A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1969/

НҮБ-ын төсөв

НҮБ-ын нийт төсвийн 0.005 хувийг Монгол Улс төлдөг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1969/


Манай улс НҮБ-ын татварт хэчнээн төгрөг төлдөг бол? Жирийн монгол хүний санаанд энэ тухай сэтгэх цаг зав гарахгүй л дээ. Албатай ч биш. Гэхдээ улсын нууц шахуу авч үздэг учраас тэр тоог нууцалдаг. Доллараар төлж  таарна. Хэрэв ил зарлаад, жил бүр мэдээлдэг болгочихвол нэг бодлын амар. Гэхдээ одоо цаг нь биш. Монголын гурван хүн тутмын нэг нь байнга шахуу ядуу зүдүү явдаг, аж төрөх гэж үхэлтэй нүүр тулж байгаа тул “НҮБ-д ямар их мөнгө өгдөг юм”, “ямар ашиг байна”, “яах гэж төлдөг юм”, “ядуурлыг бууруулахад НҮБ юугаар тусалсан юм” гэж ирээд л туйлшрахад манайхан яг зэхээстэй байгаа.

Надад болон миний амьдралд ямар ашигтай юм гэх шалгуур тавьдагийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ санааг нь амруулах ганцхан баримт дурдсу. Гишүүн орнуудын татвараас бүрддэг НҮБ-ын нийт төсвийн 0.005 хувийг Монгол Улс төлдөг юм. Үгчилбэл ТЭГ МЯНГАНЫ TAВАН ХУВЬ. Ойролцоогоор жилдээ 124 мянган ам.доллар.

НҮБ-ын төсөв гэж ингэхэд юу юм бэ? Энэ нь тус байгууллагын байнгын төсөв, энхийг сахиулах ажиллагааны төсөв, олон улсын эрүүгийн шүүхэд зориулах үлдэгдэл төсөв гэж гурван янз буй. НҮБ-ын дүрмийн дагуу Ерөнхий ассамблей төсөв хэлэлцэж батална. НҮБ-ын гишүүн орнуудад ногдох татварын хувь хэмжээг Ерөнхий ассамблей гурван жилээр (жил бүр төд гэхчлэн) тогтоож өгнө. Захиргааны ба төсвийн асуудал эрхлэх зөвлөлдөх хороо гэж 18 гишүүнээс бүрдэх мэргэжилтний ажлын хэсгээс төсвийн төслийн анхны хувилбар бэлтгэгдэж, тэр нь Ерөнхий ассамблейн 5 дугаар хороогоор хэлэлцэгдэнэ. Тус хороонд гишүүн бүх улс харьяалагдана. Энэ тухай un.org/ ru/ga/fifth сайтаас тодруулж болно.

Ногдуулсан татвараа цагтаа төлөөгүй, өр болж үлдсэн улс орнууд НҮБ-д санал өгөх эрхээ хасуулах хүртэл шийтгэлтэй. Ийм шийтгэлийн заналхийлэлд манай улс нэг бус удаа өртөж, анхааруулга авч байсан юм билээ.

НҮБ-ын төсвийг хоёр жилийн хугацаагаар баталдаг. Нэг санхүүгийн жил нь нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. 2018-2019 оны төсвийг 5.397 тэрбум ам.доллараар баталсан ба одоо хэрэгжиж байна. Юунд зарцуулах нь ойлгомжтой. Нью-Йорк дахь НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, Женев, Вена, Найроби дахь салбар оффисуудын хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. мөн НҮБ-ын бүс нутгийн эдийн засгийн комиссууд, бусад болон тусгай улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Санхүүжилтийн цаана гишүүн орнуудаас татварт хандивлах мөнгөн дүн их чухал. Хэн их мөнгө төлнө, тэр хэрээр НҮБ-д илүү эрх дарх эдэлнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Гишүүн орнуудын төлбөрийн чадвар, түүнийг тооцоолох шалгуур нь сүүлийн жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлт, үндэсний нийт орлого, үндэсний валютынх нь ханшийн савлагаа, хүн ам тутамд ногдох орлогын хэмжээ гэхчлэн олон хүчин зүйлээр тооцоолж байж татварын хувь хэмжээ тодордог. Нэг улс НҮБ-ын татварын 22 хувиас дээш хувиар төлөхгүй байх, хамгийн ядуу гишүүн улс байлаа гэхэд ногдуулах татвар нь 0.001 хувиас буухгүй байхаар хязгаарласан. Нэг удаа АНУ 28.4691 хувийн татвар төлж байсан тохиолдол байдаг юм билээ.

2015 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд оролцох хувь надад тохиож байв. Тэр үед 2016-2018 оны төсөв баталсныг би сайн санаж байна. Тэр хуваарилалт (хүснэгтээс харна уу) одоо ч мөрдөгдөж байгаа болов уу. Ямар ч гэсэн өндөр татвар төлөгч эхний 10 гишүүн улс дээр ийм хувь хэмжээ гарч байсан даа. Энхийг сахиулах ажиллагааны төсвийг нэг жилээр баталж мөрдөнө. НҮБ-ын жил тутмын төсвөөсөө энэ төсвийг гаргах учраас санхүүгийн жил нь хуанлийн 12 сараар байх албагүй. Жил бүрийн долдугаар сарын 1-нээс дараа жилийн зургадугаар сарын 30-ны хооронд санхүүгийн жилээ тооцно. 2017-2018 оны нэг жилд 6.8 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Герман энэ төсвийн 6.39 хувийг гаргаж, дэлхий дахинд энхийг сахиулахад мөнгөн хандив өргөсөн дөрөв дэх улс боллоо гэсэн мэдээ явж байв.

Одоо яг хаана төсөв зарцуулагдаж байна вэ. Жишээ татвал Сомалид материал-техникийн хангамжийн томхон бааз, Италийн Бриндизид үйлчилгээний глобал төв, Испанийн Валенсид холбоо нөөц төв, Угандын Энтебб дэх бүс нутгийн үйлчилгээний төв, бусад үйл ажиллагаа гэхчлэн 7.316 тэрбум ам.долларыг 2018 оны зургадугаар сарын 30 хүртэл зарцуулсан баримт буй. Энэ тухай un.org/peacekeeping; peacekeeping. un.org гэх сайтуудад бичээтэй байна. Мөн unmissions.org сайтаас мэдээлэл авч болно.

Уг төсөвт НҮБ-ын бүх гишүүн улс татвараа хандивлана. Татварын хувь хэмжээг тогтооно. Татвар төлөлөгчдийг гурван бүлэгт хуваана. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой хариуцлага үүрдэг гэдгээрээ НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд таван улсад ногдуулах татвар өндөр. Хоёр дахь бүлэг нь хөгжингүй орнуудаас бүрдэх ба НҮБ-ын байнгын төсөвт төлдөг шигээ хэмжээний татварыг энхийг сахиулахад төлнө. Гурав дахь бүлэг орнуудад хөгжиж буй орнууд орох ба дотроо хэд хэдэн салбар бүлэгтэй. Хөгжлийн ялгаа зөрүү бий гэдгээрээ ангилагддаг. Гэхдээ НҮБ-ын байнгын төсөвт төлдгөөсөө багыг төлнө.

Хэн их мөнгө төлсөн нь илүү эрх эдэлнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг

Олон улсын эрүүгийн шүүхэд зориулах төсөв гэдэг нь хоёр жилийн хугацаагаар батлагдана. Жилийн эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртэл мөрдөнө. Өмнө нь руандагийн талаар ажилласан олон улсын эрүүгийн шүүх, хуучин Югославын талаарх олон улсын шүүхийн зардалд төсөв нь үлэмж зарцуулагдаж байв. 2016-2017 онд 131.97 сая ам.доллар төсөвлөсөн, 2018 онд зарцуулсан нь үлэмж хязгаарлаад 87.79 сая доллар байсан. Төсвийг бүрдүүлэхдээ арифметикийн дундаж хэмжээгээр улсуудад хуваарилан хувь тогтооно.

Ингэхэд татвараа цагт нь төлөөгүйн төлөө Ерөнхий ассамблейн санал хураалтад оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол бий болов уу? Энэ тухай НҮБ-ын дүрмийн 19 дүгээр заалт гэж бий. Өмнөх түүхэнд байсан уу гэвэл байсан юм билээ. 2018 оны есдүгээр сарын 25-ны байдлаар гурван улс татварын тооцоотой хэмээн санал хураалгах эрхээ хасуулж байжээ. Тэдгээр нь Коморын арлууд, Сан-Томе ба Принсипи, Сомали улс аж.

Манай улс арай ч ийм дээрээ тулахгүй нь тодорхой. Гэхдээ татвар төлөх нь гарцаагүй. Өртэй үлдэж болохгүй. Жилдээ ойролцоогоор 124 мянган ам.доллар төлж байгаа нь нэг хэсэгтээ үргэлжилнэ. Харин ШХАБ мэтийн бүс нутгийн олон улсын байгууллагад элсвэл төлөх татвар нь энэ дүнгээс даруй хоёр дахин, түүнээс ч илүү даваад явчих магадлалтай.

Ингэхэд НҮБ-ын татвар бүрдүүлэлт дээр БНХАУ идэвхийлээд байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ л тэгж байна. Өөрсдийгөө хөгжиж байгаа орон гэж нэрлэх, тэгсэн хэрнээ аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудыг ардаа орхиод татвар төлөлтөөр манлайлаад эхэлсэн, гайхаш бараад ч байх шиг.

НҮБ-ын төсөв бүрдүүлэлт дээр Герман, Франц, Британийг алгасаад явчихсан, одоо гуравт бичигдэж байгаа нь тус улсын жин нөлөө, дуу хоолойг дэлхийн хамтын нийгэмлэгт нэмэгдүүлж байна, нэмэгдэх ч болно. Тун удахгүй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, төрөлжсөн байгууллагуудын даргаар хятадын дипломатч сонгогдоод гараад ирэхэд гайхах зүйлгүй болж байх шиг.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнъин гэдэг нөхөр ингэж ярьсан байгаа юм. Юу гэвэл НҮБ-ын төсөв бүрдүүлэх гол зарчим бол гишүүн орнуудын төлбөрийн чадвараас шалтгаалдаг. Хятадын эдийн засгийн ерөнхий потенциал их боловч нэг хүн тутамд ногдох орлогын түвшин доогуур. Тэгэхээр хөгжиж буй орон хэвээрээ байна. Энэ бол хятад хувьд төлбөр тооцоо хийх чадварын гол үндэс болно гэжээ.

Хятадын өөрийнх нь мэдээлж байгаагаар НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том гишүүн улс, мөн энхийг сахиулах төсвийг бүрдүүлэгч хоёр дахь том нь болсон гэжээ. Энэ тухай хуа Чүнъин хэлэхдээ “НҮБ-ын саяхан баталсан шийдвэрээр ирэх гурван жилд Хятад нь НҮБ-ын байнгын төсөв, энхийг сахиулах төсвийн зардлыг бүрдүүлэх хэмжээгээ эрс нэмэгдүүлж, байнгын төсвийн 12 хувь, энхийг сахиулах төсвийн 15.2 хувийг тус тус бүрдүүлэх боллоо. Энэ бол Хятад нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг (эдийн засгийн цогц хэмээн өөрсдөө нэрлэдэг) болж, эдийн засгийн ерөнхий хэмжээ, нэг хүнд ногдох улсын эдийн засаг нэмэгдсэний үр дүн, мөн олон улс дахь Хятадын нэр нөлөө нэмэгдсэний илэрхийлэл мөн” гэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ

Ирэх онд инфляцыг найман хувьд барьж, түүнтэй уялдуулан цалинг нэмнэ

 0 сэтгэгдэл


Засгийн газар “Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон ирэх онд баримтлах төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн ирэх гурван жилд Засгийн газрын өрийг хэрхэн төлөх талаар стратегийн баримт бичгийг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд мэдээлэл хийв.

Сангийн яам 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг зургаа, инфляцын түвшинг найман хувьтай байна гэж тооцжээ. Харин гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарна хэмээн Сангийн сайд хэллээ. Мөн тэрбээр “Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 5.1-д барьж, энэ жилийнхээс 0.3 функтээр сайжруулсан” гэв.

Сангийн яам 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд 37 их наяд төгрөгөөр 400 гаруй арга хэмжээг санхүүжүүлэх санал хүлээн авчээ. Үүнээс 10 их наяд төгрөгийн 116 арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой гэж үзэн үндсэн чиглэлд тусгасан байна. Ингэхдээ улсын төсвөөр санхүүжих арга хэмжээнд зургаан их наядыг зарцуулах санал ирсний 3.4 их наяд төгрөгийн хөтөлбөр, арга хэмжээг дэмжих боломжтой гэсэн байна. Харин улсын зардалд 3.7 их наядын санал илүүлснээс 400 тэрбумыг хасахаар тогтжээ. Эдгээр таналтыг хийхдээ гадаад өрийг төлөхтэй уялдуулах, хувийн хэвшлийн хөрөнгийг ашиглах бололцоог харж зохицуулсан аж. Мөн ирэх онд цалин тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх юм.

Сангийн сайдын хэлж буйгаар энэ онд хөрөнгө оруулалтыг өндөр дүнтэй тавьсан учраас ирэх  жил шинээр хөрөнгө оруулалтын зардалд мөнгө хуваарилахгүй байхыг эрмэлзэх аж. Үүнийг сонгуулийн жил таарч байгаа учраас хөрөнгө оруулалтын зардал үр ашиггүй зарцуулагддаг гэдгээр тайлбарлаж байна. Харин Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих мөнгийг шинэ хөрөнгө оруулалт болгож төсөвт суулгах юм. Үүн дээр өнгөрсөн болон энэ онд эхэлсэн ажлуудыг гүйцээхэд зориулж нийтдээ 1.3 их наяд төгрөг төлөвлөжээ.

Засгийн газраар хэлэлцэн баталсан нэгэн чухал шийдвэр нь “2019-2022 онд төлөх өрийн удирдлагын стратегийн баримт бичиг” юм. Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “2016 оны төгсгөлд Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувийг эзэлж байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурлаа. Энэ нь барих, шилжүүлэх концессыг хийгээгүйтэй холбоотой. Ингэснээр төсвийн сахилга бат нэмэгдсэн. Үүнээс гадна ирэх онд арилжааны нөхцөлтэй гадаад, дотоод бондыг авахгүй гэсэн чиглэл барьж байна. Гадаад өрийн тухайд ирэх жил өр төлөхгүй ч 2021 оноос Мазаалай бондын 600 сая, 2022 онд Чингис бондын нэг тэрбум, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларыг төлөх юм. Стратегийн баримт бичгийн гол онцлог эдгээр 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөхдөө улсын төсөв, эдийн засаг, ханшид дарамтгүй байхаар зохицуулалт хийснээр онцлог” гэв.

Харин Сангийн сайдын мэдээллийн хамгийн анхаарал татсан сэдэв нь ирэх оны эхэнд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуудаас татаж Төрийн санд төвлөрүүлэхээр шийдсэн гэсэн мэдэгдэл байв. Үүнийг эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр авагч иргэнийхээ мөнгийг эрсдэлгүй хадгалах үүднээс төр өөртөө байлгах шаардлага үүссэн гэж, сангийн сайд тайлбарлав. Энэ талаар болон ирэх оны төсөвтэй холбоотой дараах асуултад тэрбээр хариулт өглөө.

-Арилжааны банкуудаас мөнгөө татахад өөр хүчин зүйл нөлөөлж байгаа юу?

-Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд төсвөөс тодорхой хэмжээний мөнгө өгдөг боловч тэр мөнгө төрийн мөнгө биш шүү дээ. Иргэн, ААН-ийн төлсөн мөнгө дээрх сангуудад байршиж байгаа учраас төр эрсдлээс хамгаалах үүднээс өөртөө байлгая гэж байгаа юм.

-Ирэх жил Ирээдүй өв санд хэдэн төгрөг хуримтлуулах вэ?

-Энэ санд 2019 онд 353 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Мөн энэ онд Хүний хөгжил сангаар авсан өрүүдээ төлж дуусгана. Харин төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд 900 тэрбум төгрөгийг Ирээдүй өв санд төвлөрүүлнэ гэсэн тооцоо хийсэн.

-Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн ханш ямар байна гэж тооцоолж байгаа вэ?

-Саяхан Сангийн яам ОУВСгийн хаврын уулзалтад оролцож, ирэх жилүүдэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байх талаар ярьсан. Тэндээс 2020 оны дэлхийн эдийн засаг энэ оныхоос сайн байна гэдэг нь харагдсан. Гэхдээ бид түүхий эдийн үнийг өмнөх жилүүдийнхээс бага байхаар тооцсон. Тухайлбал, нэг тонн зэсийг 6340 ам.доллар гэж тооцсон.

-Оюутолгойн далд уурхайн гэрээг цуцлах тухай ярьж эхэллээ. Хэрэв ийм байдалд хүрвэл та нарын хийж байгаа тооцоо, төсвийн хүрээний төсөөлөл талаар болох юм биш үү?

-Эрдэнэт, Оюутолгой гэсэн томоохон үйлдвэр, уурхайн ажил хэвийн үргэлжилж, улсын төсөвт өгөх мөнгөө оруулна гэдэгт итгэлтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Цогтбаатар: 19 оронд суух Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна

АНУ, БНАСАУын хооронд гурав дахь уулзалт болох ёстой

 0 сэтгэгдэл


Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Монгол Улсаас гадаадын зарим оронд суух Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Гадаад харилцааны яамнаас 20 орчим орны Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болжээ. Өнгөрсөн онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Кыргыз, Австралид суух Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Түүнчлэн Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаж, оронд нь шинэ Элчин сайд томилохоор болсон байна. Эдгээр оронд суух Элчин сайдаас гадна шинээр консулын газар нээхээр болсон орнуудыг нийлүүлэн тооцвол 20 орчим орны Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна гэсэн үг. Хаврын чуулганы хүрээнд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилох нь тодорхой.

Зарим эх сурвалжийн хэлснээр гадаад харилцааны яамнаас ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Америк, Ойрх дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг гадаадын зарим улсад суух Элчин сайдаар томилохоор ярьсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

ГХЯ-ны газрын захирлуудын нэр Элчин сайдад яригдаж байна

Элчин сайдуудын томилгоо болон цаг үеийн зарим асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Элчин сайдуудын томилгоо Засгийн газрын хуралдаанд орж ирж байна. Хичнээн Элчин сайдын асуудал одоо яригдаж байгаа юм бэ?

-19 Элчин сайдыг ээлж дарааллаар нь буцаан татах, томилох талаар ярьж байна.

-Тэдгээр Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үг үү?

-Хугацаа нь дуусаж байна. Тиймээс оронд нь явах Элчин сайдын асуудлыг ярьж байгаа юм.

-Таныг БНАСАУ-д хандан тус улсыг өдөөн хатгасан үйлдлээс татгалзаж, АНУ болон Японтой хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг уриалсан талаар “NHК” телевиз онцолсон байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс өөрийн бодлогын дагуу байнга, тууштайгаар Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудалд оролцоод явж байна. Бидний илэрхийлж буй байр суурь тогтмол, тууштай, суурьтай байгаа. Түүнээс биш гэнэтийн сэтгэл хөдлөлөөр ч юм уу, бодлогогүйгээр нэг ч үг хэлэхгүй. Саяын асуудал дээр бид АНУ, БНАСАУ гурав дахь уулзалтыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Нэг уулзана, хоёр уулзана шууд үр дүн өгнө гэж байхгүй. Энэ олон жил гацчихсан асуудал хөдөлгөөнд орж байгааг Монгол Улс дэмжиж байгаа. дараагийн шатны уулзалт болох ёстой. Тэр уулзалтад саад болж болзошгүй аливаа үйлдлийг талуудын хэн нь ч хийхгүй, итгэлцлээ бэхжүүлээд явах ёстой гэсэн байр суурийг Монгол Улс илэрхийлж байгаа. Энэ бол Монгол Улсын албан ёсны байр суурь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ЕТГ-ын дарга З.Энхболдод бичсэн нээлттэй захидал

 0 сэтгэгдэл


Төр улсын тогтолцооны талаар сонирхдог өчүүхэн бичээч би таны амар мэндийг асуун мэндчилж байна.

Миний суурь мэргэжил эдийн засагч. Эзэмшсэн мэргэжилдээ дулдуйдан улс орны эдийн засгийн чадамж, боломж, нөхцөл бололцооны талаар үзэл бодлоо хэлэхийн ялдамд таны гурван жилийн өмнө хөндөж байсан маш чухал асуудлыг эргэн сануулах гэсэн юм, ердөө энэ.

1. Эдийн засаг жил бүр өсөлттэй гарч байгаа ч харьцангуй талаас нь үзвэл үнэхээр өсөлттэй байгаа юу. Ард түмний бодит орлого өсөөгүй, харин ч буурсан. Эдийн засаг бүхэлдээ урьд хожид байгаагүй их өрийн дарамтад уналаа. Улс орныг тогтвортой авч явдаг дундаж давхарга  өндийх найдвар тун бага байна. Эдийн засгийн өсөлтийн суурь үзүүлэлтээр цалин, тэтгэвэрийг индексжүүлэхгүйгээс ард түмэнд цалингаар амьдарна гэсэн ойлголт алга болсон. Цалин хангамжийн дефицитээс болж иргэд өрийн гинжин сүлжээнд орсноос түгээмлээр ядуурлаа. Тэгэхээр эдийн засаг харьцангуй үзүүлэлтээр макро түвшиндээ өссөн гэдэг нь худлаа болж таарч байна. Эндээс гарах хамгийн найдвартай арга зам бол “Эдийн засгийн суурь бүтэц” (дэд бүтэц хэмээн гажуу нэрлэж хэвшсэн)-ийн аль нэгийг түлхүү хөгжүүлж, хөгжлийн стратеги болгон зарлах явдал юм хэмээн ойлгодог. Энэ утгаар алс дорнодын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох саналыг зөв бодлого хэмээн дэмжиж байна.

2. Мэдээж эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангаж, бас импортлоно хэмээх үг сайхан л сонсогдож байна, тийм боломж ч байгаа байх. Гэхдээ дотоодын хэрэгцээ гэдгийг юу гэж харж байна. Нийлүүлэлт дагаад хэрэгцээ өсдөг гэсэн эдийн засгийн хууль байдгийг та юу эс андах вэ. Шинэ хэрэгцээ мөр мөрөө даган орж ирнэ. Үүнтэй уялдуулаад нэг санаа дэвшүүлье. Энэ нь малчдын амиа аргацаасан аж ахуйг эрчим хүчний тусламж дэмжлэгтэйгээр таваарын жижиг үйлдвэрлэлд шилжүүлэх тухай санаа. Малчны суурь бүрт, өвөлжөө болгонд эрчим хүчний хангамжийг хүргэмээр байна. Энэ замаар малын гаралтай түүхий эдийн таваарлаг чанарыг бий болгож болно гэж бодох юм. Малчны хотхонд өрх айл болгон үйлдвэрлэгч болох ёстой. Герман, Австри, Франц ч өрхийн үйлдвэрлэлийг онцгойлон авч үзэж, жижиг оврын техник төхөөрөмжийн үйлдвэрлэлээ эрчимжүүлээд эхэллээ.

Мал аж ахуйг суурь салбар болгон тунхаглаж, улмаар ажил болгох гэсэн Е.Энхболдын санаа одоо ч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. 

sonin.mn/blog/tserenkhuu/59415

З.Энхболдын дэвшүүлсэн концепц

Би бээр З.Энхболдын өмгөөлөгч, магтан дуулаачийн аль нь ч биш, тийм шаардлага ч мань мэтэд байхгүйг эхлээд хэлье. Хувь хүн талаас нь түүнийг мэдэх ч үгүй, хумсаа хүртэл нууж явахаас аргагүй, дээр нь бодол санаагаа шулуухан хэлдэг хүн хомс болчихсон энэ гажуу цаг үед нял шал гэлгүйгээр, эмоцио хүртэл нуулгүйгээр хэлэх юмаа шуудхан хэлчихдэг нь зүгээр ч юм уу гэж бодогддог. Төрийн том хүний үг бол үндсэндээ үйлдэл. Түүний нэг цэг хэмээн соёрхоцгооно уу.

Тэргүүний малчдын улсын Зөвлөлдөөн (Зөвлөгөөн биш) дээр, УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Анхаарал татсан гойд зүйл нь гэвэл, өнгөрсөн 25 жилийн туршид, эдийн засгийн хөгжлийн стратегийн концепцын ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, шинэ концепц дэвшүүлсэн дээд удирдлагын түвшний анхны улстөрчөөр тэр гарцаагүй тодорлоо. Төрийн чухал хүний хэлсэн үгийг судалж, танин мэдэхүйн үндэслэлүүдээр тайлбарлахыг интерпретаци гэдэг. Түүний хэлсэн үгэнд, мэргэжилдээ дулдуйдан бичил интерпретаци хийхийг оролдож, заримдаа өөрийн үгээр хачир нэмэрлэн нийтлэл болгон толилуулав.

ТАВАН ХОШУУ МАЛЫН ТУХАЙ КОНЦЕПЦЫН ҮНДЭСЛЭЛ

Энэхүү концепц нь малын тухай байдаг л нэг асуудал дэвшүүлсэн үзэл баримтлал төдий зүйл биш юм шиг байна. Гахай, шувууг оруулаад долоон хошуу малтай болъё, бэлчээрийнхээс суурин фермерийн аж ахуй руу зоригтой шилжье...гээд янз янзын зорилт дэвшүүлцгээдэг байсан. Гэтэл энд арай том зураглал, макро эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын асуудлыг хөндлөө гэж ойлгож байна.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар юу вэ гэвэл “уул уурхай” хэмээн хэнбугай ч төвдөхгүй хариулна. Стратегийн орд гэх чамин цолтой энэ салбарыг би хэдэн ч удаа толин тусгалт ( situs inversus) гаж салбар хэмээн хүчтэй шүүмжилж байв. Харахад их гоё, үр дүн нь толины тусгал шиг урвуугаар буудаг болохоор нь тэр л дээ. Борлуулалт шүтсэн, зах зээлийн үнэд боолчлогдсон салбар л даа хөөрхий. Ийм салбарт, “стратегийн” гэх сүрхий нэр өгч, тэргүүлэх салбараараа өргөмжилсөн нь 25 жилийн түүхийн үнэхээр том алдаа. Ард нь олигархиуд байгаа болохоор зориудын алдаа гэх нь дээр байх.

КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА http://sonin.mn/blog/ tserenkhuu/57344

З.Энхболдын эшлэлээс:

-“Улс орны онцлогоор уул уурхай мэдээж цаашид ч гэсэн чухал салбар болон үлдэх нь дамжиггүй ч тэргүүлэх ч гэдэг юм уу суурь салбар гэхээр хөнгөн үйлдвэр, маа хоёрын аль нэгийг сонгохоос өөр гарц байхгүй л дээ. Энд нэг логикийн юм ажиглагдаад байгаа нь юу вэ гэхээр хөнгөн үйлдвэр дагуулж маа хөгжүүлэх амаргүй, харин МАА-н хүрээнд хөнгөн, хүнсний аж үйлдвэрээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр, МАА-г суурь салбар гэж төрийн бодлогын түвшинд зарласан нь санамсаргүй зүйл биш, цаг орон зайгаа онож олсон концепц. Энэ бол аргагүй том концепц”.

-“Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр бий болсон уул уурхайн түүхий эдийн үнийн уналт манай эдийн засагт хүчтэй цохилт болж, бидэнд хөгжлийн талаар нэгийг бодогдуулж, дан ганц уул уурхайд суурилсан эдийн засагтай байж болохгүй гэдгийг хатуу ухааруулж байна. Монгол Улсын хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар гэдэг үзэл баримтлалыг ардчилсан намаас төрийн бодлого болгон дэвшүүлж байна”.

МАА бол эдийн засгийн суурь салбар мөн гэж төрийн бодлогын хэмжээнд тунхаглах хэд хэдэн  үндэслэл байгаа аж.

1. МАА бол монголчуудын соёл, аж ахуй эрхлэлтийн түүхэн уламжлал.

“Монголчууд бид хэдэн мянган жилийн өмнөөс бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч ирсэн баялаг уламжлалтай ард түмэн.”

2. “МАА-н хөгжил нь бусад салбар хөгжих суурь, хөрс нь болон үйлчлэх боломжтой, монголчууд бид мал аж ахуйгаа хөгжлийн үндэс болгох учиртай”

3. Монголчуудын нэлээд хэсэг нь шууд, үлдсэн хэсэг нь шууд бусаар МАА-тай холбогддог. Мах иддэггүй монгол хүн олоод ир гэвэл огт хоол иддэггүй хүнийг эрсэн нь хялбар байлгүй дээ.

Энэ салбарыг хөгжүүлэх нь олон айл өрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгодог. Хөдөө аж ахуй бол манай улсын нийт ажиллах хүчний дөрөвний нэгийг багтаадаг, нийт өрхийн талаас илүү хувь нь энэ салбараас хамааралтай амьдардаг эдийн засгийн томоохон салбар тул олон мянган айлын орлого нэмэгдэнэ”

4. ХАА-г хөнгөн хүнсний үйлдвэрлэл хөгжих суурь бүтэц болгох нь илүү ашигтай гэдэг нь гаднын туршилт, туршлагаар ч нотлогдсон зүйл.

Амиа аргацаасан арга, эрчимжсэн технологийн шинэчлэлд гологдоно

“Ялангуяа аж үйлдвэржилтийг амжилттай хөгжүүлсэн азийн орнуудын жишээг харахад эхлээд хөдөө аж ахуйн салбараа онцгой анхаарч, хөгжлийн гараагаа эхлүүлжээ. “Дэлхийн II дайны дараа Япон улс эдийн засгаа хурдан босгохын тулд юуны түрүүнд газар тариалангийн салбараас эхлэн эрчимтэй шинэчлэл эхлүүлсэн. Төрийн нэгдсэн бодлогоор ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр хүн амынх нь орлого нэмэгдэж, дотоодын зах зээлээ томруулан бэхжүүлсэн байна. Энэ нь аж үйлдвэрийн бусад салбараа хөгжүүлэх үндэс болж улмаар Япон улс дэлхийд тэргүүлэгч болсон.”

5. Монголын уламжлалт МАА-н давуу тал нь бэлчээрийн ургамалд байгаа юм. Мал хөөж, сорчилж иддэг ургамлуудыг голчлон анхаарч, манай судлаачдын зүгээс Орос, Буриадын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлон харуулдаг. Энэ давуу талыг ашиглан эдийн засгаа өөд нь татаад авах нь монголчуудын хувьд чимээгүйхэн өнгөрөөж боломгүй заяагдмал боломж

“Онгон зэрлэг байгаль дээрээ аргаль, янгир гэх мэт зэрлэг амьтадтай адил өвс ногоо иддэг тул монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ давуу талаа ашиглан өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна”

Энэ дашрамд өгүүлэхэд, байгалийн хүнд нөхцөлд онцгой чанарын ургамал ургадаг нь үндэслэлтэй зүйл. Францын Кристиан диорын үндсэн түүхий эд гэгдэх тосыг Сахарын цөлд ургадаг ховор цэцгээс гаргаж авдаг. Хулан, тахь гагцхүү монголын говьд л үржинэ. Германчууд монгол адуу авааччихсан, мюнхений ойролцоо өсгөж, яаж ч оролдоод айраг гаргаж чадахгүй байна. Тэр фермер монгол ажилчидтай юм билээ. Айраг, гадаад улс оронд бүү хэл монголын зарим аймаг, нутагт ч эсэхгүй байх нь бий гэх мэт ийм жишээ үй түмээр нь дурдаж болно.

КОНЦЕПЦЫН НИЙГЭМ ЗҮЙН ТАЛ

Тал гэх юмгүй, МАА-г тэргүүлэх салбар болгоно гэсэн концепц нь өөрөө нийгмийн асуудлыг бүхэлд нь хөндөж байна. Нийгмийг хөдөлгөх том хөшүүрэг бол “татвар”. Малчдыг татвараас чөлөөлөх арга хоцрогджээ гэдгийг онцлон дурдъя, бид татвар төлөх эрхгүй хүмүүс үү гэсэн асуулт малчин хүний амнаас гарч байсныг санацгааж байгаа. Энэ бол улстөрчдийн сэтгэлгээ хөдөө нутгийн малчин хүний тэмүүллээс ч доогуур түвшинд байгааг харуулсан бодит жишээ. ХАА-н татвар гэсэн эрх зүйн шинэ орчин үүсгэх цаг, шаардлага болон ирж байна.

МАЛЫН ТАВААРЛАГ ЧАНАР

МАА-д нэмүү өртөг үүсгэх таваарын өргөтгөсөн үйлдвэрлэл босгож, түүнийгээ эрчимжүүлэхгүйгээр энэ бодлого хэрэгжих боломжгүй.

“Бэлчээрийн мал аж ахуйтай орчин үеийн фермерийнхээ менежментийг мөн хослуулж хөгжүүлэх нь зүйтэй” гэж З.Энхболд хэлсэн.

Энэ том зорилтыг дан ганц эдийн засаг талаас нь харвал бүтэмж муутай. хуучнаар ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэл гэдэг байсан, одоо бол хүний нөөцийн тасралтгүй нөхөн үйлдвэрлэлийг чанартай хийх ёстой. Залгамж халааг алдаж болохгүй, үүний тулд анхаарлын голыг хүн рүүгээ чиглүүлэх ёстой. Энд дан ганц халамжийн бодлого явуулаад, эсвэл тэртэй тэргүй төлдөггүй татвараас нь чөлөөлнө гэж яриад нэмэр болохгүй. Малчин гэдэг ерөнхий нэршлийг халж, МАА-н ажилчин, мэргэжилтэн категорид хамруулж, цалинтай, татвартай, хариуцлагатай хөдөлмөрчид бойжуулан гаргаж ирэх ёстой.

НЭМЭРЛЭХ САНАА ОНОО

Монголчууд мал маллахаа мэдээж хэнээр ч заалгахгүй, гэхдээ МАА-н бүтээгдэхүүнийг тавааржуулах тал дээр үндэсний болоод гаднын шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны институтүүдтэй нягт хамтран ажиллах ёстой. Надад бодогдож явдаг, хэлчихмээр ганц нэг юм  байна.

1.Малаас гарах түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнд нэмэгдүүлсэн өртөг аль болохоор, боломжоор шингэж явах ёстой, тэгж гэмээ нь мал аж ахуй бүхэлдээ таваарлаг болж чадна. Амиа аргацаасан арга, эрчимжсэн технологийн шинэчлэлд гологдоно. Орос, монголын эрдэмтэд мал, малын бэлчээрийн даац, ургамлыг хангалттай судалсан. МАА-г тэлэх биш эрчимжүүлэх шаардлага судалгааны дүгнэлтүүдээс гарсан байдаг. Бүтээмжийг өсгөх чиглэлээр эрчимжүүлэх нэг хэрэг, харин бүтээгдэхүүнийг тавааржуулах эрэл хайгуул хийх нь орчин цагийн хамгийн чухал зорилт ч байж мэднэ.

2. МАА-н брэнд бүтээгдэхүүнээр дэлхийд гарах ёстой. Мэдээж ийм боломж байгаа, учир нь манай бэлчээрийн малын мах, сүүний найрлагын шимт бодис бусад улс орнуудаас хавьгүй өндөр байдаг. Итали, Франц зэрэг гоо сайхны бараа үйлдвэрлэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнууд манай адууны махыг их авдаг. Бас Европын өвлийн спортын хамгийн дуртай тэмцээн бол цана, трамплин. Тамирчид дотуураа ноолууран трико өмсдөг, италийн хувцас хүнд, эдэлгээ муутай гэж олимпын мульт медалийн эзэн, дэлхийн дөрвөн удаагийн аварга а.малыш ярьж байхыг сонссон юм.

3. Гаднын туршлага, ялангуяа нано өндөр хөгжчихсөн австрали зэрэг орноос бэлэн аваад хэрэгжүүлчихмээр туршлагыг шууд нэвтрүүлмээр байгаа юм. Ганц жишээ хэлье. Австралиас хонь ачиж гарсан хөлөг онгоцон дээр жижиг үйлдвэрлэл явагдаж Япон, Африкийн мaрокко зэрэг оронд хүрэхдээ, бэлэн нано бүтээгдэхүүн, бордоо буулгаад буцдаг гэсэн. Манайх увс, ховдоос сүү ачиж гараад УБ-д савласан сүү буулгадаг, мах ачиж гараад, зуур аймгуудад түүхий эдийн нөхөн бэлтгэлээ хийсээр, үйлдвэрлэсээр УБ, дарханд консерв буулгадаг суурин бус жижиг үйлдвэр TIR ашиглан хийж яагаад болохгүй гэж.

4. МАА-н дистрибютoр (distributor), брэнч (branch) жижиг үйлдвэрүүдийг үй олноор нь нээх. Энэ хоёр бол менежментийн нэг чиглэл. Дистрибютор жижиг үйлдвэрүүдийг Орос, Хятад, Япон, Франц, герман гээд манайхаас МАА-н бүтээгдэхүүн импортлох сонирхолтой орнуудад байгуулна гэсэн үг. Гадаадад суугаа иргэдээ энд ашигласан ч болно. Брэнч үйлдвэр гэхээр деталиар төрөлждөг хэлбэр их моод болж байгаа юм байна. Дэлхийн брэндийн хувцас үйлдвэрлэдэг том пүүсийн нэгхэн төрлийн товчийг үхрийн эврээр хийнэ гэдэг ч юм уу. Саяхан Польшийн нэг брэнч жижиг үйлдвэрийн тухай нэвтрүүлэг гарлаа. Францын байлдааны онгоцны ганцхан диодыг хийдэг юм билээ, түүхий эд нь зөвхөн Польшид л байдаг, бас тогмол өндөр орлоготой. Тоёото машины ганцхан деталийг УБ-т хийдэг жижиг үйлдвэрийн эзэн долгормаа гээд залуутай танилцан ярилцаж байсан. ийм брэнч үйлдвэрүүдэд борлуулалтын зах зээл эрэх шаардлага байдаггүй давуу талтай. Мөн эх үйлдвэрээс нь технологийн шинэчлэлийг их шуурхай хийдэг юм. Энэ бол МАА-д хамгийн тохиромжтой менежмент.

Малдаа сүнсгүй хайртай монголчуудад, МАА-гаа өөд нь татна гэхээр америкийн ямар ч гайхамшгуудтай зүйрлэхийн ч аргагүй ойр, дотно, дулаан бүлээн санагдаж байна. Гэхдээ өнөөдөр “үгийг үйлдэл болгох” юунаас ч чухал байна. үйлдэл болгохын тулд юуны өмнө “Эс үйдэл” гэж тийрэнгээс салах, мөн “Эв нэгдэл” гэгчийг бүх шатанд эргүүлэн тогтоомоор байгаа юм. Газраа ухаж жаахан юм гаргаа л их мөнгө бэлнээр ороод ирдэг юм шиг фикус үзэгдэл харагдуулаад байдаг уул уурхайд “хойшоо бай” гэж хэлэх цаг нь болсон. Улстөрчид өө, одоо больцгоох цаг нь болжээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Тогтохсүрэн: ЗГ-ын мөрийн хөтөлбөр 70-80 хувьтай биелнэ

Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй

 0 сэтгэгдэл


Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт одоогоор 50.5 хувьтай байна гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэжээ. Тэгэхдээ гүйцэтгэл 100 хувь биш асуудлыг шууд “0” хувь гэж үзсэнийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэв.

Тухайлбал, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн хугацаанд нэлээд ярьж, төсөл нь бэлэн хэдий ч УИХ-д өргөн бариагүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзээд “0” дүн тавьжээ. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэхдээ өмнөх үеийн Засгийн газруудтай харьцуулахад илүү бодитой дүгнэсэн гэдгийг тэрбээр тодотгосон юм. Цаашид агаарын бохирдол, замын түгжрэл, хүн амын хавдрын өвчлөл, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг хүлээгдэж буй олон асуудал бий гэдгийг энэ үеэр хэллээ.

Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Ирэх сонгууль хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт хэдэн хувиар биелнэ гэж төсөөлж байна?

-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй байна. Гэхдээ томоохон асуудлуудаа шийдье гэж үзсэн. Мэдээж бүгдийг шийдэх боломжгүй. Бүгдийг шийдье гэвэл хоёр асуудал тулгарна. Нэг бол концессын гэрээ байгуулахгүй, үгүй бол гаднаас  зээл авахад хүрнэ. Энэ Засгийн газар гаднаас авах зээлийг эрс багасгах, концесс байгуулахгүй гэсэн зарчмыг л барьж байгаа. Концесс, зээл хоёр бол ирээдүйд ард түмэнд очих өр.

Өмнөх үеийн Засгийн газруудтай харьцуулахад илүү бодитой дүгнэсэн

Тийм учраас өр нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. 10 их наяд гаруй төгрөгийн асуудлыг улсын төсвийн хэмжээнд шийдвэрлэх боломж бий.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?

-Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй. Зарим гишүүн тойргийн аж ахуйн нэгжээ дэмжих бичиг хийж өгөөд, “ЖДҮ”-чин болчихсон тохиолдол гарсан. Хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ асуудалд хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ асуудлыг ялгаж салгах шаардлагатай. Уг нь хууль хяналтын байгууллага ялгаж салгамаар байгаа юм. Ерөнхий сайд гишүүдийг авсан зээлээ төлж, уучлалт гуй гэдгийг анхааруулсан.

-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?

-АТГ-ын даргын асуудал энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.

-Иргэний мэдээллийн нууцад халддаг байдлыг таслан зогсоох чиглэлд танай намын бүлэг тодорхой санаачилга гаргахгүй юм уу?

-Энэ чиглэлээр гишүүд хуулийн төсөл санаачилж байгаа.