A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/221/

Нийтийн тээврийн салбарт шинэ бодлого үгүйлэгдэж байна

Өдөрт 500 мянга орчим хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/221/


Би нийтийн тээврийн үйлч­лүүлэгч. Өглөө орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, асуудал хоёрыг илүү бодитоор уншигчдад хүргэхийг зорилоо. Зорчигч бууж, суугаагүй байхад хөдлөх, буудал зарлахгүй байх, жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох, тамхи татах, ёс бус үг хэллэг хэлэх, эргэлтийн цагаасаа 30-50 минутаар хоцрох, хурд хэтрүүлэн давхих, эгнээ байр сольж сүлжих, жирэмсэн болон хүүхэдтэй хүмүүсийн суудал зориулалтаараа ашиглагддаггүй, иргэдэд зүйлсээ алдах, хяналтын камер нь ажиллахгүй байх гэх мэт тоочоод байвал дуусхааргүй нөхцөлд иргэд зорчдог. хэн бүхний мэддэг ч чимээгүй эвлэрдэг зөрчлүүд нийтийн тээврийн өнөөдрийн өнгө, нүүр царай болжээ. Хэдийгээр нийслэлийн нийтийн тээврийн газрын байцаагч нар шалгалт хийдэг ч зөрчил дутагдал цэгцрэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын шинэ менежмент хийх цаг болсныг харуулах шиг.


Тухайлбал, харилцаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн бэлэн байдал, парк шинэчлэлт, цэвэрлэгээ ариутгал, эргэлтийн хугацаа, хүртээмж гэх мэтэд анхаарахад л асуудал цэгцэрнэ гэдгийг нийтийн тээврийн соёлын талаар саналаа хэлсэн иргэд дайж байгаа юм. Нийслэлийн тухайд өдөрт дунджаар 500 орчим мянган хүн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байна. Эдгээр иргэнд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 21 аж ахуйн нэгжийн 937 их, дунд, угсраа буюу троллейбус 88 чиглэлд үйлчилж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрын улсын ахлах байцаагч Х.Нарангэрэл онцоллоо. Тэрбээр мөн “Манай иргэд үйлчлүүлэхдээ хотын соёлыг чухалчилдаг байна. Ундааны сав, элдэв хоол хүнснийхээ уут савыг сууж байгаа газраа хаячихдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоочийн шаардлагыг биелүүлэхгүйгээр дайрч орж ирдэг, суудлын бүрээс бохирдуулдаг гэх мэт зөрчил байнга үүсгэдэг.


Хэдийгээр шалгалт хийдэг ч зөрчил байсаар байна. Тэгэхээр иргэдэд анхааруулахад Зөрчлийн шинэ хуулиар нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явсан, нийтийн тээврийн хэрэгслийн эд ангийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Тиймээс нийтийн соёлоос тээврийн үйлчилгээний чанар хамаарна” гэсэн юм. Харин уг хууль тогтоомжийг иргэд мэддэг эсэх, нийтийн тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл хангалуун байдгийг иргэдийн төлөөллөөс тодрууллаа.

ХҮҮХЭД ХӨГШДИЙГ АВДАГГҮЙ

Х.Цэнд-Аюуш: (Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн)

-Нэг үеэ бодвол ухаалаг картын системд шилжээд үйлчилгээ нь сайжирсан. Би Чингэлтэйн эцэс хүртэл явдаг. Манай чиглэлд хоёр компанийн автобус хоёрхон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. иргэд бид компанийнх нь нэрийг мэдэхгүй юм. гэхдээ цэнхэр автобус нь арай дээр. Нөгөө чиглэлийнх нь автобус хүүхэд хөгшдийг ерөөсөө авдаггүй. Орхиод явчихдаг. Сая бас л орхигдчихоод дараагийн автобусыг хүлээж сууна. Өвлийн хүйтэнд чиглэлийнхээ автобусыг нэг хоёр цаг хүлээх тохиолдол гарч байлаа. Хотоос алслагдсан дүүргүүддээ автобусныхаа хүрэлцээг сайжруулаасай. аль болох хүмүүсээ бүрэн суулгадаг байгаасай. Иргэд бууж суух хугацааг ядаж 40 секунд болгомоор байна. Зогсонгуут хүнээ дутуу хагас буулгаад л хөдөлчихдөг. Настай болон хүүхдүүд амжиж бууж, сууж чаддаггүй.

ЭРГЭЛТИЙН ХУГАЦААГАА ШИНЭЧЛЭЭСЭЙ

Д.Алтанцэцэг: (Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн)

-Аль ч чиглэлийн автобусуудын нийтлэг бэрхшээл нь буудал дээр ирэхээрээ бөөнөөрөө ирдэг. Ирэхгүй болохоороо 30-50 минут ч хүлээлгэдэг. Цагийн хуваарийн буруу төлөвлөгөөтэй байдаг шиг санагддаг. Нийслэлийн хүн ам цөөн байх үеийн хуваарь, загвараар эргэлтийн тооцооллоо хийчихсэн. Гэтэл өнөөдрийн улаанбаатарт замын ачаалал тодорхой цагуудад хэтэрдэг. Үүнийг удирдлагууд нь мэдсээр байж иргэдийн ачаалалгүй цагуудад тээврийн хэрэгслүүдээ ойр ойрхон зам дээр гаргачихдаг шиг санагддаг. Өндөр ачаалалтай, ажил, цэцэрлэг, сургууль тарах үеэр бүх чиглэлийн автобус нэг талдаа гараад хэдэн километрийн урт цуваа үүсгээд түгжирчихдэг. Нэг үеэ бодвол авто замын ачааллыг камераар хянаад байж болдог болсон. Тэгэхээр камерынхаа тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулаад байж болмоор санагддаг. Үүнээс болж хүүхэд, хөгшид буудал дээр удаан хугацаанд даарах, ажил хичээлээсээ хоцорч бухимдал үүсдэг. тэгэхээр цагийн хуваарь, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах л хэрэгтэй байна.

ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАДАГ БАЙМААР САНАГДДАГ

С.Баяр: (Баянгол дүүргийн оршин суугч)

-Манай нийслэл сая гаруй хүн амтай том хот болсон. Гэтэл гол үйлчилгээний салбар болох нийтийн тээвэрт сэтгэл хангалуун байж чаддаггүй. Маш бохир. Сандал суудал, танхим нь шороо тоос хир буртагтай. “Ривер гарден” чиглэлийн автобусаар үйлчлүүлдэг. Гэтэл энэ чиглэлийн тээврийн хэрэгсэл цөөн, их удаан хүлээлгэдэг. төвийн чиглэлийн автобуснууд хэд хэд ирсний дараа арай гэж ганц ирдэг. Ирэхдээ маш их хүнтэй байдаг. Жолооч нарынх нь харилцаа их сул. Нэг үеэ бодвол залуучууд настайчуудад суудал тавьж өгдөг болсон ч автобус үйлчилгээний компаниудаас хамаарсан соёл үйлчилгээ нь бухимдуулдаг. Өглөөд ажлаа эхлэхдээ цэвэрлэгээ хийснийг нь үйлчилгээнд гаргадаг баймаар. Тэд ийн ярилаа. Мэдээж тэр бүр сайшаал хүртээд байдаггүй энэ салбарт шийдвэл зохих асуудал бишгүй ч хувийн компаниудын бодлого, эрх ашгийн давамгайллаар өнөөдрийг хүртэл хотын нийтийн тээврийн салбар оршин тогтносоор ирснийг олон хүн хэлдэг. Тиймээс алдааг нь тоочихгүйгээр хэрхвэл зохих давуу талыг нь онцлоход илүү хялбар болов уу. Хотын соёлын нүүр царай болсон нийтийн тээврийн салбарт бодлогын хувьд ч үйл ажиллагааны зөв хуваарилалтын хувьд ч шинэлэг менежмент хэрэгтэй байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Цөөн үгээр бол энэ салбарт хийх ёстой хамгийн чухал хөрөнгө оруулалт нь соёлын довтолгоо гэдгийг энэ удаад хөндлөө.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинжлэх ухааны төсвийг тав дахин нэмэх амлалт хэрэгжихгүй байна

 0 сэтгэгдэл



Өмнийн говийн элсэн цөлөөс олсон үлэг гүрвэлийн шинэ төрөл дэлхийн шинжлэх ухааны үнэт өвийн тоог нэгээр нэмлээ. Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаачид өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь төгрөгийн ширээгээс илрүүлсэн орнитомид гэдэг шинэ төрлийн үлэг гүрвэлийн тухай өгүүлэл дэлхийн хэмжээний Science reports сэтгүүлд нийтлэгдсэн нь манай эрдэмтдийн чансааг харуулж буй. Өндөр чанартай сэтгүүлүүдийг бүртгэдэг, судлаачдын чансааг тогтоодог Scopus цахим хуудаст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол улс азид эхний 20-д багтаж байна. Монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо сүүлийн 10 жилд 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувьтай байна. Гэвч шинжлэх ухааны салбарт ногдож буй төсөв, санхүүжилт үүнийг дагаад өссөнгүй.


Гэтэл Монгол улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ядаж ДНБ-ий 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын төсвийг тав дахин нэмнэ гэж тусгасан. Гэвч өнгөрсөн хугацаанд дөнгөж нэр төдий нэмснээс цаашгүй байгаа юм. 2016 онд тус салбарт 31.4 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ДНБ-ий 0.16 хувийг эзэлсэн. харин 2017 онд 32.7 тэрбум төгрөг, 2018 онд 34.6 тэрбум төгрөгөөр баталж, санхүүжилтийг нь жилд хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр нэмж буй нь тун хангалтгүй үзүүлэлт. Энэ хэмжээ нь ази тивийн дунджаас 10, америк тивийнхээс 12 дахин доогуур байгаа тул манай улс хөгжинө гэдэг зүүд зэрэглээ мэт санагдана. Засгийн газрын дээрх мөрийн хөтөлбөр хэрэгжиж, өнөөгийн төсвийг нь тав дахин нэмсэн гэж өөдрөгөөр төсөөллөө ч ДНБ (2017 оны түвшнээр тооцвол)- ий дөнгөж 0.9 хувьд дөхөж очих тооцоог шинжлэх ухааны академиас гаргажээ. Төсвийг нь тав дахин нэмлээ ч манай улсын шинжлэх ухааны салбар үзэгдэл төдий байдлаасаа гарч чадахгүй тийм дорой байдалд хэдийнэ оржээ.


Эдийн засгийн өсөлтөөрөө хоёрт жагсаж буй БНХАУ шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсвийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт орж байна. Тус улс 2016 онд ДНБ-ий 1.98 хувийг уг салбарт зарцуулжээ. Харин Финланд ДНБ-ий 3.53, швед 3.41, Япон 3.3, тайван 2.3 хувийг шинжлэх ухааны хөгжилдөө зориулдаг аж. Улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 1520 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна. Үүний 60 гаруй хувь нь буюу 887 нь шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдэд ажиллаж буй. Тус байгууллагын төсөврүү өнгийвөл 2013 онд улсаас 12.8 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ нь дөнгөж хоёр орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Энэ онд ч гэсэн тус байгууллагад ердөө 14 тэрбум төгрөг баталжээ. Гэхдээ энэ мөнгөний 80 хувийг ажилтнуудын цалинд, үлдсэнийг нь бусад үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулдаг учраас эрдэм шинжилгээний ажлаа хийхийн тулд судлаачид санхүүгийн өөр эх үүсвэрийн эрэлд гардаг байдал олон жил үргэлжилж буйг салбарынхан учирлаж байна.


• Улсын шинжлэх ухаанд зарцуулж буй төсвийн хэмжээ нь ДНБ-ий 0.4 хувиас бага бол нийгэм, эдийн засгийн үзэгдэл төдий байна гэж үздэг. Гэтэл манай төсөв 0.1 хувьд ч хүрдэггүй.

• Судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш.

• Хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ.


Салбарынхан учирлаж байна. Улсын төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй учраас судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш. Уг нь тэд менежерийн ажил биш, судалгаа, шинжилгээ хийж, ухаанаа уралдуулах ёстой хүмүүс. Ийнхүү эрдэм шинжилгээний ажилд зориулсан төсөв нь хэт багаас том хэмжээний судалгаануудыг ихэнхдээ гаднын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.


Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн судлаачид гадаадын төсөл, хөтөлбөр, гэрээт болон захиалгат ажлын хүрээнд 3.8 тэрбум төгрөгийн орлого олж, судалгааны ажлаа хийжээ. уг нь улсын төсвөөс эрдэм шинжилгээний зардалд жилдээ 9.0 тэрбум төгрөг баталдаг байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн эрдэмтэд дээрх есөн тэрбум төгрөгийн санхүүжилтээс 1.2 тэрбумыг нь л авчээ. БСШУСЯ-ны дэргэдэх салбар комиссын төслийн шалгаруулалтад тэнцлээ ч нэг төсөлд ногдох төсвийн хэмжээ нь тун бага байдгийг судлаачид хэлдэг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд амин сүнс нь болдог онолын суурь судалгааны нэг төсөлд л ердөө 3-8 сая төгрөг баталж байгаа нь тун хангалтгүй хэмжээ юм.


