A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4554/

“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад $1.2-1.3 тэрбум зарцуулна

“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад $1.2-1.3 тэрбум зарцуулна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4554/
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтад 2019 онд 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна
  • 2020 онд "Оюутолгой" компани нийт 140-170 мянган зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна

Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компани 2019 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани COVID-19-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гаргаж байсан юм. COVID-19-ийн халдвартай холбогдуулан зардал, төлөвлөгөөнд ямар өөрчлөлт орох талаар тодорхойлох боломжгүй байна гэж “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources 2019 оны санхүүгийн тайландаа дурдлаа. COVID-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор хөл хөдөлгөөн хязгаарласны улмаас III, IV босоо амны ажил удааширч магадгүй гэж үзэж байгаа аж. Харин “Оюутолгой”-ийн зэсийн баяжмалын экспорт боомтуудын хөл хориог үл харгалзан хэвийн үргэлжилж байна. Хэдий тийм боловч хэмжээний хувьд буурсан талаар “Оюутолгой” мэдээлсэн юм. Энэ нь халдваргүйжүүлэлт, ариутгалын ажилтай холбоотой байж болох аж. 2019 онд баяжмал дахь зэсийн гарц төлөвлөгөөний хүрээнд 146,346 тонн болжээ. Харин баяжмал дахь алтны гарц төлөвлөгөөнөөс давж, 241,840 унц болсон байна. Улмаар 2019 онд “Оюутолгой” компанийн орлого 1.2 хувиар буурч, 1.2 тэрбум ам.доллар болжээ. 2019 онд нийт үйл ажиллагааны зардал 774.5 сая ам.доллар болсон нь 2018 оныхоос 5.2 хувиар буурсан дүн юм. Үүнд бага агууламжтай баяжмал борлуулж, борлуулалтын орлого буурсан болон баяжуулах үйлдвэрийн засварын ажлын өртөг буурсан зэрэг нөлөөлжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 2019 онд 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2019 оны эцэс гэхэд бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх хөрөнгийн үлдэгдэл 1.7 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн үлдэгдэл 0.5 тэрбум ам.доллар үлдсэн гэдгийг Turquoise Hill Resources компани тайлагналаа. 2019 онд бүтээн байгуулалт талаасаа хамгийн онцлох зүйл нь гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссан явдал гэж хөрөнгө оруулагч тал үзэж байгаа юм. 2020 онд “Оюутолгой” компани нийт 140-170 мянган зэс, 120-150 мянган унц алт бүхий баяжмал боловсруулахаар төлөвлөж байна. Мөн 2020 онд нийт хөрөнгийн зардал ил уурхайд 80-120 сая ам.доллар, гүний уурхайд 1.2-1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах Таван толгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Нийт санхүүжилт нь 924 сая ам.доллар гэж тусгажээ. Түүнчлэн уурхайн нөхцөл байдлаас хамаарч гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлт 1.2-1.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай болж магадгүй байгаа юм. Эдгээртэй холбоотойгоор нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа гэдгийг тус компани мэдээлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дараа төлбөрт горимд шилжсэнээр гаднын хөрөнгө оруулагчид арилжаанд оролцох боломж бүрдэнэ

 0 сэтгэгдэл
  • Арилжаа биелсэн тохиолдолд хоёр хоногийн дотор төлбөрөө гүйцээж хийх Т+2 горим хөрөнгийн захын тоглогчдыг дэмжинэ
  • Эрсдэл багатай гаднын томоохон хөрөнгө оруулагчид шууд гуравдугаар сарын 31-нээс 30 хувийн барьцаа байршуулан үнэт цаасны арилжаанд орох эрх нь нээгдэнэ. Арилжааны захиалга биелвэл хоёр хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг хийх боломжтой

Дэлхийн томоохон хөрөнгийн бир­жүүдэд дараа төл­бөрт үйлчилгээний горим мөрдөгддөг. Харин манайд арилжааны захиалга төлбөрийг бүрэн шилжүүлж эрхээ авдаг тул гаднын томоохон тоглогчид орж ирэх боломж хязгаарлагдмал байдаг аж. Тэгвэл хөрөнгийн зах зээл төлбөрийн шинэ горим хэрэгжүүлж эхэллээ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаштай ярилцлаа. 

-Үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимыг гуравдугаар сарын 31-ний дотор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Энэ нь ямар төлбөрийн горим бэ? 

-Монгол Улсын хөрөнгийн зах зээл цаашид хөгжих асар их боломжтой гэж гадна, дотнын санхүүчид, эдийн засагчид үздэг. Гэтэл арилжаанд оролцох хөрөнгө оруулагч захиалга өгөхөөсөө өмнө үнэт цаасны төлбөрийг 100 хувь байршуулдаг төлбөр тооцооны горимыг манай улс өөрчилж чадалгүй өнөөг хүрсэн. Уг арилжааны захиалга нь биелэх эсэхээс үл хамааран төлбөрөө бүтнээр нь байршуулна гэсэн үг. Харин СЗХ-ны энэ шийдвэрээр үнэт цаасны компаниудыг санхүү, хүний нөөц, программ хангамжийн чадавх дээр нь тулгуурлан клирингийн гишүүнчлэлээр элсүүлсэн. Гишүүнчлэлтэй компаниар дамжуулан хөрөнгө оруулагчид захиалга өгөх бол 30 хувь хүртэл бууруулсан дүнгээр барьцаа байршуулан үнэт цаасны захиалга өгч арилжаанд оролцох нөхцөл бүрдэнэ. 

-Төлбөрийн 30 хувийг байршуулаад арилжаанд оролцох боломжтой гэсэн үг үү? 

-Шууд ингэж ойлгож болохгүй. Үнэт цаасны компаниуд тухайн харилцагчийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр хэдэн хувиар бууруулж байршуулахыг тогтооно. Гэхдээ эхний ээлжинд харилцагчийн эрсдэлийг сайтар үнэлэх хүртэл хугацаанд барьцааг 100 хувь байршуулах шаардлага тавих байх. Харин цаашид арилжаанд байнга оролцдог, санхүүгийн сахилга бат сайтай харилцагчдаа эрсдэлийн түвшинд нь тохируулан үе шаттай бууруулна. Эрсдэл багатай гаднын томоохон хөрөнгө оруулагчид шууд гуравдугаар сарын 31-нээс 30 хувийн барьцаа байршуулан үнэт цаасны арилжаанд орох эрх нь нээгдэнэ. Арилжааны захиалга биелвэл хоёр хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг хийх боломжтой. T+2 горим хэрэгжсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох идэвх нэмэгдэж, хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өсөх суурь нөхцөл бүрдэнэ. 

-Клирингийн гишүүн болоход ямар шаардлага тавих вэ. Мөн хэдэн компани клирингийн гишүүнээр элссэн бэ? 

-Энэ системийн шилжилтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн голлох гурван байгууллагад чиг үүргийн өөрчлөлт орж байна. “Арилжаа төлбөр тооцоо” ХХК-ийг Клирингийн төв болгож, үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний тооцоолол буюу клиринг хийж гүйцэтгэнэ. Мөн төлбөрийн саатал, дефолт гарсан нөхцөлд эрсдэлийг удирдана. Бусад тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд Клирингийн төвтэй гэрээ байгуулснаар гишүүнээр элсэх юм. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 52 үнэт цаасны компани байгаагаас 11 нь гишүүнээр элссэн болон элсэх хүсэлтээ өгөөд байна. 

-Дараа төлбөрт горимоор арилжаа явагдаад эхлэхээр хөрөнгийн зах зээлд хэр эрсдэл үүсэх вэ. Судалгаа бий юу? 

-Аливаа хөрөнгө оруулагч үнэт цаасны арилжаанд оролцохдоо төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй бол эрсдэл үүснэ. Энэ нь цаашлаад системийн эрсдэл үүсгэх хамгийн гол шалтгаан болдог. Үнэт цаасны дараа төлбөр тооцооны горимд шилжихийн тулд хөрөнгө оруулагчийн дансны үлдэгдлийг шалгах, харилцагчаа таньж мэдэх үйл ажиллагааг /KYC/ хэрэгжүүлэх зэрэг нь эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй. Төлбөр тооцооны горим нь богино байх тусам арилжаанд оролцогч талуудын эрсдэлийг бууруулдаг. Хөрөнгө оруулагч төлбөрөө T+2 өдөрт багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд клирингийн төвөөс эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна. 

-Энэ горим хөрөнгийн зах зээлд ямар эерэг өөрчлөлт авчрах вэ? 

-Олон улсын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөрөнгө оруулагчид, байгууллагуудын тавьдаг суурь шаардлага нь дараа төлбөр тооцооны горим болоод байна. Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE индексийн “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-д 2012 онд орсон ч манай улсын хөрөнгийн зах зээлд урьдчилсан төлбөрийн горим ашигласаар байсан тул 2017 онд хасагдсан. Хэрэв FTSE индексэд Монголын хөрөнгийн зах зээл багтаж чадвал мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид багцын тодорхой хувийг манай хөрөнгийн захад байршуулах суурь боломж бүрдэнэ. Гэхдээ энэхүү дараа төлбөрт горим нь гаднын хөрөнгө оруулагч манай хөрөнгийн зах зээлд орох сонирхлыг нэмэгдүүлэх олон хүчин зүйлийн зөвхөн нэг нь. Цаашид бид хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, кастодиан банкуудын үйл ажиллагааг гаднын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэх хэмжээнд хөгжүүлэх гэх мэт зүйлсийг сайжруулах шаардлагатай байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Баян улсуудтай адил бодлого ядуу орнуудыг дордуулж магадгүй

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас баян орнуудын авч буй мөнгөний ба татварын дэмжлэгийн арга хэмжээ шинэ тутам эдийн засгуудаас үлэмж хэмжээний капитал гадагш урсахад хүргэж, байдлыг улам дордуулж байна. Хүүг доошлуулах нь өрх болон компаниудад туслах боловч зарим оронд инфляцыг нөхөхөөргүй доод түвшинд хүргэсэн нь гадаадын сангууд мөнгөө татах шалтаг болов. Татварын хөнгөлөлтүүд хөгжиж байгаа орнуудад санхүүжилтийг хүндрүүлэх боломжтой. Ингэснээр зээлийн зэрэглэл нь доошилж, олон улсын тусламж хүсэх нөхцөл үүснэ. Калифорнийн их сургуулийн эдийн засагч Барри Эйкенгрин “Бид шинэ зах зээлүүдэд санаа зовох ёстой. Таваар, хангамжийн сүлжээ, худалдаа, зарцуулалтын уналт дээр нэрмэж гэнэтийн зогсолт бүрийн эх сурвалж болдог капитал зугтаах үзэгдэл нүүрлэлээ” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1990-ээд онд болсон Азийн санхүүгийн хямралын “анхдагч гэм нүгэл” нь гадаад валютын зээлд хэт шүтсэнээс шалтгаалсан гэж үздэг. Олон шинэ зах зээл ийм эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа боловч хүндрэлийн цаг үед гадаад валютын нөөц бүрдүүлж, дотоодын өрийн зах зээл бий болгоход бэрхшээл учирч, хуучин эрсдэл сэргэж болзошгүй байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын 21 буюу коронавирусийн түгшүүр дэгдсэнээс хойш 70 хоногийн дотор гадаадынхан хөгжиж буй зах зээлүүдээс 92.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа татаад байна. Олон улсын санхүүгийн статистикаас үзэхэд 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2015 онд Хятад мөнгөний ханшаа бууруулсан цочролын үед капиталын гадагш чиглэсэн урсгал 25 тэрбумаас хэтрээгүй аж. Гэхдээ нэг том ялгаа нь дэлхийн хоёр дахь том бондын зах зээл болох Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болж байгаа тул гаднаас орох мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Харин бусад хөгжиж буй орны хувьд 2020 он хор хөнөөлтэй эхэлж байна. Хятадыг хасаад шинэ зах зээлүүдийг хэмждэг MSCI индексэд багтдаг хувьцаа өнгөрсөн улиралд 31 хувиар унасан бол тэргүүлэх эдийн засгуудынх 21 хувь доошилсон байна. Өнгөрсөн гурван сард Бразил, Өмнөд Африк, Орос, Мексикийн мөнгө тэмдэгтүүдийн ам.долларт харьцуулсан ханш бүгд 20 гаруй хувиар унажээ. Мөнгөний ханш уналт нь хөгжиж буй орнуудын бизнест хүндээр тусах агаад гадаад зээлийн өртгийг нэмэгдүүлнэ. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн мэдээгээр шинэ зах зээлүүд дэх компанийн нийт зээлийн 13 хувь нь ам.доллараар нэрлэгдсэн бөгөөд уг үзүүлэлт 2009 онд 15 хувьтай байв. Холбооны нөөцийн банк гадаадад ам.долларын нийлүүлэлтийг өргөжүүлж, валютын зах зээлд бөөний арилжаа царцахаас сэргийлэхэд тусалж байгаа авч ам.доллараар авсан зээлийн өртөг өсөх эрсдэлийг багасгахгүй. Огцом агшиж буй эдийн засгууд орлогоо дор нь сорох тул уналтаас сэргийлсэн татварын хөнгөлөлтийг дагаад зээлийн хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын нийгэм вирусээс урьтаж ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөнгөөр өвдөж эхлэв үү

 0 сэтгэгдэл
  • Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт дөнгөж 36 хувьтай байгаа нь өмнөх оны дүнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм
  • Бөөний болон жижиглэн худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө гээд бүхий л бизнес хүнд үетэй золголоо. Бизнесийн орчинд гутранги үзэл ноёлж, аж ахуйн нэгжүүд айдастай байна. Монголын хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийнхэн хатуу цагийн шалгуурыг давж гарч дөнгөх болов уу. Эргэлзээ, эрсдэл бизнесийн орчныг бүхэлд нь эзэллээ. Үүнийг “Бизнесийн итгэлийн индекс” судалгаанаас харж болохоор байна
  • Компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ

Бизнесүүд хурдаа хасаж байна. Энэ хавар эхлүүлэхээр зэхэж байсан төслүүдээ хойшлуулж, нэмж зардал гаргахаас зайлсхийж эхэллээ. Хөрөнгө оруулалтаа танаж, үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалахыг эн тэргүүнд хичээх болов. Захирлууд бизнес эрхлэх арга барил, тэмүүллээ өөрчилж, хямралын шуурганд тэсч үлдэхээ л чухалчлахаас аргагүйд хүрлээ. Цар тахлын дараах бизнесийн орчин танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөхөөр байна. Тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах амаргүй сорилт хувийн хэвшлийн өмнө ирлээ. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш тасралтгүй өсөж байсан ашиг, орлого энэ жил анх удаа буурахаар байна. МҮХАҮТ 2012 оноос хойш жил бүр тогтмол хийж ирсэн энэхүү судалгааны үр дүнг харвал, бизнесүүд хэмнэлээ алдаж, үйл ажиллагаа нь хэдийн доголдож эхэлжээ. Нийслэл, орон нутгийн 1800 гаруй аж ахуйн нэгжийг уг судалгаанд хамруулсан бөгөөд ажил олгогчид 2020 онд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэж үзжээ. 

Ажилгүйдэл нэмэгдэнэ гэхээр компаниуд ажилтнаа цомхотгоно гэсэн үг. Орлогогүй болсон өрх ядууралд өртөнө. Судалгаанд оролцогчдыг бизнесийнх нь чиглэлээр авч үзвэл 30 гаруй хувь нь худалдаа, 25 хувь нь үйлчилгээ, үлдсэн нь барилга, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар байна. Эдийн засгийн орчны энэ оны хүлээлт таамаглаж байснаас тун тааруу дүнтэй гарчээ. Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт дөнгөж 36 хувьтай байгаа нь өмнөх оны дүнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал хоёр дахин дорджээ. Хөрөнгө оруулалт хийх хүлээлт мөн л 20 гаруй нэгж хувиар буурч, бизнесийн хэмнэл хэдийн алдагдсан байна. Баялаг бүтээгчид бизнесийн орчны тулгамдсан эхний гурван асуудалд бодлогын тогтворгүй байдал, авлига, зээлийн нөхцөл гэж хариулжээ. Манай улс олон улсын авлигын индексээр жил ирэх тусам байр ухарч буй. Сонгуулийн жилүүдэд “Бизнесийн итгэлийн индекс” үзүүлэлт сайнгүй байдаг. 

Тэгвэл COVID-19 вирус, сонгууль хавсарсан энэ жилийн бизнесийн итгэл огцом унаж, татварын орлого хоёр дахин буурахаар байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд татвараа төлжчадахгүйд хүрч, ажилтнаа цомхотгож, зарим нь бизнесээ орхих хэмжээнд ортлоо нөхцөл байдал доройтох нь. 2019 онд дээрх судалгааны дүн анх удаа эерэг гарч байсан бол энэ онд ийнхүү буурлаа. Итгэлийн индекс буурснаар компаниуд зардлаа танаж, хөрөнгө оруулалтаа царцаахад хүрдэг. Ердөө жилийн өмнө компаниудын 78 хувь нь хөрөнгө оруулалтаа нэмнэ гэж байсан бол энэ жил 58 хувь болж буурчээ. COVID-19 вирусийн эсрэг авсан хязгаарлалт, эдийн засгийн хямрал бизнесийн бүх хэсэгт нөлөөллөө үзүүлжээ. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх МҮХАҮТ-ын даргын мэдэгдсэнээр, компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй доголджээ. Ингэснээр бизнесүүд 8000 хүнийг цомхотгохоос аргагүй байдалд ороод байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн цагаан будааны экспортод хүндрэл учирч эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Цагаан будааны ургац 2019-2020 онд дэлхий даяар үнэмлэхүй их буюу 500 сая тонн хүрч, нөөцийн хэмжээ урьд өмнө байгаагүйгээр ихсэн 180 сая тонн даваад байна

    Филиппиний нийслэлийн Валенсуэла дахь Үндэсний Хүнсний Захиргааны агуулахад цагаан будаа буулгаж байгаа нь

    Дэлгүүрийн лангуу хоосолж аюулгүйн нөөц бэлдэх явдал хүнсний хангамжид занал учруулж буй цаг үед боломжийн үнээр хоол хүнсээ залгуулах нөхцөл иргэддээ бүрдүүлэх нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад амин чухал гэдгийг засгийн газрууд ухамсарлаж байна. ОХУ, Казахстан, Украин улаан буудайн экспортдоо хязгаарлалт тогтоох гэж буйгаа хэдийн зарласан. Харин Ази тивийн хувьд хүнсний хангамж тасалдах вий гэсэн түгшүүр нь бүс нутгийн олон тэрбум хүний үндсэн амин зуулгын үндэс-цагаан будаатай холбоотой. Учир нь БНХАУ, Энэтхэг улс дэлхийд цагаан будааны гол үйлдвэрлэгч төдийгүй хэрэглэгч нь болдог. Дэлхийн цагаан будааны гурав дахь гол ханган нийлүүлэгч Вьетнам улс Меконг мөрний бэлчирт ган болж, дотоодын эрэлтээ түрүүлж хангах шаардлага тулгарснаас экспортоо түр зогсоогоод байна. Нийлүүлэлт тасалдахаас болгоомжилж буй Мьянмар экспортоо багасгаж болзошгүй гэдгээ анхаарууллаа. Бангкок дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төлөөлөгч, тутрагын эдийн засаг судлаач Дэвид Доу “улс орнууд хэрээс хэтэрсэн болгоомжтой ажиллаж байгаа”-г дурдав. “Бүгд л эхлээд дотооддоо хангалттай нөөцлөх хүсэлтэй” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Импортлогч улсууд ч боломж бүхнийг “шүүрч байна”. Вьетнамын экспортын гол зах зээл, хүнсний хангамжийн санаачилгад 600 сая ам.доллар хуваарилаад буй Филиппин 300 мянган тонн цагаан будаа импортлохоор төлөвлөжээ. Тус улс цагаан будааг засгийн газрын хэлцлийн түвшинд Зүүн өмнөд Азийн ханган нийлүүлэгчдээс, эсвэл Энэтхэг, Пакистанаас авах бололтой. Нийт 1.4 тэрбум хүнийг тэжээж буй БНХАУ-д цагаан будаа нь хэдэн зууны турш хүнсний бодлогын суурь болж ирсэн юм. Зарим үр тарианы худалдан авах үнийг өсгөөд буй тус улс ахиу нөөц бэлтгэх үүднээс энэ оны ургацаас үнэмлэхүй хэмжээгээр худалдаж авахаа мэдэгдлээ. Дотоодын хэрэглээнд нь импорт, экспортын нөлөө бараг байхгүй БНХАУ коронавирусээс үүдэн эдийн засаг хямарсан үед цагаан будааны ахиу нөөцтэй байхыг эрмэлзэж байна. Бодит байдал дээр хомсдол үүсээгүй. Экспортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн агуулахууд үнэмлэхүй ургац хураасантай уялдан цагаан будаа, улаан буудайн нөөцөөр дүүрлээ. Цайруулсан тутарга буюу цагаан будааны ургац 2019-2020 онд дэлхий даяар үнэмлэхүй их буюу 500 сая тонн хүрч, нөөцийн хэмжээ урьд өмнө байгаагүйгээр ихсэн 180 сая тонн даваад байгааг АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам тооцоолжээ. Цагаан будааны экспортоор дэлхийд хоёрдугаарт орж буй Тайланд сүүлийн олон арван жилд тохиолдоогүй ган гачгийн дараа ч экспортын төлөвлөгөө биелэхүйц хангалттай нөөцтэй байна. Дэлхийд хүн амын тоогоор дөрөвдүгээрт ордог Индонез хэдийн дотоодын хангалттай нөөцтэй болсноо мэдэгдэв.