A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4592/

Онлайн сургалт бол бэрхшээл биш боломж

Онлайн сургалт бол бэрхшээл биш боломж
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4592/
  • Багш нарын ачаалал ердийн үеийнхээс хэд дахин нэмэгдэж, нэг цагийн хичээлд 1-2 өдрийг зарцуулж байна
  • Онлайн сургалт суралцагчаас бие даасан байдал, хичээл зүтгэлийг илүүтэй шаарддаг ч технологийн эрин зуунд амьдарч буй, шинэ үеийн залуусын хувьд эл асуудлыг шийдвэлэх, бэрхшээлийг давуу тал болгож ашиглах бүрэн боломжтой

Коронавирусийн халдвараас шалтгаалан Засгийн газар хөл хорио тогтоож, их дээд сургууль болон ерөнхий боловсрол, цэцэрлэгийн хичээлийг цахимд шилжүүлсэн. Одоогийн байдлаар дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 1,2 тэрбум оюутан, сурагч хөл хорионд орсон тул онлайнаар хичээллэж байна. Гэвч манай улсын оюутнууд цахим хичээл хангалтгүй байна хэмээн санал хүсэлт илэрхийлж, төлбөрөө буцаан олгохыг шаардаад буй. “Дата их ашиглаж байна, интернэт байхгүй, орон нутагт буй учраас хэцүү байна, хичээл чанаргүй заалаа” гэхчлэн янз бүрийн гомдол илэрхийлж, төлбөрөө авна гэх боловч өөрсдөөс шалтгаалах үүргээ гүйцэтгэж, боломж бололцоог огт эрэлхийлэх сэтгэлгүй, хэт амарчлах сэтгэл зүйтэй болсон нь нийтлэг ажиглагдаж эхэллээ. Уг нь онлайн хичээл олон улсад нэвтэрч, хэдийн үр дүнтэй сургалтын систем гэдэг нь батлагдсан. Найман настай балчраас наян настай буурал хүртэл хүссэн хэн ч бай гэрээсээ дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж тогооч, урлаг судлаачаас эхлээд хэдэн мянган төрлийн мэргэжил, нарийн мэргэшлийн хичээлүүдийг судалж байна. Мөн оюутнуудад цаг зав, төлбөр, ахуйн зардлуудаа хэмнэх боломж олгохоос гадна өөрийгөө хөгжүүлэх цаг олгодог сайн талтай. Онлайн сургалт суралцагчаас бие даасан байдал, хичээл зүтгэлийг илүүтэй шаарддаг ч технологийн эрин зуунд амьдарч буй, шинэ үеийн залуусын хувьд эл асуудлыг шийдвэрлэх, бэрхшээлийг давуу тал болгож ашиглах бүрэн боломжтой. Оюутнууд сургууль, багш мөн хувь хүний хандлага, суралцах арга барил зэрэг олон зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байр суурьтай байна. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V курсийн оюутан Б.Цэндмаа “Багш нар өөр өөр арга барилаар хичээлээ ордог. Шууд холбогдож хичээлээ орох арга үр дүнтэй санагдсан. Мөн хоол, унааны мөнгө зарлагадахгүй байгаа нь таалагдаж байгаа. Зарим нэг хичээл дээр оюутан ойлгоогүй зүйлээ багшаас асуух боломж бага, хязгаарлагдмал байгаа нь сул талтай. Гэхдээ онлайн сургалтыг анх удаа туршиж, хэрэгжүүлж байгаа гэхэд үр дүн сайн гэж Т.Намуун, ЗГМ сонин бодож байна. Ямар нэг ойлгоогүй зүйлээ багшаас асууж мэдэхийн зэрэгцээ өөрөө нэмэлт судалгаа хийх шаардлага тулгарч байгаа нь цаашдаа бидэнд хэрэгтэй” хэмээсэн юм. Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны III курсийн оюутан Б.Жаргалмаа “Ердийн үеийнхээс маш их бие даалт, даалгавар хийж байгаа. Анх цахим сургалт төвөгтэй санагдаж байсан ч арга барилаа олох юм бол хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй санагдсан. Төлбөрөө буцааж авах хэмжээний асуудал үүссэн гэж бодохгүй байна” гэж ярилаа. 

Багш нарын ачаалал ердийн үеийнхээс хэд дахин нэмэгджээ

Манай улсад эмч, багш зэрэг хамгийн чухал хэрэгцээтэй мэргэжлүүд дэлхийн дунджаас хэд дахин бага цалин авдаг нь нууц биш. Нэг жишээ дурдахад, зөвхөн МУИС-д долоо хоногт 700 орчим багш 4800 гаруй цахим хичээл бэлтгэж байна. Багш нар гэрээсээ ажиллах нэрийн дор оюутан нэг бүрийн санал хүсэлт, асуултад хариулах, даалгавар шалгах, цахим системд зориулж хичээлийн хөтөлбөр бэлтгэх гээд нөр их ажилд дарагдаж буй. Тухайлбал, “МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн багш Б.Угтахжаргал “Сургалтын үйл ажиллагаа цахимд шилжихээр болж, бид хэдхэн өдрийн дотор онлайн контент үйлдвэрлэгч болсон. Танхимын сургалтаар суралцаж ирсэн оюутнуудын хувьд ч гэсэн дасан зохицохтой холбоотой стресс байсан гэж бодож байна. Бидний аль аль тал энэ нөхцөл байдалд бэлэн байгаагүй. Энгийн нэг цаг 30 минутын хичээлд лекцийн материалаа цахим хичээлд зориулан шинэчлэх, видео хэлбэрт оруулах, аль нэг платформд байршуулах, хичээлд тохирсон даалгавар боловсруулах, оюутан бүрийн даалгаврыг шалгах, хариу өгөх, ирц бүртгэх, дүгнэх гэх зэргээр 1-2 өдрийг зарцуулж байна. Хичээлийн материалаа хуучин байдлаар нь оюутнуудад өгвөл бидэнд хялбар ч эргээд оюутны сэтгэл ханамж, хүлээлтэд нийцэхгүй цаашлаад сургалтын үйл ажиллагааны чанар, агуулга, сургалтын төлбөр, сургуулийн нэр хүнд, үйл ажиллагаатай шууд холбогдох тул хичээхээс өөр замгүй. Нөгөө талд онлайн сургалтын үед даалгавраа багаар гүйцэтгэх боломжгүй учраас нэг оюутанд ирэх даалгаврын давтамж нэмэгдэх, амьд харилцаа байхгүй байх, эргэх холбоо сулрах, дүнгээ тухай бүрд нь мэдэх боломжгүй байх, цахим системээ бүрэн ашиглаж чадахгүй байх, дата болон компьютер ашиглах нөхцөл бага байх зэрэг нь оюутнуудад бэрхшээлтэй байсан болов уу. Сургалтын үйл ажиллагаа нэг талаас багш, нөгөө талаас оюутны оролцоог шаарддаг. Тиймээс оюутнууд маань үүссэн нөхцөл байдлыг бодитоор ойлгож, хичээлдээ бүрэн, идэвхтэй хамрагдаарай гэж хэлмээр байна. Багш болон сургуулийн зүгээс асуудлыг шийдвэрлэхийн тулд Gmobile, Skytel -ийн дугаараар сургуулийн сиси системд үнэгүй нэвтрэх, оюутны байрны төлбөр, хичээл цуцлалт, даалгаврын хугацаанд уян хатан хандах зэргээр ажиллаж байна” гэж ярилаа. 