Энэ мэтээр төрд шоовдорлогдсон шинжлэх ухааны салбарт хөрөнгө, мөнгөнд баригдсан олон бэрхшээл байна. Улсын хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ. Засгийн газар шинжлэх ухааны салбарыг өөд татна гээд хоёр жил өнгөрсөн ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Эрх мэдэлтнүүд мэдлэгт тулгуурласан эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлнэ гэж ярьдаг. Инновацид суурилсан бүтээгдэхүүнээр импортыг орлоно гэх зэрэг өөдрөг зорилт дэвшүүлдэг. Гэвч үүний суурь болсон шинжлэх ухааны сал- бараасаа гар татаж, хөгжлийг нь тушсаар байх уу.


Тодруулга: Залуу судлаачдыг татах хөшүүрэг алга


Шинжлэх ухааны академийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд ихэнхдээ хуучирч муудсан барилгуудад байрладаг. Сүүлийн жилүүдэд засвар, тохижилтод хэр их хөрөнгө зарцуулсан бэ?

-Манай хүрээлэнгүүдийн барилгуудын ихэнх нь 1970- 1980 онд баригдсан. тухайн үед төрөөс шинжлэх ухааны салбарт багагүй анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг байсан. Харин үүнээс хойш дорвитой засвар хийгдээгүй. Сүүлийн 10 жилийн мэдээллийг харвал жилд дунджаар 300 орчим сая төгрөгийн их засвар хийсэн байна. Харин тоног төхөөрөмжүүд нь 50, 60 жилийн настай, 70 орчим хувь нь ердийн ашиглалтын шаардлага хангахааргүй болсон. лабораторийн багаж, тоног төхөөрөмж бол их үнэтэй. Зөвхөн өдөр тутам хэрэглэх нэг жижиг багаж л 30-40 мянган ам.долларын үнэтэй байдаг. Бидэнд олон улсын стандартад нийцсэн нэг лаборатори байгуулахад багадаа л нэг сая ам.доллар шаардлагатай байдаг.


-Хаана нэн яаралтай санхүүжилт шаардлагатай байна вэ?

-2012 онд улсын төсөвт шинээр хоёр лабораторийн барилга барихаар тусгагдсан. Нэг нь шинжлэх ухааны академийн Биологийн идэвхтэй бэлдмэл, туршилтын цехийн барилга, нөгөө нь шинжлэх ухааны судалгааны лаборатори. Энхийх нь өнгөрсөн онд ашиглалтад орсон, нөгөө нь энэ онд барилгын ажил нь дуусна. Эдгээр лабораторид тоног төхөөрөмж авах, тохижуулах нэн шаардлагатай байгаа. Ер нь төсөв баталдаг хүмүүс дунд шинжлэх ухаан ойлгодог нь бага болжээ. Шинжлэх ухаан хэзээ ч улстөрждөггүй салбар учраас орхигдоод байх шиг.


-Судлаачдын цалин бага байгаагаас залуучууд эрдэм шинжилгээний ажлаар дагнахгүй байна гэх шүүмжлэл байдаг?

-Эрдэмтэд бол оюуны хөдөлмөр хийдэг, оюуны чадамж өндөртэй хүмүүс. хэдийгээр хуучин, тохь тухгүй байшинд ажиллаж байгаа ч тэд дэлхийн түвшний судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна. Ер нь хүмүүс муусайн хөгшчүүд гэж их ярьдаг болсон. Би үүнтэй санал нийлдэггүй. Эрдэмтэн хүний үг, тэр дундаа настай эрдэмтний үг маш үнэ цэнтэй байдаг. Социализмын үед шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр Монгол улсын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, академич Б.Ширэндэв гуай ажиллаж байхдаа Монгол улсад хамгийн өндөр цалин авч байсан юм билээ. Харин одоо бол эрдэмтдийн цалин, хангамж үнэхээр муу болсон. Бид залуучуудыг сургаж, бэлдчихээд цалин, хангамжийн асуудлаас болоод компаниудад алдчихаад байна. Ялангуяа, уул уурхайн салбар руу олон чадвартай, залуу судлаачаа явуулсан. Зарим нь ч судлаачдыг өндөр үнэлдэг орнууд руу явж байна. Өнөөдөр нэг судлаачид өдрийн хоол, унааны зардалд дөнгөж 1400 төгрөг олгодог нь дэндүү бага хэмжээ. Эрдэм шинжилгээний ажилтны цалин их, дээд сургуулийн багш нараас хоёр дахин бага.


-Залуучуудыг энэ салбарт татах ямар хөшүүрэг байна вэ?

-Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлээс өөр хөшүүрэг үнэндээ алга. Манай хүрээлэнгүүд голчлон онолын суурь судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний байгууллагад суурь санхүүжилт олгох асуудал их чухал байна. Эхний ээлжинд нэг эрдэм шинжилгээний ажилтанд багадаа жилд нэг сая төгрөгийн суурь санхүүжилт олговол, жилд 700-800 сая төгрөг шаардагдана. Энэ бол улсын төсөвт өндөр зардал биш шүү дээ.


-Гаднын орнуудаас санхүүжилт татах боломж хэр байдаг юм бэ?

-Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний бусад байгууллагаас ялгарах нэг давуу тал нь олон улсын түвшинд ажилладаг туршлага, оюуны зохих нөөц бүрдсэн байдаг. Бид 30 гаруй орны 100 гаруй байгууллагатай 60 гаруй хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Томоохон судалгаа, шинжилгээний ажлаа гаднын төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. Шинжлэх ухааны академи жилдээ улсын төсвөөс гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахад 100 гаруй сая төгрөгийг зарцуулж ирсэн. Гэвч 2015 оноос энэ зардлыг бүр тэглэсэн. гадаадын эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хийгддэг эрдэмтэн солилцох хөтөлбөр үндсэндээ бүрэн зогсоход хүрээд байна

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Дэлгэрмэнд: Гэр бүлийн дотно харилцаа хоолны ширээнээс эхэлдэг

Хосууд ойлголцдог болъё гэвэл тойрч суугаад хоол иддэг ширээнээс эхлэх ёстой​​

 0 сэтгэгдэл


Гэр бүлийн салалт болон хосуудын харилцааны талаар Family College-ийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.


