A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/160/

Нэг удаагийн зодоонд хагас сая ам.доллар өвөртөлдөг

​Холимог тулааны спортын зах зээл дөрвөн тэрбум ам.доллар

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/160/


Тулааны төрөл бүр өөрийн онцлог давуу талтай болохоор тэр, энэ гэж шууд хэлэхэд хэцүү нь мэдээж. Харин Калифорнийн бизнесмэн Арт Дэйви гэгч эрхэм 1991 онд тулааны өөр өөр төрлийн тамирчдыг нэгэн тэмцээнд урьж, хооронд нь өрсөлдүүлэх санаа олсон нь Ultimate Fighting Championship буюу UFC холбооны эхлэл болжээ. Ивээн тэтгэгч хайж, гэрээ хэлцэл хийсээр багагүй цаг алдсан тэрбээр 1993 оны арванхоёрдугаар сард анхны шоугаа зохион байгуулав. Тэмцээнд кикбокс, холимог тулаан, сүмо, каратэ, жиу-жицу гээд янз бүрийн спортын төлөөлөл өрсөлдсөн юм. Анхны шоу гэхэд амжилт муугүй байлаа. Тухайлбал, ордонд 2,800 хүн ирж тэмцээнийг үзсэн бол цэнхэр дэлгэцээр 86,592 хүн шууд үзсэн тооцоо гарчээ. Анхны бэсрэг тэмцээнд жиу-жицугийн Ройс Грейси түрүүлж, UFC холбооны анхны аварга болсон байна. Үүнээс хойш UFC-гийн тулаан олны анхаарлыг улам бүр татах болж, нэр хүнд, цар хүрээгээрээ боксыг давж гарлаа гэгдэж байна. Статистик үзүүлэлтүүд ч үүнийг баталдаг. Тухайлбал, өнгөрсөн жил С.Ковалев, А.Уорд нар нударга зөрүүлсэн нь мэргэжлийн боксын оны онцлох тулааны нэг болов. Гэвч уг тоглолтыг 160 мянган хүн л төлбөртэй сувгаар хүлээн авч үзжээ. Хамгийн олон хүн үзсэн К.Альварес, А.Хан нарын тулаан гэхэд 600 мянгаас хэтрэхгүй байгаа юм. Гэтэл UFC- д байдал өөр. 2016 онд Н.Диас, К.Макгрегор нар халз тулах үед үзэгчийн тоо 1.6 саяд хүрч байв. Хэдэн жилийн өмнө бол энэ холбоог мэддэг хүн цөөхөн байв.

Гэтэл одоо ашиг орлогоороо дэлхийн бусад том лигтэй өрсөлдөх хэмжээнд нэгэнт хүрчээ. Америк хөлбөмбөгийн лиг NFL нэг жилд зөвхөн телевизийн гэрээний орлогоос таван тэрбум ам.доллар олж, энэ үзүүлэлтээр бусдыгаа хол тасархай тэргүүлж буй. Бейсболын лиг MLB 1.5 тэрбум ам.доллар олдог бол сагсан бөмбөгийн NBA нэг тэрбум, хоккейн NHL 600 саяыг телевизтэй байгуулсан гэрээнээс хүртдэг аж. Тэгвэл UFC телевизийн гэрээнээс жилдээ хагас тэрбумыг олдог гэсэн тооцоо байна. Харин холбооны жилийн нийт орлого дөрвөн тэрбум ам.доллар хүрсэн нь мэргэжлийн лигүүд дотроо “айргийн тавд” орох үзүүлэлт юм. Ердөө дөрвөн жилийн өмнө тэдний орлого 400 сая байсныг сануулья. 20 гаруйхан жилийн настай байгууллага гэхэд тун өндөр цойлсон байгаа биз. Энэ тоо цаашид тасралтгүй өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Холбоо томорч, мөнгө их олохын хэрээр тамирчдад очих шагнал урамшууллын хэмжээ ч нэмэгдсээр байгаа.

Бокс суурьтай тамирчид холимог тулаанд ноёлох болсон
Тус холбооны таван супер од өнгөрсөн 2017 онд 148 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Ирланд залуу Макгрегор дангаараа 100 саяыг халаасалсан бол канад тулаанч Жор Сен-Пьер 20 саяыг олсон юм. Өдгөө энэ холбоонд 200 орчим тамирчин хамрагдаж байна. Нэг тамирчинтай гэрээ байгуулах доод дүн нь 100 мянган “ногоон”. Тэгээд дээшээ 20 сая хүрэх нь ч бий. Түүнчлэн тамирчид тулаан хийх бүртээ мөнгөн урамшуулал авна. Хамгийн доод зэрэглэлийн тамирчин таван мянган ам.доллар халааслах бол томчууд нь нэг удаа тулалдаад л хагас саятай болно. Өнгөрсөн жил Тони Фергюсон, Кевин Ли нар Лас Вегас хотноо үзэлцэхэд ялсан нь 500 мянга, ялагдсан нь 250 мянган ам.доллартай харьж байв. Хүмүүс яагаад боксоос илүү UFC рүү хошуураад байна вэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө боксын спорт жил ирэх тусам нэр хүндээ алдсаар байна. Шүүлт нь дандаа маргаан дагуулдаг, хэтэрхий олон холбоотой, дэлхийн хэмжээний одод нь зодог тайлаад алга болсон гээд боксыг харлуулах зүйл олон. Мэргэжлийн бокст хамгийн нэр хүндтэй дөрвөн холбоо бий. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүсийн тэр бүр мэддэггүй холбоо өчнөөн олон. Холбоо бүр аваргаа тодруулна, аваргын бүс гардуулна гээд бодохоор өнөөх аваргуудын нэр хүнд ямар доогуур үнэлэгдэх нь ойлгомжтой.

Харин үүний хажууд UFC-гийн тулаанууд тулаанчдын жинхэнэ шандсыг сорьдог, маш хатуу ширүүн. Хүмүүс харгис хэрцгий зүйлд илүүтэй тэмүүлдэг нь эндээс харагдах байх. Тэгээд ч дэлхийн аварга цолыг тухайн жинд ганц л тамирчин эзэмшинэ. Аварга цолд хүрэхийн тулд асар том бартаа саад даван туулах шаардлагатай байдаг болохоор бүсний эзэд маш их нэр хүндтэй. Одоо UFC-гийн жирийн нэг тулааныг л 17-18 мянган хүн ордонд үздэг болжээ. Харин зурагтаар үзэх хүний тоо саяар л яригдаж байна. Мэргэжлийн тулаанчдын дээд оргил болсон UFC-гийн дэвжээ монголчуудад тийм ч хол биш. Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг UFC-гийн “дүү” гэж болох One Championship холбооны дунд жинд дэлхийн аварга болсон нь 2016 он. Хэдийгээр аваргын бүсээ алдсан ч манайхан холимог тулаанаар амжилт гаргах боломжтойг харуулсан нь чухал байв. Хамгийн сүүлд холимог тулааны тамирчин Т.Ариунболд One Championship-ийн дэвжээнд хүч үзлээ. Монголчууд хүнд жинд анх удаа тулалдсан нь энэ. Улмаар муай-тай бокс, кикбоксын төрлөөр дэлхийн аварга цолыг дөрвөн удаа хүртсэн Африкийн шилдэг тамирчинтай тэнцүүхэн үзэлцээд шүүгчийн саналаар ялагдаж байна лээ. Цаашид өндөр зэрэглэлийн тамирчидтай бэлтгэл хийгээд, тууштай зүтгэвэл үзэлцэж болмоор л санагдсан. Сонирхуулахад, нэг хэсэг UFC- д жиу-жицугийн тамирчид илт давамгайлдаг байв. Нэг ёсондоо хэвтээ барилдаандаа сайн хүмүүс хожих магадлал өндөр байсан гэдэг. Харин одоо бокс суурьтай босоогоос тулалддаг тамирчид ноёлох болжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

УЕФА Paris Saint-Germain клубийг дахин шалгаж эхэллээ

 0 сэтгэгдэл


Европын хөл бөмбөгийн холбоо буюу УЕФА Францын Paris Saint-Germain клубийн 200 сая еврогийн өртөгтэй хандивын гэрээг дахин шалгаж эхэлснээр Катарын эзэмшилтэй клубийг Европын тэмцээнээс хасаж магадгүй. Тус холбоо өнгөрсөн онд албан ёсоор мөрдөн байцаалт эхлүүлж, Францын клуб Санхүүгийн шударга тоглолтын журмыг зөрчсөн эсэхийг шалгасан юм. Saint-Germain 222 сая еврогоор Бразилийн довтлогч Неймарыг Испанийн Barcelona, 200 саяар Килиан Мбаппег дотоодын лигийн AS Monaco клубээс худалдан авсны дараа УЕФА хэт зардал гаргасан эсэхийг шалгаж эхэлжээ. Мягмар гарагт УЕФА мөрдөн байцаалтыг зогсоох шийдвэрээ эргэн харахаа мэдэгдэв. Холбооны удирдах зөвлөлд ойр хоёр эх сурвалжийн ярьснаар Saint-Germain-ы голдуу Катарын компаниудтай байгуулсан хандивын гэрээний үнэлгээнд алдаа гарсан байж магадгүй гэнэ. Тэдний үзэж буйгаар Францын клубийг Европын аваргуудын лигээс хасах магадлал маш өдөр байгаа аж. Гэхлээ ийм арга хэмжээг 2019 оноос өмнө авах боломжгүй бөгөөд PSG энэ улиралд тоглолтоо үргэлжүүлнэ. Санхүүгийн шударга тоглолтын журмын дагуу УЕФА PSG-ыг 2012 онд худалдан авсан шейх хамад аль танигийн үүсгэн байгуулсан Катарын спортын хөрөнгө оруулалт хэмээх улсын сантай байгуулсан гэрээг нягтлах аж.

Спонсорын гэрээний хажуугаар клубийн эзэдтэй холбоотой санхүүгийн нэгжүүдээс мөнгө орж ирсэн байж болох юм. Nielsen ба Octagon хэмээх хоёр бие даасан байгууллага спонсорын өртгийг зах зээлийн үнэтэй жишиж дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Octagon урьд нь спонсорын гэрээ хэт үнэлэгдсэн гэж мэдээлж байсан юм. Гэвч УЕФА-гийн мөрдөн байцаагчид 2015-2017 онд PSG-ын Санхүүгийн журмыг зөрчөөгүй бөгөөд клубийн алдагдал 30 сая еврогоос даваагүй гэж дүгнэсэн. Өнгөрсөн сард гарсан уг дүгнэлт маргаан үүсгэж, мөрдөн байцаах багийн долоон гишүүний дөрөв нь хэргийг хаах шийдвэрийг дэмжжээ. Харин мөрдөн байцаагчдыг хянадаг УЕФА-гийн эрх зүйн хэлтэс дүгнэлтийг эргэж харахаар болсныг тус холбоо мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид PSG-ын 2018 оны санхүүгийн жилийн талаар дүгнэлт гаргаагүй бөгөөд энэ хугацаанд Неймар, Мбаппе нарын худалдан авалт багтаж байна. Холбоонд ойр эх сурвалжийн хэлснээр тус клуб Санхүүгийн шударга тоглолтын журамд нийцэхийн тулд 2018 онд 60 сая еврогоор тоглогчдоосоо худалдах ёстой гэсэн сануулга авсан аж. PSG “Журамд нийцэхийн тулд сүүлийн өдрүүдэд чухал шилжүүлэг хийгдсэн” гэж мэдэгдэв. Гэвч УЕФА Францын клубийн эсрэг мөрдөн байцаалтаа сэргээсэн нь спонсорын гэрээний өртөг журамд нийцэх эсэх тухай шийдвэр хараахан гараагүй гэсэн үг юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Герман орон “гашуудаж” байна

​Германы хэвлэлүүд шигшээ багаа хайр найргүй шүүмжилж байна​

 0 сэтгэгдэл


Сүүлчийн шүглийн дуу тасхийхэд Йоахим Лёв хоёр гараа ташаандаа авч, мэлрэн зогсохоос өөрийг хийж чадсангүй. Саяхан болж өнгөрсөн үйл явдалд итгэж ядан байгаа нь түүний царайнаас илт харагдана. Германы хамгийн алдартай сонин Die Zeit 2014 оны зургадугаар сард германы шигшээ баг Бразилыг 7:1-ээр хожсоны дараа тэргүүн нүүрэндээ “хэлэх үг алга” хэмээн томоор бичиж байжээ. Тэгвэл БНСУ-д гутамшигтайгаар ялагдсаны дараа ч мөн “хэлэх үг алга” хэмээн гарчигласан байв. Гарчиг адил ч нийтлэлийн агуулга өөр гэдэг нь мэдээж. 2006 оноос хойш 12 жилийн турш бундестимийг дасгалжуулж буй Лёв ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтуудад баг нь тааруухан байсанд (сүүлийн зургаан тоглолтдоо ганц хожсон) санаа зовох шаардлагагүй хэмээн фанатуудаа тайвшруулж байв. “Бүх зүйл хэвийн, тэмцээн эхлэхэд бид формондоо орчихно” гэх мэт үгс түүний амнаас унаастай.

Гэвч тийм биш гэдэг нь энэ удаагийн ДАШТ-ээр тод харагдлаа. Мексикт 1:0-ээр хожигдсоныг хөлөө олж амжаагүй, тэмцээний формондоо гүйцэт ороогүй байснаар нь уучилж болно. Харин Шведийг эцсийн мөчид 2:1-ээр хожсоны дараа “одоо л бүх зүйл номондоо орох нь” гэж олонх нь бодсон байх. Хувь заяа нь бусдын гарт байсан бол одоо өөрсдөөс нь шалтгаалах болно гэдэг мэдээж сайн хэрэг. Ингэснээр аваргууд сүүлийн тойрогт хэсгийн хамгийн сул өрсөлдөгч гэж болох солонгосыг хожиход л нокаут шатанд үлдэхээр байв. Гэвч хангүг залуусын хурд, дайчин чанарыг давж чадалгүй 2:0-ээр дийлдэж, шившигтэйгээр нутаг буцахаар болж байна. Үнэнийг хэлэхэд энэ удаагийн Германы шигшээд юу л байна, одууд л байв. Тиймдээ ч Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдэг залуу тамирчнаар тодорсон Л.Сане, өмнөх ДАШТ-ий финалд ялалтын гоол хийсэн М.Гётце зэрэг сайн залуус бүрэлдэхүүний гадна үлдсэн. Гэвч Лёвын шийдвэр буруу байсан нь хэсгийн гурван тоглолтын дараа улам тод болов. Дасгалжуулагч Лёв тоглолтын дараа “шокноос гарахын тулд надад нэлээд хэдэн цаг шаардагдах бололтой.

Энэхүү хожигдолд Месут Өзилийг буруутгаж байгаа нь шударга бус

Тоглогчид маань ч мөн ийм байдалтай байна. Одоо хэлээд ч байх юм алга” гэсэн бол Английн шигшээгийн хамгаалагч асан Р.Фердинанд “Германы фанатууд галзуурах гэж байгаа байх даа. Тэдний хамгийн шилдэг залуу хөлбөмбөгчийг ДАШТ-д авч очихын оронд наран шарлагын газар руу явуулчихсан” хэмээн ярьжээ. Германы хэвлэлүүд ч шигшээ багаа хайр найргүй шүүмжилж байна. Тухайлбал, Die Zeit сонин “Германчууд 16-гийн талбайд маш их тоглосон ч оруулж чадсангүй. Идэвх чармайлт, шинэлэг санаа, ухаан дутсан мөчүүд их байлаа. Сон Хён “Миний сүүлд хоосон хаалганд хийсэн гоол энэхүү амжилтгүй дэлхийн аваргын бэлгэ тэмдэг болон үлдлээ” хэмээн бичжээ. Германы хамгийн алдартай сонин Bild шигшээгийн хожигдлыг хар дарсан зүүдтэй зүйрлүүлсэн бол Frankfurter Allgemeine сонин “Германы хөлбөмбөгийн мөхөл” хэмээн сүржин гарчигласан байна. Харин Английн The Sun сонин “английн шигшээ яаж ч тоглосон хамаагүй. Герман мултарсан болохоор Англи хүн бүр баяртай байж болно” хэмээн бах тав нь ханасан янзтай бичив. Энэхүү хожигдолд Месут өзилийг буруутгаж байгаа нь шударга бус. Тэрбээр энэ тоглолтод долоон удаа гоолын боломж үүсгэсэн ч довтлогч нар нь ашиглаж чадсангүй.

