A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1681/

Ном уншдаг хүүхэд ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авна

Хүүхдээ өдөр бүр 10-20 минут ном уншуулах хэрэгтэй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1681/


Хүний тархинд нийт 1.4 тэрбум орчим эс үүрэг гүйцэтгэдэг. Үүний 80 хувь нь гурван нас хүрэхэд хэдийн бүрэлдэн тогтсон байдаг аж. Хүүхэд төрөөд зургаан сар болоход л тархины хөгжлийнх нь 50 хувь бүрэлддэг гэхээр асар хурдацтай хөгждөгийг илтгэнэ. Чухам энэ үед хүүхдийг ямар хүн болгоход анхаарах ёстойг Японы эрдэмтэн Масару Ибукагийн “3 нас хүрэхэд оройтно” номд өгүүлсэн байдаг. НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Уншлагыг дэмжих хөтөлбөр” боловсруулж, хүүхдийг номонд дуртай болгох ажлуудыг хийж эхэллээ. 

Юуны өмнө эрдэмтдийн судалгаанд үндэслэн хүүхдийн нас насанд нь тохирсон ямар ном унших ёстойг тодорхойлжээ. 0-24 сартайд өнцөг мохоо, 10-аас доош хуудастай, өдөр тутмын амьдралын сэдэв бүхий, тоглоомын хэлбэрт оруулсан, дардаг, түлхдэг, дуугардаг, хүний биед харшлахгүй өнгө будагтай ном байх ёстой гэнэ. Харин 2-5 настай хүүхдэд зориулсан ном нь ярианы ур чадварыг дэмжсэн богино үлгэр, шүлэг бүхий зурагт хуудастай танин мэдэхүйн зорилготой бөгөөд эрэгтэй эмэгтэйг харгалзан үзсэн байх шаардлагатайг онцолжээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нас онцлогт тохирсон номыг сонгож чаддаггүй нь хүүхдийг номтой ойртуулахад бэрхшээл болдог. Тиймээс 2-16 насандаа хэний, ямар зохиол уншсан байхыг зөвлөсөн жагсаалт гаргажээ. 

НОМ УНШИХЫГ ШҮД УГААХТАЙ АДИЛ ДАДАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

Ном уншдаг хүүхэдтэй болохын тулд төрсөн цагаас нь эхэлж сургах хэрэгтэй. Хүүхдийн гурван нас хүртэлх хөгжлийн явцад тархинд нь “ном” гэсэн бүлэг тогтолцоо үүсгэснээр уншдаг хүнийг төлөвшүүлж чаддаг. Иймээс 2019 оноос нийслэлийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэр бүл, эцэг эхчүүдэд хүүхдийн оюун ухааны хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжих ажлын суурийг тавьж, танин мэдэхүйн материал, зөвлөгөөг багц номтой нь өгч, сургалт зохион байгуулдаг болгохоор төлөвлөж байна. “Хүүхдийг ухаан орсон цагаас нь тоглоом тоглодог шигээ номтой нөхөрлөдөг болгохын тулд сургуулийн өмнөх наснаас нь эхлэн анхаарч ажиллаж байгаагаараа онцлог юм. Хүүхдийг шүдээ угаадаг шиг нь ном унших дадал зуршилтай болгох боломжтой” гэж НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “Уншлагыг дэмжих хөтөлбөр”ийн санаачлагч Д.Мөнхжаргал ярилаа.

0-5 настайд хүүхдэдээ ном уншиж, харилцан ярьж өгснөөр үгийн баялгийг дөрөв дахин нэмэгдүүлж, тархины хөгжлийг 90 хувьд хүргэдэг. Түүнчлэн хүүхэдтэйгээ ном уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлд өссөн дөрвөн настай хүүхдийн ярианы баялаг 1100 орчим үгтэй байдаг бол, хүүхдэдээ цаг зарцуулдаггүй айлын хүүхэд 500-аас доош үгийн хүрээнд эргэлддэг байна. Энэ нь цаашлаад сургуульд хэрхэн суралцах, аливааг ойлгож хүлээж авах чадварын суурь болж өгдөг. 

Хүүхдэд өдөр бүр 10-20 минут ном уншиж өгөхөд IQ-г нь зургаан оноогоор өсгөж, сурах чадварыг нь 3-4 дахин нэмэгдүүлдэг байна. Мөн тархины хөгжлийг нь ном уншдаггүй хүүхдийнхээс нэг жилээр ахиулж, ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авах магадлалыг бий болгоно гэж судалгаанд дурджээ. Улмаар өдөр бүр ном унших дадал суулгаснаар ухаалаг утас, компьютер, телевизийн хамааралд орж, донтох эмгэг тусдаггүй байна. Хөтөлбөрийн багийнхны дэвшүүлж, хэвшүүлэх гэсэн гол ажил бол ердөө л “өдөр бүр 10-20 минут уншуулах”  явдал. Үүнийг сургачихвал бусад эерэг өөрчлөлт аяндаа гарна гэж үзэж байна.

• Хүүхдэд өдөр бүр ном уншиж өгөхөд IQ-г нь зургаан оноогоор өсгөнө. 

• Шинэ төрсөн хүүхдийн анхны номыг өрхийн эмнэлэг гардуулна.