-Гэр бүл салалт жилд 4000 гаруй бүртгэгддэг гэсэн статистик бий. Энэ тоо жил бүр 200 орчмоор нэмэгддэг гэсэн. Салалт нэмэгдээд байгаа нь юунаас үүдэлтэй юм бол?

-Гэр бүл салалт сонголт байж болох юм гэсэн ойлголт өмнөх үетэй харьцуулахад нэмэгдсэн нь анзаарагддаг. Үүнээс болоод ихсэж байгаа юм шиг харагддаг байх. Ер нь сүүлийн жилүүдэд гэрлэлтийн тоо тогтмол өссөн. Үүнийг дагаад салалтын тоо ч өсдөг. Тиймээс гэр бүл салалт нэмэгдэж, аюулын харанга дэлдлээ гэж дүгнэлт хийж болохгүй байх.


-Гэр бүл салахад нас, мэргэжил, нийгмийн байдал, хоорондын харилцаа гээд олон зүйл нөлөөлдөг байх. Үүнээс аль нь илүү жин дарж байна вэ?

-Жин дарах гэхээсээ илүү салалтыг хамгийн их өдөөдөг хүчин зүйл нь гэр бүлээс гадуурх харилцаа. Мэдээж ажилгүйдэл, хадам ээжийн дарамт, хүүхдийн хүмүүжлээс болж зөрөлдөх гээд олон хүчин зүйл өдөөлт болдог ч гэр бүлээс гадуурх харилцаа шиг хүчтэй нөлөөлдөггүй. гэхдээ гэр бүлээс гадуурх харилцааг салалтын үндсэн шалтгаан гэж бас хэлж болохгүй.


-Тэгвэл гэр бүл зохиоход тохиромжтой нас гэж байдаг уу?

-Хүний тархи дунджаар 23 насандаа хөгжиж дуусна гэж үздэг. Энэ үед урд тархи хөгжиж гүйцдэг юм. Тархины энэ хэсэгт шийдвэр гаргалт явагдаж байдаг. Тиймээс урт хугацааны чухал шийдвэрийг энэ наснаас хойш гаргах нь зөв гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг. Гэхдээ үүнээс өмнө гэр бүл зохиосон хосуудыг салах хамгийн эрсдэлтэй гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тэд хэдийгээр сэтгэл хөдлөлөөр суусан байлаа ч яваандаа шийдвэр гаргах чадвар нь нэмэгдэнэ шүү дээ. Ер нь гэр бүл салалт гэдэг зөвхөн харагдах шинж чанар нь. Үүний цаана юу болсон бэ гэдэг хамгийн чухал. Цагийг хамтдаа өнгөрүүлэх, хоорондоо ярилцдаг байх, хүүхдэдээ зарцуулах цаг хугацаа гээд хэмжиж болохуйц хэд хэдэн хүчин зүйл байна шүү дээ. Тэр бүх үйлдэл хийгдэхгүй болоод ирэхээр нэгнийгээ хүндлэхээ болино. Хүндлэл байхгүй болохоор харилцах сонирхолгүй болно, ярилцах сэдэвгүй болно. Энэ бүхэн явсаар байгаад салалтыг хамгийн их өдөөдөг гэр бүлээс гадуурх харилцаанд хүргэх нь бий. хамгийн гол нь хосууд нэг нэгэндээ цаг гаргахгүй байна. Бас эхнэр, нөхөр байх нь ажил мэргэжил гэдгийг ойлгохгүй байна.


-Эхнэр, нөхрийг ажил, мэргэжил гэдэг нь сонирхолтой санагдлаа. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Эхнэр, нөхөр гэдэг маш хариуцлагатай мэргэжил. Мэргэжлийнхээ ур чадварыг байнга сайжруулж, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бид ажилдаа ямар их цаг гаргаж, бусад юмаа золиосолдог билээ. Яг үүн шиг золиос гаргах сэтгэлийн хатуужилтай байвал гэр бүл насан туршдаа бат бэх байна. Гэвч үүнийг ойлголгүй, дэврүүн сэтгэлээр хоорондоо нийлэх нь элбэг. Тэгээд сайн сайхан зүйл ирнэ гэсэн хүлээлтэд нь хүрэхгүй болохоор хоорондоо зөрчилддөг. Ажлын сахилга бат гэж байдаг шиг гэр бүлд ч сахилга бат бий. Тодорхой цагт гэртээ ирэх, хамтдаа ямар нэг зүйл хийх, амралтын өдрүүдэд цагийг хамт өнгөрүүлэх, нэгэндээ хүндэтгэлтэй хандах гэх мэт. гэхдээ хоорондын харьцаагаа сайжруулахын тулд цагийг хамтдаа өнгөрөөж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол харилцаагаа сайжруулах цаг хугацаа болохоос хаа нэгтээ тоглоом тоглож, хамтдаа сельфидэж, зургаа фэйсбүүкт оруулахдаа гол биш. Өнөөдөр хосуудын харилцаанд ойлгогдохгүй, шийдэж чадахгүй олон асуудал тулгарч байгаа. Юуны өмнө хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой л гэдэг. Тэгвэл ярилцана гэдэг өөрийнхөө бодлыг хэлнэ гэсэн үг биш. Нөгөө хүнд ч гэсэн ярих зүйл байгааг ойлгож, ярианыхаа гол санааг хэлж, нөгөө хүндээ ярих боломж олгохыг хэлж байгаа юм. 10 минутын яриа байлаа гэж бодоход тав, таван минутаар хуваагаад ярьж сурах чадварыг эзэмшсэн байх ёстой.


• Хүний тархи дунджаар 23 насандаа хөгжиж дуусдаг. Тиймээс урт хугацааны чухал шийдвэрийг тэр наснаас хойш гаргах нь зөв гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг.

• Бид ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Харин гэр бүлдээ зориулах найман цагаа яаж өнгөрүүлэх ямар ч төлөвлөгөө байдаггүй.

• Хоорондоо ярилцана гэдэг зөвхөн өөрийнхөө бодлыг хэлнэ гэсэн үг биш.