Монголын оюутнууд халамж хүсэхдээ хамгийн сайн

Ер нь төрөөс халамж, тэтгэмж, тусламж хамгийн их шаарддаг нэг бүлэг нь оюутнууд гэдгийг энэ жишээнээс харж болно. “Оюутнуудад 70 мянган төгрөг олго, төлбөр бууруул, дата үнэгүй болго, автобусанд үнэгүй явуул” гэж тэд л гоншигноно. Тэр байтугай сонгууль, нийтийг хамарсан жагсаал цуглаанд хэдэн төгрөгөөр өөрийгөө “худалдах” нь ч бий. Дээр нь тэд дэлхийд хамгийн хямд үнээр боловсрол эзэмшиж байна. Лекцийн үеэр унтах, хоцрох, таслах, багшийн өгсөн бие даалтыг цагийг нь тулган хийх, хариуцлагагүй байдлынхаа төлөө ямар нэгэн шалтгаар дүн гуйх нь монгол оюутнуудын нийтлэг үзэгдэл. Жилдээ ердөө 2-5 сая төгрөгийн төлбөр төлж, дээд боловсрол эзэмшиж байгаа тэднийг гадаадад боловсрол эзэмшиж буй үе тэнгийнх нь залуустай харьцуулахын ч аргагүй. Хичээл сургуулийн байранд болон онлайнаар явагдах аль ч тохиолдолд багш нар хөтөлбөрийн дагуу хичээлээ зааж, сургуулийн захиргаа ажиллаж, сургууль урсгал зардлууд төлөх нь ойлгомжтойгоос хойш оюутнууд төлсөн төлбөрөө буцааж нэхэх эрхгүй. Харин ч их, дээд сургуулиуд төлбөрөө нэмж, босгоо өндөр болгох замаар цензур тогтоож, багш нарын цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээд боловсрол бол бүх нийтийн заавал эзэмших ёстой боловсрол биш. Эдийн засаг элгээрээ хэвтэх аюул нүүрлэж, аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажилчдаа цомхотгоод буй энэ хэцүү үед оюутнуудын төлбөрийг буцаан олговол хэдэн мянган багш нарын цалин хөлс, ажлын байрны асуудал хурцаар хөндөгдөх нь гарцаагүй. Манай улсын хувьд онлайн сургалтын систем хүчээр нэвтэрсэн энэ явдал цаашид цахим сургалтыг хөгжүүлэх, улам чанаржуулах боломж болох нь дамжиггүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуримтлалын туршлагаа хуваалцъя

 0 сэтгэгдэл
  • 2018 оны байдлаар манай улсын нийт өрхийн 23.7 хувь нь хадгаламжтай байна

Хуримтлал үүсгэх нь санхүүгийн эрх чөлөөнд хөтөлж, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх, зорилгодоо хүрэхэд туслах хэрэглүүр болдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч 2018 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 23.7 хувь нь хадгаламжтай байна. Харин 52 хувь нь ямар нэг зээлтэй аж. Энэ удаагийн “Баяжих ухаан” буландаа хуримтлал үүсгэж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа хүмүүсийн туршлага, сургамж, бэрхшээлийн тухай хуваалцаж байна.

Н.Нарангэрэл: Тогтмол орлоготой дансаа карттай холбохгүй байх нь зүйтэй

Мэргэжил: Төрийн захиргааны менежмент

Хуримтлуулж буй хугацаа: 10 жил 

Хадгалж буй орлогын хэмжээ: Орлогын 90 хувь

Би одоо 29 настай. Хуримтлал үүсгээд 10 жил болж байна. Үүнээс сүүлийн зургаан жилд нь орлогоо тасралтгүй хуримтлуулсан. Гэнэтийн шаардлагатай үед хэн ч танд туслахгүй тул бусдад найдахын оронд өөртөө найдаж, аливаа эрсдэлийг даван туулах хэрэгтэйг ойлгосон тул хуримтлалтай болохоор шийдсэн. Оюутан байхдаа хөтөч хийж олсон 20 ам.долларын цалин миний анхны хуримтлал болж байлаа. Тэр хуримтлалаа өсгөхийг хичээдэг байсан ч оюутан хүн тэр бүр мөнгө хийгээд байж чадахгүй. Ингээд гуравдугаар дамжаанаасаа цагийн ажил хийх болж, цалингаасаа бага багаар хуримтлуулсан. Энэ мэтээр хуримтлалаа өсгөх бүртээ өөртөө урамшиж байлаа. Гэр бүлтэй болсноос хойш арай өөрөөр хадгалж эхэлсэн. Хуримтлалдаа аль болох өндөр дүнтэй мөнгө хийх нь зүйтэй. Энэ нь зарлагаа хянаж, багасгахад тусалдаг. Мөн хугацаатай, хугацаагүй гэх мэт хэд хэдэн данстай байвал зүгээр. Яаралтай үед хугацаагүй хадгаламжаасаа хэрэглээд нөхөж хийдэг бол хугацаатай хадгаламжиндаа гар хүрэх ямар ч боломжгүй. Надад гурван банкны долоон данс бий. Түүнчлэн бэлэн мөнгө хэрэглэхээс татгалздаг бөгөөд тогтмол орлоготой дансаа карттай холбоогүй учир хэмнэхэд дөхөм байдаг.

А.Номин-Эрдэнэ: Хэдий чинээ хадгална төдий чинээ тэвчээр суудаг

Мэргэжил: Оюутан

Хуримтлуулж буй хугацаа: 3 жил 

Хадгалж буй орлогын хэмжээ: Орлогын 90 хувь

Би 16 нас хүрээд эцэг, эхээсээ тусдаа амьдрахаар шийдсэн. Мэдээж тэднээс тодорхой хэмжээний тусламж авдаг. Бие дааж амьдарч байгаа учраас амьжиргааны зардлаа хүрэлцэхээр хэмжээнд хэмнэж, хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулахыг хүсэх болсон. Өмнө нь мөнгөө амттан, хоол хүнсэнд л үрчихдэг байсан. Хуримтлал үүсгэж байх үед дуртай зүйлээ идмээр санагдана, найзуудтайгаа гадуур гарахыг хүснэ. Тухайн үед 18 нас хүрээгүй учраас мөнгөө дугтуйнд хадгалж эхэлсэн. Хэрэглээний зардлуудаа ангилаад зургаан төрлийн дугтуй хийж, мөнгөө цуглуулах болсон. Удалгүй банкинд хоёр хадгаламжтай болж, харилцах данстай болсноор 100 хувь бие дааж амьдарч эхэлсэн. Энэ үеэс ажил хийж цалингаа хуримтуулдаг байлаа. Би Герман айлд хүүхэд харах, орчуулга хийх, бие даалт хийх зэргээр орлоготой болж, цалингаа хуримтлуулж байсан. Ажил хийж, бие дааж амьдарч эхэлсэн маань өөрийгөө өөрчлөх, мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусалж, мөнгөө хадгалах шалтгаан улам бүр нэмэгдсээр байгаа. Би зургаан төрлийн хадгаламжийн данстай. Гэрийн дансанд байрны төлбөр, ахуйн хэрэглээний зүйлс авах мөнгөө хуримтлуулдаг. Мөн аяллын данс, боловсролдоо зарцуулах данс гэж бий. Онлайн шоп ажиллуулж олсон бүх орлогоо бизнесийн дансандаа хийдэг. Харин найзуудтайгаа гадуур гарах, хоолонд орох үедээ зугаа цэнгэлийн дансаа ашигладаг. Сүүлийн үед үнэт цаасны арилжаа сонирхох болж, арилжааны данс нээсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төсөв тэлсэн учраас мөнгөний бодлогын орон зай бага байна

 0 сэтгэгдэл
  • Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна

Зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай төсөв, мөнгөний бодлого, COVID-19 цар тахлын үед эдийн засгаа дэмжих арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төв банк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 болгосон. Хэдий тийм боловч зарим хүмүүс бодлогын хүүг гурван хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу? 

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдөлсөн бол илүү оновчтой байсан. Харин төв банк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг мөн буурууллаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан. Харин Мөнгөний бодлогын хороо нэг хувиас илүү буулгах орон зай байгаагүй гэж үзсэн байх. Монголд төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас их бага. Нэгдүгээрт, төсвөө айхтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байж эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй, ядуу, эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгаа. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол олон гажуудал үүсэх магадлалтай гэж үздэг. 

-Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Заавал байлгах нөөц гэдэг мөнгө бэлэн, бэлэн бусаас хамаарахгүй. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй. Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш. 

-Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ? 

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ бараг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж байгаа учраас огт өөр. Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт. Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж байгаа мөнгө угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд мөнгө угаалтын эсрэг хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувиас давсан байвал гэж ч зааж өгч болно л доо. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой. Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах магадлалтай. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй. Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээ орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого ийм үед оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү? 

-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой юм. Хамгийн гол анхаарах, байгаа онох, анхаарах ёстой хэсэг нь энэ. Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшнийг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой. Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Энэ бол Сангийн яамны үүрэг. Энэ ажлаа л хий. Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. ЖДҮХС шиг гурван хувийн хүүтэй зээлийг олгох нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Бат-Өлзий: 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын арын тоо

 0 сэтгэгдэл

“Фантастик” продакшны дэлгэцийн олон ангит бүтээл “37-р точка” олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл уг киноны талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “Энэ киноны нэр их муу ёрын. 37 дугаар точка байхдаа яах вэ дээ. 37 он руу заагаад, заналхийлээд байгаа аятай” гэж хэлсэн юм. Харин үүнд киноны ерөнхий найруулагч Б.Тамирын аав гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр “Парламент сувгаар ярилцлага үзлээ. Миний найз болон миний үеийн нэртэй улстөрч хүмүүс ярьж байна. Тэд хувьсгалын гэж, сэхээтнүүд хувьсгал хийдэг тухай ярьж байснаа урлагийн тухай тэр тусмаа уран сайхны кино яриад эхлэлээ. Бүр “37-р точка”-г өөрсөд дээрээ нааж байна. Энэ кино та нарын тухай биш. Тэр тусмаа хувьсгалчдын тухай биш, захиалгаар ч хийсэн юм биш. Бат-Үүлээ 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын сүүлийн тоонууд юм. Чиний хүчээр холбох гээд байгаа он цаг нь 1930-1938 он юм шүү дээ. 37 гэдэг муу ёрынх биш зүгээр л 38-ын өмнө байдаг тоо. Түүхэн баримтат кинонд харин чи мөнхөрч үлдсэн шүү дээ. Энэ “37-р точка” бол найз нөхөрлөлийн, тэр дундаа эрчүүдийн яс чанарыг өгүүлсэн кино. Та нар тэр балиар улс төрийн заваан нүнжиггүй амьдрал руугаа битгий чих, битгий сандар. Та нарын зүс төрхтэй ч дөхөж очсон царай байхгүй. Социализмын үед улс төрийн товчооны үзэл суртлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ “Хүний мөр” киноны хоёрдугаар ангийг үзээд нэг иймэрхүү зүйл ярьж байсан гэдэг” хэмээн хатуухан бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Майкл Жексоны бээлий $104 мянгаар зарагджээ

 0 сэтгэгдэл

Америкийн поп од асан Майкл Жексоны бүжиглэхдээ өмсдөг, болор шигтгээтэй бээлий Техасын дуудлага худалдаан дээр 104 мянган ам.доллараар зарагдав. Сэтгүүлчдийн мэдээлснээр алдарт дуучин 1987 оны есдүгээр сараас 1989 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн Bad аялан тоглолтынхоо үеэр энэ бээлийг өмсөж байсан аж. Улмаар уг бээлий Жексоны тайзан дээрх брэнд хувцаслалтын салшгүй хэсэг болсон. Бээлийтэй хамт 1998 онд НҮБ-­ын Хүүхдийн санд хүлээлгэн өгсөн захидал, дуучны өөрийн байгуулсан MJJ Productions компанийн нэрийн дугтуй зарагдсан байна. Худалдан авагчийн нэрийг зарлаагүй гэж Sun сонинд бичжээ. 2019 оны 11 дүгээр сард Майкл Жексон алдарт “сарны алхаа”-­гаа хийхдээ өмсөж байсан оймсыг дуудлага худалдаанд гаргаж, сая гаруй ам.долларын үнэ хүрсэн тухай яригдаж байв. Америкийн дуучин энэ эрхэм албан бусаар “попын хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн агаад түүний бичлэгийн зарагдсан тоо тэрбумд хүрсэн гэж тооцдог. Одоо ч үзэгчдийн шүтээн хэвээр байгаа Майкл Жексон 2009 онд 50 насандаа таалал төгссөн билээ.