A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2127/

Нислэгийн тарифаа хямдруулахгүй бол жуулчны урсгал нэмэгдэхгүй

Манай улс өнгөрсөн онд 529 мянган жуулчин хүлээн авсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2127/


Монголын нэр хүндийг олон улсад тодотгож, нэрийн хуудас болж буй салбарын нэг нь аялал жуулчлал. Үүнийг бид утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэх экспорт гэж янз бүрээр нэрлэдэг. Эдийн засагт валют авчирдаг тус салбарынхан энэ оны жуулчны захиалгаа хэдийн эхлүүлсэн байна. Тухайлбал, Германы Берлин хотноо жил бүр болдог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд манай улс төр, хувийн хэвшлийн түвшинд оролцож, компаниуд энэ үеэр Европоос  жуулчин хүлээн авах анхны гэрээгээ байгуулжээ.

Олон улсын энэхүү цугларалтад Монголын аялал жуулчлалын салбарын 10 гаруй гол тоглогчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсныг Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр онцолсон юм. Гадаад сурталчилгаа энэ оны хувьд идэвхтэй хийгдэж байгаа учраас Европоос Монголыг зорин ирэх жуулчны урсгал өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдэх боломжтойг тэрбээр цохон тэмдэглэлээ.

Манай улс өнгөрсөн онд гаднаас нийт 529 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь 2017 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн дүн юм. Ирж буй тэдний дийлэнх нь Азийн жуулчид бөгөөд үүний дотор БНСУ-ын иргэд давамгайлж байна. Өмнөд Солонгосын дараа жилийн өсөлтөөрөө БНХАУ болон ОХУ-ын жуулчид жагсжээ.  Хэдий жуулчдын тоон үзүүлэлт 10 гаруй хувиар нэмэгдсэн боловч жуулчдын дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө тийм ч хангалттай биш байна. Учир нь, Европын жуулчид манай улсад илүү олон хоногоор саатаж, үйлчилгээний салбарт тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг бол Азийн жуулчдын хувьд бага хоногоор ирдэг тул эдийн засагт үлдэх мөнгө европчуудтай харьцуулахад бага байдаг онцлогтой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалангийн хэлснээр тухайн жил хэр сайн сурталчилгаа олон улсад хийгдсэнээс тэр жилийн жуулчдын өсөлт, бууралт шалтгаалж байна. Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Үүний хамгийн том сорилт нь нисэх буудлын хүчин чадал болж ирсэн. Тэгвэл хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орсноор хүрэлцээ нэмэгдэхээр байгаа юм. Гэхдээ баярлахад эрт байна. Учир нь нислэгийн тарифын үнэ хөгжиж буй, ялангуяа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараа болгосон орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр байгаа нь жуулчид үргэх ээлжит шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, шинэ нисэх буудал ашиглалтад орж, нислэгийн тоо, хэмжээ нэмэгдсэн ч нислэгийн тариф илүү уян хатан болж, үнэ хямдрахгүй бол нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо хойшлуулахад хүргэж мэдэхээр байна. Нислэгийн тариф буурахад агаарын тээврийн салбарт өрсөлдөөн, тус салбарт төрөөс баримтлах бодлогын ялгарал голлох нөлөөтэй.

Засгийн газар аялал жуулчлалын салбарын энэ оны төсвийг нэмэгдүүлж, олон улсад сурталчилгаа хийх, үзэсгэлэн яармагт оролцох боломжийг бүрдүүлж өгсөн. Үүний хүрээнд энэ он гарсаар хоёр ч томоохон үзэсгэлэнд Монгол Улс оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Өмнөх жилүүдэд төсөв бага хэдий ч голлох болон өндөр үр ашигтай орнуудыг чиглэсэн сурталчилгааг хийснээр 2018 онд жуулчны тоо 10 гаруй хувиар өссөн билээ. Үүнээс илүү өсөх боломж байсан боловч өнөө л нислэгийн хүрэлцээ, тариф аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг сааруулж, хөгжлийг хойш татсан юм.

Жуулчдын дотоодын эдийн засагт оруулсан мөнгөн дүн өнгөрсөн оны байдлаар 569 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 30 шахам хувийн өсөлт юм.  Цаашид жуулчны тоог одоогийн түвшнээс эрс өсгөж чаддаггүй юм гэхэд хадгалж үлдэхийн тулд нислэгийн давтамж болон чиглэлүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

• Жуулчдын дотоодын эдийн засагт оруулсан мөнгөн дүн өнгөрсөн оны байдлаар 569 мянган  ам.доллараар хэмжигдэж байна.

• Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Үүний хамгийн том сорилт нь нисэх буудлын хүчин чадал болж ирсэн.

• Монголд ирж буй жуулчдын дийлэнх буюу 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог гэсэн судалгаа бий.

Аялал жуулчлалын салбарт нэг жуулчны оруулсан мөнгө 14 салбарыг дэмждэг гэсэн тооцоо судалгаа бий. Сонирхуулахад, Монгол Улс гаднаас жуулчин хүлээж авахын зэрэгцээ гадагшаа жуулчин илгээдэг орны тоонд багтдаг боллоо. өнгөрсөн онд гэхэд давхардсан тоогоор манай улсын хоёр сая иргэн гадагшаа зорчсон байна. Нислэгийн хүрэлцээнээс гадна манай улсын аялал жуулчлалд улирлын хамаарал хамгийн өндөр байгаа юм.

Тухайлбал, нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирэх жишээтэй. Улирлын нөлөө нь жуулчдын ирэх урсгалд нөлөөлдөг хүчин зүйлд тооцогдож байна. Тиймээс аяллын улирлыг уртасгахад шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг брэнд болтол нь гаргаж таниулахаас тус салбарын хөгжил цаашид хамаарах нь. Бүргэдийн баяр, Нүүдэлчдийн өвлийн наадам буюу Хөвсгөлийн мөсний баяр, Өмнөговь аймаг дахь тэмээний баяртай дүйцэхүйц бөгөөд эдгээрээс онцгойрох шинэ бүтээгдэхүүнийг олон улсад зарлан сурталчлах, үүнийг тогтвортой зохион байгуулахаас аялал жуулчлалын хөгжил мөн шалтгаалах аж. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ үргэлж нэмэгдүүлж, шинэ соргог байлгахгүй бол өнөө л хэдэн үзмэр, үйлчилгээ хэвээр байвал жуулчид олон хоногоор саатах бус хурдхан буцахыг л илүүд үзэх нь дамжиггүй юм.

Манай улс визний нөхцөл нэлээд хатуу мөрдөгддөг орны тоонд багтдаг. Гэтэл жуулчдын хувьд нислэгийн тариф хямд, визгүй болон визний нөхцөл уян хатан орнуудад түлхүү аялал хийж байна. Тиймээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний хөнгөлөлт яригдахаас аргагүй юм.

Хэрэв визний нөхцөл нааштай байсан бол Дорнод аймаг гэхэд рашаантад жил болгон ирдэг гурван сая жуулчны 500 мянгыг хүлээн авах боломж нээгдэх юм. Нислэгийн хувьд гэхэд Увс аймагт аялал хийх жуулчин заавал Улаанбаатараар дамжих шаардлагатай байгаа нь хүндрэл учруулж байна. Тэрчлэн авто тээвэр, төмөр замын тээврийг давхар хөгжүүлснээр жуулчдыг агаараар болон газраар хүлээн авах боломж бүрдэх юм.

Монгол Улсад аялал жуулчлалд зориулсан агаарын тээврийн ганцхан орц байгаа. Энэ орцыг олон болгосноор агаарын тээврийн зардал буурах, жуулчдын хувьд зорьсон газраа хурдан хүрэх зэрэг давуу талтай. Үүнийг бий болгоход хөрөнгө мөнгөний хэрэгцээ, нөөцийн асуудал хөндөгддөг. Нэгэнт л нэг сая жуулчин хүлээн авахаар тулгуу зорилт тавьсан орны хувьд хөвсгөл, Өмнөговь, Ховд зэрэг жуулчин хамгийн их ирдэг аймгууддаа олон улсын нислэг үйлддэг болох эрэлт, хэрэгцээ их байгааг салбарынхан хэлдэг. Ялангуяа, аялал жуулчлалын оргил үед агаарын тээврийн ачааллыг тархаах, жуулчдад илүү нийцсэн үйлчилгээг хүргэх нь чухал байна.

