A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/915/

Оросын Novatek хоригийг сөрөх чадвараа харууллаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/915/

Дөрвөн жилийн хугацаанд юу өөрчлөгдөв. АНУ 2014 онд Novatek-ийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Энэ үед оросын байгалийн хийн компани арктикийн бүсэд хий шингэрүүлэх үйлдвэр барих 27 тэрбум ам.долларын өртөгтэй төслөө зарласан юм. Гэвч тухайн үед оролцох компани ховор байв. Харин одоо дэлхийн эрчим хүчний аваргууд Novatek-ийн дараагийн арктик дахь төсөлд оролцохоор өрсөлдөж байна. Хятадын санхүүжилтийн дэмжлэгтэй Ямалын хий шингэрүүлэх үйлдвэр хугацаанаас өмнө төсөвтөө багтаж, дотоодын технологиор боссон нь Орос улс олон улсын хоригт тэсвэртэйг харуулах тод жишээ юм. Албан ёсоор өнгөрсөн арванхоёрдугаар сард нээгдсэн боловч Ямалын хийг ачсан хөлөг онгоц умард тэнгисийг туулан өнгөрсөн сард хятадад иржээ. Тээвэрлэх хугацаа 19 хоногт багтсан нь суэцийн сувгаар дамжсанаас 16 хоногийн хэмнэлттэй байна.

Гэвч төсөлд нэг эмзэг цэг байсан юм. 2014-2015 онд хоригийн улмаас АНУ ба ЕХ-ны банкууд төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан тул хөрөнгө босгоход хүнд байв. Компанийн санхүүгийн захирал, АНУ-ын иргэн Марк Гиетвай санхүүгийн бүх хэлэлцээг орхиход хүрсэн аж. Компанийн удирдлага бүх зүйлийг буцаахаас өөр аргагүй болсон гэж ярьсан юм. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сард хятадаас 12 тэрбум ам.долларын зээл авч, төслийг аварчээ. 18 сарын хойно тус үйлдвэр анхныхаа хийг танкерт шахав. Үүний үр дүнд арктикт өмнөхөөс арай том хоёр дахь үйлдвэрийг барих төсөлд онц саад тулгарсангүй. Дөрвөн жилийн өмнө санхүүжилт олох гэж сандарч байсан Novatek одоо хэний мөнгийг авах вэ гэдгээ сонгохтой боллоо. Ноён Гиетвай өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчидтай уулзахдаа “Ямалын шингэрүүлсэн хийн үйлдвэр төсөв нь хэтэрч, хугацаа хойшлогддог энэ салбарт үлгэр жишээ болсон. Амжилтыг хэвлэлийнхэн ба салбарынхан хүлээн зөвшөөрч байна.

Энэ нь арктик LNG 2 төсөлдөө хамтрагчийг сонгон шалгаруулахад маш чухал хүчин зүйл” хэмээн өгүүлсэн байна. Францын эрчим хүчний аварга компани Total 25.5 тэрбум ам.долларын өртөгтэй төслийн 10 хувийг зургадугаар сард худалдан авсан. Novatek өөрөө үндсэн багцыг хадгалах хүсэлтэй байгаа ба Total нэмж таван хувийг авах эрхтэй. Үлдсэн 30 орчим хувийг худалдан авахаар өмнөд солонгосын KOGAS, саудын Арабын Aramco, эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч Хятадын CNPC, Японы Marubeni компаниуд хэлэлцээ хийж байгаа аж. Ноён Гиетвай цааш нь “Арктик LNG 2 төслийг боломжит түншүүд нэлээд сонирхож байгаа. Тэд өгөгдлийг судлан саналаа эцэслэхээр ажиллаж байна” гэжээ. Тэрбээр энэ төсөл өмнөхөөс онц ялгагдахгүйг онцлоод хөрөнгө оруулагчдын мөнгөөр төслийг бүрэн санхүүжүүлэх боломжтой гэсэн юм. Novatek-ийн лондонд байршуулсан үнэт цаасны үнэ анхны үйлдвэр ашиглалтад орсноос хойш 37 хувь өссөн байна. 18 шинжээчээс уг үнэт цаасны талаар асуухад зөвхөн нэг нь худалдах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өглөө. Гэхдээ дахиад 2014 оных шиг байдал үүсэхвий гэсэн болгоомжлол төслийг сүүдэртүүлж болзошгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Tencent-ийн хувьцааны үнэ дахин унав

 0 сэтгэгдэл


Хятадын технологийн Tencent групп нэгдүгээр сараас хойш зах зээлийн үнэлгээ нь 170 тэрбум ам.доллараар буурчихаад байгаа. Гэхдээ үүнийг үл харгалзан сүүлийн жил хагаст аль ч венчур болон шууд хөрөнгө оруулагчаас илүүгээр хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгожээ. Хоёрдугаар улирлын орлогоо лхагва гарагт мэдээлсэн тус компанийн хувьцааны үнэ нэгдүгээр сард оргилдоо хүрч 473.58 хонконг доллар болсноосоо хойш буурсаар байгаа юм. Monster Hunter: World хэмээх шинэ видео тоглоомынх нь борлуулалтыг Бээжингийн тушаалаар зогсоосны дараа Tencent зөвхөн мягмар гарагт 15 тэрбум ам.доллар алдав. азийн хамгийн үнэтэй компани хэмээх алдар эдүгээ тус компанийн гол өрсөлдөгч Alibaba-д шилжлээ. Tencent-ийн хувьцааны үнэ хонконгийн биржид лхагва гарагт дахин 3.9 хувиар унасан юм. Эцэст нь нэгж хувьцаа 336 хонконг доллар (42.80 ам.доллар) буюу 3.6 хувиар буурсан дүнтэй арилжаа өндөрлөв.

Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан шинжээч нар тус компанийн орлогыг 77.66 тэрбум юань буюу 11.2 тэрбум ам.доллар, цэвэр ашгийг нь 19.18 тэрбум юань болгон засаж тооцов. Өнгөрсөн сард тус компанийн орлогыг удаа дараа багасгаж тооцсон. Гэвч хувьцааг нь зарах зөвлөгөөг ABC International-ийн ердөө ганц шинжээч зөвлөжээ. Tencent нь хэд хэдэн фронтод цохилт хүлээгээд байна. Орлогынх нь гол эх үүсвэр видео тоглоомын борлуулалт буурч, Хятадын төрийн зохицуулах байгууллагын өөрчлөлттэй уялдан шинэ тоглоомд өгдөг зөвшөөрөл саатлаа. Технологийн салбар дахь бусад өрсөлдөгч нарт нь тохиолдсончлон Вашингтон, Бээжингийн хоорондох худалдааны дайн, валютын ханш уналт, төлбөрийн чадварт тавьж буй хатуу шаардлага ч сөрөг нөлөөлөв. Tencent зах зээлд эзэлдэг хувиа хэвээр хадгалахын тулд бэрхшээлийг үл харгалзан асар их зардал гаргасаар.

Тус компанийн төлбөрийн бизнесийн салбар нь Alibaba-гийн мөн ижил салбар аnt Financial-тай хийж буй өндөр өртөгтэй тэмцэлд мухардав. Tencent-ийн хүнсний жижиглэн худалдаа, хүргэлтийн үйлчилгээний Meituan Dianping салбар ч Alibaba-гийн харьяа Ele. mn-тэй ширүүн өрсөлддөг. Гэхдээ л Tencent 2017 он гарснаас хойш 12 IPO-гоор 20 тэрбум ам.доллар хуримтлуулсныг CB Insights-ын судалгаанаас үзэж болно. Хайлтын хэрэглүүрийн Sogou, цахим жижиглэн худалдааны Pinduoduo-гийн IPO үүнд багтана. “Хөрөнгийн янз бүрийн эх үүсвэр үүсэж, ялангуяа Sequoia-гийн венчур капитал болон мөнгө босгох бусад өчнөөн ажиллагаа өрнөсөөр байгаа ч Tencent аль ч хөрөнгө оруулагчаас илүү олон IPO-той” хэмээн CB Insights-ын шинжээч Мэтью Вон тайлбарлав. IPO гаргах нь Tencent стратегиа өөрчилж буйн илрэл хэмээн тэрбээр үзсэн юм. Гэхдээ технологийн салбарын олон IPO зах зээлд гарсныхаа дараа тун муу үзүүлэлттэй байна. Huya хэмээх ану-д бүртгэлтэй онлайн стриминг тоглоомын группийн хувьцаа л листингийн үнээсээ дээгүүр үзүүлэлттэй яваа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгжиж буй зах зээлийн экспорт тарифаас ч өмнө буурчээ

 0 сэтгэгдэл

Энэ онд хөгжиж буй зах зээл бүхий улс орнуудын экспортын өсөлт АНУ худалдааны тариф тогтоохоос бүр өмнө эрс буурчээ. Хөгжиж буй зах зээлийн экспорт хоёрдугаар сард жилийн өмнөх үеэс 6.5 хувийн өсөлттэй байснаа тавдугаар сард ердөө 1.8 болж буурсныг Financial Times сонин тооцооллоо. Уг тооцоог Нидерландын CPB буюу Эдийн засгийн бодлогын дүн шинжилгээний хорооны (Bureau for Economic Policy Analysis,) статистикт тулгуурлан гаргасан юм. Тавдугаар сарын үзүүлэлт 2016 оны аравдугаар сараас хойш тохиолдоогүй сул гарч, хөгжиж буй зах зээлийн экспортын богино бүүм төгсгөл болов. Гэхдээ үнийн дүнгээр авч үзвэл өсөлт аанай их буюу 7.2 хувьтай байгаа нь өнгөрсөн нэг жилд газрын тосны үнэ өссөний ач юм. Capital Econimics-ын хөгжиж буй зах зээлийн эдийн засагч лайам Карсоны хийсэн тусдаа судалгаагаар ч хөгжиж буй зах зээлийн экспортын хэмжээ сүүлийн саруудад эрс унасан үзүүлэлттэй гарлаа. Гэхдээ Capital Econimics-ийн статистик CPB-гийнхээс арай гайгүй гарсан.


Энэ нь оройтож тохиосон Хятадын сар шинийн баяртай холбоотой засварыг өөрөөр тооцсоноос болсон байж болзошгүй. Яаж ч тооцлоо гэсэн, гурван сар тутмын дунджаар авч үзэхэд 2017 оны долдугаар сард 6.1 хувьтай байсан экспортын өсөлт жилийн өмнөх үеэс 3.5 хувиар суларсан дүнтэй байгаа юм. Уг сулралт АНУ зургадугаар сард Хятадын 50 тэрбум ам.долларын экспортод тариф тогтоохоос ч өмнө эхэлснийг ноён Карсон анхааруулсан нь ноцтой. Бүхний бурууг тэрбээр евро бүсэд эдийн засгийн өсөлт саарсан явдалд тохож байна. Гурван сарын дунджаар авч үзсэн Capital Economics-ийн тооцоогоор 2017 оны долдугаар сард 9.6 хувийн өсөлттэй байсан хөгжиж буй зах зээлээс евро бүсэд чиглэсэн экспорт тавдугаар сард дөнгөж хоёр хувь болжээ. Евро бүсэд хөгжиж буй зах зээлийн нийт экспортын 16 хувь оногддог. Зөвхөн энэ хэмжээ л өнгөрсөн зун хөгжиж буй зах зээлийн экспорт 2.6 нэгж үзүүлэлтээр буурсны 1.1 нэгжийг дангаар буюу даруй 40 хувийг эзэлж байна. Австрали, Япон, Их Британи, АНУ зэрэг бусад хөгжингүй эдийн засаг уг удаашралын 0.9 нэгжтэй холбоотой. Харин БНХАУ хөгжиж буй зах зээл 1.5 нэгжээр өсөхөд үүрэг гүйцэтгэв. Хятадад эрэлт сайн байсны ачаар хөгжиж буй зах зээлийн экспорт 0.9 нэгж буюу үл ялиг өсөлттэй тэнцвэр барьжээ.

Өөр нэг тусдаа судалгаа, NN Investment Partners-ын (NNIP) статистикийг үзвэл БНХАУ-д тогтоосон АНУ-ын хоригийн эхний давалгаа, үүний эсрэг Бээжингийн хариу арга хэмжээ нь лавтай тавдугаар сар хүртэлх хугацаанд хөгжиж буй зах зээлийн экспортыг муутгах нөхцөл болж чадаагүй байна. Нидерландын активын менежерийн тооцоо нь хөгжиж буй зах зээл бүхий 50 улсын экспортын өгөгдлийг жилийн өмнөх үетэй харьцуулсан статистикт тулгуурлажээ. Хөгжиж буй зах зээлийн өсөлт газрын тос зэрэг таваарын үнэ, Хятадын экспортоос үндсэндээ шалтгаалсан байна. Экспортыг хэмжээгээр нь авч үзвэл 3-5 орчим хувиар өссөн тооцоог NNIP-ийн хөгжиж буй зах зээлийн ахлах стратегич Маартен-Ян Баккум гаргалаа. Сүүлийн хэдэн жил уг үзүүлэлт 5-10 хувьтай байсантай харьцуулбал өсөлт удааширсан хэрэг болжээ. “АНУ-ын протекционист занал статистикт илэрч амжаагүй. Одоогоор учруулсан хохирол нь бага” хэмээн ноён Баккум анхааруулав. Гэхдээ Европ, Япон болон дэлхийн хөгжиж буй зах зээлийн бусад хэсэг “сайн тэсэж”, энэ зах зээлийн валютууд саяхан суларсан нь өрсөлдөөнд дэм болно. Дээр нь Хятад орны түлхэц өгөх бодлогын ээлжит шинэ шат латин Америк, Африкт таваар экспортлогчдод түлхэц өгнө хэмээн ноён Баккум тайлбарлаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Вэйп старт-ап гомдол дагуулав

 0 сэтгэгдэл


Сан-Францискод төвтэй, вэйп (англ. vape) тамхины старт-ап Juul Labs АНУ-ын зах зээлийг ганц дайралтаар эзэлсэн. Их Британи дахь тус компанийн “түрэмгий” борлуулалт өөрсдийнх нь зорилтоос ч давах төлөвтэй. Зохицуулах байгууллага, ширүүн өрсөлдөөн хоёр цахим тамхи үйлдвэрлэгчийн үсрэнгүй өсөлтөд цэг тавина хэмээн шинжээчид анхааруулсаар байна. Анх 2015 онд сууриа тавьсан Juul Labs энэ долдугаар сарын байдлаар АНУ-ын цахим тамхины зах зээлийн 71 хувийг атгаж буйг зах зээлийн судалгааны Nielsen компани тооцоолжээ. Сүүлийн шинэ санхүүжилтийн эцэст тус компанийн үнэлгээ 15 тэрбум ам.долларт хүрээд байна. Juul нь сарын өмнө хилийн чанадад анх удаа нэвтэрч Их Британид салбараа байгуулсан юм. Уур үүсгэдэг бусад тамхитай харьцуулахад Juul-ийн бүтээгдэхүүн никотины давс ашигладгаараа ялгаатай. Никотины давс нь бие махбодид ердийн утаат тамхитай адил хурдан нэвтэрдэг тул хэрэглэгчдэд ихэнх цахим тамхинаас илүү “таашаалтай”.

“Их тунтай никотиныг үр дүнтэй аргаар бие мах бодид нэвтрүүлэх арга л олсон хэрэг” хэмээн утаат тамхинд хяналт тавих ашгийн бус Truth Initiative группийн гүйцэтгэх захирал Робин Ковал өгүүлэв. Бусад төрлийн цахим тамхинаас илүү үр дүнтэй эд бүтээж чадсан нь амжилтын үндэс хэмээн Juul тайлбарлаж байна. Гэхдээ чангарч буй зохицуулалт, олширч буй өрсөлдөгчийн бүтээгдэхүүн Juul-ийн өөдрөг ирээдүйг өөрчлөх болно. Juul Labs их Британийн зах зээлийн зохицуулалтад захирагдах ёстой. Европын холбооны хуулиар бүх төрлийн цахим тамхины сурталчилгааг хориглож, бүтээгдэхүүн дэх никотины агуулгыг 20мг/млээс үл хэтрэхээр хязгаарласан. Juul Labs-аас АНУ-д борлуулдаг бүтээгдэхүүний никотины агуулга 50мг/мл байгаа нь уг хязгаарлалтаас хавьгүй их. Үүний зэрэгцээ Их Британид цахим тамхи худалдах нөхцөл харьцангуй хялбар байдаг нь өрсөлдөгч олшроход хүргэнэ. Marlboro үйлдвэрлэгч Philip Morris International, Winston, Gauloises-ыг эзэмшигч Imperial Brands зэрэг тамхины хэд хэдэн том компани мөн л никотины давстай бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

Үүний зэрэгцээ АНУ-д зохицуулалт өөрчлөгдөж байгаа нь Juul-ын давамгай байдлыг сааруулж таарна. АНУ-ын хүнс, эмийн бүтээгдэхүүний захиргаа (Food and Drug Administration) цахим тамхины шингэн дэх никотины агуулгыг хязгаарлахаар төлөвлөж байгаа нь эдүгээ зарагдаж буй олон бүтээгдэхүүнийг зах зээлээс зайлуулж таарна. Дүнд нь Juul шиг компаниуд зах зээлд ноёрхох боломж “хумигдана” хэмээн Jefferies-ийн шинжээч Оуэн Бэннетт өгүүлсэн юм. Никотины давс агуулсан бүтээгдэхүүн нь үйлчилгээ сул бусад төрлийн цахим тамхинаас “хавьгүй донтуулах нөлөөтэй байж болзошгүй”-г Жорж муж улсын их сургуулийн эрүүлийг хамгаалах менежментийн профессор Хуан Жидун анхаарууллаа. Хууран мэхэлсэн сурталчилгаа явуулсан хэргээр АНУ-д энэ оны дөрөв, тавдугаар сард Juul-ийн эсрэг хоёр ч зарга мэдүүлжээ. Зарга мэдүүлэгчид тус компанийг никотины агуулга ихтэй бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд аюулгүй хэмээн сурталчилсан хэрэгт буруутгав. Хохирогчдын нэг нь Juulийн бүтээгдэхүүнээс болж никотины донтой болсон. Утаат тамхинаас гарахаар шийдсэн өөр хоёр хэрэглэгч тус компанийн бүтээгдэхүүнд шилжээд байдал дорджээ. Нью-Йоркийн шүүхэд зарга мэдүүлсэн, 15-тай хүүгийн эх нь Juul-ийн маркетингийг хүүхэд, өсвөр үеийнхнийг никотинд донтуулах сурталчилгаа” хэмээн үзсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Индонезийн япон үйлдвэрлэгчдийг шахаж эхэллээ

 0 сэтгэгдэл


Японы авто үйлдвэрлэгчдэд Индонези улс бас нэг төрөлх гэр орон нь. Учир нь тус улсын автомашины зах зээлийн 90 хувийг Япончууд атгадаг. Тэгвэл Хятад үйлдвэрлэгчид энэ ноёрхлыг эцэс болгох нь. “Нөгөөдөх чинь манайхыг шууд өнгөрөөд явчихлаа” хэмээн Indonesia International Motor Show дахь Datsun-ы үзэсгэлэнгийн хэсгийн ажилтан гомдоллов. “Нөгөөдөх” гээч нь 2014 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш жил тутмын шоу үзэсгэлэнд анх удаа морилж буй Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо юм. Видодо гуай Nissan Motors-ын брэндийг алгасаад зогссонгүй, Хятадын хоёр үйлдвэрлэгч-Wuling Motors, DFSK Motors Indonesia-гийн хэсэгт анхаарал тавьж, хэдэн минут саатсан юм. Энэ жил уг хоёр компанийн үзэсгэлэнгийн хэсэг Япон өрсөлдөгчдийнхтэй ижил талбайтай байсан нь өнгөрсөн оныхоос том өөрчлөлт гарсан хэрэг болов. Жилийн өмнө хятадуудын талбай жижиг төдийгүй DFSK захад байрлаж байв. Ноён Видодо Хятад авто үйлдвэрлэгчдэд тал засах учир шалтгаантай. Хоёр компани хоёулаа Индонезид хөрөнгө оруулагч. Wuling 700 сая ам.долларын хөрөнгө оруулсан өрнөд Ява мужийн Сикаран дахь үйлдвэр жилд 120 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус компанийн Confero загварын эд ангийн 56 хувийг Индонезид үйлдвэрлэдэг. Wuling жилийн өмнө 35 байсан дилерийн сүлжээгээ 80 болгон өргөтгөж, 3000 ажлын байр шинээр үүсгэхээ мэдэгдээд байна. Индонезид 150 сая ам.долларын хөрөнгө оруулсан DFSK ч хөдөлгүүрийн үйлдвэрээ нэмж байгуулах төлөвлөгөөтэй. Тус компани дилерийн сүлжээгээ олшруулж 50 болгох юм. Wuling нь Индонезийн зах зээлд шинээр нэвтрэгч. Шилдэг загвар Confero минивэнээ жилийн өмнө, Cortez загвараа энэ хоёрдугаар сард гаргасан Wuling компани Индонезид 14 мянган машин борлуулаад байна. Тус үйлдвэрлэгч орон нутгийн Express такси компанид 150 ширхэг Confero нийлүүлэх хэлэлцээр байгуулжээ. “Шинээр мэндэлсэн хүүхдээ Confero гэж нэрлэсэн үйлчлүүлэгч хүртэл байгаа”-г Wuling-ийн дэд ерөнхийлөгч Синди Цай тайлбарлав. Тус компани Индонезид зориулж бүтээсэн шинэ SUV-аа жил тутмын шоунд танилцууллаа. Индонезид бүр ч шинэ тоглогч болох DFSK компани Glory загвараа ердөө долдугаар сард гаргажээ. Долоон хүний суудалтай уг загварыг үйлдвэрлэгч нь SUV хэмээн тайлбарлаж байгаагаас Индонезид минивэн, SUV хоёрын зааг ялгаа бүдгэрэх бололтой.

DFSK машиныг тус улсад үйлдвэрлэж буй Sokonindo Automobile компанийн ерөнхий менежер Франц Ван хэдийнэ 300 үйлчлүүлэгчээс захиалга авснаа өгүүлсэн юм. Индонези хэрэглэгч Япон машиныг илүүд үздэг ч залуу үеийнхэн хямд үнээр сайныг авах сонирхолтой. Тэгвэл Wuling чухам ийм сонголтод нийцсэн загвар үйлдвэрлэж байгааг хатагтай Цай өгүүлж байна. “Манай машин тун дажгүй. Үзүүлэлт хангалттай, үнэ боломжийн хэмээсэн юм.” Wuling Confero загварын хамгийн хямд зэрэглэл 134 сая Индонези рупи буюу 9000 орчим ам.доллар. Зах зээлийн ижил ангилалд өрсөлдөгч Япон загваруудтай харьцуулахад бүхээгийн зай, хөдөлгүүрийн хүч илүү. Wuling компани оны эхний хагаст борлуулалтын өсөлтөөр Datsun, Nissan, Mazda загваруудыг ардаа орхиж, Индонезийн зах зээлийн 1.5 хувийг эзэлдэг боллоо. Япон үйлдвэрлэгчид Хятад өрсөлдөгчдийн зүгээс учирч болзошгүй аюулыг анзаарч эхлэв. “Хятад машин гэхээр бид хямд, чанар тааруу гэж төсөөлцгөөдөг. Аюулгүйн үзүүлэлт ч сэжигтэй” хэмээн Япон авто үйлдвэрлэгчийн нэрийг нь дурдахыг зөвшөөрөөгүй нэгэн захирал ярьж байв. “Гэхдээ бид одоогийнхоо нөхцөлд тайвшрах учиргүй. Ухаалаг утасны зах зээлд юу болсныг хараарай. Хятад компаниуд дэлхийн шилдгүүдийн зэрэглэлд багтахад төдий л хугацаа шаардаагүй шүү” гэв.