A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/816/

Нийслэлчүүд үерийн гамшигт нэрвэгдлээ

​Энэ сарыг дуустал дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно​

Нийслэлчүүд үерийн гамшигт нэрвэгдлээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/816/


Хэчнээн их анхааруулж, сэрэмжлүүлсэн ч нийслэлчүүд мягмар гарагт орсон түр зуурын аадар борооны улмаас үерийн гамшигт нэрвэгдлээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд 60 гаруй насны иргэн үерт автаж, амь насаа алдав. Онцгой байдлын алба хаагчид цогцсыг нь Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээллээ. Зөвхөн үерт ч биш үерийн улмаас тогонд цохиулж, нүх рүү унаж осолдон амь насаа алдах эрсдэл гэр хорооллын бүсэд тун ойрхон байна. Дарь-Эхийн хуучин эцэс буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч Ч-ийн гэр цахилгааны шитын дэргэд байрладаг бөгөөд үерийн улмаас тогонд цохиулж, өчигдөр нэг нохой нь үрэгджээ. Тэднийх гурван хүүхэдтэй бөгөөд бороо орж, ойр орчим нь усанд автах бүрт тогонд цохиулж амиа алдах байнгын эрсдэлд амьдарч байгааг Ч хэллээ. Мөн байшин барихаар бэлтгээд байсан хоёр тонн цементээ нэгэн айл үерт урсгажээ. Дэнж дээр байрлах тус айл руу орох хөдөлгөөнийг цагдаа болон онцгой байдлын алба хаагчид түр хорьж, үерийн усыг далан руу зайлуулж байсан юм.

Ийнхүү энэ сар гарсаар ихэнх нутгаар орсон усархаг борооны улмаас сүүлийн өдрүүдэд баруун болон төвийн аймгуудад нүүрлээд байсан үерийн гамшигт нийслэлчүүд нэрвэгдлээ. Харамсалтай нь мэргэжлийн байгууллагын анхааруулга, сэрэмжлүүлгээс өөрөөр гамшгаас сэргийлэх гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийсэнгүй. Гэр хорооллын гудамж, далангаар айлуудын эд хогшил жорлонгийн бохиртойгоо хамт урсаж, өнгөтэй өөдтэй гэгддэг хотын төвөөр шивтэр ханхалж байна. Хэдийгээр өнөө жилийн долдугаар сард хур тунадасны хэмжээ өнгөрсөн жилээс ахиу байгаа боловч олон жилийн дунджийн орчим байгааг цаг уурчид хэлсэн юм. Гэвч гэнэт асгарсан бороо гамшиг болж буй нь угтаа дэлхий нийтээр анхааруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн илрэл юм. Ойрын өдрүүдийн гамшгийн зураглалыг ажваас Төв Азийн өндөрлөг орчим буюу Хятадын баруун болон баруун өмнөд хэсэг, оросын Байгаль нуур орчим, Монголд байдал хүнд байна.


• Баянзүрх дүүрийн 9 дүгээр хороонд 60 гаруй насны иргэн үерт автаж, амь насаа алдав.

• Хятадын баруун болон баруун өмнөд хэсэг, Оросын Байгаль нуур орчим, Монголд байдал хүнд байна.

• Гэнэт асгарсан бороо гамшиг болж буй нь угтаа дэлхий нийтээр анхааруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн илрэл юм.

Тухайлбал, олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид онц байдал зарлаад байна. Зам харгуй боогдож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд тус мужийн шуанлю олон улсын нисэх онгоцны буудалд 34 нислэг хойшилж, долоон нислэг цуцлагдсан байна. Мөн баруун зүгийн олон муж, тосгодод болсон үерийн гамшигт 900 гаруй мянган хүн өртсөн бөгөөд Хятадын хэмжээнд дөрвөн тэрбум ам.долларын хохирол учраад байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ. Тус улсын хэвлэлүүд энэ удаагийн үерийг 1981 оноос хойш тохиож байгаагүй гамшиг гээд, 2008 онд болсон газар хөдлөлттэй адилтган онцолж байна. Харин ОХУ-ын Байгаль нуурын бүс нутгийн зарим хэсэг үерт автаж, нэг сая рубль буюу 40 сая төгрөгийн хохирол амссаныг Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр мэдээллээ. Мөн Бүс нутгийн засаг захиргааны мэдээлснээр зургаан мянга гаруй хүн үерт өртөж, Шилка хотод 14 гүүр сүйдсэн байна.

