A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3892/

Оюутнуудын 75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ

Оюутнуудын 75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3892/
  • Хохирогчийг буруутгах нийгмийн тогтсон хандлага бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг гааруулж байна
  • 2019 оны хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлд "Боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай байна. Их дээд сургуульд бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна" хэмээн онцолжээ
  • "Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал" судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна
  • Багш нар эмэгтэй оюутнуудын нуруугаар илэх, гуян дээр гараа тавих зэрэг нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд дүнг нь ахиулахын тулд тусдаа уулзахыг санал болгодог

Ёс суртахуун, эрдэм мэдлэг "цэцэглэх" ёстой боловсролын салбарт бэлгийн дарамт үүрлэжээ

 Сүүлийн хэдэн сар ажлын байрны бэлгийн дарамтын талаар хурцаар ярих болж, хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. Гэвч охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад ажлын байрнаас гадна гудамж талбай, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар тэр ч бүү хэл суралцах орчиндоо ч өртөж байна. Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудад багш нар болон хамт суралцагч хөвгүүд нь бэлгийн дарамт үзүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. “Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал” судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг ТББ­уудын эвслээс 2004 оны нөхцөл байдлыг 2017 онтой харьцуулахад ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгддэг газрын тоо, төрөл тэмдэглэлт баярын үеэр, сургууль дээр, үдийн цайны үеэр гэсэн байдлаар нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж буй. ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт ямар байгааг тодруулахаар есөн байгууллагын 1120 хүнийг хамруулан судалгаа авахад АШУҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС гэсэн дөрвөн сургуулийн төлөөлөл 113 хүн “Бэлгийн дарамт тай холбоотой үйлдэл гарч байсан” гэж хариулсан байна. “Охид эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага 2004/2007” харьцуулсан судалгаагаар бэлгийн дарамт үзүүлэгчдийн таван хувийг багш сурган хүмүүжүүлэгчид эзэлж байна. Гэвч энэ нь зөвхөн оюутан сурагчдаас авсан судалгаа биш. Хэрэв бүх их дээд сургуулийг хамруулсан томоохон судалгаа хийвэл ямар үзүүлэлт гарч ирэх бол гэхээс дотор арзаймаар. Эцэг эх нь цэцэг цэврүү шиг охидоо эрдэм мэдлэг сургахаар явууллаа хэмээн итгэж суухад ёс суртахуун, боловсрол ярьсан эрхэм сурган хүмүүжүүлэгчид хүчирхийлэл дарамт үйлдэж байгаа нь эмгэнэл. Тэнд нийгмийн соён гэгээрүүлэгч, улс орны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэгчид ажиллах ёстой.

Хохирогчийг буруутгах нийгмийн тогтсон хандлага бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг гааруулж байна 

Сургалтын орчин дахь бэлгийн дарамтаас үүдэн сурагч, оюутнуудын сурах хүсэл эрмэлзэл буурч, хичээлдээ муудах, сургуулиа солих эцсийн дүндээ сургуулиа орхих ч тохиолдол байдаг талаар мэргэжлийн байгууллагын судлаачид хэлж буй. 2016 онд салбар болон нас харгалзахгүйгээр онлайнаар хийсэн судалгаагаар бэлгийн дарамтаас үүдэн ямар хохирол үүссэн талаар асуухад судалгаанд оролцогчдын 3.7 хувь нь хичээлээ тасалсан, 4.8 хувь нь сургуулиа орхисон, 21.2 хувь нь нэр төр хохирсон хэмээн хариулжээ. Энэ мэтчилэн нийгмийн хамгийн соёлтой, ёс зүй, дүрэм журам үйлчилж байх ёстой салбарт бэлгийн дарамт үүрлэсэн байгаа нь харамсалтай. ХЭҮК-оос гаргасан 2019 оны Хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлд “Боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай байна. Их дээд сургуульд бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна” хэмээн онцлон дурдсан нь энэ асуудал сургалтын орчинд ямар хэмжээнд бугшсаныг харуулна. Бэлгийн дарамтад өртсөн хохирогчид ч энэ төрлийн асуудлаар санал гомдол гаргаж, өөрийнхөө төлөө тэмцдэггүй. Учир нь нийгэм, эргэн тойрных нь хүмүүс түүнийг тэр аяараа чичилнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар хохирсон эмэгтэйчүүдийг буруутгах хандлага бусад эмэгтэйчүүдэд их байгааг тогтоосон бөгөөд энэ нөхцөл байдал манайд ч ялгаагүй байна. Судалгаагаар “Ажлын байрын бэлгийн дарамтад өртсөн талаараа дээд шатныхаа удирдлага болон байгууллагад гомдол гаргасан уу гэсэн асуултад ихэнх оролцогчид “хаана хандахаа мэдэхгүй, нэр хүндгүй болох вий гэж айсан, гомдол гаргавал дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй” гэж хариулсан нь дээрх асуудлыг бэлхнээ батална. Ажлын байран дээр гарсан, өөрийн гэсэн орлоготой, бие, сэтгэхүй, боловсролын хувьд бүрэн төлөвшсөн эмэгтэйчүүд ч энэ төрлийн дарамтыг тэсвэрлэж, бусдад мэдэгдэхээс зайлсхийж байхад дөнгөж амьдралд хөл тавьж буй, их сургуулийн орчинг сайн сайхнаар төсөөлж ирсэн оюутны хувьд айж, эмээх нь наад захын асуудал.

