A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3545/

Ой тогтоолтын тэмцээний туршид тамирчид яг л мөс шиг байдаг

Ой тогтоолтын тэмцээний туршид тамирчид яг л мөс шиг байдаг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3545/
  • Тамирчин хүн хэзээ ч амжилтдаа ханаж болохгүй
    Н.Мөнхшүрой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аварга гэдгээрээ онцлог
  • 2020 оны олимтод амжилттай оролцох, амжилтуудаа шинэчлэх зорилготой байна. Сайжруулах зүйл маш их байна. Зарим хүн "Бүх л аваргыг нь авлаа" гэх мэт зүйлс хэлдэг. Гэхдээ тамирчин хүн хэзээ ч амжилтаар өөртөө ханаж болохгүй 


Ой тогтоолтоороо гайхагдсан монгол охид ОХУ­ын “Гай­хамшигт хүмүүс” шоунд оролцож, хөрш улсынхаа иргэдийн бахда­лыг төрүүлж байсан нь саяхан. Н.Энхшүр, Н.Мөнхшүр хэмээх ихэр охид өдгөө энэ чадвараараа дэлхийн Гиннесийн амжилтыг эвдэж, Олон улсын Их мастер цолыг эзэмшиж байна. БНХАУ-­ын Үхань хотод болох Ой тогтоолтын 28 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос нь өмнө Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсанаа хүргэе.

-Ярилцлагын цаг товлох үеэр бэлтгэлтэй байсан. Энэ олон тэмцээн, хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?

-Н.Э: Бид хоёр Бээжинд суралцдаг учраас амралтаа тааруулан тэмцээн уралдаанд орохыг хичээдэг. Өдөр тутамдаа бол өглөө эрт хичээлдээ явахаас өмнө, орой тарсны дараа гэсэн хуваариар бэлтгэл хийнэ. Тэмцээн дөхсөн өдрүүдэд бэлтгэлийн ачаалал нэмэгдэхээс гадна бидний хичээл маш шахуу хуваарьтай байдаг учраас тэмцээний үеэр аль алийг нь амжуулахын тулд их ачаалалтай байдаг. Оюутан болсноос хойш бэлтгэлийн цаг маш хомс болсон. Бэлдэх материалаас эхлээд бага зэрэг хүндрэлтэй ч багшаасаа онлайнаар даалгавар авч, байнга ярилцаж зөвлөдөг. 

-Өдөрт дунджаар хэдэн цагийн бэлтгэл хийж байна?

- Н.М: Ер нь бэлтгэлийн хугацаа оролцох гэж буй тэмцээний төрлөөс шалтгаалдаг. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох гэж байгаа бол 10 төрлөөр бэлтгэл хийнэ гэсэн үг. Нэг төрөлд бэлтгэл хийхэд гурван цаг зарцуулна. Тэгэхээр бэлтгэлийн хугацаа улам уртасна гэсэн үг.

-Оюун ухааны спортоор хичээллээд гурван жил болсон байна. Богино хугацаанд өндөр амжилт гаргажээ. Анх эхэлж байхдаа тавьж байсан зорилго тань юу байв?

-Н.М: 2016 онд дунд сургуулиа төгсөөд оюун ухааны спортоор хичээллэж эхэлсэн. Ой тогтоолтын тамирчин болно гэж зорьж байгаагүй. Цаашдаа ой тогтоолтын арга барилыг хичээл сурлагадаа ашиглая л гэж бодож байсан. Хичээллэж эхэлсний дараа бодол маань өөрчлөгдөж, тамирчин болохоор шаргуу хичээх болсон.

-Олон цагаар өндөр ачаалалтай бэлтгэл хийнэ, тэмцээнд оролцоно, гэрээсээ хол хилийн чанадад суралцана гэдэг амаргүй. Хоёулаа учраас ямар нэг зүйл хийхэд илүү дэмтэй байдаг уу. Ер нь ихэр байхын давуу тал юу вэ?

-Н.Э: Тийм шүү, бид багаасаа урлагаар хичээллэж, бэлтгэл, хичээл сургууль гээд бүх зүйлд хамт явдаг байсан. Бүх л зүйлийг хамт хийж ирсэн болохоор нэг нэгэндээ түшиг тулгуур болохоос гадна урмын үг хайрлаж, хурцлаад явдаг.

-Тамирчны амжилтад бэлтгэл сургуулилалтаас гадна cэтгэл зүйн тогтвортой байдал нөлөөлдөг. Ой тогтоолтын спорт хүний анхаарал төвлөрөл, тархины үйл ажиллагаанд суурилдаг учраас сэтгэл зүйн бэлтгэл илүү чухал байх?