Түүн шиг ДАШТ-ий нэг тоглолтод долоон боломж үүсгэсэн тоглогч урьд өмнө байгаагүй гэхээр өзилийн хичээл зүтгэл ямар их байсан нь ойлгогдох байх. Түүнчлэн Т.Мюллерийг сэлгээнд үлдээсэн дасгалжуулагчийн шийдвэр шүүмжлэл дагуулав. Сонирхуулахад, Т.Мюллер ДАШТ-ий гараанд гарсан 15 тоглолтын 12-т нь немцүүд хожиж, хоёр удаа тэнцэж, ганцхан удаа (2010 онд Испанид) хожигдож байжээ. Түүнчлэн Германы шигшээ түүхэндээ анх удаа хэсгээсээ гарч чадсангүй. 1938 онд эхний шатнаас хасагдсан нь үнэн ч тухайн үед багууд хэсэгт хуваагддаггүй байсан юм. Ямартай ч немцүүд санаснаас эрт тэмцээнээ өндөрллөө. Одоо энэ баг цаашид яах бол. Хэвлэлүүдийн сүр болгон бичсэн шиг мөхөл, сүйрэл ирлээ гэж дүгнэх нь ч хаашаа юм. Дасгалжуулагч Й.Лёв ч гэсэн “Германы хөлбөмбөгт хар үе ирлээ гэж би хэлэхгүй” гэсэн байна лээ. Энэ багт авьяаслаг, сайн тамирчин хангалттай бий. Олон жилийн турш уламжлагдаж ирсэн сайн систем, зөв бодлого хэвээрээ байгаа. Тиймээс айхтар том шинэчлэл хийх гэж зүтгэлгүй, хожигдлын бүх бурууг дасгалжуулагчид тохож орхиод ажлаас нь халж мэднэ. Уг нь Германы хөлбөмбөгийн холбоо түүнтэй байгуулсан гэрээгээ 2022 он хүртэл сунгасан. Гэхдээ энэхүү бүтэлгүйтлийн дараа хөгжөөн дэмжигчдийн зүгээс ирэх дарамт шахалт дэндүү их байгаа болохоор гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж магадгүй гэсэн таамаг гараад эхэлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

World Cup-ын эргэн тойронд

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Баяр наадам ашиг хонжоо, хэрүүлийн талбар биш ээ

Том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй

 0 сэтгэгдэл


Үндэсний их баяр наадам эхлэх хугацаа өдрөөр тоологдож эхэллээ. Энэ цаг дор Монгол хүн хүчит бөх, хурдан морьдынхоо өнгийг шинжиж, тавих сумныхаа цэцийг тааруулж, өөр өөрийн таамгаа дэвшүүлж, чухам л наадмаар “амьсгалаад”, нээлтийн өдрийг тэсгэлгүй хүлээж суудагсан. Харин энэ жил тийм байж чадаж байна уу, үгүй юү. Үүнийг тэрлэгчийн хувьд урьдынх шиг баяр цэнгэлийн уур амьсгал, мэдрэмж нэг л төрж өгөхгүй байх шиг ээ. Бөхчүүд маань өчнөөн жил үргэлжилсэн улигт хэрүүлээ хийж, уяачид болохоор ээлжит будлианаа тарьж, энд тэндгүй амьтан хүний дургүйцлийг сэдрээж байхад яаж ч сэтгэл догдлон хүлээх билээ. Ард түмний уламжлал, ёс заншлыг хойч үед өвлүүлэн үлдээж, үндэсний дархлаа болж байдаг наадам маань энэхүү амин гол шинжээ алдаад, эрх мэдэл, алдар хүнд, ашиг хонжооны төлөөх өрсөлдөөн болж, өнгөтэй, мөнгөтэй хүмүүсийн аархлын талбар болж хувираа юу даа гэх эмзэглэл эрхгүй төрөх боллоо.

Аварга нэртэй хутган үймүүлэгчдийн цолыг хураая, Ерөнхийлөгч өө!

Нэгэн зүйл:

Үндэсний бөхийг, Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон дуусч өгдөггүй маргаан хурц хэлбэрт шилжих нь үү гэсэн болгоомжлол өчигдөр дархан аварга, төрийн түшээ А.Сүхбатын хийсэн мэдэгдлийн дараа төрөв. “Үндэсний бөх бол Монголын ард түмний өмч, их өв соёл” хэмээн даруухан эхэлсэн түүний яриа сүүлдээ “Хэрэв наадмаар эмх замбараагүй байдал үүсвэл, том цолтой бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг нь Б.Бат-Эрдэнэ аварга та үүрнэ шүү” гэсэн заналхийлсэн өнгө аястай болж хувирав. Энэ бол бидний хамгийн их сэжиглэн, болгоомжилж байсан зүйл. “Бөхийн холбоог хэсэг нөхөд булаацалдаж л байна. Гэхдээ наадам болдгоороо л болно” гэсэн бодол хүн бүрт байв. Харин түүний мэдэгдлээс “улсын наадмыг чинь үймүүлнэ шүү, бөхчүүдийг турхирч байгаад барилдуулахгүй байж чадна шүү” гэсэн заналхийлэл үнэртлээ. Улсад 10 түрүүлсэн өөр нэг дархан аварга нь түүнийг чиглүүлээстэй. Эр улс байна даа, тэгсгээд учир зүйгээ ололцчих байх гэж олон нийт ямар их хүлээв ээ. Нөгөө тал нь өчнөөн л буулт хийлээ, эвлэрэх гэсэндээ тавьсан саналуудыг нь бүгдийг нь хүлээн зөвшөөрлөө. Холбооны дэд тэргүүнээр өөрийн хүнийг тавья, Цэцдийн зөвлөлийн даргын суудлыг бас авъя гэх тоолонд буулт хийсэн.

Гэвч ойлголцолд хүрдэггүй. харин үүний шалтгаан нь допингийн асуудалтай холбогдож таарч байх шиг. допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан нөхдийг өршөөж, наадмаар барилдуулах шаардлага тавьсан бололтой юм. Гэвч нэгэнт хууль дүрмийнхээ дагуу шийдсэн асуудал учраас боломжгүй гэдгийг сонсоод хариу шантааж хийсэн царай нь энэ. даварсаар даварсаар дагвын оронд гэдэг л энэ байх. Бөхийн буянаар өдий зэрэгт хүрчихээд эргээд бөхийнхөө эсрэг “нулимж” буй эдгээр нөхдөд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахдаа алдаа гаргаж, харанхуй шөнөөр хүүхэд уралдуулсан нөхдөд Ерөнхийлөгч арга хэмжээ авч, тод манлай уяач (үндэсний бөхөөр бол дархан аварга), улсын манлай уяач гэсэн цолыг нь хураасан түүх саяхных. Үүн шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй л бол энэ нөхөд муйхарлан зүтгэсээр байх бололтой. Үнэнийг хэлэхэд том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй. Тэдний өөрсдийн л хохь болно. Цолоо ахиулах мөрөөдөлтэй залуу бөхчүүдэд л сайхан боломж олдоно биз. Гэхдээ бөхчүүдийг наадамд барилдуулахгүй байх хэмжээнд хүртэл турхирна гэдэг өөрөө асар ноцтой асуудал. Угаас сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүнд асар их унасан. Цолны найраанаас гадна сэргээш, шударга бус шүүлтийн асуудал тэднийг муухай харагдуулах хангалттай шалтгаан болсон. Мөн шахааны барьцнаас болоод бөхчүүдийн жин нэмэгдэж, уран гоё барилдаан гарахаа больсныг ч нэмэх хэрэгтэй. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр бөхийн холбоогоо булаалдсан маргаан нь угаас унаад байсан нэр хүндийг нь бүр ч шавар шавхайтай хутгаж орхилоо.

Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү

“Шадар сайд улсын аваргуудыг хүлээн авч уулзлаа. Наадмаа сайхан хийцгээе л дээ хэмээн царай алдлаа. Бөхчүүд наадам хүртэл түр эвлэрэхээр болов” гэсэн мэдээг та энэхүү өдрүүдэд бишгүй нэг уншсан л байх. Наадам хүртэл түр эвлэрнэ гэж юу гэсэн үг вэ. ийм утгагүй юм урьд өмнө сонсож байсангүй. Зүй нь шадар сайд тэднийг гуйж гувших биш, зад загнаад гаргах ёстой байсан юм. Ингэж байж даварсан хэдэн бөхчүүдэд нэгийг бодуулах байв. Дархан аварга гэдэг алдраа дураараа дургих эрх ямба гэж бараг ойлгочихсон юм биш үү зарим хэсэг нь. Өгч болсон цолыг хурааж бас болдог гэдгийг энэ харимал атлаа хамгийг хагаралдуулагч нарт харуулж болдоггүй юм уу Ерөнхийлөгч өө!

Хүүхдийн амиар наадаж дуусаагүй юу

Нэгэн зүйл:

Үндэсний бөх тойрсон маргаан ид өндрөө авч байхад хурдан морь дагасан асуудал дахин босч ирэв. Дорнод аймгийн Баянтүмэн сумын мянгат малчин Б хэмээх нэгэн маанаг Монгол зээ хүүгийнхээ үсний найрт зориулан бэсрэг уралдаан явуулсан юм байх. Гэтэл хоёр настай бяцхан хүүгээ морьтой нь баглаж уяад дааганы уралдаанд тавиад туучихаж. Яасан бөх зүрх вэ, ямар хэнэггүй зан бэ хэмээн бид баахан шуугилаа. Энэ чинь хэнэггүй биш тэнэг, мулгуугийн шинж. Ямар элэнцгийн бөх зүрх байхав. харин ч ямар ч зүрх сэтгэлгүй “амьтан” юм биш үү тэр нөхөр. Монголчууд бага балчраасаа морь унаж өсдөг ард түмэн гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ сүүлийн үед нэг дор хэтэрхий олон морь уралдаж, түүнээс ч дутахгүй олон машин дагаж давхидгаас болоод хүүхэд мориноос унаж осолдох тохиолдол гарах болсон. Тиймээс үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй бол хурдны морь унаж болно гээд заагаад өгчихсөн. Гэтэл мориныхоо амыг эргүүлэх нь байтугай эмээл дээрээ ч тогтож чадахгүй нялх хүүхдээр хурдны морь унуулж уралдуулах нь хүний ёсонд нийцэж байна уу.

Азаар өнөөх хүү эсэн мэнд эргэж ирсэн байна лээ. хэрэв уралдааны явцад эмээл нь холбирч, морь нь бүдэрсэн бол яах байсныг төсөөлөхөд бэрх. Ээж нь эсэргүүцсэн ч аав нь зүтгэсээр байгаад мордуулсан гэнэ. Ийм жишээ ганцаар тогтохгүй. Хүүхдээр хурдны морь унуулахыг эсэргүүцэх гэсэнгүй ээ. Гэхдээ жаахан ёс зүйтэй байж, хууль дүрмээ дагамаар байна. Жилийн жилд хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийг Монгол даяараа огт хайхрахаа байсныг яриад байдаг ч асуудал бахь байдгаараа. Өдгөө “унаач хүүхэд ажилд авна” гэсэн зар нийгмийн сүлжээгээр дүүрэн явж байгааг та анзаарч харсан байх. Эцэг, эхчүүд нь хэдэн төгрөгөө бодоод хүүхдээ таних, танихгүй хүнд аваачаад тушаачихна. Тэр ч байтугай хурдны морь унуулах гэж өгсөн хүүхдээ бүтэн жилийн турш ирж аваагүй ээж, аав байдгийг нэгэн уяач ярьж байв. Хүүхдээ авахыг “мартсан” хэрнээ сар бүрийн цалинг нь сахиж байгаад заавал авдаг гэсэн. Үүнийг сонсоод “арай ч дээ” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү!. Эцэст нь хэлэхэд “Амьд явахад улсын наадам үзнэ” хэмээн хэлэлцэн, бүтэн жил хүлээж, огшиж, омогшиж үздэг баяр цэнгэл, наадам маань булай хэрүүлийн талбар, өнгө мөнгө, эрх мэдлийн өрсөлдөөн болчихлоо. Бөхчүүд нь талцан, барилдах эс барилдахаараа үзэгч түмнийг хясан боох гэвэл түүн шиг явуургүй үйлдэл гэж үгүй. Монгол түмэн бөхчүүдээр дутаж байсан түүх үгүй.