A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2626/

Н.Дашзэвэг: Орос, Хятад улс бартер хийж, Монголыг гол зах зээлээс шахах эрсдэл ойрхон байна

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сайн мэддэг учраас хөрөнгөө оруулахгүй байгаа юм

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2626/


Эдийн засагч Н.Дашзэвэг “Монголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм” хэмээн томъёолсон юм. Ингээд түүний Тавантолгойн нүүрсний ордын талаарх “гаргалгааг” уншигчдадаа хүргэж байна.

-Тавантолгойн асуудал олон нийтийн анхааралд байсаар байна. Энэ үед аль нэг талыг бариагүй, мэргэжлийн хүний байр суурь чухал байна?

-Юуны түрүүнд Тавантолгой шиг ийм том орд дээр том стратеги хэрэгжүүлэх ёстой. Тэр том стратегийг хэрэгжүүлэгч нь Эрдэнэс Тавантолгой компани, түүний хувьцаа эзэмшигч Засгийн  газар, Ерөнхий сайд. Жижиг тавантолгойд бол ийм том стратеги хэрэгжүүлэх потенциал байхгүй. Тэгээд ч тэд бушуухан шиг нүүрсээ зөөж гаргаад, уурхайгаа хаах л бодолтой байгаа байх. Том стратеги хэрэгжүүлэхийн тулд гадагшаа гурван зүйлийг судлах, мөн дотроо гурван зүйлийг сайжруулах ёстой. Гадагшаа судлах зүйл нь гол хэрэглэгч, өрсөлдөгч, хамтрагч гурав. Дотроо сайжруулах зүйл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, зах зээлд гарах дэд бүтэц, компанийн засаглал юм.

-Гадаад гурван хүчин зүйлээ тодруулахгүй юу?

-Гол худалдан авагч урд хөршийн сонирхлыг бид судалж байх ёстой. Тэдний хувьд монголчуудыг дотор нь хагаралдуулаад, нүүрсний үнийг унагаад л байх сонирхолтой. Нүүрсээ нэн яаралтай нэг цонхоор зардаг болмоор байна гэж би олон жил үглэж байгаа. Алсдаа энэ мэхэнд унахгүй тулд урагшаа Гашуунсухайт руу, зүүн тийшээ Бичигт руу төмөр зам тавьж хятадын нэг хэрэглэгчийн барьцнаас гарах хэрэгтэй. Оросууд “Танай нүүрсийг Хятадын зүүн эрэгт очоод өрсөлдөхүйц байх тарифаар зөөгөөд өгье” гэдэг санал тавьж байна. “Монголыг чангалаад байвал ингээд Орос руу гаргачих юм байна. Бид тоглолт хийж чадахгүй нь” гэсэн ойлголтыг хятадуудад өгөхийн тулд энэ шугам бидэнд стратегийн ач холбогдолтой. Түүнчлэн коксын үйлдвэр барих хэрэгтэй. Солонгос, Япон, Хятадын үйлдвэрүүдэд таарсан коксыг нийлүүлэх чадвартай болчихвол бид гол худалдан авагчийн сонирхолд хөтлөгдөхгүй.

Гол өрсөлдөгч бол Орос. Анзаарч байх ёстой бусад өрсөлдөгчид Австрали, Индонези, АНУ, Канад зэрэг улс. Орос дотроо сүүлийн үед маш хүчтэй хоёр өрсөлдөгч бидний яг ар нуруун дээр гарч ирж байгаа нь Якут, Тува. Якут бол Бам (транссибирийн төмөр замын салаа) уруу 321 км төмөр замаар холбогдчихсон оху-ын зүүн эрэгт нүүрсээ аваачин зарж байгаа. Тувагийн нүүрс 3000-4000 км хол ч гэсэн оросууд нүүрсний тээвэр дээрээ татаас өгөөд байх боломжтой. Тувагийн нүүрс манайхаар ороод мөрөн, Эрдэнэтээр дамжаад хятад руу гарах боломж бас бий. Одоо бид мөрөн рүү төмөр зам тавих гэж байна. Тавигдчихвал увсаар дамжаад Тува руу төмөр зам тавихад ойрхон харагдаад байгаа юм. Оросууд ийм сонирхолтой, харин энэ нь маш их эрсдэлтэй. Хэрэв бид Орост ийм боломж олгочихвол Орос, Хятад улстай бартер хийж монголыг нүүрсний гол зах зээлээс шахах эрсдэл ойрхон байна. Хятадын импортын хэрэгцээ нь 30-40 сая тонн коксжих нүүрс байна. Үүнийг нь дан ганц монгол бүрэн хангачих боломжтой. Гэтэл ардаас тувачууд гараад ирлээ. Төмөр замыг мөрөнгөөс цаашаа явуулах хэрэггүй.

-Гол түншийн тухайд юу хэлэх вэ?

-Гол түнш гэж юу яриад байна вэ гэхээр ЭТТ-д стратегийн хөрөнгө оруулагч татмаар байгаа юм. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь компанийн хувьцааны томоохон хэсгийг авдаг, 10 хувиас дээш эзэмшдэг, урт хугацаанд компанийн ашгийг харж тооцоолдог, мөн өөрөө нэмж зээл өгдөг ч юмуу, тусалдаг хүмүүсийг хэлнэ. Яагаад гэвэл нүүрс өөрөө үнийн хувьд тогтворгүй, их эрсдэлтэй, мөн өрсөлдөгч ихтэй байгаа.

-Дотроо сайжруулах гурван зүйл дээр нэмж юу хэлэх вэ?

-Үйлдвэрлэлийн түвшнээ сайжруулна. Нүүрсийг угааж баяжуулж зарах нь зөв. Төмөр замаар хэрэггүй хог хаягдал тээвэрлэхгүй, зардалд хэмнэлттэй гэсэн үг. Кокс нь нүүрснээсээ 3-5 дахин илүү үнээр зарагддаг тул Солонгос, Япон хүрэх боломжтой. Гол хэрэглэгчийн бодлогод баглагдахаас биднийг аварна гэдгийг өмнө нь хэлсэн. Тийм болохоор нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмөр замуудыг төлөвлөгөөний дагуу барих хэрэгтэй.

-Төрийн өмчит компанийн засаглал сайн байх нь их чухал

-Тавантолгой дээр ажиллах компаний засаглал ил тод байх ёстой. Хамгийн итгэл үнэмшилтэй, мэргэжлийн байх хэрэгтэй. Эрдэнэс-Тавантолгой компани дэлхийн хэмжээнд ажиллаад ирэхээр хөрөнгө оруулагчид ЭТТ-ийн ТУЗ, хяналтын хороо, гүйцэтгэх удирдлагуудын чадавхийг харна. ТУЗ бол дэлхийн жишгээр хараат бус байх нь олон. ТУЗ-ийг жишээ нь есөн гишүүнтэй гэж бодъё. Тэдний 5-6 нь хараат бус, салбар салбарын хувьцаагаар мэргэшсэн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Мөн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал зэргийг тогтмол байлгамаар байна. Сонгуулиар эрх баригч нам өөрчлөгдөнгүүт өөр даргатай болчихдог тогтолцоо маш хор уршигтай. Уг нь удирдлагууд олон жил ажилласан бол илүү итгэл үнэмшил төрнө шүү дээ. онголыг сайн мэддэг хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулахгүй байгаа юм. Нөгөө л улстөрчид нь шахаа их хийдэг, удирдлага нь байнга солигддог, ах дүү нараа тавьдаг, тэр бүү хэл нүүрсний квотыг нь хуваагаад авчихдаг гээд муу нэртэй.

-Улстөрчдийн хэт хамааралтай удирдлага байгаад гол бурууг тохож ирсэн. нэг тийм ерөнхий үл итгэх ойлголттой болчихлоо?

-Компанийн мэргэжлийн түвшинд удирдах чадвар л унаж байгаа юм. Стратеги тактикийн тоглолтоо боловсруулаагүй, салбараа судлаагүй, ирээдүйн хандлагаа ойлгоогүй, өрсөлдөөний  нөхцөл байдлаа мэдэхгүй ийм хүмүүс л компанийг алж байна. Одоо ЭТТ-н хувьд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байхад хувьцаа тараах хэрэггүй юм. Өөрсдийнхөө ашгаар хөрөнгө оруулалтаа хийхэд бид хүү гэж төлөхгүй. Компаниа хөл дээр нь бостол, өрсөлдөх чадвартай болох хүртэл нь ногдол ашиг тараах ямар ч хэрэггүй. ЭТТ нь дэлхийн зах зээл дээр маш олон компанитай өрсөлдөж байна. Австрали, Орос, АНУ, Канадын гээд маш олон компанитай Хятад, Солонгос, Япон, Хонконгийн зах зээл дээр өрсөлдөж байна. Алсаа сайн хараад зах зээлээ сайн судлаад тэдэнтэй яаж насан туршийн холбоо тогтоох вэ гэдгээ анхаарч ажиллах менежмент хэрэгтэй.

• Кокс нь нүүрснээсээ 3-5 дахин илүү үнээр зарагддаг тул Солонгос, Япон хүрэх боломжтой. 

• IPO гаргахын тулд ЭТТ-н хувьцааг авах гэж байгаа талуудад оруулсан мөнгө 50, 100 жилийн дараа ч байнга өсөж байна гэсэн ойлголтыг л өгөх хэрэгтэй.

• Компаниа хөл дээр нь бостол, өрсөлдөх чадвартай болох хүртэл нь ногдол ашиг тараах ямар ч хэрэггүй.

-Таны хэлээд байгаа эдгээр дотоод гадаад сайжруулалтуудыг яаралтай хийх гаргалгаа юу вэ?

-УИХ, ЗГ Эрдэнэс-Тавантолгойгийн зүгээс дээр олон улсад IPO хийнэ гээд байгаа биз дээ. Энэ IPO-г заавал хийх шаардлагатай. IPO нь хөрөнгө оруулалтыг хангадаг дэлхийн тогтсон механизм юм. IPO гаргахын тулд ЭТТ-н хувьцааг авах гэж байгаа талуудад оруулсан мөнгө 50, 100 жилийн дараа ч байнга өсөж байна гэсэн ойлголтыг л өгөх хэрэгтэй.

Тавантолгой дээр хэнийг оруулах вэ гэсэн асуудал олон жил яригдсан. Өмнө яригдаж байсанчлан 49 хувийг хятадад өгчихвөл давуу тал бий, сул тал ч бий. Нэг талаар тэд бидний борлуулалтыг хангаж өгөх ч нөгөө талаар бидний нүүрс зарах үнийг бариад байх юм. Үүний эсрэг тактик болгож дангаар Солонгос японыг оруулмаар байгаа ч Хятад улс төмөр замын татвараа үе үе нэмэх, төмөр замын квотоор биднийг шахдаг ч юмуу асуудлууд гарч ирэх байх. Энэ дээр бас нэг юм байна, хятад манайхаас сайн чанарын нүүрс авчихаад өөрсдийнхөө тааруу чанартай нүүрстэй холиод цаашаа зардаг бололтой. Бид ч гэсэн өөрсдийн сайн чанарын коксжих нүүрсээ бусад нүүрстэйгээ хольж зармаар байна.

Санаагаар болдог бол гурав хуваагаад оруулчихмаар байгаа юм. 16 хувийг нь Солонгост, 16 хувийг нь японд, 16 хувийг нь хятадад гэх мэтээр өгчихвөл бидэнд тэр гуравтай харьцахад хялбар. 49 хувьтай харьцахад хэцүү, их хүнд нөхцөл тавиад байдаг. Гурван 16-тай харьцахад харин амар байх юм. Одоо IPO хийх хувилбар дээр тогтож байна. IPO нь бүх талуудын балансыг нь хангаад оруулж ирэх хувилбар болж таарах гээд байна. Тиймээс IPO хийхийн тулд хөрөнгө оруулалтын төслөө маш сайн бичих, талуудтайгаа сайн ажиллах хэрэгтэй. Оруулж ирэх гэж хичээж байгаа талуудынхаа голлож харах эрсдэлүүдийг урьдчилан гаргаад, түүнээс гарах арга замаа ч тайлбарласан байх хэрэгтэй.

-Тавантолгой дээр таны сая ярьсан гадаад болон дотоод гурван сайжруулалтуудаа хийгээд, компанийг хамаагүй үр ашигтай ажиллуулаад явахад ирээдүй нь хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ?

-Нэгдүгээрт төсвийн орлого нэмэгдэнэ, хоёрдугаарт ажлын байр нэмэгдэнэ. Боловсролын салбар бол төсвийн орлогоор л хөгжинө. Нөгөө талаар компани томрох тусам тэнд ажлын байр нэмэгдэнэ, бизнесийн орчин сайжирна. Ханган нийлүүлэгчид олширно. Тэгэхээр улсын компани томорсноор улс орон даяараа л үр шимийг хүртэх нь ойлгомжтой.

-Тавантолгой баялгаараа Эрдэнэтээс хамаагүй том. Тэгэхээр Тавантолгойг хөдөлгөснөөр Монгол улсын нүүр царай хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Мэдээж өөрчлөгдөнө. Тавантолгойг дагасан бүх бизнесүүд дагаад хөгжинө. Бололцоотой бүх юмаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Улс тэр чигээрээ л хөгжинө.

-Тавантолгойг хөдөлгөж чадсан Ерөнхий сайд түүхэнд нэрээ үлдээх том ажил биз?

-Тэгэхийг хэн байг гэх вэ. Тавантолгой чинь Эрдэнэтээс ч том биз дээ. Тавантолгойн кластер гэж хөгжүүлээд аймгуудаа бүсчлэн хөгжүүлж болно. Асар хүчирхэг Тавантолгой “Зүүн бүсийн гурван аймгаас бид ийм төрлийн бизнесийг урт хугацаанд дэмжиж, хэрэгцээндээ худалдан авч ажиллана” гэж зарлана гээд төсөөлөөд үз. Тэгэнгүүт хотын компаниуд тэр аймагт салбараа нээнэ. Дагаад ажлын байр нэмэгдэнэ. Тэнд мөнгө эргэлддэг болно. Урт хугацааны 40, 50 жилийн гэрээ хийнэ.

-Японд Toyoto-г дагаад муж бүрт жижиг жижиг үйлдвэрүүд байдаг шиг л ойрын үед Тавантолгойг дагаад Монголын аймаг бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих юм байна гэж ойлголоо. Д.Хүрэлсүхийн засгийн газрын нэрийн хуудас болохуйц ажил нь Газрын тос боловсруулах үйлдвэр юмуу Тавантолгойн IPO болно гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд амжих болов уу?

-Нэг жилийн хугацаа байхад амжих боломж бол байна. Яахав жаахан хоцорч л бий. IPO-г тийм  хурдан хийхгүй. Бүр жилийн өмнөөс л сурталчилгаагаа хийгээд явдаг. Гэхдээ Тавантолгойг сонирхож байгаа стратегийн хөрөнгө оруулагчид байж л байгаа. Бид чинь хэдэн жилийн өмнөөс л Орос, Хятадыг оруулж ирнэ гэж тоглоод дахин дахин тендер зарлаад буцаагаад байсан биз. Одоо хурдлуулахгүй бол улам л цаг алдана. Якут, Тувад асар том коксжих нүүрсний үйлдвэр зах зээл дээр гарч ирэх гээд байна. Якут 30 сая, тува 30 сая гаргаад ирэхэд бид яах болж байна. Хятад Орос хоёр нийлээд бартер хийчихэд л бид шахагдаж гарах гээд байна. Хятадын хувьд аварга үндэстэн учраас монгол дээр тоглолт хийгээд байна. Яваандаа уусгах, эдийн засгийн хувьд хараат болгох сонирхолтой. Бид үүнийг нь мэдэж, давж тоглодог хар хайрцагны бодлоготой л байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их 20-иор Трамп, Шигийн халз тоглолт болно

 0 сэтгэгдэл


Саяхныг хүртэл Их 20-ийн дээд уулзалт уйтгартай, заримдаа бүр ёслолын чанартай арга хэмжээ болж, гол эдийн засгийн удирдагчид асуудлыг найрсгаар хэлэлцдэг байв. Мэдээж Трампаас өмнө л дөө. Америкийн Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш дээд хэмжээний уулзалтын ёс журамд драм, хурцадмал, тодорхойгүй байдлаас авахуулаад ямар нэг зүйл авчирсан. Үнэхээр ч энэ сарын 28-29-нд болох Их 20-ийн цугларалтын өмнө Трамп өөрийгөө давсан үймээн тарьж байна.

Тэрбээр Хятадтай худалдааны зөрчил хурцдаж буйг худалдааны дайн болгоно хэмээн сүрдүүлсэн нь Осакагийн чуулганыг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том үр дагаварт хүргэж болзошгүй. Сөргөлдөөний барьц нь багадсан мэт ноён Трамп Европ, Японыг худалдааны дайны овоо хараандаа авч, гол хоёр холбоотноо машины тарифаар сүрдүүлж буй. Мөн Евро бүс болон хятадын мөнгөний бодлогын талаарх трампын шүүмжлэл нэмэгдэнэ.

Энэ бүхнээс харахад Осакад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн санхүүгийн зах зээлд чухал дохио өгөх юм. Өнгөрсөн мягмар гарагт Трамп твиттертээ “Ноён Шитэй утсаар сайхан ярилцлаа. Бид уртасгасан уулзалт хийнэ” гэж бичсэн нь байдлыг жаахан намжаав. Хоёр улсын албаныхан ба шинжээчдийн таамаглаж буй хамгийн сайн хувилбар нь АНУ тарифаа хойшлуулж, тавдугаар сард тасарсан худалдааны хэлэлцээг сэргээх явдал гэж үзэж байна.

Харин муу хувилбар нь худалдааны сөргөлдөөнийг шинэ хүйтэн дайн руу хөтлөх эрсдэлтэй юм. Хэрэв уулзалт эхлэхээсээ өмнө цуцлагдах буюу тохиролцоонд хүрч чадахгүй бол дэлхий ертөнц хоёр тэргүүлэх эдийн засгийн хурц зөрчлийг харах агаад хохирол нь санхүүгийн зах зээлийн нуралт, өсөлтийн удаашралаар илэрнэ. Ийм магадлалыг үгүйсгэх аргагүй. Учир нь хоёр удирдагч бараг эсрэг тэсрэг гэмээр эрс ялгаатай хандаж байгаа нь өмнө нь бас асуудал үүсгэж байсан. Трамп дураар авирлаж, хэлэлцээний ширээний нөгөө талд суугаа хүний тэнцвэрийг алдагдуулдаг арга барилтай хүн.

Ноён Ши маш болгоомжтой бөгөөд түүнийг хүрээлэгчид үр дүнг нь урьдаас товлоогүй уулзалтад оролцуулахыг хүсэхгүй байгаа. Хятадын зарим албаны хүний хэлснээр Трампын дээрэнгүй авир ноён Шид татаас, оюуны өмч гээд олон асуудлаар АНУ-ын шаардлагыг зөвшөөрөхөд саад хийж байж магадгүй юм. Вилсоны төвийн судлаач, дипломатч Роберт Дейли “Трамп Ши Жиньпинийг овоо хараандаа авна гэж ярьдаг атлаа гэнэт сайхан аашлаад унавал гайхал төрүүлэх нь мэдээж” хэмээн өгүүллээ.

Бээжингийн нэгэн шинжээч Хятадын удирдагчийг шахсан байдалд оруулах тусам бууж өгсөн мэт ойлгогдох буулт хийхээс татгалзна хэмээн тайлбарлав. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед их долоо, Их 20-ийн уулзалтын бэлтгэл ажилд оролцож байсан зөвлөх Мэтью Гудман одоогийн байдлыг шинэ хүйтэн дайн гэж нэрлэхэд эрт байна хэмээв. Түүний бодлоор эдийн засгийн харилцааг илүү шударга болгох зорилт тавигдаж байгаа аж. Харин Трампын зөвлөх Клит Уилемс “Засаг захиргаа Хятадад анхаарч буй хэдий ч бусад оронд бас тариф тогтоосон нь хятадын талаарх өөрийн стратегийг дэмжүүлэх аргыг хайж байна. Гэхдээ Хятадыг тохиролцоонд хүргэхүйц хатуу байр суурь баримталж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ши Жиньпинийг Маогаас хойш их хамгийн хүчирхэг удирдагч гэж үздэг боловч дотооддоо улс төр, эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч буй нь түүний хийх боломжтой алхмуудыг хумьж байна. Хятадын эдийн засаг сулрах шинжтэй байгаа нь худалдааны дайны хохирлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хонконгт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн явдал ноён Шигийн захиргаадах арга барилыг эсэргүүцсэн түгшүүр үүсгэв. Шинжаан дахь Исламын шашинт цөөнхийг бөөнөөр хорьж буй асуудал ч өрнөдийн анхааралд өртөөд байна.

Нөгөө талаас Трампын байр суурь өөрийнх нь бодож байгаа шиг бат бэх үү гэдэг эргэлзээтэй.  Түүний тарифын бодлого эсэргүүцэлтэй тулгарч, эдийн засагт хохирол учруулж эхэлснийг статистик харуулж буй. Трамп, Ши нарын хэн хэнд дотоодын шахалт тулгарч байгаа нь харагддаг. Тэд Осакад эвлэрэлд хүрч магадгүй л юм. Гэхдээ урт хугацааны энх тайван тогтоож чадна гэдэг юу л бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна

 0 сэтгэгдэл


Манай улс 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна. Монгол Улс дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь.

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ ийнхүү хилийн чанадаас импортолж суух ч гэж. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар жинхнээсээ “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас ялангуяа, хоёр хөршөөсөө худалдан авч байна.

Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.

Учир нь Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг л дотоодоос нийлүүлж, зах зээлийнхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Манай улсад одоогоор 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нийлээд 80 мянган тоннд хүрэх аж. Гэтэл бидний эрэлт хэдийн 300 мянган тонныг давжээ.

Улаанбаатарт сүндэрлэх барилгын тоо өсөж, бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр арматурын эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд өсөж эхэлсэн байна. Гэтэл он гарсаар үнэ ханш нь мэдэгдэхүйц өсөөд буй төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жилд тасралтгүй унаснаас үүдэн үйлдвэрлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулчихсан. Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. Бүтээгдэхүүний үнэ болон барилгын салбарын удаашралаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид цөөнгүй жилийг хүндхэн өнгөрөөсөн аж.

Гэтэл орчин цагийн Монголд хотжилтын хүрээг тэлж, хүн амаа орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх тусам барилгын салбарын дутууг дүүргэх арматурын импорт өссөн байна. Ирэх жилүүдэд ч барилгын багана болсон арматурын хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, арматурын эрэлт 2030 он гэхэд 454 мянга орчим тоннд хүрэх төлөвтэй.

Гэвч манай арматурын зах зээл өнөө хэр гадаадын үйлдвэрлэгчдийн атганд байсаар. Ялангуяа, арматур нь барилга байгууламжийн голлох түүхий эдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл царцсанаас нийт эрэлтийн голыг импортын бүтээгдэхүүнээр  хангаж байна” хэмээн “Барилга. мн” төвийн захирал Г.Батсүх өгүүлсэн юм. 

Энэ хэрээр барилгын салбарын гол түүхий эд валютын ханшийн савалгаа, гадаад зах зээлээс  шууд хамаарах нь. Өнгөрсөн онд ч арматурын нийлүүлэлт нэг бус удаа тасалдсанаас манай дотоодын зах зээлд үнэ ханш нь огцом өсөж, барилгын салбарынханд багагүй дарамт болсон юм.

• Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авдаг. 

• Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж. 

• Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.

Цаашлаад арматурын ханшийн өсөлт өнөө хэр иргэдийн худалдан авах чадвараас давсан хэвээр байгаа нь барилга, орон сууцны үнийг өдөөх эрсдэл болжээ. Гэтэл Улаанбаатарын утааг бууруулахын тулд хүн амаа барилга орон сууцаар хангах хэрэгцээ шаардлага Монгол Улсад байсаар. Харин энэ зорилгыг биелүүлэхэд арматурын үнэ ханш басаж болохгүй сорилт болж мэдэх нь. Арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн.

Дайран дээр давс гэгчээр дотоодын эрэлт өсөхийн хэрээр айлаас арматур худалдан авдаг бидний хилийн чанад руу урсгах валютын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.

Иймд ирээдүйд их хэмжээний валютын урсгалыг гадагшаа алдахгүйн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, арматурын зах зээлийг өөрсдийн атгандаа оруулах шаардлага тулгарсаар байна. Ингэснээр дотоодын чанартай түүхий эдээр барилгын салбараа хангаад зогсохгүй валютын гадагшлах урсгалыг улсдаа шингээж, төгрөгийн ханшийг хамгаална. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн хэрээр ажлын байр бий болгож, үйлдвэржилтийн үр шимийг дотооддоо шингээх боломж бүрдэх юм.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийн хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгалыг багасгаж байгаа. Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. тэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой. Ялангуяа, “барилгын яс” болдог арматурын үйлдвэрлэл улсын хөгжлөөс эхлээд хүн амын амьжиргаа, улаанбаатарын утаанд хүртэл нөлөөлөх учиртай юм. Улсын ирээдүйд чухал үүрэгтэй энэ салбарыг өөрөө хөгжихийг хүлээж, цаг алдах бус бодлого, зохицуулалтын таатай нөхцөлөөр хангаж, тууштай дэмжих нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын гутал” хийдэг Fila-гийн захирал $830 саяыг олжээ

 0 сэтгэгдэл


1990-ээд онд зузаан ултай, бүдүүн хийцтэй пүүз гарсныг “Аавын гутал” хэмээн нэрлэж байв. Мянганы үеийнхэн энэ загварт дурлах болсон тул хуучин гутал Fila компанийг дахин сэргээсэн байна. Түүнчлэн Ён Ёнсу захиралд ихээхэн баялаг хуримтлуулахад тусалжээ. Англиар Жен гэж нэрлэдэг захирал Fila Korea Ltd., компани дахь багцаараа дамжуулан 830 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүнийг 2007 онд Fila дэлхийн брэндийг худалдан авахад Өмнөд Солонгосын хэвлэлд “хавч аварга загасыг залгичихлаа” хэмээн бичиж байв.

Ноён Ён тус компанийг сэргээхийн тулд өөрөө биечлэн удирдсанаар хувьцаа нь дээшилж эхэлсэн байна. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь 90-ээд оны загваруудыг сэргээж, сонгодог хэлбэрт дуртай худалдан авагчдын эрэлтийг хангасан явдал юм. Жишээ нь, Disruptor 2 загварыг 2017 онд сэргээн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онд нэг үе эмэгтэйчүүдийн хамгийн дуртай шаахай болсон дэлхийн загварыг судалдаг Lyst сайт мэдээлэв.

Энэ оны эхний байдлаар уг загвараас 10 сая хосыг борлуулжээ. 73 настай ён энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч 2017 онд Өмнөд Солонгосын нэг сонинд өгсөн ярилцлагаас нь үзвэл “Энэ бол 45 хүрсэн хойноо гаргасан хэнз хүүхэдтэй адилхан” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн алдартнууд эдний шаахайг өмсөх болсон нь брэндийн нэр хүндийг өргөв. АНУ-ын топ модель Кендалл Женнер, дуучин Рианна нарын Fila-гийн улаан, цагаан, хөх логотой пүүзийг өмсдөг. Дээр нь харьцангуй хямд үнэ борлуулалтыг дэмжих хүчин зүйл болжээ.

Korea Investment & Securities фирмийн шинжээч На Енча “Fila үнээ бууруулахын сацуу 30-40 насныхнаас илүүтэй залуу хэрэглэгчдийг онилсон. Энэ тактик үр дүнгээ өгч байна” хэмээн үнэлжээ. Fila Korea-гийн хувьцааны үнэ өнгөрсөн оны эхэн үеэс 400 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 4.3 тэрбум ам.долларт хүрэв. Ноён Ён гэр бүлийнхээ хамтаар компанийн 20 хувийг эзэмшдэг аж. Тэрбээр нэлээд хожуу 30 гарсан хойноо коллеж төгссөн тул нас нь ажилд ороход саад болж байсан аж. Гэвч Солонгос барааг АНУ-д худалддаг компанид орсон байна.

Энэ завсар АНУ-д Fila-гийн менежертэй танилцаж, улмаар Өмнөд Солонгост пүүз үйлдвэрлэхийг ятгаж чадсан байна. Дараа нь уг бизнесийг удирдахыг санал болгож, 1991 оноос жилдээ 1.5 сая ам.долларын цалинтай Fila-гийн Өмнөд Солонгосын бизнесийн захирлаар томилогджээ. Ингээд тус салбар болон дэлхийн брэндийг худалдан авч, өдий хүргэжээ. одоо Fila 70 гаруй улсад ажиллаж байна. Ноён Ён нэгэнтээ “ёс суртахууны хувьд зөвтгөх аргагүйгээр баялаг хуримтлуулах нь утга учиргүй зүйл. Бид баялаг яаж бүтсэнийг эргэж харах ёстой” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дроныг нь устгасан Иранд Трамп хориг тавина

 0 сэтгэгдэл