A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/188/

Нүүрсээ боловсруулаад үнэтэй зар

Компаниудын борлуулалтын үнэ чанар, баяжуулалтаас голлон шалтгаалдаг

Нүүрсээ боловсруулаад үнэтэй зар
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/188/


Коксжих нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн. Дэлхийн зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон геополитикийн таатай нөхцөл байдлаас шалтгаалан коксжих нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 29.4 хувиар нэмэгдэж, 33.4 сая тонн боллоо. Өмнөх жилүүдэд алдагдалтай эсвэл зардлаа л нөхөх хэмжээний орлоготой ажиллаж байсан уурхайнууд экспортын хэмжээ, борлуулалтын орлогоо нэмэхийг зорьж байгаа. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй уурхайгаас ганц нь л дэлхийн зах зээлийнхтэй дүйцэхүйц үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бусад нь олон шалтгааны улмаас өөр хоорондоо ялгаатай үнээр нүүрсээ экспортолж байгаа юм. Гашуун сухайтын боомтоор нүүрсээ экспортолж буй “Энержи ресурс” компанийн коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 орчим ам.доллар байгаа бол SouthGobi Resources 70 орчим ам.доллараар зардаг. Тэгвэл зарим жижиг компани нэг тонн нүүрсээ 30 гаруй ам.доллараар борлуулж байна. Ийнхүү Хятад руу экспортолж буй нүүрсний үнэ ялгаатай байгаа анхдагч шалтгаан нь нүүрсний чанар. Хамгийн сайн чанарын, түүхий коксжих нүүрс уурхайн ам дээр 135-165 мянган төгрөгийн үнэтэй байна. Таван толгойн ордоос олборлож буй “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниудын нүүрс энэ ангилалд багтдаг. Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн нэг тонн нүүрс 71.8 ам.долларын тогтмол үнэтэй. Харин сул коксжих нүүрсний үнэ 78-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг аж ахуйн нэгжүүдийн үнийн мэдээллээс харж болно. Нарийн сухайтын бүлэг ордоос ийм төрлийн нүүрс олборлодог “МАК”, “Саусгоби Сэндс” зэрэг олон компани бий. Тэгвэл “Штанк ойл”, “Чингисийн хар алт”, “Эрдэнэс Таван толгой”-н эрчим хүчний нүүрсний үнэ уурхайн ам дээрээ 33-49 мянган төгрөг байгаа.


Хэлцэл хийх чадвар борлуулалтын үнийг өсгөдөг


Харин экспортод хамгийн бага хувь эзэлдэг чулуун болон хүрэн нүүрс 12.6-45 мянган төгрөгийн үнэтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Улаанхүү хэлж байна. Эрдсийн байгалийн шинж чанараас шалтгаалсан үнийн зөрүү асар их. Гэхдээ үүнийг технологийн шийдэл ашиглан нэмүү өртөг шингээж, борлуулалтын үнийг өсгөх олон боломж байдгийн нэг нь баяжуулах үйлдвэр. Сайн чанарын баяжуулсан нэг тонн нүүрсийг уурхайн ам дээр 206-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь баяжуулаагүй ижил төрлийн нүүрснээс 70-110 мянган төгрөгөөр илүү. Тиймд сүүлийн 2-3 жилд нүүрс экспортлогч компаниуд баяжуулах үйлдвэртэй болох зорилт тавин ажиллаж байна. “Энержи ресурс” компани ийм технологи ашиглан нүүрсээ Монголын компаниудын дотроос хамгийн өндөр үнэд хүргэж чадсан.


Өнгөрсөн онд 8.3 сая тонн нүүрс олборлож, үүний найман тонныг нь баяжуулсан. Түүнчлэн дөрвөн сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн гарган авчээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулбал олборлолт 79, баяжуулалт 66 хувиар өссөн дүн юм. Уг компаниас гадна Хөшөөтийн ордоос нүүрс олборлодог “Мо Эн Ко” компани бүтээгдэхүүнээ хуурай аргаар баяжуулан экспортолж байгаа. Удахгүй нойтон аргаар баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орох юм. Харин Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ирэх долоо хоногт баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийхээр зэхэж байна. Энэ буухиаг удахгүй МАК, “Өсөх зоос” компаниуд үргэлжлүүлэхээр ажиллаж буй. Мэдээж, уурхайн байршлаас хамаарч ордоос авах үнэ болон хил дээрх үнэ зөрүүтэй байдаг. Тухайлбал, Ханги Мандалын боомтоор нүүрс экспортолж буй “Айл баян” компанийн тээврийн зардал тонн тутамд 30-42 мянган төгрөгт хэлбэлздэг аж. Тус компанийн уурхай хилээс 70 км зайтай учир тээврийн зардал нь харьцангуй бага. Тээврийн зардлаа нэмээд нэг тонн нүүрсний хил дээрх үнэ нь ойролцоогоор 150 мянган төгрөг болдог. Харин хилээс 250 км зайтай Таван толгойн ордын тээвэр үүнээс илүү зардал шаардах нь ойлгомжтой. Гэхдээ тээврийн зардал нь нүүрсний үнийн 20-30 хувийг эзэлдэг аж.


Баяжуулах технологиор нүүрснээс шороог ялган авбал ямар ч чанартай нүүрсний үнэлгээ эрс дээшилдэг. Гэхдээ бүтээгдэхүүний үнээ өсгөхөд компанийн хэлцэл хийх чадамж багагүй нөлөөтэй. Хэдийгээр нүүрсний чанар адил ч компани нь нэр хүндтэй, олон жилийн туршлагатай, хэлцэл хийх чадвартай бол борлуулалтын үнээ өсгөж чаддаг. “Эрдэнэс Таван толгой”, “МАК”, “Саусгоби Сэндс” зэрэг компаниудын борлуулалтын гэрээнээс ийм зүй тогтлыг олж харж болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Компаниуд хэлцлээ сайжруулж, технологийн нэмүү өртөг шингэсэн шийдлээр экспортын үнийн зөрүүгээ багасгах зэрэг олон боломжийг ашиглахыг салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Компаниудын дунд үйлчилдэг энэ зарчим улс орнуудын худалдаанд ч багагүй нөлөөлдөг. Тухайлбал, дээрх шалтгааны улмаас Австрали, Монголын ижил чанарын нүүрсний үнийг импортлогчид ялгаатай үнээр худалдан авдаг жишээ бий. “Энержи ресурс” компанийн баяжуулсан коксжих нүүрс уурхайн ам дээрээ 130 орчим ам.доллар бол Австралийн яг ийм төрлийн нүүрсийг уурхайгаас нь 180 орчим ам.доллараар худалдаж авах жишээтэй. Тиймээс адилхан баялагтай атлаа түүнийгээ эн тэнцүү үнэлүүлж чадахгүй байгаадаа анхаарах цаг иржээ. Төрөөс “нэг цонх”-ны бодлогоор эрдэс, түүхий эдээ экспортолно гэж олон жил ярьж буй. Гэвч энэ байдал шийдэгдэж чадалгүй өдийг хүрлээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

“Шарын гол”-ын уурхай сул зогсолт хийхэд хүрэв

 0 сэтгэгдэл
  • Төрийн буруу бодлогын уршгаас болж 500 уурхайчин ажилгүй болох нь

“Шарын гол” хувьцаат компанийн нэг тонн нүүрсний үнийг 40.5 мянган төгрөг байхаар хатуу тогтоож, өөрсдийн хувийн компаниудад авч хэрэглэж байгааг тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Нүүрсний үнийг нь олон жил төрөөс чанга барьсны улмаас “Шарын гол” компанид 45.6 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан байна. Иймээс уурхайн 500 гаруй ажилчдын тал нь ажилгүй болж, үлдсэн ажилчид цалингаа авч чадахгүйд хүрчээ. Үүнээс болж уурхайн хэвийн үйл ажиллагаа доголдож, сул зогсолт зарлахад хүрэв. Уурхайн 500 гаруй ажилчдын ард Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 8400 орчим иргэдийн амьдрал ахуй хамаарч буй. “Залуу ажилтнаа бид өөр уурхай руу алдаж, үүний цаана олон гэр бүл тусдаа амьдрах, орон нутгаасаа нүүх зэрэг асуу дал үүсэж байна” хэмээн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар хэлсэн юм. Өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна. Төрийн өмчит компани болох "Эрдэнэc Тавантолгой"-н нүүрс нэг тонн нь 73 ам.доллараар худалдаалагдаж байна. Шарын голын уурхайгаас бусад хувийн өмчит уурхай чөлөөт зах зээлээр нүүрсээ зардаг. Иймд “Шарын гол” компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47 мянган төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг албаныханд хүргүүллээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Шарын голын уурхай 2016 онд нэг тонн нүүрсний үнийг 6500 төгрөгөөр, 2018, 2019 онд дараалан тонн тутмын нүүрсний үнийг 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. Үйл ажиллагаа явуулах зардлын үндэслэлийг нотлох баримт гарган, дараа нь эрчим хүчний үнийг тогтоодог. “Шарын гол” компанийн зүгээс нотлох баримтаа дутуу бүрдүүлдэг. Гэхдээ энэ удаагийн хүсэлтийг харгалзан бодит зардлыг тооцон үзнэ” гэв. 1960-аад оны эхээр ашиглалтад орсон сайн чанарын хүрэн нүүрсний томоохон орд болох Шарын голын уурхай нь жилд 1-1.2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай юм. Уурхайн ажилчдын дундаж цалин нь 1.2 сая төгрөг. Харин цалингийн доод хэмжээ нь 640 мянга байна. Энэ оны нэгдүгээр сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнтэй холбоотойгоор уурхайн ажилчдын цалин 840 мянга болох ёстой. Гэвч цалингаа нэмж чадахгүй байгаагаа ийнхүү илэрхийлж, үнийг төрөөс хянахгүй чөлөөлөх нь зүйтэй гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрдсийн экспортод жонш байраа бэхжүүлнэ

 0 сэтгэгдэл
  • Монгол Улсын 2019 оны гадаад худалдааны баланс эерэг гарлаа
  • Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажилллагаа явуулж байна

Манай улс өнгөрсөн онд дэлхийн 154 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болов. Энэ нь 2018 онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн үзүүлэлт. Экспортын дүн импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Ингэснээр төлбөрийн тэнцлийн алдагдал буурах давуу талтай. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний экспорт гадаад худалдаа ашигтай гарах угтал болов. Тэр тусмаа төсвийн орлогыг төвлөрүүлж ирсэн нүүрс, зэсийн баяжмал, газрын тос гадаад худалдааны дүр зургийг ихээхэн өөрчилж байна. Экспорт өнгөрсөн оны турш нааштай байснаар 5.1 хувийн өсөлт гарчээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, гадаад худалдааны дийлэнх үзүүлэлт нааштай байв. Экспорт бага багаар төрөлжиж байна. Гэхдээ үүнд ханах болоогүй. Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.1 хувийн өсөлт үзүүллээ. Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой салбарт уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, түүний дотор ноос, ноолууран бүтээгдэхүүн тооцогдож байна. Гадаад худалдааны салбараа уул уурхайгүйгээр зураглах боломжгүй. Тиймээс эрдэс бүтээгдэхүүний экспортын өнгөрсөн оны тоо баримтыг эргэн харъя. Эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 708.6 мянган тонн, үнийн дүн нь 288.1 сая ам.доллар, хилийн дундаж үнэ нь 6.4 ам.доллараар тус тус өсжээ. Өнгөрсөн онд Монгол Улс нийт 36.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Үүний дийлэнх хэсэг буюу 98 хувийг БНХАУ-д, үлдсэн багахан хэсгийг Их Британи болон Сингапурт гаргажээ. Боомтоор нь задлаад харвал Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг гаргаж байгаа Гашуунсухайт боомтоор 20.6 сая тонн нүүрс гаргасан байна. Харин энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс 1.3 их наяд төгрөг олохоор тооцоолсон. 2020 онд жоншны салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэсэн салбарын хүлээлт байна. Тухайлбал, жоншны ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд 78 талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж тус байгууллага мэдээлсэн. Монгол Улс жоншны үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч бөгөөд 2019 оны эхний 11 сард нийт 631 мянган тонн жоншийг 187.2 сая ам.доллараар экспортолсон. Үүний 75.8 хувийг БНХАУ-д, 24 хувийг ОХУ-д, 0.2 хувийг БНСУ-д нийлүүлсэн билээ. Энэ онд нийт 12 жоншны төсөл хэрэгжихээр байгаа юм. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Монгол орны жоншны нөөц хүдрээр 74 сая тонн, эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. Уул уурхайн салбарын экспортод байр сууриа нэмэгдүүлж буй жоншны салбарт хүлээгдэж буй 12 төсөл нэгэн зэрэг эдийн засгийн эргэлтэд орж чадвал 2020 оны экспортын дүнд багагүй өөрчлөлт орох төлөвтэй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уул уурхайгүйгээр хөгжинө гэж 97 жилийн ойгоо тэмдэглэв үү

 0 сэтгэгдэл
  • Уул уурхай хамгийн том популизм, улс төр хийх арга болсон цаг үед 97 жилийн ойгоо уурхайчид маань тэмдэглэлээ 
  • Эрх баригчид, ийм бодлого хэрэгжүүлэгч засгийн газрын маань уул уурхайн амин ач холбогдлыг огт мэдэхгүй тэнэг байгаадаа биш л дээ. Хамгийн гол нь энд улс эх орноо хохироон байж эрх мэдэл, эд хөрөнгө, санхүү мөнгөний дахин хуваарлилт хйих гэсэн бодлого гэдэг нь тодорхой харагддаг юм

Өгүүлэх нь: 
Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсад уул, уурхайн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баяр тохиолоо. Би хүмүүсийг дуурайж баяр гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ энэ салбарынхан л баярласан болохоос уг нь мань мэтэд энэ ой төдийлэн хамаатай зүйл мөн гэж үү хэмээн эргэцүүлэн бодож суулаа. Гэтэл шал ангид бодол төрж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уурхайчдад баяр хүргэж, нөгөө одон медиалуудаа өгөөмөр түгээлээ. Тэгээд тэд хийгээд бас олон олон дарга нар Монгол Улсын өнөөг хүрсэн амьдрал, цаашдын амьдрал чухам энэ салбараас хамаарч ирсэн, хамаарах болно гэдгийг тодоос тодоор цохон тэмдэглэж байгаад хэлцгээлээ. Хэнд ч сонсогдож, анхаарал татахаар чанга хэлсэн болохоор энэхүү 97 жилийн түүхтэй салбарын талаар эргэцүүлж бодоход хүрсэн юм. Тэртээх 1922 оны арванхоёрдугаар сард Налайхын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээр Монголд уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм гэнэ. За тэгээд Багануур, Шарын гол, Адуун чулуун, Шивээ-Овоо, Тавантолгойн нүүрсний уурхай ээлж дараагаараа ашиглалтад орж, Эрдэнэт, Бор-Өндөр, Оюутолгойн нүсэр төслүүд хэрэгжиж, Монгол Улс үндсэндээ уул уурхайд түшиглэсэн, уул уурхайгаас хамаарсан, уул уурхайгаар амьдардаг улс болжээ. Эдүгээ монголчууд биднийг нүүрс, зэс, жонш, алтгүйгээр төсөөлөх гээд үз дээ! 60 сая мал, газар тариалан!!! Монгол Улсыг хөгжилд хүргэх учиртай хэмээн томъёолсон тэргүүлэх гурван салбар энэ гурав мөн үү гэвэл мөн. Гэхдээ мал аж ахуй, газар тариаланг уул уурхайтай харьцуулах юм биш ээ! Монголын амьдралд нөлөөлж буй үүргээрээ уул уурхай бол үнэн агуу салбар гэх гээд байна л даа. Тэгвэл өнөөдрийг хүртэл ганц уул уурхайн салбар л бараг дангаараа биднийг улс орноор нь чирж, үүрч яваа хэрнээ цаашдаа хэрхэх нь тун бүдэг бадаг болж орхилоо. Тэр тусмаа сүүлийн гурван жилд уул уурхайн салбарт манан татаад эхэлсэн шүү дээ. Ийм цаг үед салбарын 97 жилийн ой нь тохиолоо. 

Өгүүлэх нь: 

2019 он ингээд шувтрах гэж байна. Хамгийн шинэ буюу өнгөрсөн сард гаргасан дүнгээр Монгол Улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас оруулсан байна. Маш том тоо. Монгол Улс энэ мөнгөөр цаашаа амьдарна. Аж үйлдвэрийн бусад салбараас олдог мөнгийг энд дурдсангүй. Тойм тоогоор дөрвөн их наяд төгрөг орж ирсэн юм гэсэн. Тэгэхээр бид уул уурхайгаас олдог хэдээрээ амьдарч байгаа нь үнэн байгаа биз. Гэтэл уул уурхай бол зөвхөн ухдаг, сүйтгэдэг, сүйрүүлдэг салбар гэсэн ойлголтыг төр, засгаасаа эхлээд нийгэмд түгээх болсныг ойлгохоо байлаа. Сүүлийн хоёр жилийн дотор уул уурхайд чиглэсэн маш сонин бодлого хэрэгжүүлээд эхэллээ. Өөрөөр хэлбэл хааж боосон бодлого. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн тайлбартай. Мэдээж уул уурхай л болсон хойно ухаж төнхөх нь гарцаагүй. Эко орчинд сөрөг нөлөөлөл ихтэй гэдгийг нь хэн ч мэднэ. Гагцхүү үүнтэй зэрэгцээд нөхөн сэргээх үйл ажиллагаа зайлшгүй явдаг юм. Уул уурхайгүйгээр Монгол яах юм. Энэ салбарт 100 мянга гаруй хүн ажилладаг. Яг үнэндээ Монголд нийгмийн хөгжлийг чирж явдаг дундаж давхарга гэж байдаг уу? Байна гэж үзвэл уул уурхайн салбарт ажиллагсад л энэ дундаж давхаргад орно. Үүнийг олон жишээгээр нотлон бичиж болно л доо. Гэвч бүгд мэдэх хойно орхиё! Ажлын байр хаана бий болж байна, бас л уул уурхайд. Эрдэмтэн мэргэд Монголын амьдрал, хөгжил уул уурхайгаас ойрын 30 жил хамаатай хэвээр байна гэж хэлдэг. Би үүнтэй өнгө ижил бодолтой явдаг хүн. Гэтэл яав? Энэ онд гэхэд л уул уурхайн ашиглалтын 100 гаруй лиценз цуцлагдав. Хэд хэдэн уул уурхайн үйл ажиллагааг зогсоолоо. Гаднын хөрөнгө оруулагчдыг энэ бодлогоороо хөөгөөд гаргачихлаа. Нүүрсний борлуулалт муудлаа. Өнөө маргаашгүй үнэ нь шалдаа ортол буух гэж байна. 10 орчим мянган хүн ажлын байргүй болчихлоо. Хайгуулын лиценз олголтыг бүрэн зогсоосон болохоор цаашид уул уурхайн үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно гэсэн дохио. Хамгийн гол нь эрх баригчид, ийм бодлого хэрэгжүүлэгч Засгийн газар маань уул уурхайн амин ач холбогдлыг огт мэдэхгүй тэнэг байгаадаа биш л дээ. Хамгийн гол нь энд улс орноо хохироон байж эрх мэдэл, эд хөрөнгө, санхүү мөнгөний дахин хуваарилалт хийх гэсэн бодлого гэдэг нь тодорхой харагддаг юм. Яг ийм нөхцөлд салбарынх нь 97 жилийн ой тохиолоо. 

Өгүүлэх нь:
Уул уурхай хамгийн том популизм, улс төр хийх арга болсон цаг үед 97 жилийн ойгоо уурхайчид маань тэмдэглэлээ. Гашуун бодлоо энэ өдрүүдэд хэрхэн мартаж байгааг нь мэдэхгүй байна. Улс орны хөгжлийн гол зүтгүүр болсон уул уурхайн салбарт маш муухай хорон бодлого хэрэгжиж байгааг тэднээс илүү мэдэж, мэдэрч байгаа хэн байх вэ дээ. Засгийн газар нь уул уурхайн ашиглалтын лиценз, зөвшөөрлөө хөрөнгө оруулагч нарт олгоно. Тэгээд хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа эхэлмэгц нь зогсооно. Үнэхээр гайхаш барагддаг. Хэд хэдэн гашуун жишээ бий. Тост Тосон Бумбын нуруу орчимд уул уурхай ашиглах зөвшөөрөл олгосон байснаа Засгийн газар цуцалчихсан. “Саут гоби коал транс” хэмээх компани 130 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаараа шатсан. Тэнд ажиллаж байсан уурхайчид ажилгүй болсон. Яагаад лиценз олгохдоо энэ тухай бодоогүй юм. Яагаад тэр компанийг хөрсөө хуулж байхад нь зогсоогоогүй юм. Яагаад хөрсөө хуулж, хотхоноо байгуулж, дэд бүтцээ бий болгоод ажлаа эхлэх болмогц нь зогсоож, хохироож байгаа юм бол. Нутгийн иргэдийн хүсэлтээр гэдэг. Гэтэл хэрэг дээрээ хэдхэн хүний ашиг сонирхол тэнд хөдөлсөн байдаг юм билээ. Энэ бүхнийг эхлэхээс нь өмнө нутгийн иргэдээс зөвшөөрөл энэ тэрээ авсан байдаг нь бас яасан? гээд асууж шалгаах зүйл олон гарна. Үүнтэй адил шийдвэр Ноён уултай холбоотойгоор гарч, бас нэгэн хөрөнгө оруулагч хохироод үлдсэн байдаг. Энд бас л 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад нь дархан цаазтай бүс нутагт хүчээр хамруулан лицензийг нь хүчингүй болгосон байдаг юм. Энэ бүхний цаана уг алтны орд газрыг авах гээд чадаагүй улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхол байсан нь нууц биш болсон. Мэдээж хөрөнгө оруулалтаараа хохирсон хохирлыг нь Засгийн газар барагдуулж л таараа. Өнөөдөр яг ийм байдлаар бие биедээ өс зангидсан бодлого улс төрийн шийдвэр болж, уул уурхайн салбарт хэрэгжих болсноос болж монголчууд, Монгол Улс л хохирч байгааг лүмпэн масс-д огт өөрөөр эх оронч бодлого хэмээн хүргэх болсон. Өнөөдөр нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2733 болсон нь хөрөнгө оруулагчид гарч явсны шууд нөлөө. Уул уурхайн салбар урагшаа биш арагшаа явах болсныг харуулж буйн нотолгоо. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа ч доголдож байна. Бараг зогсоох шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө эрх баригчид гаргаж тэнэгтэх шахсан. За энэ мэт олон олон ойлгомжгүй бодлого хэрэгжүүлж байгаа үедээ уул уурхайн салбар мандтугай хэмээн чангаар хэлж, 97 жилийн ойд нь баяр хүргэж байхдаа эрх баригчид чухам юу бодож байсан нь сонин байна. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

ҮАБЗ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар хуралдсан ч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй

 0 сэтгэгдэл


Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Монголын хөрөнгө оруулалтын орчны баро­метр гэгддэг “Оюутолгой”­н далд уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний орд нь төслийн ашиг орлогын гол цөм. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалт руу орж байгаа. Эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буй “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоо­тойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд томоохон эргэлзээ төрүүлээд байна. “Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирам­жуудыг хууль бус болохыг тог­тоосон гэж Нийслэлийн захир­гааны хэргийн анхан шатны шүү хээс даваа гарагт мэдээлсэн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн. Тус компани шүүхийн албан ёсны шийдвэр тодорхой болсны дараа нэмэлт мэдээлэл өгөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр учраас цаашид давж заалдах боломж нээлттэй байгаа. Хэдий тийм боловч Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр ихээхэн халтай тусаж байгаа нь дамжиггүй. “Оюутолгой” төслийн ирээдүй хаашаа эргэхээс гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад цаашид нэмэгдэх эсэх нь шалтгаална. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш шүүхийн шийдвэр гарснаас хойш Нью­Йоркийн хөрөнгийн биржид 0.07 хувиар буурч, 0.45 ам.доллар болоод байна. Turquoise Hill Resources ­ийн хувьд олон улсад “Оюутолгой”­гоос өөр хэрэгжүүлж буй төсөл байхгүй. Гагцхүү энэ төслийн “хувь заяа”, Монголын Засгийн газрын “ааш”-наас шалтгаалж хувьцааны ханш нь хэлбэлзэж байгаа. Монголын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн энэ оныг л гэхэд хоёр доллар орчим дээр эхлүүлсэн хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдах эсэх нь хүртэл сөхөгдөх болоод байна.



Манай улсын дотоодын сан­хүүгийн зах зээлд хүртэл дээрх шийдвэр сөрөг нөлөө дагуулж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш төв банкны зарласнаар мягмар гарагт 2705.69 төгрөг болж, даваа гарагтай харьцуулахад хоёр төгрөгөөр нэмэгджээ. Шүүхийн шийдвэрээс гадна “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүг­нэлтийг МАН­-ын бүлэг УИХ-­ын чуулганаар хэлэлцүүлэх, улмаар 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа зарласан. Эдгээр нь хувьцааны ханшид мөн нөлөөлж байгааг зарим шинжээч дурдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-­ын дарга багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар мягмар гарагт хуралдлаа. Гэвч ямар нэгэн мэдээлэл энэ өдөр хийсэнгүй. Зэс, алтны өндөр агуулгатай “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч Rio Tinto мөн мэдэгдэл гаргаж, үүндээ гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нэмж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18­-нд Дубай хотод гарын үсэг зурж, хоёр тал баталгаажуулсан. Ингэснээр 2013 оноос хойш буюу хоёр жил гаруй түр зогсоод байсан гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Дэлхийн уул уурхайн салбарт BHP­-ийн араас хоёрт орох, хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн их бэлэн мөнгөний нөөцтэй уул уурхайн компани ямар шийдвэр гаргаж байгааг бусад хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн эрсдэл даах чадвартайд тооцогдох энэ компани хүртэл Монголын улс төрөөс болгоомжилж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад ямар дохио илгээх нь тодорхой. “Оюутолгой” Монгол Улсын түүхэнд нэг төсөлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй дотоодын хамгийн том уурхайд өнөө тооцогдож байна. Тус төсөл 2019 он гарснаас хойш 524 үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Төсөл хэрэгжсэн цагаас хойш нийт гурав орчим тэрбум ам.доллар үндэсний худалдан авалтад зарцуулжээ.