A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3046/

НҮБ: Ядуурлын түвшнээс ч доогуур амьдралтай хүмүүс сэтгэл түгшээж байна

Нийгмийн салбарт хуваарилсан мөнгө хумигдсаар иржээ

НҮБ: Ядуурлын түвшнээс ч доогуур амьдралтай хүмүүс сэтгэл түгшээж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3046/


Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ий 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн (ипотек, хэрэглээ, компанийн өр)тал хувийг эзэлж байгаа бол үлдсэн 50 хувийг уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байгаа аж. “Энэхүү өрөө төлөхийн тулд Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танах үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн комиссын Гадаад өр, хүний эрх хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохолавски өчигдөр мэдэгдлээ.

Дэлхийн улс орнууд манайхтай адил өрөө төлөхийн тулд эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудад хуваарилах төсвөө ингэж бүдүүлгээр танадаггүй гэдгийг тэрбээр онцолсон юм.

Энэ нь эргээд иргэдэд дарамт учруулж, ядууралд автах гол шалтгаан болдог аж. Тус асуудалд хэрхэн хандах ёстой талаар шинжээч Хуан Пабло Бохославскигоос тодруулахад “Өрийн хэмжээ бол Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Тиймээс энэ асуудалд ямар нэгэн зөвлөмж өгөх зохимжгүй юм. Дэлхийн ихэнх улс оронд “Өрхийн тогтвортой байдлын дүн шинжилгээ” хийж үзэхэд их хэмжээгээр авч байгаа өр, зээл нь хүний эрхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт дүн шинжилгээ төдийлэн хийдэггүй болох нь анзаарагдсан. Өр төлбөрийн асуудалд Засгийн газрын төлөх чадвар чухал нөлөөтэй байдаг. Тиймээс гадаад, дотоод өрийн талаар нарийн дүн шинжилгээ хийж, боловсрол, иргэдийн амьдралын түвшинг салбар салбарын үзүүлэлтээр гаргах нь чухал. Энэ өрийг эргэн төлөх нь тухайн улс орны нийгмийн бодлого, хүний эрхийн асуудалд хэрхэн нөлөөлөхийг бодолцох шаардлагатай Засгийн газарт санал болгож байна” гэв.

Тэрбээр энэ сарын 2-11-ний өдрүүдэд Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн бодлого, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзжээ. “Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Тэр тусмаа зарим бүс нутагт нийт хүн амын бараг тал хувь нь ядуурлын төвшнөөс доогуур төвшинд амьдарч буйд сэтгэл зовниж байна” хэмээн НҮБ-ын тайланд дурджээ.

Нийгмийн салбарт өнгөрсөн арван жилд хуваарилсан төсвийн хөрөнгө хумигдсаар иржээ. Тухайлбал, улсын нийт төсвийн 18 хувь нь бага болон дунд сургуулийн санхүүжилтэд зарцуулагдаж байна.

Судалгааны тайлангаа арваннэгдүгээр сард Засгийн газарт хүргүүлнэ

Харин эрүүл мэндийн салбарт өнгөрсөн онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төлөвлөсөн нь 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Мөн эрүүл мэндийн салбарт гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах боломжгүй болсны улмаас үр хөндөлтийн хувь шууд өссөн болохыг НҮБ-ын тайлангаас харж болно.

Томоохон хөрөнгө оруулалт, зээлийн гол зорилго нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн байх ёстой. Ингэснээр төслийн үр шимийг тухайн орны хүн ам жинхэнэ утгаар нь хүртдэг аж. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ гол орчимд гэхэд нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хэд хэдэн өрхийн нэлээд олон хүний эрх, түүний дотор орон байртай байх эрх ноцтой зөрчигдсөн болохыг Хуан Пабло Бохославски хэлсэн юм. Тэрбээр нөхөн олговрын хэмжээнд сэтгэл ханамжтай бус үлдсэн оршин суугчдын асуудлыг шийдэх шаардлагатай гэв. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс иргэдэд орон байртай болоход нь хүрэхүйц хэмжээний нөхөн олговор олгох хэрэгтэй. Эс бөгөөс эдгээр хүмүүс гудамжинд гарч, ядуусын тоог нэмэх эрсдэлтэйг анхааруулж байлаа.

НҮБ-ын Хүний эрхийн комиссын Гадаад өр, хүний эрх хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохолавски Монголд ажилласан судалгааны бүрэн тайлангаа энэ оны арваннэгдүгээр сард бичиж дуусгаад Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх аж. Үүний дагуу Засгийн газар санал бүхий хариугаа өгнө. Эцэст нь, НҮБ-ын Хүний эрхийн комисст танилцуулах юм байна. Цаашид Монголд ажилласан судалгааны ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тэрбээр мэдэгдсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цөмөөхэй” баллет тоглоно

 0 сэтгэгдэл

Жил бүрийн шинэ жилийн баяраар П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу уг балетыг энэ жил зургаа дахь жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. Монголын балетчдын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг энэ сарын 20-28-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд тасалбарын үнэ 20-140 мянган төгрөг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Хосбаяр "Үр" кино үйлийн үрийг өгүүлнэ

 0 сэтгэгдэл
  • "Үр" кино хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлнэ
  • Энэ дүр хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ

Hайруулагч Чений анхны бие даасан уран бүтээл болох “Үр” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Аймшгийн, драмын төрлийн тус киног Dream энтертайнмент хийсэн бөгөөд кино зохиолыг бодит амьдралаас сэдэв лэн бүтээжээ. “ҮР” киноны гол дүрийн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа

-Энэ дүр таны тоглож байсан бусад дүрээс ямар онцлогтой вэ. Кинонд тоглох саналыг хэрхэн авав? 

-”Үр” кинонд би эсрэг дүр бүтээсэн. Өмнө нь ийм төрлийн кинонд тоглож, сөрөг дүр дээр ажиллаж байгаагүй болохоор найруулагч дүрийн санал тавихад их сонирхолтой санагдаж, хүлээж авсан. Мөн энэ дүр надаас тэс өөр зан, суртахуунтай хүнийг илэрхийлдэг. Муу санаатай, бусдыг өөлж, бохир мөнгөний төлөө хөөцөлдсөн залуугийн дүрийг гаргах амаргүй байлаа. Эсрэг дүрийг муухай харж, хараалын үгтэй текст хэлээд болчихдоггүй болохыг ойлгосон. 

-Таны тоглосон дүр үзэгчдэд юу ойлгуулж, өгүүлэхийг зорьсон бэ? 

-Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ хэмээх монгол ардын зүйр үг бий. Анх зохиолоо уншихад л миний дүр энэ утга санааг илэрхийлж байсан. Хүн хөдөлмөр, хичээл зүтгэл, ур чадвар, ухаанаараа амжилтад хүрдэг бөгөөд амжилт мөнгө дагуулдаг шүү дээ. Харин энэ дүр бол хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ. Тиймээс киноны дүрээрээ дамжуулан буруу хийсэн үйлдэл бүхэн үр дүнтэй, муу үйлийн үрийг өөртөө бүү хураа гэх санааг илэрхийлэхийг хичээсэн. Ариун, цагаан хөдөлмөрөөр амьдралаа босгох нь хүний эрхэм чанар юм. 

-Манай улсын уран бүтээлчид 1993 оноос аймшгийн кино хийж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш энэ төрлийн олон кино үзэгчдийн хүртээл болсон. “Үр” кино аймшгийн төрлийн бусад киноноос юугаараа онцлог вэ, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн? 

-Ихэнх аймшгийн кино чөтгөр, шулмыг өгүүлж хүмүүсийг цочоож, айлгадаг. Манай кино сэтгэл зүйн драм төрлийн кино. Хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлэхээр хийгдсэн гэдгээрээ онцлог. Улмаар муу зүйл хийж, бусдын амьдралыг бусниулан, буруу аргаар амьдарвал үйлийн үр заавал ирдэг болохыг үзэгчдэд ойлгуулна. Хэдий энэ бие, энэ насаа зовлонгүй өнгөрөөсөн ч үйлийн үр үр удмыг нь дагаж байдаг гэх санааг өгүүлсэн. Кино зохиолыг найруулагчийн танилд тохиолдсон амьдралаас сэдэвлэж бичсэн тул бодит амьдралтай ойр, үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулахаар өгүүлэмжтэй сайн уран бүтээл болсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэрчин хүүгийн хэв маяг дэлхийг байлдан дагуулсан

 0 сэтгэгдэл
  • Зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татав
  • Гэвч зэрлэг Өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж 1920-иод онд Зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, Вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх

Дэлбэгэр бүрх, давируултай гутал, жинс, бугуйл, кантри хөгжим, родео-морь булгиулах тэмцээн зэрэг нь ямар нэг байдлаар Америкийн үхэрчдийн бүтээсэн дэд соёл юм. Үхэр ба хүү буюу cow, boy гэх хоёр үгээс бүрдэх үхэрчин хүү буюу cowboy гэдэг үг XVIII зууны Англид анх үүссэн түүхтэй. Харин насанд хүрсэн үхэрчин хүнийг cowherd буюу үхэр маллагч гэдэг байж. Одоо бидний мэдэх ковбой хэмээх үхэр туугч залуусын сонгодог хэв маяг ердөө 30 жил, 1860-1890 оны орчимд оршин тогтсон байна. 1846-1848 оны дайны өмнөхөн Шинэ Мексик, Аризона, Невада, Калифорни, Юта, Техас зэрэг Мексикийн харьяанд байсан мужууд АНУ- ын бүрэлдэхүүнд оржээ. Чухамдаа Техасыг авсан нь АНУ, Мексикийн дайны галыг өдөөх цучил болсон юм. АНУ аж үйлдвэр, хүн ам байхгүй шахам асар уудам газрыг эрхэндээ авав. Шинэ муж улсууд руу шилжин суурьшигчид хошуурч, нутгийн иргэдийн соёлыг авсны дотор “вакеро” хэмээх тууварчдын ажлыг уламжлав. Энэ нэр  дундад зууны Испаниас үүсэлтэй агаад ган гачгийн улмаас мал сүрэгтээ өвс бэлчээр хайн нүүдэллэгчдийг хэлдэг байжээ. Морь сайн унадаг, сүргээ хамгаалан зэвсэг барихад бэлэн, задгай тэнгэр дор өдөр шөнөгүй малаа сахидаг адал явдал хайгч шинэ маягийн малчдын бүлэг бий болсон гэдэг. Америкийн шинэхэн мужуудад вакеро нь ковбой болон хувирчээ. Тэд зүүн эргийн нутаг руу худалдах сүргийг тууж, заримдаа мянган бээрийг туулан төмөр замын станцад хүргэх ажил эрхэлдэг байв. Хүнд хөдөлмөр, хатуу амьдралын ийм хэв маягийг Америкт “вестерн” хэмээн нэрлэсэн. Улмаар баруун нутгийн хүн ам олширч, төмөр зам тавигдсанаар сонгодог ковбойн амьдрал үгүй боллоо. Гэвч зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж, 1920-иод онд зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн  хэрэг. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн хэрэг. XX зууны хоёрдугаар хагаст өөрийн хөгжим (кантри), спорт (морь, бух булгиулах родео, бугуйлдах тэмцээн), шашинтай (ковбойн сүм хүртэл байгуулагдсан) бас мэдээж хувцасны хэв загвартай бүхэл бүтэн дэд соёл болон дэлгэрэв. Ковбойн сонгодог гутлын хошуу хэт нарийсаж, бараг шовх гэмээр үзүүртэй болов. Бүсний толь морь унахад саад хийдэг боловч жинхэнэ техас эрийн бэлгэдэл нь суран бүсэн дээрх том дэгжин толь юм. Дэлбэгэр бүрхний бүх төрөл дотроос стетсон хэмээх өндөр оройтой нь моодонд орж, ковбойн гангарааны салшгүй хэсэг болжээ. Цаашлаад ковбойн стиль сонгодог хэв шинжээ алдаж чөлөөт урсгал руу хальснаас 1960-аад оны хиппи залуусын моод болсноор жинс, арьсан жилет, борог даавуу нөмрөг дэлгэрэв. 2010 оноос ковбой загвар дахин амьдарлаа. Дизайнер Ральф Лорен Вестерн цуглуулгаа бүтээсэн бол Calvin Klein брэнд жинс өмд, том тольтой бүс, дөрвөлжин хээтэй цамцыг загварууддаа оруулжээ. 2018 оны намар, өвлийн загваруудаас мөн ковбой хувцасны элементүүдийг ажиглаж болно. Эртнээс ковбой хувцас үйлдвэрлэж ирсэн Wrangler 2019 оны Icons буюу шүтээн нэртэй цуглуулгадаа 1946 онд гарсан анхны жинсний загвараар бүтээсэн өмд, хувцас танилцуулсан. Сүүлийн жилүүдэд вестерн стиль хувцаслалт төдийгүй Америкийн нийгмийн амьдралд ч нөлөөгөө тусгаж, ковбой малгай, өмд шинэ утга, бэлгэдэл агуулах боллоо. 2017 онд Лас Вегасын 91-р гудамжинд кантри хөгжмийн фестивальд оролцогсдыг бөөнөөр буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Нэг үзэгчийн талбайд орхисон ковбой гутал нийгмийн сүлжээгээр тарж, хэрэглэгчид янз бүрийн коммент бичиж байв. Аллагын олон хохирогч ийм гуталтай байсан агаад Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан гэсэн мэдээлэл түгсэн. Харин буудагч этгээд Ардчилсан намд бүртгэлтэй байжээ. Хүмүүсийн нэг хэсэг нь ковбойн загварыг жинхэнэ Америкийн бэлгэдэл гэж шүтдэг бол нөгөө зарим нь хуучирсан эршүүд үзлийн үлдвэр хэмээн хялайх нь бий. Эд бүгдээс харахад ковбойн хэв маяг Америкийн түүх хийгээд орчин цагийн дэд соёл, гоо зүйн бэлгэдэл гэдэг утгаа алдаагүй бололтой. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.