A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1799/

Нүүрсний экспорт базаахгүй эхэллээ

Нүүрс ачсан автомашины тоо өмнөх оныхоос 20-30 хувиар бага байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1799/


Монголын нүүрс экспортлогчдын хоног тоолон хүлээсэн импортын хоригийн хугацаа дууслаа. Сүүлийн хоёр жил биднийг орлогоор таслаагүй нүүрсний борлуулалт оны өмнөхөн гэнэт зогсож, доллараар цангах дохио 2018 онд хангинаж эхэлсэн. Харин хуучин хоригоос салгах шинэ он айлчлан ирснээр Монгол Улс худалдааны хязгаарлалтаас мултарч, нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдсэн юм. Тэгвэл бүтэн сар хаалттай байсан урд хөршийн үүд нээгдэж, Монголын нүүрсний экспорт хүлээснээс суларсан эсэхийг бид тодрууллаа.

Энэ долоо хоногийн мягмар гараг буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс ачсан 400 орчим автомашин нэвтэрчээ. Тус боомтоор нэвтэрсэн ачааны автомашины тоо сүүлийн гурван өдөр 350-450-д хэлбэлзэж буй бол оны эхний өдрүүд буюу нэгдүгээр сарын 2-5-нд ердөө 3-150 тээврийн хэрэгсэл хил гарчээ. Нүүрс тээвэрлэгч компаниудад “C” ангиллын зөвшөөрөл олгоогүйгээс оны эхний өдрүүдэд ийн саатсан гэж “Гашуунсухайт автозам” компаниас мэдээллээ.

Харин энэ долоо хоног эхлэхэд автомашинууд тээвэрлэлтээ хэвийн явуулж байгаа аж. Боомтоор нэвтэрч буй автомашины тоо өмнөх оны мөн үеэс 20-30 хувиар бага байна. Тиймээс тээврийн замд ачаалал дараалал харьцангуй бага байгаа аж.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортолж буй “Эрдэнэс тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Энержи Ресурс” компанийн олборлолт хэвийн үргэлжилж байгаа. Гол гурван компани өдөрт дунджаар 700-800 автомашин нүүрс олборлож буй аж. Үүний дийлэнхийг “Эрдэнэс тавантолгой” компани бүрдүүлж байна.

Монгол Улс энэ онд төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн. Тиймээс Хятадын хилээр нэвтэрч буй тонн нүүрс бүр Монголын нийгэм, эдийн засгийн энэ оны хөгжлийг тодорхойлоход түлхэц үзүүлнэ. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг олохоор төсөвт тусгасан. Эрдсийн экспортын 43 хувьтай тэнцэх энэ мөнгийг олохын тулд бид сард хамгийн багадаа 3.5 сая тонн нүүрс экспортлох учиртай. Ингэж байж төсвийн орлого бүрдэж, төрийн албан хаагчдын цалингаас эхлээд хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг тогтмол тавина. Манай нүүрсний нийт экспортын 60 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1500-1600 автомашин нэвтрүүлж байж, бид энэ оны өөдрөг зорилтоо биелүүлж чадна. Гэвч оны эхний есөн өдрийн байдлаар үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний нүүрсийг урд хөршид нийлүүлж байна. Товчхондоо, бид 2019 оныг базаахгүй эхэлж байна. Тиймээс нүүрснээс нэг их наядыг амархан олчихно хэмээн санаа амарч суугаа сангийн бодлого тодорхойлогчид ч сайнгүй эхлэлээс сэрэмж авахад илүүдэхгүй болж байна.

Дээрээс нь ирэх өдрүүдэд хоёр улсын уламжлалт баярууд залгана. Хятадын хаврын баяр, Монголын сар шинийн баяр ирэх сарын 5-нд зэрэгцэн тохиохоор байна. Үүнээс үүдэн урд хөрш хоёрдугаар сарын 4-10- ыг албан ёсны амралтын өдөр болгожээ. Өмнөх онуудын нэг болон хоёрдугаар сард нүүрсний нийлүүлэлт харьцангуй буурдаг нийтлэг дүр зураг ажиглагдаж ирсэн. Харин энэ онд нийтлэг үзүүлэлтээс илүү багасчээ.

• Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс ачсан 400 орчим автомашин нэвтэрчээ. 

• Оны эхний өдрүүд буюу нэгдүгээр сарын 2-5-нд ердөө 3-150 тээврийн хэрэгсэл хил гарчээ. 

• Манай нүүрсний нийт экспортын 60 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1500-1600 автомашин нэвтрүүлж байж, бид энэ оны өөдрөг зорилтоо биелүүлж чадна.

Харин нүүрсний экспортын 30 хувийг нийлүүлдэг Шивээхүрэн-Сэхэ боомтоор өдөрт дунджаар 650-750 машин нүүрс гарч байгаа аж.

Тус боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийдэг Southgobi Sands, МАК, “Өсөх зоос”, “Шинхуа-МАК” зэрэг компани нүүрсээ экспортолж байна.

Ер нь урд хөршийн томоохон хотуудад агаарын бохирдол бууртал буюу ирэх сар хүртэл БНХАУ дулааны нүүрсэнд нүүр өгөхгүй хэвээр байх нь. Харин үүнд нь коксжих нүүрс экспортлогчид хэлмэгдэж магадгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэтгэхүйг нь ойлгохгүй бол Хятадад экспорт хийж чадахгүй

Эхний ээлжинд ноолуур, цэвэр ус экспортлохоор бэлтгэж эхэлсэн

 0 сэтгэгдэл


Дэлхий даяар Doing business in China гэсэн контент өргөн тархаж байна. Худалдааны эргэлт, эдийн засгийн идэвхээрээ тэргүүлж буй энэ улсын зах зээлд Монголын бизнес эрхлэгчид албан ёсоор нэвтрэх боломжтой болжээ. МҮХАҮТ-ын Бээжин дэх суурин төлөөлөгч Э.Мөнгөнцацралтай Хятадад бүтээгдэхүүн экспортлох боломж, эрсдэлийн талаар ярилцлаа. Хоёр жилийн өмнө нээгдсэн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа энэ жилээс дотоодын бизнес эрхлэгчдэд идэвхтэй чиглэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.

-Төлөөлөгчийн газрын зорилго юу вэ?

-Хятадын зах зээлд эцсийн бүтээгдэхүүнээ экспортолж, борлуулах гэж байгаа бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зах зээлийн болон үнийн судалгаа, хөрөнгө оруулалт, түншлэл, компанийнхаа салбарыг нээхэд нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Үүнээс гадна тээвэр, зуучийн цогц үйлчилгээ үзүүлнэ. Угаасаа хоёр улсын тээвэр зуучийн үйлчилгээ маш хүнд байгаа шүү дээ. Мөн Taobao худалдааны цахим хуудаст “Made In Mongolia” гэсэн нэрийн дор нэгдсэн платформ нээж байгаа. Цаашид үүгээр дамжиж дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болно. Taobao платформын маш том стратеги бий. Ганц бие хүмүүс сэтгэлээр амархан унадаг тул сэтгэлийг нь засах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд бүх бараагаа 80 хувь хямдруулдаг. Энэ хямдралын үеэр Taobao жилд олдог орлогоо нэгхэн өдөрт олдог. Тиймээс манай үйлдвэрлэгчид ирэх жил ганц бие хүмүүст зориулсан хямдралаас жилийн орлогоо нэг өдөрт олох боломж нээгдэж болох юм.

-Taobao дээр одоогоор Монголоос ямар бүтээгдэхүүн борлуулж байна вэ?

-Миний судалснаар “Говь”, “Алтай Кашмир”-ын ноолууран бүтээгдэхүүнээс гадна “Увс” чацаргана гэх мэт таван төрлийн л бүтээгдэхүүн байна. ТЭСО, АПУ ганц нэг бүтээгдэхүүнээ хөх  хотод экспортолж байгаа. Харин бидний зорилго бол Монголын бараа бүтээгдэхүүнийг хятадын бүхий л зах зээлд борлуулах. Тиймээс энэ боломжийг судалсны үндсэн дээр өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.

-Экспортлох хүсэлт их ирж байна уу. Эхний ээлжинд ямар бүтээгдэхүүн экспортлох вэ?