Түүнчлэн олон зам, гүүр, ногооны талбай үерт өртжээ. Үерийн улмаас хохирол амссан мянга гаруй хүн байгаа аж. Одоогийн байдлаар 24 суурин газар, 170 гаруй хувийн байшин, 2000 гаруй зуслангийн газар үерт автсан хэвээр байна. Үерийн уснаас аврагдсан нутаг дэвсгэрт хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж буй манай орны хувьд өчигдрийн байдлаар төв аймгийн Борнуур сум, Баян-өлгий, Ховд, Алтай, Хангай, Хэнтийн нутгаар их үертэй байсан бөгөөд энэ сарыг дуустал дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох төлөвтэйг цаг уурчид анхааруулж байна. Хэдийгээр долдугаар сард хур бороотой байх нь газар тариалан, бэлчээр, зуншлагад сайнаар нөлөөлж байгаа ч голын эрэг дагуу нутаглаж, зусаж буй айлууд, хөдөө орон нутагт аялж зугаалж байгаа хүмүүс үер уснаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэйг холбогдох албаныхан анхааруулсаар байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтэс, Ерөнхий инженер Ч.Сарантуяа “Ойрын өдрүүдэд орж буй хур тунадас нь түр зуурын, хүчтэй аадар бороо. Ийм хур тунадас аадар, мөндөр, нөөлөг салхи, аянга, цахилгаанаас учрах аюул их. Тиймээс иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй. Өчигдөр Борнуурт болсон үерийн хэмжээ маш өндөр байсан. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд усны шугам, нүх барих зэрэг зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүйн гай Монголыг элсэн цөл болгох нь

  • Малын тоо өсөж, метан хийн ялгаралт нэмэгдэх тусам дулаарал эрчимжиж, цөлжинө
  • Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлын нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм
  • Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад нэлээд өндрөөр үнэлэгджээ

Зургадугаар сарын дунд хүртэл тэнгэр хур хайрлаагүйн улмаас ихэнх нутгаар гандуу байлаа. Хаврын хавсаргыг арай гэж давсан малын зоо тэнийх болоогүй бололтой. Баруун аймгийн малчид халуун зунаар хар цай ууж суугаадаа сэтгэл гонсгор байна. Булган аймгийн Рашаант сумын малчин Б.Баяр “Манай сум өмнө нь сангийн аж ахуй байсан болохоор нутгийн ихэнх хэсэг нь тариалангийн талбай байдаг. Малын бэлчээрийн талбай тун бага. Өнгөрсөн зунаас хойш малын зоо тэнийсэнгүй. Өвлийг арай гэж давж, хавартай зол госон. Гэсэн хэдий ч газар гандуу, өвс ногоо муутай хэцүүхэн байна. Бас үлийн цагаан оготно гэж бэлчээрийн дайсан хүчрэгдэхээ байлаа. Жил бүр оготно устгадаг ч хаа сайгүй л үзэгдэх юм. Зуны дунд сар гарчихаад байхад тугал, хургаа угжиж сууна. Энэ жил үнэхээр хүнд байна” хэмээн ярилаа. Мөн Архангай, Хөвсгөл аймгийн нутаг ч гандуухан байгааг малчид нь хэллээ. Хөвсгөл аймгийн хойд зүгийн сумдын нэг Ринчинлхүмбэ л гэхэд хэд хэдэн газар элсний нүүдэл хурж, цөлжиж эхэлсэн байна. Энэ бол хамгийн том аюул гэдгийг цөлжилттэй тэмцэх олон улсын байгууллагынхан анхааруулж байгаа юм. Өдгөө манай улсын малын тоо толгой 70.9 сая болсон. Малын тоо толгойн өсөлт бэлчээрийн доройтолд нөлөөлж, цөлжих нөхцөлийг бүрдүүлж буй бол үлийн цагаан оготны тархалт ч хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс 112 сая га хадлан бэлчээрийн талбайтай. Энэ талбай нь ердөө 40 сая малд л таарах аж. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо тасралтгүй өсөж, бэлчээрийн даац 30 сая толгой малаар хэтрээд байна. Бэлчээр талхлагдаж доройтохын хэрээр ургамлын зүйлүүд устаж буй аж. Таван хошуу малаас бэлчээр хамгийн их доройтуулдаг нь ямаа. Гэвч сүүлийн жилүүдэд ашиг шимийг нь бодож, ямаа өсгөж буй нь цөлжилт нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Учир нь ямаа олон үет ургамлыг үндсээр нь тасалж иддэг тул бэлчээрийг маш их доройтуулдаг. Ямаа хониноос хоёр дахин их ургамал иддэг тул тоо толгойг нь олшруулж болохгүй гэсэн зөвлөмж гаргадаг ч малчид чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нь харамсалтай. Малаас гадна үлийн цагаан оготно газрын доройтлын бас том шалтгаан болж байгааг судлаачид тэмдэглэдэг. Монгол орны нийт газар нутгийн цөөнгүй хувь буюу 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Сүүлийн үед үлийн цагаан оготно эрчимтэй үржиж буйг бэлчээр судлаачид онцолсон байна. Судлаач Б.Долгормаагийн тэмдэглэснээр нэг үлийн цагаан оготно өдөрт 33 грамм ногоо иддэг бөгөөд хөеөндөө есөн килограммыг нөөцөлдөг аж. Нэг га талбайд оготны долоон үлий байдаг агаад тэд нийт 42 килограмм өвс хөеөндөө нөөцөлдөг аж. Уг нь үлийн цагаан оготны ганц эрлэг нь шонхор шувуу юм. Гэвч зарим аймгийн нутгаас шонхор шувуу даажсанаас болж, үлийн цагаан оготно тархах таатай нөхцөл бүрджээ. Цаашид үлийн цагаан оготно эрчимтэй өснө гэж судлаачид үзсэн байна. Иймээс үлийн цагаан оготны устгалыг сайн хийх хэрэгтэй аж. Аймаг бүрд үлийн цагаан оготно устгах ажил өрнүүлдэг ч үр дүн дүнтэй болдоггүйг орон нутгийн иргэд шүүмжилж байв.