-Н.Э : Дээр дурдсанчлан бид бүх зүйлээ хамт хийдэг нь сэтгэл зүйн талаасаа ч давуу талтай. Ерөнхийдөө оюуны спортыг сэтгэл зүйн спорт гэж нэрлэдэг. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, өөрийгөө маш сайн барьж сурах хэрэгтэй. Яагаад гэхээр бэлтгэлээ сайн хангасан боловч тэмцээний нөхцөл байдлаас шалтгаалаад хангалтгүй үр дүн үзүүлэх тохиолдол гарч болно. Анхаарал төвлөрөлтийг дээд зэргээр шаарддаг учраас бидэнд алдах эрх байхгүй. Багш нар болон ар гэрийнхэн маань сэтгэл зүйн тал дээр тайван байж, тэмцээндээ амжилттай оролцоход бүх талаар тусалдаг. 

-Н.М: Тэмцээн болоод дууссаны дараа үзүүлэлт гарах үеэр өөрийгөө маш сайн удирдах шаардлагатай болдог. Аль ч орны тамирчин, ямар ч хугацаанд бэлтгэл хийгээд ямар амжилт үзүүлэхийг таах аргагүй. Тиймээс энэ үеэр цохилтод орохгүй байх нь чухал. Сэтгэл зүйн дархлаагаа сайжруулж, өөрийгөө удирдах л хэрэгтэй. Нэг төрөл дээр л гаднын нөлөөнд автах юм бол дараагийн төрлүүдэд нөлөөлдөг. Тэр ч утгаараа тэмцээний туршид тамирчид яг л мөс шиг байдаг. Ямар ч гаднын зүйлийг хүлээж авахаас татгалзаж, бүх л сэтгэл хөдлөлөө нууцлах ёстой. Тэмцээний бүх төрөл явагдаж дууссаны дараа л сэтгэл хөдлөлөө илэрхийлж, өөртөө дүгнэлт хийж болно. 

-Манай улсын тамирчин Б.Янжиндулам Австрид болсон олон улсын тэмцээнд оролцож байх үед шударга бусаар шүүх гэж оролдсон, тэмцээн дундуур саад болох гэх мэтчилэн үйлдэл гаргасан гэж сошиал хаягтаа бичсэн байсан. Ер нь тэмцээний үеэр иймэрхүү асуудлууд гардаг уу?

-Н.Э: Бидэнд одоогоор тийм нөхцөл байдал тохиолдоогүй. Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд Янжка эгч ганцаараа оролцохоос өөр аргагүй болсон. Бидний хувьд хичээлээс шалтгаалан оролцож амжаагүй. Харин багийн бусад гишүүнд визний бэрхшээл тулгарсан. Ганцаараа оролцсон учраас тиймэрхүү нөхцөл байдал үүсгэсэн болов уу. Өмнөх түүхээс харахад мэр сэр тиймэрхүү асуудал гарч байсан юм билээ. Амжилт гаргахын хэрээр хүлээн зөвшөөрөгдөхөд илүү амар болдог.

-Шүүлттэй холбоотой асуудлаас гадна тамирчдын зүгээс нэг нэгэндээ сэтгэл санааны дайралт үзүүлэх тохиолдол бий юу?

-Н.М: Тиймэрхүү тохиолдол бий. Speed card буюу тэмцээний хамгийн сүүлийн төрлийн үеэр тохиолдож байсан юм байна. Хурдны хөзрийн төрөл хэдхэн секундэд болж өнгөрдөг учраас анхаарал өчүүхэн ч алдаж болохгүй. Тэр үеэр сэтгэл зүйн дайралт хийх, саад болох зэрэг асуудал гардаг. Ширээ хүчтэй цохих, цаг хэмжигч дээр чанга дарж албаар саад болох гэх мэт. Ер нь биечилж нүдэн дээр үйлдэл хийхгүй ч гэлээ сэтгэл зүйгээр дайралт хийх нь элбэг.

- Энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хүртсэн медаль, цомуудаа тоолж байсан уу?

-Н.М: Бидний хүртсэн медаль 100 илүү гарсан. Цомын хувьд 20 гаруй бий.

-Та хоёр тамирчны хувиар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй ч хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай вэ. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юу?

-Н.Э: Багаасаа урлагаар хичээллэдэг байсан учраас сэтгэл хөдлөл ихтэй байсан. Харин оюун ухааны спортоор хичээллэснээс хойш өөрийгөө хянаж, дотоод хүнээ сайн удирдаж сурсан.

