх хоосон зүйлийн үнэлгээ (dematerialisation) тэнгэрт хадаж, орлого нь хэдхэн хүний гарт төвлөрнө.

7. Дотоодын хөрөнгө оруулалтын нөхцөл хумигдаж, дундаж үйлдвэрлэгчид банкуудын мэдэлд шилжиж, дампуурсаныхаа төлөө мөнгө төлдөг гажуу (situs inversus) процесс явагдана.

8. Олигархуудын эзэгнэл улс төрийн механизмаар эсвэл цэрэг, цагдаагийн хүчээр баталгаажна.

9. Тооны хөгжил давамгайлж, чанарын өөрчлөлтүүд зогсонги байдалд орно.

10. Олигархуудад зориулагдсан хулгайн мөнгө хадгалах нуувчууд (оффшорыг хэлж багаа бололтой) хилийн гадна бий болно.

Дэлхийд нэртэй зарим нийгэм зүйчид Люттваакийг, “Акулуудад жижиг загас яаж амархан барьж идэхийг заагаад өгчихлөө” гэж шүүмжилдэг. Хүн ардын амьдралын тавлаг орчныг бүтээн, хүндээд үзлийг (personalism, оросоорчеловеческое доцтоинство) тулгуур болгон баримталж, гайхамшигтай хөгжиж яваа Скандинавын хөгжлийг тунхаглагчид, эрдэмтэд турбокапитализмыг эсэргүүцэн тэмцэж байна. “Тэмцээнд хэн амжуулсан нь, хэн уучлахгүй байж чадсан нь, хэн өрөвдөхгүй байж чадсан нь, хэн бууж өгөөгүй нь ялна” гэж дуулсан Лондоны олимпын сүлд дуулал (Muse-Survival)-ыг Ханну Итконэн (фин) тэргүүтэй нийгэм зүйчид хатуу шүүмжилж байсныг санаж байгаа байх. Өөр ч олон баримт бий. Монгол улс ардчиллын замаас ухарч болохгүй нь ойлгомжтой, хэн ч ухаръя гэж уриалаагүй. Гэхдээ турбокапиталист хөрөнгөтний эрхийг хамгаалсан ардчиллыг халж, ард нийтээрээ Зөвлөлдөх ардын эрхт ардчилсан төрөөр солих реформ зайлшгүй байдал хаалга тогшоод байгаа нь хэн бүхэнд тодорхой баймаар юм. Төрийн өндөрлөгүүдийн хооронд эрх мэдлийг оновчтой хуваарилна гэсэн “Лүндээжанцантангуудын үзэл баримтлал нь дэлхийд байхгүй хоцрогдлын хар гай. Өнөөдөр бий болчихоод байгаа 77 “өндөрлөг”-ийн эрх мэдлийн донг яаж хуваарилалтаар дарах гэсэн нь ойлгомжгүй. Хувь хүн, гэр бүл, албан байгууллага, улс орон ганцхан толгойтой байж урагшлан хөгжинө гэдгээс өөр үзэл баримтлал хүн төрөлхтөн олж чадаагүй байна. Дэлхийгээс ухаантай царайлах хэрэг байна уу? Эсвэл эх орныхоо эсрэг хэсэг бүлэг хүний ашиг сонирхлыг сөргүүлэн тулгаад байна уу?

• Нэгэнт макро түвшинд чанарын өөрчлөлт хийхээр зориглож байгаа л бол Үндсэн хуулийн тулгуур зарим заалтуудад өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй.

• Хүний нийгмийн харилцааг машины мотор, барилгын архитектур, гэрийн хийц мэтээр хийсвэрлэн бодож, загвар зохион бүтээх нь нэн осолтой.

• Цааш урагшлах тэнхээ барагдсан учраас цаг алдалгүй чанарт шилжих ёстой.

ХҮРСЭН ТҮВШИНГЭЭСЭЭ УХАРЧ БОЛОХГҮЙН УЧИР

Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу. Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм. Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ төвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа нээгдэхгүй.

ТООНООС ЧАНАРТ

Одоогийн үндсэн хуулийн концепц нь тэлэх чанар давамгайлсан үзэл баримтлалтай. үндэсний орлого, ДНБ, мал сүрэг, бүр байшин барилга, автомашин тоо гээд бүх юманд тооны динамик өсөлт давамгайлж, макро түвшиндээ даац хэтэрсэн. Цааш урагшлах тэнхээ барагдсан учраас цаг алдалгүй чанарт шилжих ёстой. Энэ бол чанарын “хувьсгал” байх болно. Нэгэнт макро түвшинд чанарын өөрчлөлт хийхээр зориглож байгаа л бол үндсэн хуулийн тулгуур зарим заалтуудад өөрчлөлт оруулахаас өөр гарц байхгүй л дээ.