Гэтэл бид хоорондоо ойлголцоно гэсэн хэрнээ өөрийнхөө гомдлыг л яриад байдаг. Гэтэл нөгөө хүн өөр дээр нь ирж байгаа гомдлыг 10 минутын турш сонсохыг хүсэхгүй. Тэгэхээр зөв ярилцаж сурна гэдэг маш чухал. Бид ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Харин гэр бүлдээ зориулах найман цагаа яаж өнгөрүүлэх ямар ч төлөвлөгөө байдаггүй. Ажил дээрээ байсан бүх бухимдлаа гэр бүл гэсэн дараагийн ажилдаа аваад очно. Нэг ёсондоо ажил гэсээр байгаад гэр бүлдээ зориулах ямар ч эрч хүчгүй болчихоод харьж байна. Утасны батарейгаар зүйрлүүлбэл, өглөө 100 хувьтай гарсан хүн орой 10 хувийн цэнэгтэй орж ирдэг гэсэн үг. Аравхан хувийн цэнэгээр дахиад долоо, найман цаг ажиллана гээд төсөөл дөө. Бие физиологи ядраад, унтаж амрахыг хүсээд байдаг. Гэтэл хүүхэд хүрч ирээд хамт тоглох гэнэ. Эхнэр нь ярилцах гэж оролдоно. Үүнээс болоод “хүн ядраад байхад ойлгохгүй, ядаргаатай юм” гэсэн бодол орж ирдэг.


-Энэ мэргэжлийг эзэмшүүлэх ёстой хүмүүс нь эцэг, эх болов уу. Гэвч монголчууд барууны орнуудтай харьцуулахад хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, зааж зөвлөх нь бага шүү дээ.

-Яг үнэн. Тиймээс “Би мэргэжил эзэмшээгүй юм байж эхнэр, нөхөр гэсэн ажил хийдэг юм байна” гэдгээ хамгийн түрүүнд ойлгох ёстой. Эдийн засагч мэргэжил эзэмшээгүй хүн банкинд ажиллаж, хүмүүсийн зээлийг шийдэх нь маш том асуудал биз дээ. Яг үүнтэй адилхан ээж, аав, эхнэр, нөхөр байх дадлага туршлага байна уу гэдгээ бодож, өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Бид тэр мэргэжлийг огт эзэмшээгүй биш, тодорхой хэмжээгээр суралцаад явж байгаа. Харин заримд нь огт байдаггүй. Ийм хүмүүсийн хувьд ухамсартайгаар суралцах ёстой. Надад хэн ч зааж өгөөгүй гэж бусдыг буруутгаад байвал гэр бүлийн амьдрал улам л хэцүү байдалд орно. Бүх зүйл болохгүй байна гэж бусдыг буруутгасан цагаас л хүний хөгжил зогсож, үүнээс улбаалан гэр бүлийн асуудал нэмэгддэг.


-Дунд сургуульд энэ боловсролыг олговол үр дүнд хүрэх үү?

-Гэр бүлийн утга учир, хосуудын харилцаа, хайр гэж юу юм, эмэгтэй, эмэгтэй хүний ялгаа зэрэг өргөн сэдвээр тусгайлан хичээл заах нь хүүхдэд маш их хэрэгтэй. Ер нь хүн насан туршдаа хөгжиж байдаг. Гэртээ хамаагүй хог хаячихдаг гурван настай хүүхэд байлаа гэж бодъё. харин цэцэрлэгт оронгуут багш нь хүн бүр хогоо хогийн саванд хийх ёстой гэдгийг сургана. Эндээс хүүхэд зөв төлөвшил олж авдаг. Энэ систем цаашид дунд сургууль, их сургууль, ажлын байран дээр ч үргэлжилнэ. Нэг ёсондоо ээж аав, цэцэрлэг, сургуулийн багш, найз нөхөд, ажлын хамт олон гээд амьдралдаа учирсан бүх л хүнээс бид суралцсаар байдаг. Ипотекийн найман хувийн зээл хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлсөн байх гэж боддог юм. Яагаад гэвэл олон хос хадмын хаяанд хавчигдахаа больж, тусдаа гарсан шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?Тодорхой хэмжээгээр санал нийлнэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаггүй учраас таамгаар ярьж чадахгүй нь. харин зөвлөгөө авахаар ирсэн хүмүүстэй ярилцаж байхад тусдаа гарснаар амьдрал илүү сайхан болсон гэдэг. Тиймээс тантай санал нийлж байна. Гэхдээ тусдаа гарснаар бүх зүйл сайхан болчихно гэж шууд ойлгож болохгүй. Хүүхдээ хэнд харуулах гэдгээс авахуулаад дахиад л өөр асуудал гарч ирнэ. Гэр бүлийн амьдралд насан туршид өөрчлөлт гардаг учраас санаа амарч тайвшралгүй, дараагийн сорилтод бэлэн байх л ёстой.


-45-аас дээш насны эрчүүд голдуу гэр бүлээсээ салдаг гэх статистик бий. Энэ ямар учир шалтгаантай юм бол?

-Миний туршлагаас харахад бүхий л насныханд салах эрсдэл байдаг. 45-аас дээш насныхныг онцолж байгаа болохоор энэ хүмүүст юу ажиглагддагийг хэлье. Монгол эрчүүдийн хувьд энэ насан дээр ирэхэд бусадтай найзалж нөхөрлөх нь багасдаг. шинэ ажилд ороход хэцүү, өөрсдөө бизнес хийх гэхээр дэмжлэг бага. Гадаад руу явъя гэхээр виз гэх мэтийн бэрхшээл олон. Нэг ёсондоо нийгмийн бүтэц тэдгээр хүмүүсийг найз нөхөдгүй болгох загвар руу орчихдог юм. Хүний үндсэн хэрэгцээ нь сэтгэл хөдлөл, үзэл бодлоо бусадтай хуваалцах, өөрийгөө нийгмийн чухал хэсэг гэдгээ мэдэрдэг байх явдал. Харин тэр хэрэгцээг хангах бүлгүүд багасаад ирэхээр хэврэг мэт харагдах нь бий. Тиймээс ийм эрсдэлээ олж харж, үүнээс яаж өөрөөр амьдрах боломжоо бий болгох нь чухал. Харин 45 хүрээд л болохоо байчихдаг гэсэн хандлагыг нийгэмд дэлгэрүүлж ердөө ч болохгүй.


-Монгол гэр бүлийн онцлог шинж гэж байдаг уу?

-Онцлог нь хосуудын харилцаан дээр хамгийн их илэрдэг. Барууны орнуудад эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж, ойлголцох тал дээр сайн. өглөөний юм уу оройн хоолны үеэр гэр бүлийн хооронд халуун дулаан яриа өрнөдөг. Хоолны ширээгээ яг энэ зориулалтаар нь ашигладаг учраас тойрч суугаад ярилцах боломжтой ширээ худалдаж авдаг. Монголд өмнө нь гэр бүлийн хоёр сүүгээ саахдаа, айл руу хамт мориор явж байхдаа, хамт усанд явахдаа юмаа ярьчихдаг байв. Харин хотожсон нийгэмд шилжихдээ харилцаанд шинэ дүрэм хэрэгтэй гэдгийг мэдээгүй. Шинэ дүрэм гэдэг нь ярилцах боломж бүхий ширээнээс эхэлнэ. Бас суугаад ярилцах боломж бүхий буйдан хэрэгтэй. Гэтэл манайд байгаа буйдан дээр суувал хойшоо шууд хэвтүүлнэ, налаад суух боломжгүй. Маш буруу загварын буйдантай. хамгийн том ялгарал нь энэ л юм даа.


-Манай гэрийг л хэлээд байгаа юм шиг санагдлаа… -угаасаа ихэнх айл ийм л байгаа.

Зурагтаа хоймортоо залчихна. Тэгээд буйдан дээрээ сууж хоолоо идэнгээ зурагтаа үзнэ. Зурагт бол шаардлагатай үед асаадаг эд, ширээ бол тойрч суугаад ярилцах зориулалттай тавилга гэдгийг мэддэггүй. тэгэхээр гэр бүлийнхэн ойлголцдог болъё гэвэл налаад суудаг буйдан, тойрч суугаад хоол иддэг ширээнээс эхлэх ёстой юм. Бас монголчууд бидний дунд харилцааны талаарх буруу ойлголт их байдаг. Эр хүн дотроо бодсоноо хамаагүй ярьдаггүй юм, согтсон хойноо илүү сайн ойлголцдог, эхнэрээ хааяа зодчиход гэмгүй гэх жишээний. Миний бодлоор энэ бол орчин үед үүссэн хамгийн утгагүй, алдаатай бодлого. Тэр алдаатай бодлогоор гэр бүл амьдрах албагүй. Заавал архи ууж байж дотоод сэтгэлээ нээгээд, эсвэл заавал хэрэлдэж байж нэгнээсээ уучлалт гуйх ёсгүй шүү дээ. үүнийг ойлгож, харилцаагаа сайжруулахын тулд гэр бүл болох, эхнэр нөхөр байх ёсонд суралцаж, хэрэгтэй мэдээллийг авдаг байх шаардлагатай. гэхдээ мэдээлэл авч байна гээд фэйсбүүкээс элдэв юм уншиж, түүндээ итгээд байх нь хамгийн буруу.

-Ярилцсанд баярлалаа

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бизнес эрхлэгчид задгай худалдааг цэгцлэхийг шаардлаа

Энэ оны гуравдугаар улирлаас 100 айлыг нүүлгэх төлөвлөгөө боловсруулжээ

 0 сэтгэгдэл



Иргэдийн хүсэн хүлээсэн зүйлийн нэг нь 100 айлын барилгын материалын төвлөрсөн зах, худалдааны төвийг нүүлгэх. Харамсалтай нь, энэ ажил тийм ч амархан бүтчихгүй бололтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Б.Гантулгын ахалж буй 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг судлах Ажлын хэсэг тус газарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, 100 айл орчмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Нийслэлчүүдийн зүглэхээс ч бэрхшээдэг, шороо тоосондоо дарагдсан энэ газарт одоогийн байдлаар Сүхбаатарын дүүргийн Татварын албанд бүртгэлтэй 800 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Харин зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй 320 орчим цэг бий бөгөөд дулааны улиралд буюу 5-10 дугаар сард эрс нэмэгддэг байна. Мөн орчны хөрс, агаарын бохирдол байршлаас хамаарч “дунд” болон “их” гэсэн ангилалд багтаж буй. Хүнд металлын шинжилгээгээр хөрсөн дэх хар тугалгын агууламж 2010 онд 16.25 мг/кг, 2015 онд 25.4 мг/кг гарсан нь нийслэлийн хэмжээний дундаж агууламжаас өндөр аж.


Энэ нь хүүхдүүд хүнд металлаар хордох шалтгаан болж байгааг шинжилгээгээр тогтоосон байна. Энд Сүхбаатар дүүрийн эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Грентологийн төв болон хорооны өрхийн эмнэлгүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29, 116 дугаар тусгай дунд сургууль, 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг, дөрвөн хороо дамнасан бүс нутаг юм. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр 100 айл орчмыг цэгцлэх гарц шийдлийг эрэлхийлж энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсныг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга бизнесийнхний төлөөлөлд учирласан юм. Тэрбээр ил задгай худалдааг хориглож, үйлчилгээний чанар стандартыг сайжруулна, түүнээс биш албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нүүлгэхгүй гэдгээ уулзалтын эхэнд онцолсон юм.


“Гэхдээ энэ бүхнийг ярилцаж, хамтарч шийдлээ олохгүйгээр өөрчилнө гэж байхгүй. Ямар ч ажил газар чөлөөлөлт, санхүүжилтээс үүдэн гацаад байна. Тиймээс бүгд нэгдсэн ойлголцолд хүрэх хэрэгтэй” гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэнгийн өгсөн мэдээллээр 100 айлын 1.6 км үргэлжлэх автозам дагуух 170 байршилд газар олгосон аж. Үүний 70 нь худалдааны зориулалтаар бол 63 нь гэр бүлийн хэрэгцээнд ашиглах зөвшөөрөлтэй. Гэвч газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа талаар иргэд байнга гомдол гаргадаг байна. Хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, үйлдвэрүүд суурьшлын бүстэй хаяа залган оршдог тул дуу чимээ, тоосжилтын гол эх үүсвэр болсон. Мөн автозамын зурваст үзэгдэх орчныг хязгаарлан үйлчилгээний газрууд барьснаас олон гомдол ирдэг тухай хэлсэн.


Нүүгээд очих газаргүй байгаа нь худалдаа эрхлэгчдийн хамгийн том саад


Харин бизнес эрхлэгчид 100 айл орчимд худалдаа, үйлчилгээний стандарт, дэд бүтцийг сайжруулж, цэгцлэх гэж байгаа ямар ч ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. “Сутайн тэргүүн”, “Бумбат” дэлгүүрийн түрээслүүлэгч Д.Лхамсүрэн сүүлийн үед 100 айлыг нүүлгэх эсэх нь мэдэгдэхгүй хийсвэр мэдээлэл их цацагдсан. Харин өнөөдөр маш тодорхой мэдээлэл өгч, хүлээж авч уулзаж байгаа нь сайшаалтай гэв. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт нийт 6-7 мянган ам метр тайлбай бүхий дөрвөн дэлгүүр түрээсэлж, 150 хүн ажиллуулдаг байна. Тэнд үйл ажиллагаагаа жигдлээд 24 жил болж буй тэрбээр “Орчноо сайжруулахаар 2-3 жилийн өмнөөс Сэлбэ голын даланг босгосон. Мөн өндөр хүчдэл, шилэн кабель болон бохирын шугам, замын зүүн захын дэлгүүрүүдийг бохир, дулааны нэгдсэн сүлжээнд холбох бүх ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн” хэмээв.


Харамсалтай нь, зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид болон хяналт сулаас болж татвар төлж, хууль ёсоор үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хохирч байгаа тул холбогдох албан тушаалтнууд ойрын хугацаанд энэ бүхнийг шийдвэрлэх шаардлагатайг төлөөлөгчдөд учирлав. 100 айлыг цэгцлэх ажил гурван үе шаттай хийгдэх бөгөөд эхний ээлжид ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсооно. Мөн барилгын материалын худалдааг баруун болон хойд зүгт хэсэгчлэн нүүлгэж, чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, заримыг нь Налайхын барилгын материал, үйлдвэрлэл технологийн паркыг бараадуулахаар төлөвлөж буй юм.


Энэ бүх ажлыг тавдугаар сард хийж дуусгах төлөвлөгөөтэй. Харин 5-8 дугаар сард явган болон автозамыг өргөтгөж, нэвтрэх чадварыг сайжруулж, ерөнхий төлөвлөгөөний дагуу гэрэлтүүлэг, дэд бүтцийг сайжруулна. Гурав дахь үе шатанд шаардлага хангахгүй, хуучны барилгуудыг нурааж, орчин үеийн шаардлагад нийцсэн худалдаа үйлчилгээний төв бий болгож, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдийг орон сууцаар хангаж эхлэх юм. Энэ том бүтээн байгуулалт энэ намраас 2020 он хүртэл үргэлжилнэ. Харамсалтай нь, энэ төлөвлөгөөнд бизнес эрхлэгчид итгэхгүй байна. Юуны өмнө нүүгээд очих газаргүй байгаа нь худалдаа эрхлэгчдийн хамгийн том саад. Ажлын хэсгийнхний зүгээс Зунжин, Мишээл зэрэг газар санал болгож буй. Гэвч өнгөрсөн жил Зунжинд байршиж үзсэн ч хүмүүс ерөөсөө ирээгүй, бас 100 айл бол Улаанбаатарын хамгийн түрээс багатай байршил. Мөн Налайхын барилгын материалын парк хоёр сэндвичээс өөр бүтээн байгуулалт байхгүй тул тийшээ бараадна гэдэг бүр бүтэхгүй. Тиймээс санал болгож буй байршлуудын ихэнх нь бизнес эрхлэгчдэд хохиролтой байгаа тул уг төлөвлөгөө тийм ч амархан хэрэгжинэ гэж найдаад хэрэггүй нь.


БАЙР СУУРЬ

100 айлын орчмыг сайжруулж, цэгцлэхэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: 100 айлын ил задгай худалдаа, эмх замбараагүй байдал, хөрсний бохирдол, хулгай дээрэм тамтгаа алдсан. Манай дүүргийн цагдаагийн II хэлтсийн гол ачаалал 100 айл дээр төвлөрдөг. Ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байна. Тиймээс маш олон иргэн энэ бүхнийг цэгцлэхийг олон жилийн өмнөөс шаардсаар ирлээ. 2017 оны тайланд барилгын хог хаягдлыг яаралтай шийдэхийг иргэд шаардсан байгаа. Бид зөвхөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг бодолцох нь учир дутагдалтай. Харин ч 10-12 дугаар хорооны иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Түрээслүүлэгч, худалдаа эрхлэгч Д.Цэрэндулам: Нүүлгэн шилжүүлэхээсээ илүү ил задгай худалдаа наймаа, хөрсний бохирдол, замбараагүй олон үйлдвэрийг цэгцлээсэй гэж бодож байна. Би өөрөө 25 түрээслэгчтэй дэлгүүрийн эзэн. Түрээслэгч бол аж ахуйн нэгж. Цаанаа таван ажилтантай, тус бүртээ гэр бүлтэй. Барилгын материалын худалдааг нэг хүн эрхэлдэг ажил биш. Тийм учраас нүүлгэхэд түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй, нэлээд их эсэргүүцэлтэй тулгарна. Худалдаа эрхлэгчдийн сэтгэл зүйд ийм дайралт хийснээс түгжрэл, бохирдлын шалтгааныг нь шийдвэрлэх хэрэгтэй.

Түрээслүүлэгч, худалдаа эрхлэгч Д.Лхамсүрэн: Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас аль болох цэвэр, шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах ёстой. Сүүлийн 2-3 жилд 100 айлд хяналт шалгалт огт хийсэнгүй. Санаатайгаар муухай харагдуулах гэсэн үйлдэл болов уу гэж би хардаж байгаа. Тэнд бараг 7000 мянган хүн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэхээс гадна энэ бүхнийг дагалдах бусад ажлын байранд 10-аад мянган хүн бий. Өөрөөр хэлбэл, 17 мянган хүн 100 айлаас амьдралаа залгуулж байна. Хэн дуртай нь 100 айлыг нүүлгэнэ гэх юм. Нүүлгэж чадахгүй. Нүүхгүй байх учир шалтгаан нь энэ 17 мянган хүн шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бөхчүүдэд өгсөн ард түмний хүндэтгэл багадаагүй л байлтай

Хүү төрвөл бөх битгий болоорой гэж захих хэмжээнд хүрчихэж

 0 сэтгэгдэл


Сүүлийн хэд хоногт монгол бөхийн ертөнцөд юу л болоод өнгөрөв. Бөхийн холбоог булаалдсан хоёр талын тэмцлийн үр дүнд бөхийн өргөөний хаалга хэдэнтээ эвдрэх шив. Айл гэрээр бол хүүхдүүд нь хоорондоо муудалцаад, гэрийнхээ хаалга үүдийг эвдэлж хэмхлээд байгаа аятай. Уг нь үүнийг хориглож, болиулах учиртай хүмүүс нь аав буюу үндэсний бөхөөр бол алдарт аваргууд. Гэтэл дархан аваргууд нь болиулах байтугай харин ч бөхчүүдээ хоёр хэсэгт хувааж, өөд өөдөөс нь турхирсан дүр зургийг бид харлаа. Бөхчүүдийн энэ хэрүүл тэмцлийг харахаар үүрээ эвдүүлсэн шоргоолж л хамгийн түрүүнд санаанд орж байна. Монгол түмний бахархал болсон домогт аварга Ж.Мөнхбат бурхны орныг зориод хэдхэн хонож байна. Гэтэл ар гэрийнхнийх нь гашуудлын нулимс ч хатаж амжаагүй байхад залгамж халаа болсон бөхчүүд нь олзоо булаалдсан өлсгөлөн чоно шиг өөр хоорондоо арсалдахыг хараад хэлэх ч үг олдохгүй юм. Бид ийм цайчихсан улс гэж үү.


Тэр тусмаа монгол эрчүүдийн үлгэр дуурайл болсон бөхчүүдээс ийм авир гарахыг хараад харамсахын дээдээр харамсаж байна. Үйл явдлыг хорин хэдэн жилийн өмнөх рүү ухраагаад нэг харъя. Тухайн үед бөхийн өргөө гэж энэхүү сүрлэг байгууламж байсангүй. МҮБХ нь ордон байтугай олигтой оффис ч үгүй, Спортын төв ордны заал түрээслэн байж бөхийн барилдаанаа зохион байгуулдаг байв. Хэрэв МҮБХ яг тэр үеийнх шигээ байсан бол хүмүүс өөрийн болгох гэж ингэж тэмцэлдэх болов уу. Ингээд бодохоор бөхийн төлөө биш, бөхийн өргөө гэсэн бөөрөнхий байшин руу тэмцээд байгаа юм биш үү. Монголчууд бид бөхдөө хайртай, бөхчүүдээ хүндлэн дээдэлдэг ард түмэн. Тиймдээ ч мөнгө чанга байсан 1990-ээд оны сүүл үед бараг хоёр тэрбум төгрөгөөр энэ өргөөг босгочихсон юм. Ард түмний хандив тусламжаар 800 гаруй сая төгрөг цугларсан ч өнөөх мөнгө бүтээн байгуулалтынхаа тал хувьд хүрээд л зогссон байдаг.


Ингээд яахаа мэдэхгүй сандарч байхад улс 900 шахам сая төгрөг гаргаад гүйцээж барьсан түүх мартагдаагүй байна. Энэ үед хүн бүр л бөхчүүд маань сайхан өргөөтэй боллоо, монгол бөхийн хөгжил дэвшил улам дээшилнэ гэж хөөрч, догдолж байсан. Гэтэл улс болоод олон нийт хамжаад барьсан өнөөх өргөө эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлийн үндэс болно гэж хэн мэдэх билээ. Бусад холбоодыг бодвол МҮБХ муугүй орлоготой байгууллага. Барилдаан зохион байгуулахаас гадна янз бүрийн урлагийн арга хэмжээ тэнд тогтмол болно. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай давуу тал нь үүнд маш их нөлөөтэй. Иймэрхүү арга хэмжээнээс сардаа 50-70 сая төгрөгийн орлого олчихдог. Монгол бөхийн өргөө гэсэн том объект болоод сар тутам орж ирдэг энэхүү орлогын хэмжээ тус байгууллага руу санаархагчдын хорхойг гозолзуулсаар ирсэн гээд хэлчихэд хатуудахгүй байх.

Шүүх гэж гүйсээр хорь шахам жил болсон ч асуудал шийдэгдээгүй л байна

Ужгирсан энэ тэмцэл тэртээ 2002 оноос эхтэй. Тэр жил МҮБХ-ны Их эе хуралдахад Р.Нямдорж холбооны тэргүүний төлөө улиран өрсөлдсөн бол нөгөө талаас Б.Сүхбаатар гэж хүн өрсөлдсөн. Нэлээд халуухан болсон уг хурлын үр дүнд Р.Нямдорж 90:82-оор тун ойролцоо ялсан байдаг. Харин ялагдсан тал хурлыг орхин гарснаар тэмцэл улам хурцадсан юм. Үүнээс хойш талууд хичнээн удаа шүүхдэлцэж, хэдэн ч удаа муудалцав. Байдал өөрчлөгддөггүй ээ. Уг нь монголчууд хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг ард түмэн. Харин одоо бол бөх битгий болоорой гэж захих хэмжээнд хүрчихэж.


Учир нь бүдүүн хадуун, найраа хийдэг гэсэн муу нэр дээр нь нэмээд бөхийн холбооны төлөөх энэ муухай тэмцэл та бүгдийн нэр хүндийг шалбаагт хутгаж орхилоо. Ард түмэн та нараас юугаа ч харамлаагүй юм шүү. Хайр хүндэтгэлээ харамгүй зориулсан, бай шагналыг нь лав багадуулаагүй. Сумандаа түргэний машингүй хэрнээ сумаас төрсөн улсын цолтондоо жийп авч өгдөг гэж шүүмжлүүлэхдээ тултал бөхчүүдээ дэмжсэн. Бөхийн буянаар бизнес нь томорч цэрэг цагдаагийн цол нэмж УИХ-ын гишүүн болж төрийн сайд хийж яваа эрхмүүд олон. Гэвч та бүхэн ард түмний хайр хүндэтгэлийг дааж чадсангүй. УИХ-ын гишүүн, дархан аварга нь бужигнааныг толгойлж, хэрүүл хийгээд яваа нь даанч өрөвдөлтэй харагдах юм. Төрийн түшээ, том цолны намба, эрэмбэ гэж байдаггүй бололтой. Өнөөдөр би аль нэг талынх нь зөв, буруу гэж бичихийг хүсэхгүй байна.


Харин ганц үнэн гэвэл өргөөнийхөө үүд хаалгыг эвдэж, шүүхдэж маргалдаад хэн ч хожихгүй. Шүүх гэж гүйсээр хорь шахам жил болсон ч асуудал шийдэгдээгүй л байна шүү дээ. Тиймээс цорын ганц арга нь хэн хэндээ буулт хийж, хэлэлцээрийн ширээний ард суух. Энэ үеэр урьдын дайсагналаа түр мартаад, зөв гарцыг хамтаа эрэлхийлмээр байна. Бүр болохгүй бол Их эеэ дахин зарлаад, талууд өөрсдийн хүмүүсээ дахин нэр дэвшүүлээд өрсөлдүүлбэл хэн хэндээ гомдолгүй. Ингэж гэмээнэ олон жил ужгирсан их тэмцлийн ард гарч болно. Харин бяр чадалдаа омгорхож, байр саваа эвдэж, халх, дөрвөдөөрөө хуваагдсан хэвээр байвал үндэсний бөх маань зөвхөн Монгол Улсаар тогтохгүй дэлхий нийтэд шившиг болох нь. Энэ үед хойч үеийнхэн та бүгдийг хэрхэн дурсахыг төсөөлөөд үзээрэй. Лав сайнаар дурсаж ярихгүй байх. Муу нэрийг хусавч арилахгүй гэсэн үг байдаг даа.