Монгол Улс дэлхий нийтээс хоцорч байна 

 Олон улсад бэлгийн дарамттай тэмцэх чиглэлээр их, дээд сургуулийн хийх ёстой хамгийн эхний алхам бол тохиолдлын тоог бууруулах ямар нэг арга хэмжээ авах явдал гэж үздэг. Бэлгийн дарамт зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Гэхдээ манай улс шиг багш сурган хүмүүжүүлэгчид нь сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг, энэ тал дээр ямар нэг бодлого зохицуулалтгүй орон алга. Тухайлбал Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 1998 онд “Бэлгийн дарамтыг зохицуулах дүрэм” баталсан байдаг. Гэтэл манайх бүтэн хорин жилээр хоцорч явна. Тус дүрэмд сургуулийн орчинд оюутнууд болон ажилтнуудыг бэлгийн хүчирхийлэл болон дарамтад өртөхөд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Мөн дээд боловсролын байгууллагын бүхий л салбарт бэлгийн дарамтаас сэргийлэх, гомдол гаргах журам болон бэлгийн дарамт гэж юуг хэлдэг талаар тодорхой бичсэн байх ёстой бөгөөд шинэ оюутнуудад чиглүүлэх хуудас өгдөг аж. Мөн бодлогын хэрэг­ жилтийг хариуц­сан Хүний нөөцийн газар нь ажилтнууд, оюутнуудад чиглэсэн бэлгийн хүчирхийллийн талаарх сургалт хариуцаж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь зориулж төсөв хуваарилсан байх ёстой. Харин БНСУ­-д хохирогч болон бэлгийн дарам­тын гэрчийн хам­гаалалтыг нарийвч­лан тусгасан байдаг. Мөн нууц хадгалах, шалган тогтоох үүргийг тусгасан бөгөөд эдгээр болон бусад зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд захиргааны шийтгэл, торгууль ногдуулж, улмаар гомдол гаргагч, хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц бол гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг.
Гаднын улсуудад гарч буй бэлгийн дарамт үйлдэгчдийн ихэнх нь багш, сурган хүмүүжүүлэгч бус хамтран суралцагч байдаг гэдгийг онцлон хэлмээр. Өөрөөр хэлбэл багш нь сурагчдаа дарамталдаг зүй бус үйлдэл манайд хамгийн түгээмэл байна. Филиппин улс гэхэд энэ асуудлын эсрэг бодлого баримталж оюутан сурагчдад бэлгийн дарамттай холбоотой асуудал үүслээ гэхэд хэнд мэдэгдэх, ямар хариуцлага хүлээлгэж , асуудлыг хэдий хугацаанд шийдвэрлэх, багшийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн бол суралцах эрмэлзэлд нөлөөлөхгүйгээр яаж шийдэх зэрэг асуудлыг шат дараатай тусгаж өгсөн байдаг. МУИС болон АШУҮИС бэлгийн дарамт үзүүлэхтэй холбоотой заалтыг ёс зүйн дүрэмдээ тусгасан боловч ямар арга хэмжээ авах, тухайн хохирогчийг хэрхэн хамгаалахтай холбоотой нарийвчилсан заалт огт алга. 

Бэлгийн дарамтад өртөж байсан эсэхийг оюутнуудаас тодрууллаа.

Багш оноо нэмээд, гуян дээр гараа тавьсан

Шинэ төгсөгч Х

Багш надад онцгой сайн ханддаг байсан. Чат ч бичнэ. Багштайгаа юу гэж чатлах ёстой юм бол гэж бодоод хариу ч өгдөггүй байсан. Ер нь бол тухайн үед дөнгөж хоёрдугаар курсийн хүүхэд байсан болохоор ойлгоогүй л дээ. Бэлгийн дарамтын талаар ч мэдэхгүй. Дүнгээ гаргуулах гээд ортол надад шууд арван оноо нэмсэн. Би гайхаад багш руу хартал “Чи сайн оюутан учраас багш нь оноог нь нэмж байгаа юм” гэж хэлээд гуян дээр минь гараа тавьсан. Тухайн үед сандарсандаа гараад гүйчихсэн. Дараа нь найзууддаа үнэхээр муухай санагдсан тухай яриад л өнгөрсөн. Дахиж тэр багшийн хичээлийг сонгоогүй.

Нуруугаар илэх бол хэвийн үзэгдэл

Оюутан Н

Багш хичээл заахдаа хөөрхөн охидод онцгойлж ханддагийг бүгд л мэднэ. Энэ тухай жиг жуг ч хийдэг. Охидын өмссөн хувцсыг ийм тийм байна, өнөөдөр тэгж харагдаж байна гэж эрээ цээргүй үг хэлэх нь ч бий. Ер нь ажаад байхад охидын нуруугаар тэврэх, байнга гуян дээр нь санамсаргүйгээр гараа тавих үйлдэл гаргадаг. Миний нуруугаар ч илж байсан. Завсарлаж байсан болохоор яарч байгаагаа хэлээд эвтэйхэн мултарч байсан. 

Эрэгтэй оюутнууд ч бэлгийн дарамт үзүүлдэг

Оюутан Б

Багш надаас “Чиний дүн хангалт­гүй байна. Гэхдээ бодож үзэж болно. Ямар ч дүн тавьж болно. Оронд нь чи юу хийж өгөх вэ” гэж асуусан. Би “Энэ дүнгээ авъя аа” гэж хэлээд гараад ирсэн. Дүнгээ нэмүүлээд 100 гарсан оюутан хэд хэд байсныг ч мэднэ. Ямар тохиролцоо хийснийг мэдэх юм алга. Гэхдээ тэр явдлаас хойш би багшаас байнга дөлдөг болсон. Надад ч гэсэн таагүй хандаж, үргэлж жижиг сажиг зүйлсээр өөлөөд байх шиг санагддаг. Бас багшаас гадна эрэгтэй оюутнууд ч гэсэн хөхөвч нөөс татах, биеийн эм­ зэг газарт хүрэх үйлдэл гаргадаг.

Хаана хандаж, хэнд хэлэхээ мэддэггүй

Оюутан Б

Азаар ч гэх үү надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ найзуудад маань тохиолдож байсан. Настай багш найзыг маань оролдож, санаатайгаар унагааж ч байсан. Тэглээ гээд бид хаана хандаж, хэнд хэлэх нь тодорхой бус. Оюутнууд ер нь ийм зүйл боллоо гээд айж ичээд л өнгөрдөг. Сургуульд ч тодорхой дүрэм, журам зохицуулалт байхгүй. Хэллээ гэхэд өөрөө л муу нэртэй болж дуусах болохоор өөр арга хайж, чимээгүй тэвчээд л өнгөрөөдөг. Олон эрэгтэй оюутантай учраас бүр ч хэл амын бай болно. Эрэгтэйчүүд “энэ охин ийм, тийм” гэх зэргээр охидоос илүү муулж ярьдаг.

Харин гаднын их сургуулиудад ямар арга хэмжээ авч ажилладаг талаар хилийн чанадад сурч буй оюутнуудаас тодруулсан юм.

Урьдчилан сэргийлэх ажил маш сайн хийдэг 

Герман улсад суралцаж буй оюутан Х

Бүр цэцэрлэгийн хүүхэд байхаас нь эхлээд бэлгийн боловсрол олгодог учир манай сургуульд тийм зүйл огт байдаггүй. Багш нарын тухайд бол бүр огт байхгүй. Ажлын байраа алдаж, дахиад хэзээ ч багшилж чадахгүй байх. Хэм хэмжээ, бусдын хувийн орон зай, ёс зүйг хүндэтгэдэг. Ер нь урьдчилан сэргийлэх асуудлыг маш чухалчлан авч үздэг.

Бусад руу удаан ширтэхээс ч зайлсхийдэг 

БНХАУ-д суралцаж буй оюутан Ж 

Тийм зүйл ёстой болж байгаагүй. Дотуур байрыг эрсдэлтэй орчин гэж үздэг. Гадаад оюутнуудын аюулгүй байдлыг  хамгаалах чиглэлээр маш сайн ажилладаг. Дүрэм журам бүх зүйлс нь тодорхой. Хүн рүү удаан ширтэхээс ч зайлсхийж болгоомжтой ханддаг.

Оюутнууд эрхийнхээ төлөө сайн тэмцдэг

АНУ-д суралцаж буй оюутан С 

Их сургуулиуд бэлгийн дарамтын тухай нийгмийн шинжтэй сурталчилгаа, богино хэмжээний кино хийж үзүүлэх, дэд хөтөлбөрүүд зохиох гэх мэт бие даасан, нөлөөллийн ажлыг оюутнуудтайгаа хамтран зохион байгуулдаг. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж, семинарын үеэр энэ талаар дэлгэрэнгүй ярьж байсан. Оюутнууд нэг нэгэндээ бэлгийн дарамт үзүүлдэг байж магадгүй. Харин багш нар тийм асуудал үүсгэх боломж маш бага. Ер нь оюутнууд өөрсдөө эрхийнхээ төлөө сайн тэмцдэг учраас тэр бүр хохироод байдаггүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Бээжин-2022” ба Монголчуудын боломж

 0 сэтгэгдэл
  • Бид өвлийн спорт хөгжсөн орнуудыг ашиглаж материаллаг баазаа сайжруулах боломжтой
  • Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй


Швейцарийн Лозанн хотноо залуучуудын өвлийн III олимпид үргэлжилж байна. 15-17 настнууд оролцож буй тус олимп нэг зүйлээрээ өндөр ач холбогдолтой. Тодруулбал, ердөө хоёрхон жилийн дараа Хятадын Бээжин хотноо насанд хүрэгчдийн өвлийн олимп эхэлнэ. Тэгвэл Лозаннд өрсөлдөж буй залуучуудын 60-70 хувь нь Бээжинг зорих төлөвтэй бөгөөд одооноос бэлтгэлээ хангаж байгаа юм. Монголчууд энэ удаа биатлон, гүйлтийн цанаар тамирчдаа сойж буй. Дөрвөн жилийн өмнө тэшүүрээр олимпод оролцож байсан ч энэ удаа чадсангүй, дотооддоо өндөр чансаатай тамирчин ч бэлтгэж чадаагүй. Ер нь эндээс Монголын баг Бээжинд ямар бүрэлдэхүүн илгээх нь бараг тодорхой болж байгаа юм. Биатлоноор Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар Бээжинг зорих бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс итали мэргэжилтний удирдлага дор эхлүүлж, үүний эхлэл болгож “Лозанн-2020” хурд, цэц сорив. Э.Энхсайханы хувьд тэшилт сайтай ч буудлагын дасгалаа сайн хийх хэрэгтэй, дээр нь техникийн ур чадвараа сайжруулах шаардлагатай нь харагдсан. Тэр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрснөө Лозаннд ажиллаж буй сэтгүүлч Э.Маралд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Гэхдээ 90 гаруй тамирчнаас 12, 49 дүгээр байр  эзэлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Ч.Бямбасүрэнгийн хувьд тэшилт, техникийн ур чадвар дээрээ илүү сайн ажиллавал залуучуудын олимпод үзүүлсэн амжилтаа насанд хүрэгчдийнхээр ахиулах боломж байна. Цаначид уламжлал ёсоороо өвлийн олимпод оролцох нь тодорхой. Харин Бээжинг зорих тамирчны тоо анхаарал татаж байна. Өмнөх шиг ээ хоёр, гурван тамирчин илгээх үү, эсвэл илүү сайн бэлтгэл хийгээд бүтэн баг илгээх үү гэдэг нь холбооны зүтгэл, улсын санхүүжилтээс 100 хувь хамаарна. Тэгвэл тэшүүрчдэд нэг их найдлага тавиад хэрэггүй бололтой. Яг өнөөдрийн хувьд тэшүүрийн холбоо үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхой бус, бас олимпод хэчнээн тамирчин бэлтгэгдэж байгаа нь хаалттай шахам байна. Магадгүй “битүү морь” гэдэг шиг ганцхан жилийн дотор гэнэт цойлдоггүй юм бол тэшүүрчид хаяанд болох цагаан олимпыг өнжих нь. Хятад, Монголын хооронд цагийн зөрүүгүй тул амжилт үзүүлэх магадлал тун өндөр. Бүх тал дээр сайн бэлтгэж чадвал олимпод түүхэн амжилт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Манай урд хөршид болох цагаан олимпод европчууд ямар амжилт үзүүлэх бол гэж олон хүн анхаарлаа хандуулж байгаа биз. Магадгүй 2021 он дөнгөж гармагц хятадтай хамгийн ойр орших орнууд руу цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийхээр цуврах нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү том боломжийг монголчууд, Монголын спортын салбарын удирдлагууд овжиноор ашиглах ёстой юм. Цана, биатлон гэх мэт өвлийн спорт өндөр хөгжсөн зарим орноос ирсэн мэргэжилтнүүд монголд дээрх спортуудыг хөгжүүлэх материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ хэмээн ярьж байсан. Үүний нэг тод жишээ нь Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров гурван жилийн өмнө Монголд зочлохдоо манай улсад бэлтгэлийн төв барихад туслахаа амласан. Тэрбээр “Бээжин-2022” олимпын наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гаднын тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтой. Одоогоор дэлхийн биатлоны холбоонд украйн, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгааг ашиглаад танай улс олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн төвтэй болох давуу тал байна” хэмээн ярьж байлаа. Тэгвэл энэхүү аман яриаг ажил хэрэг болгох цаг үе нь 2021 он юм. Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй. Олдлоо ч хамгийн багадаа 30 жилийн дараа олдох биз. Өвлийн олимпыг зохион байгуулагч хятадууд 2018 оноос үндсэн бэлтгэлдээ орсон бөгөөд цана, тэшүүр, биатлоны спортод гаднын шилдгүүдийг урьж ажиллуулж байна. Тэд мөнгөө гаргасан, материаллаг баазаа бэлтгэсэн, гадаадын мэргэжилтнүүдийг тодорхой нөхцлөөр хангасан. Харин одоо үр дүнгээ үзэхээр 2022 оныг хүлээх үлдлээ.Тэгвэл монголчууд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд үлдэх гэж байгаа юм биш биз.  









A

Жижиг

A

Дунд

A

Том

Гуч гараад анхны хүүхдээ гаргах нь карьерт эерэг нөлөөтэй

 0 сэтгэгдэл

Ээж болсноор эмэгтэй хүний амьдралд олон өөрчлөлт гардаг. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа болон хүүхдээ өсгөх 1-2 жил ажил, карьераа хойш тавих шаардлагатай нүүр тулдаг. Тиймээс Европын орны эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг аж. Учир нь ажил, мөнгө, карьераа цэгцэлж, аялал, зугаалгад цаг зарцуулан, өөрийгөө бүрэн таньсан үедээ ээж болох хэрэгтэй гэж үздэг байна. Харин манай улсад байдал эсэргээрээ. 25 нас хүрмэгц аав, ээж, ах дүүс нь “Нөхөр хүүхэдтэй болохгүй бол нас чинь явлаа, ач, зээгээ хармаар байна” гэх зэргээр хүүхэд “нэхэж эхэлдэг”. Тэгвэл ээж болоход хамгийн тохиромжтой насыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, Техасын их сургуулийн доктор Жон Мироуски дээрх сэдвээр судалгаа хийж, эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг онцолсон байна. Учир нь жирэмслэлт ба төрөлтийн үед эмэгтэй хүний бие их хэмжээний даавар ялгаруулдаг. Уг даавар нь 34-35 насны эмэгтэйчүүдийг залуужуулах эерэг нөлөөтэй бол 20 гаруй насны бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай гэнэ. Түүнчлэн нас тогтсон бүсгүйчүүдийн ихэнх нь төлөвлөж жирэмсэлдэг тул хүүхдээ эрүүл тээж төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Мөн ажил, амьдрал, санхүүгийн байдал нь тогтвортой болсон байдаг тул хожуу төрөлт карьерт нь сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг судалгааны багийн ахлагч онцолжээ. Жон Мироускигийн гаргасан энэхүү онолтой сэтгэл зүйчид ч мөн санал нэг байна. Учир нь 30 гарсан эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд тогтвортой болсон байдаг тул гэр бүлийн бат бөх байдал бий болгоод зогсохгүй, хүүхдээ эрүүл тээж, төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Өөр нэг судалгаа дурдвал, ээжийнхээ 30-39 насанд төрсөн хүүхэд илүү ухаантай, хүмүүжил, төлөвшил сайтай, эрүүл байдаг аж. Уг судалгааг Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хийсэн төдийгүй 20 болон 40-өөд насанд төрсөн хүүхдээс 30 гаруй насанд төрсөн хүүхэд бие сэтгэхүйн чадвар сайтай байдгийг тодорхойлсон байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд зөвхөн ээж чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Аав ч мөн үр хүүхдээ зөв хүн болгоход чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хариуцлагатай аав байхад хамгийн тохиромжтой үе бол 30 нас аж. Гуч гарсан эр хүн хариуцлага үүрэх бүрэн чадвартай болсон байдаг төдийгүй, үр хүүхдэдээ сайн аав, гэр бүлдээ халамжит хань байж чаддаг байна. Олон улсын болон манай орны гэр бүл судлаачид гэр бүл салалтын үндсэн шалтгааныг эрт төрөлт, төлөвлөгөөгүй гэр бүл зохиохтой холбож тайлбарладаг. Тиймээс өөрийгөө бэлтгэж, бүрэн боловсруулсан цагтаа үр хүүхэдтэй болох нь өөрийнхөө болон үрийнхээ ирээдүйг гэрэлтүүлэхэд чухал нөлөөтэй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

 0 сэтгэгдэл
  • Амттаны бизнесээс гэрэл зураг руу “урвасан” нь 
  • Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан 


Хүүхэд ахуй насны гэгээн дурсамжуудыг сэдрээсэн нэгэн эрхэм хүнтэй уулзаж, ярилцлаа. Тэр бол Монголын төрийн хүндэт шагнал “Алтан гадас” одонт, япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо юм. Монголд элэгтэй эгэл энэ хүн “1983 оны Улаанбаатар” гэрэл зургийн номоо хэвлүүлсэн бөгөөд нийслэлийн хуучны төрхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн нэгэн. “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист, ардчилсан засаглалтай 36 жилийн түүхийг 223 зурагт багтаан илэрхийлжээ. Хамаг бүхэн бороо мэт арилавч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдгийг 74 настай Сүгияама Тэрүзо гуай бидэнд мэдрүүлэв. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2017 онд социалист нийгмийн Улаанбаатарыг харуулсан үзэсгэлэн гээрээ монголчуудын нүдийг хужирлаж байлаа. Харин тэрхүү зургуудаа өнөөдөр альбом болгон эмхэтгэжээ. Сүгияама өөрийгөө эрч хүчтэй байгаа дээр Монголын соёл урлаг, Улаанбаатарын түүхийг өгүүлсэн зурагнуудаа монголчуудад толилуулахыг хүссэн гэнэ. Тэрбээр ямар нэгэн бүтээлийг өөрийн гараар туурвих хувь заяандаа багаасаа л итгэдэг байв. Гэр бүлийнхэн нь Токиод амттаны бизнес эрхэлдэг байсан учир Сүгияама аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, бялуу, нарийн боовны тогооч болох дөхжээ. Өөрөө ч түүндээ итгэлтэй байсан гэнэ. Гэвч 1970-аад онд Японд гэрэл зураг хүчээ авах үед түүний сонирхол амттаны салбар руу дахин чиглэсэнгүй. Тэрбээр Токиогийн гэрэл зургийн коллежийг төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна. Сүгияама “Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан” гэлээ. Сүгияама дэлхийн олон оронд очиж зураг авсан нэгэн. Гэхдээ Улаанбаатарыг сонгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог бүтээсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Тэр утгаараа түүнээс яагаад заавал Улаанбаатарыг сонгов гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүсэж явлаа. Уулзсан даруйдаа түүнээс хүссэнээ асуухад Сүгияама ийн хариулав. “Японы сонинд гарах мэдээний зураг авах гэж анх монголд хөл тавьсан юм. Япончууд хөх толботой байдаг. Монголчууд ч адилхан хөх толботой. Үүнд ямар нэгэн үүсэл, гарлын хэлхээ холбоо байгаа юм биш биз гэдэг нь миний сонирхлыг ихээр татсан учраас би ирсэн юм” гэв. Сүгияама Монголд тэртээ 1983 онд анх хөл тавьсан бөгөөд ингэхдээ Бээжингээс Улаанбаатар хүртэл олон улсын галт тэргээр иржээ. Ийн цааш ярихдаа “Монголд ирлээ. Удаан яваад л, яваад л байсан. гэтэл нэг л хэвийн байгаль, өргөн уудам нутаг. Өнөөдрийнх шиг ийм өндөр барилга, байшин бараг байхгүй. Маш гоё амар амгалан, хүний сэтгэлийг өөрийн эрхгүй тайтгаруулах тал нутаг харагдсан. галт тэрэгний цонхоор харахад шүү дээ. Ингээд Улаанбаатарт ирлээ, өмнөө маш цэвэрхэн хот угтсан. Би өөрийн эрхгүй “Ямар гоё цэвэрхэн хот вэ” гэж дуу алдсан шүү. Энэ удаагийн номондоо 1983-2019 оны Улаанбаатар хотын маш олон зураг оруулсан ба шинэ зураг төдийлэн оруулсангүй. Монгол, япон хүмүүс харагдах байдал, элгэмсэг зан төрхөөрөө төстэй бөгөөд монголын буддын шашны соёл миний сонирхолыг их татсан” хэмээн анхны сэтгэгдлээ харамгүй хуваалцлаа.

-Та 1983 оноос хойш Улаанбаатарт зураг авчээ. Чухам юу таны анхаарлыг их татсан учраас ийм удаан хугацаанд зураг авав?

-Хүнийг татах увидас байх шиг байна. Нэг, хоёр зураг аваад эхлэхээр улам л татагдаад байсан. Дахин дахин зураг авмаар. Яг юунд татагдсанаа тодорхойлж хэлж мэдэхгүй юм. Тэр үед БНМАУ социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрхтэй угтсан. Гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байв. Ер нь Монголд зураг авах нь бодож байснаас ч илүү хэцүү санагдсан. Гэрэл зургийн олон төрлөөр ажилладаг болохоор надад захиалгат их ажил ирдэг. Нэг жишээ хэлье. 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Ц.Чүлтэмийн эмхэтгэлээр гарсан “Монголын урлаг” дөрвөн боть номын гэрэл зургийг авсан юм. Монголчууд социализмын үед шашин шүтлэггүй байсан ч шашны урлагийн бүтээлүүдээ хадгалж үлдсэн байлаа. Би Занабазарын бүтээсэн бурхадыг хараад үнэн сэтгэлээсээ шүүрс алдаж билээ. Монголын шашны урлаг дэлхийн соёл урлагийн охиудтай эн зэрэгцэх юм байна гэж бодсон. Тэгээд ч Н.Цүлтэм гуайн номын зураг авсан тул хотоор явж зураг дарахад асуудал гараагүй юм.

-1983, 1984 оны үеийг хальснаа буулгаж байхад хамгийн их анхаарал татсан обьект юу байв?

-Сталины хөшөө. Мөн саяхан нураасан төв музейн барилга шууд нүдэнд туссан. Тэр музейг нураасан нь даанч харамсмаар.Ийн дуран авайдаа буулгасан түүний зургийг хараад өөрийн эрхгүй миний бага нас бодогдлоо. 10 гаруйхан настай байх үеийн ногоон байгууламж, сийрэг зам, Дэнжийн мянгын хар зах, Хүнсний 50 дугаар дэлгүүр, тухайн үеийн Монголын хамгийн их бараатай дэлгүүр болох “Далай ээж” худалдааны төв, Зайсан толгой гээд бүгдийг тэр түүх болгон үлдээж чадсан байх юм. Хүүхэд насандаа эргээд очсон мэт нандин сэтгэгдэл төрж буйгаа хэлэхэд “Тийм сэтгэгдэл төрүүлж чадсан бол сайн хэрэг. Гэрэл зургийн гол мөн чанар энэ шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв.

-Монголд ирэхэд сэтгэлд тань хамгийн дотно байдаг зүйл юу вэ?

