A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4590/

Олимп хойшлох нь манай тамирчдад ашигтай

Олимп хойшлох нь манай тамирчдад ашигтай
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4590/
  • Л.Ундралбат: Илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна


Ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы нийслэл Токиод болох байсан зуны олимпын наадам хойшиллоо. Мягмар гарагт ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй утсаар ярьсны дараа олимпыг хойшлуулах тохиролцоонд хүрсэн юм. Одоогоор олимп хэзээ зохиогдох нь тодорхойгүй ч 2021 оны зунаас хэтрүүлэхгүй байхаар тохиролцжээ. Бусад спорт холбоод, ивээн тэтгэгчидтэй тохиролцсоны үндсэн дээр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл эцсийн шийдийг гаргах юм. Олимпын наадам хойшлогдох нь манай тамирчдад хэрхэн нөлөөлөх бол. Энэ талаар Монголын ТОП спортын төлөөлөлтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Холбоодын төлөөллийн ихэнх нь олимпод бэлтгэх дахин хэдэн сарын хугацаа гарч ирж буй гэдэг утгаараа амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Б.Батбаяр (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Бид наймдугаар сарын эхэн гэхэд тамирчдынхаа бэлтгэлийн оргил үеийг тааруулахаар бүх төлөвлөгөөгөө гаргасан. Харин одоо энэ бүх төлөвлөлт өөрчлөгдөнө гэсэн үг. Бас нэг хэцүү юм гэвэл олимпын эрхийн тэмцээнүүдийн тов тодорхойгүй байгаа нь бидэнд хүндрэл учруулж байна. Үүнээс гадна тамирчдын сэтгэл зүйд илүү их анхаарах шаардлагатай боллоо. Нөгөөтэйгүүр, залуу тамирчид илүү урт хугацаанд бэлдэж, туршлага сууна гэдэг утгаараа давуу талтай байж болно. Техник тактик, бие бялдрын хувьд засаж залруулах шаардлагуудаа шийдэх боломж гарч байна.

Л.Ундралбат (Буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч)

-Хөнгөн атлетик гэх мэт зуны спортын тамирчдад энэ шийдвэр хүнд тусах байх. Буудлагын спорт бол өвөл, зуны аль ч цагт явагдаж байдаг онцлогтой болохоор бидэнд айхтар нөлөөлөхгүй. Харин илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна. Энэ жил Европын хоёр, гурван тэмцээн байсан юм. Гэхдээ олимп Азид болох юм чинь Европын тэмцээнд оролгүй өнжье гэж шийдэж байлаа. Цагийн зөрүү гаргах, замдаа ядарна гээд хэцүү л дээ. Харин одоо олимп хойшилсон болохоор Европын тэмцээнүүдэд оролцоно гэж төлөвлөж байна. Энэ мэтээр бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Ер нь бидний бэлтгэл сайн байгаа. Олимп хэдийд ч зохиогдсон оролцоход бэлэн.

Ц.Батнасан (Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Олимп хойшлохыг хэн хүсэх вэ дээ. Үүнээс болоод зөндөө асуудал үүсэж байна. Энэ олимпын дараа боксоо орхино гэсэн хүн байна, мэргэжилд гарахаар төлөвлөсөн нь ч бий. Холбооны зүгээс олимпын дараа нөөц багаа шинэчлэх, ирэх дөрвөн жилийнхээ циклийг эхлүүлэх гээд олон ажил байсан ч энэ бүхэн хойшлохоос аргагүй боллоо. Гэхдээ яах вэ, дэлхий нийтээрээ ийм байгаа болохоор дагахаас өөр аргагүй. Ер нь яг хэзээ зохиогдох тов гарсны дараа хийгдэх ажлууд илүү тодорхой болох байх. Нарийн тов тодорчихвол шийдэх зүйл их байна. Мэдээж залуу тамирчид туршлага сууж сайжрах давуу талтай. Гэхдээ нас нь ахиж буй ахмад тамирчдад муугаар нөлөөлнө.

П.Ууганбаатар (Монголын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Бидний хувьд тэмцээнээс тэмцээний хооронд явсаар байгаад үндсэн бэлтгэлээ хийх зав гардаггүй байлаа. Харин одоо тогтвор суурьшилтай, багш дасгалжуулагчдын төлөвлөгөөний дагуу нэлээд чамбай бэлдэх боломж гарч ирж байна. Залуу тамирчдад ч бас бэлтгэлээ сайжруулж, туршлага суух боломж олдоно. Одоохондоо яг хэзээ зохиогдох нь тодорхойгүй учраас нарийн төлөвлөгөө гаргахад амаргүй байна. Хугацаа тодорхой болчихвол нухацтай ярилцаж байгаад бэлтгэл сургуулилалт, оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргана.

С.Тулга (3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч) 

-Олимп хойшлох нь бидэнд айхтар нөлөөлөхгүй байх. Уг нь манай эмэгтэй баг чимээгүй “битүү морь” орж ирээд сенсаац тарих боломжтой байсан. Дараа жил болж хойшилбол улам л судлагдах байх. Гэхдээ манай багт эерэгээр нөлөөлнө гэж хэлнэ. Яагаад гэвэл, манай эрэгтэй, эмэгтэй шигшээ аль аль нь залуухан баг. Нэг жил хойшилбол тэр хэрээр юм сурч, туршлага сууна гэсэн үг. Харин нас нь хөгширч байгаа зарим улсын хувьд хойшлох тусам ашиггүй. Уг нь манайхны бэлтгэл тулчихсан, улам гоё болж байсан. Ивээн тэтгэгчийн асуудлаа шийдчихсэн, олимпын багийнхан менежмент болон маркетингаа маш сайн хийсэн. Харин одоо бүх юм шинээр эхлэх болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахим спорт олимпод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна
  • Цахим спорт сэтгэхүйн болон харааны хурд, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км  алхаж, бясалгал хийн, сэтгэл зүйн бэлтгэлээ хангадаг

Нэгэн үе бид цахим спортыг компьютер тоглоомын газраар л төсөөлдөг байв. Гэвч өдгөө энэ спорт дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд бүртгэгдээд зогсохгүй олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болжээ. Саяхан манай улсын Tiger баг Азийн аварга шалгаруулах "ESL One: Road to Rio" тэмцээний аваргаар шалгарч, Weibo Cup Asian Championship-2020 тэмцээнд түрүүлж амжилтаа бататгаад буй. Ингээд энэ удаагийн залуус буландаа тус багийн тоглогч Kabal буюу Б.Бат-Энхийг урьж, ярилцлаа.

-Энэ спортыг сонирхож, хичээллэх болсон үеэс ярилцлагаа эхэлье. Эцэг эхчүүд хүүхдээ компьютероос аль болох хол байлгахыг хичээдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв? 

-Би цахим спортоор хичээллээд найман жил болж байна. Намайг энэ спортыг сонирхож эхлэх үед Монголд хөгжих гарц нь хаагдмал, хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байсан. БНХАУ болон БНСУ руу суралцахаар явсан учраас цаашид мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөөд спортоосоо хэсэг завсарлага авсан байлаа. Ингээд 2017 онд дахин хичээллэхээр болж, БНХАУ руу явж, өөр багт цалинтай тоглох болсноо хэлэхэд гэрийнхэн маань эергээр хүлээж авсан. Одоо бол бүгд маш сайн ойлгож, дэмждэг. 

-Саяхан болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд түрүүлж, аваргын тоглолтод Хятадын Invictus Gaming багтай таарсан. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-Invictus Gaming бол өндөр чансаатай, нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтод орохын өмнө бид эсрэг багаа маш сайн судалдаг. Энэ тэмцээнд ч бас бэлтгэлээ яг тийм байдлаар хангасан. Аваргын тоглолтын үеэр гал гарсан өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. Гурван үе тоглосны дараа хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Эхний нэмэлт цаг дээр дахин тэнцсэн учир, хоёр дахь удаагаа цаг сунгаж тэр тоглолтод ялалт байгуулсан.

-Та өмнө нь 2016 оны Азийн аварга Mongolz багт тоглодог байсан. Яагаад Mongolz багаас гарсан юм бэ? 

-Би Mongolz багт жил гаруй тоглосон. Тухайн үед ивээн тэтгэгч байхгүй, дэмжлэг муу байсан учраас Монголынхоо өөр нэг тоглогчтой хамт Хятадыг зорьсон. Хятадад цахим спорт хурдацтай хөгжиж байгаагаас гадна тамирчдыг маш өндрөөр үнэлдэг. Манай баг гурван хятад, хоёр монгол тамирчны бүрэлдэхүүнтэй байсан. Багаар тоглодог учраас хоорондоо маш сайн ярилцаж, хурдан хугацаанд мэдээлэл солилцох шаардлагатай. Гэтэл хэлний бэрхшээлээс шалтгаалаад бүрэн ойлголцож чадахгүй байсан. Эхний жил дохио зангаагаар ойлголцож, хоёр дахь жилээсээ амжилт үзүүлж эхэлсэн ч нэг хэлээр ярьдаггүй, нэг үндэстнүүд биш учраас энэ нь сул тал болж, том тэмцээнүүдэд ялагдал хүлээх болсон. Ингээд Хятад дахь багаасаа гарч Монголдоо ирээд шинэ баг бүрдүүлсэн.

-Азийн аваргад бэлтгэж байгаа гэсэн. Цахим спортын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг нь сонирхолтой байна?

-Манай багийн тоглодог төрөл биднээс сэтгэхүйн болон харааны хурд, анхаарал төвлөрөх чадвар, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км алхдаг. Мөн эрүүл хооллож, түргэн хоол, газтай ундаа зэрэг чихэрлэг хүнс хэрэглэхээс татгалзаж хоолны дэглэм баримталдаг /инээв/. Яагаад гэвэл тэмцээний үед олон цагаар сууж, тоглоод ирэхээр энергиэ алдаж, “унтарч”, эхэлдэг. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. 

-Ихэнх хүмүүс цахим спортыг PC тоглоомын газруудаар хязгаарлаж ойлгодог. Манай улсад цахим спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хэдэн жил маш эрчтэй хөгжиж байна. Өмнө нь цөөхөн хэдхэн тэмцээн болдог байсан бол одоо лигийн аварга, халз тоглолтууд гэх мэтээр олон төрлийн тэмцээн тогтмол зохиож байна. Тоглогчид байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар нь ч эрс сайжирч байна. Сая болсон Азийн аваргад гурван монгол баг оролцох жишээний. Мөн маш олон монгол тамирчид дэлхийн хэмжээний томоохон багуудтай гэрээ байгуулж байна.

-Өсвөр үеийн хүүхдүүд донтох, олон цагаар тоглох хандлагатай байдаг. Компьютер тоглоом сонирхогч, мэргэжлийн тамирчин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Тоглоомд хэт их донтож байгаа нь цагаа буруу хуваарилж, сөрөг сэтгэл зүйгээр тоглож байгаатай холбоотой болов уу. Бид өдөрт хамгийн ихдээ 6-7 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ хугацаанд зөвхөн тоглохоос гадна өрсөлдөгч багаа судална, стратеги боловсруулна, хувийн бэлтгэлээ хийнэ гэх мэт олон зүйлийг амжуулдаг. Утга учиргүй тоглох бус үр дүнтэй тоглох хэрэгтэй. Донтох эсэх нь хувь хүний ухамсраас шалтгаалах байх.

-Энэ спортын ач холбогдлын талаар хуваалцахгүй юу? 

-Хамгийн түрүүнд багаар ажиллах чадвар сайжирдаг. Би анх тоглож эхлэхдээ маш дуугүй, бүрэг хүүхэд байсан. Өөр өөр хүмүүстэй баг болж тоглоод ирэхээр нээлттэй болж, харилцааны чадвар маань сайжирсан. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулж сурдаг. Ер нь асуудлаас амархан гарч чаддаг гэж хэлж болно. 

-Танай багийг Хятадын Weibo группийн охин компани ивээн тэтгэдэг юм билээ. Ивээн тэтгэгчээ хэрхэн олж байв. Монголоос ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Манай багийн гишүүн Dobu бид хоёр Хятадад хоёр жил гаруй тоглосон. Энэ хугацаанд цахим спортын салбарын маш олон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон учраас ивээн тэтгэгчтэй болох боломж олдсон. Мөн Хятадад цахим спортыг маш сайн дэмждэг бөгөөд тамирчид нь Азидаа хамгийн өндөр цалин авдаг. Хятадад хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин олгодог. Намайг анх очиж байх үед Эстонийн тамирчин 25 мянган юанийн цалинтай тоглодог байсан. 

-Цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх нь ямар давуу талтай вэ. Харилцан ашигтай байх зарчим нь юун дээр суурилдаг юм бол?

-Цахим спортын том хэмжээний тэмцээнүүдийг хэдэн зуун мянгаас тэрбум хүн үздэг. Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтыг зөвхөн онлайнаар 600 гаруй мянган хүн үзсэн. Шилдэг багуудын хэрэглэж байгаа keyboard, mouse ямар брэндийнх байх вэ, өмсгөл дээр нь ямар компанийн лого байгаа вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгчдэд олон талын үр ашигтай. Зөвхөн Youtube хуудсанд байршсан бичлэг, үзэгчийн тоо хүртэл орлогын эх үүсвэр болдог.

-Цахим спорт 2022 оны Азийн наадамд багтсан. Танай баг энэ уралдаанд оролцох уу? 

-Хоёр жилийн хугацаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед яаж шалгаруулахаас хамаарна. Хэрвээ CSgo төрөл багтсан бол манай баг уригдах болов уу гэж бодож байна.

-Багийн тоглолт ганцаарчилсан тоглолтоос эрс өөр. Гишүүн бүрд тоглолтын үед гүйцэтгэх үүрэг гэж байдаг байх? 

-Тийм ээ, гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь нэг нь багаа удирдана, нөгөө нь дэмжиж тоглоно, нэг нь снаппер буюу холоос дурандаж буудна, хоёр нь шууд буудалцах үүрэг гүйцэтгэнэ гэх мэт. CSgo төрөл олимпод бүртгүүлэхэд ойрхон байсан ч террорист гэсэн үг орсон, мөн буудалцааны үед цус гардаг учраас хасагдсан байгаа. Гэхдээ энэ алдаануудаа засчихвал боломж бий. Бусад төрлүүдийн хувьд олимп од бүртгүүлэх нь цаг хугацааны асуудал болсон. 

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд, амжилттай оролцож, ДАШТ-д хүч сорихыг хүсэж байна. Мөн дэлхийн аваргад оролцсон тоглогчдод стикер гэж өгдөг. Энэ наалтан дээр тухайн тоглогч өөрийн гарын үсгээ үлдээж, тоглоомд нэрээ мөнхөлдөг. Тиймээс гарын үсэгтэй болж, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгтэй зургадугаар сар

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас хоёр сар гаруй завсарласан Европын топ лигүүд дахин үргэлжлэх болсон сайхан мэдээгээр зургадугаар сар эхэлж байна. Германы Бундеслиг эхлээд багууд 3-4 тоглолт хийсэн бол Итали, Испани, Английн лиг 14 хоногийн дараа эхлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн томоохон тэмцээн болох Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд ирэх наймдугаар сарын 6-8-ны хооронд үргэлжлэх төлөвтэй байна. Харин коронавирусийн халдварын цар тахал өндөр байгаа оросууд лигээ энэ сарын 21-нээс үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ. Хоёр хоногийн өмнө дөрвөн тоглогчоос коронавирус илэрсэн ч тэд лигээ үзэгчтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ талаар Оросын хөлбөмбөгийн холбооноос “Бид үзэгчтэй тоглолт явуулах боломжийн талаар Хяналтын газартай зөвлөлдсөн. Багууд ч үзэгчтэй тоглохыг хүсэж байгаа. Эхний үед цэнгэлдэх хүрээлэнгийн 10 хувьд л үзэгч оруулна. Зайгаа барих тул ямар ч эрсдэлгүй” гэж мэдэгджээ. Ингээд топ лигүүдийг тойрсон мэдээллээс тоймлон хүргэе. 



Хамгийн өрсөлдөөнтэй, бас хамгийн олон үзэгчтэй Английн Премьер лигийг энэ сарын 17-нд эхлүүлэхээр албан ёсны тов гарсан. Багууд контакттай бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд бэлтгэл, тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаах ёстойг албаныхан онцоллоо. Хэрвээ аюулгүй байдал алдагдвал тоглолтыг шууд цуцлах тухай хүртэл ярьж байгаа аж. Английн Премьр лигт зохион байгуулагдах ёстой 9-10 тойрог бүхий 92 тоглолт үлдсэн. Хэрэв “Манчестер Сити” ирэх тоглолтуудад оноо алдвал “Ливерпүүл” 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт дахин түрүүлэх нь тодорхой болно. “Ливерпүүл” 29 тойргийн дараа 82 оноотой, “Манчестер Сити”-гээс 25 оноогоор илүү яваа. Коронавирусийн цар тахлын улмаас тэмцээнийг үзэгчгүй явуулах бөгөөд тоглолтын өмнө бүх тоглогч, албаныхныг тогтмол шинжилгээнд хамруулна. Өнгөрсөн хугацаанд Премьер лигт коронавирусийн 2752 шинжилгээ хийхэд 10 гаруй тохиолдол илэрсэн бөгөөд сүүлд л гэхэд дөрвөн тоглогчийн хариу эерэг гарчээ. Гэсэн ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж улирлаа үргэлжлүүлэхээр болсон юм.

Бундеслиг

Германы дээд лиг эхэлснээс хойш багууд 3-4 тоглолт хийжээ. 29 дүгээр тойргийн дараа “Бавари Мюнхен” 67 оноогоор тэргүүлж байгаа бол тэдний араас “Боруссия Дортмунд” долоон оноо дутуу нэхэж яваа. 29 дүгээр тойргийн хүрээнд “Борусси Дортмунд”-ын залуус “Падерборн”-ы талбайд зочлохдоо 6:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан. Уг тоглолтод “Дортмунд”-ын Жейдон Санчо анхны хет-трикээ толилуулсан бөгөөд эхний гоолоо хийсний дараа цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдод хүндэтгэл үзүүлсэн юм. Санчо дотор цамц дээрээ Justice for George Floyd хэмээн бичсэн байжээ. Лигийг тэргүүлэгч хоёр багийн араас “Лейпциг” 58, “Боруссия М.Гладбах”, “Байер Леверкуен” клуб тус бүр 56 оноотой эхний таван байрт бичигдэж байна. Эдгээр таван багийн хооронд гол өрсөлдөөн өрнөж байгаа бол “Вольфсбург”, “Хоффенхайм”, “Фрайбург”, “Херта”, “Шальке” Евролигийн нэг эрхийн төлөө тэмцэл өрнүүлж байна. Харин “Падер борн”, “Бремен”, “Дюссель дорф”, “Майнц” клуб доод лигт унахгүйн төлөө тэмцсээр. Бундеслигийн сүүлчийн тойргийн тоглолт энэ сарын 27-нд болсноор лигийн 2019-2020 оны улирал өндөрлөх юм.

Ла лиг

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Movistar-д ярилцлага өгөхдөө коронавирусийн улмаас зогссон лигийн тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон тухай ярьжээ. Тебас “Зургаадугаар сарын 11-нд “Севилья”, “Бетис” багийн дерби тоглолтоор эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ тоглолт дээр бид цар тахлаар амиа алдсан бүх хүний дурсгалыг хүндэтгэх болно. Одоо хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол багуудын бэлтгэл байна. Бэлтгэлдээ бүгд орвол энэ долоо хоногт ойрын дөрвөн тойргийн хуваарийг танилцуулах болно” гэж хэлсэн байна. Өчигдрийн байдлаар Ла лигийн 13 баг бэлтгэлээ эхлүүлээд байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Оюунболд аварга цолтойгоо үлдэж, барилдах эрхээ хасуулах зорилготой байна

 0 сэтгэгдэл
  • Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт нь хугацаа хожих гэсэн л арга ажээ

Монгол Улсын отгон аварга Э.Оюун болдоос допингийн төрлийн бодис илэрсэн ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж чадалгүй бүтэн жил тойрлоо. Ардын засгийн наадамд түрүү бөхөөс допинг илэрсэн анхны тохиолдол нь олныг шуугиулав. Илрэхдээ нэг биш бүр гурван өөр төрлийн бодис байсан нь хачирхалтай. Гэтэл аварга Э.Оюунболд үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй шүүхэд хандсан байдаг. Гэвч тэрбээр өөрийн биеэр шүүх танхимд очсон нь нэгээхэн ч үгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээдээр халхавч хийж, өөрөө үйл явцыг алсаас ажиглаж байгаад бөх сонирхогчид дургүйцэж байна. Урьдчилсан шатны хэлэлцүүлэгт төлөөлөгчөө явуулсан тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ч өөрийн биеэр байсангүй. Хамгийн гол нь тэрбээр шүүх хурал болохоос ердөө ганцхан хоногийн өмнө өмгөөлөгчөө сольжээ. Ингээд Э.Оюун болдын шинэ өмгөөлөгч шүүх хуралд ирэхдээ “Материалтай танилцаж огт амжаагүй. Тиймээс хугацаа олгооч” гэсэн хүсэлт тавьсныг нь ёсоор болгов. Ийнхүү Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшилсон юм. Дэлхийн спортын түүхэнд допинг илэрлээ гээд шүүхээр явсан тохиолдол үгүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг эсэргүүцсэн Э.Оюунболд хугацаа хожиж баяр наадмын комиссын гаргасан шийдвэрийг цуцлуулах л зорилготой бололтой. Шүүхэд ялагдлаа гэхэд аварга цолтойгоо үлдэж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулах башир арга хэрэглэж байна. Уг нь бол баяр наадмын комиссоос түүний цолыг хурааж, давхар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй хэвээр.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европын хөлбөмбөг эргэн ирлээ

 0 сэтгэгдэл
  • Хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ

Коронавирусийн цар тахлын улмаас сар гаруй зогссон Европын хөлбөмбөг эхнээсээ эргэн ирж байна. Өмнө нь БНСУ болон Беларусь, Никарагуа зэрэг хэдхэн улс хөлбөмбөгийн лигээ үргэлжлүүлж байсан. Харин энэ удаа Европын ТОП таван лигийн нэг Германы Бундеслиг эрсдэлийг үл хайхран тоглолтуудаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь спортын хорхойтнуудад барьсан том бэлэг байв. Нөгөөтэйгүүр бусад улсын лигүүдэд ч итгэл найдвар төрүүлсэн гэж болно. Гэхдээ Бундеслиг асар их бартаа саад туулан байж тоглолтоо явуулж байна. Нэг дор олон хүн бөөгнөрөхгүй байх дүрмийн дагуу тамирчид хэд хэдэн автобусанд хуваагдан цэнгэлдэхэд ирснээс гадна вирусийн шинжилгээ өгч, халуунаа үзүүлсний эцэст тоглолтод оролцох эрхтэй болсон. 

Мэдээж үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд явагдсан бөгөөд ердөө 213 хүн дотогш нэвтрэх эрхтэй байв. Үүнд хоёр багийн тамирчин, дасгалжуулагч, бөмбөг зөөгч нийлсэн 98 хүн, шүүгч, харуул хамгаалалт, эмнэлэг, хэвлэл мэдээллийн 113 хүн багтсан. Харин видео шүүлтэн дээр ажиллах 119 хүн цэнгэлдэхийн гадна байршжээ. Багийн албаныхан болон сэлгээнийхэн хоорондоо зайтай сууснаас гадна бүгд маск зүүх ёстой. Мөн бөмбөгийг тоглолт эхлэхийн өмнө болон завсарлагаанаар тогтмол ариутгаж байв. Сэтгүүлчид ярилцлага авахын тулд тухайн хүнээсээ зайтай зогсож, сунадаг урт микрофон ашигласан бол хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ. Өмнө нь гоол оруулсан нэгэн дээрээ гүйлдэн очиж, дээрээс нь бүчин авдаг байсан дүр зураг өөрчлөгдөж, хоёр метрийн зайнаас нэгэндээ баяр хүргэх нь их л содон харагдаж байв. 

Үзэгчгүй тоглолт давсгүй хоол мэт санагдаж байсныг хөлбөмбөгийн экспертүүд энэ үеэр ярьж байв. Тухайлбал, Английн шигшээд тоглож явсан, өдгөө телевизийн аналистаар ажиллаж буй О.Харгривз “Фэнүүдгүй тоглолт үзнэ гэдэг хүндхэн юм байна” гэсэн бол BBC-гийн тоймч Ж.Чиверс “Дунд сургуулийн хүүхдүүд зааланд сагс тоглож байгаа юм шиг л санагдсан” гэжээ. Гэхдээ ямар ч байсан хөлбөмбөг цар тахлыг ялан дийлж, эргэн ирсэнд хүн бүр баярлаж байна. Ирэх зургадугаар сард Англи, Итали улс лигээ эхлүүлэхээр төлөвлөж, судалгаа хийсээр байгаа юм. Түүнчлэн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA улирлаа эргэн сэргээх арга замыг эрэлхийлсээр байна. Лигийн зүгээс багуудыг нэг хотод цугларуулж, тоглолтуудаа үзэгчгүй явуулахаар төлөвлөж буй. Одоогоор Орландо болон коронавирус хамгийн бага бүртгэгдсэн Лас Вегас хотууд лигийн тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ.