A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/465/

Орон сууцны хүртээмж сүүлийн зургаан жилд тав дахин өсчээ

Өрхийн зардлын ачаалал хоёр дахин буурав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/465/

Дэлхийн 103 орны ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн дундаж хэмжээ 2015 онд 25.1 хувь байсан бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2017 оны эцсийн байдлаар 15.7 хувь байлаа. ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн хэмжээ дэлхийн дунджаас ийнхүү бага байгаа нь цаашид орон сууцны зээлийн хэмжээ тэлэх боломжтойг илтгэнэ. Улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын дунд 25-29 насныхан хамгийн их хувийг эзэлж байгаагаас гадна 216 мянган өрх гэр хороололд төвхнөөд байгаа. Энэ нь ирэх жилүүдэд орон сууцны зээлийн эрэлт өсөхөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Учир нь, одоогийн зээлтэй байгаа иргэдийг насны бүтцээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн их хувийг эзэлж байгаа юм. Ипотекийн зээлийн үлдэгдэл 2012 онтой харьцуулахад сүүлийн зургаан жилийн хугацаанд тав дахин өссөн. Монголбанкны гаргасан мэдээллээр, ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын байдлаар 4.3 их наяд төгрөг болж, зээлдэгчийн тоо 93 мянгыг давжээ. Ипотекийн санхүүжилтэд энэ он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар нийт 48.1 тэрбум төгрөг банкуудад хуваарилж, үүнд 706 иргэн шинээр хамрагдсан байна. Шаардлагатай санхүүжилтийн дийлэнх хэсгийг Засгийн газраас олгожээ. Зээлийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгааг Төвбанкнаас өмнө нь мэдээлсэн юм. Орон сууцны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013-2017 онд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн. Уг хөтөлбөрийн эхний жилүүдэд орон сууцны үнэ өсөж, орон сууцны үнийн индекс 2014 онд 1.26 хувьд хүрч байсан удаатай.

Тэгвэл 2016 оны хагас жилээс хойш 0.98-1.02 хувийн түвшинд тогтворжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөс хагарч байна. Хөтөлбөр эхэлсэн жил буюу 2013 онд хамгийн их орон сууцны борлуулалт хийгдсэн. Үүний 63 хувийг шинээр ипотекийн зээлээр борлуулжээ. Харин ипотекийн санхүүжилт агших болсноор орон сууцны борлуулалт саарсан билээ. Тухайлбал, 2013-2016 онд борлуулсан орон сууц 60-аас дээш хувьтай байсан бол энэ нь 2017 онд 44 хувь болж буурчээ. Банкны салбарын нийт зээлийн хэмжээ 14 их наяд төгрөг байгаагаас 30.4 хувийг ипотекийн зээл эзэллээ. Үүнийг задалж харвал, банкны салбарын нийт ипотекийн зээлийн 77.4 хувийг дээр дурдсан хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл бүрдүүлж байна. Засгийн газраас орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлсэн. Энэ хүрээнд ипотекийн санхүүжилтэд төсвөөс 120 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Харин Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг энэ онд ипотект зарцуулах юм. Ипотекийн хоёрдогч зах зээлийн байгууллагад орон сууцны зээлийг шилжүүлснээр банкны системд орон сууцны зээлийн хэт их ачаалал үүсэх, түүнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан гэж эдийн засагчид үздэг. Хэрэв банкуудын баланс дээр найман хувийн хөтөлбөрийн нийт ипотекийн зээл үлдсэн бол ойролцоогоор 130 гаруй тэрбум төгрөгийн ачаалал банкуудын өөрийн хөрөнгө дээр нэмэгдэх байжээ. Орон сууцны санхүүжилтийн корпораци найман хувийн хөтөлбөрт оролцсоноор санхүүгийн салбарт тулгарах байсан олон эрсдэлийг хааж буй. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын төлбөрийг орон сууцны зээлийн санхүүжилтэд эргүүлэн зарцуулж байгаа. Энэ нь санхүүжилтийн тогтолцоог үргэлжлүүлэх боломжийг бий болгосон гэж холбогдох албаныхан үздэг. Тухайлбал, 2013-2017 онд МИК-ийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөс нийт 800 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр болгон зах зээлд нийлүүлсэн байна. Зээлийн дундаж хэмжээ нь 40- 60 сая төгрөг бөгөөд 13 мянга гаруй иргэнд шинээр байр авах санхүүжилтийг шийдэж өгчээ. Тэгвэл 2018-2020 онд зээлийн эргэн төлөлтөөс жилд дунджаар 300 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг зээлийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр болгож, зах зээл нийлүүлэх боломжтой аж. Ингэснээр ойролцоогоор 5000 гаруй зээлдэгчийн санхүүжилтийг жил бүр бий болгохоор байна. 2013 оноос Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлсэн орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөрт 80 орчим мянган зээлдэгч хамрагдаж орон сууцтай болсон юм. 2013 оноос өмнө сарын дөрвөн сая төгрөгийн орлоготой иргэдэд хүртээмжтэй байсан орон сууцны зээлийг сарын дундаж нэг сая төгрөгийн орлоготой өрхөд олгогдож болох нөхцөлийг дээрх хөтөлбөр бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн хүртээмж тав дахин нэмэгдсэн байна.
Жилд 5000 гаруй зээлдэгчийн санхүүжилтийг хийж чадахаар байна


СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өрхийн хэрэглээний бүтцийг өөрчилж, хуримтлал болон үл хөдлөх хөрөнгийн өмчтэй болгоход “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хамгийн том дэмжлэг болсон” хэмээн тодотгосон юм. Ипотекийн зээл авсан өрхийн 56 хувь нь сард 600 мянган төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж байна. Энэ нь өндөр хүүтэй зээлтэй байсан 2013 оны өмнөх үеэс 50 хувиар өрхийн зардлын ачаалал буурсан үзүүлэлт болж байна. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр “Орон сууцны хөтөлбөр идэвхтэй ажил эрхлэлтийг дэмжсэн” хэмээн онцолж байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр, ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн иргэд 34.6 мянга болсон байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 29 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд, 60 гаруй мянган орон сууцны төсөл хэрэгжиж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Uber хувьцаагаа гаргахын өмнө алдагдлаа танажээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тоон үзүүлэлтээр тортогт амьдралыг өнгөлж чадах уу

 0 сэтгэгдэл


Статистикийн байгууллага тоогоор тархи угааж, иргэдээр даажигнах нь хэрээс хэтэрлээ. Одоо бүр ил цагаандаа гарч, итгэхэд бэрх үзүүлэлт танилцуулж, иргэдийг мэл гайхаж, цэл хөхрөхөд хүргээд байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд иргэдийн эгдүүг хүргэж, элгийг хөшөөх дөхөв. Нийгмийн сүлжээгээр дүүрэн статистикийн албаны тооцоолох аргад алмайрч, гайхсан иргэд. Төрийн ордны өмнө, 400 мянган төгрөг хүрэхгүй цалинтай зарим албан хаагч суулт зарлаж, хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхээр арга аашаа барж суухад статистикийн алба монгол хүний дундаж цалин сая төгрөг давлаа хэмээн бахдалтай нь аргагүй мэдэгдэж байна. Алд, дэлмийн зөрүүтэй тоо, бодит байдалд итгэж ядсан иргэд “Статистикийн байгууллагыг татан буулгаад, хэмнэсэн мөнгөөр нь цалин нэмье” хэмээн эгдүүцлээ илэрхийлэх жишээтэй. Энэ алба тоогоор тоглож, иргэдийн толгойг эргүүлээд удсан. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртохын хэрээр ийм тоглолт улам илэрхий болдог. Бөөн, бөөн гоё тоогоор бөмбөгдөж, улс орон мандан бадарч буйг тунхаглана. Хэдхэн сарын өмнө хэзээ мөдгүй агшиж байсан эдийн засгийг хэд бол хэдэн хувиар ч өсгөчихнө. Иргэдийн хэтэвч нимгэрч, олон хүн өрөөс өрийн хооронд амьдралаа залгуулж байхад монголчуудын цалин, орлогыг суга татан өсгөж, мэдээлнэ Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан энэ оны эхний улирлын үзүүлэлтийг харцгаая. Монгол Улсын нэг ажилчны сарын дундаж цалин нэг сая 38 мянган төгрөгт хүрснийг тус байгууллагаас мэдээлэв.

• Алд, дэлэмийн зөрүүтэй тоо, бодит байдалд итгэж ядсан иргэд “Статистикийн байгууллагыг татан буулгаад, хэмнэсэн мөнгөөр нь цалин нэмье” хэмээн эгдүүцлээ илэрхийлэх жишээтэй.
• 2020 оны сонгуулийн ойртохын хэрээр статистикийн мэдээлэл яаж галзуурахыг таашгүй. Магадгүй инээд хүргэж, элэг хөшөөх тоон үзүүлэлтүүд ирэх саруудад таныг уйдаахгүй л болов уу.
• Сүүлийн үед манай сайд, дарга нар баахан хуурай тоо тоочихоос өөр юм ярихаа больсон.

Гэтэл иргэдийн цалин хөлсийг задлаад харвал нийт ажиллагсдын бараг 70 хувь нь 1.1 сая төгрөг хүрэхгүй цалинтай байна. Ийм байхад дундаж цалин сая төгрөг давлаа гээд зарлачихаар хэр бодитой дүн болж таарах вэ. Магадгүй албаныхан үнэн зөв тооцсон байж болох ч энэ бадрангуй тоо монгол хүний дундаж цалингийн хэмжээг бодитой бөгөөд бүрэн илэрхийлж чадах уу. Цаашлаад энэ тоонд тулгуурлан, бодитой дүгнэлт гаргаж, бодлого боловсруулж болох уу. Дахин нэг жишээ. Монгол өрхийн орлого 2017 оны эцсээс энэ оны эхний улирал хүртэл 100 мянган төгрөгөөр өсөж, 1.132 сая төгрөгт хүрснийг статистикийн хорооноос мэдээлсэн.

Гэтэл бас л монгол өрхүүдийн орлогыг задлаад харвал 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх нийт айл өрхийн 70 хувийг эзэлж байна. Нийт өрхийн 30 хувь нь 1.1 сая төгрөгөөс дээштэй орлоготой байтал монгол өрхийн дундаж орлогыг ийм өндрөөс тооцож байгаа нь хэр бодитой вэ. Статистик алдаа мадаггүй, зөв, зүйтэй тооцоолсон байж болно. Үүнийг үгүйсгээгүй. Гагцхүү тоо дүн нь бодит байдлыг бүрэн илэрхийлж, төрийн бодлого боловсруулахад бодитой луужин болж чадах уу гэсэн айдас төрүүлээд байна. Энэ байдлаараа бол 2020 оны сонгуулийн чимээ ойртохын хэрээр статистикийн мэдээлэл яаж галзуурахыг таашгүй. Магадгүй инээд хүргэж, элэг хөшөөх тоон үзүүлэлтүүд ирэх саруудад таныг уйдаахгүй л болов уу. Ер нь статистикаас барьж буй сюрприз цалин, орлогоор дуусахгүй. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан ДНБ-ий өсөлтийн дүнг албаныхан өлгөж аваад, энэ хэдэн өдөр эдийн засгийн өсөлт эрчимжлээ хэмээн бахдам мэдэгдэл баахан хийлээ.

Гэтэл эдийн засгийн өсөлтийн хөрсөнд буусан хэлбэр болох ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хэдэн сар өсчихөөд байна. Өсөх өсөхдөө бүр өнгөрсөн оны эцсээс хойших гуравхан сарын хугацаанд бүхэл бүтэн хоёр пунктээр өсөж, 10 хувь шүргэлээ. Ядуурал ч ялгаагүй, өндөр хэвээр. Хүн амын гуравны нэг нь ядуугийн улаан шугамаас доогуур. Эдийн засгийн толь болсон гол үзүүлэлтүүд ийм байтал Монгол Улс дэвжин, дээшилж байна гэхэд итгэхэд бэрх. Үнэнийг хэлэхэд, улс орны өнөөгийн нөхцөл байдлыг үнэн, бодитоор тооцон, харуулах учиртай энэ байгууллага улс төрийн нам, эрх баригчдын хүссэн хариулт гаргаж, тэдэнд зориулсан аргачлал зохиодог алба болчихоод байна.

Монгол Улс статистикийн байгууллагаа үнэн бодит үр дүнтэй нь хамт ялалт байгуулсан нам бүрийн эрх баригчдад алдчихдаг ужиг зуршилтай болсон. Улс төрчид энэ байгууллагыг утсан хүүхэлдэй шиг ашиглаж, хэлэхийг хүссэн тоог нь гаргадаг тооны машин болгочихоод байна. Хамгийн харамсалтай нь, уналтыг өсөлт ч болгож мэдэх шидэт “томъёо”-гоор тооцсон үр дүнг нь манай эрх баригчид өлгөж аваад, сайрхахыг яана. Та анзаарч байна уу. Сүүлийн үед манай сайд, дарга нар баахан хуурай тоо тоочихоос өөр юм ярихаа больсныг. Бодитоор харагдах ганц боловсруулах үйлдвэр, нүдэнд харагдах нэг бүтээн байгуулалтын талаар ярихгүй атлаа эдийн засгийг хэдэн хувиар өсгөлөө, экспорт, импортыг ингэж нэмэгдүүллээ хэмээн статистик тоогоор хачирлаж, баахан бархирна. Ерөөсөө статистикийн байгууллага дарга нарын сурталчилгааны хачир бэлтгэдэг алба болчихсон. Монголын томоохон статистикчдын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Статистикч хүмүүс үргэлж халуун тогоон дээр суудаг. Эдийн засаг болохоо болиод ирвэл хонхыг нь цохиж байх хэрэгтэй. Эдийн засгийн тэнцвэр гажуудлаа шүү гээд томхон хонхыг чанга цохь” хэмээн хэлсэн нь учиртай. Гэтэл хөгжлийн сэрүүлэг болох учиртай энэ алба өнөөдөр хонх цохих нь бүү хэл харин ч улс төрчидтэй хамтран тархи угааж, ард түмнийг төөрөгдүүлэхээр зорьж явна. Уг нь аль ч улсын хувьд хөгжлийн тулах цэг нь статистик мэдээлэл байдаг. Түүнд тулгуурлаж, улсынхаа хөгжлийг хэмжиж, хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлдог. Тиймээс НҮБ- аас Тогтвортой хөгжлийн 167 зорилтын нэгийг Статистикийн салбарын чадавхийг сайжруулах хэмээн тодорхойлжээ.

Гэтэл манайд энэ зорилт алдагдаад байна. Тэгээд л улсын хөгжлийн луужин болох учиртай тооцоо судалгаа, статистик мэдээлэл нь захиалгатай, үнэнээс зөрүүтэй болчихоор төр, нийгмийн бодлого яаж ч мэргэн, оновчтой болох билээ. Бодлогын луужин буруу заачихаар бодлого, төлөвлөлт ч ташаа болж, улс орны хөгжил төөрч будлихаас өөр аргагүй. Өдий хүртэл Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийнхөө замд оролгүй, тойрч, будилан, унаж, туссаар буйн нэг шалтгаан ч нөхцөл байдлаа зөв хэмжиж, үнэлж чадаагүй явсаар ирсэнтэй холбоотой биз. Тиймээс улсын хөгжлийн жанжин шугам болох учиртай энэ байгууллагыг улс төрийн томилгоо, эрх баригчдын хөндлөнгийн нөлөөнөөс ангижруулахгүй бол Монголын хөгжил дэвшлийн талаар яриад ч нэмэргүй болохоор байна. Хэдий ноомой ч Монголын ард түмэн тэнэг биш. Бодит амьдралаас дэндүү хол хуурай тоогоор тархи угаана гэвэл санасны гарз. Тоогоор тоглолт хийж болно оо. Гэхдээ жаахан үнэмшилтэй тоглохгүй бол элэг доог болоод дуусч байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын татварын хөнгөлөлт Германы үйлдвэрлэгчдэд илүү ашигтай

 0 сэтгэгдэл

БНХАУ автомашины импортын татвараа багасгасан нь Ford, General Motors зэрэг АНУ-ын үйлдвэрлэгчдэд тус болох зорилготой арга хэмжээ. Гэтэл гол хожигч нь Германы компаниуд болох гэж байна. Өнгөрсөн онд БНХАУ- д импортолсон автомашины 33 хувь нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн байжээ. Импортын хэмжээгээр ХБНГУ 22 хувьтай, АНУ-ын урд буюу тэргүүн байранд орж байгааг JATO Dynamics-ийн статистик баталлаа. Харин Японд үйлдвэрлэсэн автомашин нийт импортын 20 хувийг эзэлж, гуравдугаар байранд оржээ. Харин Хятадын импортын автомашины есөн хувь нь Jaguar Land Rover, Aston Martin-ы эх орон Их Британид оногдож байна. Тэр ч байтугай АНУ-ын үйлдвэрүүдэд угсарч Хятадад нийлүүлсэн автомашины бага бус хэсэг нь герман бренд. BMW болон Mercedes-Benz- ийн аль аль нь дээд зэрэглэлийн SUV машиныг АНУ-ын үйлдвэрүүддээ угсарч экспортод гаргадаг. Судалгааны IHS группийн тооцоогоор энэ онд АНУ-аас БНХАУ руу BMW 89 мянга, Mercedes- Benz 65 мянган автомашин гаргана.

Гэтэл АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани Хятадад 14 мянган загвар нийлүүлэх юм. “Хятадад бүтээгдэхүүн нийлүүлдэг Германы дээд зэрэглэлийн машин үйлдвэрлэгч гэх мэт голлох хэдэн импортлогч тарифын хөнгөлөлтийн ачаар маргаангүй ялагч боллоо” хэмээн судалгааны Bernstein компанийн шинжээч Робин Жу тайлбарлав. БНХАУ импортын автомашинд 25 хувийн “залхаан цээрлүүлэгч шинжтэй” татвар оноож ирсэн нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, олон улсын том компаниуд хятад үйлдвэрлэгчтэй хамтарсан үйлдвэр байгуулах түлхэц болжээ. Энэ долдугаар сараас импортын автомашины татвар 15, одоо буй 10 хувьтай импортын сэлбэг хэрэгслийн татвар зургаа болж багасна гэдгийг БНХАУ- ын Сангийн яам даваа гарагт мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь Бээжин, Вашингтоны хооронд худалдааны дайн дэгдэхээс сэргийлэхэд чиглэсэн шинэ арга хэмжээ болж байна. Мэдэгдэл гарсан өдөр BMW компанийн хувьцааны үнэ 2.6, Mercedes-Benz-ийг эзэмшигч Daimler-ын хувьцааны үнэ 1.5 хувиар өсөв.

Jaguar Land Rover- ыг эзэмшигч Tata Motors-ын хувьцаа ч дөрвөн хувиар үнэд орлоо. Хятадын автомашины зах зээл цэцэглэж, олширсоор байгаа дундаж давхаргийнхан гаднын чамин унаа сонирхох болсон нь дээд зэрэглэлийн люкс ангиллын брэндүүдэд орлого олох эх сурвалж болж өгөв. Татварын хөнгөлөлт Toyota- гийн мэдлийн Lexus, Volkswagen-ы Porsche, Tata Motors-ын Jaguar Land Rover брэндэд хамгийн ашигтай хэмээн Bernstein үзэж байна. BMW, Mercedes, Audi-гаас ялгаатай нь Porsche, Lexus хоёр Хятадад машинаа үйлдвэрлэдэггүй юм. Харин Jaguar Land Rover зарим загвараа Chevy-тэй хамтарч Хятадад үйлдвэрлэдэг боловч ихэнхийг нь Их Британи дахь үйлдвэрээсээ импортоор оруулдаг. Словакт угсардаг Cayenne SUV-аас бусад Porsche-гийн бүх загварыг ХБНГУ-д үйлдвэрлэж, Хятадад нийлүүлдэг. JATO Dynamics-ын статистикийг үзвэл Porsche 2017 онд Хятадад экспортолсон загваруудынхаа 2.8 хувийг Словакт угсарчээ. Татвар хөнгөллөө ч импортын машины үнэ Хятадад угсарсан ижил загвараас 30 орчим хувиар үнэтэй байна гэдгийг эксперт Майкл Данн анхааруулж байна. БНХАУ- ын автомашины үйлдвэрлэлийн салбараар мэргэшсэн ноён Данн татварын хөнгөлөлт тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгчдэд л тустай арга хэмжээ болсныг тайлбарлав. “Porsche, Tesla, Bentley-д л илүү сайхан байх болно. Chevy, Nissan, Volkswagen зэрэг масс зах зээлийн загвар үйлдвэрлэгчдийн импортын бүтээгдэхүүн Хятадад угсарсан ижил загвартайгаа өрсөлдөж чадахгүй” хэмээн тэрбээр бичжээ. Үүний зэрэгцээ Хятадад үйлдвэртэй бараг бүх дэлхийн авто үйлдвэрлэгч тус улсад оруулсан хөрөнгө оруулалтаа бусниулах хүсэлгүй байгаа юм. “Долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх шинэ тариф импортын машины жижиглэнгийн үнийг найман хувиас илүү бууруулж чадахгүй” хэмээн ноён Жу үзэж байна. Импортын загварын татвар буурмагц дотоодын үйлдвэрлэгч нар ч үнийн зохицуулалт хийх болно гэдгийг тэрбээр нэмж анхааруулав.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүртдэг нь олон, төлдөг нь цөөн татварын систем

Татварын систем чих нь зөөлөн, хэдхэн татварын төлөгчдийн нуруун дээр тогтож байна

 0 сэтгэгдэл


Төсвийг дуусч, дундаршгүй мэт төсөөлж, гарын салаагаараа урсгах тусам улсын санг тэтгэдэг татварын эх үүсвэр улам эмзэг болсоор байна. Үнэндээ, манай татварын орлого тоотой хэдхэн эх үүсвэрийн нуруун дээр тэгнэчихсэн. Нэг нь хөл алдахад л юу юугүй татварын орлого уруудаж, төсөв тасрах эрсдэлтэй нүүр тулчихаад буй. Гэтэл ийм ядарсан тогтолцоотой атал манай бодлого тодорхойлогчид жилийн жилд төсвийн зардлаа тэлнэ. Сүүлийн арван жилд Монгол Улсын төсвийн зарлага ойролцоогоор дөрөв дахин тэлж, 2.4 их наяд төгрөгөөс ес хүртэл өсчээ. Даахгүй нохой булуу хураана гэгчээр манай бодлого тодорхойлогчид олохоос илүү зарцуулалтаа өсгөсөөр ирсэн нь энэ. Төсвийн орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлого цөөн эх үүсвэр дээр тогтож байна. Үүнд хувийн хэвшил, ялангуяа, тоотой хэдхэн аж ахуйн нэгж төсвийн амь тариа болсоор. Татварын орлогоор тэргүүлдэг таван компани өнгөрсөн онд ойролцоогоор 1.5 их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 20 гаруй хувийг төлжээ. Тэгвэл ТОП- 100 компани татварын орлогын талаас илүүг хангасан.

Зөвхөн ААНОАТ-ын 85 хувийг гэхэд 398 аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Үлдсэн 15 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 110 мянган аж ахуйн нэгж төлдөг гээд бод. Уг нь Монгол Улс 1.2 сая татвар төлөгчтэй. Гэхдээ татварын орлогогүй багагүй хэсэг нь 400-хан компанийн нуруун дээр тогтож байна. Төсвийг 100 төгрөг гэж тооцвол 90 төгрөгийг нь татвараар бүрдүүлж, үүний 50 хувиас илүүтэйг нь ТОП 100 аж ахуйн нэгж төлж байна гэсэн үг. Дээрээс нь 1.2 сая татвар төлөгчийн 45 хувь нь малчин, дуучин, дамын наймаачин, худалдаачин тэргүүтэй албан бус салбарынхан. Тогтмол орлогогүй эдгээр иргэний татварын орлого нь ч тогтворгүй, найдваргүй. Бүр огт татвар төлдөггүй, энэ системээс ангид бүлэг ч Монголд үүсчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, манай татварын систем нийгмийн бүхий л давхаргыг хамарч чадахгүй, нэг хэсгийнх нь толгойг илт илж, заримыг нь дэндүү холгож, ачааны хүндийг үүрүүлчихээд байна. Товчхондоо, татварын систем чих нь зөөлөн, хэдхэн татварын төлөгчдийн нуруун дээр ялхаатлаа суучихаж. Дотоодын тэргүүлэх 100 аж ахуйн нэгжүүд гэхэд 2017 онд нийтдээ 3.2 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл өнгөрсөн онд өндөр настны тэтгэвэрт 1.57, эмч, сувилагч, багш, цагдаа зэрэг төрийн 180 мянган албан хаагчдын цалинд 1.7 их наяд төгрөг төлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүртдэг нь олон, төлдөг нь цөөн татварын систем манайд үйлчилж байгаа.

Уг нь татварын хувь хэмжээг өөрчлөх бус бааз суурь, хамрах хүрээг тэлэх нь чухлыг эдийн засагчид хэлдэг. Тэлэх орон зай ч байсаар байгааг сануулдаг. Гэвч малчин, бөх, дуучин, лам бөө, дамын наймаачин гээд татвараас ангид бүлэг өнөө хэр бугласан хэвээр. Наанадаж л бэлчээр, ус гээд байгалийн баялгийг үнэгүй ашигласны төлөө татвар ногдуулах боломжтой. Монгол нутагт бэлчиж буй 60 гаруй сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авахад 60-100 тэрбум төгрөг олохоор байгаа. Мөн газрын дээрх цэвэр усыг ашигладаг малчид, тариаланчдад ус ашигласны татвар ногдуулах ч боломж байсаар. Татварын бааз суурийг тэлснээр эерэг үр дүнд хүрсэн жишээ цөөнгүй. Тодруулбал, НӨАТ хууль хэрэгжиж, бүртгэлийн системд аж ахуйн нэгжүүдийг холбож эхэлснээр татварын орлого огцом өссөн. Өнгөрсөн онд гэхэд НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд орлого нь бараг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байсан юм. Энэ онд ч өссөөр байгаа. Сүүдрийн эдийн засгийг сөхөж, татварын бүртгэл, тогтолцоо сайжруулснаар татварын орлого нэмэгдээд зогсохгүй татварын систем олон тулгууртай болохоор байна. Харамсалтай нь татварын бааз суурийг бэхжүүлэхэд төр байнга хойрго хандсаар. Энэ долоо хоногийн эхээр болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй” хэмээн хэлсэн нь үүний баталгаа юм. Мөн өчигдөр буюу лхагва гарагт Сангийн сайд .Хүрэлбаатар Татварын багц хуулийн төслийг нэн даруй УИХ-д өргөн барьж буйгаа мэдэгдсэн. Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын хууль болон бусад дагалдах хуулийг хэзээ мөдгүй хэлэлцэхээр байгаа энэ үед татварын суурийг тэлж, татвар төлөгчдийг улам олон болгоход УИХ ч чиглэнэ гэж найдъя. Харин эвий минь, хөөрхий минь гэсээр хошуу дэвсэн, хойчийн сонгуулийн хожлоо урьтал болговол татварын тогтолцоо хэврэг хэвээр үлдэх эрсдэл бий. Шударгаар татвар төлдөг хэдхэн аж ахуйн нэгж, энгийн ажилчин, хөдөлмөрчдийн нурууг нь холгож, улайтал нь татварыг хайргүй авч ирсэн. Тэгвэл энэ гажуудлыг халж, татварын эрх тэгш тогтолцоог бүрдүүлэхэд оройтоогүй байна. Иргэн бүрт хамаатай татварын өнөөгийн орчныг УИХ хэрхэн эрүүл чийрэг болгохыг хаврын чуулганаас харах үлдлээ.