-Эргэлзэх зүйлгүй хонины мах ны хурц үнэр. Цаанаа л нэг дотно шүү.

-Тэгвэл зураг авахаар монголд ажиллах үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-“Монголын дүрслэх урлаг”, “Монголын сүм, хийд, архитектур”, “Монголын түүх болон дүрслэх урлагийн коллекц” зэрэг каталогийн гэрэл зургийг авч, Япон улсад Монголын соёлыг өвийг сурталчлан бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монгол орныг гадаадад сурталчилсан ажлыг маань танай төр засгаас үнэлж, 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан нь хамгийн сайхан мөч юм даа.

-Та гэрэл зургийн сургуульд суралцсан талаараа дээр цухас дурдсан. Танай ангийнхан ч эхнээсээ шантраад сургуулиа орхисон юм билээ. Тэгвэл таны сургуулиа орхиогүй шалтгааныг сонсож болох уу?

-Багшийн хэлсэн үг хүчтэй тус сан байх. Багш маань “Өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн хальснаа маш сонирхолтойгоор буулгах нь чухал” гэсэн юм. Эхэндээ би энэ үгний учрыг ойлгоогүй л дээ. Сурах тусам улам хэцүү санагдаад, ангийн найзууд ч эхнээсээ залхаад гарсан. Харин би орхихыг хүсээгүй. Суралцахын хажуугаар гэрэл зургаараа ажил хийж эхэлсэн нь надад том нөлөө үзүүлсэн. Ингэж явсаар би өөрийнхөө чиглэлийг олсон учраас гэрэл зургийг орхихгүй гэж шийдсэн юм. Нэг ёсондоо суралцаж байхдаа өөрийгөө нээсэн, тэр нь миний сонголт, шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн дээ.

-Гэр бүлийнхэн тань амттаны бизнестэй, түүнийгээ танд даатгах гээд байдаг. Гэтэл та өөр сонирхолтой болсон. Энэ үед гэр бүлийн зөрчил үүссэн үү. таны сонголтод яаж хандсан бэ?

-Би айлын хоёр дахь хүүхэд. Тиймээс бие даагаад явахад асуудалгүй. Хэн ч, юу ч хэлээгүй. Тэр нь миний сонирхлыг хүндэтгэж байгаа хэрэг.

-Дэлхийн олон оронд очиж зураг авсан байх. Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн газар, орны тухай яриач?

-Америк тивд зураг авах их сонирхолтой байсан, ялангуяа Мексик. Яагаад гэвэл тус улсын байгаль дахь соёлын өвүүд нь анхаарал татахуйц байдаг юм.Түүнтэй ярилцахад гэрэл зурагчин хүн зөвхөн гэрэл сүүдрийг тохируулж, камертайгаа харилцах нь хангалттай биш юм байна гэж бодогдсон. Гэгээрэл, хайр, нигүүлслийн төлөөлөл болсон бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан тухайгаа “Би бурхан бүрийн мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурхныг харж байгаа мэт бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурхны зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авч байлаа” гэж хэлээд цөөн тооны бурхны зураг үзүүлэв. Шашны урлагийн бодит дүрийг өөрийн нүдээр гэрчилж, хальсандаа буулгасан хүний хувьд Сүгияама бухимдлаа ч илэрхийлж байлаа. Тэрбээр “Энэ гайхалтай соёлын өвийг хойч үедээ өмчлүүлэхийг хичээх хэрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг” гэж нэмж хэлсэн юм. Ер нь Сүгияама тэр үед хүмүүсийн үгэнд орж, дуулгавартай байсан бол Улаанбаатар хотынхоо түүхэн баримтат гэрэл зургуудыг олж үзэх завшаан өнөөдөр бидэнд тохиохгүй байж. Түүний дуранд гайхалтай агшнууд өртсөнийг дээр дурдсан билээ. Харин Монголд үе үе ирдэг зурагчин маань эдгээр зургийг яагаад одоо л нийтэд толилуулж байна вэ. Энэ талаар асуухад тэрбээр “Соёл урлагийн болон Улаанбаатар хотын түүхэн зургууд монголчуудад хүрч амжилгүй надтай хамт үгүй болох магадлалтай. Цаашид одоогийнх шиг ээ эрч хүч, энергитэй байгаа ч уу, үгүй ч үү. Монгол Улс үндсэн хуулиараа 1992 онд ардчиллыг тогтоосон. Би гэрэл зургуудаараа социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар зорьсон” гэв. Тэгвэл та өнөөдрийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн гаргах уу гэвэл “Энэ миний зорилго биш. Ийм боломжийг залууст үлдээсэн нь дээр болов уу. Залуу гэрэл зурагчид үргэлжлүүлээд хийх биз. Тэдэнд даатгая. Харин надад бол орчин цагийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн, ном гаргах бодол огт алга” хэмээн хариуллаа. 

-Ингэхэд сайн гэрэл зурагчин болохын тулд яах ёстой вэ. Залуу мэргэжил нэгтнүүддээ болон гэрэл зураг авахыг сонирхож байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?

