A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5392/

Олон улсын загварын чиг хандлагыг монгол түүхий эдтэй хослуулан урлана

Олон улсын загварын чиг хандлагыг монгол түүхий эдтэй хослуулан урлана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5392/
  • Тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой
  • Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж боддог
  • Товч хийдэг нь товчоо сайн  хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл загвар гаргаад хйисэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой

Монгол эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах зорилго өвөртлөн ажиллаж буй Norah Mongolia бэлэн хувцасны брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Дэлхийн загварын чиг хандлагыг дотоодын түүхий эдтэй хослуулан урлаж, эх орондоо загварын шинэ өнгө төрх төлөвшүүлэх нь тус брэндийн нэг зорилго юм. 2016 оноос компаниа бий болгох төлөвлөгөө гаргаж, олон улсын болон дотоодын зах зээлийг судалж, үйлдвэрлэл байгуулах гарц, шийдлээ хайсаар өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Одоогоор 28-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүний бэлэн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн захиалгаар биеийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн ч мөн урлаж байна. Нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь бүсгүйчүүд байдаг аж. Түүнчлэн импортын хослол, хувцас биеийн онцлогт нь төдийлэн тохирдоггүй бөх, фитнесээр хичээллэдэг эрчүүд захиалгаар хувцас хийлгэх нь элбэг аж. Тиймээс монгол эрчүүдэд зориулсан тусгай стандартаар үйлдвэрлэж, худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр нуугаагүй юм. Дизайнер О.Булган “Манайх 28-аас дээш насны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бизнес эрхлэгчдэд зорилтот хүрээ гэж бий. Дэлхийн томоохон брэндүүд ч хэрэглэгчийн бүлгээ тодорхойлдог. Мөн эмэгтэйчүүд бидний гол хэрэглэгч. Гэхдээ сүүлийн үед эрчүүдэд танигдаж байгаа. Монгол эрчүүдийн биеийн бүтэц онцлогтой. 

Тухайлбал, бөхөөр хичээллэдэг хүний цээж, хэвлий, гуя том бол фитнес хийдэг залуусын хүзүүний тойрог, булчин европ стандартаас өөр байдаг. Тиймээс бид эдгээр хүмүүст зориулан захиалгаар үйлдвэрлэдэг. Гэхдээ монгол эрчүүдийн биеийн онцлогт тохирсон стандартаар тогтмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэх алсын хараа бий” гэлээ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотоодоос хангах сонирхолтой байдаг ч 100 хувь дотоодын түүхий эдээр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц чанар, стандарттай хувцас хийхэд хүндрэлтэйг хэлж байлаа. Гэхдээ эсгий, ноолуур, ноос, савхийг дотоодын туслах үйлдвэрүүдээс базааж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ талаар Norah Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Б.Наранчимэг “Манай байгууллага Монголд үйлдвэрлэлийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах байх нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж би боддог. Товч хийдэг нь товчоо сайн хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл бүтээж, гаргаад хийсэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой. 

Өндөр хөгжилтэй орны алдартай брэндүүд ийм системээр ажилладаг юм билээ. Бид брэндээ бий болгохоос өмнө багагүй судалгаа хийсэн. Манай компани одоогоор дотоодын нэхий эдлэл, ноолуурын цех, савхин эдлэлийн үйлдвэр зэрэгтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ зарим цехтэй улирлын чанартай гэрээ байгуулдаг. Нэхий, эсгийг өвөл л ашиглана. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай улсын түүхий эдийн боловсруулалт олон улсынхтай харьцуулахаар гологддог. Нөөц, боломж бий ч боловсруулах технологи дутагдалтай, хөгжил муу” гэлээ. Norah Mongolia брэнд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Италийн Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцсон бөгөөд шоунаас хойш Европын орнуудын дэлгүүр, брэндүүдээс хамтарч ажиллах санал, хүсэлт ирсээр байгаа аж. Тус шоунд намар, өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгаа танилцуулсан бөгөөд сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж, цаашид хамтран ажиллахаар болсон байна. Тус брэндийн хувцас, хэрэгслийн өнгө загвар тун өвөрмөц шийдэлтэй бөгөөд чимэглэл, гоёл багатай. Эсгий дээр элдэв өнгө уусгаж урласан хувцас болон гар аргаар өнгө хийцийг нь хувиргасан ноолууран бүтээгдэхүүнийг гаднынхан хамгийн их сонирхдог аж. 

Харин бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг загвар зохион бүтээгчийн мэдрэмж, монгол хүний ур ухаантай хослуулахыг зорьдог хэмээн дизайнер О.Булган хэлсэн юм. Тэрбээр “Би Италийн Милан хотод загвар зохион бүтээгчийн сургууль төгссөн. Тиймээс гадаадын томоохон брэндүүдийн загвар зохион бүтээхтэй ижил системээр ажилладаг. Зургаан сарын өмнөөс судалгаа хийж, шинэ тренд, өнгө зэргийг танддаг. Гэхдээ Norah-ийн үндсэн өнгө аяс, монгол онцлогийг алдахгүй байх хэрэгтэй. Хүмүүс ямар нэгэн хүлээн авалтад зориулж, үнэтэй хувцас авч өмсөөд, түүнийгээ дахиж өмсөх газар олдохгүй, шүүгээндээ хадгалах тохиолдол элбэг байдаг. Бид энэ хандлагыг өөрчлөхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, нэг хувцсыг олон янзаар, олон газар өмсөх боломжтой байхаар загвараа шийддэг” гэсэн юм. Түүнчлэн тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой.  Зарим түүхий эдээ Итали, Солонгос, БНХАУ зэрэг улсаас оруулж ирдэг бөгөөд түүхий эдийн чанар, үнэ, хийц зэргээс хамаарч бүтээгдэхүүнийх нь үнэ харилцан адилгүй байдаг аж.

Түүхий эдээ шилж, жижиг хэрэгсэл дээр ч анхаарч ажилладаг болохоор бүтээгдэхүүнээ үүнээс хямд үнээр борлуулах боломжгүй байдаг аж. Хэрэв Монгол Улс түүхий эдийн боловсруулалтаа сайжруулж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж чадвал дэлхийн зах зээлд ноёрхох бүрэн боломж байгааг тус үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм. Гэхдээ төрийн бодлого дутмаг байгаагаас болж чансаатай боловсон хүчин болон шилдэг санаа, шилмэл загвараа өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хүчээ авсан улсуудад алдах эрсдэл бий. Тиймээс тус брэнд бусад үндэсний үйлдвэртэй хамтарч ажиллахыг эрмэлздэг. Б.Наранчимэг “Мал аж ахуй, түүхий эд зэрэг бусад улс, орны хүслэн болсон бүхэн манай улсад бий. Өөрөөр хэлбэл, дотоодоос бүх зүйлээ хангах хүчин чадал бий. Гэхдээ энэ асуудалд төр төдийлэн анхаарахгүй байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл учруулдаг.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл авахын тулд багадаа нэг жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлага тавьдаг. Дөнгөж хөлөө олох гэж байгаа байгууллагаас түүх нэхнэ гэдэг утгагүй шүү дээ. Бизнесийн алсын хараа, төслийн боловсруулалтыг нь судалж, шийдвэр гаргаж, дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм түшиг, дэмжлэг байхгүй болохоор бизнес эрхлэгчид бор зүрхээрээ, урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж ажилладаг” гэсэн юм. Хүн төрөлхтний мөнхийн хүслийн нэг бол бусдад болон өөртөө сайхан харагдах. Энэ хүслийг гүйцэтгэх нь тус брэндийн хамгийн чухал зорилт аж. 365 өдөр өөр, өөрөөр сайхан харагд уриатай үйл ажиллагаа явуулдаг Norah Mongolia имиж бүрдүүлэлтийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувцас үйлдвэрлэж, худалдаалах бус хэрэглэгчдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа юм. Тус үйлчилгээ имиж бүрдүүлэлт, биеэ авч явах байдал зэргийг зөвлөж, look бүрдүүлэлт хэрхэн хийх талаарх насан туршийн боловсрол олгох онцлогтой аж. Зөвхөн хувцас урлаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй үйлдвэрлэл хөгжсөн улс орны хийж чаддаг бүхнийг монгол хүн, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг болохыг дэлхийг таниулахыг зорьж буй нэгэн брэндийг онцоллоо. Төр бодлогоороо дэмжиж чадвал монгол залуус хөдөлмөрлөж, бүтээж, урлаж чадаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эко хэрэглээг дэлхийд таниулах Инару брэнд

 0 сэтгэгдэл
  • Монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой
  • Адууны тос болон хонины тосоор хийсэн бүтээгдэхүүнээ Шанхай, Тайваньд борлуулж байгаа бөгөөд удахгүй Европ руу цахимаар худалдаалах аж. Инару брэндийн бүтээгдэхүүнүүд 2000 үйлчлүүлэгчтэй бөгөөд 800 гаруй нь байнгын хэрэглэгч гэнэ
  • Инару брэнд нь бүтээгдэхүүнээ хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ

Эх хүний үрдээ сайхан ирээдүйг бий болгох гэсэн сэтгэлийн угаас сүндэрлэн боссон Инару брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Шавилхан биетэй, шаггүй авьяастай түүнийг Н.Сарангуа гэдэг. Хүний хань, хоёр хүүхдийн ээж болсон цагаас хойш гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавих том хариуцлагыг нуруун дээрээ үүрэх болжээ. Нэг өдөр CNN-ий мэдээгээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд байдаг хортой синтетик бодис хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар үзсэн аж. Тэгээд хүүхдүүдийнхээ идэж уудаг аяга, тоглож хөрвөдөг шал, толь, хана гээд бүхий л зүйлийг юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хорт бодисоор цэвэрлэж байгаагаа гэнэт ухаараад их эмзэглэсэн байна. Үүнээс хойш аль болох байгалийн органик гэх тодотголтой бүтээгдэхүүнийг авч, Америкаас хүртэл захиж хэрэглэдэг болсон гэнэ. Гэтэл бас жинхэнэ органик бүтээгдэхүүн хэт үнэтэй, эсвэл үнэн бодит орц найрлагаа бичдэггүй учир өдөр тутмын хэрэглээ болгоход хүндрэлтэй байжээ. Үүнээс үүдэн “Ер нь бид ийм сайхан баялагтай газар нутаг, түүхий эдтэй улс оронд амьдарч байж яагаад эко бүтээгдэхүүн өөрсдөө хийж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн аж. Тэгээд өөрийн гэсэн бизнестэй болоход нь гэр бүлийнхэн нь том түшиг болж, 2016 онд “Инару биомедикал” ХХК-аа үүсгэн байгуулжээ. 

23 төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг

Тэрбээр жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст 2017 оны 11 дүгээр сараас нээлтээ хийсэн аж. “Гадаах агаараас илүү гэр доторх агаар 2-3 дахин бохирдолтой байна гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд хийсэн байдаг. Төрөл бүрийн химийн хортой бодисоор гэрээ дүүргэдэг нь харшил, хавдар үүсгэх сөрөг талтай. Энэ нь нотлогдсон учраас бүтээгдэхүүнээ хийх санаагаа олсон. Синтетик бодисуудыг хэрэглэж болно. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрвэл хорт хавдар үүсгэдэг. Өвчлөл залуужаад байгаа нь бидний хэрэглээнээс шалтгаалж байна. Синтетик бодисууд байгальд сөрөг нөлөөтэй. Манай бүтээгдэхүүний сав байгальд бүрэн шингэдэг. Бүтээгдэхүүнээ зарахаас илүү эко хэрэглээг төлөвшүүлэхийг хичээдэг” гэж Н.Сарангуа ярилаа. Одоогийн байдлаар есөн нэрийн 23 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхийн тулд 50 гаруй төрлийн түхий эд ашигладаг бөгөөд хонины сүүл, чацаргана, ганга, адууны тос, жамц давс, кофе, цардуул, нохойн хошуу зэрэг 20 орчим нь монгол түүхий эд гэнэ. Харин эх орондоо байдаггүй наргил модны тос, оливын тос зэрэг хүнсний зэрэглэлтэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Ингэхдээ Франц, Энэтхэг, Герман зэрэг улсаас авдаг аж. Инару брэнд нь гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн эко бүтээгдэхүүнийг уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг. 100 хувь гар ажиллагаатай тул ажлын байр бий болгох давуу талтай гэв. “Дэлхий дахинаа байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж байгаа. Манай үйлдвэр өндөр технологитой улс орнуудтай өрсөлдөх түвшинд очоогүй байгаа ч байгаль дэлхий, нүүдэлчин соёл давуу тал болно. Бид монгол өв соёл шингэсэн, байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүнийг орчин үеийн технологид нийцүүлэн үйлдвэрлэх зорилготой. Манай бүтээгдэхүүнийг найман настай балчраас 80 настай буурал хүртэл хэрэглэж болно” гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. 

Үндэсний үйлдвэрүүд дотоод зах зээлийн 50 хувийг хангах боломжтой

Инару брэнд нь Монголд анх удаа гангатай кастилийн саванг үйлдвэрлэжээ. Үүнийг ганга өвстэй хослуулан бүтээсэн нь үнэхээр төгс шийдэл болсон аж. Учир нь гангатай органик цэвэрлэгчээр нүүр, гар, биеийн арьс арчилгааг хийхээс гадна жимс ногоо, аяга тавгаас эхлээд гэр ахуйн бүх л цэвэрлэгээг хийж болно. Мөн байгальд шингэхдээ ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Адууны тос, хонины сүүл нь өндөр зэрэглэлийн тос гэж үнэлэгддэг учир Монголд амьдардаг гадаадууд маш их худалдаж авдаг аж. Органик гарын саванг хоёр доллараар үнэлэхэд жуулчид хямд гэдэг бол монголчууд 5-6 мянган төгрөгийн саванг үнэтэй гэсэн байна. Үүний оронд 2000 төгрөгөөр safeguard авсан нь дээр гэж хэлдэг гэнэ. Энэ нь хоорондын ялгааг мэдэж ойлгохгүй байгаатай холбоотой гэдгийг Н.Сарангуа хэлсэн юм. Тэрбээр “Гар аргаар хийсэн органик бүтээгдэхүүний үнэ цэнийг гаднынхан сайн мэддэг. Манай улсын савангийн зах зээлийн 90 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Гар аргаар ийм төрлийн бүтээгдэхүүн хийдэг 25 орчим үндэсний үйлдвэр бий. Бид нийлээд дотоодынхоо зах зээлийн 30-50 хувийг хангах бүрэн хүчин чадалтай. Тиймээс импортын бараа бүтээгдэхүүнийг орлох зорилго тавьсан. Савангаа дотооддоо үйлдвэрлэх 100 хувь боломжтой шүү дээ” хэмээлээ. Амьтныг нядалсан бол бүхий л зүйлийг хүнд болон байгальд ээлтэй байдлаар, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн ашиглан бүтээгдэхүүн хийх ёстой. Гэтэл адууны тос хаягдал бүтээгдэхүүн болдог. Тиймээс дахин боловсруулж, хэрэглэж байгаа юм. Энэ түүхий эд бусад химийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй үр дүнтэй. 

Зээл авалгүй борлуулалтаараа өдийг хүртэл явжээ

Дэлхийн зах зээлд таашаагдах Инару брэндийн адууны тос болон хонины тосоор хийсэн бүтээгдэхүүнээ Шанхай, Тайваньд борлуулж байгаа бөгөөд удахгүй Европ руу цахимаар худалдаалах аж. Инару брэндийн бүтээгдэхүүнүүд 2000 үйлчлүүлэгчтэй бөгөөд 800 гаруй нь байнгын хэрэглэгч гэнэ. Тэдний хүчээр үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлж болж байна. “Гурван жилийн хугацаанд ямар нэгэн зээл аваагүй, төсөл хөтөлбөрийн хөнгөлөлтөд ороогүй, 100 хувь борлуулалтаараа өдийг хүртэл явсан. Энэ нь нийгэмд хэрэгцээ ямар байгааг ч мөн харуулж байна” хэмээн Н.Сарангуа ярьсан юм. Тэрбээр хэрэгцээ байхад төрөөс дотоодын үйлдвэрээ дэмжих бодлого хангалтгүй байгаа гэдгийг ч хэлж байсан юм. Монголын үйлдвэрүүд импортын бараа бүтээгдэхүүнтэй л өрсөлдөж байна. Гэвч ямар ч шударга өрсөлдөөн байхгүй учраас яах аргагүй дарагдаж байгаа аж. “Мөнгө төгрөгөөр дэмжих нь чухал биш. Тендерт өрсөлдөхөд safeguard савантай дүйцэхүйц байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр импортын бараа бүтээгдэхүүний ноёрхол манай улсад ямар байгаа нь харагдаж байгаа байх. Монголын үйлдвэр дотооддоо нэгдэж, импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөөр болсон” гэдгийг ч хэлсэн юм. 

Зах зээлийн өрсөлдөөн дунд үнээ тогтоодог

Монголын брэндүүд үнэтэй гэх хүмүүсийн шүүмжлэл Инаруг тойроод биш дайраад гарчээ. Н.Сарангуа “Органик бүтээгдэхүүн үнэтэй зарагддаг. Гэхдээ ямар бүтээгдэхүүнтэй харьцуулахаас шалтгаалаад үнэтэй, эсвэл хямд байна. Үнийн өрсөлдөөн гэдэг их хатуу. Бид зах зээлийн өрсөлдөөн дунд үнээ тогтоодог. Ажлын байр бий болгоод, татвараа төлж байгаа учраас борлуулалт сайн байвал ажлын байр нэмэгдэнэ” гэдгийг хэлсэн юм. Инару брэндийн бүтээгдэхүүнд ус ороогүй тосон бүтэцтэй. Тиймээс хоёр жил хадгалах боломжтой гэнэ. Учир нь тос хуршихгүй бол хадгалалтын хугацаа дуусахгүй. Харин задалсан бол зургаан сар л хэрэглэх ёстой. Эдгээр бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний стандартыг хангадаг аж. Хонины сүүлний үнэрийг дарахын тулд наргил модны тос, оливын тос зэргийг хольдог. Бүтээгдэхүүн хийх явцыг энгийн үгээр, ойлгомжтой байдлаар тайлбарлавал эхлээд савангаа зуурна. Дараа нь хэвэндээ хийж хатаагаад, гар аргаар өөлж, хоёр сар хатаана. Энэ байдлаар 4-5 хүн өдөрт 200 саван хийдэг аж. Одоогийн байдлаар 10 орчим хүн ажилладаг. Н.Сарангуа Английн сургуульд органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн хийх талаар хоёр жил сураад ажилчдаа сургаж эхэлжээ. Хүн солигдох бүрд бүтээгдэхүүнд нь өөрчлөлт ороод хүндрэлтэй байдаг гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чанарыг эрхэмлэгч “Цалин цагаан” брэнд дэлхийд нэрээ цуурайтуулна

 0 сэтгэгдэл
  • “Цалин цагаан” ХХК нь хүүхдийн болон том хүний ванн, хөл дүрээд суух боломжтой түмпэн зэргийг зэсээр хийж байна
  • "Цалин цагаан" компани зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу экспортлоод эхэлжээ

Монголчууд бид эртнээс эдүгээ хүртэл домбо, аяга шанаганаас аваад тавилга сэлт, гоёл чимэглэлд хүртэл зэс эдлэлийг өргөнөөр хэрэглэсээр иржээ. Жирийн малчны өвөрт хүртэл жижигхэн зэс аяга явж байх бөгөөд өдөр тутамдаа хэрэглэж дадвал элэг, цөс, ходоод, нойр булчирхай зэрэг бүхий л эрхтэнд эерэгээр нөлөөлнө хэмээн үздэг байв. Учир нь зэс аяганд хийсэн зүйл ариусаж, цэвэр болдог хэмээн аяга, халбаганаас аваад олон төрлийн сав суулгыг зэсээр урладаг байв. Энэ уламжлал өдий хүртэл үе дамжин ирсэн билээ. Дэлхий нийтээр тархаад буй коронавирус бүх төрлийн гадаргуу дээр 4-5 хоног амьдарч чаддаг бол зэс эдлэлийн гадаргуу дээр тогтсон бактери хэдхэн минутын дотор устаж үгүй болдог нь батлагдаад буй. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж буй нь батлагдсан аж. Энэ гайхалтай үр дүнг харсан тэрбээр “Зөвхөн COVID-19-ийн халдвараар хязгаарлагдахгүй, ирээдүйд учирч болох олон арван тахал, вирусийн өмнө зэс эдлэлийг ахуйн хэрэглээндээ ашиглаж хэвших нь чухал” хэмээжээ. Тэр дундаа эмнэлэг болон олон нийтийн газарт хаалганы бариулаас аваад зэсээр хийж хэвшвэл сайн хэмээн онцолжээ. Тэгвэл дэлхий дахиныг дагжин чичрүүлж буй цар тахлын үед монгол түмнээ эрүүл энх байгаасай хэмээн бэлгэдэж “Цалин цагаан” ХХК эх орондоо зэсэн ванн тэргүүтэй 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цалин цагаан гэдэг үгийг дэлхийн брэнд болгох зорилготой тус компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. 

Хүүхдийн болон том хүний зэс ванныг захиалгаар хийж эхэлжээ

“Цалин цагаан” ХХК арав гаруй жил судалгаа хийсний эцэст өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогоор хүүхдийн болон том хүний ванн, халуун усанд хөлөө дүрж суух боломжтой түмпэн зэргийг зэсээр урлаад байгаа аж. Ийнхүү туршилтын байдлаар хийж эхэлсэн бүтээгдэхүүн аль хэдийн захилгын бүтээгдэхүүн болжээ. Гол түүхий эд болох зэс нь олон улсын стандартад нийцсэн, эртний монголчуудын эдэлж хэрэглэж асан аранжин зэсээс дутахгүй хэмээн үйлдвэрлэгчид онцолж байна. Хүүхдийн ванн хийхэд 25 кг зэс ашигладаг бол том хүнийх загвараасаа шалтгаалаад 35-45 кг зэс агуулдаг гэнэ. Үнийн хувьд хүүхдийнх 3.5-4.5, том ванн нь 5.5-8.5 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь зах зээл дэх зэсийн үнэтэй нарийн чанд уялдуулан тогтоосон ханш болохыг тус компанийн худалдааны төлөөлөгч Б.Бадамцэцэг хэлсэн юм. Тэрбээр “Зэс ваннанд усанд ороход биеийн ядаргаа 100 хувь тайлагддаг. Хүний биед олон төрлийн элемент дутагдаж байдаг. Гэвч бид төдийлэн анзаарч мэдэлгүй явсаар стресс, ядаргаанд ордог тул үс унах зэргээс аваад олон талын сөрөг нөлөөллөөр илэрнэ. Тиймээс энэ бүгдээс мөнгө, зэс хэрэглэж ангижрах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс зэс аяга, данх болон ээмэг, бүс зэрэг мөнгөн эдлэл хэрэглэж байсан нь нарийн учиртай байсныг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсээр илүүтэй ойлгож байна” гэв. 

Зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг

Халуун ус дүүргэсэн зэс ваннанд хэвтсэнээр арьсны сүвээр дамжин мэдрэлийн системд нөлөөлөхөөс гадна толгой тархины өвчинг намдаах тустай аж. Мөн ужиг өвчтэй хүмүүст нэн сайн бөгөөд арьс салстын эмгэг тууралт, ядаргаа зэрэгт шууд үр дүнгээ үзүүлэх аж. Бидний өвөг дээдэс зэс тогоонд идээ ундаагаа буцалгаж, хандалж хэрэглэхэд дотор эрхтний системд сайнаар нөлөөлж өдөр тутмын эрдсийн хэрэглээгээ хангадаг байжээ. Тэгвэл зэс вананд усанд орсноор үүнээс илүү үр дүнг мэдрэх боломжтой аж. Ваннтай усанд 10-20 минут хэвтэх үед өөрчлөлт мэдрэгдэж эхлэх бөгөөд байнгын хэрэглээгээр бүрэн эрүүлжих боломжтой гэнэ. “Хатуулаг ихтэй ус хийлээ гээд зэс муухай болохгүй. Учир нь зэс усны хорыг шүүж, хатуулгийг багасгадаг. Манай ванныг удаан хэрэглэлээ гээд харлах, өнгө алдах зэргээр зэсийн өнгөнд өөрчлөлт орохгүй учир өдөр бүр зүлгээд байх шаардлагагүй. Жаахан харлаад ирэхээр нь ваннтай хамт ирсэн цэвэрлэгчээр нь цэвэрлэхэд л хангалттай. Тиймээс арчилгааны хувьд асуудал байхгүй” гэж Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь халуун тогоо болон сав, цар, гүц, сэнжтэй аяга, халбага, сэрээ, хутга, шанага, кофе чанагч, усны сав зэрэг ахуйн хэрэглээний бүхий л төрлийн хэрэгслийг хийдэг. Мөн бугуйвч, бөгж, зүүлт, сам зэрэг төрөл бүрийн гоёл чимэглэл хийнэ. Тус компани одоогийн байдлаар зэс болон мөнгөөр 500 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийгээд байгаа аж. Хубилай хааны удмын 25 дугаар үеийн урчуудын бүтэж буй эрт үеэс уламжлагдан ирсэн гар хийцийн цалин цагаан мөнгөн эдлэлүүд хэмээн бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Түүнчлэн бүтээгдэхүүнээ Өвөрмонгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс руу хэдийн экспортлоод эхэлжээ. Тус компани өдгөө 20 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байгаа ажээ. 

Бүтээгдэхүүнээ аль болох зах зээлийн үнээс хямд байлгахыг зорьдог

Дэлхийн стандартад нийцсэн сайн чанарын зэс хэрэглэдэг учир чанарыг нь мэдэрсэн үйлчлүүлэгчид ам сайтай байдаг төдийгүй захиалгаар аяга таваг, гоёл чимэглэл урлуулах нь их гэнэ. Хэн нэгний сайн гэсэн үгэнд биш өөрөө хэрэглэж байж үр дүнг нь мэдрэхийг компанийнхан хэлж байв. “Цалин Цагаан” ХХК-ийн бүтээгдэхүүнийг Pro One оффис төв болон Хан-Уул дүүргийн E-mart дэлгүүрээс худалдан авах боломжтой. Сүүлийн үед зэсийн чанар муудаж байгаа тул импортын зэс эдлэл худалдан авахаас татгалзах болсон хэмээн тус компанийн байнгын үйлчлүүлэгчид онцолж байна. Шавартай, тугалга ихтэй зэсээс гадна хөнгөн цагааныг никелиэр өнгөлж худалдаалсан тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Энэ мэт олон төрлийн зэс худалдаанд гарч байгаа нь хэрэглэгчийг ихээхэн хохироодог аж. Үүнээс болоод зэс эдлэл хэрэглэгчдийн тоо, сонирхол буурч эхэлсэн аж. “Зэс, мөнгөн эдлэлийн нэр хүнд хэдэн мянган жил унаагүй. Гэтэл зэсийн чанар уналтад оруулах болов. Хүмүүсийн худалдан авалт сайн байвал хангалттай хэмжээгээр хийх боломжтой” гэдгийг Б.Бадамцэцэг хэлсэн юм. “Цалин цагаан” ХХК нь үйлчлүүлэгчдэдээ зэсийн чанар чансааг таниулахын тулд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс харьцангуй хямдаар борлуулж байгаа аж. Тухайлбал, гадуур зэс данх дунджаар 400 гаруй мянган төгрөгийн үнэтэй байдаг бол эднийх тал үнээр нь зарж байна. Тиймээс хүссэн загвараа захиалаад үнэ тохиролцоод хийлгэх боломжтой гэв. COVID-19 цар тахлаас болж эдийн засаг хүнд байгаа тул бэлэн бүтээгдэхүүн борлуулалт муутай, захиалга авах нь ихэсчээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүд 999 сорьцтой, хольцгүй, байгалийн гайхамшигт үнэт эрдэнэ болсон зэс, мөнгө гэнэ. Эрт дээр үеэс монголчууд мөнгөн сам болон бугуйвч, бүс, бөгж, зүүлт зэргийг өргөн хэрэглэж иржээ. Мөнгөн самаар үсээ самнаснаар тархи толгой амрахаас гадна үс уналтыг зогсоож бэхжүүлдэг. Харин мөнгөн бугуйвч, бөгж, зүүлт зэргийг гар болон биедээ зүүснээр ходоод гэдсийг ариутган, аливаа өвчин үүсгэгч нян, бичил биетийг устгах чадалтай бөгөөд биед зөв энерги хуримтлуулдаг. Түүнчлэн ханиад хүрч халуурах, түлэгдэл, дотрын үрэвсэл, сарын тэмдэг ихээр ирэх зэрэгт цагаан мөнгө нь анагаах үүрэг гүйцэтгэдэг аж. Ийм учраас өвөг дээдэс маань алтнаас илүү мөнгө хэрэглэсээр ирсэн гэдэг. “Аливаа чимэг зүүлт зөвхөн гоёл чимэглэл талаасаа биш эрүүл мэнд болоод зөв аж төрөхөд тус болох учиртай” хэмээн Б.Бадамцэцэг хэлж байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Лаазны ганц үйлдвэр 200 мянган хүнийг ажлын байртай болгоно

 0 сэтгэгдэл
  • Манай улс дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор металл сав, баглаа боодолд зарцуулдаг 20 гаруй сая ам.долларын 60 хувийг эх орондоо үлдээнэ
  • Зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байна
  • Дотоодын томоохон компаниуд тэдний үйлдвэрлэсэн лаазыг худалдан авах сонирхолтой болжээ. "Дашваанжил" компани л гэхэд найман сая ширхэг лааз авахаар болсон байна

Монголчууд лааз үйлдвэрлэж эхэллээ гэх сайхан мэдээг сонсоод “Монгол лааз” ХХК-тай холбоо барилаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас лааз үйлдвэрлэж, зах зээлд борлуулж эхэлсэн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав хэлсэн юм. Тэрбээр “Монголчууд консервныхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж худлаа ярьдгаа болимоор” гэж гадаад, дотоодгүй шоолдог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ. Одоо бид лаазаа хийдэг болчихлоо” хэмээн бахархалтайгаар хэлэв. Манай улс металл сав, баглаа боодол гаднаас импортлоход жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг аж. Тэгвэл “Монгол лааз” ХХК бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагш урсах валютын урсгалыг багасгах боломж бүрдэж байгаа юм. Үндэсний 1000 брэндийг бүтээж, экспортод гаргах зорилготой “Монгол лааз” ХХК-ийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх боломжтой

Тус компани металл сав, баглаа боодлын үйлдвэрлэх чиглэлээр 2014 онд Дархан-Уул аймагт байгуулагдаж, өнгөрсөн онд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө 17 ажилтантай ч коронавирусийн халдвараас болоод ажилчдаа 50 хувийн цалинтай амрааж байгаа аж. Хэвлэх үйлдвэр нь захиалгаа аваад эхэлбэл нэмж ажлын байр бий болгоно хэмээлээ. Тус үйлдвэр олон улсын стандартын шаардлага хангасан, Итали улсын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжтэй аж. Өдөрт 96 мянга, жилд 60 гаруй сая ширхэг 0.2-5 литр хүртэл багтаамжтай 20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх хүчин чадалтай. “Манай улс металл сав, баглаа боодолд жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор 60 хувь нь Монголдоо ашиг болж үлдэнэ. Үлдсэн хувьд нь түүхий эдээ авна гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэр импортыг орлож, валютыг дотооддоо үлдээж, ажлын байр бий болгох давуу талтай” хэмээн Л.Дүйнхэржав хэлсэн юм. Эднийх зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хүнсний, гоо сайхны, гэр ахуйн, барилгын, тос тосолгооны материалын савнаас гадна бэлэг дурсгалын хайрцаг зэрэг ямар л бол ямар төрлийн сав үйлдвэрлэх боломжтой юм байна.

 Дунджаар 200 мянган ажлын байр бий болно

Одоогийн байдлаар “Хүн-од”, “Хатан сүйх импекс”, “Очир дагинас”, “Тайж” групп, “Хаан хүнс импекс” зэрэг 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн жижиг компаниуд ч бий. Харин томоохон компаниуд урьдчилан бэлдсэн нөөцөө дуусахаар гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тухайлбал, “Дашваанжил” компани найман сая ширхэг лааз авахаар болсон гэнэ. Ахуйн газны сав хийж байгаа ч шалгах төхөөрөмж нь байхгүй учраас зах зээлд нийлүүлж чадахгүй байгаагаа учирлаж байв. Лаазыг дотооддоо үйлдвэрлэх болсноор хувь хүмүүс толгой, шийр, гүзээ, сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад консервлосон бүтээгдэхүүн болгож экспортлох боломж бүрджээ. Энэ мэтчилэнгээр дотоодын зах зээлийн лаазны хэрэгцээг хангаж эхэлсэн байна. “Монгол лааз” ХХК нь зөвхөн лааз үйлдвэрлэх бөгөөд харин дотор нь хийх бүтээгдэхүүнийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэхийг уриалсан юм. Лаазны үйлдвэрлэлийн нөлөөгөөр дор хаяж 200 мянган ажлын байр бий болно гэж Л.Дүйнхэржав ярилаа. Ямар бүтээгдэхүүн хийнэ, түүний хүчиллэг, шүлтлэгээс хамаараад лаазны дотор талын лак нь өөр байна. Ерөнхийдөө ундаа, жимс, мах гэх мэт 3-4 төрөл байдаг аж. Тус үйлдвэр зориулалтын будгаар лакдаад, гадна талын хэвлэлийг хийнэ. Үйлдвэр нь лабораторитой учир тэндээ лакны чанарт хяналт хийж, лаазны гагнаас, битүүмжлэл, таг, ёроолын норм хэмжээ зэргийг шалгадаг. Манай улсын стандарт хуучирсан учир Хятад болон Оросын стандартыг нэгтгэн шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Оросын стандарт чанартай ч хэмжээ нь хэдхэн төрөл байдаг. Харин Хятадын стандарт Америк, Герман, Японыхтой дүйцэхүйц. Тиймээс Монголын шинэ стандарт гаргахад бэлэн болжээ.

Экспортыг манлайлах өндөр хүчин чадалтай үйлдвэр

“Монгол лааз” ХХК-аас гаднын улсууд лааз авах санал ирж байгаа ч импортын татвар өндөр учир гаргах боломжгүй болоод байгаа гэнэ. Тус үйлдвэр лааз хийхдээ цагаан тугалгаар бүрсэн төмрийг БНХАУ-аас авдаг. Энэ нь хүнсний зориулалттай учир ямар ч хор нөлөө байхгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэллээ.  “Хатуулгийн хувьд БНСУ-ын төмөр БНХАУ-аас илүү сайн гэдэг. Гэхдээ хүнсний зориулалттай лаазанд энэ тийм ч чухал биш. Лакны гарал үүсэл их чухал. Манайх Шанхайгийн химийн үйлдвэрээс будаг, лакаа авдаг. Зориулалтын үйлдвэрээс авч байгаа болохоор гарал үүслийн сертификат гээд бүхий л бичиг баримтыг нь дагалдуулан өгч байгаа” хэмээлээ. Л.Дүйнхэржав нь үйлдвэрийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 18 жил ажиллажээ. Сав, баглаа боодлын үйлдвэрт социализмын үеэс ажиллаж ирсэн туршлага дээрээ үндэслэн үйлдвэрээ байгуулсан байна. 

Тэднийх цаашид будагны, бэлэг дурсгалын, шар айраг болон ундааны лаазыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна. Хэдийгээр дотоодын хэрэгцээ 10 сая ширхэг хүрэхгүй ч экспортод гаргах алсын зорилготой учир өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан байна. Гаалийн татвар төлөхгүй учир дотоодын үйлдвэрүүд эх орондоо үйлдвэрлэсэн лаазыг сонгох дуртай байгаа аж. Хүн бүр минимализм хэв маяг руу шилжиж, шилэн савыг сонгож байгаа ч лаазанд савласан бүтээгдэхүүн тээвэрлэлт даах чадвартай, хадгалалт сайн учир хэрэглээ буурахгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэлсэн юм. Шилэнд хийсэн зүйлийн хадгалалтын хугацаа зургаан сар байдаг бол лаазанд хийвэл 2-5 жил хадгалж болдог давуу талтай гэнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн уриатай тус үйлдвэрийн зорилго нь эхнээсээ биеллээ олсон нь энэ. Импортоор их хэмжээгээр худалдан авдаг лаазалсан бүтээгдэхүүнийг Монголдоо хийх боломж байсан ч татвараас нь халширсан жижиг, дунд бизнес эрхлэгчид хүлээн, харзнаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо хүнсний ногоо тарьдаг хүмүүс амархан мууддаг улаан лоолио лаазалсан бүтээгдэхүүн болгох боломж ийн бүрдээд байна. Мөн хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг “алт” болгох боломжийг алдалгүй атгаад авахыг “Монгол лааз”-ынхан зөвлөж байна.