-Ямар ч төрлийн бүтээгдэхүүн экспортолж болно. Хятадад цэвэр ус экспортлъё гэсэн хүсэлт маш их ирж байна. Тиймээс ойрын хугацаанд цэвэр ус, ноолууран бүтээгдэхүүн экспортлоход зуучилж, шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

-Ноолууран бүтээгдэхүүний хувьд өрсөлдөөн хэр ширүүн байх бол?

-Хятад улсын ноолууран бүтээгдэхүүний 70 хувийг топ 10 компани эзэлдэг. Хамгийн том нь “Ордос ресурс” ХК, зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань. Taobao дээрх энэ компанийн бүтээгдэхүүнийг “Говь”-ийнхтой харьцуулахад манайх бага зэрэг өндөр үнэтэй байна. Ороолт гэхэд 100 юань, цамц 200-300 юаниар өндөр бол пальто бараг ойролцоо үнэтэй. Тиймээс ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох гэж байгаа компаниуд өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгарахаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд зах зээл, үнийн судалгаа хийж, стратеги, маркетингийн төлөвлөгөө хийсний үндсэн дээр экспортолсон нь дээр. Хятадад ноолуурыг 40-өөс дээш, дунджаас дээгүүр түвшний амьдралтай хэрэглэгчид авдаг. Үйлдвэрлэгч улс учир ноолууртай яг адилхан цамц хийгээд, 100 юаниар борлуулсан ч чаддаг орон. Тиймээс судалгаа, ялгарал чухал гэж зөвлөмөөр байна.

-Экспортын шат дамжлага хэр их вэ?

-Нийтдээ 10 алхам туулдаг. Ямар ангиллын бүтээгдэхүүн болох, худалдааны яамнаас тусгай зөвшөөрөл, квот авах, үндэснийх нь стандартад нийцэж байгаа эсэх, шаардлагад нийцсэн хаяг, шошго, сав баглаа боодолтой байх, гаалийн шинжилгээнд орж, холбогдох татвар хураамжийг төлсний үндсэн дээр экспортын хаалга нээгдэнэ. Гэхдээ ноолуур бол гаалийн шинжилгээнд оруулах шаардлагагүй бүтээгдэхүүн.

Taobao-д “Made In Mongolia” гэсэн нэгдсэн платформ нээж байгаа

-Хятад улс маш том зах зээл. Нөгөө талаар энэ зах зээлд гарахад тулгарч байгаа хамгийн том эрсдэл, саад нь юу байна вэ?

-Мэдээж хэлний бэрхшээл хаа сайгүй бий. Гэхдээ миний бодлоор хятад хүмүүсийг, тэдний соёлыг ойлгохгүй байгаа нь л монголчуудын хувьд хамгийн том эрсдэл. Ямар хоол, амттанд дуртай, өөрийн гэсэн үндэстний онцлогт нь тохируулж биш яг монгол сэтгэхүйгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хятад хүмүүс харилцаа холбоо үүсгэсэн хүнээ таньж мэдэхэд маш их хугацаа зарцуулдаг. Тиймээс аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандах ёстой. Тэгж чадвал урт удаан, найдвартай харилцаа тогтоож чадлаа гэсэн үг. Хятад хүмүүс түншийнхээ мөн чанарыг таньсны дараа итгэдэг бол барууныхан ёс зүй, хамтын ажиллагаа, хууль эрх зүйгээр харьцдаг. Харин хятадууд цагдаа, шүүх гээд хууль зүйн харилцааг хамгийн эцсийн мөчид л хэрэглэдэг. Тиймээс аль болох ийм байдалд хүрэхээс өмнө асуудлыг шийдэхийг эрмэлздэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Баячуудын зардлын хэмнэлт АНУ-ын эдийн засгийг чангаана

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХАА-н таваарын үнэ үйлдвэрлэгчдэд дарамт болох нь

Түүхий эдийн үнэ өсөх нь малчдын хувьд зол ч үйлдвэрлэгчдэд зовлон

 0 сэтгэгдэл


Хөнгөн үйлдвэрийн тоглогчид хавартай уралдан хөдөөг зорихоор зэхэж байна. Өвлийн гурван сар улирлын амралтаа эдэлсэн зарим үйлдвэр ирэх саруудад үүдээ нээснээр эх орон даяар эдийн засгийн идэвхжил сэргэдэг. Өнгөрсөн намрыг үнийн “цочир” өсөлттэй үдсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд түүхий эдийнх нь ханш ирэх хавар хааш чиглэх нь хамгийн том асуулт болчихоод байгаа юм.