• Ажлаас ирээд утсаа ухаж, эсвэл удирдлага бариад хэвтчихдэг хэрнээ хүүхдээ “ном унш” гэж хичнээн шаардаад амжилтад хүрэхгүй байх нь.

ТАНЫ ХҮҮХДЭД ХЭДИЙН ГУРВАН НАС ХҮРСЭН БОЛ ЯАХ ВЭ

Тархины хөгжлийн явцад “ном” гэх дохиог суулгаж чадсангүй гээд зөнгөөр нь орхичихож болохгүй юм байна. Номтой орчинд хүүхдээ уншдаг хүн болгодгийг еврейчүүд зөвлөдөг. Гэхдээ хамгийн чухал нь эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэн уншдаг байх хэрэгтэй. Ажлаас ирээд утсаа ухаж, эсвэл удирдлага бариад хэвтчихдэг хэрнээ хүүхдээ “ном унш” гэж хичнээн шаардаад амжилтад хүрэхгүй байх нь. 

Уншлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өсвөр болон дунд насны хүүхдүүдийг номонд дурлуулахад чиглэж эцэг эхийн, залуусын, байгууллагын, бичил гэх мэтээр олон номын сан байгуулахаар ажиллаж байна. Хэдийгээр унших номын жагсаалт гаргасан ч орчин үеийн хүүхдийн онцлогт тохирсон, цаг үетэйгээ нийцсэн шинэ зохиол шаардлагатайг хөтөлбөрийн багийнхан анхаарч, зохиолчдод сэдэв, агуулгыг захиалан  бичүүлж эхэлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын магадлан итгэмжлэлийг Ази-Номхон далайн орнуудад хүлээн зөвшөөрдөг боллоо

 0 сэтгэгдэл


Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн үйл ажиллагааны талаар тус байгууллагын Ажлын албаны мэргэжилтэн Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-БМИҮЗ нь дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл хийдэг төв байгууллага юм. Боловсролын сургалтын байгууллага, суралцагч, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх нь бидний эрхэм зорилго. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиар их, дээд сургууль, коллеж таван жил тутамд заавал магадлан итгэмжлүүлэх ёстой. Энэ ажлыг манайх хийдэг. Өнөөдрийн байдлаар магадлан итгэмжлэл нь хүчинтэй их, дээд сургуулийн тоо 66, дээд боловсролын хөтөлбөр 144 байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын 16 байгууллага, 9 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэлээс гадна бид их, дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах, гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг бүртгэж, үйл ажиллагааг нь зохицуулах, олон нийтэд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажил хийдэг. Мөн дотоод болон олон улсын байгууллагуудтай хамтран шинжээчдээ бэлтгэж, чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулдаг. Хэдхэн хоногийн өмнө японы их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбооноос хоёр мэргэжилтэн урьж, 200 гаруй шинжээчээ сургалтад хамрууллаа.

-Танай байгууллага Монголын дээд боловсролын системд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Манай байгууллага 1998 оноос хойш БСШУСЯ болоод ТББ, их, дээд сургуулиудтай хамтран мэргэжлийн болон дээд боловсролын чанарын төлөө ажиллаж ирлээ. 1998 оноос байгууллагын, 2004 оноос хөтөлбөрийн, 2017 оноос шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийг хийдэг болсон. Дээд боловсролтой холбоотой хууль, дүрэм журам боловсруулан батлуулахад манай байгууллагын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд гар бие оролцож ирсэн.

-Боловсролын магадлан итгэмжлэл гэж яг ямар үйл ажиллагаа вэ?

-Магадлан итгэмжлэл бол хяналт шалгалт биш юм. Сургууль, хөтөлбөрийн өөрийн хөгжил, шинэчлэлийг дэмжих үйл ажиллагаа юм. Манайхаас батлан гаргасан магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур шаардлагад сургууль, хөтөлбөрийн зорилго, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, үр дүн нь нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж, чанараа баталгаажуулах, цаашдын хөгжлийн зорилгоо шинэчлэн тодорхойлдог учраас магадлан итгэмжлэл нь сургууль, хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлд түлхэц өгдөг ач холбогдолтой. Сургалтын чанар болон зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэж байгаа эсэх нь шууд харагдахгүй ч алхам алхмаар сайжирч байгааг хэлэх нь зөв. Сүүлийн үед их, дээд сургуулийн удирдлага, багш нар үйл ажиллагаа бүртээ чанарын асуудлыг хөндөж, анхааран ажиллаж байгаа сайн туршлагууд байна. Гэхдээ төгс болсон гэж хэлэхгүй. Багшийн хөгжил, чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн явц, үр дүн, сурах бичиг, техник технологи, орчин нөхцөл гээд анхаарах, чанаржуулах зүйл их байгаа.