-Зөвхөн сайн аппарат, дурантай байснаар сайн зураг авахгүй. Сайн зураг авахын тулд толгой, зүрх хоёр цуг ажиллаж байх ёстой юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээ зориул, бясалга, анхаарлаа сайн төвлөрүүлж эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ сайн зураг гарна.

-Монголын социалист нийгмийн үеийн ховор агшныг та дуран авайдаа буулгасан. харин 1980-1990 оны Японыг сэдэвчлэн зураг авч байсан уу?

-Үгүй. Японд бол зөвхөн түүхэн бүтээлүүдийн зургийг л авч байсан. Харин Улаанбаатарын социалистоос ардчилсан нийгэмд шилжсэн үе нь өөрөө сонирхолтой, хүмүүсийнх нь аж амьдрал өвөрмөц учраас сонгосон хэрэг.

-Сүүлийн үед гэрэл зурагчид аливаа нэг төрөл, чиглэлээр дагнадаг болсон.  Та аль чиглэлийн зураг авдаг хүн бэ?

-Түүх дурсгал, байгалийн чиглэлээр зураг авдаг, үүндээ ч илүү сонирхолтой. Мэдээж заримдаа захиалгаар хөрөг авах тохиолдол гарна. Ер нь ямар ч чиглэлээр зураг авахдаа өгүүлэмжээ тод гаргах хэрэгтэй. Жишээ нь, хөрөг зургаар тухайн хүний ямар амьдрал туулж ирснийг шууд харуулж болдог. Тухайн зургийг хараад л туулсан замыг нь уншихуйцаар гаргах ёстой юм.

-Гэрэл зурагчдын нэг мөрөөдөл нь хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын торгон агшныг дуран авайдаа буулгах байдаг байх. Та энэ олон жил зураг авахдаа олимпод зураг авах хувь тохиолтой учирч байв уу?

-Спортын гэрэл зурагчны чиглэлээр хүмүүс мэргэшээд олон жил болжээ. Тэдний мөрөөдөл нь олимп. Харин надад бол тийм биш. Миний сонирхдог чиглэл ч биш. Тухайн тамирчны гаргаж байгаа хүч, хөлс, агшин бүрийг алдалгүй авахын тулд спортын гэрэл зурагчдын техник хэрэгсэл, ур чадвар өөр түвшинд хөгжсөн байдаг. Бүгд төрөлжсөн учраас олимпын наадамд зураг авах талаар бодож байсангүй. Би өнөөдрийг хүртэл спортын чиглэлээр маш цөөхөн зураг дарсан. Захиалгаар ахлах сургуулиудын бэйсболын тэмцээний зурагчнаар ажиллаж байлаа. 

















A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын” группийн аминчхан яриа

 0 сэтгэгдэл

Олон нийтийн сүлжээнд нэгдэн нийлсэн сонирхлын бүлгүүдээс нийгэмд тустай элдэв санаачилга гарч, бодит амьдралд биеллээ олсон нь цөөнгүй. Тухайлбал, шинэ оны босгон дээр тархины саажилттай н.Билэгсайхан хүүг орон сууцтай болгосон сайн санаат залуусын нэгдэл, зургаан хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн Г.Эрдэнэчимэг бүсгүйг гэр оронтой болгосон “Маргааш үргэлжлэх зүрх” зэрэг сайн үйлсийн аяныг дурдаад дуусахгүй. Тэгвэл сошиал орчинд чамгүй идэвхтэйд тооцогддог 84 мянган гишүүн бүхий “Аавуудын групп”-ээс нэгэн сонирхолтой санаачилга гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, группийн гишүүн бүр сар тутам мянган төгрөг хандивлах замаар тухайн сард 84 сая төгрөг цуглуулах аж. Цугласан 84 сая төгрөгөө өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй аавууддаа хандивлах байдлаар орон сууцтай болох боломж олгох гэнэ. Энэ хүрээнд группийн гишүүдийн зүгээс олон арван санал санаачилга гарч байгаа бөгөөд эхний ээлжинд нийт гишүүдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, ахуй амьдралыг нь тандах аж. Улмаар сонгогдсон аавуудын дунд сугалаа явуулж, олон аавын сайхан сэтгэлээр орон сууцтай болох азтанаа тодруулах гэнэ. Группийн зарим гишүүд заавал нэг хүнийг байртай болгох бус хэд хэдэн хүнд орон сууцны урьдчилгаа байдлаар олгох боломжтой гэж үзэж байхад “Заавал мянган төгрөг гэлгүй сар бүр 10 мянган төгрөг ч хандивласан болно” хэмээх нэг нь ч байна. Тэр ч бүү хэл барилгын компаниудтай хамтран ажиллах байдлаар эл санаачлагаа өргөжүүлэх, уламжлал болгон явуулах, сар бүр нэг айлыг орон сууцжуулах боломжтой хэмээж байна. Аавуудын санаачилга бодит амьдралд биеллээ олох үгүй нь тодорхойгүй ч сайхан сэтгэл, сайн менежментээр амжилтад хүрэх боломжтой.