Малын тоо нь сүүлийн 30 орчим жил тасралтгүй өсөж, нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид өнгөрсөн онд мал аж ахуйн таваарын огцом өсөлттэй нүүр тулсан. Сүүлийн жилүүдэд 500-1000 төгрөгт хэлбэлзэж байсан ноосны ханш өнгөрсөн намар 3500 төгрөг давж, галзуурав. Түүхий эдийн нөөц бэлтгэлийн оргил үе болох намрын саруудад таваарын ханш ийн өссөнд үйлдвэрлэгчид хэсэгтээ сандарлаа. Ноосноос гадна ноолуурын үнэ ч өндөр өсчээ. Хэдийгээр ноос шиг хэд дахин өсчихөөгүй ч 2017 оныхтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн.

НООС

Ноосны үнэ мал аж ахуйн таваарын “Эмээлт” захад 3500 төгрөг давсан бол хөдөө аж ахуйн биржид цагаан өнгөтэй, угааж, бэлтгэсэн тус түүхий эдийн ханш өнгөрсөн оны сүүлчээр 5530 төгрөгт хүрчээ. Үнэ ийн өссөнөөс дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө өнгөрсөн намар тааруу бэлтгэсэн байна.

Одоогоор үйлдвэрлэлд шууд ашиглах, угааж, бэлтгэсэн ноосны үнэ килограмм нь 28 мянган төгрөгт хүрээд байгаа аж. Ийм үнээр ноосоо худалдаж авчихаад, ноосон хөнжил зэрэг их хэмжээний түүхий эд шаарддаг бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр зах зээлд нийлүүлэх вэ гэдэг гол асуудал болж байна. Ер нь ноосон бүтээгдэхүүний олон үйлдвэр нөөцийн дутагдалтай нүүр тулсан. Малчид хониныхоо ноосыг хяргаж эхлэх буюу ирэх зургадугаар сар хүртэл үйлдвэрлэлээ хэрхэн торгоохоо мэдэхгүй буйгаа “хос сүлжээ” компаниас мэдээлэв.

Уг нь төр засгаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, малчдын орлогыг дээшлүүлэхийн тулд төсвийн мөнгөнөөс урамшуулал хүртэл олгодог. Энэ онд ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгохоор 2019 оны төсөвт тусгасан юм.

Манай улс жилд 33 орчим мянган тонн ноос авч, 60 гаруй хувийг нь угааж, боловсруулан, хоёр хөрш рүү экспортолдог байна. Үлдсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд ногддог. Гэтэл түүхий эдийн нийт нийлүүлэлтийн талд нь ч хүрдэггүй дотоодын үлдэгдэл нөөцөөс гадаадын тоглогчид үнэ цохин худалдан авах болсноор үнийн өрсөлдөөн ширүүсэж, үндэсний үйлдвэрлэгчид ханшийн өсөлтийн хөлд чирэгджээ. Ноосны ханш өссөн нь малчдын орлогыг дэмжих ч үндэсний үйлдвэрлэгчид болон худалдан авагчдад багагүй дарамт болж буйг бизнес эрхлэгчид учирлаж байна.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын гол түүхий эд болох ноосны ханш ийн өссөн бол адууны шир 13.5 мянган төгрөг, хонины ноостой нэхийний үнэ 1400 төгрөг буюу харьцангуй тогтвортой байна.

• Үнэ ийн өссөнөөс дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө өнгөрсөн намар тааруу бэлтгэсэн байна. 

• Одоогоор үйлдвэрлэлд шууд ашиглах, угааж, бэлтгэсэн ноосны үнэ килограмм нь 28 мянган төгрөгт хүрээд байгаа аж. 

• Оёмол сүлжмэл эдлэлийг химийн гаралтай түүхий эдээр орлуулахын хэрээр дэлхий даяар байгалийн гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнэ хийгээд эрэлт эрс нэмэгджээ.

НООЛУУР

Ямааны ноолуурын ханш Улаанбаатар хотод 90 мянган төгрөгт хүрснийг статистикийн байгууллагаас мэдээлэв. Харин орон нутагт дунджаар 60-85 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурын ханш нийт нутагт 2017 оныхоос даруй 20-30 хувиар өсчээ. Тухайлбал, Дундговь аймагт өнгөрсөн жилийн өдийд ноолуурын ханш килограмм нь 65 мянган төгрөгтэй тэнцэж байсан бол ойрын өдрүүдэд 85 мянган төгрөг хүрчээ.

Гэтэл мөдхөн эхлэх гэж буй сар шинийн дараагаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ бэлтгэж эхэлнэ. Түүхий эд бэлтгэхэд эргэлтийн хөрөнгө жил бүр дутагддаг. Маш том хэмжээний санхүүжилт хэрэгтэйгээс гадна бүтэн жилийн түүхий эдийн хэрэгцээг жилд ганцхан удаа бэлтгэдэг учраас багагүй санхүүжилт шаарддаг хэмээн үйлдвэрлэгчид хэлсэн юм. “Энэ онд түүхий эдийн үнийн өрсөлдөөн ширүүсэхээр байна. Энэ нь үйлдвэрлэлд нөлөөлөх байх” хэмээн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Блю скай кашимер” компанийн үйлдвэр, удирдлага хариуцсан захирал Л.Одгэрэл мэдээлсэн юм.

$50 VS $200-300

Түүхий эдийн үнэ өсөх нь малчдын хувьд зол ч үйлдвэрлэгчдэд зовлон болж буй нь энэ. Төр зах зээлд хүчээр гар дүрж, түүхий эдийн ханшаа буулгахыг малчдаас шаардах боломжгүй. Гэхдээ түүхий эдийн ханган нийлүүлэлтийн оновчтой бөгөөд тасралтгүй сүлжээг бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төрийн нэг үүрэг. Тиймээс төрийн үл үзэгдэгч гарын үүрэг, ухаалаг, оновчтой зохицуулалт хэрэгтэйг салбарынхан учирлаж байна.

Уул уурхайн бус үйлдвэрлэлийг дэмжихээ амласан албаныхнаас энэ талаар тодрууллаа. Энэ онд үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болдог эргэлтийн хөрөнгийг шийдэхээр ажиллаж буйгаа  салбарын яамнаас мэдээлэв.

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг түүхий эд бэлтгэлээс өмнө буюу энэ оны хоёр, гуравдугаар сард үйлдвэрлэгчдэд олгохоор ажиллаж байгаа аж. Гэхдээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон хөгжлийн банк хүссэн үйлдвэр бүрт олгохгүй. Харин нэмүү өртгийг эх орондоо шингээх зорилготой буюу түүхий эдээ самнахаас дээш шатанд боловсруулдаг аж ахуйн нэгжүүдэд олгохоор зорьж буйг салбарын яамны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийг ноолуураас гадна хөнгөн үйлдвэрийн бусад салбарынханд олгох юм байна. Ийнхүү эргэлтийн хөрөнгийг үйлдвэрлэгчдээ дэмжих хөшүүрэг болгохоор Засгийн газар зорьж байгаа аж.

Харин түүхий эдийн ханш зах зээлийн зарчмаар эрэлтийг даган өндийж байна. Санхүүгийн өндөр чадамжтай урд хөршийн тоглогчид дотоодын үйлдвэрлэгчидтэй уралдан ноос, ноолуур худалдан авч, түүхийгээр нь хилийн чанад руу нийлүүлж буйг үйлдвэрлэгчид хэлэв.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улс түүхий эдийн энэ урсгалыг хүчээр зогсоох боломжгүй. Гэхдээ килограмм ноолуураа 50 хүрэхгүй ам.доллараар түүхийгээр экспортолсоор байх уу. Эсвэл дотооддоо ноолууран цамц үйлдвэрлээд, гадаад зах зээлд 200-300 ам.доллараар борлуулах уу гэдэг асуулт үлдэж байгаа юм. Багаар бодоход 150 ам.долларын нэмүү өртгийг Монголд шингээхийн тулд манай улс ч зарим арга хэрэгслийг ашиглахаас аргагүй. Олон улс энэ төрлийн урсгалыг тарифын болон тарифын бус аргаар зохицуулж, экспорт болон дотоодын үйлдвэрлэлийнхээ тэнцвэрийг хангадаг байна.

Ялангуяа, төр ноос ноолуурын салбарт их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлчихсэн, АНУ зэрэг ирээдүйтэй зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр экспорт хийхээр хэлэлцэж эхэлсэн энэ үед түүхий эдээс үүдэн төлөвлөгөөгөө нураачихвал дэндүү харамсалтай. Цаашлаад оёмол, сүлжмэл эдлэлийг химийн гаралтай түүхий эдээр орлуулахын хэрээр дэлхий даяар байгалийн гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнэ хийгээд эрэлт эрс нэмэгджээ. Дэлхий хүртэл монгол ноос ноолуурт боломж дэлгэж байхад бид арга чаргаа ашиглах нь зүйн хэрэг биш гэж үү.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike цэнэглэдэг, ухаалаг пүүз худалдаанд гаргана

 0 сэтгэгдэл


Nike компани хэрэглэгчдийн талаар ахиухан мэдээллийг гутлаар нь дамжуулж авах шинэ арга бодож олжээ. Мягмар гарагт болсон Future of Footwear арга хэмжээний үеэр тус компани Nike Adapt хэмээх пүүзний шинэ концепт сонирхуулсан юм. Эзэмшигчийнхээ хэрэглээг real-time горимд бүртгэдэг уг загвар Nike компаниас хэрэглэгчдэдээ зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ ахиу борлуулахад нь тусална.

“Шинэ өдөр эхэллээ. Та бид footwear-ээс firmware (өргөн хэрэглээний цахим төхөөрөмжийн суурь программ)-д шилжиж байгаатай адил зүйл болж байна” хэмээн Nike-ын гутлын инновац  эрхэлсэн захирал Майкл Донахью мэдэгдэв.

Мэдээлэл бүртгэх чадвартай Nike Adapt хэрэглэгчдийн өгөгдлийн халдашгүй байдалтай холбоо бүхий сонголттой. Өгөгдлөө бусадтай хуваалцахгүй гэж сонговол уг гутлын олон шинэ чадварыг ашиглахгүйгээр хэрэглэх юм. Үйлдвэрлэгч нь энэхүү сагсан бөмбөгийн гутлыг 350 ам.доллараар борлуулах төлөвлөгөөтэй. Nike Adapt үдээсгүй, хэрэглэгчийн үзэмжид нийцүүлж автоматаар хөлд чангарна. Чанга, сулыг нь гар утасны аппликэйшнээр тохируулж болно. Сенсор, акселерометр, гироскоп бүхий энэхүү гутал нь эзэмшигчийнхээ бүхий л хөдөлгөөн, үйлдлийг бүртгэж явах юм. Гутлыг хоёр долоо хоногт тутамд цэнэглэнэ.

“Хоёр хөлдөө хоёр ухаалаг утас угласнаас ялгаагүй” хэмээн Nike-ийн дижитал бүтээгдэхүүн хариуцсан захирал Майкл Мартин тайлбарлаж байлаа.

Тус компанийн хувцас хэрэгслийн борлуулалт эрчимтэй нэмэгдсээр байгаа ч өмнөх санхүүгийн жилд олсон 36.4 тэрбум ам.долларын орлогын 61 хувийг нь гутлаас олжээ.

Nike нь түүхэндээ хамгийн үнэтэй буюу 720 ам.долларын сникерийг 2017 онд цөөн тоогоор худалдаанд гаргаснаасаа хойш өөрөө үдэгддэг гутал үйлдвэрлэх болсон юм. Boston Celtics-ийн Жэйсон татум энэ долоо хоногийн сүүлээр NBA-ийн тоглолтод өмсөн гарч ирэх шинэ загварыг Nike-ын онлайн худалдааны суваг, жижиглэн худалдаачдаар дамжуулан борлуулахаар төлөвлөж байна. Орегон муж улсын Бивертонд байрладаг Nike компани цаашид Adapt технологи бүхий гүйлтийн гутал, спорт бэлтгэлийн хувцас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмж гаргахаар төлөвлөж байна.