-Монголын боловсролын үнэлэмжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой юм байна. Энэ талаар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Бид APQR (Asia-Pacific Quality Register) буюу Ази-Номхон далайн орнуудын чанарын үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын шинжээчдийн баг өнгөрсөн зургадугаар сард ирж ажилласан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, туршлагатай шинжээчид бидэнд үнэтэй санал, зөвлөмж өгсөн. Улмаар долдугаар сард БМИҮЗ тус бүс нутгийн олон улсын чанарын шалгуурыг хангасан байгууллага боллоо. APQR-ын чанарын гэрчилгээ авснаар манай байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болон хамтарсан хэлбэрээр хийх, шинжээчдийг гадаад, дотоодын их дээд сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн сургууль, хөтөлбөрүүдийн манайхаар хийлгэсэн магадлан итгэмжлэл нь Ази-Номхон далайн орнуудын жишигт нийцэж байгаагийн тод баталгаа болж чадна. Үүнийгээ улам бүр баталгаажуулах үүднээс ойрын жилүүдэд магадлан итгэмжлэлийн байгууллагуудын олон улсын сүлжээ болох INQAAHE-ийн чанарын шаардлагыг хангах зорилт тавин ажиллаж байна.

-Ойрын үед дээд боловсролын салбарт гарч байгаа ахиц дэвшлээс сонирхуулна уу?

-Олон нийтийн зүгээс байнга шүүмжлэлд өртдөг ч дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүд тоо, чанарын хувьд ахицтай байгаа нь албан ёсны тоо баримтуудаас харагддаг. Юуны өмнө, МУИС-ийн номын сан, АШУҮИС-ийн түшиц эмнэлэг гээд сургуулийн барилга, байгууламж, сургалтын орчин сайжирч буй жишээ олон бий. Хувийн сургуулиуд ч хичээлийн шинэ байртай болж байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд ч сайжирч байна. Хамгийн гол онцлох зүйл бол сургуулиуд чанартаа анхаарч, чанарын алба байгуулж, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад санаачилгатай ажиллаж байна. Бас сургуулиуд суралцагч, төгсөгчдөөчадавхжуулахад ажил олгогчдыг татан оролцуулах, санал бодлыг нь сургалтын үйл ажиллагаандаа тусгахад идэвхтэй хамтран ажиллах болсон. Тухайлбал: АХБ-ны төслөөр төгсөгчдийн мөшгих судалгаа хийж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг тогтоож, тэдгээрийг хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх зөвлөмж гаргасныг сургуулиуд амжилттай  хэрэгжүүлж байна.

-Төгсөх ангийн сурагчид мэргэжлээс гадна ямар их, дээд сургуулийг сонгох нь чухал байдаг. Тэдний сонголтыг зөв чиглүүлэх, туслах мэдээлэл хуваалцана уу?

-Бид энэ жил нийслэлийн болон орон нутгийн хэд хэдэн аймагт төгсөх ангийн сурагчдад мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулсан. Мэргэжил, сургуулиа сонгох хариуцлагатай үед нь хүүхдүүдэд шаардлагатай мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдлаа. Юуны өмнө багш, эцэг эхчүүд хүүхдээ таних хэрэгтэй. хүүхэд юуг илүү сонирхож, ирээдүйд хэн болохыг хүсдэг талаар илэн далангуй ярилцсаны дараа суралцахаар хүсч буй хөтөлбөр, мэргэжлийнхээ талаар жижигхэн судалгаа хийвэл зүгээр юм. Сургуулийн багшийн мэдлэг чадвар, орчин нөхцөл, лаборатори, номын сан, технологи хэр байдаг, суралцагчдын болоод төгсөгчдийн сэтгэл ханамж, ажлын байрны хүртээмж зэргийг ойр орчныхоо хүмүүс, цахим хуудсаас нь судлах хэрэгтэй. Тухайн суралцахаар хүсч буй сургууль, хөтөлбөр нь магадлан итгэмжлэлд орсон уу гэдгийг манай байгууллагын www.accmon.mn сайтаас харах боломжтой. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурсанаар төрөөс олгодог бүх төрлийн хөнгөлөлт тусламжид хамрагдах, бакалаврын сургалтаа дүүргэсний дараа гадаадад боловсролын зэргээ дээшлүүлэх, бусад улсад боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх зэрэг боломжууд нээгддэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол ухааныг Энэтхэгийн боловсролоор усална

Мэдээллийн технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц боловсролыг эх орондоо эзэмшинэ

 0 сэтгэгдэл


Монгол Улсын төрийн байгууллагууд цахим шилжилт хийж, дэлхийн мэдээллийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхээр эрмэлзэж буй энэ үед Энэтхэгийн технологийн томоохон сургуулиудын бакалаврын зэргийн сургалтыг эх орондоо эзэмшиж болох таатай мэдээлэл дуулдлаа. Тодруулбал, Bangalore Institute of Technology болон SRM шинжлэх ухаан, технологийн институттэй хамтран ажиллах гэрээгээ өнгөрсөн онд үзэглэж, энэ хичээлийн жилээс элсэлтээ авахаар зэхэж буй индра сургуулийн талаар зарим мэдээллийг цуглуулснаа хүргэе.

