A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4557/

Олимпыг хойшлуулахаас аргагүйд хүрэх нь

Олимпыг хойшлуулахаас аргагүйд хүрэх нь
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4557/
  • Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой
  • Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа

Коронавирусийн цар тахал нэмэгдэхийн хэрээр олимпын наадам цуцлагдах уу, хойшлох уу гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл ням гарагт яг энэ асуудлаар хуралдлаа. Улмаар ойрын дөрвөн долоо хоногт баг тааж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдэв. “Дэлхий нийтээр улам дордож буй нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх зөвлөл төлөвлөлтийн дараагийн алхмыг эхлүүллээ. Эдгээр хувилбар нь олимпын наадмын үйл ажиллагаа болон наадмын эхлэх өдрийг өөрчлөхтэй холбоотой” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ. “Наадмыг цуцлах хувилбар хэлэлцсэн асуудлын жагсаалтад байхгүй. Харин олимп эхлэх хугацааг хэдэн сар, магадгүй бүтэн жилээр хойшлуулах хувилбарыг хэлэлцсэн” хэмээн эх сурвалж өгүүлэв. Энэ талаар Их Британийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Хью Робертсон “Гүйцэтгэх зөвлөл олимпын наадмыг хойшлуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж буйд талархаж байна. Өнөөгийн нөхцөлд олимп зохион байгуулах нь зохимжгүй” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. ОУОХ-ны удирдлагууд саяхныг хүртэл олимпын наадмыг цуцлах юм уу хойшлуулахгүй, товлосон хугацаанд нь зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно хэмээн мэдэгдэж байв. Гэвч вирусийн тархалт хүрээгээ тэлэхийн хэрээр олимп хугацаандаа зохиогдоно гэх найдвар улам бүр багассаар байна. Тиймдээ ч олимпыг хойшлуулах хувилбарыг хүссэн хүсэээгүй авч хэлэлцэхээр болсон бололтой. Хэрэв олимпын наадам цуцлагдвал Япон улс 11.3 тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээнэ гэх тооцоо бий. Үүнийг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улс орнууд ОУОХ-нд шахалт үзүүлж эхэллээ. Тухайлбал, Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Мөн Бразил, Норвег, Словен, Колумб, Хорват улс олимпын наадмыг хойшлуулах хүсэлт тавьжээ. ОУОХ-ны хувьд Японы Засгийн газар, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргана гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзвэл олимпыг хойшлуулах шийдэлд хүрэхээс өөр аргагүй болж байх шиг. Нөхцөл байдлыг маш сайн хянана гэж зориглоод хугацаанд нь зохиолоо ч гэсэн АНУ, Австрали, Канад тэргүүтэй спортын том гүрнүүд оролцохгүй гэдгээ мэдэгдчихлээ. Ийм шийдвэр гаргах улс цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Хэрэв хүчирхэг гүрнүүд оролцохгүй бол олимпын наадам давсгүй хоол мэт болно. Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Чеферин: Аваргуудын лигийг цуцлах боломжтой

 0 сэтгэгдэл

Коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд бүр мөсөн цуцлагдахыг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгдлээ. Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолт явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид  дагахаас өөр аргагүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо, эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Харин бид тэмцээнүүдээ ес, аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” гэжээ. Аваргуудын лиг, Евролиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2021 оны зургадугаар сарын 29-нд олимпын эрх олгож дуусна

 0 сэтгэгдэл
  • Тамирчдыг бэлтгэлээ бүрэн хангах боломжтой болтол эрхийн тэмцээн зохиохгүй

“Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгож дуусах сүүлийн хугацааг олон улсын спорт холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болголоо. Иймд спорт холбоо бүр дээрх хугацаанаас өмнө тухайн спортын төрөлд хэрхэн эрх олгох, эрх олгох тэмцээн уралдааныг зохион байгуулах газар, хугацаа, олимпын эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлын талаарх журмыг шинэчлэн ОУОХ-гоор батлуулахаар болжээ. Гэвч COVID-2019 цар тахлын тархалт болон үр нөлөөнөөс шалтгаалан эрх олгох тэмцээн уралдаан зохион байгуулагдах улс орон, цаг хугацааг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй байгаа юм. 

Олимпын эрх олгох журам

Тиймээс олон улсын спорт холбоодын баримтлах журам, үйл ажиллагаа болон тавигдах шаардлага зэрэг асуудлыг дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан тодорхой болгох зорилго тавьжээ. “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдын эрх хэвээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын спорт холбоод нь тамирчдад тавигдах насны хязгаарыг өөрчлөх боломжтой гэнэ. Олон улсын спорт холбоодын чансааны жагсаалтаар эрх олгодог спортын хувьд хуучин журмын дагуу эрхээ авах магадлал өндөртэй байсан тамирчдын хувьд харамсалтай ч “Токио-2020” олимпод шилдгийн шилдэг тамирчдыг оролцуулах зорилтын хүрээнд 2021 оны улиралд шилдэг амжилт үзүүлсэн тамирчдад эрх олгохоор болсон байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болсон. Тиймээс тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ОУОХ-ны удирдлагууд олон улсын спорт холбоодод уламжилж, хорио цээр тавигдсан үед олимпын эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг зөвлөжээ.

Олимпын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь тэмцээн уралдааныг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж, олимпын тосгон, хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудалд гол анхаарлаа хандуулж ажиллах юм. Олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдуулан энэ сард зохион байгуулах ёстой байсан бүх сорил тэмцээнийг цуцалж шинэ хуваарь гаргах аж. Үүнээс гадна олимпын наадам хойшилсон тул тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгохоор болсон байна. Энэ хөтөлбөрт манай улсаас найман спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байгаа юм. ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр COVID-19 цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллийг тогтмол хүргэх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ

Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы “Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. “Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэж­лийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. “Гиллингэм”­-тэй адил дээрээ­сээ гурав дахь дивизионд тоглодог “Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. “Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COV­ID­-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. “Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа “Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. “100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

 0 сэтгэгдэл
  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна.