A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1953/

Нүүрсний экспортоор Австралийг ардаа орхих боломж бий

Нүүрсний үнийг өсгөж чадвал төсөвт тооцсон татварын орлогыг бүрдүүлж болно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1953/


Сарны тооллоор он цагийг хэмждэг Дорнын зарим улс уламжлалт баяраа тэмдэглэн, арилжаа худалдаа, хил хориогоо хэсэг амраах зуур таваарын зах зээлийг доргиосон гэнэтийн үйл явдлууд ар араасаа өрнөлөө. Нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-ын зах зээлд Монголтой өрсөлддөг Австрали улсад хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэжээ. Тус улсын уул уурхайн түшиц бүс болох Квийнслэнд мужид өнгөрсөн сарын 31-нээс бороо тасралтгүй орж, түүхий эд тээвэрлэдэг төмөр зам нь үерийн усанд автсанаас зэс, нүүрс, цайрын нийлүүлэлт түр зогсжээ. Тус мужийн нүүрсний экспортын гол терминалын нэг болох Abbot Point-ийг орон нутгийн албаныхан түр хугацаанд хаасан байна.

Австралийн нүүрсний экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг гол гурван мужийн нэг болох Квийнслэндэд үер бууснаас олон мянган айл гэр оронгүй болж, зам, дэд бүтэц, үйлдвэрлэл, олборлолт саатаад байна.

Уул уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг Австрали улсын нийлүүлэлт тасалдсанаар зарим түүхий эдийн ханш өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлд савлажээ.

Квийнслэнд мужид үйл ажиллагаа явуулдаг BHP Billiton, Glencore зэрэг компанийн орд уурхайнууд ч гамшгийн эрсдэлтэй нүүр тулсан байна. Тухайлбал, Glencore компанийн Австрали дахь хоёр ч уурхай үерт өртжээ. Гамшгийн богино хугацааны эрсдэлийг хянах боломж бий гэж Glencore компани мэдэгдсэн байна. Үерийн аюул Австралийн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйд ч хохирол дагуулж, 300 мянга гаруй үхэр хорогдож, урьдчилсан тооцоогоор 300 сая ам.долларын алдагдал хүлээгээд байна.

Байгалийн гамшиг зөвхөн Австралийг дайрсангүй. Таваарын зах зээлийн нөлөө бүхий тоглогч болох Чилийн хойд хэсэгт нүүрлэж, дэлхийн зэсийн хамгийн том уурхайн нэг Codelco-гийн зарим хэсгийг нөмөрсөн байна. Зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг энэ уурхайн хоёр ч хэсгийн үйл ажиллагаа саатаад байна. Олон улсын уул уурхайн түшиц бүс нутгууд ийнхүү ар араасаа байгалийн гамшигт нэрвэгдсэн нь Монголын эрдсийн экспортод шууд болон дам нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Өмнөх жилүүдэд ч хаа холын Австралид болсон гэнэтийн үйл явдлууд манай голлох таваарын экспортын үнэ, хэмжээг нэг биш удаа хөндсөн.

Тухайлбал, 2010 оны сүүлч, 2011 оны эхээр Квийнслэнд мужид мөн л хүчтэй үер бууснаас коксжих нүүрсний үнэ 300 ам.долларт хүрч, тэнгэрт хадаж байв. Энэ үед Монголын нүүрсний экспорт 2-3 дахин өсөж, 2010 онд 16 сая тоннд хүрчээ. Ингэснээр нүүрс манай эрдсийн экспортын орлогын гуравны нэгийг бүрдүүлжээ.

Харин энэ удаад Австралийн таваарын тээвэрлэлт тасалдаад зогсохгүй БНХАУ тус улсын нүүрсэнд тавих хяналтаа чангатгаад байгаа аж. 2019 оны нэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын хэд хэдэн боомтоор Австралийн нүүрс оруулахыг хориглоод байна гэж Wood Mackenzie мэдэгдлээ. БНХАУ-ын эрэлт саарснаас Австралийн дулааны нүүрсний үнэ унаж, 2018 оны дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрчээ. Newcastle-ийн боомтод дулааны нүүрс тонн нь 95.75 ам.доллартай тэнцэж байгаа аж.

• Нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлдэг Австрали улс хийсэж ирсэн байгалийн гамшиг болон хил гаалийн саад тотгортой нүүр тулаад байгаа нь зах зээлийн бусад тоглогчид зарим боломж бий болгож мэдэхээр байна.

• “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрсний үнээ одоогийн ханш  болох 70 ам.доллараас дээш өсгөх боломжтой. 

• Хил гаалийн хүчин чадлаа сайжруулж, зам, дэд бүтцээ засаж, сэлбэх зэрэг ажил биднийг хүлээж байна.

БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээлэлд тулгуурласан, S&P Global-ийн тооцоогоор урд хөршийн коксжих нүүрсний импорт өнгөрсөн онд 2017 оныхоос найман хувиар буурч, 64 сая тоннд хүрсэн байна. Үүний 27.7 сая тонныг Австрали нийлүүлсэн бол Монгол Улс тус улсын дүнгээс 0.1 сая тонноор бага буюу 27.6 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршийн коксжих нүүрсний зах зээлд Монгол Улс экспортын дүнгээрээ Австралийг гүйцэхэд тун ойртжээ.

Үүнтэй зэрэгцээд нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлдэг Австрали улс хийсэж ирсэн байгалийн гамшиг болон хил гаалийн саад тотгортой нүүр тулаад байгаа нь зах зээлийн бусад тоглогчид зарим боломж бий болгож мэдэхээр байна. Хэдийгээр уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараар дэлхийд дээгүүрт бичигддэг Австрали үерээс үүдсэн нөхцөл байдлаа богино хугацаанд шийднэ гэж шинжээчид найдаж буй ч амжиж байр сууриа бататгах, таваарын үнэ ханшаа өсгөхийг зөвлөж байна.

Дээрээс нь хятад улс уламжлалт баяраас үүдэн коксжих нүүрсээ хангалттай нөөцөлж чадаагүй гэх мэдээлэл ч байна. Монгол Улсын нүүрсний экспортын өнгөрсөн сарын албан мэдээлэл одоогоор ил болоогүй. Гэхдээ Монгол Улсын гол өрсөлдөгч Австрали улс байгалийн гамшиг болон бусад сорилттой нүүр тулсан нь манай голлох түүхий эдийн экспортын үнэ болон хэмжээнд нөлөөлж мэдэхээр байна.

БНХАУ уламжлалт баяраас үүдэн коксжих нүүрсээ хангалттай нөөцлөөгүй

Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой”-д нүүрсний үнээ одоогийн ханш болох 70 ам.доллараас дээш өсгөх боломж бий гэж эдийн засагч Л.Наранбаатар‏ тайлбарлаж байна.

Өнгөрсөн онд 35.6 сая тонн нүүрс экспортолсон Монгол Улс энэ онд 42 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн нь хэт өөдрөг төсөөлөлд тооцогдож байгаа. Гэхдээ үнээ өсгөж чадвал төсөвт тооцсон татварын орлогоо бүрдүүлэх боломж байгаа аж. Тооноос чанарт шилжүүлж, тооцсон орлогоо бүрдүүлж болно.

Нөгөө талд, Монгол Улс амжиж хөдөлж чадвал 2019 онд нүүрсний экспортоор Австралийг ардаа орхиж, БНХАУ-ын топ нүүрс нийлүүлэгч болох боломж байгаа. Гэхдээ үүний тулд хил гаалийн хүчин чадлаа сайжруулж, зам дэд бүтцээ засаж, сэлбэх, худалдааг хөнгөвчлөхөд чиглэх алхмуудаа урагшлуулах зэрэг энэ онд хийхээр төлөвлөсөн олон ажлаа бодит болгох шаардлага тулгарч байна. Түүнчлэн Австрали, Чилид тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлүүд бидэнд нэмэлт боломж дагуулж болох ч уул уурхайн салбарын эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг ч сануулж буйг ойлгох нь зүйтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өөрчлөлтийн 30 жилийн дараах шинэ эрин

 0 сэтгэгдэл


Японд 30 жилийн өмнө шинэ Эзэн хааны “Хэйсэй” тооллыг зарлах үед дэлхийн түүхэн дэх хувьцааны үнийн хамгийн аварга өсөлтийн нэг тохиолдож байлаа. Газар хөдлөлт, цунами, цөмийн ослын гурвалсан цохилт, цахим үйлдвэрлэгчдийн уналт, автомашин үйлдвэрлэгчдийн сэргэлт, эдийн засаг дахь эмэгтэйчүүд, гадаадынхны үүргийг ихэсгэх нийгмийн өөрчлөлт Хэйсэйгийн эринд “тамга” болон үлдэх нь. Эдийн засгийг эргүүлэн сэргээх зорилготой эдийн засгийн радикал туршилтын ид үед Эзэн хаан ширээнээсээ буухаар бэлтгэж байна. Хэйсэйгийн эринд тохиолдож өнгөрсөн эдийн засгийн өөрчлөлтийг товч дүгнэж үзье.

АНУ-ын Dow Jones үйлдвэрлэлийн дундаж индекс 1950иад оны түвшинд сэргээд байхад Nikkei-225 дундаж индекс 30 жилийн турш сул хэвээр байна. Энэ нь Японыг дэлхийн эдийн засагт гуравдугаар байранд ухраасан бэрхшээлийн цар хүрээг харуулна. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ (ДНБ) арваад жилийн өмнөөс БНХАУын ард бичигдэх болж, зөрүү нь улам өссөөр байна.

Энэ хугацаанд Sony Corp зэрэг Японы зарим агуу компанийн нэрс бүдгэрсэн. Аналог технологийн эринд Walkman кассет тоглуулагч зэрэг бүтээгдэхүүнээрээ зах зээлийг шууруулдаг байсан, өргөн хэрэглээний цахим бараа үйлдвэрлэгч, Токиод төвтэй компани дижитал эриний Apple Inc, Samsung Electronics Co зэрэг шинэ аваргуудад түрэгдэв. Sharp Corp, Panasonic Corp зэрэг алдартай компанийн үнэлгээ ч уналаа.

Даян дэлхийд хямрал нүүрлэсэн цаг үед хөрөнгө оруулагч нар бодлогын хэт бага хүүтэй иен сонирхох нь эрс өсөв. Хэйсэйгийн үед Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 230 хувьд хүрсэн ч Японы экспорт их хэвээр, урсгал данс ашигтай гарсаар буй. Япон нь дэлхийн гол зээлдүүлэгчдийн эгнээнд багтсаар байгаа нь Засгийн газрын өр зээлд түгших түгшүүрийг багасгаж, иенд итгэх итгэлийг бэхжүүлэх гол нөхцөл болдог. Тус улс АНУ-ын Сангийн яамны нийт нэг их наяд гаруй ам.доллараар хэмжигдэх үнэт цаас хадгалж байгаа нь БНХАУ-ын мэдэлд байгаагаас үл ялиг бага байгаа юм.

Японы автомашины үйлдвэрлэл цар хүрээгээ тэлсээр Европын аваргуудтай халз үзэлцэж, АНУ-ын өрсөлдөгчдийг арагш шахсан. Toyota дэлхийн ихэнх манлай брэндээс толгой дээгүүр, гибрид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч, цахилгаан машины ирээдүйг тодорхойлогчийн нэг болж хувирлаа.

Японд явц муутай өрнөж ирсэн хүйсийн эрх тэгш бус байдлыг багасгах хүчин чармайлт ажиллах хүчний хомсдолтой уялдан сүүлийн жилүүдэд эрчээ авч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ихэссээр байгаа ч ихэвчлэн цагийн ажил, түр гэрээт ажлын байраар хязгаарлагддаг. Сонирхолтой нэг зүйл бол Японы ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо АНУ-ынхаас давсан явдал юм. Бодлого тодорхойлогчид тавдугаар сарын 1-нээс эхлэх Рэйва эринд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт шинэ шатанд дэвшинэ хэмээн найдаж байгаа.

Японы хүн ам сүүлийн найман жилийн турш цөөрч, гурван хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан болж хувирлаа. Үүссэн нөхцөлөөс шалтгаалж бизнесийн салбар үйлчлүүлэгчээ төдийгүй ажиллах хүчээ алдаж буйтай уялдан дотоодод хөрөнгө оруулах сонирхол буурах төлөвтэй. Тогтолцоог дэмжиж тулах татвар төлөгчдийн бааз суурь суларснаас нийгмийн халамжийн зардал Засгийн газарт хүнд ачаа болж хувирлаа. Инфляцыг өсгөж, эдийн засгаа өөд татахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид бонд худалдаж авах ажиллагааг эрс ихэсгэж, зээлийн хүүг үнэмлэхүй бууруулах бодлого хэрэгжүүлж байна. Японы төв банк бодлогын хүүгээ 1999 онд тэглэснээс 20 жилийн дараа богино хугацааны зээлийн хүүг хасах 0.1 хувьтай тогтоосон юм. Мөнгө зээлийн түлхэц өгөх бодлого Японы бага хувьтай хүү, сул өсөлтийн бэрхшээлийг залруулж чадахгүй байгаа юм. Хэрэг дээрээ хөгжингүй ертөнцийн бусад хэсэг ч үнэ өсгөх тэмцэлд ялагдал хүлээсэн. АНУ-ын Холбооны Нөөцийн Систем 2019 оныг стратегиа эргэн харах жил болгосон бол Европын үлбэгэр эдийн засгийг “японжуулах” замаар амь оруулах тухай ярьдаг хүмүүс ч гарч ирлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефтийн үйлдвэрийн ирээдүйг дэд бүтэц шийднэ

Тээвэрлэх шугам хоолойгүй бол сая саяар нь нефть нэрээд нэмэргүй

 0 сэтгэгдэл


Монголчууд хэтэвчин дэх таван төгрөг тутмынхаа нэгийг шатахуунд зарцуулдаг. Мөн дөрвөн ам.доллар тутмынхаа нэгийг нефтийн бүтээгдэхүүн худалдан авахаар хилийн чанад руу урсгадаг байна. Өрхийн хэтэвчээс эхлээд улсын сан хөмрөгийг хүртэл хөнддөг шатахуун дагасан валютын урсгалыг дотоодод нь үлдээж, иргэдээ үнийн дарамтаас хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар нефть нэрэх үйлдвэрийн төслийг урагшлуулаад удаагүй байна. Монгол хүн бүр чих тавин хүлээж буй энэ үйлдвэр тойрсон шинэ мэдээллүүдийн зах зухаас нь уншигч та сонссон байх. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр босох уг үйлдвэрийн менежментийн зөвлөхөөр тус улсын Engineers India Limited компани шалгарсан. Тус компанийн Ажлын хэсэг энэ сард багтаан манай улсад ажиллах аж.

Монголчууд олон жил хүсэн хүлээсэн уг үйлдвэрийг эрчим хүчээр тэжээх цахилгааны шугам болон төмөр замын ажил дуусаад байна. Ирэх есдүгээр сард авто замын ажлыг бэлэн болгоно хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв. Төслийн төлөвлөөгөөгөөр ирэх оны эхний улирал гэхэд үйлдвэрийн барилга угсралт дунд шатандаа орох учиртай.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цаасан дээр бараг 4-5 удаа нүүлгэсэн нефтийн үйлдвэрийг өнгөрсөн онд эх орны зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болсон. Харин жилд 1.5 сая тонн газрын тос хэрэглэх энэ аварга үйлдвэрийг түүхий эдээр хангах бэлэн орд энэ бүс нутагт одоогоор байхгүй. Тиймээс Монгол орны зүүн хязгаарт орших Дорнод аймгийн XIX, XXI дүгээр талбайгаас түүхий эд татаж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэхээр болсон юм. Хэрэв түүхий эд зөөж, түлш түгээх шугам хоолой үгүй бол хэчнээн өндөр хүчин чадалтай үйлдвэр барьж, сая саяар нь нефть нэрээд ямар ч нэмэргүй нь ойлгомжтой. Тиймээс зүүн хязгаарт буй түүхий эдийг өмнө зүг рүү зөөх шаардлага үүсээд байна.

Дэлхий дахинд газрын тосыг далай, шугам хоолой, авто болон төмөр замаар тээдэг. Эдгээрээс хамгийн хямд нь усан тээвэр боловч эх газраар хүрээлүүлсэн Монгол Улсад далайн зам тавих боломжгүй. Тиймээс дараагийн өртөг багатай зам болох шугам хоолойн тээврээр тос тээхээр салбарын бодлого тодорхойлогчид шийдээд байгаа юм. Хоолойн тээвэр нь өртөг багатайгаас гадна байгальд ээлтэй. Улс орнууд ил болон газрын гүнд хоолой байгуулж, түүхий эд, бүтээгдэхүүнээ зөөдөг. Манай хойд хөршийн нефтийн дийлэнх үйлдвэр газар доогуурх хоолойгоор тээвэрлэлтээ шийддэг аж.

Ирэх есдүгээр сард авто замын ажлыг дуусгана гэж салбарын яам мэдээлэв

Монгол Улс газрын тосны хоолойг аль чиглэлээр, хэрхэн тавих зэргийг судалж байгаа. Дорнодын газрын тосны талбайгаас Алтанширээ сум хүртэл 651 километр шугам хоолой татах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг дайрах энэ хоолой нь шатахуун түлшний хараат байдлаас ангижрахад Монголын талын гүйцэтгэх ёстой гол ажил юм.

Хоёр улсын хамтын ажиллагаагаар нефть нэрэх үйлдвэрийг Энэтхэг улс бүрэн хариуцна. Харин үйлдвэрээс бусад нь буюу газрын тос дамжуулах хоолой, цахилгаан станц, дэд бүтцийн  барилга байгууламжийн ажил нь монголчуудын толгой дээр бууж байгаа юм. Эх орондоо төдийгүй тив дэлхийд газрын тосны олон арван төслийг амжилттай хэрэгжүүлсэн Энэтхэг улс 1.5 сая тонны боловсруулах үйлдвэрийг бидэнтэй, бидэнгүй барьж байгуулчихна. Харин бид хүлээсэн үүргээ хариуцлагатай, ажил хэрэгчээр гүйцэтгэх болов уу.

Дэд бүтэцгүй л бол энэ өндөр үнэтэй үйлдвэр амьгүй аварга байгууламж, нүсэр тоног төхөөрөмж л болж хувирна. Тиймээс монголчуудын хичээл зүтгэл, ажил хэрэгч, хариуцлагатай байдал нефтийн үйлдвэрийн хувь заяаг шийдэх нь. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 250 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж байна. Энэ мөнгөөр дэд бүтцийн бүх ажлыг хийхээр төлөвлөжээ. Харин шугам хоолойн өртөг урьдчилсан тооцоогоор 300 гаруй сая ам.доллар буюу 700 гаруй тэрбум төгрөг болох ч хөрөнгийг эх үүсвэрээ хэрхэн шийдэхийг дарга нар хэлсэнгүй.

Дээрээс нь газрын тосны шугам хоолой нь тоглоом биш. Эн тэргүүнд шугам хоолой дайрах газар нутгуудыг судалж, замд нь таарах нуур, цөөрөм, уул давааг тооцох нь чухал. Мөн хасах, нэмэх 40 хэмд хэлбэлздэг Монгол Улс анх удаагаа хоолойгоор газрын тосоо тээх гэж байна. Цаг уурын эрс тэс энэ нөхцөлд газрын тос царцах эрсдэл тулгардаг бөгөөд ийм тохиолдолд дахин шингэрүүлэх үйлдвэр барих шаардлага тулгардаг аж. Цаашлаад хээр зэлүүд газар хоолой бариад орчихож болохгүй. Далайд тээврийн хоолой задарч газрын тос асгарчээ, нефтийн түүхий эдийн дамжуулах хоолой дэлбэрчээ... гэсэн мэдээтэй уншигч та таарсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл, шугам хоолой нь байнгын хараа хамгаалалт, засвар үйлчилгээ нэхдэг. Ингээд тооцохоор шугам хоолой нь үйлдвэрээс дутахгүй тооцоо судалгаа, санхүүжилт нэхэхээр байна.

Тэртээ 1996 онд Тамсагийн ордоос газрын тос оргилж, тухайн үеийн удирдлага дээлийнхээ энгэрт мялааж байсан цагаас хойш газрын тосоо түүхийгээр хил давуулснаас өөр энэ салбарт амжилт олоогүй монголчуудад нефть нэрэх үйлдвэр нь нэвтэрхий мэддэг хуучин танил бус цоо шинэ талбар байх нь ойлгомжтой.

• Газрын тос боловсруулах үйлдвэрийг эрчим хүчээр хангах цахилгааны шугам болон төмөр замын ажил дуусаад байна.

• Төслийн төлөвлөөгөөгөөр ирэх оны эхний улирал гэхэд үйлдвэрийн барилга угсралт дунд шатандаа орох учиртай.

• Энэтхэг улс 1.5 сая тонны боловсруулах үйлдвэрийг бидэнтэй, бидэнгүй барьж байгуулчихна. Харин бид хүлээсэн үүргээ хариуцлагатай, ажил хэрэгчээр гүйцэтгэх болов уу.

Бид өнгөрсөн 30 орчим жил энэ талаар үлгэр домог болтол нь ярихдаа ганц үйлдвэр байгуулчихвал л монголчуудыг шатахууны гачлангаас гаргаж, хил даван урсдаг валютын урсгалаа тогтоочих юм шиг төсөөлж ирсэн нь үнэн. Гэтэл улс орны хөгжлийг нэг шат ахиулдаг энэ хүнд үйлдвэр нь зөвхөн тоног төхөөрөмж, түүнийг агуулах барилга байгууламжаас гадна зам, дэд бүтцийн аварга бүтээн байгуулалт, ажил хэрэгч, нарийн тооцоо судалгаа, төлөвлөлт шаардаж байна.

Энэтхэг улс үйлдвэр байгууллаа гэхэд уг бүтээн байгуулалтын ирээдүй нь монголчуудаас хамаарах аж. Тодруулбал, Дорнодоос хямд үнээр түүхий тосоо авч, түүнийгээ өртөг багатайгаар эцсийн хэрэглэгчдэд хүргэж байж тус төсөл үр ашгаа өгнө. Ингэснээр үйлдвэр байгуулсны үр шимийг олон жилийн турш түлш шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн дарамтад нухлуулж буй Монголын ард түмэн хүртэж, магнай нь тэнийнэ. Цаашлаад бид үйлдвэр байгуулахаар Энэтхэгээс зээлсэн өндөр үнийн дүн бүхий зээл төлнө. Ингээд бодохоор нефтийн үйлдвэр тогтвортой, ашигтай ажиллах эсэхийг шугам хоолой, дэд бүтцийн хөгжил л шийднэ. Эс бөгөөс энэ төрлийн үйлдвэр татвар төлөгчдийн татаасаар амиа зогоодог, төсвийн дарамт болдог түүх бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятад улс дэмжлэгээ танах сургаар хувьцаа нь унав

 0 сэтгэгдэл


Бээжин дэмжлэгийн бодлогоо үргэлжлүүлэхгүй гэсэн дохио өгсний дараа дэлхийд хамгийн сайн өсөлттэй байгаа хувьцааны зах зээлд эмзэг байдал үүсэв. Даваа гарагт Шанхай, Шеньжений хөрөнгийн биржийн CSI 300 индекс 2.3 хувь унасан нь сарын хамгийн том алдагдал болж, унасан таван хувьцаанд дээшилсэн ганц хувьцаа харгалзаж байв. Үл хөдлөхийн компаниуд уналтыг тэргүүлсэн бол хэрэглэгчийн зарцуулалтаас хамаардаг салбар удаалсан ба хуучин эдийн засгийн хувьцаа гэгддэг банк, аж үйлдвэрийнх мөн доошилжээ.

Он гарсаар CSI 300 бараг 40 хувь өссөн агаад хөрөнгө оруулагчид эхний улиралд зохицуулагчдаас явуулсан өргөн дэмжлэгийн бодлогоос ихээхэн хамааралтай байна. Баасан гарагт болсон улс төрийн товчооны хурлаас гаргасан мэдэгдлийг арилжаачид эдийн засаг тогтворжсон тул цаашдаа дэмжлэгийн арга хэмжээ шаардлагагүй хэмээн тайлбарлав. Үүний оронд өрийн хэмжээг багасгах, орон сууцны зах зээл дэх дамын худалдаанаас зайлсхийхэд анхаарах төлөвтэй байна.
Шанхайд төвтэй хөрөнгийн менежментийн Hengsheng сангийн менежер дай мин “Эдийн засагт бэлэн мөнгө цутгасан идэвхтэй дэмжлэгийн бодлого цуцлагдаж байгааг хүмүүс ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа тул хувьцаа үнэлгээ өсөх орон зай хязгаарлагдмал болж байна. Зах зээлд хоёр гурван сар үргэлжилж болзошгүй чанга бодлогын нөхцөл рүү орлоо” хэмээн дүгнэжээ. Хятадын хувьцааны зах зээл уламжлал ёсоор бэлэн мөнгө ба өдрийн арилжаачдад тулгуурладаг ба эдгээр нь цөөрвөл бэрхшээл тулгарах эрсдэлтэй.

Энэ сарын эхээр эрх баригчид зах зээлд оролцохоо хумина гэсэн мэдээ тарсны дараа хувьцаа доошилж байсан. хятадын төв банк мөнгөний урсгал бага зэрэг хумигдаж, хөрөнгийг долоо хоногийн зээлд бус урт хугацааны бодлогын хэрэглүүрт зарцуулна гэсэн дохио өгсөн байна. Whiterock хөрөнгийн менежментийн фирмийн захирал  Ван Жихон “Улс төрийн товчоо хөрөнгө оруулагчид хэт урагшаа явсныг мэдрүүллээ” хэмээн тайлбарлав. Тэрээр мэдэгдлийн үг үсэг болон үл хөдлөхөд анхаарах тухай санаа нь хөрөнгө оруулагчдын хөөрлийг намдаах зорилго агуулсан гэж дүгнэсэн байна.

Шанхайд үл хөдлөхийн компаниудын хувьцаа 3.8 хувиар унаж, гуравдугаар сарын наймнаас хойш хамгийн муу үзүүлэлтэй гарсны дотор Gemdale, Vanke компаниудын хувьцаа зургаагаас дээш хувиа алдав. Экскаватор зэрэг хүнд механизм үйлдвэрлэгч Sany Heavy Industries-ын хувьцаа сүүлийн гурван жилд хамгийн том нэг өдрийн алдагдал хүлээв. Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хувьцаа доошилсны дотор Gree Electric-ийнх дээд түвшнээс унасан байна.

Гахайн махны үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөж байгаа өнөө үед хятад улс мэдэгдэхүйц чанга бодлого руу шилжихгүй байх гэж шинжээчид таамаглажээ. Бондын зах зээл сулрах төлөвтэй байгаа тул хувьцаа түүнийг орлож магадгүй юм. Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж даваа гарагт 3.41 хувь болж өссөн нь таван сарын дээд түвшин рүү ойртжээ. Өнгөрсөн 10-р сараас хойш хятадын хувьцааны зах зээлийн багтаамж 2.5 их наяд ам.доллароор нэмэгдэж, CSI 300-д бүртгэлтэй 50 компанийн үнэлгээ 50 хувиар өссөн нь хэн нэгний халаасанд ашиг болж орсон гэсэн үг. Гэхдээ Бээжин өнгөрсөн онд хэрэгжүүлсэн онцгой дэмжлэгийн бодлогоо халж, эдийн засгаа дэмжих онилсон арга хэмжээ рүү шилжиж байна гэж шинжээчид үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОХУ-ын давшилт монгол нүүрсийг шахна

ОХУ, Хятадын нүүрсний зах зээлд Монголтой ана мана, ач тач өрсөлдөх гэж байна

 0 сэтгэгдэл


Азийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, нүүрсний эрэлт нэмэгдэх нь аль эртнээс тодорхой байв. Тиймээс газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг ОХУ-д азийн зах зээлийг атгах амбиц энэ зууны эхнээс буцалж эхэллээ. Оросын алсын хараа, ашиг сонирхол азийн орнуудыг чиглэх зуур олон жилийн турш эрчим хүчний салбарт ганзага нийлж байсан барууны зарим оронтой хойд хөрш түнжин хагарч, түншлэлд нь ан цав үүсэх болов.

АЗИД ЭРЭМБЭ АХИУЛАХ АМБИЦ

Европын орнуудад газрын тос, байгалийн хийгээ зарж, улсын төсвийнхөө багагүй хэсгийг бүрдүүлдэг байсан ОХУ геополитикийн харилцаанаас үүдэн гол худалдагч авагчдаа алдаж, барууны орнууд ч хойд хөршийн экспортын гол бүтээгдэхүүнүүдэд худалдааны хориг тавилаа. Яг үүнтэй зэрэгцэн хойд хөрш эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо эрс өөрчилж, “Эрчим хүчний стратеги-2030” хөтөлбөр баталсан байдаг. Бодлогын зураглалаар байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг эрчим хүчний гол түүхий эдийн нийлүүлэлтээ ази руу чиглүүлж, дэлхийн хамгийн өсөлттэй зах зээлээс ашиг хүртэхээр шийджээ.

Энэ амбицынх нь нэг хэсэг болсон нүүрсний салбарыг эрчтэй дэмжиж, экспортыг нь ирэх 20 жилд хоёр дахин өсгөн, 430 сая тоннд хүргэх зорилт тавьсан юм. Бараг хагас тэрбум тоннд хүрэх нүүрсний нийлүүлэлтийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлохоор төлөвлөсөн.

Дэлхийн нүүрсний хамгийн том нийлүүлэгч болохын тулд  ОХУ үйлдвэрлэлийн тулх цэгээ өөрчилж, олборлолтын сав газраа алс Дорнод, Сибирийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн байна. Улмаар алс хязгаар энэ бүс нутгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон тооны орд уурхайн үүдийг нээж, хүчин чадлыг өргөтгөсөн. Далайн боомт болон төмөр замын хүчин чадлаа сайжруулан, шинэчлэх ажлуудыг ч ар араасаа хийжээ. Хойд хөрш нүүрсний салбарын үйлдвэрлэл болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихэд нийт 22.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө ч гаргасан байгаа юм.

БОЛОМЖ БҮРИЙГ АТГАСАН НЬ

Ингээд зорилгоо тодорхойлж, ажлаа эхлүүлсэн оху зугуухан атлаа зогсолтгүй азийн зах зээл рүү довтолж эхлэх нь тэр. Нүүрсний салбарын сүүлийн 3-4 жилийн нөхцөл байдлыг харвал хойд хөрш зогсолтгүй давшилж, нүүрсний зах зээлд бий болсон сул зай, боломж бүрийг алдалгүй атгасан нь харагдана.

Олон улсын харилцаанаас үүдэн 2017 онд БНХАУ Хойд Солонгосын нүүрсэнд экспортын хориг тавьсан. Энэ хоригоос хамгийн их хожиж, урд хөршийг чиглэх нүүрсний нийлүүлэлтээ хамгийн эрчтэй хийгээд тогтмол тэлсэн тоглогч бол ОХУ. Хойд Солонгосын нүүрс хоригт хүлэгдсэн эхний гурван сард гэхэд хятадыг чиглэх ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт бараг 40 хувиар өсөж байжээ. Энэ өрсөлдөөнөөс нэг тоглогч ухрахад бусад нь орон зайг нь хэрхэн булааж болдгийг умард Солонгос болон хойд хөршийн жишээнээс харж болно.

Ийнхүү олон улс, ялангуяа, урд хөршийн зах зээлд зогсолтгүй урагшилж буй ОХУ-ын экспорт 2018 онд сүүлийн таван жилийн дээд цэгт хүрчээ. Мөн нүүрсний олборлолт нь 433 сая тоннд хүрсэн нь олон жил харагдаагүй онцлох үзүүлэлт аж. Энэ мэт нүүрсний салбар дахь оросын ялалтыг баталсан тоон үзүүлэлт, үр дүнгүүд хойд хөршийн хэвлэлүүдээр хөвөрч байна.

АВСТРАЛИЙН УХРАЛТ, ОХУ-ЫН ДАВШИЛТ

Одоогоор урд хөршийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээр австрали тэргүүлж, аман хүзүүнд нь Монгол Улс бичигдэж буй бол бидний араас ОХУ нэхэж яваа. Гэхдээ энэ оноос урд хөрш нүүрсний хамгийн том түншийнхээ нийлүүлэлтийг удаашруулж эхэлсэн. Зөвхөн хятад гэлтгүй дэлхийн нүүрсний зах зээлд дэндүү том байр суурь эзэлдэг австралийн тээвэрлэлт хятадын зарим боомтод саатсан нь энэ зах зээлд чамлахааргүй өөрчлөлт дагуулж мэдэхээр байгаа.

Хэдийгээр хоёр улсын аль аль нь хурц мэдэгдэл хийлгүй өдий хүрч буй ч өмнөд хөршийн хэд хэдэн боомтод австралийн нүүрсийг хяналт шалгалт нэрийн дор хязгаарласан нь үнэн. Цаашид ч энэ тодорхойгүй байдал хэрхэн үргэлжлэх нь асуулт хэвээр байна. Ингэснээр дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зах зээлийн дархан аварга болох австралийн нийлүүлэлт саарахаар байна. харин үүнийг нь хэн нөхөх вэ.

Уг нь австралийн араас бичигдэх Монгол Улсад нийлүүлэлтээ ахиулах боломж хамгийн түрүүнд бий болмоор. Гэтэл энэ өрсөлдөөнд аль эртнээс бэлтгэсэн ОХУ биднийг түрүүлж гүйцээд, боломжийг ашиглах нь. Хятадын зарим боомтоор нэвтрэх австралийн нүүрс хязгаарлалттай нүүр тулсан энэ оны эхний гурван сарын байдлаар австралийн орон зайг хамгийн идэвхтэй ашиглаж буй орны тоонд орос улс бичигдэж байна.

Орос үнэндээ өнгөрсөн жилүүдэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн. Тойм тооцоогоор нүүрсний нөөц нэг их наяд тонныг давсан орос улс бидэн шиг ганцхан хятадад нүүрс борлуулдаггүй. Япон, БНСУ, Турк, АНУ зэрэг 80 улсад нийлүүлэлт хийж орлого олдог. Энэ улс сүүлийн жилүүдэд нэмүү өртөг шингээгүй түүхий нүүрсээ хилийн чанадад хямдаар зарах бус угааж, боловсруулан ахиу ханшаар борлуулах болсон. Ийм үйлдвэрийг олноор байгуулж, боловсруулсан нүүрсний хэмжээгээ 2017 онд гурван хувиар өсгөж, 195 сая тоннд хүргээд байна. Мөн дэлхийн нүүрсний салбарын гол үзүүлэлт болсон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, 2000 оноос гурав дахин өсгөжээ.

Ийм хүчтэй, амбицтай, аль эртнээс өөрийгөө өрсөлдөөнд сойсон, олон улсын тавцанд нэр нөлөөтэй ОХУ, Хятадын нүүрсний зах зээлд монголтой ана мана, ач тач өрсөлдөх гэж байна. Ирэх жилүүдэд манай экспортын гол түшиц болсон хятадын нүүрсний зах зээлд ОХУ хэмээх хүчтэй тоглогчийн байр суурь улам нэмэгдэнэ. Гэтэл энэ өрсөлдөөнийг урьдчилан таамаглаж, анхаарч үзэх сөхөө ч үгүй тэнгэрийн тоогоо ярьсаар сууна.

Зам дэд бүтцээ сайжруулж, салбарын олборлогчдоо дэмжин, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд бэлтгэх бус харин ч төмөр замаа гацааж, төр, хувийн хэвшил хоёр нуруу нуруугаа харуулсаар. Гэтэл амбиц тээсэн хойд хөрш бидний энэ арчаагүй байдлыг өршөөж энэрэнгүй хандах нь юу л бол. Зах зээл дэх бусдын орон зайг булааж ирсэн зангаараа монголын бүх боломжийг зажлахгүй залгичих болов уу.