-Н.М: Энэ спортоор хичээллэхээс өмнө баярлаж, гомдох нь амархан, ер нь л сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байсан юм байна. Одоо бол тэвчээртэй, хүлээцтэй болсон, сууж сурсан гээд олон талаар өөрчлөгджээ.

-Тамирчин бэлтгэх хугацаа жил орчим байдаг. Та хоёрын хувьд маш богино хугацаанд тамирчин болсон гэж сонссон?

-Н.М: Тийм ээ, тамирчин бэлтгэх сургалтын хугацаа нэг жил байдаг. Бид хоёр тамирчны ангид ес хоног суугаад л тамирчин болсон. Энэ ангид орсныхоо дараа тууштай хичээж, багшаасаа маш их зүйлийг асуусан. Энэ спортдоо үнэн сэтгэлээсээ дурлаж, өдөр бүр бэлтгэл хийж, үзүүлэлтээ хурдацтай ахиулж байлаа. Багш маань ч бид хоёрт улсын аваргад оролцох боломж олгон, улмаар амжилт гаргаж дэлхийн аваргад оролцох эрхээ авч байсан. 17 настай байсан болохоор өсвөрийн ангилалд өрсөлдсөн маань бидэнд том боломж байсан. Хэрэв насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бол амжилт гаргах боломж маш бага. Тэр жилийн дэлхийн аваргад анх удаа оролцоод тус тусдаа дээд амжилтыг эвдэж, миний хувьд дэлхийн аварга болсон.

-Н.Э: Тэр тэмцээний дараа он гараад л бид хоёр 18 хүрч, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх болсон. Тиймээс тухайн үедээ их айж байлаа. Цаашдаа яах вэ гэдэг асуудал гарч ирсэн ч “Болохоосоо болохгүйг нь хүртэл хийгээд үз. Битгий хязгаарлагд” гэж багшийн маань хэлсэн үг урам зориг өгсөн. Тэр эрчээрээ Солонгосын нээлттэй тэмцээнд насанд хүрэгч дийн ангилалд өрсөлдсөн. Улмаар өөрсдийнхөө даган дуурайж, энэ хүн шиг л болчих юмсан гэж боддог байсан Германы алдартай хоёр тамирчинтай өрсөлдсөн. Анхны өрсөлдөгчид маань биднийг цэцэрлэгийн хүүхэд байхад дэлхийн аварга болж байсан хүмүүс учраас нэлээн сүрдэж байлаа. Гэхдээ оноогоороо бид хоёр нэг тамирчинг нь ялж, нөгөөд нь ялагдаж байсан. Тэр үеэс хойш хоёуланг нь ялах зорилго тавьж, дараагийн тэмцээний үеэр буулгаж авсан.

-Манай тамирчид маш богино хугацаанд амжилт гаргаж, энэ спортын төрлөөр дэлхийд гай-хагдаж байна. Амжилт гаргасны дараа гаднын орны тамирчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Н.М: 2016 оны өсвөрийн дэлхийн аваргын дараа маш олон орны тамирчин “Та хоёр ямар аргаар хичээллэдэг вэ. Хэдэн жил хичээллэж байна. Олон жил хичээллэж байгаад орж ирж байна уу” гэх зэргээр асууж, холбогдож байсан. “ОУ-ын их мастер цолыг авахад дор хаяж таваас зургаан жил шаарддаг. Та хоёр нууц бэлтгэл хийдэг үү” гээд л. Тйимээс бидэнд маш том үүрэг хариуцлага ирж, улс эх орныхоо нэр хүндийг хамгаалах хэрэгтэй болсон. 

-Тамирчдад хайр хүндлэлээс гадна амжилт гаргах ёстой гэсэн нэг төрлийн дарамт ирж байдаг. Энэ дарамтыг хэрхэн давдаг вэ?

-Н.М: Бид медалийн төлөө өрсөлддөггүй. Медаль тийм ч чухал биш. Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг заавал хүртдэг учраас, хийсэн үзүүлэлтээ л тэр чигээр нь гаргаж, өөрийгөө ялан дийлэхийг зорьдог. Энэ нь аварга болох үзүүлэлтэд хангалттай хүрэх боломжтойг илэрхийлнэ.

-Н.Э: Дуртай зүйл маань учраас дарамт гэхээс илүү аз жаргал гэж хүлээж авдаг. Мэдээж хариуц-лагаа ухамсарлаж, бэлтгэлээ сайтар хийж, улам илүү хичээх болно.

-Ой тогтоолтын спортоор хичээллээд амьдралд нь ямар өөрчлөлт, давуу тал гарсан бэ?

