A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4812/

Н.Болормаа: Улаан загалмай нийгэмлэг коронавирусийн шинж тэмдэггүй тээгчдийг илрүүлэхэд тусална

Н.Болормаа: Улаан загалмай нийгэмлэг коронавирусийн шинж тэмдэггүй тээгчдийг илрүүлэхэд тусална
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4812/
  • Тав, зургадугаар сард санамсаргүй түүврийн аргаар иргэдээс COVID-19-ийн тест авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ
  • 2015 оноос хойш өвөлжилт, хаваржилт хүндэрсэн малчид, үерт өртсөн иргэдэд нийтдээ найман тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна
  • Манай улсад нүдний болор солих мэс засал 1.2 саяас 1.6 саяын хооронд өртөгтэй байдаг. Тэгэхээр дунджаар нэг хүнд сая гаруй төгрөгийн үнэтэй мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгч байна гэсэн үг юм

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай ярилцлаа. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийг иргэдэд үзүүлэхдээ ямар ч “арын хаалга”-гүй, бодит дэмжлэг хэрэгтэй бүлэгт хүргэж чаддаг уг байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нь зүй ёсны хэрэг билээ. Коронавирусийн халдвар, тархалтын үед ч эдний хувь нэмэр онцгой үүрэгтэй. 

-COVID-19 цар тахлаас олон нийтийг урьдчилан сэргийлэхэд Улаан загалмай нийгэмлэг ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Коронавирустэй тэмцэхэд Улаан загалмай нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд олон нийтийг ухуулан сурталчилгаа хийх, гарын авлага тараах, сайн дурынхныг бэлтгэх түлхүү анхаарч ажиллаж байна. Шаардлагатай нөхцөлд ажиллах сайн дурын 410 ажилтныг бэлтгэсэн. Тэд гэрээр өөрийгөө тусгаарласан хүмүүст хяналт тавьж байна. Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө нь их. Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд хүнсний хомсдолд орох, ядуурах, гэр бүлээ хүчирхийлэх явдал зөвхөн монгол биш дэлхийн олон оронд нэмэгдэж байна. Урлаг соёлынхон бидэнтэй нэгдээд айлуудад хүнсний бүтээгдэхүүн түгээж байгаа. Мөн Чехийн хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгээр 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан 750 хүүхдийн ар гэрт эрүүл мэндийн болон хүнсний багц хүргэлээ. Улаан загалмайн дунд шатны хороодод байдаг оёдлын цехүүдэд амны хаалт оёж, тээврийн товчоодод өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүст тарааж, халуун цай, хоол өгдөг. Цаашдаа Хятадын Улаан загалмай, Олон улсын Улаан загалмайтай хамтраад COVID-19-ийн тест авахаар төлөвлөж байна. Бидний хэн нь ч өнөөдрийн байдлаар коронавирусийн тест өгөөгүй л явна. БНХАУ-д хоёрдугаар сард нөхцөл байдал хүнд байсан бол дөрөвдүгээр сард хэвийн горимдоо шилжиж байна. Гэвч шинж тэмдэггүй COVID-19 вирус тээгчид гарч ирж байгаа. Тиймээс бид ирэх тав, зургадугаар сард “Нарантуул” зах дээр эсвэл Баянхошуунд очоод санамсаргүй түүврийн аргаар тест явуулах юм. ӨМӨЗО-ны Улаан загалмай нийгэмлэгээс манайд сөрөг даралттай түргэний машин бэлэглэж байгаа. Энэ нь халдвартай хүн суухад ариутгалаа хийчихдэг, дараагийн хүнээ халдваргүй орчинд авах ухаалаг горимтой. Энэ машинд сайн дураараа коронавирусийн тест өгөх хүмүүсээ суулгаад шинжилгээ авах юм. Ингэснээр шинж тэмдэггүй коронавирус тээгчид байгаа эсэхийг илрүүлэхэд нэн тустай.

-Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хувьд харилцаа холбоо тогтоож, COVID-19-тэй тэмцэх ажилд хувь нэмрээ оруулахад тустай байх?

-Коронавирустэй тэмцэх чиглэлээр бидэнд хийх ажил маш их байна. Үйл ажиллагаагаа төлөвлөж, хүмүүсээ бэлтгэсэн. Япон улс Олон улсын улаан загалмай холбоогоор дамжуулаад урьдчилан сэргийлэх чиглэлийн ажилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хараахан санхүүжилт нь орж ирээгүй ч ойрын хугацаанд шийднэ гэж найдаж байна. Цаашид бид коронавирусээс урьдчилан сэргийлэх, хоёрт дэгдэлтийг бууруулах чиглэлээр ажиллахаар Олон улсын улаан загалмайн холбооноос өдөр тутам зөвлөгөө авч бусад үндэстнүүдээс суралцаж байна. 

-Хаваржилт эрс хүндэрч байгаа аймгуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн үндсэн үүрэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад туслах явдал юм. Улаан загалмай нийгэмлэг энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Зуданд малаа алдаж байгаа малчдын амьжиргаа муудаж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм учраас зудын эрсдэлийг хэрхэн даван туулах, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Улаан загалмай гамшгийн хөтөлбөрийн хүрээнд гол анхаарлаа хандуулдаг. Олон жилийн туршлагаас харахад зуд болсны дараа малчдад тусламж үзүүлэхэд зарим талаар оройтсон байдаг. Тэгэхээр цаг уурын урьдчилсан мэдээнд суурилан зудын эрсдэлийг бууруулах, багасгах хөтөлбөрийг Олон Улсын Улаан Загалмайн холбоотой хамтран сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас жил болгон зудын эрсдэлийн зураг гардаг. Хамгийн эхний зудын эрсдэлийн зургаар найман аймгийн 61 сумын 1000 малчин өрх зудад өртөх өндөр эрсдэлтэй байсан. Тиймээс урьдчилж дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд 1000 өрх тус бүрт  240 мянган төгрөг, малын эрдэс тэжээлийн багц өглөө. Гэтэл үүний дараа эрсдэлийн үнэлгээгээ өөрчлөгдөж, зудтай болон зудархуу гэж үнэлэгдсэн. Ингээд Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн яаралтай тусламжийн сан”-гийн дэмжлэгтэй 1750 өрхөд мөнгөн дэмжлэг болон малын эрдэс тэжээлийн багц тусламжийг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ жил Завхан, Увс аймагт өвөлжилт хамгийн их хүндэрсэн. Зудын зураглалаар нийт 2750 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдээд ажил хэрэг болж байна.

-Мөнгөн дүнгээр эдгээр дэмжлэг, туслалцааг тооцвол хэдий хэмжээний хөрөнгө болж байгаа вэ. Дэмжлэг, туслалцаа авах малчныг яаж тодорхойлдог вэ?

-Нэг тэрбум гаруй төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг зудад өртсөн, эмзэг бүлгийн 2750 малчинд хүргүүлж байна. НҮБ-ын суурин төлөөлөгч болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын удирддаг улс орны хүмүүнлэгийн баг бий. Энэ баг өвөлжилт хүндэрсэн, гамшиг тохиолдож байгаа үед хэнд, хэрхэн туслах, ямар олон улсын байгууллага аль суманд хүрч ажиллах, үзүүлж буй тусламж дэмжлэг давхардахгүй байх зэрэг ажлыг зохион байгуулдаг зарчимтай. Малчдын нэрийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай нийгэмлэг шалгуурынхаа дагуу сонгодог. Тухайлбал, 200 хүрэхгүй толгой малтай, дөрвөөс олон хүүхэдтэй, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гээд тодорхой шалгуурууд бий.

-Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хэрээр малчдын амьжиргаа сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Тиймээс заавал малчдад туслах шаардлагатай юу гэсэн асуулт гарч байна?

-Улаан загалмай малчдад туслах үйл ажиллагаанд илүү анхаарал тавьдагийн учир нь малчид амьжиргаагаа алдсанаар ядуурал нэмэгдэнэ. Улмаар хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн нүүдэл ихсэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө ихтэй. Тийм учраас малчдыг дэмжиж, амьдрал ахуйд нь хувь нэмэр оруулж, зудын гамшгийг даван туулахад нь туслах бидний хамгийн гол анхаарах стратеги байдаг. 2009-2010 оныг хамарсан их хэмжээний зуд болоход Монгол Улс нэг сая малаа алдаж, олон малчин өрх амьжиргаагаа алдсанаас хойш хот руу шилжих хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал ихэссэн шүү дээ. НҮБ-ын улс орны хүмүүнлэгийн баг олон улсын ямар байгууллага хэдэн аймгийн хичнээн малчинд тусламж үзүүлсэн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргаж өгдөг учраас мэдээлэл давхацдаггүй. Тухайлбал, Завхан аймагт НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлсэн бол бид үүнийг давхцуулахгүй байх аргачлалд анхаардаг. Улс орны хүмүүнлэгийн багт манай Онцгой байдлын газраас тогтмол мэдээлэл хийдэг. Тухайлбал, “Засгийн газрын зүгээс 12 аймгийн 87 суманд өвөлжилт хүндэрч, 2000 малчин өрх отроор нүүж байна. Тэдэнд 2.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өвс тэжээл үнэгүй олголоо” гэсэн мэдээлэл авсан бол тухайн айлд хүмүүнлэгийн тусламж давхардуулж олгохгүй байх зарчимтай ажилладаг. Улаан загалмай төвийг сахих, биеэ даах, шударга энэрэнгүй байх зарчимтай учраас тусламж хүлээн авах малчин өрхийг сонгоход аймаг, сумын засаг дарга, тамгын газраас санал авдаггүй. Бид Онцгой байдлын газар хэлтэс, Улаан загалмай сайн дурынхны баг, үндэсний гамшигтай тэмцэх баг, аймагт байгаа дунд шатны хорооны гамшигтай тэмцэх баг гээд бэлтгэгдсэн хүмүүстэй. Тэднээр дамжуулж эмзэг байдлын судалгаа авдаг. Тийм учраас хүмүүнлэгийн үйл ажиллагааг эзнийг нь олж хүргэх ёстой гэдэг ёс зүйн хатуу дүрэмтэй ажиллаж байгаа.

-Нийслэлийн захын гэр хорооллын иргэдийн амьжиргаа бас л хүнд байна. Тэр тусмаа шар усны үерийн аман дээр буусан, өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс их бий. Эдгээрт чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Бид зуны улиралд үерт гэр орон нь урсчихсан айл өрхүүдэд туслах, үерийн дараах хохирлыг барагдуулах чиглэлээр амьжиргаагаа алдсан иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлыг хийж байсан. Өвөлдөө голдуу малчдад туслах чиглэлээр ажилладаг. Энэ жил хаваржилт хүндхэн байна. Тийм учраас үер, түймрээс сэргийлэх чиглэлээр Улаан загалмай сайн дурынхнаар дамжуулсан сургалт, сурталчилгааны ажлыг хийж байна. Мөн COVID-19 вирус дэгдсэнээс хойш үйл ажиллагаагаа онлайнд чиглүүлж байгаа. Шуурхай бүх зүйлийг зайнаас амжуулах аргад суралцаж байна. Онцгой нөхцөл байдал, халдвартай бүсэд ажиллах сайн дурынхныг бэлтгэж байгаа. 2015 оноос хойш өвөлжилт, хавар жилт хүндэрсэн малчид, үерт өртсөн иргэдэд нийтдээ найман тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. 

-Нийгмийн эрүүл мэндийг дэмжих тал дээр хэд хэдэн төсөл эхлүүлсэн байсан. “Бяцхан зүрх” төсөл цаашид үргэлжлэх үү. Энэхүү төсөлд хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

-2019 онд зудын эрсдэл харьцангуй бага байсан учраас бид нийгмийн эрүүл мэндийг дэмжих тал дээр түлхүү анхаарсан. 2017, 2018 онд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдэд мэс засал хийх ажлыг Бээжин хотын эмнэлгүүдэд, мөн Хөх хотын ардын эмнэлгүүдийн зүрхний тасагт эмчлүүлэх ажлуудыг хийсэн. Түүнчлэн 2019 онд “Энержи Ресурс” компани “Бяцхан зүрх” төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлсэн. COVID-19 вирус дэгдэхээс өмнө 24 хүүхэд зүрхний хагалгаа хийлгэж, эрүүл болоод эх орондоо амжиж ирсэн. Коронавирусийн дэгдэлт намжиж, хөл хорио тавигдсаны дараа зүрхний төрөлхийн гажигтай, эцэг эх нь төлбөрийн чадваргүй, боломж тааруу хүүхдүүдийг сонгож, зүрхний үнэ төлбөргүй мэс засал хийлгэх ажлаа үргэлжлүүлнэ. Мэс заслын зардлыг 2017, 2018 онд Хятадын тал хариуцсан бол 2019 онд “Энержи ресурс” компани санхүүжүүлж байна.

-2017 оноос хойш гэхээр хэчнээн хүүхэд энэ төслийн үр шимийг хүртсэн бэ?

-БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Улаан загалмайн сангийн санхүүжилтээр 98 хүүхэд эрүүл, саруул болсон. “Энержи ресурс” компанитай хамтраад 60 хүүхдэд зүрхний мэс заслыг хийхээр зорьж байгаа. Хятадын тал эмчилгээний зардлыг 50 хувь хөнгөлж байгаа. Тийм учраас эхний ээлжинд 40 хүүхдийн мэс заслыг “Энержи ресурс”-ийн зардлаар хийхээр төлөвлөсөн. Үүнээс 24 хүүхэд бүрэн эмчлэгдлээ. Одоо 16 хүүхэд хүлээж байна. Коронавирус намжсаны дараа үлдсэн хүүхдийг ӨМӨЗО-нд зүрхний хагалгаанд оруулахаар зэхэж байгаа. Эцэг эх нь манайхтай байнга холбоотой байдаг. Мөн БНХАУ, ӨМӨЗО-ны Улаан загалмайтай бид сүүлийн хоёр жил хамтарч бас нэг эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн. Монгол орон жилийн турш агаарын хуурайшилттай учраас нүдний болор цайх өвчний тоо өндөр бүсэд ордог. Ялангуяа манай 50-55 нас болон түүнээс дээш настай ахмадуудын дунд, тэр дундаа хөдөө орон нутагт мал маллаж байгаа хүн амын дунд нүдний болор цайх өвчин элбэг тохиолдож байна. БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран нүдний болор цайх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Ахмад настай хүн ертөнцийг харах чадвараа алдвал асаргаа сувилгаа, гэр бүлийн нэг гишүүн байнга тусалж, дэмжих шаардлагатай болдог. Тийм учраас хүмүүнлэгийн салбарт нүдний болор цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх, үнэ төлбөргүй мэс ажилбар хийхэд Улаан загалмай хамтарч байгаа.

-Нүдний болор цайх өвчтэй хүнийг ямар байдлаар сонгодог вэ?

-Бид өнгөрсөн жилээс энэ ажлыг эхлүүлэхдээ Дорнод, Хэнтий, Сүхбаатарын ахмадуудыг ӨМӨЗО-ы Алтан эмээл гэдэг газарт Хөх хотоос ирсэн нүдний мэс заслын баг хийсэн. Дараа нь Өмнөговийнхон Бугат гэдэг газарт хийлгэсэн. Энэ мэтчилэн чиглэл чиглэлээр зохион байгуулсан. Нийт 851 хүнийг үзлэгт хамруулснаас 310 хүн Алтан-Эмээл, Халиут зэрэг газар болон Улаанбаатар хотод нүдний болор солих мэс засалд орсон. Цаашид Улаан загалмай нийгэмлэг жил болгон нүдний болор цайх өвчтэй ахмадуудад болор солих мэс заслыг хийлгэх ажлаа зохион байгуулна. Мэс заслын санхүүжилт одоогоор БНХАУ-ын талаас 100 хувь гарч байгаа. Гэхдээ манайд мэдээж хүлээн авах, эмнэлгээ бэлдэх бусад олон зардал гардаг. Манай улсад нүдний болор солих мэс засал 1.2 саяас 1.6 саяын өртөгтэй байдаг. Тэгэхээр дунджаар нэг хүнд сая гаруй төгрөгийн үнэтэй мэс заслыг төлбөргүй хийж өгч байна гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм". 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ш.Ариунжаргал: Системийн өвчин удаан явцтай л болохоос хавдартай ижил аюултай өвчин

 0 сэтгэгдэл
  • Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий
  • Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хйиж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсний үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, энэ төрлийн эмгэгтэй хүн улам олширсоор байна. Тиймээс яс, үе мөчний эмгэгийн шалтгаан, эмчилгээний талаар “Наран мед” клиникийн үүсгэн байгуулагч, УАУ-ы ахлах зэргийн эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, хүүхдүүд хүртэл энэ төрлийн эмгэгээс болж шаналах болсон. Үе мөчний өвчин тулай, хэрх зэрэг олон төрөл байдаг шүү дээ. Шалтгаан, эмчилгээ нь ч харилцан адилгүй юу?

-Ревматологи буюу яс, үе, булчин шөрмөс холбогч эдийн өвчин судлал нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байна. 1998 онд л албан ёсоор бүртгэгдсэн. Зөвхөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой 300 орчим төрлийн өвчин бий. Эдгээрийг үүсгэж байгаа шалтгаанаар нь ерөнхийд нь аутоиммунный, халдварын шалтгаантай, бодисын солилцооны гэж гурав ангилдаг. Сүрьеэ бруцеллёз , цус задлагч нян, вирусийн гаралтай өвчнөөр үүсгэгдэж байгааг халдварын шалтгаантайд тооцдог. Харин бодисын шалтгааны улмаас үүсэж байгаа эмгэгт сахар, тулай, яс сийрэгжилт зэрэг ордог. 

-Монгол хүмүүст дээрх эмгэгүүдийн аль нь илүү түгээмэл тохиолддог вэ. Хэрх өвчний оноштой хүн цөөнгүй байдаг юм шиг анзаарагдсан?

-Хэрхийн эмгэг нь олон өвчнийг багтаасан шинжлэх ухааны нэршил юм. Системийн өвчин нь залуужиж хүйсийн ялгаа улам багасч байна. Тухайлбал тулай өвчнөөр 40 өөс дээш насны эрчүүд голдуу өвддөг байсан бол залуучууд, эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Сүүлийн үед манай улсын хүүхэд эмэгтэйчүүд залуусын дунд түгээмэл тохиолдож буй өвчин бол Rheumatoid arthritis буюу хэрх төст олон үений үрэвсэл юм. 

-Ямар шалтгааны улмаас энэ өвчин үүсдэг вэ?

-Аутоиммуны өвчин үүсгэх шалтгаан олон бий. Газар нутгийн байршил, хооллолт, удамшил, эмийн зохисгүй хэрэглээ, жирэмслэлт, цэвэршилт, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, үе мөчний бусад өвчнийг дутуу, буруу эмчилсэнтэй холбоотой үүсдэг. 

-Газар гэсэхээр болон газар хөлдөхөөр үений өвчин сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ялангуяа, хаврын улиралд хүмүүс эмнэлэгт хандах нь ихэсдэг юм шиг анзаарагдсан?

-Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, биед шаардлагатай витамины хэмжээ багасахаар архаг өвчин сэдэрдэг. Мөн хавар намар салхи ихссэнтэй холбоотой үе мөчний өвчин хөдөлдөг. Салхи, чийг зэрэг нь өвчин үүсгэх, сэдрэхэд нөлөөлөх тохиолдол элбэг. Ер нь үе өвддөг хүн даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Хүмүүс хавар цагт нимгэн хувцсандаа эрт орж, шилбэ, хөлөөрөө даардаг шүү дээ. Энэ мөн сөрөг нөлөөтэй.

-Системийн өвчин үе өвдөхөөс гадна өөр ямар шинж тэмдгээр илэрдэг бол? 

-Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хийж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсийн үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно. Түүнчлэн энэ өвчин зөвхөн яс, үенд нөлөөлдөггүй. Уушиг зүрх элэг бөөрөнд нөлөөлж, хатуурал үүсгэх ч эрсдэлтэй. Мөн нүд, шүд, шүүрэл ялгаруулдаг булчирхайд өөрчлөлт орж, нулимс гарахгүй нүд аргаж, хуурайших, шүд унах, буйл үрэвсэх, шүлс ялгарахгүй, булчирхай хатангиршдаг. Эхэндээ холбогч эд, булчин шөрмөс судас гэмтээгээд ясанд эрози үүсгэж иддэг. Ер нь удаан явцтай л болохоос хавдартай ижил, эмчилгээ авах нь бэрх аюутай өвчин.

-Өвдөлтийг нь богино хугацаанд намдааж болдог юм билээ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий. Уг нь нэг, хоёрдугаар шатанд нь оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь хүмүүс эмээ ч ууж чадахааргүй болсон үедээ л ирдэг. Бөөр, уушги, зүрхний дутагдалд орж хатуурал үүстэл нь эм уугаад, эмнэлэгт хандахгүй яваад л байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд маш их ирж байна. Нуруунд нь өөрчлөлт орсон, хөл гарын өвдөг, шагай нь хавдсан багачууд цөөнгүй байна. Гэхдээ хүүхэд эмчилгээ авах нь хурдан байдаг. Хурдан оношлуулжэмчилгээ эрт эхлэснээр үе мөч эрхтэн системээ хамгаалж үлдэх боломжтой. Хануур, зүү, тан, жин, бариа заслыг тохирсон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үений гэмтлийг даамжруулахгүй байх эмчилгээ хийнэ. Уг нь дасгал, иог, бясалгал, спортыг өөртөө тохируулан тогтмол хийж, хоол ундаа зохицуулаад, эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл хүндрэхгүй. Эдгэх боломж байдаг.

Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэлийн шинж тэмдэг

� Гарын хуруу болон гарын бугуй, хөлийн шагайн үенд халуу оргих,

� Үе хавагнах, хөших бадайрах

� Өглөөгүүр үе мөч янгинах, хөшиж хатуурах өглөөний хөшингө бий болох

� Амархан ядарч сульдах, тамирдах 

� Арьсан дээр цагираг хэлбэрийн улайлт үүсэх, жижиг зангилаанууд гарах,сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөх

� Бөөр гэмтсэн үед шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

� Тамхи, архи хэрэглэхгүй байх

� Биеийн жинд хяналт тавих

� Дасгал хөдөлгөөн, иог, бясалгал хийх. Зөв дасгал хөдөлгөөн 

� хийснээр өвчин хоёр дахь үедээ даамжирхаас сэргийлэх боломжтой.

� Нарны туяанд байнга гарах

� Буйлны үрэвсэл үүсхээс сэргийлж, амны хөндийн ариун цэвэрт анхаарах хэрэгтэй.

� Хоолой, чих, хамарыг эрүүл байлгаж, эмчийн үзлэгт тогтмол ороох

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгшрөлтийг түргэсгэдэг хоол хүнс

 0 сэтгэгдэл

Испанийн Наваррын их сургуулийн эрдэмтэд гүн боловсруулалттай хоол хүнс эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрснийг La Vanguardia сэтгүүлд мэдээлсэн байна. Үүнд талх, нарийн боов, амттан, хийжүүлсэн ундаа, янз бүрийн хачир, сахартай эрдэнэшиш, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хадгалахад зориулсан махан бүтээгдэхүүнийг хэт боловсруулсанд тооцдог. Ийм хүнсэнд будаг, сахар, хадгалалтыг удаашруулах бодис, өөх тоос, давс ихээр ордог боловч амин дэм, торлог бодисоор ядуу юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эдгээрийг хэрэглэснээр хромосомын үзүүрийн хэсэг багасдаг байна. Уг хэсэг нас ахих тусам богиносдог авч дээрх хүнсийг хэрэглэснээр үйл явцыг хурдасгадаг аж. 57-91 насны 886 хүнтэй бүлэгт туршилт явуулж, хромосомын үзүүр ба хооллолтын харилцан хамаарлыг тогтоожээ. Үр дүнгээс үзвэл өдөрт гурваас дээш удаа гүн боловсруулалттай хоол идсэн хүмүүсийн хромосомын үзүүр богиносох үйл явц хоёр дахин түргэсдэг нь тодорхой болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Moderna-гийн вакцин COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоож байна

 0 сэтгэгдэл
  • Дэлхий даяар зай барих арга хэмжээг зогсоох, эдийн засаг, сургуулиудыг эргүүлэн нээх, урлаг, спортын арга хэмжээг айдасгүйгээр чөлөөтэй зохион явуулахад вакцин чухал үүрэгтэй
  • Цар тахлыг зогсоохоор ажиллаж буй вакцин болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд зах зээлд гаргах бүтээгдэхүүнээсээ хэр орлого олох эсэхийг одоогоор ярихгүй байгаа

АНУ-ын биотехнологийн Moderna Inc компанийн туршилтын вакцин хүний дархлалын тогтол цоонд шинэ төрлийн коронавирус эсэргүүцэх чадвар үүсгэсэн нь дэлхийн нийтийн тэмцэлд найдвар төрүүллээ. Туршилтад сайн дураар оролцогч цөөхөн хүнд аюулгүйн үнэлгээ өгөх зорилгоор жижиг туршилт хийсэн учраас үр дүнд болгоомжтой хандах нь чухал. Гэхдээ сая сая эрүүл хүнд тарих тул аюулгүйн ноцтой эрсдэл байхгүйг ойлгуулж өгсөн нь уг туршилтын чухал ач холбогдол юм. “Вирус олшрох явцыг зогсоож чадахуйц эсрэг бие үүссэн нь сайны шинж” хэмээн Moderna-гийн гүйцэтгэх захирал Стефан Бансел ярилцлагадаа онцлов. “Үүнээс илүү сайн мэдээ гэж юу байх вэ” хэмээн тэрбээр тодорхойлж байна. Цаашид вакциныг илүү олон хүнд туршиж, үр нөлөөг нь судлах гэж буй тус компани туршилтын гурав дахь шатанд олон мянган хүнийг хамруулах юм. Дэлхий даяар зай барих арга хэмжээг зогсоох, эдийн засаг, сургуулиудыг эргүүлэн нээх, урлаг, спортын арга хэмжээг айдасгүйгээр чөлөөтэй зохион явуулахад вакцин чухал үүрэгтэй.

Өдгөө дэлхий даяар 4.7 сая хүнд халдварлаж, 300 гаруй мянган хүний аминд хүрээд байгаа шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV-2-ын вакцин бүтээх ажилд эм үйлдвэрлэгч, эрдмийн байгууллага, засгийн газрууд дэлхий даяар өрсөлдөж байна. Шинэ мэдээллийн дараа Moderna-гийн хувьцааны үнэ Нью-Йоркт 30 хувиар өсөж, 87 ам.доллар хүрсэн нь тус компанийн хувьд үнэмлэхүй үзүүлэлт болж байна. Вирусийн тархалтыг эрдэмтэд зогсоож чадна гэсэн итгэлийг Moderna болон Оксфордын их сургууль, БНХАУ төрүүлж буйн ачаар дэлхийн зах зээлд итгэл бэхжиж, S&P 500 индекс 3.1 хувиар дээшилсэн юм. Цар тахлыг зогсоохоор ажиллаж буй вакцин болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд зах зээлд гаргах бүтээгдэхүүнээсээ хэр орлого олох эсэхийг одоогоор ярихгүй байна. Вакцин хөгжүүлэх туршилт хэд хэдэн шаттай явагддаг. Эхний шатны тестийг зөвхөн аюулгүйн үнэлгээ хийх, хүний дархлааны тогтолцоо хариу реакц үзүүлж буй эсэхийг тогтоох зорилгоор явуулдаг.

Цаашид долдугаар сараас эхлээд олон мянган хүнийг туршилтад хамруулж, вакцин бодит орчин нөхцөлд вирусийг дарангуйлж, олшрохоос сэргийлэн, хүчийг нь сулруулж чадаж буй эсэхийг нарийн тодорхойлох юм. Нэгдүгээр шатны туршилтаар судлаач нар цусны дээжид судалгаа хийж уг вакцин онолын хувьд хадварын эсрэг тэмцэх чадвартай эсрэг бие үүсгэж буй эсэхийг шалгасан юм. Судалгааны хүрээнд тарьсан багахан хэмжээний тун нь эсрэг бие үүсгэсний дараа хоёр дахь их тун халдвар тусаад эдгэсэн хүний биед илэрдэгтэй ижил болон илүү түвшинд эсрэг бие үүсгэж чаджээ. Аюулгүйн тест амжилттай болж вакцинд нийтлэг реакц үүсэж чадсаныг Бансел тайлбарласан юм. Их тунгаар тариулсан гурван хүний биед дам харш нөлөө тод илэрснийг компанийн презентацид тайлбарласан аж. Дараагийн шатанд ийм хэмжээтэй тунгаар тарихгүй. Нийт 600 хүнийг хамруулах хоёрдугаар шатны туршилт удахгүй эхэлнэ. Ихэнх вакцин нь генийн инженерчлэлийн аргаар үүсгэсэн вирусийн идэвхгүй “хэсэг” эсвэл уураг байдаг. Тариулсан хүнд вакцин тухайн өвчнөөр өвдөөд эдгэсэн хүнд байдагтай адил дархлааны механизм үүсгэдэг юм.