 Малын тоог цөөлөхгүйгээр бэлчээрээ доройтлоос хамгаадахгүй 

ХХААХҮЯ малын тоо толгойг цөөлж, зохистой харьцааг барих ёстой гэж албан өрөөндөө сууж яриад үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тиймээс бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч буй. Малчдад тохирсон эдийн засгийн арга хэмжээ авахгүй бол Монголын тал нутаг элсэн цөл болоход ойрхон байна. Газар тариалан, уул, уурхай, мал, үлийн оготно гээд бэлчээр нутгийг доройтуулж буй хүчин зүйлийг өнөөдрөөс зохицуулахгүй бол алс хэтдээ аюултай тулгарч мэдэхээр болжээ. Учир нь дэлхий дахинд цаг уур огцом өөрчлөгдсөөр байгаа. Малын тоо толгой нэмэгдсэнээс үүдэн метан хийн ялгаралт эрчимтэй ихсэж байна. Энэ нь дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж буйг Дэлхийн цаг уурын байгууллага онцолсон юм. Иймээс мал сүргийн тоог зохистой түвшинд байлгах бодлого үгүйлэгдэж байна. Манай улс “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг малчдад хайр зарласан, малын тоо нэмэхийг дэмжсэн олон баримт бичиг гаргасан. Гэвч бас хариуц лага гэж зүйл байх ёстойг умартжээ. Байгалийг нөхөн сэргээх, бэлчээр хамгаалах, өвс, ногооны гарц сайжруулах талаар малчдад мэдээ, мэдээлэл хүргэсэнгүй. Бас мал сүргийн тоог зохистой байлгах зөв бодлого барьсангүй. Харин одоо энэ асуудалд санаагаа чилээхгүй бол ирээдүйд дулаарлын нөлөө, бэлчээрийн доройтол, цөлжилт энэ сайхан орныг сүйтгэж мэдэх нь. Азийн орнууд газрын доройтол, цөлжилттэй чадах чинээгээрээ тэмцэж байна. БНСУ гэхэд дэлхийн дулаарлыг бууруулахын тулд нийт газар нутгийнхаа 64 хувийг ойжуулжээ. 

Бэлчээрийн доройтол, цөлжилттэй тууштай тэмцэж буй орны нэг бол Бутан юм. Тус улсын хүн амын 64 хувь нь хөдөө аж ахуйн ферм эрхлэгчид аж. Тэд олон улсын байгууллагын дэмжлэгээр доройтсон газруудад навчит ургамал тариалж, нөхөн сэргээснээр олон улсад өндрөөр үнэлэгджээ.
Манай урд хөрш газрын доройтлыг бууруулахад чамгүй олон ажил хийж байна. Цөлжсөн газруудад ховордож буй ургамлыг олон төрлөөр тариалж, мөн ойжуулалт хийж, өөрсдийн санаачлагаар эзэмшил газраа цөлжилтөөс хамгаалсан иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог болжээ. Мөн газрын доройтол цөлжилттэй үлгэр жишээ тэмцсэн орон бол Австрали юм. Тус улс газрыг доройтуулж буй зэрлэг ургамлыг устгаж, оронд нь ашигт ургамлыг олон төрлөөр тарималжуулсан юм. Түүнчлэн фермер эрхлэгчдэд эзэмшсэн газраа нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээлгэж, нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох зэрэг олон арга барилаар цөлжилттэй тэмцэж буй. Ийн дэлхийн улс орнууд газрын доройтолтой бүхий л арга чаргаар тэмцэж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн төлөвлөгөөндөө газрын менежментийн асуудлыг нарийн тусгаж байна. Гэтэл манай улс газар нутгийнхаа доройтлыг үл тоож, мал өсгөх бодлого барьж байгаа нь цөлжилтийг газар авахуулах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр. Малын тоог бууруулж, чанаржуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахгүй бол цаашид дулаарал, цөлжилт манай улсыг туйлдуулж магадгүй болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амралтын өдрүүдээр аялах үзэсгэлэнт газрууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж бид эх орондоо аялах боломжтой, байгалийн үзэсгэлэнт газруудын тухай цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаа хол замд, урт хугацаагаар явах боломжгүй аялагчдадаа зориулан, Улаанбаатар хоттой ойрхон, хүмүүсийн төдийлөн мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудын тухай нийтлэл бэлтгэлээ.

Цагаан суваргыг үзэж, өөр гаригт очсон мэт мэдрэмж аваарай

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх газрыг уншигчдадаа санал болгоё. Цагаан суварга нь эрт цагт хэдэн сая жилийн өмнө далайн ёроол байсан гэх бөгөөд он цагийн эрхээр ширгэж, үлдсэн шаварлаг хурдас хөрс нь салхи, бороо ус гэх мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөр эрэг, мөргөцөг үүсгэсэн нь өнөөгийн үзэсгэлэнт дүр зургийг бүтээжээ. Тус газарт очсоноор аялагчдад Марс гариг дээр очсон мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Алсаас харахад суварга мэт харагддаг энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газар нийт 500 гаруй метрийн урттай, 90 хэмийн эгц эрэг бүхий мөргөцгүүдээс тогтох бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр хүрдэг аж. Тус газар нийслэлээс 400 км-ийн зайтай ба засмал замаар холбогдсон.

Хагийн хар нуур руу морьтой аялаарай

Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны уулсын дундах тусгай хамгаалалттай бүсэд орших Хагийн хар нуурыг тайгын сувд хэмээн өргөмжилдөг. Эл нуур нь хөлгүй нуур бөгөөд тус нуураас эх авч урсдаг голыг Хагийн гол хэмээнэ. Хагийн хар нуурыг зорьсноор та байгалийн гоо үзэсгэлэнг морин дэл дээрээс тольдож, сарьдаг уулсын дунд, гайхамшгийг мэдрэх боломжтой. Мөн зэрлэг ан амьтдыг ч ойроос харах боломжтой аж. Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ суманд Улаанбаатар хотоос 180 км-т оршино. Тус нуур руу туршлагатай хөтөч болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгүйгээр аялах эрсдэлтэй ба бартаатай, машин явах боломжгүй замтай тул аялагчид тодорхой хэсэг хүртэл машинаар зорчоод үлдсэн зайг, морь болон явганаар туулдаг аж. Одоогоор Монголд Хагийн хар нуурын аяллыг Vivid Travel Club тогтмол зохион байгуулдаг.

Зоргол хайрхныг зорьж, алжаалаа тайл

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд оршино. 1668 мерт өндөртэй тус уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт хэмээн нэрлэдэг. Мөн хайрхны чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэх бөгөөд жил бүр бэсрэг наадам болж, хурдан морьтой хүмүүс морин эрдэнийнхээ хийморийг нь сэргээдэг аж. Эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан уруудахад хамгийн сүүлд сульдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан болсон гэх домогтой аж.

Гүнжийн сүмд саатаж, эртний түүхээр аялъя

Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Монголын Довдондорж ноёнд Манжийн хаан өөрийн зургадугаар гүнжээ 1697 онд хатан болгон өгчээ. Манжийн хаан охиндоо монголчуудын тухай мэдээлж байх хатуу үүрэг өгсөн ч гүнж уг даалгаврыг үл биелүүлэн үүрд монгол хүн болон үлдсэн байна. Тэрбээр 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон бөгөөд “Миний цогцсыг хятад газар бүү аваач. Би монгол хүний эхнэр учир монгол хүн болсон. Иймд намайг Монголын хөрсөнд нутаглуулаарай” хэмээн захисан гэдэг. Гүнжийн онгоны үлдэгдэл чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, богд хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэргээс бүрдэх бөгөөд эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн цогцолжээ. Тус газар хотоос 96 км зайтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөөндэйн шинэ зүйл манай оронд иржээ

Шувуу судлаачдын багийнхан Чух нуурын эрэгт нүүдлийн шувуудын мониторинг хийгээд буцах замдаа Дорнодын Матад сумын нутаг дахь Ёндонгийн хайлааст ам хэмээх газраас Chestnut Thrush Turdus rubrocanus хэмээх хөөндэйн шинэ зүйлийг олж, зургийг нь авч баталгаажуулжээ. Ингэснээр манай орон хөөндэйн 13 зүйлтэй болж байна. Энэ зүйл нь Хималайн уулсын зүүн болон өмнөд нутагт тархсан, харьцангуй мэдээлэл дутмаг зүйлүүдийн нэг аж. Дэлхийн хөөндэйн тархалтын хамгийн хойд цэг нь Монгол болдог. Судалгааны багийнхан дорнын шаргач гурвыг, шивэр намнаахай, жирхэн дууч, борлог дууч, хос-судалт дууч, бор тодол, улаавар бужмар тус бүр нэгийг бүртгэлжүүлжээ. Мөн банхар булжуухай дөрөв, тольт дунхай хоёр, бөвөөлжин өвөөлж хоёр, сохор элээ хоёр, шилийн сар хоёрыг бүртгэж авчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цанын баазууд зэрлэг амьтдын мөхөлд нөлөөлж байна

Хөл хорионы үеэр хүмүүсийн идэвхтэй хөдөлгөөн багас­сан нь зэрлэг амьтдад таатай нөхцөл үүсгэсэн талаар манай сонин мэдээлж байсан билээ. Тухайлбал, зэрлэг чоно болон баавгайн төрөл зүйлүүд Колоро­дагийн гудманд үзэгдэх болсон,  Италийн бохирдсон голд дельфин гарч ирсэн гэх мэт байгаль дэлхийн гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдсээр байна. Гэвч эрдэмтэд “Энэ үзэгдэл сайн мэдээ хэдий ч хөл хорио тавигдахад зэрлэг амьтад дахиад л хүний үйл ажиллагаанд хавчигдах болно” хэмээн анхааруулжээ. Нэн ялангуяа цанын баазууд олон амьтны амьдрах орчинд заналхийлж байна. Жишээлбэл, иргэд цанаар их гулгадгаас болж Австралийн гүрвэлийн амьдрах орчныг үгүй хийж, Альпийн нуруун дахь Каперкайли буюу ойн сойрын амьдрах орчинд нөлөөлөөд зогсохгүй Италийн Аппинений уулан дахь цанын баазын тэлэлт нэн ховордсон амьтан болох Марсикийн хүрэн баавгайд том аюул занал учруулж байгаа гэх зэрэг олон баримтыг дурдаж болно. Италийн хойгийг бараг бүхэлд нь бүрхдэг Аппинений уул нь одоогоор бүртгэгдээд байгаа 50, 60­-аадхан зэрлэг Марсикийн хүрэн баавгайн гэр юм. Цаашдаа аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжихийн хэрээр байгаль орчин хүн хоёрын хооронд удаан тэмцэл өрнөх нь тодорхой болжээ.