-Н.М: Биднийг хүмүүс урлагаар хичээллэдэг байсныг мэддэг болохоор тамирчин болоод богино хугацаанд амжилт гаргахад их гайхаж байсан. Зөвхөн дотооддоо өрсөлддөг байсан бол олон улсын тэмцээнд оролцоод ирэхээр түүнийгээ дагаад илүү хөгжиж, аливааг өөрөөр хардаг юм билээ. Хятадад суралцдаг учраас ханзуудаа цээжилж, хурдан хугацаанд суралцахад дөхөмтэй байдаг. 

-Н.Э: Мэдээж өдөр тутмын жижиг сажиг зүйлсээ мартах гэдэг асуудлаас бол хол. Мөн аливааг хурдан суралцах арга барилтай болсон. 

-Уртын дуу, уран нугаралтаар хичээллэдэг байсан. Өөр зүйл хийх чөлөөт цаг гарч байна уу?

-Н.М: Ер нь сүүлийн хоёр гурван жил бидэнд чөлөөт цаг гараагүй. Урлагийн төрлүүдээ хаяхгүйгээр өөрсдөдөө амралт болгож ашигладаг.

-Цаашдаа ямар зорилготой байна вэ? 

-Н.Э: 2020 оны олимпод амжилттай оролцох, амжилтуудаа шинэчлэх зорилготой байна. Сайжруулах зүйлс маш их. Зарим хүн “Бүх л аваргыг нь авлаа” гэх мэт зүйлс хэлдэг. Гэхдээ тамирчин хүн хэзээ ч амжилтаар хязгаарлагдаж, өөртөө ханаж болохгүй. 





















A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийгмийн амьдралыг донсолгосон 10 үйл явдал

 0 сэтгэгдэл

PM2.5, PM10 тоосонцрын хэмжээг 40 гаруй хувиар буурууллаа 


Засгийн газар түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, гэр хорооллын өрхүүдийг зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт хийсэн шахмал түлш түлэх шийдвэр гаргасан. Энэ оны тавдугаар сараас эхэлж нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон бөгөөд намраас хэрэглэж эхэлсэн шахмал түлш агаар дахь PM2.5,PM10 тоосонцрын хэмжээг 40 гаруй хувиар бууруулж, хүлцэх хэмжээнд хамгийн ихээр ойртуулж чадлаа. Өмнөх жилүүдэд эдгээр тоосонцор хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их болж, таван метрт үзэгдэхгүйд хүрсэн. Утаанаас үүдэлтэй ханиад ихсэж, ураг эндэх, нас баралтын шалтгаанд уушгины өвчлөлийн эзлэх хувь ихсэх зэрэг хөнөөл учруулж байв. Тэгвэл агаарын чанарыг хэмжих бага жийн мэдээлэл СХД, Баянхошуунаас бусад байршилд ихэвчлэн “бага бохирдолтой”-г зааж, өглөө, оройд хотын төвд хөшиглөдөг их утаа үзэгдэхгүй боллоо. Нүдэнд үзэгдэх тоосонцрын хэмжээг бууруулж чадсан Ерөнхий сайд энэ зоримог шийдвэрийнхээ дүнг ирэх хавар тавиулах юм. 

Сүрьеэгийн халдвар дунд сургуулийг бүрхсэн нь илрэв


Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 1710 сурагчийн 529 нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдвартай, тэдний 38 нь сүрьегээр өвчилсөн болох нь илэрсэн хэрэг олон эцэг эхийг айдаст автуулав. Сүрьеэтэй байсан биеийн тамирын багшаас халдвар тархсан гэх хардлага бий. Эх сурвалжуудын хэлснээр халдвар 2016 онд анх илэрсэн бөгөөд сургуулийн удирдлагууд эрүүл мэндийн байгууллагынхан хэргийг нуун дарагдуулсан нь илүү олон хүүхэд халдварт өртөх үндэс болжээ. Гэтэл удалгүй 97-р сургуулийн 70 сурагч, Төв аймгийн Сүмбэр сумын 200 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдож, энэ өвчин ерөнхий боловсролын сургуулиудад гүн гүнзгий бугшсаныг харууллаа. Манайхан л болсон хойно ниргэсэн хойно нь хашхирдаг зангаараа бүх зүйл болоод өнгөрсөн хойно арга хэмжээ авч байна гэж баахан сүржигнэсэн. Ерөнхий боловсролын бүх сургуульд сүрьеэгийн тандалт судалгаа хийж нэлээд давхив. Харин энэ ажлын үр дүн ямар гарсан нь одоогоор тодорхойгүй. Харин сүрьеэ өвчнийг тойрсон дуулиан Эрүүл мэндийн сайдын суудлыг сүрхий ганхуулаад авлаа. 

Наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн дуулианы цаана


Өмнө нь улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрэх тохиолдол зөндөө л гарч байсан. Харин энэ удаа наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн нь үндэсний бөхийн түүхэнд бичигдэн үлдэх хар толбо болов. Тухайн үед хүн бүр Э.Оюунболдыг газар доор ортол муулж, хэлэх хэлэхгүйгээр хараасан. Харин одоо нөхцөл байдал арай өөрчлөгдөж байх шиг. АТГ-аас спортын анагаах ухааны албаны хоёр ч эмчийг шинжилгээний дээж сольж явуулдаг гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүний дараа Э.Оюунболд үнэхээр хэлмэгдсэн юм болов уу гэх бодол зарим нэгэнд нь төрсөн байх. Түүний хүсэлтээр 2009-2019 оны наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг дахин нягталж байгаа. Хэрэв эндээс ямар нэг “но” илэрвэл шинжилгээний хариуг үнэхээр сольдог юм байна гэдэг нь батлагдана. Харин үгүй бол отгон аварга яаж ч гүрийгээд нэмэргүй болох биз ээ. Энэ зуур Э.Оюунболд нутгийнхаа оны шилдгээр тодорч, ганц нэг барилдаанд зодоглосон шигээ явна. 

ХАБ алдагдаж, олон хүний амь үрэгдэв


Төрийн болон хувийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс олон хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон гарлаа. Барилгын явцад ХАБ мөрдөөгүйгээс хүний алтан амь үрэгддэг байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дөрвөн хүн нурангид дарагдаж амиа алдсан бол долоохон хоногийн дараа дахин нэг ажилтан техникт даруулж нас барлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэлтэй гэмт хэргийн шинжтэй осол ч мөн гарсан. Долдугаар сард ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр “Хишиг арвин индустриал” компанид харуул хийж байхдаа лифтний хонгилд унаж нас барсан байдалтай олдсон хэргийг цагдаагийнхан шалгаж, ХАБ мөрдөөгүйгээс үүдсэн осол, эсвэл эрүүгийн гэмт хэргийн аль нь болохыг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн төрийн байгууллагад ч ХАБ алдагдлаа. Дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжид хорт хийнд хордсон дөрвөн хүн амь насаа алдаж, таван хүн хордлогын төвд эмчлүүлсэн эмгэнэлт хэрэг гарсан юм. 

Археологичид ганзага дүүрэн байв
2019 он Монголын археологийн түүхэнд тодоор дурсагдаж үлдэх нь. Дархадын хотгорт хийсэн судалгаагаар XIII зууны үед хамаарах булшнаас вааранд хадгалагдсан өрөм, шар тос олдсон нь нэн ховор олдворт тооцогдоно. Мөн оросуудтай хамтарсан судалгааны баг XIV зууны үеийн дайчин эмэгтэйн булш олсон нь анхаарал татлаа. Бүсгүйчүүдтэй харьцуулахад хавьгүй том буюу 180 см орчим өндөр эмэгтэй дайчны шарилыг зэр зэвсэгтэй нь хамт оршуулсан байв. Улмаар оны төгсгөлд АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг Archeology сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийг зарлахад археологич Д.Эрдэнэбаатараар удирдуулсан багийн Гол мод-II гэх газраас олдсон Хүннүгийн язгууртны булшны судалгааны ажил багтлаа. Тус дурсгал нь нийт 200 гаруй булштай бөгөөд эндээс эртний Хүннүгийн цэрэг эрсийн, аж ахуйн, эд өлгийн зүйлс, эртний Ромын шилэн аяга, 18 ширхэг сүйх тэрэг, хаш чимэглэлт илд, мөнгөн лууны баримал гэх мэт маш олон олдворууд олдсон юм. 

The Hu хамтлагаар бахархсан жил
Өвөрмөц хэв маяг, өнгө төрхөөрөө бусдаас ялгарч чадсан The Hu хамтлаг дэлхийг байлдан дагуулсаар байна. Тус хамтлагийн анхны бие даасан цомог Gerege нээлтээ хийсэн даруйдаа Billboard-ын World Albums жагсаалтыг тэргүүлж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ. The Hu хамтлагийн энэ амжилт Монголын нэрийг сайнаар гаргаж, жуулчдыг татах зэргээр улсын эдийн засагт дэм болох ач холбогдолтой. Тухайлбал, Wolf Totem дууны клипийг 17 сая хүн үзэж, үүний араас 50 мянган сэтгэгдэл дагалджээ. Эдгээр сэтгэгдлийн зургаан мянга гаруй нь “Монголд очиж үзнэ ээ” гэсэн агуулгатай байгаа нь жирийн нэг монгол хамтлаг аялал жуучлалын хөгжилд хувь нэмрээ оруулаад эхэлсний баталгаа юм. Улмаар оны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр хүндтэй “Чингис хаан” одонг тус хамтлагт гардуулах шийдвэр гаргав. Товчхондоо бол 2019 он The Hu хамтлагийн ололт амжилтаар бахархсан жил байлаа. Б.Дашдондогийн “хүүхдүүд” цаашид олон жил хөгжмийн ертөнцийг байлдан дагуулах биз ээ.

Олимпын сагсчдынхаа дээлийн захыг мушгия

Монголчууд сагсан бөмбөгөөр олимпын наадамд өрсөлдөнө гэж хэдэн жилийн өмнө ярьсан бол тэр хүнийг шоолон инээх байсан биз. Тэгвэл мөрөөдөл төдий байсан зүйл өдгөө биеллээ олж, 3х3 төрлийн эмэгтэй сагсчид ирэх жил Токиогийн олимпод хүч сорих нь нэгэнт тодорхой болоод байна. Наймхан баг олимпод өрсөлдөх ёстой атал тэдний тоонд багтана гэдэг зүүдэнд оромгүй явдал мэт санагдаж байгаа биз. Ердөө гуравхан жилийн өмнөөс нэг баг болж, бэлтгэл хийж эхэлсэн гэхэд манай охид тун хурдан өндөрлөгт гарч чаджээ. Сагсан бөмбөгийн шинжээчид Токиод өрсөлдөх эмэгтэй найман багаас манайхыг хамгийн сул нь гэж дүгнэсэн байна лээ. Гэхдээ бэлтгэлээ сайн базаавал гэнэтийн сюрприз барьж мэднэ. Уг нь манай эрэгтэй баг ч олимпын эрхийн болзлоо хангаад байлаа. Гэвч олимп зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа цагаан хуудсаар оруулахаар шийдсэн нь бидний боломжийг үгүй хийжээ. Гэхдээ эрчүүд ирэх онд зохиогдох хоёр тэмцээнээс эрхээ авах боломжтой.


Бэлгийн дарамтын эсрэг тэмцэж эхлэв

Энэ онд спортын салбарт далд байдлаар оршиж байсан бэлгийн дарамтын асуудал “Эмэгтэй удирдагч” сангаас хийсэн судалгааны үр дүнд ил боллоо. Улмаар спортын холбоод болон тамирчид бэлгийн дарамтын эсрэг идэвхтэй тэмцэх болж, байр сууриа илэрхийлж эхлэв. Спортын салбар дахь бэлгийн дарамтын дуулиантай зэрэгцэн болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Зөвхөн спорт төдийгүй гудамж талбай, их сургуулийн орчинд ч ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг талаараа олон эмэгтэй байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хүний эрхийн үндэсний комисст энэ төрлийн хэрэгтэй холбоотой хохирогчдын гомдол эрс өсөөд байна. 

Дэлхийн энтэй тамирчин Монголын саналыг хүлээн зөвшөөрлөө
Өмнө нь бид сайн тамирчдаа харь улсад алддаг байлаа. Японы иргэн болсон сүмочид, Германы нэр дээрээс олимпод өрсөлддөг Д.Мөнхбаяраас авахуулаад хамгийн сүүлд жүдоч бүсгүй Г.Отгонцэцэг Казахстаны нэрийг дэлхийд гаргаж явна. Харин гаднын тамирчид Монголын нэр дээрээс тэмцээн уралдаанд орсон түүх бараг үгүй. Риогийн олимпын мөчлөгт буриад бүсгүй Монголын байт харвааны шигшээд багтаж, цэц сорьж байсан тохиолдол бий. Гэвч олимпын эрхээ авч чадаагүй. Тэгвэл Ираны алдарт бөх, дэлхийн аварга Сайед Моллайе улстайгаа түнжин хагараад байсныг манайхан тун овжин ашиглаж, Монголын иргэн болгож дөнгөлөө. Олимп, дэлхийгээс медаль авч үзээгүй 81 кг-д дэлхийн хэмжээний нэгэн сайн бөхтэй болсон нь бидэнд тун ашигтай байв. Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө үүнд багагүй байсан биз. Сайед Моллайе өнөөдөр Монголын төлөөх анхны барилдаанаа Мастерсын дэвжээнд хийнэ. 27 настай, ир бяр нь ид жагсаж яваа энэ залуу айсуй олимпоос медаль авчихвал монголчуудын хайр талархлыг дорхноо хүлээх нь гарцаагүй. 

Шүүхээр эцэслээгүй байхад Байгалийн түүхийн музейг нураав


2019 оны долдугаар сарын 3-ны ЗГ-ын хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг нураах тогтоол батлав. Уг музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан тул нурааж, оронд нь орчин үеийн стандартад нийцсэн Чингис хааны музей барих уг шийдвэрийг зарим иргэн, ТББ эсэргүүцэж шүүхэд хандсан юм. 10 дугаар сард анхан шатны шүүхээс Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн. Гэвч БСШУСЯ давж заалдсанаар нийслэлийн шүүх яамны хүсэлтийг хангаж, шийдвэр өөрчлөгдсөн юм. Тэр даруй буюу 11 дүгээр сарын 22-ноос эхлэн музейн барилгын дээврээс “сэмхэн” нурааж эхэлснийг эсэргүүцэн жагссан иргэдийн зарим нь хуулийн байгууллагад саатуулагдаж байлаа. Эсэргүүцэл үргэлжилсээр байсан ч 12 дугаар сарын 5-ны шөнө барилгыг бүхэлд нь нураав. Нийслэлийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Дээд шүүхэд гомдол гаргасан ч эцсийн шатны шүүхийн шийдвэрээс урьтаж барилгыг нураасан нь гүйцэтгэх засаглал шүүхээ “атгадаг” болсны илрэл хэмээх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 











 




















































A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тавьсан

 0 сэтгэгдэл
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ
  • Одоогоор Монгол улсад нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016-2018 оны хооронд 360 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн

Манай улс сэргээгдэх эрчим хүчний олон станц байгуулах боломж бий. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл учирч буй болон бусад асуудлаар Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ж.Осгонбаатартай ярилцлаа.

-2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямар байна вэ? 

-Бид өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчний хуультай, хөтөлбөртэй. Одоогоор нарны тав, салхины гурван станц ажиллаж байна. Нийт хүчин чадал 236 мегаватт байгаа. 2016- 2018 оны хооронд 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд хийсэн. Манай эрчим хүчний салбарын 17.4 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэлж байна. Цаашдаа зорьсон хувь хэмжээнд хүргэх боломж бий. Мэдээж саад бэрхшээл бий. 2018 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нарны хоёр шинэ станц ашиглалтад оруулсан. Дархан- Уул аймаг Хөшигийн хөндий, Чойр орчимд, Замын-Үүдэд нарны станц ажиллуулж байгаа. Өмнөговийн Цогт-Цэцийд, Салхитын салхин парк, Сайншандад 50-55 мегаваттын хүчин чадалтай салхин станц бий.

-Технологийн хөгжлөө дагаад сэргээгдэх эрчим хүчний зардал буурч байна. Ялангуяа урд хөршид нэлээн хямдарч байгаа юм билээ. Тиймээс нөөцлүүрийн шийдэл хайх хэрэгтэй болох байх. Цаашид хувь хэмжээг нь тогтвортой байлгах талаар судалж байгаа юу?

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд цацагддаг. Тэгэхээр манай улсад ямар байх ёстой вэ гэсэн асуудал бий. Монголд оруулж ирж буй технологи өөрийн гэсэн өртөгтэй. Энэ өртөг нь өндөр чадалтай, овортой, байгаль орчноо хамгаалах хөнгөлөлт үзүүлсэн төслийг бодоход маш бага. Гэхдээ үнийн хувьд буурна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчнийхээ хувь хэмжээг өсгөхийн тулд нөөцлүүрт анхаарах хэрэгтэй. Эсвэл усан цахилгаан станц байгуулах нь чухал. Ийм байдлаар олон талын боломжийг ашиглаж чадвал сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ өснө. 

-Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд төрөөс анхаарч тарифын арга хэмжээ авч байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ? 

-Төрөөс дэмжиж тариф нэмсэн зүйл байхгүй. Энэ жил сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчилсөн. Нарны станц хэрвээ сүлжээнд холбогдсон бол 12,5 цент, салхин станц 8,5 цент байна гэж хуульд дээд хязгаарыг нь тогтоож өгсөн. Хуулиар үнийг нь уян хатан болголоо. Энэ нь цаашид өрсөлдөөн бий болгох нөхцөл бүрдүүлж байгаа юм. 

-Бүсийн хэмжээнд нэгдсэн сүлжээнд холбогдох, том төслүүдийг хэрэгжүүлэх боломж ямар байна. Жишээлбэл, Азийн супер сүлжээ гэж гарч ирлээ. Энэ бүхэн биеллээ олох боломжийг та хэрхэн харж байна вэ? 

-2011 онд Японд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Азийн супер сүлжээг ярьж эхэлсэн. Тэр үеэс бид оролцож эхэлсэн. Сүүлийн үед Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр санал санаачилгууд гарч байна. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг орны хамтын ажиллагааны санал санаачилга гарч, судалгаанууд хийж байгаа. Хэрэгжүүлж чадвал Монголд ихээхэн ач холбогдолтой төсөл болох юм. Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. 2,6 тВт гэх аварга том тоо хэлдэг. Үүнийг биелүүлбэл манай улсад эрчим хүчний том үйлдвэрлэл явагдаж, бидэнд эдийн засгийн ач тусаа өгөх боломж бүрдэнэ. 

-2020 онд хэрэглээг 20 хувьд хүргэх байх. Харин 30 хувьд хүрэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ? 

-2030 онд салбарын хувьд 30 хувь гэдэг том зорилт биш. Европын орнууд 2030 он гэхэд дийлэнхийг нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт тавьж байгаа. Гэхдээ хөгжилтэй орнуудын эрчим хүчний бүтэц, хэмжээ, үйлдвэрлэл нь Монголоос өөр. Тиймээс бид том зорилт тавьсан. Гэсэн хэдий ч 2030 он гэхэд хувь хэмжээгээ өсгөж байж дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улс хөл нийлүүлэн алхана гэж харж байна. 

-Хөрөнгө оруулалт татахад хэр боломж байна вэ? 

-Оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхөх нь вэ, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг төр засгийн түвшинд хэр бүрдүүлж өгч вэ гэдгийг маш сайн судалсан төслүүд орж ирдэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал цаашид хувь хэмжээ нь өсөх боломж бүрдэнэ. Өнөөдөр хөрөнгө оруулагчид жийрхээд хөрөнгөө татчихаад байна.

Б.Батманлай /Шинжээч/


A

Жижиг

A

Дунд

A

Том

Зөвшөөрөлгүй барилгуудын талаар “хов” хүргээрэй

 0 сэтгэгдэл
  • Таны гомдлын дагуу мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авна
  • Иргэд www. uda.ub.gov.mn сайт руу орж, 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авах боломжтой

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн дийлэнх нь оршин суугаа байршилдаа баригдаж буй барилгуудын зөвшөөрөлтэй эсэхийг лавладаг байна. Тиймээс иргэдэд холбогдох мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор тус байгууллага албан ёсны сайтаа өргөжүүлж, цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлжээ. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга А.Амарсанаа “Манай байгууллага сайтынхаа мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд олон нийтийн зүгээс хамгийн их лавладаг 1946 барилга, байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан. Иргэд www.uda.ub.gov.mn сайтад хандан 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авахын зэрэгцээ зөрчилтэй барилгын мэдээллийг лавлах боломжтой. Таны ойр орчимд баригдаж буй барилга зөвшөөрөлтэй эсэхийг цахимаар шалгаж зөвшөөрөлгүй байвал “хов” хүргэж болно” гэв. Түүний тайлбарлаж буйгаар иргэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хаягийн “мэдээ” цэснээс “ерөнхий төвлөгөө” хэсгийг сонгосноор Баянзүрх, Багахангай, Налайх зэрэг нийслэлийн зургаан дүүрэгт зөвшөөрөлтэй баригдаж буй барилгын мэдээлэл дэлгэрэнгүй харах бөгөөд зөрчилтэй барилгын талаар мэдээлэл өгөх аж. Мөн таны өгсөн зөвшөөрөлгүй барилгуудын талаарх санал гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газар, мэргэжлийн хяналтын байгууллага хүлээн авч, хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Тус байгуулагад 2013 оноос хойш барилга барих зөвшөөрөл авсан 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний зарим нь барилгаа барьж эхэлсэн тухай мэдээллийг нийслэлийн захиргаа болон мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн бол зарим нь зураг төслийн хэмжээнд байгаа аж. Мөн орон сууцны бүсэд барилга эхлүүлэх бол тухайн компани, иргэн, олон нийтэд харагдахаар самбар байршуулна гэсэн заалтыг мөрдлөгө болгох учиртайг А.Амарсанаа онцлов. Тус байгууллага барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөл авсан барилгуудыг цаг алдалгүй цахим сайтдаа нэмж бүртгэх учраас Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг давхар хангаад явах боломжтой гэж үзэж байгаа аж.