Монголд ирж буй жуулчдын дийлэнх буюу 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог гэсэн судалгаа бий. Энэ оны хувьд гадаад сурталчилгаа сайн хийгдсэн тул 2018 оноос давсан өсөлт аялал жуулчлалын салбар үзүүлэх боломж байна. Гэхдээ нислэгийн хүрэлцээ, тариф өндөр байгаагаас болж жуулчны тоонд үсрэнгүй өөрчлөлт гарахад хүнд гэдгийг салбарынхан өөрсдөө учирлах аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Австрали цагаачдын тоогоо цөөлөх бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдүгээгийн бодлогодоо ирээдүйг багтаахыг зөвлөв

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал

 0 сэтгэгдэл


Автомат жолоодлоготой машины туршилтыг АНУ-ын Калифорни, Мичиган зэрэг мужид хийхээс өмнө буюу 2014 онд Сингапур улс энэ “ухаант” хүлгийг хэрхэн зохицуулахаа хэлэлцэж байжээ. Хэдхэн жилийн өмнө төсөөлөл төдий байсан жолоочгүй автомашины туршилтууд ар араасаа амжилттай болж эхэлснээр 2017 онд Сингапур замын зарим дүрмээ шинэчилж эхэлсэн аж. Гэтэл автомат жолоодлоготой машин дэлхийн тээврийн хэрэгслийн ирээдүй болох нь хэдийн тодорхой болж, томоохон компаниуд энэ үйлдвэрлэл рүү хошуурч эхлээд байхад дэлхийн дийлэнх улсад энэ өөрчлөлт үл таних, шинэ зүйл хэвээр байна.

Айсуй өөрчлөлтийн салхийг соргогоор мэдэрч, урьдаар бэлтгэж эхэлсэн Сингапурын энэ жишээг ирээдүйд чиглэсэн сэтгэлгээ, алсын хараа хэмээн дэлхий нийт үзэж байна. урагшлах бүртээ ирээдүйг тооцож алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болчихоод байгааг азийн хөгжлийн банкны шинжээчид хэлж байгаа юм. Эдүгээ иргэдэд ээлтэй өсөлтөөрөө дэлхий нийтэд гайхагдаж буй Финланд, Сингапур, Австрали улсын хөгжлийн нэг хөзөр нь яах аргагүй алсын хараа, ирээдүйд чиглэсэн бодлого байсныг тэд онцолж байгаа юм.

Тухайлбал, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсын парламентад ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороо ажилладаг байна.  Тус улсын парламент нийгэм, эдийн засаг, экологийн аливаа асуудлыг хэлэлцэхдээ заавал 13 гишүүнтэй ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хорооноос санал авдаг. Финланд улсад хууль тогтоох байгууллагын түвшинд алсын хараатай бодлого боловсруулахад анхаардаг бол Сингапурт үүнийг Засгийн газар хэрэгжүүлдэг байна.

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал. Тухайлбал, дэлхийн хүнсний салбарын томоохон тоглогчдын нэг Coca Cola одоогоос 15-20 жилийн өмнө эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Хийжүүлсэн ундаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан 1990 оны сүүлчээр тус компани амжилтдаа ташууралгүй, ирээдүйн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судалж байсан. Улмаар хэтдээ хэрэглэгчид элсэн чихэр их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзана гэдгийг эртнээс таамаглаж байсан тул шинэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч эхэлсэн. Улмаар элсэн чихэр агуулаагүй Coca Cola Zero ундааг 2005 онд зах зээлд танилцуулж байжээ.

• Финландын парламент Ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороотой.

• Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар Coca Cola компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

• Урагшлах бүртээ ирээдүйг бодолцон алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болдог.

Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар тус компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Өөрчлөлт, хувьслыг эртнээс илрүүлж, бодлого төлөвлөлтөө бодит байдлаас түрүүлж боловсруулах нь тогтвортой, хүртээмжтэй өсөлт, өгөөж дагуулдаг аж. Тэгвэл Монгол Улсад ирээдүйг угтсан бодлого төлөвлөлт бий юу. Алс хэтийг харах нь байтугай улсыг жолоодох бодлого сонгуулийн мөчлөгийн цаг хугацааны хайчинд орж, улс орны хөгжил ирээдүй рүү бус хөмөрсөн тогоон дотор эргэсээр.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж урт бөгөөд сүржин нэртэй баримт бичиг бий. Үүнийг баталснаас хойш даруй долоон жил улирсан ч стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь, 436 дэд зорилтын 4.1 хувь нь л биелсэн хэмээн албаныхан мэдээлж байв.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэгчлэн эдүгээгийн бодлогодоо ирээдүйг хавчуулж, багтааж байх нь эрчтэй хөгжиж буй орнуудад чухал болохыг Азийн хөгжлийн банкны шинжээчид уламжилж байна. Төрийнхөө туг болохуйц бодлогыг тунхаглаж, түүндээ хүрэхийн төлөө иргэн бүр өдөр тутам зүтгэж, тэмүүлснээр тогтвортой өсөлтийг бий болгодог хэмээн тайванийн тамкангийн их сургуулийн ирээдүйн бодлогын судалгааны төвийн захирал Сун Мэй Мэй хэлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын фермерүүд Хятадад ургацаа худалдахыг хүсчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэрбумтан төрүүлдэг зах зээлд монголчууд “өлгий”-тэй байна

Интернэт тоглоомын ертөнцөөс төрөх тэрбумтнуудын тоо нэмэгдсээр

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоо нь 2.3 тэрбум давсан ертөнц үүсээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ шинэ зуунтай зэрэгцэн үүссэн энэ ертөнц дэлхийн бизнесийн салбарын хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг хошууруулсаар. Монголчуудын ашиг орлого олохоосоо илүү зугаацах, алжаал тайлах хэрэгсэл болгон түлхүү ашигладаг интернэт тоглоомын ертөнцөөс дэлхийн бизнест цахиур хагалсан шинэ тэрбумтнууд төрсөөр байна.

Зэр зэвсэг хайж, амьд үлдэхийн төлөө тэмцдэг Free Fire тоглоомыг хөгжүүлэгч Sea компанийн хувь эзэмшигч, хятад гаралтай Форрест  Ли 41 насандаа дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд бичигдэж эхэлснийг Bloomberg хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Тус компанийн бүтээсэн виртуал ертөнцөд элсэгчдийн тоо АНУ-ын хүн амыг хэдийн давжээ. Форрест Ли Сингапурт төвтэй Sea компанийн хувьцааны 13.8 хувь буюу нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Эхний тэрбумтан нь Форрест ли биш юм. Тулаанчдын тэмцлийг өгүүлэх Fortnite тоглоомыг бүтээсэн, тэрбумтан  Тим Суини мөн энэ тоглоомоос мэндэлсэн түүхтэй.

Ийнхүү гарт үл баригдах хийсвэр ертөнц дэлхий нийтийг соронз мэт татаж, чиглэх хөрөнгө, санхүүгийн урсгал ч үржихийн хүрдээс хурдтай өсөж байна. Ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилсээр байна.

ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАГЧИД ТОГЛООМ РУУ ХОШУУРАВ

Хэрэв та үргэлж биш юмаа гэхэд үе үе гар утсаараа тоглоом тоглож цаг нөхцөөх эсвэл тархиа  амраадаг бол аль хэдийн энэ ертөнцийн нэг гишүүн болсон гэсэн үг. Ер нь дэлхийн хаана л бол хаана утаснаас уяатай байдаг хэрэглэгчид тоглоомын зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалт, хөгжигсдийн тоо нь нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Интернэт тоглоом нийт орлогынхоо талаас илүүг нь зөвхөн хөдөлгөөнт утаснаас олдог байна.

Newzoo-гийн мэдээлснээр энэ зах зээлийн хэмжээ 2018 оны байдлаар 137.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хүний бүтээсэн, хийсвэр хорвоо ертөнцийг чиглэх мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд ирээдүйд ч өсөлтөө хадгалах өөдрөг таамгийг шинжээчид танилцуулж байгаа юм. 2021 онд гэхэд нийт орлого нь 180 тэрбум ам.доллар давах төлөвтэй.

Тоглоом ийнхүү ашиг олж болох “авдар” болж эхэлсэн тул технологийн компаниуд энэ салбар луу хошуурсан. Тухайлбал, БНХАУ-ын Tencent Holdings компани нийтлэлийн эхэнд өгүүлсэн хоёр тэрбумтны компанид хувь эзэмшдэг. Зөвхөн Tencent Holdings гэлтгүй бидний сайн мэдэх Microsoft, Apple, Sony зэрэг технологийн манлайлагчид тоглоомын ертөнцийн гол тоглогчид юм. Алдарт Apple л гэхэд хамгийн ашиг хүртдэг компаниудын нэгд тооцогддог бөгөөд өөрийн программ хангамжийн онлайн дэлгүүр буюу App store-оор дамжуулан, энэ төрлийн тоглоом борлуулж байна. Үүнээс гадна монгол залуусын түгээмэл тоглодог World of Warcraft -ийг бүтээгч Activision Blizzard-ийн зах зээлийн үнэлгээ 29.93 тэрбумаар хэмжигдэж байна. Ер нь эдгээр компани тоглоом сонирхогчдыг тоглохоос өөр аргагүй болтол нь сонирхол, хүслийг нь төрүүлээд зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг татдаг байна.

ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ ЭНЭТХЭГ, БНХАУ

Энэ зах зээл рүү урсаж буй гурван ам.доллар тутмын нэг нь  Хятадын зах зээлийнх аж. Хүн амын тоогоор тэргүүлэгч энэ гүрэн дэлхийн интернэт тоглоомын зах зээлийн өлгий нутагт тооцогдох боллоо. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хамгийн ирээдүйтэй зах зээлээр Энэтхэг улс нэрлэгдэж байна. Энэтхэгийн интернэт тоглоомын зах зээл хурдтай өсөж, үүнийг нь ч соргогоор анхаарсан Хятадын Alibaba, Tencent зэрэг компани тус улсад үүрээ засаж эхэлжээ. Уг нь БНХАУ, Энэтхэг улс бол монголчуудад хамгийн ойр зах зээл. Мөнгө буцалж буй энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүс нутаг, улс орнуудтай Монгол Улс улс төр, эдийн засаг, хүн хоорондын нягт харилцаатай оршин тогтнож байна гэсэн үг.

Ингээд бодохоор дэлхийн том компаниуд хүртэл хошуурч буй энэ бизнест монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас оролцох бус орлого олох боломж байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарын залуус хамтран энэ төрлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлж буй ч өнөө хэр олон улсын түвшинд өрсөлдөхүйц тоглоом бүтээсэн нь тун ховор. Гэхдээ хэд хэдэн компани олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Тухайлбал, монгол залуусын Nomadic Bear Games компани сүүлийн таван орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд хоёр ч бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн компанийн нэгэн тоглоомыг олон улсын хэрэглэгчид 12 сая удаа татжээ.

Тус компани тоглоомын зах зээл дэх гар утсанд суурилсан, Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг төрлийн тоглоом бүтээдэг аж. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хэрэгчдийн сонирхолд нийцүүлэхийг зорьдог байна. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарахыг зорьдог хэмээн компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай ярилаа.

Ер нь манай тоглоом бүтээгчдийн дийлэнх нь сонирхогчийн шинж чанартай, бор зүрхээрээ энэ салбарт ажиллаж байна. Тиймээс Монголын тоглоом сонирхогчдын дунд Mongolian Game Developers Contest тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Одоогоор нэгдүгээр шат нь үргэлжилж буй бөгөөд 54 багийн 167 оролцогч бүртгүүлж, 19 бүтээл ирүүлжээ.

Басхүү Монгол Улс интернэт тоглоомын салбарын хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс нэг их хоцролгүй, зэрэгцэн алхаж байгаа гэхэд болно. Цаашлаад энэ төрлийн тоглоомд хүүхэд залуус донтох, зүй бусаар ашиглах зэрэг сүүдэртэй талууд ч түгээмэл болж буй. Харин тоглоом бүтээх, бий болгох, орлого олж, ашиг хүртэхдээ монголчууд хоцорч, унхиагүй байсаар.

Уг нь хил хязгаар гэж үгүй энэ салбар Монгол шиг далайд гарцгүй, жижиг зах зээлтэй улсад орлого олж болох талбар. Дээрээс нь дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй тоглоомын дүрүүдийнх нэр, хувцас, хэрэглэл нь чамлахааргүй мөнгө авчирдаг байна. Гэхдээ Монгол Улс өнөө хэр энэ хорхой хүргэм зах зээлд олон улстай өрсөлдөхөд бэлэн биш, “өлгий”-тэй хэвээр байна.