Энэхтэгийн мэдээллийн технологийн салбар дэлхийд гайхагддаг. Түүнчлэн монгол хүний оюуны чадамж олон улсын эрдэмтдийн судлагдахуун болтлоо шагшигдаж байна. Энэ хоёрыг нийлүүлж эрдэнийн шигтгээтэй бөгж хийнэ гэдэг шиг Энэтхэгийн IT салбарын боловсролын программыг монголчуудад заах хүсэл SRM-ийнханд эртнээс төржээ. Ингээд цахим ертөнцөд судалгаа хийж, EQ чадвар өндөртэй монголчуудтай холбоо тогтоох оролдлого нь “Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижирийн онлайн боловсрол хөгжүүлэлтээр гадныхантай хамтрах хүсэлтэй огтлолцсон гэлтэй.

Ж.Шижир Мэдээллийн технологийн академидаа түшиглэн Энэтхэгийн технологийн хоёр том сургуультай хамтарч, “Индра” их сургуулиа байгуулсан аж. БНЭУ-ын боловсролын системээр дөрвөн жилийн хугацаатай программ хангамж, график дизайн, маркетинг, менежментийн бакалаврын сургалтыг Монголдоо эзэмших боломж олгосон уг сургуульд ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчид элсэн орох боломжтой. Англи хэл дээр бичсэн эсээ элсэлтийн гол шалгалт бөгөөд энэтхэг багш нар IT-д сонирхолтой, ур чадвартай хүүхдүүдийг сонгож авах аж. Төлбөрийн хувьд жилийн гурван мянган ам.доллар. Энэ нь Энэтхэг дэх сургуулийн төлбөрөөс хямд ажээ. Мөн тэднийх тэтгэлэгт хөтөлбөртэй.

SRM шинжлэх ухаан, технологийн институт зөвхөн бакалавр, магистр, докторын зэргийн боловсрол олгох биш, дэлхий даяар “инженерийн хэлээр” ярьдаг сонирхогчдыг хөгжүүлэхэд төсөл, хөтөлбөрөө чиглүүлдэг онцлогтой. Бусад орнуудын мэдээллийн технологи болон анагаах ухаан, барилга архитектур, уул уурхай гээд салбар бүрийн инженерийн мэдлэгт нэмэр болох зорилготой бүлгүүдийг санаачлан байгуулдаг. 2018 оны хичээлийн жилд олон улсын оюутны бүлгүүдийн гуравны нэг нь буюу 353 оюутан сурагчдын бүлэг үйл ажиллагаагаа явуулжээ. Тус сургуулийн оюутны хороонд ирүүлсэн илтгэлүүд мэргэжлийн өндөр ур чадвартай хэмээн АНУ-д үнэлэгдэж, 2019 онд Америкийн иргэний инженерийн нийгэмлэгийн /ASCE/ шагналыг хүртсэн байна. Тэрхүү бүлгэмүүдийн үйл ажиллагааны хүрээнд Монголд IT инженерийн бакалавр олгох хамтарсан сургалтын агуулга хамрагдана.

Энэтхэгийн Amjora компани Монголын “том амжилт” ХХКтай хамтран ажиллахаар 2018 оноос яриа хэлцэл эхлүүлсэн аж. Нэгдүгээр курсэд монгол багш нар хичээл орж, хоёр, гуравдугаар курсээс эхэлж гадаад багш нар англи хэлийг, энэтхэг багш нар мэргэжлийн хичээлийг орохоор тохирсон байна.

Хамтрагч өөр нэг сургууль болох Бангалорын технологийн институт нь 1979 онд байгуулагдсан. Механик, цахилгаан электроник, харилцаа холбоо, компьютерийн шинжлэх ухаан, архитектурын технологи зэрэг салбараар дагнасан технологийн анхны их сургууль юм. Дэлхийн “цахим тархи” гэж хүлээн зөвшөөрөгддөг Энэхтэг дэх Electronic City болон Silicon Valley-н зүрх нь гэж уг сургуулийг өргөмжилдөг ажээ. Сүүлийн жилүүдэд тив алгасан, онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Ази, Европт өөрийн сургуулийн бакалаврын зэрэг олгох салбаруудаа байгуулж ирсэн байна. “Индра” их сургуульд тус институтээс мэргэжлийн багш нар ирж хичээл заах юм.

Элсэлтийн гол шалгалт нь эсээ ба энэтхэг багш нар сонгож авах аж

Монголын хүүхэд залууст ийм боломж нээсэн “Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижир нь “Мора” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киног бүтээсэн, вэбсайт, видео реклам, IOS болон Android апп, Мэдээлэл технологийн академи, онлайн худалдаа хөгжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн салбарт амжилттай яваа нэгэн бизнесмэн. Түүний “Амжилт” платформыг хувийн болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хэрэглэдэг. Энэ нь сурагчийн дүн, сургалтын программ, хичээлийн явц, ирц, цаашлаад сургуулийн захиргаанаас явуулж буй ажлууд, эцэг эхчүүдийн санал гээд сургалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим хэлбэрт байршуулж, оролцогчид хянаад явах боломжтой систем аж. Тэрбээр энэхүү платформоо боловсролын системийн шинэчлэл гэж хүлээн зөвшөөрөгдтөл нь хөгжүүлэхээр “Амжилт” бага сургуулиа нээжээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Ж.Шижир: Мэдээлэл технологи бол цаг үргэлж шинэчлэгддэг салбар

“Том амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижирээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэтхэгийн боловсролыг оруулж ирэх гэсэн зорилго юу вэ?

-Өнөөдөр IT салбарт Энэтхэгийн боловсрол толгой цохидог. Харин Монголд программ хангамж, мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр хэт хуучинсаг хэвээр байна. Хичээлийн жилийн гуравны нэгд нь түүх, нийгэм гэх мэт суурь хичээлүүд ордог. Маш уйтгартай. Гэтэл мэдээллийн технологийн хурд хором хормоор хэмжигдэж байна. Энэ ялгааг арилгахад бага ч гэсэн нэмэр болгох үүднээс дэлхийн №1 сургалтыг эх орондоо оруулж ирэхээр судалсан л даа. Цахим платформд суурилсан аливаа бизнес, үйл ажиллагаа тээврийн зардал “тэг”-тэй тэнцүү байдаг. Дэлхийн хаана ч бүтээсэн бай, нэг программ түлхэхэд онгоц, галт тэрэг гэх мэт зардал өндөр тээврээр зөөвөрлөх шаардлагагүй шүү дээ. Эдийн засгийн хувьд ийм боломжтой, оюунд суурилсан том салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд чанартай боловсрол эзэмших нь эхний алхам юм.

-Индра энэтхэг сургуулийн онцлогийг тодорхойл бол?

-Хичээлийн хөтөлбөр хуваарийн дагуу 80 хувь нь практикт тулгуурлана. Манай сургалтын арга барил оюутны цагийг үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс элдэв лекц орж, хуулан бичлэг хийлгэхгүй. Мэдээлэл технологийн салбар нь өөрөө цаг үргэлж шинэчлэгддэг салбар. Онол, практикийн мэдлэгээс гадна багаар ажиллах, шинийг санаачлах, ачаалал даах чадвар, цаг төлөвлөлт зэрэг чадваруудыг хичээлийн явцад эзэмшүүлнэ.

-Анхны кибер бага сургууль байгуулсан гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургуульд элсэн орсон хүүхдүүдэд бага сургуулийн мэдлэг эзэмшүүлэхээс гадна программ хангамж, компьютер, IT чиглэлийн мэдлэгийг багаас нь зааж сургадгаараа бусад бага сургуулиудаас онцлог. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд их сургуульд эзэмших технологийн мэдлэгийг одооноос буюу бүр багаасаа тусгай хөтөлбөр, арга барилаар маш эртнээс, гүнзгий эзэмшинэ гэсэн үг.

-Дижитал иргэд төрсөн цагаасаа л утас, таблеттай харьцаж ирсэн болохоор ухаалаг утас хориглохын оронд мэдээллийн технологийн салбарын хичээл ордог байхыг уриалдаг хэсэг бий. Танайх ийм зорилготой юу?

-Бид утас ухуулаад суулгахгүй л дээ. Харин мэдээллийн урсгалын зөв бурууг ялгах, хэдий хугацаагаар цахим орчинд байж болохыг заахаас гадна сургалтын программд орсон хичээлийн зарим хэсгийг сэтгэхүй хөгжүүлэх апп ашиглан явуулна. Одоогийн хүүхдүүдийг технологийн мэдлэг сайтайг гайхаад өнгөрөх биш, тэдний сонирхолд тулгуурлаж мэдлэг олгох нь илүү үр дүнтэй. Үүний зэрэгцээ гадаад хэл, шатар, төгөлдөр хуур, оюуны спорт зэрэг нэмэлт сургалттай. Бид мэдээллийн технологид арав гаруй жил ажилласан туршлагаа хуваалцахад бэлэн. Тиймээс бакалаврын болон бага сургуулиа байгуулж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коосэнд бэлдсэн инженерүүд хөгжлийн хурдыг түргэсгэдэг

Төгсөгчдөөс 80 орчим нь Монголдоо, 200 гаруй нь гадны улсуудад ажиллаж байна

 0 сэтгэгдэл


Япон улсын өндөр хөгжлийн нууц нь инженерүүдийг богино хугацаанд бэлдэж, чанартай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын суурь тавьж өгсөнтэй холбоотой. Тухайлбал, 1950-иад оны үед японы бараа чанаргүй гэж дэлхийд гологддог байв. Тэр дундаа Европын орнууд, АНУ-д япон бараанаас татгалздаг, хямдхан үйлдвэрлэл гэж үл ойшоодог үе байлаа. Үйлдвэрлэлийг технологийн дэвшил ашиглаж чанартай, хурдтай явуулах бодлого Засгийн газар нь барьж эхлэв. Ингээд япон улсад шинжлэх ухааны мэдлэгтэй, ур чадвартай инженерийн ажиллах хүчний эрэлт ихсэж, тэдний нуруун дээр эдийн засгаа өсгөх бодлого хэрэгжүүллээ. Зах зээлийн энэ эрэлтийг хангахын тулд анхны коосэн 1961 онд байгуулагджээ. “Коото сэнмон гакко” буюу “ахлах мэргэжлийн сургууль” гэх япон үгнээс гаралтай коосэн сургалтад өдгөө дэлхийн 50-60 улсаас оюутан суралцаж, бүх салбарт дадлагажсан инженерүүдийг бэлтгэж байна.

Коосэнд 15 настайгаас нь элсүүлж таван жилийн турш сургаад, үргэлжлүүлэн хоёр жил мэргэшүүлэх ангид суралцан бакалаврын зэрэг авах боломжтой. Их дээд сургуулиас ялгаатай нь дадлагын цаг маш их, сургалтын хөтөлбөр нь мэргэшүүлэхэд чиглэгдсэн. Тиймээс ч мэргэжлийн хичээлийн цаг хоёр дахин их, дадлага туршилтын цаг тав дахин их.

Монголоос анх 1990 онд коосэнд суралцсан. Харин өнөөдрийн байдлаар Коосэний оюутан, түүнчлэн Коосэнг дүүргээд их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын шат хүртэл суралцаж буй зуу гаруй монгол оюутан бий. Төгсөгчдөөс 50 орчим нь монголдоо ажиллаж буй бол 200 гаруй нь гаднын улсуудад ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий.

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ЯПОНД СТАРТ-АП, ЭНТРЕПРЕНЕРИЙН УРАЛДААНД ГРАНПРИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Монголд гурван Коосэн үйл ажиллагаагаа явуулдаг. ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж нь БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “1000 инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага. Есдүгээр анги төгсөгчдөөс элсэлт авч, таван жилийн хугацаанд суралцуулан төгсгөдөг. Жилийн төлбөр нь гурван сая төгрөг. 2019-2020 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Коосэнд цахилгаан электроникийн, зам барилгын, механикийн инженер гэсэн гурван төрлөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд японд суралцсан анхны төгсөгчид энэ хавар эх орондоо ажиллахаар иржээ. Тэднийг мобиком, говь, MSC зэрэг томоохон компаниуд  ажилд урьсан юм.

Хувийн хэвшлийн хоёр Коосэний нэг нь шинэ монгол техник инженерийн коллеж юм. Шинэ монгол сургуулийн удирдлагууд дэлхийн номер нэг MIT буюу массачусетсийн технологийн их сургуулийг загвараа болгож, японы коосэн загварын технологийн коллежоо байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургууль нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилд дээрх гурван салбараас гадна хими техникийн, дэд бүтэц техникийн инженерийн ангиудад элсэлт авах аж.

ЕБС-ийн ес болон аравдугаар анги төгсөгчдөөс элсүүлдэг

Мөн ЕБС-ийн ес болон аравдугаар анги төгсөгчдөөс элсүүлдэг уян хатан бодлоготой. Тус сургуулиас японы Нагаока коосэн технологийн коллеж руу шилжин суралцсан хоёр оюутан энэ сарын 24-нд японы коосэнуудын дунд зохион байгуулагдсан старт-ап, энтрепренерийн уралдаанд хиймэл оюунд суурилсан бүтээлээрээ шалгарч гранпри шагнал, нэг сая иенээр шагнуулсан амжилт үзүүлсэн. Уг тэмцээнийг дэлхийд алдартай венчер капиталууд буюу жинхэнэ хөрөнгө оруулагчид шүүж, тэдний гарааны компанийг дөрвөн сая ам.доллараар үнэлж, 400 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж дүгнэжээ.

Япон улсын инженерийн боловсролыг монголдоо эзэмших боломжийг олгодог сургууль бол БГД-т байрлалтай монгол Коосэн технологийн сургууль юм. Био, цахилгаан, механик, барилгын инженерийн ангиудад есдүгээр анги төгсөгчдөөс элсэлт авдаг. Тус сургуулийн оюутнуудын баг жилийн жилд Robocon тэмцээнд амжилттай орж ирсэн. Мөн японд оюутан солилцоогоор суралцагчдаасаа шалгаруулж явуулдаг аж. Түүнчлэн японоос Сасэбо болон Нагаока коосэний багш нар монгол Коосэн технологийн коллежид сургалт зохион байгуулдаг байна.

Д.Бандиням: Ямар нэгэн санхүүгийн дарамтгүй, сурахад бүхнээ зориулдаг

1000 инженер хөтөлбөрийн коосэнд суралцаж ирсэн анхны төгсөгчдийн нэг Д.Бандинямтай ярилцлаа. Тэрбээр Монголдоо ажиллахаар шийджээ.

-Коосэнд хэрхэн суралцсан тухайгаа хуваалцахгүй юу?

-Би 34-р сургуулийг төгссөн. ШУТИС-д 1.5 жилийн хугацаанд япон хэл, физик, математикийн хичээлээр бэлдэж, японы сургуульд элсэгчдэд зориулсан EJU шалгалтаа амжилттай өгөөд суралцахаар явсан. Дэлхий даяар associate degree гэж нэрлэдэг, цааш үргэлжлүүлэн суралцах бол аль ч улсын их сургуульд гуравдугаар курсээс шууд орохоор зөвшөөрсөн хөтөлбөр л дөө. Зарим улсад үүнийг бакалаврын зэрэгтэй тэнцүү хэмжээнд авч үздэг.

-Япончууд хэр олон сурч байна. Томоохон үйлдвэрүүдэд ажилласан уу?

-Японы төгсөгчдийн нэг хувьд ч хүрэхгүй хүүхэд коосэнд суралцдаг. Олон сая хүнтэй ч инженерүүдийн тоо цөөн. Шаардлагатай ажлын байрандаа зориулж инженерээ бэлтгэдэг улс.  Манай ангийнхны хувьд дэлхийд алдартай Sony, Panasonic зэрэг электроникийн үйлдвэрлэлд  дадлага хийдэг байсан.

-Суралцах явцад гардаг хүндрэл юу байв?

-Эндээ хими, физик, математикийн хичээлээр сайн суурь тавьж өгсөн учраас онолын хувьд бэрхшээл тулгардаггүй. Харин яг дадлагад гарахад технологийн дэвшлийн талын мэдээлэл дутуу, хүндрэл хааяа гардаг байсан. Гэхдээ багш нар заагаад өгчихдөг учраас нэг их бэрхшээл болдоггүй.

-Сургалтын тэтгэлэг, амьдрах өртөгийн хувьд ямар вэ?

-Японд 55 коосэн байдаг. Эндээс 24-үүлээ явсан боловч очоод нэг сургуульд нэг л хүүхэд хуваарилагдсан. Япон улс жил бүр азийн орнуудаас 40-50 хүүхэд шалгаруулж, 100 хувийн тэтгэлгээр, амьдрах бүх зардлыг нь дааж коосэнд сургадаг. Үүний хүрээнд монголоос шалгарсан сурагчдын нэг нь л би. Ямар нэгэн санхүүгийн дарамтгүй, “сураад ир” л гэсэн нөхцөл. Бид 7-16 цаг хүртэл хичээллэдэг. Орой болон амралтын өдрүүдээр робокон, компьютерийн программ хангамж, эсвэл спортын төрлөөр хүссэн дугуйландаа явж болдог. Миний хувьд international friends олон орны оюутнуудын клубийн гишүүн тул тэнд чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан.

-Японы сургалтын онцлог юу вэ?

-Манай сургуулийн захирал оюутнаар өөрөөр нь юм хийлгэж, оролдлоготой байлгахыг гол болгодог. Ер нь сүүлийн үеийн боловсролын чиг хандлага ийм болсон шүү дээ. Багш нар маань ерөнхий суурийг өгнө, түүн дээр өөрсдийгөө хөгжүүлж, илүүг судлах нь оюутнуудын үүрэг. Би цахилгаан мэдээллийн технологийн ангийг төгссөн. Цаашдаа барилга, эрчим хүч ч юм уу бусад салбарт мэргэшиж ажиллах боломжтой суурь мэдлэгийг олгодог. Долоо хоног бүр туршилт хийдэг. Онолыг тухай бүрт нь дадлагаар баталгаажуулах нь Коосэн сургалтын онцлог.

-Төгсөөд тэндээ ажиллах боломж хэр вэ?

-Бидний хувьд төгсөөд эх орондоо ажиллаад үзье гэсэн бодолтой ирцгээсэн. Ер нь зуу гаруй оюутан одоо японд сурч байгаа. Төгсөөд японд үлдэж ажиллах бүрэн боломжтой. Мөн инженерийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах эрх нь ч нээлттэй. Гэхдээ эцсийн бүлэгт монголдоо доод тал нь таван жил ажилласан байх шаардлага тавьдаг.

А.Содномцэрэн: Онол, аргачлал, дадлага гурав нийлж инженер болдог

Коосэнд суралцаж төгсөөд, эх орондоо ажиллаж байгаа инженерийн төлөөлөлтэй уулзуулъя. А.Содномцэрэн Японд эзэмшсэн боловсролоо улсын хөгжилд зориулахаар төрийн өмчит компанид ажиллаж байна.

-Коосэнг сонгосон шалтгаанаа хуваалцахгүй юу?

-Би “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Надад АНУ-д, эсвэл японд суралцах хоёр боломж байсан юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад дэлхийд гайхагддаг япон чанарыг хэрхэн бүтээдэг  нь илүү сонин санагдаад коосэнг сонгосон.

-Ямар салбарыг сонгосон бэ. ирэхэд ажлын байр бэлэн байсан уу?

-Би хэлний бэлтгэлээ японд хийж, Акаши коосэнд гурван жил суралцсан. Авто зам, гүүрийн инженерээр төгссөн. Ирээд ажлын байр олон байсан л даа. Авто зам, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг газруудыг судлаад японд илүү ойр болохоор нь “Бридж” группийг сонгож байлаа. Дараа нь төрийн өмчит компанид ажилласан. Улсын байгууллага болон хувийн хэвшлийн ялгааг үзэхээр энд орсон юм.

-Японд болон Монголд төгссөн инженерүүд ялгаатай байна уу?

-Тэнгэр газар шиг ялгаатай. Жишээ нь, нэг зам барихдаа стандартын дагуу хийх ёстой гэхэд “Чиний япон чинь тэндээ л биз, монголд бол өөр” гэж үгүйсгэдэг. Ганцаараа хариуцах ажил гарвал л сурсан мэдсэнээ шингээж болдог болохоос багийн ажилд миний санал үргэлж унадаг л даа. Миний мөрөөдөл бол Монгол Улсын зөвлөх инженер болох. Энэ зэрэгт хүрэхийн тулд дор хаяж 30 жил ажилладаг. Би коосэнд суралцахдаа шантарч буцаж үзээгүй, ажил дээр ч энэ чанараараа амжилтад хүрнэ гэдэгтээ итгэдэг. Үүний тулд австрали зэрэг өндөр хөгжилтэй оронд үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байна.

-Олон орны оюутнуудын хандлага янз бүр байх. Чиний хувьд ямар онцлогтой байв?

-Миний хувьд сургуульдаа, тэр хотдоо ганц монгол хүн байсан. Олон улсын, янз бүрийн соёлтой оюутнууд дунд дутах юмгүй, илүүрхэж гайхуулалгүй суралцаад төгссөн. Коосэн сургалтын онцлог бол эхэлж онолоо үзнэ, дараа нь аргачлалаа заалгана. Эцэст нь дадлагад гарч туршлага сууна. Энэ гурав нийлж цогц мэдлэг, чадвар олгодог. Манайд бол онол үргэлжлээд л явдаг, дадлага маш хангалтгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсрол орлогын тэгш бус байдалд нөлөөлдөг

Судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлага бага, орлоготой айлынхаас дээгүүр байв

 0 сэтгэгдэл


АНУ-д бага орлоготой айлын хүүхдийн сурлагын амжилт чинээлэг өрхийн хүүхдийнхээс 3-4 жилээр хоцордог гэсэн дүгнэлт 40 гаруй жилийн хийгдэж байсан. Тэгвэл одоо ч хэвээр байгааг шинэ судалгаа харуулав. 50 жилийн турш дунд ба ахлах сургуулийн 2.7 сая сурагчдийн дунд стандарт тест явуулсан баримтад шинжилгээ хийн ийм дүгнэлтэд хүрчээ. Уг ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зохих үр дүнд хүрээгүйг National Bureau of Economic Research байгууллагын сайтад даваа гарагт мэдээлэв.

Ахлах ангидаа сурлага муутай байсан сурагчид насанд хүрсэн хойноо бага орлоготой байх магадлал өндөр гэж тайлангийн нэг зохиогч Стэнфордын их сургуулийн профессор Эрик Ханушек ярьсан байна. Тэрбээр “Дараагийн үе нь энэ үетэйгээ бараг адил байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд өөрсдөө ядуу болно” хэмээв. Гэхдээ энэ байдал бүр гүнзгийрч байна уу гэдэг асуулт маргаантай байгаа.

Ноён Ханушекийн судалгааны багийнхан 1971-2015 оны хооронд улс даяар сурагчдаас авсан тоо бодлого, унших дадал болон шинжлэх ухааны янз бүрийн тестүүдийн дүнд шинжилгээ хийжээ. Орлогыг тодорхойлохын тулд тестэд бүртгэгдсэн эцэг, эхийн боловсрол, амьдралын хэв маягийн мэдээллийг судалсан байна. Жишээ нь 1950-иад онд аяга угаагч машин баян айлын хэрэглээ байсан. Сүүлийн үед хүүхдүүд тусдаа угаалгын өрөө, компьютертой байх нь чинээлэг байдлыг илэрхийлэх болсон.

17 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлагын амжилт бага, орлоготой айлынхаас хамаагүй дээгүүр байв.

Орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирсэн

Эндээс судлаачид ядуу айлын хүүхэд баян айлын хүүхдээс гурваас дөрвөн жилээр хоцордог гэсэн дүгнэлт хийсэн аж. Судалгааны хугацаанд буюу сүүлийн 50 шахам жил энэхүү ялгаа бараг өөрчлөгдөөгүй байна. Харин 13-15 насныхны хувьд уг үзүүлэлт бага зэрэг сайжирсан буюу ялгаа багассан харагдана. Энэ нь сурлагын ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зарим талаар үр дүнд хүрсэн гэсэн үг. Өмнө нь 2011 онд явуулсан өөр нэг судалгаа ядуу гэр бүлийн хүүхдүүд баян айлын хүүхдээс сурлагаар 3-6 жил хоцордог гэсэн дүгнэлт хийж байв. Гэхдээ Стэнфордын нийгэм судлаач Шон Рэрдоны удирдсан уг судалгаа дээрх ялгаа жилээс жилд нэмэгдсээр байгаа гэж үзжээ. Тэд 1960-2007 онд 12 хичээлээр явуулсан тестийг судалж үзээд баян ба ядуу сурагчдын сурлагын ялгаа 1970-аад оноос 2000-аад оны эхэн хүртэл 40 хувь нэмэгдсэн гэж тооцсон юм.

Хоёр судалгаа сурлагын ялгааны өөрчлөлтийн талаар өөр дүгнэлт хийсэн нь өөр тестүүдийг авч үзсэн болон орлого тогтоох өөр арга хэрэглэсэнтэй холбоотой байх гэж аль ч судалгаанд оролцоогүй торонтогийн их сургуулийн боловсролын нийгэм судлаач Анна Шмиелевски ярьжээ. Ханушек, Рэрдон нар орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирснийг хүлээн зөвшөөрөв. Ноён Рэрдон “Энэ баримтыг хоосон онолоор баллах аргагүй” гэсэн юм.