A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1111/

Нүүрсний салбар цаг хугацаатай уралдаж байна

​Хүрэн нүүрсний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд эхний аравт багтаж байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1111/


“Эрдэнэс Тавантолгой” коксжих нүүрсний нөөцөө 1.3 тэрбум тонноор нэмэгдүүлж, “Саусгоби сэндс” компани нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулсан цаг үед “Coal Mongolia-2018” чуулга уулзалт хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Жил болгоны өдийд болдог тус арга хэмжээ нүүрсний зах зээлийг онилдог. Энэ салбарын өрсөлдөх чадварыг олон улсад өөд татах нь чуулга уулзалтын мөнхийн тэргүүн зорилт байсаар ирсэн юм. МАК болон “Өсөх зоос” компани баяжуулах үйлдвэрийн төсөл эхлүүлж, нүүрсний экспорт оны эхний долоон сарын байдлаар 20 сая тонныг давсан гээд чамлахааргүй амжилт энэ салбарынхантай холбогдож байна. Гэвч тэд сэтгэл ханаагүй бололтой. Учир нь илүү нөөц, боломж харагдаж байгаа тул зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэх сонирхол нүүрсний компаниудад байна. Монголын эдийн засгийг сүүлийн 10 гаруй жил чирж яваа нүүрс экспортыг өнгөлж ирсэн. Овор хэмжээ ихтэй ч олон хүнийг ажилтай, улсын төсвийг орлоготой болгож байгаа түүхий эд.

Нүүрсний олборлолтын цаана тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал яригддаг. Тэгвэл чуулга уулзалтын үеэр 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа хийгдлээ. Түүнчлэн “Coal Mongolia-2018” чуулга уулзалт экспортыг гарцыг нэмэгдүүлэх шинэ боломжийг дуулгав. Тодруулбал, Ханги Мандалын боомтоор төмөр замын хоёр дахь гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр холбогдох албаныхан өмнөд хөрштэй яриа, хэлэлцээр өрнүүлж байгаа аж. Тавантолгой-Гашуунсуйхатаас гадна төмөр замын шинэ гарцтай болсноор манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж, илүү хямд өртгөөр уул уурхайн бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэх юм. Өмнөд хөршийн далайн эргийн коксжих нүүрсний худалдаа хумигдаж, Өвөр Монгол, Хятадын хойд хэсэгт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. Энэ нь Тавантолгой ордтой зах зээл улам ойртож байна гэсэн үг. Өнгөрсөн онд 40 гаруй компани нүүрсний олборлолт хийж байсан бол энэ онд 59 болж нэмэгдсэн байна.

Нүүрсний үнэ тааламжтай байгаа нь тус салбар тэлэх, үүнийг дагасан бизнес томрох боломж бүрдүүлснийг “Coal Mongolia-2018” чуулга уулзалт онцоллоо. 180 хоногийн хугацаанд амжиж олон улсын зах зээлд гарах “гэрийн даалгавар”-тай “Эрдэнэс Тавантолгой” энэ сарын 26-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийж, нээлттэй компани болно гэдгээ чуулганы үеэр зарласан. Ингэснээр 1072 ширхэг хувьцаа эдийн засгийн эргэлтэд орох эрх нээгдэх юм байна. Экспортын гарцаа нэмэгдүүлж, энэ онд 40 сая тонн нүүрс экспортолж чадвал австралийн өмнө гишгэх боломж бидэнд байна. Үүнийг “Coal Mongolia” чуулганы ерөнхий зохион байгуулагч, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар цохон тэмдэглэсэн юм. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр нүүрсний баяжуулалтын техник технологи, тээвэр ложистикийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Хятадын зах зээлд манай улс нүүрсний чанараараа өрсөлдөх боломжтойг “Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Чинзориг тодотгосон юм. Чанарын энэхүү өрсөлдөөнд ялалт биш юм гэхэд ялагдал хүлээхгүйн тулд одооноос нүүрс баяжуулах технологийн талаар эрчимтэй ярихаас аргагүй болж байна.

• Чуулга уулзалтын үеэр 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа хийгдлээ.

• Өвөр Монгол, Хятадын хойд хэсэгт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна.

• Өнгөрсөн онд 40 гаруй компани нүүрсний олборлолт хийж байсан бол энэ онд 59 болж нэмэгдсэн байна.

Зах зээл дээр 2015 онд ёроолдоо хүртэл унасан коксжих нүүрс 2016, 2017 онтой харьцуулахад энэ оны эхний хагаст хоёр дахин нэмэгдсэн. Манай улс нийт экспортын орлогын 40 хувийг нүүрснээс олж байгааг “Coal Mongolia” олон нийтийн анхаарлын төвд ахин авчирлаа. Одоогийн 10 тэрбумын эдийн засгаа 2-3 дахин өсгөх эсвэл энэ чигт нь “царцаах” сонголтын өмнө бид тулж ирээд байна. Эдгээрийг хоёр өдрийн турш хөндсөн, хамгийн боломжтой гэсэн шийдэл, хувилбар болгоныг хэлэлцсэн чуулга уулзалтын үр дүнд оролцогчид сэтгэл хангалуун байв. 2011 оноос хойш Монголын нүүрсний экспорт гурав дахин нэмэгдэж, 2017 оны байдлаар 30 сая тонныг давсан. Энэ салбарт өрсөлдөж буй компаниуд бяр сууж, төр болон хувийн хэвшлийн том тоглогчид шинээр нэмэгдсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтаар бус өөрсдийн нөөц боломжоор нүүрсний салбар урагшилж, өмнөд хөршийн зах зээлд хоёр дахь томоохон нийлүүлэгчийн зиндаанд явна. Өрсөлдөөн байгаа газар хөгжил өрнөдөг. Тэгвэл нүүрсний салбарт гялтайх, гялалзах үзүүлэлт, нүдэнд харагдах бодит бүтээн байгуулалт бас байна. Экспортын шинэ гарц, шилдэг технологи, төмөр замын эрэлд гарсан энэ удаагийн чуулга уулзалтад нийт 650 гаруй хүн оролцсон гэсэн мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өглөө. Хоёр өдрийн турш танхим дүүрэн оролцогчтой байсан “Coal Mongolia” нүүрсний салбарын уналт, сэргэлт хосолсон он жилүүдэд тасралтгүй болж байна. Чуулга уулзалтын хурлын танхимд бодлогын асуудал яригдаж, залгаа үзэсгэлэнгийн цэлгэр танхимд компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оролцогчдод танилцуулсан юм.

Нүүрсний компанийн ашиг орлого, алдагдал тэдэнтэй хамтарч ажилладаг ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч олон компанийн бизнест ихэд хамааралтайг чуулга уулзалтын үзэсгэлэн тодхон илтгэх аж. Хувцас болон хоол үйлдвэрлэл, шатахуун, техник, тоног төхөөрөмж цөм уул уурхай, нүүрсний компанитай холбогдож байна. Чуулга уулзалтын хоёр дахь өдөр хүрэн нүүрсний орд газруудын хөгжлийг бас ярилцсан юм. Багануур, Шивээ-овоо компанийн хэтийн төлөв энд хөндөгдөж таарсан. Монгол улс хүрэн нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтаж байгааг зөвлөх инженер Р.Сундуй хэллээ. Түүний харж байгаагаар, хүрэн нүүрсээ эрчим хүч болгон хувиргаж, өмнөд хөрш болон азийн бүс нутагт нийлүүлж чадвал их мөнгөний үүд бидэнд нээгдэхээр байна. Энэ боломжоо бодит ажил болгоё гэвэл тавантолгойн цахилгаан станц болон “Шивээ Энержи” төслөө яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг Р.Сундуй доктор учирласан юм. Тэрбээр бид одоо цаг алдмааргүй байна гэлээ. Монголын нүүрсний салбар цаг хугацаатай уралдах шаардлагатай болсныг “Coal Mongolia” чуулга уулзалт дахин сануулсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Угтаж буй хөгжлийн гарцыг нээе

Нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэх өргөн боломж байна

 0 сэтгэгдэл


Дэлхийн зах зээл дээр монголын дэлгэх хөзөр бол нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдгийг нийгмийн баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна. Яагаад гэвэл, ирээдүйн идэвхтэй худалдан авагчдын хандлага өөр. Яг л технологийн хөгжил дэвшил хөгжлийг хурдасгаж байгаа шиг шинэ мянганыхан бизнесийн уламжлалт үзэл санааг асар хурдтай өөрчилж байна. Ирэх 10 жилд шинэ мянганыхан бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол худалдан авагчид болно. Тэд гар утсаар төлбөр тооцоо хийж, ганцаараа аялах дуртай шигээ нийгмийн баримжаатай буюу нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол хэрэглэгчид. Educated Space байгууллагыг үүсгэн байгуулагч О.Энхзул “Шинэ мянганыхан буюу одоогийн 25 орчим насныхан 10 жилийн дараа гэхэд худалдан авалтын гол шийдвэр гаргагчид болно. Ийм худалдан авагчид нийгэмдээ өгөөжтэй, байгальдаа ээлтэй үйл ажиллагааг бизнестээ шингээж, түүнийгээ баталж харуулж чаддаг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үздэг онцлогтой. Тийм учраас орлогоо нэмэгдүүлж, бизнесээ сайжруулъя гэвэл хэрэглэгчид ямар үнэ цэнэ, юу хүсэж буйг нь судалж, түүнд нь нийцүүлэхээс аргагүй юм” гэв. 

Тэгвэл монгол малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн бол тэр чигтээ нийгмийн инновац шингэсэн брэнд болох боломжтой. Ийм бүтээгдэхүүний хамгийн тод жишээ бол эсгий болоод гар урлалын “Хөсөг”, “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүтээгдэхүүнүүд юм. 2013 онд байгуулагдсан “Хөсөг” брэндийн үйлдвэрлэгчид нь “Дэлхийн зөн” болон бусад донор байгууллагын дэмжлэгээр сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд. Харин түүхий эд нийлүүлэгчид нь Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн гишүүд. Тус брэндийг үүсгэн байгуулагч А.Намуун “анх “Хөсөг” брэндээ байгуулах үед манай ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн салбарын хувь оролцоо жилээс жилд хумигдаж байсан. Тэр хэрээр энэ салбараас амьжиргаагаа залгуулдаг хүмүүс цөөрч, хот руу чиглэсэн их нүүдэл бий болгож, улмаар нийслэлээрээ агаарын бохирдол дунд байна. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тогтвортой бизнес эрхлэхээр шийдсэн. Одоо 4000 гаруй эмэгтэй манай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд 2400 гаруй нь идэвхтэй ажиллаж байна. Бид их ажиллах тусам нэмэлт санхүүжилт шаардагдах болсон. Гэвч манайх ТББ байсан тул банкнаас зээл авахын тулд статусаа компани болгосон. Улам их хамтарч ажиллахын хэрээр бид нийгмийн олон асуудлыг шийдэж чадна” хэмээв. Хэрэв та тус брэндийн сошиал хуудсаар зочилбол тэдэнд урмын үг харамгүй хайрласан олон сэтгэгдлийг харна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ үеийнхний 60 гаруй хувь нийгмийн инноваци шингэсэн бизнесийг дэмждэг

Нийгмийн инновац, нийгмийн энтрепренершип нь цоо шинэ эсвэл тэс хөндлөн ойлголт биш. Харин бизнесийн стратегидаа үүнийг шингээснээр дунд болон урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Олон улсын судалгааны Deloitte байгууллагаас дэлхийн 40 гаруй орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар мянганыхны 60 гаруй хувь нь хариуцлагатай буюу нийгмийн аливаа асуудлыг шийддэг, байгаль орчинд ээлтэй ажилладаг бизнесийн хэрэглэгч болохыг хүсдэгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо нэн тэргүүнд тавьж, дараа нь нийгмийн асуудлыг шийдэх ёстой гэж хардаг бизнесийн уламжлалт ойлголт маш хурдтай өөрчлөгдөж байна. Манайд ч гэсэн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй явуулах хэрэгтэйгээ илэрхийлсэн үндэсний хэмжээний судалгаа бий. Тийм ч учраас хэрэглэгч бус хүнд зориулсан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 74 хувиар, борлуулалтыг 2.5 хувиар тэлдгийг харвардын их сургуулийн судлаачид судалж тогтоосон байна.

Ашиг орлогоо эхэнд нь тавих уламжлалт ойлголт өөрчлөгдсөн

Португалийн Нийгмийн бизнесийн сургуулийн захирал Карлос азеведогийн хэлж буйгаар “Нийгмийн үнэ цэнэ хэдий их бий болгоно төдий чинээ бизнесийн үнэ цэнэ нэмэгддэг” аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн онц ноцтой үзэгдлийн давтамж ихсэж, ядуурал зэргээс болж хэрэглэгч ч гэсэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа байгаль орчинд ямар нөлөөтэйг, би энэ бүтээгдэхүүнийг худалдаж авснаар анхан шатны үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгчдэд хэр зэрэг ашигтай байх бол гэдэгт үлэмж анхаарах болсон аж. Тиймээс бизнесийн үзэл санаа хүссэн, хүсээгүй ийшээ чиглэхээс аргагүй. Хэдий эрт чиглэх тусам төдий чинээ хожоотой байх зүй тогтол харагдаж байна.  Харамсалтай нь манайд төрийн бодлого нь хувийн хэвшлийн санаачилгаас дэндүү хоцорч байгааг швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бизнесийг дэмжигч “Ногоон алт” төслийн ерөнхий менежер Ц.Энхамгалан хэлж байна.

Бусад улс оронд төр засаг, иргэний нийгмийн болоод бизнесийн байгууллага нь түншлэх замаар нийгэмдээ үр өгөөжтэй бизнесийг хөгжүүлдэг. Гэтэл манайд сайн дурын залуучууд, донор байгууллага л одоогоор энэ асуудлыг хөндөж эхэлж байна. Бусад улс оронд эдийн засгийн хөшүүрэг, татварын таатай орчноос гадна экспортод гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэхэд төрийн бодлогоор анхаардаг. Нүүдлийн амьдралын хэв маяг, түүнээс урган гарсан бүтээгдэхүүн бол дэлхийд манай туйлын давуу талыг харуулах имиж. Харамсалтай нь, энэ бүхнийг дэлгэхэд өнөөх л төр засгийн унхиа муутай байдал, хүнд суртал саад болж буй аж. “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Майкл Морроу Орос, Хятадын зах зээлд бэлчээрийн монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаа экспортлох гээд гурван жил оролдож буйгаа учирласан юм. Түүний тооцоогоор малчид зуны цагт зөвхөн тус үйлдвэрт сүүгээ борлуулснаар 800 орчим ам.долларын орлого олдог байна. Цаашдаа Шангри ла зэрэг томоохон зочид буудлын сүлжээгээр ч борлуулах боломж өндөр аж. “Хэрэв улсын хэмжээнд 100 ийм үйлдвэр байгуулбал малчдын амжиргаа дээшлэхийн хэрээр байгальд учруулах сөрөг  нөлөө ч багасна” хэмээв. Ийнхүү хөгжлийн шинэ шийдэл гэгдэж буй нийгмийн баримжаатай бизнес, үйлдвэрлэлийн хөгжлийн гарцыг нээх дэндүү давчуу цаг үе тулж ирээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бараан жагсаалтуудын сүүдэр Монголоос холдсонгүй

Монгол Улс “гэрийн даалгавар”-аа хийхдээ хойрго хандаж байна

 0 сэтгэгдэл


Терроризмтэй тэмцэх саарал жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нэгдэл буюу FATF-аас Монголыг мөнгө угаах эрсдэлтэй орны тоонд оруулсан. Ингээд санхүүгийн салбараа ил тод болгож, мөнгөний тогтолцоог шилэн болгох 15 сарын хугацааг 2017 онд өгсөн. Монгол Улс энэ хугацаанд холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулан, хар, саарал жагсаалтаас гарах гэж хичээж, манай улсад дахин нэг жилийн хугацааг өнгөрсөн долдугаар сард олгосон юм. 

Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийг дахин сайжруулж ирэх сарын 30-наас өмнө FATF-д дахин хянуулна. Улмаар тус нэгдэл ирэх оны долдугаар сард эцсийн хариуг гаргах юм байна. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол Улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулж, санхүүгийн терроризмтой тэмцдэггүй орон хэмээн цоллоход ойрхон байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг чухалчилж авч үзсэн гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөн баталсан. Засгийн газраас тусгай төлөвлөгөө баталж, энэ дагуу ажил өрнөж байгаа. Гэхдээ хэрэгжилт, ялангуяа, бохир мөнгөтэй тэмцэх холбогдох байгууллагуудын уялдааг илүү сайжруулах хэрэгтэй гэж FATF үзсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ тэмцэл нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах байгууллага зэрэг олон салбарын огтлолцол дээр биеллээ олохоор байгаа аж. Тиймээс энэ жагсаалттай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага ажиллаж буй. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо гэхэд саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар давахын тулд банкнаас бусад салбарын хууль эрхзүйн орчин болон боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж буйгаа тус хорооны дэд дарга д.Баярсайхан хэлсэн юм.


“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэлтэй

“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулна гэж төв банкнаас мэдээлж байна. 2013 онд FATF Монголыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орноор нэрлэж, саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдэн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо гурван сар саатаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байжээ. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ. Үүнээс хоёр хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоосон ч хариуцагч талууд давж заалдсаар улсын дээд шүүхээр хэрэгсэхгүй болгожээ. 

Баргар мэдээ дагуулсан бараан жагсаалтууд одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын хаалга тогшиж, хэсэгтээ биднийг сандаргасан билээ. Шинэ оны босгон дээр Европын холбооноос Монгол Улсыг сүүдрийн мөнгө нуух эрсдэлтэй орон хэмээн үзэж, хар жагсаалтдаа багтаасан. Хариу арга хэмжээг Засгийн газраас яаралтай авсны ачаар Монгол Улс “хар”-аас мултарч, саарал жагсаалт руу шилжсэн юм. Гэтэл төд удалгүй санхүүгийн аюулгүй байдлын саарал жагсаалттай нүүр тулах нь тэр. Хэдийгээр холбогдох албаныхан энэ үеэр шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан ч бараан жагсаалтуудын эрсдэл өнөө хэр холдоогүй төдийгүй Монгол Улс алдаа дутагдлаа засах тодорхой үүрэг, тоймтой хугацаа авчихаад байгаа юм. Тэгвэл олон улсаас авсан “гэрийн даалгавар”-аа бид хэрхэн биелүүлж байна вэ.



Санхүү, татварыг сөхөх саарал жагсаалт

Европын холбооноос гаргасан татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын хар жагсаалтад Монгол Улс багтаж, өнгөрсөн оны өдийд шуугиан тарьсан билээ. Тус холбоо “Панамын баримтууд”-аас сургамж аван, татвараас зайлсхийхийг таслан зогсоохын тулд хяналтаа чангатгаж, улс хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд хамтран ажилладаг орнуудаа татварын ил тод, нээлттэй байдлаар нь жагсаахад Монгол Улс хар жагсаалтад багтсан юм. Үүний эсрэг Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, татварын орчноо сайжруулах амлалт, үүрэг авч, Монгол Улс “хар”-аас “саарал” руу шилжсэн. 

Тэгвэл Монгол Улсын татварын орчныг сайжруулахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Европын холбооны мэргэжилтнүүд манайд ажилласан байна. Мөн Европын Парламентаас энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулжээ. 

Монгол Улс “Татварын зорилготой ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” зэрэг шалтгаанаар хар жагсаалтад багтсан. Тиймээс эдгээр дутагдлаа сайжруулахын тулд өнгөрсөн оны эхээр "Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум"-ын 148 дахь гишүүнээр элссэн байна. 

Түүнчлэн санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд татварын ерөнхий хуулиуддаа өөрчлөлт оруулахаар тусгасан. Ялангуяа, Европын холбооны чиглэл, саналыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулийн шинэчилсэн төслүүдэд тусгаснаа Сангийн яам мэдээлсэн. Мөн эдгээр төслөө УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна. Ингэснээр манай улсын татварын шинэчлэл удаашраад зогсохгүй олон улсад хүлээсэн бидний үүрэг амлалт ч хойшлоод байгаа юм. Цаашлаад манай худалдааны гурав дахь том түнш болсон Европын холбооны худалдаа, хамтын ажиллагаанд эрсдэл учирч мэдэхээр байна.

Орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүргээ биелүүлэх нь чухал

Сүүлийн жилүүдэд дэлхийн гурван том зах зээлийн нэг болох Европын холбоо болон Монгол Улсын худалдааны эргэлт эрс нэмэгдсэн бөгөөд нэг тэрбум ам.долларт дөхөж байгаа. Сүүлийн 28 жилд Европын холбооны орнууд Монгол Улсад нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Монголын зарим бараа бүтээгдэхүүнийг гишүүн орнуудаа гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг ч тус холбоо олгосоор байгаа юм. Гэвч бид түншээсээ авсан “гэрийн даалгавар”-аа хойрго хийж байна. 

Хэнэггүй зан бидэнд эрсдэл, сөрөг үр дагавар авчрахаас хэтрэхгүй. Тэр тусмаа Монгол Улс сүүлийн хэдэн жил найдваргүй,  тогтворгүй, хэлснээсээ буцдаг түнш хэмээх имижийг олон улсад хэдийн зүүчихээд байгаа үед. Ийм эмзэг үед санхүү болон татварын хар, саарал жагсаалтууд бидэнд нэмрээс илүү нэрмээс л болж, Монголын нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тиймээс орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүрэг амлалтаа биелүүлэх нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

 0 сэтгэгдэл


“Хар саарал” жагсаалтад орох эрсдлээс зайлсхийх хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 11-ний өдрөөс валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилж эхэлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэдийн валют солилцоонд тавих хяналтыг чангатгасан нь энэ. Уг хуулийн 5.4-т "Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй" гэж заасан.
Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. 

Манай улс FATF-аас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр “Хар саарал” жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс  APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл