A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2710/

Нэг хүний ажлыг 4-5-уулаа “дамжилж” буй нь төр данхайсны баталгаа

ДНБ-ий 6.5 хувийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2710/


Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэдэг. Монгол Улсын төрийн алба нь намын харьяа, УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг олон баримт нотолно.

Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг 193,557 төрийн болон улс төрийн албан хаагч Монголд байна. Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. Харин манайд 17 хүнд нэг төрийн албан хаагч ногдож буй нь дэлхийн жишгээс бараг зургаа дахин их байгаа юм.

Гэтэл энэ олон төрийн албан хаагчид төсвөөс олгож буй цалингийн зардал төсвийн урсгал зардалд хамгийн өндөр хувь эзэлж байгааг дэлхийн банкны төсвийн зардлын тойм судалгаанд өгүүлжээ. Үүний үр дүнд Монгол Улс ДНБ-ийхээ 6.5 хувийг төрийг албан хаагчдад цалин болгон өгч байна. Төсвийн урсгал зардлын хамгийн том бөгөөд хурдтай өссөн нь цалингийн зардал гэж уг судалгаанд тодотгожээ. Гэхдээ үүнийг цалин өсчээ гэж эндүүрэх вий. Харин төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн учраас цалингийн зардал төсвийн урсгал зардалд дарамт болж байна гэсэн үг. Төрийн албан хаагчийн дундаж цалин улсын дундаж болон бусад салбартай харьцуулахад доогуур хэвээрээ л байгаа.

Гэвч Засгийн газар төрийн албыг цомхтгох бус харин ч данхайлгасаар байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийслэлд  хоёр ч агентлаг байгуулж өгөв. Түүний өмнөх хуралдаанаар “зайлшгүй шаардлагатай” гэж хэлээд шанхайд Монголын Консулын ерөнхий газрыг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан. Мөн Истанбул, Токио… зэрэг хэд хэдэн хотод буй ЭСЯ-ны орон тоог нэмсэн.

17 хүн тутамд нэг төрийн албан хаагч ногдож байна

Гэвч төрийн албанд хүн нэмэгдлээ гээд хүч нэмэгдсэнгүй. харин ч сульдаатай хүүхэд шиг сул, чадваргүй болж байна. Яг үнэндээ төрийн албанд мэргэшсэн түшмэдийн хэрэгцээ үгүй болж, төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт зөвхөн захиалагч байгууллагын буюу даргын дэмжсэн онцгой эрхтэй нэгэнд зориулагддаг болсоор удаж буй. Сонгуулийн циклээр яригддаг байсан төрийн албаны халаа сэлгээ Засгийн газрын “нас”-аар хэмжигдэх болж, намчирхах, нутгархах,  фракцлах үзлийн үерт автаж байна. Төрийн албанд ур чадвараас өмнө улс төрийн хамаарлыг нь хардаг болсон өнөө үед төрийн мэргэшсэн, мерит зарчмыг яриад ч хэрэггүй. Нэг сайд солигдоход тухайн яам дагаад бүтцийн өөрчлөлт хийж буй нь дарга нарт төрийн албыг төрлийнх болгох боломж олгосоор буй юм. 2000 онд төрийн албаны нийт халаа сэлгээ таван хувиас хэтэрдэггүй байсан бол 2016 оны сонгуулий дараа 16 хувьд хүрчихээд байгаа нь дээрхийн баталгаа.

Төр ийн данхайсан нь өмнө нь нэг хүний хийдэг байсан ажлыг өнөөдөр 4-5 хүн “дамжилдаг” болсон гэсэн үг. Энэ бол сонгуулийн ялалтын /сүүлийн үед фракцын ялалт болсон/ бялуу хуваарилалтын сонгодог жишээ, төрийн алба нам доторх бүлэг фракц, эвсэл, хамтрагчдын ам тосдох хэрэгсэл болсныг гэрчлэх баримт. Нөгөө талаар яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, олноор нь хоморголж ажлаас халсны улмаас нотолгоо, судалгаатай бодлого боловсруулж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай ажилтны хомсдол нүүрлэж, төрийн шийдвэр гаргах тогтолцоо нуран, засаглалын чадвар сулрах аюул тосож байна. Үүнийг илтгэх таагүй нэгэн үзүүлэлт мөн л дэлхийн банкны тайланд дурдагджээ. төсвийн үр ашигтай байдлын үнэлгээгээр Монгол Улс сүүл мушгиж, 124  дүгээр байрыг “эзэлжээ”.

Төр үүссэн цагаас хойш төрийн алба, хүнд суртлын аппаратыг багасгахын төлөө улс орнууд хөөцөлдөж буй. Дэвшил ч гарч байгаа. Жишээ нь Финландын хотын захиргаанд бараг хүн ажилладаггүйг уихаас томилолт аваад, туршлага судлахаар явсан нөхөд хараад толгой сэгсрэн шагшраад ирж байв. Яагаад гэвэл төрийн бүх үйлчилгээ цахимжиж, хүний хамаарал шаардлагагүй болсон гэсэн үг.

Уг нь Монгол төрд алтан аргамж болсон төрийн албаны залгамж чанар гэсэн нэг зарчим бий. Энэ зарчмаа хадгалж чадсан бол заавал олон улсад мөрдөгддөг мерит тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж цэцэрхэх шаардлага гарахгүй байв. Ажлаа мэддэг, тухайн байгууллагынхаа амьд архив болтлоо он удаан жил ажилласан хүмүүс дэвшиж ажилладаг тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Энэхүү тогтолцоог бий болгох зорилгоор төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн авч, дарга дагасан халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Батсайханыг халж, оронд нь Н.Мэндбаяр хэмээх хүнийг томилох болсонтой холбогдуулан тус газарт бослого гарах шахаад буй.

С.Амарсайхан хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын халаа, сэлгээ хийсэн гэх мэдээллийг НИТХ дахь АН-ын бүлгээс өгөөд буй.

Одоо ч нийслэл хотод халаа сэлгээ, шинэ томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна.

2012 оны сонгуулийн дараа л гэхэд 16000 орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орж, 11000 гаруй нь ажлаасаа халагдсан гэдгийг тухайн үеийн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Энхбаяр хэлж байлаа. Харин МАН сонгуульд ялсан 2016 оны сонгуулийн дараа Б.Энхбаяр өөрөө хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болсон. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор тэрбээр мөн суудлаасаа буусныг энд тодотгоё.

Тэгвэл 2016 оны сонгуулийн дараа төрийн албанаас 22235 хүн халагдаж солигдсон тухай “тогтвортой ажлын байр” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Тэгшбаяр хэлсэн юм. Тэрбээр АН засгийн эрх барьж байх 2012-2016 оны үед Цөмийн энергийн газрын дарга, Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байлаа. 2020 оны сонгуулийн дараа бас хэн нэгэн нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулаад шинэ Засгийн газар тэдэн хүн халчихлаа гээд яриад суухыг үгүйсгэхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бие даагчийн эрхийг хязгаарласан 50:26 хувилбарыг гишүүд эсэргүүцэж эхлэв

 0 сэтгэгдэл
  • Холимог мажоритар хувилбар сонгуулийн саналын хуудасны зардлыг дөрөв дахин нэмнэ
  • Ард түмний нийт саналын хувиар намд УИХ-ын суудал хуваарилна гэдэг заалт лидерийнхээ "далбаан" дор бусад нэр дэвшигчээ "шургуулах" гэсэн зальжин арга


Холимог мажоритар 50:26 хувилбарын “зэс цухуйж” гишүүд “Лидерийнхээ “далбаан” дор санал авах арга сэдсэн” гэж шүүмжилж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр гишүүд хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл олон байгааг шүүмжилж, Ажлын хэсгийн ахлагчийг “байцаав”. Тэр дундаа нэг том тойрогт өрсөлдөх нэр дэвшигч хийгээд санал хураалтын дүнд 26 хүнийг хэрхэн тодруулах талаар илүүтэй лавласан. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслөөс нэг том “но” олсон нь бие даагчийн 26 нэр дэвшигчтэй том тойрогт өрсөлдөх эрхийг хязгаарласан заалт байв. Түүнд ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тайлбарлахдаа “Бие даагч нэг том тойрогт нэр дэвших боломжгүй. Тэнд улс төрийн нам болгон 26 хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Бие даагчид жижиг 50 тойрогт байгаа” гэсэн нь гишүүдийн шүүмжлэлд өртөв. Гишүүд бие даагчийн эрхийг хязгаарлах нь Үндсэн хууль, хүний эрхийн холбогдох конвенц зөрчсөн үйлдэл болно хэмээн шүүмжилсэн бөгөөд Л.Энх-Амгалан “Бидний төсөл төгс биш, явцын дунд өөрчлөх боломжтой” гэж гишүүдийн асуултаас бултах гэж үзэв. Гэвч “26 нэр дэвшигчийн авсан нийт саналын хувиар намуудад суудал хуваарилахаар бие даагч хаагуур нь багтаж парламентын гишүүн болох вэ” гэсэн шүүмжлэлд баригдаж “26 нэр дэвшигчтэй нэг тойрогт бие даагч нэр дэвших зохицуулалт хийхэд хэцүү” хэмээн бөөрөнхийлсөн хариулт өгсөн. Мөн Ж.Батзандан гишүүн 50:26 хувилбарын зорилгыг тодорхойлохдоо “МАН-ынхан ард түмнээр бүх сонголтыг хийлгэнэ гэж сайхан яриад цаанаа нэг лидерийн нэрэн дор олон хүнийг парламентад шургуулах гэж байна. Ард түмний өгсөн нийт саналын хувиар намд УИХ-ын суудал хуваарилна гэдэг заалт лидерийнхээ “далбаан” дор бусад нэр дэвшигчээ оруулж ирэх зальжин арга. Мөн улс даяар 26 нэр дэвшигчийг тодруулна гэсэн атлаа нэг нэр дэвшигчийг дугуйл гэдэг нь хүчирхийлэл болохыг эрх баригчдад сануулж Сонгогч 26 хүнийг дугуйлж байж ард түмнээс сонгогдсон 26 болно биз дээ” гэсэн юм. Үүнд ажлын хэсгийнхэн тодорхой хариулт өгсөнгүй. Энэ үеэр СЕХ-ны дарга 50:26 хувилбар сонгуулийн зардлыг  нэмэгдүүлж буйг учирлаж байлаа. Тэрбээр “Өмнөх сонгуулиудаар нэг саналын хуудаст багтдаг байсан бол 50:26 хувилбараар дөрвөн саналын хуудас болно. Тэр хэрээр сонгуулийн зардал нэмэгдэнэ” гэв. Харин олон нэр дэвшигчтэй саналыг хуудсыг хар машин уншиж “дийлэх” эсэхэд “Туршилтаар 26 хүнээс нэгийг нь дугуйлахад хар машинд хүндрэлгүйг тогтоосон, харин 26 нэр дугуйлбал яахыг туршиж үзээгүй” гэсэн юм. Ийн гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжсэн ч, 50:26 хувилбарыг эсэргүүцэж эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх бөгөөд олон гишүүн мажоритар 50:26 тогтолцооны эсрэг санал өгөх магадлал өндөр байна.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Гуравдагч хөршийн бодлого 2019 онд

 0 сэтгэгдэл
  • ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийндалд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй 
  • “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв


Гадаад бодлого, геополитик дээр ертөнц гүн хямралд орсон, хуваагдсан, хоёр их хөрш маань манай гуравдагч хөршүүдтэй зөрчилдөн дайсагнасан нөхцөлд ШХАБ-д жинхэллээ гэхэд бүрэн эрхт гишүүний хүлээх хариуцлага (ял) ямар болж ирэхийг бид мэдэхгүй. “ШХАБ-д элсэхээр ямар үр дагавартай вэ?” хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлснийг хэрэгсэхгүй өнгөрч болохгүй. Элссэний дараах хариуцлагыг битүүхэн хэлсэн байх. ШХАБ-ын ерөнхий чиглэл хэний эсрэг, хэний төлөө вэ? 2005 онд Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах улсуудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” гэгчийг батлан гаргаж бай жээ. Энэ нь хоёр талын харилцааны аливаа, ямар ч асуудлыг шийдвэрлэх платформ болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй хэмээх анхны тохиролцоог Оросын шаардлагаар (Орос-Америкийн харилцаанд АНУ-ыг шахах дарамтлах) зөрчсөн анхны алхам болжээ. Ийнхүү ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийн далд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй. Уг саммитаар Иран, Энэтхэг, Пакистан нь ажиглагчийн статустай болсон. АНУ-ын цэргийн баазтай холбогдуулан гаргасан тэрхүү тунхаглал нь өрнөдийг сөрсөн, хэрэг дээрээ тулган шаардсан геополитикийн анхны ультиматум нь байсан билээ. Яг ийм фонон дээр Монгол-Америкийн улс төрийн харилцаа, стратегийн түншлэл, батлан хамгаалахын харилцааг аваад үз дээ. Сөргүүллээ хэмээн намайг зэмлэх байх. Сөргүүлж байгаа бус, яг бодитой байгааг нь бичиж байна. Бүгд баримт, эх сурвалжтай. Баярхүүгийн санаанаасаа гаргаад ирсэн нэг ч мөр байхгүй. 2019 оноо дүгнэн бичиж байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг энд давтан бичихгүй. 2019 оны хувьд түүний айлчлал Монгол-Америкийн харилцааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын командлагч адмирал Филип С.Дэвидсон зургадугаар сарын 13-нд Монголд “морилсон”. Дэс дарааллаараа бол тэрбээр цэргийн талаас АНУ-ын гурав дахь том хүн. Ерөнхийлөгч, Штабуудын дарга нарын хорооны даргын (Жанжин штабын дарга гэсэн үг) дараа энэ нөхөр орох байх, араас нь Европ дахь цэргийн командлагч нь. Адмирал Дэвидсон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Манай төрийн дээд албан тушаалтан, Засгийн газрын гишүүд, цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтран зохион байгуулж буй олон улсын энхийг сахиулах “Хааны Эрэлд” цэргийн сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон. Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын стратеги нь бүс нутагт чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын хэв журам сахиулж түгээн дэлгэрүүлэхэд чухал бааз суурь болох явдал юм. Ингэхийн тулд Монгол-Америкийн хоорондын бат бөх түншлэл болон чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагаан дээр суурилж хамтран ажиллах учиртай. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын үйл ажиллагааны цар хүрээ нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун хязгаарын хил болон Антарктидаас Хойд туйл хүртэл дэлхийн гадаргуун тэн хагас болох далай тэнгисийг хүртэлх бүсийг хамардаг. АНУ-ын цэргийн эл командлал нь АНУ-ын Зэвсэгт хүчний газар зүйн байршлаар хуваагдсан Нэгдсэн цэргийн зургаан командлалын нэг нь юм. Адмирал Дэвидсон нь Энэтхэг-Ази-Номхон далайн бүсийн АНУ-ын цэргийн ахлах дээд албан тушаалтан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг. АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн флот, АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин, АНУ-ын Номхон далайн арми болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн хүчин гэсэн дөрвөн командлалаас бүрддэг. Эдгээр цэргийн командлал нь Хавай мужид төвлөрдөг бөгөөд тухайн хүчний баазууд нь бүс нутагт суурин болон түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг гэхчлэн манай БХЯ-наас хэвлэлд өгсөн мэдээлэлд дэлгэрэнгүй бичжээ. Мөн түүнтэй давхцан манай улсад айлчилсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэсэн мэдээ явж байсан.АНУ-ын БХЯ-наас 55 хуудас бүхий “Indo-Pacific Strategy Report” тайланг танилцуулсан. Д.Трампын засаг захиргаанаас Энэтхэг, Номхон Далайн бүс нутагт аюулгүй байдлын чиглэлээр явуулж буй бодлогын талаар тайлбарахдаа “Түншлэлийг бэхжүүлэх” хэсэгт “Энэтхэг, Номхон Далайн бүс нутгийн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол гэсэн дөрвөн улстай түншлэлээ улам бэхжүүллээ” хэмээн бичжээ. “Дээрх дөрвөн улс нь дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоож буй үйлсийг идэвхтэй дэмждэг, найдвартай, чадварлаг түншүүд” гэж үнэлсэн байх юм. Бүс нутгийн эл дөрвөн улстай түншлэлээ өргөжүүлэх бодлого баримтлна, Трампын засаг захиргаа Ази, Номхон Далайн бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах бодлого эрчимтэй явуулж байна. Бүс нутгийн нэр томъёог хоёр жилийн өмнөөс “Энэтхэг, Номхон далайн бүс” хэмээн өөрчлөн нэрлэх болсон нь Ази тивд Хятадын нөлөөг бууруулах зорилгынх нь нэг илрэл гэж тэнд бичээтэй байгаа ШХАБ-ын түнш, хил залгаа, найрсаг харилцаат Хятадыг шууд нэрлэж чичлэсэн хэрэг юм. Эл сурвалжлага нийтлэгдсэний дараахан “Why the US Should Build on Its Role as Mongolia’s “Third Neighbor” гэсэн гарчиг бүхий лут өгүүлэл америкийн нэг судлаач бичжээ. Залгуулаад Монголд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Элчин сайд Жон Болтон (одоо бол биш) морилж, хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Энэ айлчлал АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй, эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон, ялангуяа цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун буй, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав гэсэн албан ёсны мэдээ явж байсныг бид уншсан. Гэтэл БХЯ-дын харилцаа юу юугүй дараагийн шатныхаа хамтын ажиллагаа руугаа шилжиж, АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Марк Эспер Монгол Улсад айлчилжээ. Тэрээр твиттерийн жиргээндээ: “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно!” гэcэн нь чухамдаа ШХАБ-ын 2005 оны Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийн тогтолцоогоор хоёр намын байр суурь зөрөлдөж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Сонгуулийн үеэр facebook хэрэглээг хязгаарлах заалт оруулна


Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Төсөлд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог тусгасан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Сонгуулийн хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлийн байр суурийг хүргэе.

Л.Энх-Амгалан: 50:26 гэсэн мажоритар холимог тогтолцоог сонгохоор болсон 

-2020 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах санал дэвшүүлж байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бид “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоог улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76 тойрог, том жижиг мажоритар тойрог гэж тав ангилдаг. Бид энэ удаад том, жижиг мажоритар тогтолцоо буюу холимог мажоритар тогтолцоог сонгож, өргөн барихаар тогтлоо. Үүгээр одоогийн 76 жижиг тойргийг 50 тойрогт хувааж тухайн тойргийн сонгогчид 50 гишүүнийг шууд сонгох юм. Харин үлдсэн 26 гишүүнийг томсгосон нэг тойрогт улс төрийн намаас нэр дэвшүүлж, иргэд сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн тойргийн нэр дэвшигчдээс нэгийг дугуйлахын зэрэгцээ намуудаас нэр дэвшсэн 26 хүнээс нэгийг сонгонж саналаа өгөх юм. Энэ бол холимог мажоритар тогтолцоо. Өмнө нь бид нам дугуйлж, тухайн нам нь хаалттай жагсаалтаар хүнээ гаргадаг байсан бол энэ удаад иргэдэд шууд сонгох боломжийг олгож байгаагаар ялгаатай. Гэхдээ энэ нь пропорциональ тогтолцоо биш гэдгийг онцольё. Жишээлбэл, МАН-аас нэр дэвшсэн 26 улстөрч сонгуульд оролцсон нийт сонгогчдын 50 хувийн саналыг авлаа гэхэд 13 нь УИХ-ын гишүүн болох юм. Ингэхдээ иргэдээс авсан саналаар нь эрэмбэлж, эхний 13 улстөрчийг парламентын гишүүн болгоно гэсэн үг. 

-УИХ-ын сонгуулийн хуульд оруулах анхаарал татсан заалтуудаас дурдвал? 

-Хамгийн гол зарчмын санал нь мөнгөнөөс хамааралтай сонголт хийдгээ л больё гэсэн юм. Онцлох заалтыг дурдвал, сонгуулиар эзэн тодорхойгүй хаягнаас нэр дэвшигчийг гүтгэх доромжлох үйлдлүүд маш их гардаг тул түүнийг хязгаарлахын тулд Facebook компанитай хамтран ажиллана. Мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн үнэмлэх гардан авснаас хойш хийж болно гэдэг заалт оруулахаар болсон. Харин сон гуулийн зардлыг ил тод болгох үүднээс нэр дэвшигч сонгуулийн зардлаа аудитын байгууллагааар хянуулж, сонгууль дууссаны дараа аудитын тайлан өгдөг тогтолцоог бий болгох юм. Мөн сонгуулийн үеэр тусгай шүүх ажиллуулах санал гаргавал хэлэлцэхэд бэлэн байна. 

Д.Эрдэнэбат: АН Пропорцианаль шинжийг агуулсан тогтолцоог л дэмжинэ 

-МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг 50:26 гэсэн мажоритар холимог тогтолцоогоор явуулах санал гаргалаа. Энэ нь бусад намуудад яаж нөлөөлөх вэ?

-Манай намын зүгээс Үндсэн хуульд сонгуулийн пропорциональ холимог тогтолцоог тодорхой тусгах санал гаргасан ч МАН унагаасныг олон нийт мэдэж байгаа. Тэгэхээр ирэх сонгууль хуучин тогтолцоогоороо явна гэж ойлгож байна. Одоо өргөн барьж буй хуулиар тойргийг 50:26 гэж хуваана уу, 60:16 болгоно уу хамаагүй. Энэ бол эрх баригчдын эрх мэдлийн асуудал. Хамгийн гол нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн шинжийг агуулсан байвал бид дэмжих байр суурьтай байна. Хэрвээ МАН-ын дэвшүүлсэн 50:26 буюу жижиг 50 тойрог, том нэг тойрог гэсэн холимог мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал иргэдийн олонхын санал авсан 26 хүн л нэг том тойргоос сонгогдоно. Энэ нь жижиг намуудад парла-ментад суудал авах боломжийг тун хомс болгож байна. Сонгодог парламентын гол зарчим бол олон намын оролцоотойгоор асуудлыг шийдэх шүү дээ. Тийм учраас АН пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулахын төлөө зүтгээд байсан юм. -Энэ хуулиар ямар өөрчлөлт хийвэл өмнөх сонгуулиудын алдааг залруулж болох вэ?-Анхаарах хэдэн зүйл бий. 2016 оны сонгуулиар нэр дэвшигчийн сурталчилгаанд санаатай болон санамсаргүйгээр саад болох хэлбэрийн маргаан, зөрчил маш их гарсан. Түүнийг энэ хуулиар цэгцлэх ёстой. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа маш бага байсан. Энэ нь шинээр нэр дэвшиж буй хүмүүст маш муугаар нөлөөлсөн. Тиймээс сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэхэд анхаарч ажиллана. Дараагийн анхаарал хандуулах ёстой сэдэв бол шилжилт хөдөлгөөнийг хянах буюу “царцааны нүүдлийг” хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. МАН-ын өргөн барьж байгаа төсөл дээр энэ талаар дорвитой өөрчлөлт хийх шинжгүй байна. Сонгуулиас 30 хоногийн өмнө шилжилтийг зогсооно гэсэн заалт байгаа. Бид шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн тойрог тогтоосон өдрөөс зогсоох санал гаргана. Хуулийн төсөлд шинээр цахим сурталчилгааг ашиглах тухай заалтууд ч орж байгаа. Түүнийг иргэд сайн анзаарах хэрэгтэй. Хэрэгжүүлж болох зүйл бий. Тэгэхдээ хэтэрхий нэг талыг барьж, цахим сурталчилгааг хаах нь зөв үү гэдэг дээр АН анхаарал хандуулж байна.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ

 0 сэтгэгдэл
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, хөгжлийн шинэ шан татсан он жилүүд байв 

Өдгөөгөөс яг таван жилийн өмнө манай сонин анхны дугаар, эхний нүүртээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа эмхлэн байгуулсан мэдээлэл нийтэлсэн нь улс төрийн үйл явдлыг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх зорилгын эхлэл байв. Түүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, улстөрчдийн зөрчилдөөний талаар олон нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга хүргэж, түүхийн шарласан хуудсыг бүтээжээ.Таван жилээр тоймловол, Монголын улс төрд хэдэн аравнаар хэмжигдэх үйл явдлууд тохиож, эерэг, сөрөг үр дагавартай олон тохиол шилээ даран өрнөсөн сонирхолтой зураглал хөврөн үлджээ. Хэдийгээр манай сонины таван жилийн мөчлөгийн төгсгөлд тохиосон ч Үндсэн хуульд өөрчлөлтийн “салхи оруулж” чадсан улс төрийн амжилтыг эхэнд нь эрэмбэлэх нь зүйн хэрэг. Олон парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй жил улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүлж, улс орны дэвшилд чөдөр болсон заалтууд, шинэ зууны хурдыг гүйцэхгүй хий эргэж байсан гацааг гаргасанд олон нийт ам сайтай байгаа. Хэдийгээр шинэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжих ч салбар бүрийн үсрэнгүй дэвшлийн шан татсан үйлдэл мөн билээ. Үүний дараа Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь бас л түүхэнд тэмдэглэдэг зүйл. Валютын ханш огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт бууран, бизнесийн орчин хумигдаж эхэлсэн үед МАН гаднаас дэмжлэг авах гарцыг ОУВС гэж харсан нь эерэг болон сөрөг олон үр дагавар авчирсан. Тэр дундаа, донор орнуудын төсөл хөтөлбөр ОУВС-гийн “хаялга” байсан гэлтэй. Харин цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хязгаарласан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг улс төрийн тэмцэлд дуудах шалтгаан байв. Түүнчлэн ОУВС-гийн шаардлагаар НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн хуулийн заалт Засгийн газарт гай тарих магадлалтайг сүүлийн үеийн эсэргүүцлүүд харуулж байна. Үүнээс гадна Монгол Улс хоёр ч удаа эдийн засгийн саарал жагсаалтад багтсан нь анти үзүүлэлт. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр солигдсоноос эхлээд АН гурвантаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг “өлгийдсөн” зэрэг сонгуулийн дуулиан дагуулсан олон зураглал бий. Ялангуяа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалтаар ялагч тодорсон гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэхүйц онцгой юм. Сонгогч цагаан хуудсаар сонголтоо илэрхийлж болдгийг олон нийтэд ойлгуулсан улс төрийн “хичээл” байлаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор ил болгосон “60 тэрбум”-ын хэрэг өндөр авч, түүнийг дагасан дуулиан МАН-ын үнэмлэхүй олонхыг талцалд хүргэж, парламентын удирдлагаас М.Энхболдыг огцруулахад ташуур болсон юм. Энэ хэрэг Ц.Сандуй нарт ял оноосноор шувтарсан. Үр дүнд нь МАН-ын шинэ удир дагчаар У.Хүрэлсүх тодорч, Г.Занданшатар парламентын удирдлагыг гартаа авсан бол сонгуульд ялагдсан АН-ынхан С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм.С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн дуулиан 21 жил үргэлжилж, зарим улстөрчдийн “зууш” болсоор байгааг энд дурдах бас нэгэн өрнөл. Э.Бат-Үүлийг сэжигтнээр тооцож, Б.Булганыг яллагдагчаар татсан ч аль алиныг нь шүүх хуралд оруулаагүй нь шүүхийн практикт орох содон үйлдэл байлаа. Парламентын түүхэнд энэ удаагийн эрх баригчид нэр хүндээ хамгийн их алдаж, бараан толбо олныг үлдээжээ. УИХ-ын гишүүд нь хүчин, садар самууны хэрэгт нэр холбогдож, нэг нь бүрэн эрхээ хасуулсан, олон гишүүн жижиг бизнесийн бага хүүтэй зээлийг булааж мөнгө хүүлсэн, концесс, тендерт нэр холбогдсон гээд дурдаад байвал далай мэт. Бас зодолдсон талцсан, харилцан шүүхэд хандсан гээд олон хар толбо энэ парламентын түүхэнд хир халдааж сонин, хэвлэлийн тэргүүн нүүрнээс салаагүй л байна. Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан уршигтай. Улс төрд өрнөсөн бараан үйл явдлаас гялтайх хэдэн зүйл өнгөрсөн хугацаанд тохиосны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, олон орны төр засгийн тэргүүнийг Төв Азид урьж дэлхий нийтийн анхаарлыг татсан.Ирэх таван жилд сонины нүүрэнд магтуулах улстөрч, улсын хөгжлийг мандуулах манлайлагч сонгуулиар олноороо төрнө хэмээн найдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх өдрийг хүлээе.