УЛС ТӨРЖСӨН НИЙГМЭЭС НИЙГЭМЖСЭН УЛС ТӨРД

Төрөө нийгэмтэй нь бүхэлд нь жанжилсан, төрийнхөө дээр олбог дэвсэж байгаад сандайлаад суучихсан намуудын хар гайгаар энэ 30 шахам жилд нийгэм бүхэлдээ муухай улстөржлөө. Урьд нь 70 жил намыг бурханчлан шүтэж ирсэн нийгмийн сэтгэлгээ энд тус болсныг дурдаад өнгөрье! Намгүй бол амьдралгүй гэж итгэж үнэмштэл нь толгойг нь эргүүлсэн. Намууд төрөөр тоглож олигархуудтай нэг хөнжилд орон шургаснаар аргаа олж, баяжих зорилгодоо хүрсэн нийгмээ үндсэнд нь үнсэнд шидсэн шалз мэтээр хаясан. Нийгэмд хуримтлагдсан том бэрхшээлүүдийг шийдэлгүй орхиж, гар хурууны үзүүрээр жижиг сажигийг нь олж, шийдээд түүгээрээ гайхуулан иргэдээ баярлуулах гэж оролдож байна. Энэ зуур нийгмийн 30 орчим хувь нь ядуурч, дундаж давхарга доош живсэн. Ард иргэд харин талцаж маргалдсанаар юу ч олж долоохгүй. Төрийн зальжин механизм байжээ гэдгийг сайн гадарлах болсон. Ер нь ард түмэн их зүйлийг таньж мэдсэн. Нийгмийн ухамсар төрийн харилцаанаас түрүүлж алхаж байгаа. Тиймээс ийм өөрчлөлт гарах гарцаагүй бодит үндэслэл болж байна. Энэ хувьсгал, “Улстөржсөн нийгмээс нийгэмжсэн улс төрд шилжих хувьсгал” байх ёстой. Улстөрийг нийгэмчлэхийн тулд үндсэн хуулиа өөрчлөх ёстой. үүнийг үндсэн хуулийн хувьсгал гэнэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН АЛДААНУУД

Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ.

Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд том ачаа үүрэх ёстой

Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай. Одоо бол нийгэм-эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй.

Дүгнэлт: Хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. "Сонгодог" хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөөн!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аль засаглал сайн бэ гэдэг маргааныг ард түмэн л тасална

​Швейцар улс түүхэндээ 400 гаруй удаа ард нийтийн санал асуулга хийсэн байдаг​

 0 сэтгэгдэл


Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр гэдэг шиг Монголын парламентын ийм сэдэв нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байдаг. Одоо ажиллаж буй парламентыг оролцуулаад тооцох юм бол сүүлийн дөрвөн ч удаагийн УИХ “Эцэг” хуулийг өөрчлөх талаар ярьж, судалж, ажлын хэсэг байгуулсаар иржээ. Ээлжит чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дараалалд багтдаг нь мөнхийн сэдэв болсны нотолгоо. Харин хамгийн сүүлийн буюу УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээр үзэл бодлын олон талт мэтгэлцээн өрнөж байна. Монгол улс 26 жилийн турш мөрдөж буй шинэ үндсэн хуульд 1999-2000 онд оруулсан өөрчлөлтийг “Дордуулсан долоо” гэж нэрлэдэг. Харин тэр долоон дор заалтын дөрвийг нь энэ удаагийн өөрчлөлтөөр залруулна гэж ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн.

1992 онд буюу нийгмийн шилжилтийн зааг дээр баталсан үндсэн хууль өөрөө өнөөгийн нийгэмтэй нийцэж байна уу гэдэгт ард түмэн эргэлзэж байхад зөвхөн дордуулсан долоогийнхоо дөрвийг нь додомдуулснаар өдгөө Монгол улсад бий болоод буй системийн, улс төрийн хямралыг арилгаж, шударга ёс, хариуцлагатай байдлыг бий болгож чадах уу? Эхлээд нэг статистик энд дурдъя. 1992 оны шинэ үндсэн хуулийг батлахын тулд нийт 900 гаруй мянган иргэний саналыг авсан байдаг. Тухайн үед Монгол улсын сонгуулийн насны иргэдийн тоо 1.1 сая байжээ. Харин өдгөө нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй төсөлд 330 орчим мянган иргэний саналыг авсан талаар ажлын хэсэг тайлагнасан. Гэтэл Сонгуулийн насны хүн амын тоо 1.9 сая. 26 жилийн өмнө Монголын насанд хүрсэн нийт иргэний 81 хувийнх нь саналыг авч байж баталсан үндсэн хуулийг өөрчлөхдөө сонгуулийн насны иргэдийн ердөө 17 хувийнх нь саналыг тусгах гэж байна гэсэн үг.

Тэр “азтай” 17 хувь хэн байв? Мөн өөрийн биеэр буюу төрийн ордонд болсон зөвлөлдөх санал асуулга гэх чамин нэртэй хэлэлцүүлэгт 785 иргэн оролцсон. Тэдний дунд намын гишүүд, төрийн байгууллагын ажилчид, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ-ын ажилтнууд гээд эрх баригч хүчинтэй ойр хүмүүс багагүй жин дарсан нь үнэн. Тэд үндсэн хуулийг өөрчлөх түүхэн үйл явдлын оролцогчийн нэгд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсоноо зарлаж, хувийн сошиал сүлжээндээ зураг, сэтгэгдлээ оруулж байсан нь саяхан. Монгол улсад сонгуулийн насны 1.9 сая хүн байхад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 785 дотор шүү. Бас л их хувьтай хүмүүс гэж харах уу, түүврийн арга нэртэй луйвар болчихлоо гэж хардах уу. Мөн зарим эх сурвалжийн хэлснээр томоохон компанийн ажилчдыг дайчлах байдлаар санал бичүүлж авсан тухай дурдсан. Энэ талаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн ахлагч д.лүндээжанцан өөрөө ч үгүйсгээгүй юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн насны иргэдийн 17 хувийн саналыг тусгасан

Тэгэхээр ийм санал асуулгын үр дүн дээр суурилж, нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй УИХ-ын боловсруулсан төслийг баталснаар нэг л болж өгөхгүй байгаа Монгол улсын засаглалын хямрал, хууль шүүхийн байгууллагад үл итгэх байдал, төрийн байгууллагынгажуудлыг засаж чадахгүй нь мэдээж. 1992 оны үндсэн хуулиар Монгол улсын засаглалын тогтолцоо нь олон улсын практикт түгээмэл бус улсад л байдаг холимог тогтолцоо гэж үздэг. Парламентын тогтолцоотой, бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй Ерөнхийлөгчтэй. Мөн дордуулсан долоогийн “ачаар” өнөөдөр л гэхэд үнэмлэхүй олонх парламентын бүлгийн гишүүдийн 20 гаруй хувь нь Засгийн газартаа давхар ажиллаж байна.

Парламент нь Засгийн газраа хянаж чадахаа байсан, гүйцэтгэх засаглал нь намын хараат болсон, Ерөнхийлөгч шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн хуулийн зарчим алдагдсан, төрийн алба чадавхгүй, хэврэг, ард түмний амьдрал баян ядуугийн туйлд хуваагдсан, орлогын эрс ялгарал бий болсон гээд тоочоод байвал түмэн “зовлон”-гийн суурийг үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй болсонтой холбон тайлбарладаг. Тиймээс дордуулсан гэх долоон заалтынхаа дөрвийг нь засах байдлаар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр дээрх өвчин эдгэхгүй. УИХ 2010 онд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тус хуулийн хүрээнд буюу үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд өөрчлөлт оруулах хэмжээ, хязгаар тавьсан гэж хэлсэн. Гэвч тус хуульд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой ил тод байх зарчмыг баримтална гэж заасныг мартсан бололтой.

Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийг өөрчлөхдөө санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх мянга хүрэхгүй хүн Монголын гурван сая гаруй хүнийг төлөөлж чадахгүй. Тиймээс үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх, засаглалын ямар тогтолцоог дэмжих талаар нийт ард түмний санал асуулгыг зохион байгуулж, эргэлзээг тайлах нь шударга. Өөрөөр хэлбэл аль засаглал сайн бэ гэдэг сэдвээр улстөрчид, намууд хэрэлдэж суухаар ард түмнээсээ л асууя. Монгол улсын гурван сая хүн хэрхэн, яаж амьдрах, хөгжих тухай гол баримт бичгийг боловруулахдаа бүх ард түмний саналыг тусгая л гэсэн үг. Тухайлбал, Швейцар улс 400 удаа ард нийтийн санал асуулга явуулж, сонгууль маягаар зохион байгуулсан байдаг. Том гэлтгүй органик хуульд ч санал асуулга явуулдаг соёл тус улсад тогтчихсон байна. Ард түмнээсээ асуудаг дэлхий нийтийн соёлыг Монгол улс бий болгож яагаад болохгүй гэж. Төрийг удирдахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа хамгийн том хэлбэр нь энэ шүү дээ. Яах вэ, том өөрчлөлтийг хийх, зөв замдаа ороход хэдэн төгрөг л зарлагадна биз.

A

Жижиг

A

Дунд

A

Том

САЙД Д.СУМЪЯАБАЗАР ТОРОНТО ХОТНОО АЖИЛЛАЛАА

 0 сэтгэгдэл


“Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын 2018 оны 76 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазараар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 9-10-ны өдрүүдэд Торонто хотноо ажиллалаа.


Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа билээ. Иймд ажлын хэсгийнхэн Торонтогийн хөрөнгийн бирж, Канадын Экспортыг хөгжүүлэх сангийн удирдлагуудтай тус тус уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд байлцав.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам